Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд мэдээлэл хийнэ DNN.mn

Ерөнхий сайд өнөөдөр УИХ-ын даргад Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барина. Дараа нь 11:30 цагаас А танхимд мэдээлэл хийх зар тараалаа.

Өчигдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомстол, үнийн өсөлтөөс сэргийлэх хуулийн төсөл өргөн барихаар болсон. Хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан тус хуулийн төслийн агуулгыг дараах найман чиглэлд базаж танилцуулсан юм.

  • Нэгт, тус хуулийн төслийг УИХ-аар дараалал харгалзахгүй, нэн яаралтай хэлэлцэнэ.
  • Хоёрт, мах, гурилын нөөц бүрдүүлэх үүднээс нийлүүлэгч компаниудад хөнгөлөлттэй санхүүжилт олгох ажлыг харилцдаг арилжааны банкуудаар нь дамжуулан олгох, үүсмэл хэрэгсэл ашиглан импортын төлбөрийн гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах үүргийг Монголбанканд хүлээлгэх
  • Гуравт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд гадаад зах зээлээс Лондонгийн металын бирж дээрхээс 5 хувийн нэмэгдэл хүүтэй алт худалдан авах
  • Дөрөвт, мах, гурил, газрын тосны хомстол үүсгэхгүйн тулд тус бүтээгдэхүүнүүдийн импортын гаалийн татварыг 5 хувь хүртэл бууруулах
  • Тавт, мах, гурил нийлүүлэгч компаниудын зээлийн хүүгийн татаасыг төсөв хооронд гүйлгүүлж, зохицуулалт хийх замаар шийдвэрлэнэ. Засгийн газар баталгаа үүнд гаргана
  • Зургаад, газрын тосны нийлүүлэлтэд хомстол үүсгэхгүйн тулд тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудтай хариуцлагын гэрээ байгуулах
  • Долоод, энэ мах, гурил, шатахууны хомстол үүсэхээс сэргийлж, оролцогч талуудын дунд хариуцлагын гэрээ байгуулах
  • Наймд, гадаад иргэн харьяалалгүй хүн 20 сая төгрөгтэй тэнцэх үнэт метал, валютыг бэлнээр хилээр гаргахыг хориглох.
Categories
мэдээ цаг-үе

Хүнсний ногооны 80 хувийг дотоодоосоо хангахаар төлөвлөжээ DNN.mn


Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах зорилтыг дэвшүүлж Атрын дөрөвдүгээр аяныг орчин цагийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлэхээр шийдвэрлээд байна.

Энэ онд 386.1 мянган га-д үр тариа, үүнээс 362.7 мянган га-д улаанбуудай, 70.2 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 17.3 мянган га-д төмс, 12 мянган га-д хүнсний ногоо, 7.6 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 559.6 мянган га–д тариалалт хийж 339.9 мянган га-д уринш боловсруулан бэлтгэхээр төлөвлөөд байна.

ХХААХҮЯ-аас энэ жилийн ургац хураалтын дүнгээр 535.8 мянган тонн үр тариа, үүнээс 504.7 мянган тонн улаанбуудай, 171.4 мянган тонн төмс, 153.2 мянган тонн хүнсний ногоо, 168.0 мянган тонн тэжээлийн ургамал, 33.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авч хүн амын хэрэгцээт улаанбуудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 80.0 хувийг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж хэрэгжилтийг зохион байгуулж байна.

Түүнчлэн энэ хаврын тариалалтад 8.4 мянган тонн, ургац хураалтад 7.3 мянган тонн, уринш боловсруулалтад 6.8 мянган тонн, нийтдээ газар тариалангийн үйлдвэрлэлд 22.5 мянган тонн шатахуун шаардагдах тооцоог гаргаж үнэ, хангамжийг тогтвортой хадгалах чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудад санал хүргүүлэн хамтран ажиллаж байна.

