Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Л.Батбилэг: Тайз дэлгэцийн зураач сайн зурахаас гадна харилцааны ур чадвар өндөртэй байх хэрэгтэй DNN.mn

“Мөнгөн мод” 2021 наадмын тайз дэлгэцийн шилдэг зураач Л.Батбилэгтэй ярилцлаа.


-Оны шилдэг уран бүтээл шалгаруулах “Мөнгөн мод” 2022 наадмаас өөрийгөө шагналт байр эзэлнэ гэж бодож байв уу?

-Үгүй ээ, таамагласангүй. Энэ жил өсч яваа залуу уран бүтээлчийн хувьд хийж бүтээх хүсэл, уран бүтээл, сэтгэлгээгээ илүү өөр түвшинд аваачих зорилготой байлаа. Энэ жил ажилласан хоёр уран бүтээл маань өмнөхөөсөө ч илүү боллоо. Үзэгчид үүнийг хүлээн зөвшөөрч, сайшаалтай байгаад баяртай байна. Олон хүнтэй энэ номинацид өрсөлдсөн. Энэ дундаас шилдгээр тодорсон минь бүх уран бүтээлийн үр дүн гэж бодож байна.

-Тайз дэлгэцийн уран бүтээлд зураач ямар үүрэгтэй вэ?

-Тайз дэлгэцийн зураач театр, киноны ажилд тулгуур болсон чухал нөлөөтэй ажил. Зохиол ямар дүрслэл зураглал байх вэ, яаж хүний нүдэнд үнэмшилтэй, сэтгэлд хүрэх вэ гэдэг нь дүрс зураглалын аргаар илэрдэг. Тэр нь бодитоор дүр болон бүтээгддэг. Мөн орчны дизайн ямар ахуйд, сэтгэлгээт, хэмжээс, орон зайд байх вэ гэдэг нь тайз, дэлгэцийн зураачийн уран бүтээлийн жанрт уялдуулсан ажиллагааны үр дүн байдаг. Аливаа жүжгийн өнгө аяс, хэв шинж гээд бүхий л шинж чанарууд бүрддэг. Үзэгчдэд хамгийн гүн сэтгэгдэл үлдээдэг зүйлүүдийн нэг бол орчны хэв шинж.

-Та театр, тайз, дэлгэцийн урлагт хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-12 жил ажиллаж байна.

-Тайз, дэлгэцийн урлагтай хэрхэн холбогдов, бие даасан зураачаар ажиллах бодол байдаг уу?

-Тийм бодол байсан шүү. Суурь уран зураач гэдэг мэргэжлийн үндсэн зураач болно гэж боддог байлаа. Манай мэргэжлийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Би ч гэсэн багадаа тайз дэлгэцийн зураач гэж мэддэггүй байлаа.

Зураач мэргэжил нь театр, тайз, дэлгэцийн салбар руу мэргэшдэг гэдгийг оюутан болоод л ойлгосон. Мэргэжлийн багшийн гар дээр мэргэжлийн зураач болж, энэ салбар надад илүү их таалагдаж сонгосон.

-Тайзны зураач сайн зурдаг байхад л хангалттай юу, өөр ямар чадваруудыг шаарддаг вэ?

-Мэдээж ур чадвартай зураач байх хэрэгтэй. Сэтгэлгээний маш том хүчин зүйлүүдийг шаарддаг, учир нь олон мэргэжлийн хүмүүстэй хамт ажиллана. Жишээлбэл, түүхэн кино хийхэд түүхээ уншиж судлах, зохиолчтой ажиллахад зохиолоо уншина, түүндээ задаргаа хийх шаардлага гарна. Найруулагчтай хамтарч ажиллахад үзэгдлийн найруулгуудыг тайз хоорондоо яаж уялдах, жүжиг амьдрахад тайз болон хувцас, дүрүүд ямар байх гэх мэт давхар олон ур чадвар хэрэгтэй болдог. Харин хувь зураачийн үүднээс юмны бүтэц хэрхэн яаж бий болох вэ гэдэг дээр их сайн ажилладаг. Тэгэхээр энэ нь өөрөө бидний нарийн мэргэшсэн салбарын нэг давуу тал нь болж байгаа юм. Зургийг хэрхэн бодит болгох вэ л гэдэг асуудал юм.

