Categories
мэдээ цаг-үе

ЗГ: ААН-үүдэд 230 тэрбум төгрөгийн зээл олгоно DNN.mn

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газраас хоёр шийдвэр гаргалаа. Гурил үйлдвэрлэгч болон мах нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд 230 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгохоор боллоо. Ингэснээр иргэдэд ирэх мах болон гурилын үнийн дарамтыг бууруулах юм.

Мөн төв, суурин газрын иргэдэд зориулан энэ жил 12.7 тонн нөөцийн мах бэлдсэн. Үүнээс 30 хувь нь үхрийн мах, 70 хувь нь хонь, ямааны мах байгаа. Хонины махыг 8300 төгрөгөөр борлуулж байна. Засгийн газраас нөөцийн маханд 350 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэлээ.

Мах борлуулагч аж ахуйн нэгжүүд ирэх амралтын өдрүүдэд гулуузаар нь гаргаж худалдаална. Энэ үеэр нэг килограмм нь 7750 төгрөг болж хямдарна” гэв.

Categories
мэдээ нийгэм

МСХ: Цахим салбарынхан нийгмийн сэтгэлзүйн асуудлыг хөндөнө DNN.mn

Монголын сайтын холбооноос хоёр жил тутамд цахим сэтгүүл зүйн форумыг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд ирэх тавдугаар сарын 03-ны өдөр Цахим сэтгүүл зүйн IV чуулганыг “Цахим бүслэлт ба Нийгмийн сэтгэл зүй” сэдвийн хүрээнд “Новотел” зочид буудлын гурван давхрын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.

Өнгөрөгч 2021 оны байдлаар Монголын 3.3 сая хүн амын 78.7 хувь нь сошиал медиа хэрэглэж байна гэсэн тоон мэдээ гарчээ. Сошиал медиа хэрэглэгчийн дийлэнх нь фэйсбүүк ашигладаг бөгөөд түүнийгээ дагаад цахим орчин дахь ялгаварлан гадуурхалт, бусдыг гүтгэн доромжилсон, хүчирхийллийг дэмжсэн ёс бус үйлдлүүд ихэссэнээс гадна хүүхдийн аюулгүй байдал нэн тулгамдсан асуудал болоод байгаа. Тиймдээ ч Монголын сайтын холбоо энэхүү чуулганаар дээрх сэдвийг голчлон хөндөх аж.
Тодруулбал, энэ өдөр цахим орчин түүний нөлөөлөл, хүний эрх, хүүхэд хамгаалал, сэтгүүлчийн ёсзүйн код ба гэмт хэргийг мэдээлэх асуудал, цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, хүүхдийн хүчирхийлэл гэсэн өргөн хүрээний сэдвийг хамтрагч болон дэмжигч байгууллагын төлөөлөлтэй хэлэлцэж, салбар салбарын төлөөллүүд илтгэл тавих юм байна.
Цахим сэтгүүл зүйн IV чуулганаар Монголын Сайтын холбооны зүгээс “Цахим бүслэлт ба Нийгмийн сэтгэл зүй” сэдвийн хүрээн дор “Өнөөдрөөс өөрсдөө эхэлье” уриатай эерэг нөлөөллийн аяныг мөн эхлүүлж, дэмжин ажиллах байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, улмаар нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэх нэг жилийн аяныг өрнүүлэхээр болоод байгааг МСХ-ны тэргүүн Э.Батхүү онцоллоо.
Чуулганы Ерөнхий зохион байгуулагчаар Монголын Сайтын холбоо, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл ажиллах бол, Цахим хөгжил харилцаа холбооны яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Оюуны өмчийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа аж.
Харин дэмжигч байгууллагаар Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын хэвлэлийн хүрээлэн Глоб интернэшнл төв, Монголын маркетинг, менежментийн хүрээлэн ажиллах юм. Энэхүү чуулганд сайт, сонин, телевиз, зурагчин, зураглаач нар гээд хэвлэл мэдээллийн салбарын бүх төлөөлөл оролцохоос гадна сошиал орчинд нийгэмд эерэг мессеж түгээгч инфлүүсерүүдийн төлөөлөл оролцож, үзэл бодлоо хуваалцах юм. Эрхэм та бүхнийг цахим салбарын чуулгандаа хүрэлцэн ирэхийг урьж байна.

Categories
мэдээ нийгэм

Зургаан шүүгчид хөл хорионоор цугларсан гэж шийтгэл оногдуулав DNN.mn

Шүүхийн Сахилгын хорооны энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаар зургаан шүүгчийн асуудлыг хэлэлцэж, шийтгэл оногдуулав.

Тодруулбал:

  • Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарт огцруулах,
  • Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр нарт зургаан сарын хугацаагаар 20 хувиар цалинг бууруулах,
  • Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун нарт сануулах сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

Дээрх шүүгчдийн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн цаг хугацаанд цугларсан үйлдэл нь Шүүгчийн ёс зүйн дүрэм зөрчсөн зөрчилд тооцож сахилгын шийтгэл оногдуулжээ.

