Categories
мэдээ эдийн-засаг

Литва улс ОХУ-аас байгалийн хий импортлохоо зогсоолоо DNN.mn

Литва улсын эрчим хүчний сайд өчигдөр /2022.4.2/ мэдээлэл хийж, цаашид ОХУ-аас байгалийн хий импортлохгүй гэв. Литва улсын зүгээс Украинд дайн өдүүлсэн ОХУ-ыг эзлэн түрэмгийлэгч гэж тодорхойлсон бөгөөд Москватай эрчим хүчний харилцаагаа тасалж буйгаа үүгээр илэрхийлсэн байна.

Түүнчлэн Литвын ерөнхийлөгч Гитанас Науседа “Хэрэв бид хийж чадаж байгаа бол Европын бусад орнууд ч бас хийж чадна” гэж жиргэжээ.

Өмнөх өдөр нь, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гадаадын худалдан авагч нарт хандан тус улсаас авч буй байгалийн хийн төлбөрөө рублиэр төлөхгүй бол нефть нийлүүлэхгүй гэж мэдэгдсэн юм.

Categories
гадаад мэдээ

Сураггүй болсон нисэх онгоцыг хайж байна DNN.mn

Их Британиас Франц улсыг чиглэн хөөрсөн “PA-28” нисэх онгоц Английн сувгийн дээгүүр нисч явахдаа радараас алга болж, сураггүй болжээ. Энэхүү жижиг онгоц нь өчигдөр өдөр Их Британийн Уорикшир хотын ойролцоох Уэллесбюрнээс Францын Ле-Туке-Пари-Плаж бүс нутагт очихоор хөөрсөн байв.

Нисэх онгоцыг сүйрсэн гэж таамаглаж байгаа бөгөөд хоёр хүн зорчиж явжээ. Францын эргийн харуулынхан нисэх онгоцны сэгийг Английн суваг орчмоор эрэн хайж байгаа аж. Эрэн хайх ажиллагааг Францын талаас хоёр нисэх онгоц, нэг завьтай гүйцэтгэж байгаа бол Их Британийн нисэх онгоц эрлийн ажиллагаанд оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасгаар хоногт 280-330 хүүхэд үзүүлж байна DNN.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд , Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дэд дарга Л.Зэндмаа нар Баянгол Дүүргийн Эрүүл мэндийн төвийн Насанд хүрэгчдийн болон Хүүхдийн салбар эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт тус тус ажиллав.

БГД-ийн Эрүүл мэндийн төв нь тус дүүргийн 250,000 гаруй хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Нийт хүн амын 92,000 гаруй нь 0-18 насны хүүхдүүд аж.

Хүүхдийн томуу, томуу төст өвчлөлд RSV вирусийн халдварын тохиолдол өндөр, эмнэлгийн ачаалал 17:00 цагаас хойш эрс нэмэгдэж байгааг эмч хэлж байлаа. Цэцэрлэг сургууль эхэлсэнтэй холбоотой 0-5 насны хүүхдийн дунд амьсгалын замын цочмог халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгааг энэ үеэр онцолж байв.

Өнөөдрийн байдлаар БГД-ийн Хүүхдийн салбар эмнэлэгт 204 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Амбулаториор үзүүлсэн хүүхдийн тоо өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад буурч байгааг эмч нар хэллээ. Хүүхдийн томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдсэн үеэр 100 ор нэмж дэлгэсэн байна. Мөн насанд хүрэгчдийн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус тасагт нийт 117 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.

Үүний дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт ажиллав. Тус эмнэлэгт өнөөдрийн байдлаар 536 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Яаралтай тусламжийн тасгаар хоногт 280-330 хүүхэд үзүүлж байгаагийн 40% нь халуурсан, ханиалгасан, шуугиантай амьсгал нь ихэссэн гэсэн зовуурьтай хүүхдүүд эзэлж байгааг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн дарга Т.Болормаа онцлов. 10 хоногийн өмнөхөөс өнөөдрийн байдлаар эмнэлэгт хандаж буй хүүхдүүд 20 хувиар буурсан байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЭХЭМҮТ-ийн тусламж үйлчилгээтэй танилцаж үүрэг чиглэлийг өглөө. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв нь 170,000 гаруй хүнд амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Тус эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасагт өнөөдрийн байдлаар хүүхдийн томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдсэнтэй холбоотой 220 ор дэлгэсэн байна.