-Тайз, дэлгэцийн зураачийн хамгийн хүнд зүйл нь юу байдаг вэ?

-Түүхэн киноны ажил гэдэг нь нөөц боломж, цаг хугацаа, цар хүрээ өргөнтэй учир зураачийн ажиллагаанаас олон зүйл шалтгаалдаг. Ажиллагааны хувьд зураачийн хөдөлмөрийн ачаалал өндөр байдаг. Театр, киноны зураг гэдэг хамтын урлаг учраас багийн зохион байгуулалттай ажилладаг. Нэг хүний оюун санаа бодлыг тэр баг яаж хөдөлгөж гаргах вэ гэхээр нэг зүйл дээр чиглэнэ. Энэ нь харилцааны ур чадвар шаардана, хүмүүстэй ойлголцож байж уран бүтээл сайн болно.

-Хамгийн сүүлд та “Гэм зэм” жүжигт ажиллав уу?

-Тийм ээ, өнгөрсөн зун “Гэм зэм” жүжиг болон “Хотулун гүнж” түүхэн уран сайхны киноны ерөнхий зураачаар ажиллалаа. Одоо Өмнөговь аймгийн шинэ театрын нээлтийн жүжигт ерөнхий зураачаар ажиллаж байна.

-Ямар жүжиг юм бол, хэлж болох уу?

-“Хөх нар” гэдэг жүжиг.

-Зураач хүн зөвхөн зохиол найруулгаа даган ажилладаг уу, эсвэл өөрийн уран сэтгэмжээ ашиглан зурах уу?

-Тусгай шийдлийн асуудлыг гаргаж ирнэ. Зохиол найруулга буюу бичсэн зүйлийг яаж зураглал болгох хам

вэ гэдэг нь мэргэжлийн зураачийн шийдэл. Энэ гурав бол тус бүр өөрийн гэсэн өнцөг, хариуцлага, статустай. Гэхдээ хооронд нь уялдуулах маш гүнзгий ойлголцол байх ёстой. Нэг чигийн дагуу гэсэн зүйл бол байдаггүй. Энэ бүхэн маань сайн зураач, зохиолч, найруулагч нар нийлж уран бүтээлийн шийдлийг олох, өвөрмөц сэтгэлгээгээ гаргана. Энэ нь уран бүтээлийн чанарт нөлөөлнө.

-Таны ажилласан анхны тайз ямар тайз вэ?

-“Ану хатан” кинонд туслах зураачаар ажиллаж байлаа. Бид бүгд л туслахаас л эхэлдэг шүү дээ. Мөн казахстаны түүхэн жүжигт ажиллаж байсан.

-Зураачаар төгсөж байгаа залуусын тоо нэмэгдсээр байна. Та энэ мэргэжлийг ирээдүйд хэрхэн төсөөлдөг вэ?

-Би СУИС-ийн тайз дэлгэцийн зураачийн багшаар ажилладаг. Ирээдүйд энэ мэргэжлийн чиг хандлага яаж явах вэ, өнгөрсөн болон дунд үеийн хүмүүсийн үед ямар байсан, шинэ үеийн залууст ямар байгаа, ирээдүйд бид хаачих вэ гэдэг зүйл надад байнга бодогддог. Дэлхийн тайз дэлгэцийн урлагт хүний нөөц, мэргэжлийн боловсон хүчин, техник технологи, цахим хувилбартай нийлж маш том инноваци хийгдэж байна.

Орчин үеийн залуус бид түүн рүү дөхөх хэрэгтэй. Бид боломжийг хүлээх биш өөрсдөө бий болгох ёстой.Монголчууд дотроо биш аль болох гадны уран бүтээлд зорих, хамтрах чадвараа тэдэнд үзүүлэх, чадахгүйгээ суралцах хэрэгтэй, орон зай нь ч байна. Аливаа зүйл байнга шинэчлэгдэж байх ёстой. Тэр тусмаа урлаг. Шинэ сэтгэлгээ, шинэ өнцөг байж гэмээнэ хүний оюун санааны дотоод хөгжлийг нээж өгдөг.