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд импортоор нийлүүлэгдэх үр тариа, тос, тэжээлийн болон хүнсний ногооны үр, эрдэс бордоо, ургамал хамгааллын бодисыг технологийн хугацаанд буюу 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 05-ны дотор, техник тоног төхөөрөмжийг 5-6 дугаар сард багтаан хилийн боомтуудаар нэвтрүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

​ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ DNN.mn

Зөрчлийн тухай хуулийг 2017 оноос мөрдөж эхэлснээс хойш нийт 7.6 сая гаруй зөрчилд шийтгэл ногдуулжээ. Үүний 97 хувийг хүнд, 3 хувийг хуулийн этгээдэд хариуцлага тооцсон байна. Нийт зөрчлийн 95-аас дээш хувийг цагдаагийн байгууллага харьяалж шалган шийдвэрлэсэн бөгөөд жилд дундаар хоёр сая орчим зөрчил бүртгэгдэж байна. Энэ нь Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүр Зөрчлийн тухай хуулиар ямар нэгэн байдлаар торгуулж шийтгүүлж байна гэдгийг ч салбарын сайд Х.Нямбаатар онцолсон удаатай.

Тэгвэл өнөөдөр /2022.04.05/ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Хуульд дараах өөрчлөлтүүд орно. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг биед халдсан” тохиолдолд баривчилж бусад тохиолдолд албадан сургалтад хамруулах, сануулах байдлаар өнгөрөх нь. Одоо мөрдөж буй Зөрчлийн тухай хуулийн зарим зүйл заалт хэт ерөнхий байгаа нь алдаа болж баривчлах, торгох байдал хавтгайрсны нэг нь Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил гэнэ. Өөрөөр хэлбэл, одоо мөрдөж буй Зөрчлийн тухай хуулиар нийт 10 зөрчилд баривчлах шийтгэл ногдуулж байна. Өнгөрсөн хугацаанд Зөрчлийн тухай хуулиар баривчлах шийтгэл авсан хүмүүсийн дийлэнх нь гэр бүлийн хүчирхийлэл, зөрчлийн шалтгаан эзэлжээ.

Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ерөнхий зүйл заалтуудаар торгууль ногдуулдаг хэсгийг хасчээ. Жишээ нь, аж ахуйн нэгж байгууллагууд хугацаандаа тайлангаа ирүүлэхгүй байх, талбай дээр жагсаал цуглаан хийх, гэр бүлийн зөрчил зэрэг. Харин санхүүгийн гэмт хэрэг, байгаль экологийн эсрэг гэмт хэрэг, боловсролын бизнес болгох зэрэг зөрчилд хариуцлагыг чангаруулах юм байна.

Мөн их дээд сургуулиудын бакалаврын диплом олголтыг хуулийн хүрээнд чангаруулахаар болжээ. Тодруулбал, Дээд боловсролын тухай хууль зөрчих гэсэн бүлэгт зааснаар хууль тогтоомжид заасан багц цаг, эсхүл сургалтын хөтөлбөрийн агуулгыг бүрэн хангаагүй хүнийг элсүүлсэн, төгсгөсөн бол хохирлыг нөхөн төлүүлж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр ханш нээнэ DNN.mn

Ханш нээх өдөр ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэн хорхой шавьж хөдөлдөг учиртай. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай. Тэгвэл өнөөдөр 15:27 цагт “Төгс буянт шинэ зурхай” ёсоор “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн “Ханш нээх” улирал эхэлж байна.

Хятадууд 2500 гаруй жилийн өмнөөс ханш нээх өдрийг үндэсний баярын өдөр болгон тэмдэглэсээр иржээ. Ханш нээх өдрөөр Хятадууд өвөг дээдсийнхээ шарил онгоныг хүндэтгэж, цэвэрлэн ариутгаж ёслол үйлддэг байна.

Нэрний хувьд Хятадын Хан Ши гэдэг хаан байж. Тэр хаан энэ улирал эхлэ­хээр газар гэсэж, тариа­лан эхлэхэд тохиромжтой боллоо хэмээн тусгай ёслол хийдэг байсан учраас энэ улирлыг тэрхүү хааны нэрээр Ханши хэмээн нэрлэх болжээ.

Ханшийн баярын үүсэл гарал нь Хятадын эртний ноёд түшмэд өвөг дээдсийнхээ шарил дээр очиж тахил өргөдөг байснаас үүдэлтэй. Үүнээс уламжлан ард иргэд өвөг дээдсийнхээ шарил дээр очиж хүндэтгэл илэрхийлэн тахил өргөдөг болсон аж.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Тахал гарах нь гээд нэг жил, тахал тусаад хоёр жил хоосон суусан ард түмэнд хэмнэнэ гээд ч юм үлдсэнгүй DNN.mn


Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригийн чуулганы хуралдаан дээр УИХ-ын дарга Г.Занданшатар “Ард иргэд хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй байна. Засгийн газар гэдэг бүхнийг чадагч бурхан тэнгэр биш. Төсөв мөнгө хязгаартай” тухай хэлсэн. Үндсэндээ Их хурлын даргын Их хурлын чуулганы индрээс ард түмэндээ хандаж хэлснээр бол монголчууд бид дэндүү тансаг хэрэглээтэй амьдарч байгаа аж. Тэгээд энэхүү тансаг хэрэглээгээ одоо тана, амьдралаа хэмнэлтийн горимд шилжүүл гэж зориуд анхааруулж байгаа юм байна. Занданшатар дарга аа, та ард түмнээ тохуурхаж басамжилсан амьдралгүй, амьдралаас хол хөндий үг хэллээ. Тахал гарна гээд нэг жил, тахал тусаад хоёр жил хоосон суусан ард түмэнд одоо хэмнэе гээд ч хэмнэх юм үлдсэнгүй. Өндөг, талх хоёр идэхийг л тансаглал гэхгүй юм бол өөр тансаглатлаа танаад, хэмнэлтийн горимд шилжээд байх зүйл ард иргэдэд алга. Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг “Өндөг бол тансаг хэрэглээ” гэж хэлж байсан удаатай.

Сая чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Бид дэлхийд хаана ч байхгүй хямд үнэтэй талх идэж байна” гэж ядарсан иргэд рүүгээ дайрч давшилсан маягтай хэлсэн. Эрх баригчдын хэлдэгчлэн өндөг, талх хоёрыг тансаг хэрэглээнд тооцдоггүй юм бол өвчин тахал гээд сүүлийн гурван жил гуйвтлаа хоосон сууж байрныхаа түрээсийн мөнгө, ус дулааны мөнгөө арай ядан цалингаасаа илүүчилж, өвчин зовлонгийн энэ үед үнэндээ эм авах ч мөнгөгүй ард түмнийг тансаг хэрэглээгээ хэмнэ гэдэг арай хэтэрхий басамжилсан явдал. Ингэж та бүхэн эндүүрч дэмийрч болохгүй. Ер нь эрх баригчид, сайд дарга нар аливааг өөрсөд шигээ санах юм. Бодоход байсхийгээд л гадагшаа явж брэндийн дэлгүүр хэсч, аялж зугаалдаг авгай хүүхнүүд нь доллар ховордлоо гээд “боож үхэх” гэж байгаа. Бас Хөгжлийн банк тоносон дарга даамлуудаа хараад л тансаглаж байна гэж сүйд болоо биз. Мах гурилаа болгоод шинээр хувцас ч авч өмсөж чадахгүй, ёстой урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж, өр зээлнээс өр зэлний хооронд амьдарч, галзууртлаа өсч буй үнийн өсөлтийн өмнө сөхөрч суугаа ард түмэнд өнөөдөр долларын хэрэгцээ гэж алга. Долларын өсөхийн хэрээр монгол төгрөг цаас болж байгаа нь ядарсан олонд нэрмээс болж байгаа. Түүнээс ард түмний амьдралд долларын өсөлт ямар ч падлийгүй. Дарга нар өөрсдийнхөө жишгээр бодоод монголчууд биднийг доллар бага хэрэглэ, машин унаа болоод гаднаас доллараа авдаг бүх зүйлийг таслан зогсоо гэж загнаад байгаа нь яг жинхэнэдээ ийм учиртай.