зураг

Өнөөдрийн байдлаар 160 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн томуу, томуу төст өвчин өмнөх долоо хоногтой харьцуулахад 15-20 хувиар буурсан гэж эмч нар хэлж байлаа. Тус эмнэлэгт хүчин төрөгчийн үйлдвэр шаардлагатай байгаа, ЭМД-ын санхүүжилтийн асуудлаар уулзалт хийх талаар талууд ярилцлаа.

Ц.ОРГИЛМӨНХ

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ангараг гаригаас ирсэн анхны аудио бичлэгийг судалжээ DNN.mn

Ангараг гаригаас анх удаа ирсэн аудио бичлэгийг судалсан эрдэмтэд тус гараг дээр дуу чимээ өөр өөр хурдтай тархдагийг тогтоожээ.

NASA-гийн Perseverance станц өнгөрсөн оны хоёрдугаар сард Ангараг гараг дээр буусан юм. Тэр үеэс хойш станц өөрийн хоёр микрофоныг ажиллуулж, ойр орчмын дуу чимээг бичиж эхэлжээ.

Эрдэмтэд үүнээс эхний таван цагийн бичлэгийг нь судалсан тайлангаа Баасан гарагт Nature сэтгүүлд нийтлүүлсэн байна.

Ингэхдээ тэд Perseverance хөлөгтэй хамт Ангарагт очсон Ingeuinity дроны хөдөлгүүрийн чимээ, Ангарагийн чулуулгийн бүтцийг судлахын тулд зүсэлт хийж буй лазерын багажийн чимээг судалжээ.

Эхний ээлжид Ангарагийн агаар мандалд дуу чимээ дэлхийтэй харьцуулахад удаан тархдагийг баталсан байна.

Тухайлбал дэлхий дээр дууны хурд секундэд 340 метр байдаг бол Ангараг дээр секундэд 240 метр байжээ.

Энэ нь Ангарагийн агаар мандлын бүтэцтэй холбоотой гэнэ. Ангарагийн агаар мандлын 95 хувийг нүүрстөрөгчийн давхар исэл эзэлдэг бол энэ нь дэлхийн агаар мандлын 0.04 хувь байдаг.

Өөрөөр хэлбэл Ангарагийн агаарын нягтрал нь дэлхийнхээс 100 дахин бага юм байна. Энэ нь дуу чимээг 20 децибелиэр сулруулдаг гэж эрдэмтэд тайлбарлажээ.

Гэхдээ энэ бол эрдэмтдийн урьдчилан таамаглаж байсан үр дүн юм байна.

Харин огт төсөөлж байгаагүй цоо шинэ нээлт нь дуу чимээний ялгаатай хурдтай тархалт байжээ.

Тухайлбал лазер багажийн чимээ дроны хөдөлгүүрийн чимээнээс 10 метрээр илүү хурдан буюу секундэд 250 метрийн хурдтай бичигдсэн байна.

“Би бага зэрэг цочирдсон. Дэлхий дээр бүх дуу чимээ ижил хурдтай тархдаг шигээ төсөөлөөд хэмжилтэд алдаа гарсан байх гэж бодож байлаа” гэж судалгааг ахалсан эрдэмтэн Силвестр Маурис ярьжээ.

Өөрөөр хэлбэл чанга дуу чимээ Ангараг гараг дээр хурдтай, сул чимээ удаан тархдаг нь эндээс анх удаа харагдсан байна.