-Тайз, дэлгэцийн хэдэн уран бүтээлд ажилласан бэ?

-Нийт 28 уран бүтээлд ажилласан. Ихэнхдээ түүхэн уран бүтээлд ажиллажээ. Уран бүтээлч хүний чадварыг сорьдог гол талбар бол зөгнөлт болон түүхэн жанр байдаг. Энэ нь өөрөө ур чадвараас гадна сэтгэмж шаарддаг. Пост модерн төрлүүд Монголын урлагт нэвтэрч байгаа нь дэлхий дахинтай харьцуулахад хожуу боловч энэ цагтайгаа харьцуулахад авууштай зүйл.

“Гэм зэм” жүжиг тайзан дээр анх удаа технологи ашиглалаа. Автоматаар хөдөлдөг ухаалаг төрлийн тайзыг хийлээ. Үзэгдэл хаагдаад солигддог биш, шууд үзэгчдийн нүдэн дээр алсын удирдлагаар ажилладаг тайзыг хийсэн. Энэ бол яаж өөр болгох вэ гэдэг нэг шийдэл болж чадсан байх.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Эрхэмбаяр: Утаанаас салах гарц бол цөмийн цахилгаан станц DNN.mn

Физикийн ухааны доктор Ц. Эрхэмбаяртай ярилцлаа.


-Орчин үед дэлхий дахинд атомын цахилгаан станц ямар болсон талаар тодруулбал?

-Эхлээд нэрнээс эхэлье. Орчин үед Атомын цахилгаан станц гэхээс илүүтэй Цөмийн цахилгаан станц (Nuclear Power Plant) гэсэн нэр томьёо хэрэглэж байна. Орчин үеийн Цөмийн цахилгаан станцууд ямар болж байгаа вэ гэвэл илүү аюулгүй болж байна гэж тайлбарлаж болно. Жишээ нь, Фукушимагийн Цөмийн станцын ослын дараа Японд ажиллаж байсан бүх цөмийн реакторыг унтрааж, аюулгүй байдлын шаардлагаа чангатган, шинэ шаардлагыг хангасан Цөмийн станцуудаа асааж эхэлж байна. одоогийн байдлаар 45 реактороос 8-9-ийг нь асаасан байгаа. Цөмийн реактор гэдэг нь цөмийн урвал явагдах тогоо гэж ойлгож болно. Энд цөмийн гинжин урвал явагдаж, маш бага уранаас асар их эрчим хүч үйлдвэрлэдэг. Ер нь Цөмийн цахилгаан станцад “Аюулгүй байдал чухал ” гэсэн гол уриа байдаг. Энэ станцад хүн ажиллана гэдгийг маш сайн тооцож, аюулгүй ажиллах боломж нөхцөлийг хангаж ажилладаг. Иймд Японд Цөмийн цахилгаан станцад залуучууд маш их ажилладаг. Учир нь энд цалин өндөр, хүн амьдрах нөхцөл, хангамж сайн байдаг.

Дараагийн нэг чухал зүйл нь ашигласан түлшийг дахин боловсруулах, цөмийн хаягдлыг багасгах асуудал. Японд ийм түлшний дахин боловсруулах үйлдвэртэй танилцаж явахад тэнд эмэгтэй хүн ажиллаж байсан. Би гайхан “Та яагаад энд ажиллаж байгаа юм бэ” гэхэд тэрээр инээн “Би энэ үйлдвэрт 15 жил ажиллаж байна, хоёр хүүхэдтэй” гэж хариулж билээ. Эндээс би Цөмийн цахилгаан станц болон энэ чиглэлийн салбарт нөгөө л “аюулгүй ажиллагаа чухал” гэдэг зарчмыг мөрдсөнөөр хүмүүс тэнд сэтгэл амар ажиллаж амьдардаг юм байна гэж ойлгож авсан юм. Ер нь Цөмийн цахилгаан станц үйлдвэрлэгч орнууд станцын үйл ажиллагаа 99 хувь найдвартай гэж үздэг. Зөвхөн нэг хувь нь хүний үйл ажиллагаанаас хамаарна гэж үздэг. Мөн хүнээс үүдэлтэй алдааг багасгахын тулд аль болох автоматжуулах, хиймэл оюун ухааныг хөгжүүлэх чиглэлд ажиллаж байна.