Бид сүүлийн гурван жил төр засгийн хатуу харгис хорионд байхдаа хэмнэсээр байгаад, бүсээ чангалсаар байгаад одоо ууц нуруу нь тасрах гэж байна. Ийм байтал дахиад хэмнэ, хэмнэлтийн горимд шилж гэж цэвдэг хүйтэн үг хэлэхээр чинь яах болж байна аа. Өлсгөлөндөө тулах хэрэг үү. Их хурлын гишүүүд, эрхтэн дархтан сайдууд монголчууд биднийг ер нь өлсгөлөн гуйлгачин байлгахыг хүсээд байна уу. Х.Болорчулуун гишүүн “Та нар дэлхийн хамгийн хямд талх идэж байна. Хамгийн хямд үнэтэй гурил идэж байна. УИХ чадан ядан энэ Монголыг чинь тэжээж байна. Өнөөдөр монголчууд шиг хямд мах, 1000 гаруй төгрөгийн үнэтэй талх, гурил идэж байгаа улс орон дэлхийд хаана ч байхгүй. Үүнийг би баталгаатай хэлнэ” гээд ард түмнээ загнаж зандраад унасан. Болорчулуун бол Монголын хамгийн поп улстөрч. Сүүлийн арван хэдэн жил УИХ-д дараалан сонгогдож дархан эрхтэй сууж байгаа. Оюу толгой болоод гадны уул уурхайг ганц эсэргүүцдэг гишүүн. Тэрээр Дорнодын гурилын үйлдвэрийн босс. Ард түмэн гурилыг нь хямд үнээр авч байна, өндөр үнэтэй авах хэрэгтэй гээд горойж үхэх гэж байгаа бололтой. Яг бодит амьдрал дээр бид тийм хямдхан гурил, бас хямд талх иддэг улс орон биш. Англид өнөөдөр нэг кг гурил нэг паунтын үнэтэй байна. Монгол мөнгөөр 3800 төгрөг. Харин манайд нэг кг гурил 1800 төгрөг байна. Тэгвэл Англид эмчийн дундаж цалин 7 хоногтоо 2000 паунт, монгол мөнгөөр 7 сая 600 мянга, сардаа бодохоор 30 сая 400 мянган төгрөгийн цалинтай. Монголд нэг эмчийн цалин 800 мянга. Ийм хол зөрүүтэй байна. Эрх баригчид сардаа 30 саяыг больё гэхэд 5 сая төгрөгийн цалин өгчихөөд ард түмнээ хямд талх, гурил идэж байна гэж загнах хэрэгтэй. Монголчууд бид дэлхийд байхгүй бага цалин авдаг. Бараг л боолын хөдөлмөр эрхэлж байгаа гэхэд болно. Дэлхийд хамгийн үнэтэй талхтай гэгддэг дөрвөн орны талхны үнийг иргэдийнх нь цалингийн дундаж үнэтэй харьцуулсан судалгаа сүүлийн үед нийгмийн сүлжэгээр явж байна. Үүнд Исландад 1 талх 3.37 доллар бол цалин 3300 доллар, Норвегид талх 3.17 доллар цалин 3600 доллар, Швейцарьт талх 3.12 доллар, цалин 5.941 доллар, АНУ-д талх 2.8 доллар, цалин 5 сая 783 доллар Монголд талх 0.64 доллар цалин 542 доллар. Цалингийнхаа үнэтэй талхны үнээ харьцуулахад бид Болорчулууны хэлснээр дэлхийн хамгийн хямд гурил, талх идээд байна уу, үгүй л байхгүй юу.

Монгол ардын нам татвар нэмэхгүй гэж сүүлийн хоёр сонгууль дараалан ялалт байгуулж арваад жил засаг барьж байна. Гэвч 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авч, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, автомашины татвар гээд иргэдийнхээ халаас руу гараа шургуулж есөн төрлийн татварыг нэмсэн. Сарын 3.5 саяас дээш орлоготой иргэд 25 хувийн татвар, сүүлд шаталсан татварын тогтолцоо гэж бас иргэдийнхээ халаасыг сэгсрэхийн төлөө дарйсан. Ингээд татварын нэмэгдэлд иргэд цөөхөн хэдэн төгрөгийн цалингийн 40 хувийг татварт суулгачихаж байна. 300-500 долларын цалиндаа 40 хувийг нь татварт өгчихөж байгаа, дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалт нам зогссон, мөн сүүлийн гурван жилийн хатуу хорионд байсан ард түмэн юугаараа тансаглах болж байна вэ. Их хурлын дарга Занданшатар та одоогоос арван жилийн өмнө гадны хөрөнгө оруулалтын эсрэг хууль батлаад улс орныг хорлосон. Тэр уршгийн чинь гайгаар гадны хөрөнгө оруулалт нам зогсож, эдийн засгийн цусны эргэлт байхгүй болсон. Гэтэл та өнөөдөр хэмнэлтийн горим ярьж буй чинь арай дэндэж байгаа юм биш үү. Ардын намын түшээдийн ааш авир ингээд зогссонгүй. “Хойтон өвлөөс та нарын тог цахилгааныг тасална” гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн заналтайгаар хэлээд байгаа. Эрчим хүчний сайд, төсвийн байнгын хорооны дарга, Төрийн сангийн даргаар ажиллаж байсан, Сангийн яаманд мөн сайд байх хугацаандаа эрчим хүчний бүх л төсөл хөтөлбөрийг зогсоосон гэж яригддаг энэ хүн ингэж хэлж байгаа нь монголчуудаа тавлаж байгаа бус уу.