“Дэлхий дээр найрал хөгжмийн тоглолтыг бид зэмсгүүдийн чанга, сул дуугарахаас үл хамааран зэрэг сонсдог. Тэгвэл Ангараг дээр тайзнаас жаахан хол суусан тохиолдолд зэмсгүүдийн чимээ хугацааны нэлээд хоцрогдолтой сонсогдох юм байна” гэж Маурис ярьжээ.

Тоног төхөөрөмжүүдийн гаргасан чимээнээс бусдаар бол Ангараг дээр салхинаас өөр байгалийн гаралтай дуу чимээ бараг сонсогдоогүй байна.

Эрдэмтэд өмнө нь 1999, 2008 онуудад Ангарагийн дуу чимээг бичихийг оролдож байсан ч аль аль нь амжилтгүй болж байжээ.

Эх сурвалж: AFP

Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүлийн давж заалдах шүүх хурал маргааш болно DNN.mn

Э.Бат-Үүлийн давж заалдах шатны шүүх хурлын тов гарчээ. Энэ талаар түүний хүү Б.Чулуудай “2022 Оны дөрөвдүгээр сарын 4 өдрийн 10:30 цагт. Аавын минь давах шатны шүүх хурал болно. Уг хурал нээлттэй болох ёстой. Биднийг биеэр ороцуулах ёстой” гэжээ.

Эргэн сануулахад, 2021 оны арванхоёрдугаар сарын 16-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Бат-Үүл нарын долоон хүнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрээ гаргасан.

Шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жил хорих, түүний хүү Б.Чулуудайг 15 сая төгрөгөөр торгох, ТОСК-ын захирал асан А.Гантулгад таван жил хорих ял тус тус оноосон.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна DNN.mn

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2022 оны 04 сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр голын хөндийгөөр 4-9 хэм, Их нууруудын хотгор болон говь, талын нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 13-15 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 13-15 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 10-12 хэм дулаан байна.


2022 оны 04 дүгээр сарын 04-нөөс 04 дүгээр сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5, 6-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 4-6-нд тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ жил 188 байршилд 4860 гарааш буулгахаар төлөвлөжээ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 захирамжийн дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын алба гуравдугаар сарын 15-ны өдрөөс газрын зөрчил арилгах арга хэмжээг зохион байгуулан ажиллаж эхэлсэн.

Нийтийн эдэлбэр газарт газар зөвшөөрөлгүй ашиглаж байсан гараашуудыг буулгах ажил өнгөрсөн жилээс эрчимтэй явагдаж 2021 онд 1,000 гаруй гарааш буулган, тохижилтын ажил хийх боломжийг бүрдүүлсэн бол энэ жил 188 байршилд 4,860 гарааш буулгахаар төлөвлөжээ.

Өнгөрөгч 15 хоногийн хугацаанд нийт 26 байршилд 10,658 м.кв талбай бүхий 639 гарааш чөлөөлсөн бөгөөд энэ нь буулгахаар төлөвлөсөн гараашуудын 13% болж байгаа аж. Энэхүү ажил наймдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.

Иргэд олон нийтийн зүгээс газар чөлөөлөлтийн ажилд талархалтай хандаж байна. Чөлөөлсөн талбайд тухайн орчинд оршин сууж буй иргэдээс санал авч, авто зогсоол, ногоон байгууламж барих зэрэг тохижилтын ажлуудыг хийх юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Улаанбаатарт 37, орон нутагт 28 тохиолдол батлагдав DNN.mn

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 65 иргэн кийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 37 нь Улаанбаатар хотод,
  • 28 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Нас баралт бүртгэгдээгүй.

Гэрийн хяналтад 825 хүн байна.

May be an image of text

Categories
мэдээ улс-төр цаг-үе

АН-ын даргын сонгуулийн санал хураалт орон даяар эхэллээ DNN.mn

Ардчилсан намын даргын сонгууль улс орон даяар 2022.04.03-ны өдрийн 09:00-20:00 хүртэл бүх аймаг, дүүрэг, сумдын санал авах байранд явагдаж байна. Орхон, Дархан-Уул аймагт санал хураалт ирц өндөр эхэлсэн талаар Ардчилсан намын фэйсбүүк хуудсанд мэдээлжээ.