-Улс орнууд ямар шинэ нээлтийг гаргаж, хөгжүүлж байна?

-Дэлхий дээр байгаа бүх цахилгаан эрчим хүч гаргах нефть, шатдаг хий, нүүрс, уран зэрэг нь дэлхийн хүн амын 100-150 жилийн хэрэгцээг хангах юм. Цаашид яах вэ гэдэг асуулт гарна. Мөн нар сөнөвөл яах вэ гэх асуулт гардаг. Хөгжингүй орнууд энэ талаар аль хэдийнэ бодож, хамтран ажиллаж эхэлсэн байна. Дэлхийн гуравны хоёрыг ус эзэлдэг. Усыг цөмийн реакторт 1300-1500 орчим градуст устөрөгч, хүчилтөрөгч болгодог. Ингээд устөрөгчөөр ажилладаг машин гарчихсан байгаа. Хүчилтөрөгч мөн маш ихээр хэрэгтэй. Мөн наран дээр хөнгөн цөмийн нэгдэх урвал буюу устөрөгч, гели нэгдэх урвал явагдаж, асар их эрчим хүч үйлдвэрлэж байдаг. Хөгжингүй орны эрдэмтэд, цөмийн физикчид “Create Sun on the Earth” буюу “Дэлхий дээр нарыг бүтээх төсөл” дээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, наран дээр явагддаг цөмийн халуун урвалыг дэлхий дээр явуулахаар ажиллаж байна. Энэ урвалыг явуулахад нэг асуудал үүсдэг. Тэр нь юу вэ гэвэл хөнгөн цөмийн нэгдэх урвал явуулахад асар их халууныг тэсвэрлэх реактор. Ийм тогоог бүтээх хэцүү байдаг. Тиймээс орчин үед энэ урвалыг явуулахдаа хүчтэй соронзон орноор барьж явуулж байна.

-Атомын цахилгаан станцын хамгийн чухал ач холбогдол юу вэ?

-Атомын буюу Цөмийн цахилгаан станц хүлэмжийн хийг үйлдвэрлэдэггүй. Иймд Цөмийн цахилгаан станцыг эрчим хүч үйлдвэрлэх ногоон технологи гэж үзэж байна. Ийм учраас дэлхийн хөгжингүй орнууд Цөмийн цахилгаан станцаар эрчим хүчээ үйлдвэрлэж байна. Тухайлбал, Франц улс эрчим хүчний 80-аад хувийг Цөмийн цахилгаан станцаар үйлдвэрлэдэг. Бас Цөмийн цахилгаан станцаар үйлдвэрлэсэн эрчим хүч хамгийн хямд эрчим хүч байдаг. Үүгээрээ маш их ач холбогдолтой юм.

-Манай улсад энэ салбар хөгжих, үүсэх боломж нөхцөл юу байна?