Эргэн сануулахад, өмгөөлөгч Б.Баасанцогтын зүй бус үйлдэл гаргаж буй бичлэг олон нийтэд ил болсон. Тухайн үед хамт байсан нь бичлэгээр батлагдаж, шүүмжлэлд өртсөн шүүгч нарт сахилгын арга хэмжээ авч, хариуцлага тооцох тухай гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол Ногоон нэгдэл” ТББ-аас Шүүхийн сахилгын хороонд гаргасан юм.

Categories
мэдээ улс-төр

Тайланд, Бангладеш улсаас Монгол Улсад суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа DNN.mn

Тайландын Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Артают Срисамут болон Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Махбуб Уз Заман нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ тус тус өргөн барилаа.

Элчин сайд Артают Срисамут жуух бичиг барих үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зүүн Өмнөд Ази дахь манай чухал түнш орнуудын нэг болох Тайландын Хаант Улстай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс чухал ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэсэн.

Цаашид харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, аялал жуулчлалын зэрэг салбарт өргөжүүлэх чиглэлд ач холбогдол өгч ажиллахыг Элчин сайдаас хүслээ.

зураг

Элчин сайд Артают Срисамут Тайландын Хаант Улсын Цог Жавхлант Хааны мэндчилгээг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжилж, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлсэн юм.

зураг

Түүнчлэн Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Махбуб Уз Заман жуух бичиг барих үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдад баяр хүргэж, Монгол, Бангладешийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгааг онцоллоо.

Хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд бодит хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, амжилт хүсэв.

Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтарч байгааг Элчин сайд Махбуб Уз Заман тэмдэглэлээ. Харилцаа, хамтын ажиллагааг цаашид худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

зураг

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно DNN.mn

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг ирэх сард хийхээр товложээ.

Тодруулбал, нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж

  • Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а, 25.7.5.б,
  • Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3 дахь заалт,
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь заалт, 173 дугаар зүйлийн 173.4 дэх хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлжээ.

Дээрх мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2022 оны тавдугаар сарын 04-ний өдөр хийхээр товложээ.

Categories
мэдээ нийгэм

Дарга нараас танасан жийп машинуудаас 21 аймагт алсын дуудлагын машин олгоно DNN.mn

Төрийн өмчийн том оврын машиныг хот суурин газар хэрэглэхгүй байх зохицуулалт хийж байгаатай холбоотой Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт эргүүлэн татсан том оврын жийп автомашинуудаас 21 аймгийн Нэгдсэн эмнэлэгт алсын дуудлагын машин олгох саналыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гаргажээ.
Эл саналыг өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дэмжжээ. Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм байна.

Иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах үйлс цаг нартай уралддаг тул аймгуудын Нэгдсэн эмнэлэгийн алсын дуудлагад туулах чадвар сайтай автомашин зайлшгүй шаардлагатай байдаг тул дээрх санаачлагыг гаргалаа

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хурал эхэллээ DNN.mn

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан өнөөдөр 10:30 цагт товлогдсон ч ирц бүрдэхгүй байсаар дөнгөж сая 12:20 цагт эхэллээ.

Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх юм.

Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн Банктай холбоотой асуудлыг шалгах явцад дээрх нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татан, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргасан. Уг саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д хүргүүлсэн билээ.
УЕП гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлснээс хойш ажлын таван өдрийн дотор асуудлыг хэлэлцэн шийдэхийг хуульд заасан байдаг. Энэ дагуу УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо ийнхүү хуралдах гэж байна.
Тус дэд хороонд парламентад хамгийн олон сонгогдсон таван гишүүн харьяалагддаг. Н.Энхболд даргатай тус дэд хорооны гишүүнд С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нарын гишүүд багтдаг ажээ.

Дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэхдээ нэг нэгээр нь оруулж, асуудлыг хэлэлцэх юм. Энэ дагуу Н.Алтанхуяг гишүүн хамгийн эхэнд дэд хорооны хуралдаанд оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

“Иргэн Г-ийн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн” гэв DNN.mn

Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас (УБЕГ)-аас иргэний баримт бичгийг устгадаг гэх асуудлаар мэдээлэл хийж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандах “УБЕГ-аас иргэн Г-ийн гэрлэлтийг хуулийн дагуу бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр бус гэж үзсэн” гэв.

Иргэн Г-ээс 2021 оны арваннэгдүгээр сард УБЕГ-т хандаад гэрлэсний бүртгэл хүчингүй болгуулъя. Би хэзээ ч өөрийн биеэр бүртгүүлж байгаагүй гэх гомдол мэдээллийг өгсөн. Хяналтын улсын байцаагчийн “хүчингүй болгох” дүгнэлт гарсан.

Түүнээс биш мэдээлэл устгах гэдэг асуудал УБЕГ-т байхгүй. Хүчингүй болголоо гэдэг нь мэдээллийн сангаас устгаж байна гэсэн үг биш. Тэмдэглэгээ л хийгдэж байгаа зүйл. Өөр нарийвчилсан мэдээллийг өгөх боломжгүй” гэв.