Мөн Ардчилсан намын гишүүдыг өөрийн харьяа анхан шатны нэгж дээр очиж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав.

May be an image of 5 people, people standing, indoor and text that says 'REDMI NOTE 8 PRO QUAD CAMERA'

May be an image of 15 people, people standing, indoor and text that says 'REDMI NOTE 8 PRO QUAD CAMERA'

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын залуучуудын холбооны байрыг хүүхдийн эмнэлэг болгохыг иргэд уриалж байна DNN.mn

Монголд хүүхдийн эмнэлэг ачааллаа даахгүй хэрээс хэтэрснийг монголчууд бид ясандаа тултал мэдэрч, сөхөрч байна. Тэгвэл Монголын залуучуудын холбоо хэмээх улс орны хөгжилд тоймтой үүрэг гүйцэтгэдэггүй хөндий хоосон байшинг хүүхдийн эмнэлэг болговол яасан юм бэ гэсэн санаачилга иргэдээс гараад байгаа юм. Энэ тухай иргэдийн санал бодлыг хүргэж байна.


ХанУул дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Б.Энэрэл “Монголд эмнэлгийн ачаалал их, тэр дундаа хүүхдийн эмнэлэг. Би хоёр настай охинтой, саяхан хүүхдээ үзүүлэх гээд эмнэлэг ороход шал, коридороор нэг хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүд байсан. Хүүхдүүд ор байхгүй, хүйтэн шалан дээр эмчилгээгээ хийлгэж байна. Эргэн тойронд хүүхдүүдийн уйлах чимээ, эцэг эхчүүдийн бухимдал гээд бараг эмчилгээ нь стресс болдог байх. Хөндий хоосон, тодорхой үйл ажиллагаа явуулдаггүй Монголын залуучуудын холбооны байрыг хүүхдийн эмнэлэг болговол яадаг юм. Эмнэлгийн ачааллыг бага ч гэсэн нимгэлэх байх даа” хэмээв.

БГДийн ахмад настан С.Саруул “Монголын залуучуудын холбоо” гэсэн хаягтай байшин ямар ч үйл ажиллагаагүй хоосон байж байхаар эмнэлэг болсон нь дээр. Өөр аргагүй шүү дээ, ядаж хотын төвд юм даа. Ингэж бодтол нь иргэдээ туйлдуулж байна, Монголын төр. Нэгэнт л үйл ажиллагаагаа явуулдаггүй юм чинь эмнэлэг болгоод шалан дээр хэвтэж байгаа хүүхдүүдээ оруулж, өрөөнд нь эмч нараа суулгаж болдоггүй юм уу” гэж ярив.

Хан-Уул дүүргийн ахмад настан, редактор Х. Батсайхан “Би бол шинээр эмнэлэг барихыг таашаадаггүй хүн. Яагаад гэвэл ямар нэг эмнэлэг шинээр барихад дулаанаас авахуулаад бүх хүчин зүйлүүд эмнэлгийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг. Шинээр эмнэлэг барих нь үйлчилгээнд саад болно уу гэхээс нэмэр болохгүй гэж үздэг. Улстөрчид дандаа шинэ эмнэлэг барина гэж дундаас нь мөнгө завших гэж орилдог. Гол нь урьдчилан сэргийлэх үзлэгүүдийг эрт хийж, 14-21 хоног эмнэлэгт хэвтдэг биш, 7-10 хоногт эрчимт эмчилгээ хийлгээд гаргадаг байх нь зөв. Хувийн эмнэлгүүд хувийн хөрөнгөөрөө эрсдэлээ даагаад хаана ч эмнэлгээ барьж байгуулж болно. Түүнийг хориглож болохгүй. Харин улсын төсвийн хөрөнгөөр эмнэлэг барих нь жил болгон дулаан цахилгаанаас авахуулаад урсгал зардал маш их хэмжээгээр гарч байдаг. Энэ нь манай улс орны хувьд завшаа хийх таатай нөхцөлийг л зөвхөн бүрдүүлнэ. Эмнэлэг гэдэг чинь тусгай үйлчилгээ шүү дээ. Зүгээр нэг оффисын барилгад хэдэн ор тавиад болох л байх. Гэхдээ зориулалтын биш зүйл зориулалтынх биш л байдаг. Миний бодлоор аль нэг эмнэлгээ хүүхдийнх болгоод явбал зүгээр байх. Байгаа байшин саваа зохицуулах нь эрүүл мэндийн яам, даатгалын газрын хийх ёстой ажил шүү дээ” гэв.