-1970-аад оноос Монгол Улс Цөмийн цахилгаан станцын инженер бэлтгэж эхэлсэн байдаг. Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль энэ чиглэлээр мэргэжилтнүүд бэлтгэж байна. Социализмын үед голчлон Дубнагийн Цөмийн шинжилгээний Нэгдсэн Институтэд мэргэжилтнүүдээ бэлтгэж байсан бол орчин үед залуучуудыг Япон, Франц, Америк зэрэг хөгжингүй орнуудад энэ чиглэлээр бэлтгэн магистр, докторын сургалтад хамруулан мэргэшүүлж байна. Монгол улс 2008 онд “Цөмийн Энергийн Хууль”-аа батлан 2025 онд анхны Цөмийн цахилгаан станцаа барьсан байхаар төлөвлөсөн боловч Фукушимагийн ослын дараа ихэнх орнууд Цөмийн цахилгаан станцын талаарх бодлогоо сулруулсан бөгөөд Монгол Улс ч анхаарлаа сулруулсан юм. Харин Хятад зэрэг зарим улс Цөмийн цахилгаан станцтай болох төлөвлөгөөнөөсөө ухраагүй бөгөөд харин ч олноор үйлдвэрлэх, агаарын бохирдлоо бууруулах гол арга замаа гэж сонгож байна. Монгол Улсын Их Сургуулийн дэргэдэх Цөмийн судалгааны төв нь энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, судалгаа туршилтын ажлаа үргэлжлүүлэн хийхийн зэрэгцээ чадварлаг олон залуучуудыг гадаадад сургаж, бэлтгэж байна. 2021 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах үеэр ОХУ-ын ерөнхийлэгч Монгол Улсад Цөмийн судалгааны төв шинэчлэн байгуулах санал гаргасан нь манай улсад энэ чиглэлийн судалгааны ажил өргөжих, Цөмийн цахилгаан станцтай болоход чухал дөхөм болох болов уу гэж бодож байна.

-Хэсэг иргэд уран, атомын цахилгаан станцын асуудалд сөрөг байр суурьтай байх нь бий. Та энэ тал дээр байр сууриа илэрхийлээч?

-Аливаа зүйл хоёр талтай байдаг шүү дээ. Цөмийн цахилгаан станцын нэг асуудал нь түүнээс шатаж гарсан өндөр цацраг идэвхтэй хаягдлын асуудал байдаг. Түүнийг дахин боловсруулах, хаягдлыг багасгах талаар хөгжингүй орнууд маш их зүйл хийж байна. Үүний нэг жишээ нь хаягдал түлшийг дахин боловсруулан холимог оксидын түлшээр ажиллах Цөмийн станцыг байгуулсан байдаг. Мөн цацраг идэвхт хаягдлыг дахин боловсруулах, хадгалах маш нарийн технологийг боловсруулсан байдаг.

Манай хөрш Казахстан улс дэлхийн ураны 35 хувийг дангаар ханган үүнээс олсон ашгаараа улс орноо хөгжүүлэх, залуучуудаа үнэ төлбөргүй, тэтгэлэгтэй сурах боломжоор хангаж байгаа зэрэг сайн туршлага байна. Манай улс батлагдсан ураны нөөцөөрөө дэлхийд аравдугаар байранд жагсаж байна. Бид энэ уранаа анхан шатны боловсруулалт хийн шар нунтаг болгон зарж, мөнгө олж, улс орноо хөгжүүлэхэд ашиглаж болох юм. Миний мэдэхээр, Францын Арева групп ураны олборлолт, боловсруулалт, цөмийн технологийн хөгжлийн дэлхийд тэргүүлэгч компани. Энэ компани 1997 оноос хойш Монгол Улсад ураны хайгуулын чиглэлээр тасралтгүй ажиллан 100 гаруй монгол залуучуудыг өндөр цалин, тав тухтай нөхцлөөр ханган ажиллаж, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны томоохон ордыг илрүүлэн тэнд анхан шатны ураны үйлдвэр байгуулан, байгаль орчинд хамгийн хор хөнөөлгүй технологи болох газар дор уусган баяжуулах аргаар уранаа боловсруулж байна. Тэгэхээр бид ураныг байгалийн нэг баялаг гэж үзэн түүнийгээ ашиглан, зарж борлуулж, ашиг олж, улс орныхоо хөгжилд нэмэр оруулах хэрэгтэй.

-Цацраг идэвхт изотопыг хорт хавдрыг эмчлэх, уул уурхай зэрэг салбарт ашиглаж болно гэж байсан, энэ талаар тодруулбал?