Categories
гадаад мэдээ

Хятадад шувууны томуугийн “H3N8” вирус хүнд халдварласан анхны тохиолдол илэрчээ DNN.mn

Хятадад шувууны томуугийн "H3N8" вирус хүнд халдварласан анхны тохиолдол илэрчээ

БНХАУ-ын Хэнан мужид шувууны томуугийн “H10N3” вирус хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн хорооноос мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Жумадиан хотод амьдардаг дөрвөн настай хүү шувууны томуугийн “H10N3” вирусийн халдвар авсан бөгөөд тухайн хүүхэд шувууны аж ахуйтай ойролцоо амьдардаг байжээ. Энэ сарын 5-нд хүүд халуурах, толгой эргэх, бөөлжих зэрэг анхны шинж тэмдгүүд илэрч эхэлсэн байна. Улмаар биеийн байдал нь муудсаны улмаас дөрөвдүгээр сарын 10-нд эмнэлэгт хэвтжээ. Дөрөвдүгээр сарын 24-нд хийсэн давтан шинжилгээгээр түүнийг шувууны томуугийн H3N8 вирус авсан болохыг тогтоосон юм.

Мэргэжилтнүүдийн урьдчилсан дүгнэлтээр томуугийн H3N8 вирус нь шувууны гаралтай бөгөөд өмнө нь хүнд халдварлаж байсан тохиолдол байхгүй бөгөөд энэ нь анхны тохиолдол гэв.

Categories
мэдээ спорт

Ё.Басхүү улсын аваргаас хүрэл медаль хүртлээ DNN.mn

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 45, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймаг Мандалговь хотод өчигдөр эхэлсэн.

Эхний өдөр эрэгтэй 3, эмэгтэй 4 жингийн барилдаанууд болсон бөгөөд -66 кг жинд Парисын их дуулгын аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, дэлхийд чансаагаар гуравт бичигддэг Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ.

Тэрээр хагас шигшээд 2018 оны Дюссельдорф их дуулгын хүрэл медальт Б.Эрхэмбаярт ялагдсан бөгөөд Б.Эрхэмбаяр алтан медаль хүртсэн.

Харин бусад жинд түрүүлэх магадлал хамгийн өндөр байсан тамирчид түрүүллээ. Тодруулбал,

Эмэгтэй –48 кг

  • Алт – Б.Баасанхүү /Хөвсгөл аймаг/
  • Мөнгө – Г.Наранцэцэг /Алдар спорт хороо/
  • Хүрэл – Б.Ойдовчимэд /Женко клуб/
  • Хүрэл – Г.Бүрнээбаяр /Боржин клуб/

Эмэгтэй –52 кг

  • Алт – Б.Хорлоодой /Хилчин спорт хороо/
  • Мөнгө – А.Гал-Од /Алдар спорт хороо/
  • Хүрэл – М.Нандин-Эрдэнэ /Шинэбадрах клуб/
  • Хүрэл – П.Буянхишиг /Женко клуб/

Эмэгтэй –57 кг

  • Алт – М.Ичинхорлоо /Женко клуб/
  • Мөнгө – Л.Энхрийлэн /Сүлд спорт хороо/
  • Хүрэл – Б.Алтанцэцэг /Женко клуб/
  • Хүрэл – Ц.Хулан /Шинэ бадрах клуб/

Эмэгтэй –63 кг

  • Алт – Б.Ганхайч /Алдар спорт хороо/
  • Мөнгө – Б.Баасанжаргал /Хилчин спорт хороо/
  • Хүрэл – Ц.Сүнжидмаа /Женко клуб/
  • Хүрэл – С.Лхагвадулам /Аврагч спорт хороо/

Эрэгтэй –60 кг

  • Алт – Б.Сүхбат /Женко клуб/
  • Мөнгө – Э.Сумъяабазар /Женко клуб/
  • Хүрэл – Э.Ариунболд /Алдар спорт хороо/
  • Хүрэл – Б.Цогт-Очир /Хангарьд спорт хороо/

Эрэгтэй –66 кг

  • Алт – Б.Эрхэмбаяр /Алдар спорт хороо/
  • Мөнгө – Л.Өнөболд /Женко клуб/
  • Хүрэл – Ё.Басхүү /Хилчин спорт хороо/
  • Хүрэл – Ө.Бямбасүрэн /One team клуб/

Эрэгтэй –73 кг

  • Алт – Ц.Цогтбаатар /Сүлд спорт хороо/
  • Мөнгө – Л.Анхзаяа /Женко клуб/
  • Хүрэл – Г.Одбаяр /Женко клуб/
  • Хүрэл – О.Уранбаяр /Хэнтий аймаг/

Монголын жүдо бөхийн холбоо, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар болон Дундговь аймгийн Биеийн тамир спортын газар хамтран зохиож буй тэмцээн дөрөвдүгээр сарын 26, 27-д үргэлжилнэ.