Ц.Даваасүрэн 2008 оноос хойш УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож Монголын парламентад 16 жил сууж байна. Гэвч тэрээр “ард түмний цахилгааныг тасалж харанхуй байлгана” хэмээн тавлаж занаад зогсохгүй “Орос, Хятад хоёр хилээ хаагаад бараа орж ирэхгүй бол Монголд иргэний дайн үүснэ” гэж Их хурлын чуулган дээр мэдэгдэж байгаа нь ямар учиртай юм бэ. Даваасүрэн гишүүн ээ, энэ юу гэсэн үг юм бэ. Таны хэлж байгаа шиг монголчууд өлсөхөөрөө бие биенээ алж идэх юм уу. “Танай хоёр улс хилээ хаачих, наад монголчууд чинь хоорондоо дайтаж сүйрнэ” гэж орос, хятадуудад хэлээд байгаа юм уу. Монгол ардын намынхан, Их хурлын гишүүд та нар битгий ингэж горьд оо. Орос, Хятад хоёр хилээ хаахад монголчууд хоорондоо дайтахгүй. Битгий сэрүүн зүүдэл. Ёстой горьдсоны чинь гарз. Өлсөж туйлдсан ард түмэн хоорондоо байлдахгүй, харин улс орныг ийм байдалтай болгож, хаа хамаагүй Европт болж байгаа дайны хөлд ард түмнээ сөхрүүлсэн эрх баригчид та нарын эсрэг босч магадгүй. Ард түмнээ ядуу хоосон байлгах гэж ингэж их тохуурхсан, дээрэлхэж дарласан, баян цатгаланаа гайхуулсан, онгирч сагсуурсан та нөхдийн өөдөөс олон түмэн босч мэднэ. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв гээд ард түмний тэвчээр барагдах цаг ирнэ. “Ард түмэн идэх талхгүй байна” гэхэд тэдэнд тоорт өгвөл яасан юм гэж хэлээд хувьсгал гарч дүүжлүүлсэн Францын хатан хаан Мариа Антаунетта шиг эрх баригчид ингэж галзуурахаа одоо боль. Монголын төрийг удирдаж байгаа нөхдийн дайны сургаар юу ч хийж чадахгүй дүлэгнэсэн царайг хараад дэлхийн улс орнууд биднийг дэмжихээ больж байна.

Дэлхийд ганцхан Орос гэдэг улс орон байдаг юм шиг манай эрх баригчид орос дарга нараас айгаад юу ч хийж чадахгүй гөлөгнөцгөөж байна. Оросын эрх барьж байгаа Путины “Нэгдсэн орос нам”-аас Монгол ардын намынхан маш их доллар авсан тухай, 2000 оноос хойш Монголын улс төрд явсан бүх удирдагчид нэгдсэн орос нам, Путинээс ихээхэн хэмжээний доллар авсан гэх яриа гадаад дотоодгүй дуулдах боллоо. Европт болж байгаа дайны хөл манайд ингэж айхтар нөлөөлж Монголын эрх баригчид орос дарга нараас ухаан алдацгааж байна. Тиймдээ ч “Дэлхий дахины байдал хурцадмал байдалтай байна. Дэлхий даяар болж байгаа үйл явдлын Монголд туссан сүүдрийг бид бодитойгоор ойлгох хэрэгтэй” гэж Г.Занданшатар хэлж байна. Тэнд болж байгаа дайн монголчууд бидэнд юуны хамаатай юм бэ. Монгол Улс кремлийн гинжнээс салаад, ардчилсан тусгаар улс болоод 30 хэдэн жил болж байна. 1945 оны дайны үед Монголд юм ховордсон өнөөдрийнх шиг байдал үүсч байсан гэдэг. Яг түүн шиг Монголын удирдагчид толгой дараалан хулчганалдацгааж “дайн” гэж ч хэлж чадахгүй сэтгэл санааны хувьд бүгд 1945 оных шиг болчихоод байна.