-Цөмийн цахилгаан станцыг барихын өмнө судалгааны реактор барьж, тэнд мэргэжилтнээ бэлтгэхээс гадна цацраг идэвхт изотоп үйлдвэрлэн түүнийгээ зарж борлуулахаас гадна ашиглаж болох юм. Цацраг идэвхт изотопыг маш олон чиглэлд ашиглаж болох бөгөөд нэг чухал салбар нь эрүүл мэндийн салбар. Манай улсын Нэгдүгээр төв эмнэлэг Цөмийн онош зүйн тасагтай бөгөөд богино настай цацраг идэвхт изотопоор өвчтөнийг оношилдог. Мөн хүн амын нас баралтын нэг гол шалтгаан болох хорт хавдрыг эмчлэхэд цацраг идэвхт изотоп ашигладаг. Уул уурхайн салбар, гааль, хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үл эвдэх сорилын аргад цацраг идэвхт изотопыг өргөн ашиглаж байна.

-Хэрвээ манай улсад энэ салбарыг хөгжүүлье гэвэл юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Энэ салбарыг Монгол Улсад хөгжүүлэхийн тулд эхний ээлжинд Цөмийн судалгааны реактортай болох хэрэгтэй. Энэ нь мега төсөл бөгөөд томоохон санхүүжилт хэрэгтэй болохын зэрэгцээ олон хүнийг ажлын байраар хангана. Хоёрдугаарт, бүх иргэд цөмийн станцын аюулгүй ажиллагааны талаар эерэг зөв мэдлэгтэй болох хэрэгтэй. Үүний тулд хүүхдүүдэд бага наснаас нь зөв, эерэг мэдлэг олгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, цөмийн эрчим хүчний талаар бүх нийтийн боловсрол чухал юм. Цөмийн эрчим хүчний талаар бүгдээрээ эерэг зөв мэдлэгтэй байж, бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжтой болно гэж бодож байна.

-Атомын цахилгаан станц манайд шаардлагатай юу?

-Мэдээж шаардлагатай. Бид утаанаасаа салахын тулд эрчим хүчний найдвартай үүсвэр хэрэгтэй. Энэ нь цөмийн цахилгаан станц гэдгийг Хятадын жишээ харуулж байна. Тэд утаа, агаарын бохирдлоосоо салахын тулд Цөмийн цахилгаан станц олноор барьж байна. Алсдаа дэлхийн улс орнууд ийм л жишиг рүү явахыг хөгжингүй орнууд харуулж байна.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Улаан нохой өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 3, Адъяа гариг. Билгийн тооллын 2, Гоё хүүхэн одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 6:27 цагт мандан, 19:24 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижууулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр байшингийн туурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 градус, бусад хэсгээр 1-3 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 13-15 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Тэс, Идэр голын хөндийгөөр 13-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр голын хөндийгөөр 4-9 градус, Их нууруудын хотгор болон говь, талын нутгаар 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Categories
гадаад мэдээ

Ургамлууд хоорондоо ярилцдаг болохыг баталжээ DNN.mn


Оросын эрдэмтэд навчинд залгасан тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар ургамлын био-цахилгаан “яриа” -г тэмдэглэн авчээ.

Үүний үр дүнд ургамалд ус, дулаан, тэжээлийн аль нь шаардлагатай байгааг мэдэх боломж бүрдэж байна хэмээн эрдэмтэд онцлов.

Хүлэмжид тарьж ургуулсан ургамлууд усалгаа, гэрэл, дулааны хэмжээг “өөрсдөө” тохируулж байх төхөөрөмж тун удахгүй бий болно хэмээн эрдэмтдийн баг үзэж байна.

Ургамлын үндэс, мөчир, навч, цэцгүүд өөр хоорондоо цахилгаан түлхэлтийн тусламжтайгаар “ярилцдаг” болох нь тодорхой болсон аж.

Categories
гадаад мэдээ

Брюс Уиллис эрүүл мэндийн шалтгаанаар эд хөрөнгөө заржээ DNN.mn

Алдарт жүжигчин Брюс Уиллис эрүүл мэндийн шалтгаанаар сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 65 сая ам.долларын үл хөдлөх хөрөнгөө заржээ.