Хүний их эмчийн IV дамжааны оюутан Б.Нэмэхбаяр “Монголын ирээдүй болсон бяцхан үрс улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд хүүхдийн сэтгэл санаа болон асран хамгаалагчдын тав тух алдагдаж байна. Иймээс иргэн миний хувьд хүүхдийн эмнэлэг шинээр барих, эсвэл Монголын залуучуудын холбооны байрыг эмнэлэг болгох саналтай байна. Монголын ирээдүй хүйтэн шалан дээр хэвтэж байна шүү дээ, арай дэндүү байна” хэмээв.

Сэтгүүлч О.Эрдэнэтунгалаг “Жил болгон л эмнэлгийн хүрэлцээнээс болж коридорт хэвтлээ, эмнэлэгт хэвтсэнгүй, оочер ихтэй байлаа гэдэг асуудалтай. Угаасаа л зай завсаргүй барьсан хэрэгтэй, хэрэггүй барилга байхад тэндээс аль боломжтойг нь эмнэлэг болгох хэрэгтэй. Ингэвэл иргэдэд эмнэлэг хүрэлцээтэй мөн олон эмч, ажилтны ажлын орон тоо ч гарна” гэсэн юм.

Химийн багш Ц.Маам “Бүтээн байгуулалтын уурхай болсон бяцхан үрсийн чадвар, хандлага, төлөвшил эмнэлгийн шалан дээр бүрэлдэхгүй. Өвдөх эрхгүй, өвдсөн ч тухтай орчинд эмчлүүлэх хувьгүй хүүхдүүдийнхээ төлөө ганцхан зүйл хийгээч. Хэрэгцээ нь тулсан биш тэр “Монголын залуучууд холбоо”-ны байрыг хүүхдийн эмнэлэг болгоод өгчихөж болдоггүй юм уу. Эмнэлгийн байрны шаардлага хангаагүй л гэх байх. Гэхдээ энэ улсад чинь өөр арга, гарц байхгүй байна” гэлээ.

АШУҮИС-ийн V дамжааны оюутан С.Одмаа “Монголын залуучуудын холбооны байранд шалан дээр байгаа хүүхдүүдээ оруулчихвал яадаг юм бэ. Монголын залуусыг харь орон руу дүрвэж байна л гэцгээдэг. Яг үнэндээ хэн нялх хүүхдээ үзүүлэх эмнэлэг ч үгүй, хүйтэн шалан дээр үйлчилгээ авдаг газар амьдрахыг хүсэх юм бэ. Эмнэлгийн орны хүртээмжид анхаарах зайлшгүй шаардлагатай гэж олон л жил ярилаа. Нэг ч гэсэн эмнэлэг нэмэгдвэл эрүүл мэндийн салбарын үйлчилгээний хүртээмж, ажлын ачаалал, иргэдийн сэтгэл зүй, эмчилгээний үр дүн сайжирна гэж бодож байна. Залуучуудын холбоо хэмээх байгууллага нь улстөржсөн залуучуудаар дүүрэн байдаг гэсэн. Улс орны хөгжилд олигтой гавьяа байгуулаагүй зүгээр амбицтай залуучуудын орогнох газар байснаас ачааллаа дийлэхээ байж сөхөрсөн ард түмний хүүхдүүдийн эмнэлэг байсан нь дээр байх аа” хэмээв.