Ард түмнийг зоригтойгоор түүчээлээд залаад явах удирдагчид харагдахгүй байна. Бүгд геополитикийн зөрчил боллоо, түүний сүүдэр туслаа, тансаг хэрэглээгээ боль, хоёр хөрш маань хилээ хаавал бид хоорондоо дайтна, бид хамгийн үнэтэй гурил, талх идэж байна, дахиад бүсээ чангал гэж ядарсан олон руугаа дайрцгааж байна. Улс орныг хэзээ ингэж удирдаж байсан юм бэ. Ийм удирдагчид гэж байдаг уу. Ардын намын дарга нар, төрийн түшээд та нөхдүүд орос дарга нараа бодоод ард түмнийхээ амьдралыг ингэж хөсөр хаяж, золионд гаргаж байгаа нь ямар учиртай юм бэ. Ард түмнийг тансаглалаа гэж доромжлон тохуурхчихаад өөрсдөө болохоор Хөгжлийн банкны зээлээс аваад улс орноо тонож хувааж идэж байгааг чинь юу гэх вэ. Ингэж улс орныг удирдахгүй ээ. Энэ бүхнээс харахад төрийн толгойд байгаа нөхдүүд энэ хэцүү бэрх тахал, дайн дажины үед улс орныг удирдах ямар ч чадваргүй болсон байна.

Categories
мэдээ цаг-үе

ДЭМБ: Дэлхийн бүх хүн хортой агаараар амьсгалж байна DNN.mn

зураг

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) агаарын чанарын шалгуур үзүүлэлтээ чангатгаснаас хойш зургаан сар орчмын дараа шинэ тоо баримтууд багтаасан судалгааны тайлангаа өчигдөр танилцуулжээ.

Уг тайланд өгүүлснээр манай гарагийн хүн амын 99 хувь стандартын шаардлагад нийцэхгүй агаараар амьсгалж байгааг тогтоосон байна.

Хамгийн муу агаарын чанартай бүс нутгийг Газрын дундад тэнгисийн зүүн эргийн орнууд тэргүүлж, Зүүн Өмнөд Ази, Африкийн орнууд удаалжээ.

“Хэдийгээр хүн төрөлхтөн цар тахлыг даван туулсан ч агаарын бохирдлын улмаас жил бүр урьдчилан сэргийлэх боломжтой 7 сая орчим нас баралт, тоо томшгүй олон өвчлөлтэй хэвээр байгаа нь хүлээн зөвшөөрөх боломжгүй баримт юм” гэж ДЭМБ-ын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын тэргүүн, доктор Мария Нейра мэдэгдсэн байна.

2018 онд хамгийн сүүлд шинэчлэгдэж байсан тайланд энэ удаа уламжлалт PM2.5, PM10 тоосонцрын хэмжилтүүдээс гадна агаар дахь азотын давхар ислийн хэмжилтийг анх удаа нэмж оруулсан юм.

Азотын давхар исэл нь төрөл бүрийн түлш шатаасны үр дүнд агаарт дэгддэг бөгөөд хот суурин газруудад хамгийн түгээмэл бүртгэгддэг. Уг бодис хүний биед нэвтэрснээр амьсгалын замын төрөл бүрийн өвчнийг хүндрүүлдэг байна.

ДЭМБ агаарын чанарыг сайжруулахын тулд шатаадаг түлшнээс аль болох түргэн салж, цэвэр эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг улс орнуудын эрх баригчдад уриалжээ.

Categories
мэдээ нийгэм

Жо Байден: Путиныг дайны гэмт хэргээр шүүх ёстой DNN.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг дахин дайны гэмт хэрэгтэн гэж нэрлэжээ. Тэрээр “Оросын цэргүүд Украины Киев мужийн Буча хотод энгийн иргэдийг олноор нь хөнөөснийх нь төлөө Путиныг шүүхэд дуудах ёстой” гэв.

Түүнчлэн шүүхэд дуудахын тулд болсон үйл явдлын талаарх дэлгэрэнгүй материал цуглуулах хэрэгтэй гэж хэлсэн байна. Мөн “Украины энгийн иргэдтэй ОХУ-ын цэргүүд харгис хэрцгий хандсаных нь төлөө Оросын эсрэг дахин шинэ хориг арга хэмжээ авах хэрэгтэй” гэжээ.