Өдгөө 67 настай Уиллис тархины доройтлын эмгэгтэй болсон тухай түүний гэр бүл Лхагва гаригт зарласан. Холливудын домогт жүжигчин ийнхүү 44 жилийн турш үргэлжилсэн карьерынхаа хөшгийг татжээ. Түүний эхнэр “Victoria’s secret”-ийн модель Эмма Хэминг юм. Тэд 13 жил ханилж буй бөгөөд өдгөө Лос Анжелесын Брентвуд Парк дахь 9.8 сая ам.долларын харшид амьдардаг.

Хэл ярианд нөлөөлдөг энэ өвчин Уиллист анх хэзээ оношлогдсон нь тодорхойгүй. Гэсэн хэдий ч 2018 оноос хойшолны хайртай жүжигчин үл хөдлөх хөрөнгөө эрс багасгасан гэсэн мэдээлэл байна.

Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сард тэрбээр Манхэттэн дэх пентхаусаа зах зээлд гаргаж, долоо хоногийн дотор 18 сая ам.доллараар заржээ. Уг пентхаус нь зургаан унтлагын өрөө, 6000 метр квадрат талбайтай. Дараа нь аравдугаар сард Айдахо дахь үл хөдлөх хөрөнгөө 5 саяар заржээ. Уг харш нь оддын очих дуртай “Sun valley” цанын баазын ойролцоо байрладаг. Улмаар 2019 оны наймдугаар сард Уилс Карибын тэнгисийн хайртай эдлэн газраа зарахаар шийджээ. Тэнд 2009 онд Хэмингтэй гэрлэж байсан аж. Тэрхүү үл хөдлөх хөрөнгө 27 сая ам.доллар хүрчээ. Мөн оныхоо арванхоёрдугаар сар Уэстчестэр дахь байшингаа 7.66 саяаар зарсан байна.

81D4E6AC-06A9-484D-84CE-D631D548448A
CF336981-BFD9-4CC3-8D83-ED0D66470DBA
299AC27E-1F8D-42D9-9461-DDB13835660C
8BAA0721-5F80-4C2A-B453-EB746FD49FBD
4CC82F35-E996-4F92-BC92-CA7E204FCF8B
Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймаг хараагүй иргэдэд зориулж, брайль үсгийн сургалтыг эхлүүллээ DNN.mn

Аймгийн хэмжээнд нийгмийн тусгай хэрэгцээт 4077 иргэн байгаагаас 540 гаруй нь харааны бэрхшээлтэй юм.

Иймд аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хараагүйчүүдийн үндэсний холбооны Өвөрхангай аймаг дахь салбар, “Өгөөмөр сэтгэл” болон “Ариун бичээс” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага хамтран брайль үсгийн анхан шатны сургалтыг эхлүүллээ.

Аймагт анх удаа зохион байгуулж буй 14 хоногийн уг сургалтанд харааны бэрхшээлтэй 11 хүн хамрагдаж байгаа ба бичих, унших чадварт суралцаж, нийгмийн мэдээллийг хүлээн авах, оролцох боломжтой болохыг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Сайнжаргал хэллээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, боловсруулахад дэмжлэг үзүүлж, аймгийн Засаг даргаас 37 сая төгрөг шийдвэрлэж өгсөн учраас тодорхой ажлуудыг зохион байгуулна гэдгийг хэлж байв.

Categories
гадаад мэдээ

Оросын олигархиуд хориг арга хэмжээнээс бултахыг оролдов DNN.mn

Оросын олигархиуд Москвад тавьсан хориг арга хэмжээнээс зайлсхийхийг оролдож байгааг нотлох баримт олсон гэж АНУ-ын Хууль зүйн яамны шинэ ажлын хэсгийн ахлагч өчигдөр /2022.04.02/ мэдэгдэв. “KleptoCapture” нэртэй ажлын хэсэг өнгөрсөн сард байгуулагдсан. Ажлын хэсгийн гол зорилго Оросын олигархиудын санхүүг хүнд байдалд оруулж, Украин дахь хэдэн долоо хоног үргэлжилсэн дайралтаа зогсоохыг Владимир Путинээс шаардах явдал юм. “KleptoCapture” нь эрх мэдлээ урвуулан ашиглаж, хөрөнгө хуримтлуулдаг, авлигад автсан албан тушаалтнуудыг нэрлэдэг “клептократи” гэдэг үгээс гаралтай. Ажлын хэсэгт холбооны олон агентлагийн прокурор, мөрдөн байцаагч, шинжээчид багтжээ.

Ажлын хэсгийг удирдахаар томилогдсон ахмад прокурор Эндрю Адамс “Хориг арга хэмжээ аваагүй олигархиуд ч болзошгүй хориг арга хэмжээнээс өмнө хөрөнгөө шилжүүлэхийг оролдож байна” гэж мэдэгджээ. Тэд дарвуулт онгоц, нисэх онгоц болон бусад хөдөлгөөнт эд хөрөнгөө гадаадын улс орнуудад нуухыг оролдсон ч хууль бус орлогыг хянах олон улсын хамтын ажиллагааны бүх цаг үеийн хамгийн өндөр хяналттай тулгарч байгааг Адамс анхааруулав. Тэрбээр мөрдөн байцаалтын шатанд шалгуулж байгаа хүмүүсийг нэрлэхээс татгалзжээ.

Оросын баячуудын дарвуулт онгоцыг Европын орнууд хэдийнэ олж, саатуулаад байгаа аж. Тухайлбал, Испанийн засгийн газар КГБ-ын ажилтан асан Сергей Чемезовтой холбоотой 140 сая ам.долларын үнэтэй “Валери” супер дарвуулт онгоцыг түр хураан авчээ. Мөн Франц улс “Роснефть”-ийн босс Игорь Сечиний хөлөг онгоцыг саатуулсан бол Италид Оросын тэрбумтан Эндрю Игорьевич Мельниченкогийн дарвуулт завийг хураан авсан байна. АНУ-ын хууль сахиулах байгууллагаас гадаадын түншүүддээ мэдээлэл өгсөн нь хөлөг онгоцыг хураан авахад нөлөөлжээ.

Categories
мэдээ нийгэм

​ Химийн хортой, аюултай бодисыг устгажээ DNN.mn

Аймгийн хэмжээнд 19 сумын ЕБС-ийн химийн кабинет, ЭМТ, БОЭТ, Мал эмнэлэг, МХГ, УЦУОШГ, МСҮТ, “Жем Хужирт” ХХК-ийн лабораториудад ашигладаггүй, хугацаа дууссан химийн хортой болон аюултай 1680 нэр төрлийн шингэн 428л, хатуу болон нунтаг 450кг бодис, 5 тн химийн бордоог нэгдсэн журмаар цуглуулж устгуулжээ.

Устгах ажлыг Улаанбаатар хотын “Түмэн эгшиг” ХХК-д шилжүүлэх ажлыг аймгийн МХГ, ОБГ, БШУГ, БОАЖГ, Тагнуулын хэлтэс, 19 сумын ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа.

Categories
мэдээ нийгэм

Найз охиноо хардаж улмаар өөр дээрээ бензин асгаж түлэгджээ DNN.mn

БЗД-ийн иргэн өөр дээрээ бензин асгаж, шатаахыг оролджээ.Тодруулбал БЗД-ийн 27-р хороо, “Баярт нигүүн хотхоны 3 давхарт 20 орчим насны согтуу хүний хувцас нь шатаад түлэгдсэн байдалтай сууж байна” гэх мэдээлэл цагдаагийн байгуулалагад иржээ.

Шалгахад Дархан-Уул аймгийн 8-р баг, Наран толгойд суух О 27 настай эрэгтэй нь өөр дээрээ бензин асгаж шатаасан гэх хэргийг БЗДЦХ- 1 хэлтэс шалгаж байна. Хохирогч найз охиныгоо хардаж маргалдсан учраас өөр дээрээ бензин асгасан гэжээ.

No description available.