Евро комиссын дарга Урсула фон дер Ляйен Европын холбооноос Украин руу төлөөлөгчдөө илгээж, дайны гэмт хэргийг баримтжуулахад бэлэн байна гэжээ. Мөн АНУ ч туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Орос дайны гэмт хэрэг, геноцид үйлдсэн гэж үзэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Ковидын дараахь нөхөн сэргээх эмчилгээ хийлгэснээр дахин тусах магадлал буурдаг гэв DNN.mn

Ковидын дараахь шинж тэмдэг хүмүүст хэрхэн илэрч, яаж эмчлүүлж байгааг сурвалжлахаар БЗД-ийн арваннэгдүгээр хороонд байрлах Алт Болд төвийг зорилоо. Энэ төв нь амралт, сувилахуйн чиглэлээр 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Дан сувиллаар 2019 оноос иргэдэд үйлчилжээ. Нярай хүүхдээс авахуулаад бүх насныхныг сувилдаг 20 гаруй ажилтантай “Алт Болд” мэдрэлийн эмнэлгийн харьяа сувилал юм. Мэдрэлийн эмнэлэг нь анх 1992 онд үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй ажээ.

Улаанбаатар хотоос Налайх дүүрэг орох замд буюу Хонхорт тус төв байрладаг. Ингээд тус төвд очиход үүдэндээ код бүхий хаалгатай харуул хамгаалалт нь чанга юм. Түргэвчилсэн тестээр ковидын шинжилгээ авч, сөрөг гарсан болохоор дотогш нэвтрүүлэв. Хашаан дотор нь ороход үйлчлүүлэгчдийн тав тухыг хангасан тохижилтыг маш сайн хийжээ. Шинжилгээ авч оруулсан хүн өөрийгөө байгууллагын сувилагч хэмээн танилцуулаад зам зааж урд алхав. Дагаад алхахдаа орчин тойрныг шинжлээ. Лав л хэд хэдэн адилхан өнгөтэй байшин, усан оргилуур бололтой чулуугаар өрсөн хөшөө, динозаврын баримлууд, дээгүүрээ төмөр дээвэр барьж шилээр бүрхсэн монгол гэр, хайс хатгаж адилхан хэмжээтэй зайтаагаар тарьсан моднууд, хүүхдийн тоглоомын талбай гээд маш олон зүйл харагдаж байв. Ингээд тус төвийн өвлийн байр болох гурван давхар ногоон барилга руу орлоо. Дотроо маш цэвэрхэн, үүдээр нь дүүрэн цэцэг, ургамал тарьж байрлуулсан нь нүдэнд шууд тусав. Ариутгал хийлгээд дээш гуравдугаар давхрын менежерийн өрөөнд замчлуулан орлоо. Сувилахуйн албаны менежер, сувилагч О.Мишээл өөрийгөө танилцуулаад эмчилгээний өрөөнүүдээрээ дагуулж явав. Уламжлалт нөхөн сэргээх бариа засал, сүүн бариа, ванны эмчилгээнүүд, асаргаа сувилгааны өрөөнүүд, давсан эмчилгээний өрөө, хануур төөнүүр, зүүн эмчилгээний өрөөнүүдээ, мөн физик эмчилгээний 8-9 төрлийн аппаратуудаа бүгдийг нь нэгд нэгэнгүй тайлбарлаж өгөв. Эдгээр аппаратууд нь бүгд орчин үеийн шинэлэг, Солонгос улсаас оруулж ирсэн технологи ажээ. Эмчилгээ сувилгааны өрөө, аппарат нь бүгд үйлчлүүлэгчидтэй, зарим нь ээлжээ хүлээн сууж байлаа. Сувилагч О.Мишээл ярихдаа “Манайх ковидын дараахь нөхөн сэргээх эмчилгээг 2021 оны гуравдугаар сараас эхлэн хийж байгаа. Үе мөч, астам, бөөр нуруу, түрүү булчирхай, уушгинд өөрчлөлт орсон, бодисын солилцоо сайжруулахад чиглэгдсэн тус тусын үүрэгтэй аппаратуудтай. Эдгээр аппаратуудад үйлчлүүлэгч ороод бариа засал эмчилгээ, сүүн бариа, ванн эмчилгээнүүдтэй хавсраад ирэхээр ковидын дараахь зовиуртай эмзэгшилтэй хүмүүст үр дүнтэй байгаа.

Ковидын шинж тэмдэг мэдрэл талдаа их илрээд байгаа. Мэдрэлийн эмч нар маань Монгол Улсын зөвлөх доктор, дэд профессор Д.Өлзийбаяр, Мэдрэлийн Их эмч Б.Номиндалай нар бий. Хоёр эмчид үзүүлээд оношоо тогтоолгоод нааш ирдэг” гэв.
Ковидын дараа хүмүүст илэрч байгаа шинж тэмдгүүд нь толгой өвдөх, бачимдах, зүрх дэлсэх, даралт ихсэх, нойргүйдэх нь зөвхөн ахмад настай гэлтгүй ковид туссан хүн бүрд насны хувьд харилцан адилгүй илэрч байгаа аж. Мөн дээр нь үе мөч янгинах, хөдөлмөрийн чадвар 60-70 хувь хүртлээ буурах, ядарч сульдах, ажлын ачааллаа дийлэхгүй болох, мартах, цус өтгөрөх шинж тэмдэг маш их байна. Ковид ихэвчлэн хүмүүсийн бөөрийг гэмтээж, бөөрнөөс шалтгаалсан даралт ихсэлт залуу хүмүүст их байгаа гэнэ.Давсан эмчилгээний өрөө амьсгалын замыг цэвэрлэх бөгөөд астамтай, архаг нойргүйдэлтэй, даралт ихтэй хүмүүс хөл нүцгэн гишгэж явах нь сайн гэнэ. Долгионы хордлого гэж яригддаг wifi, утасны туяаны хорыг гадагшлуулах үүрэгтэй. Эсрэг заалт гэж байхгүй, бүх хүн орж болдгоороо давуу талтай юм байна.

No description available.

Бариа заслын эмчилгээ хийлгэж байсан үйлчлүүлэгч Д.Наранцэцэгтэй ярилцлаа.
-Та энэ сувилалд хэзээ хэвтэв. Анх ямар шинж тэмдэгтэй ирсэн бэ?
-Хэвтээд арваад хонож байна. Өнөөдөр сүүлийн эмчилгээгээ хийлгээд маргааш гарна. Ковид туссанаас хойш ер эдгэрэхгүй байнга ханиалгах, цээж маш их цэртэй, шөнө унтаж чадахгүй ханиалгана. Түүнээсээ болоод нойргүйдэлд орсон гэсэн шинж тэмдэгтэй ирсэн.
-Хэзээ ковид туссан юм бэ. Ямар эмчилгээ хийлгээд эдгээгүй вэ?
-2021 оны долдугаар сард ковид туссан. Ажил ихтэй болохоор тогтвортой сайн эмчилгээ хийлгэж чадахгүй явсаар урхагшаад байнгын ханиалгах болсон. Тэгээд бүр тэсэхээ байгаад үзүүлээд яаралтай сэргээн засах эмчилгээ хийлгэх заалттайгаар наашаа ирсэн.
-Энд ирээд ямар эмчилгээ хийлгэж байна. Одоо бие нь хэр сайжрав?
-Физик эмчилгээнүүд, бариа засал, хулсан ванны эмчилгээ гээд өдөрт 8-10 эмчилгээ хийлгэж байгаа. Эхний 5-6 өдөр эмчилгээндээ юм уу, архаг хууч нь арилж байгаа нь тэр юм уу маш их ядарсан. Таарсан газраа л унтаад баймаар, нойроо дийлэхээ больсон. Одоо илрээд байсан бүх шинж тэмдгүүд арилж цээж онгойгоод сайхан болсон. Байнгын толгой өвдөж, дотор бачуурч, зүрх дэлсээд ханиаж байсан нь алга боллоо.
-Таныг гэр бүлээрээ хэвтсэн гэж дууллаа. Хүүхэд тань хэдэн настай вэ, ямар эмчилгээнүүд хийж байна вэ?
-Манай хүү 13 настай. Бас цуг ковид тусаад эдгэсэн. Тэгсэн ч хичээлдээ явах дургүй. Шөнө унтахгүй, өглөө босохгүй ядарч байна гэнэ. Толгой өвдлөө, юмаа мартлаа гэж байнга ярих болсон. Энд ирээд ванны эмчилгээнүүд, сүүн бариа, ясны шөлөн бариа, давсан эмчилгээ хийлгээд сайн унтдаг болсон. Нүд нь анивчхаа болиод байна. Ер нь эмчилгээний үр дүн маш сайн байгаа. Дээрээс нь хоол унд маш сайтай, өдрийн зургаан хоолтой, хоолоо барахгүй. Заримдаа хоолоо барахгүй үлдээхээр тогооч нь гүйж ирээд танд манай хоол таалагдаагүй юү. Юу нь болохгүй болохоор үлдээв. Юугаа бид засч сайжруулах вэ гэж асууна. Үгүй ээ, таалагдаагүйдээ биш барахгүй цатгалан байсан юм аа л гэнэ. Эмч ажилчдын харилцаа хандлага маш сайтай. Манай гэр бүлийн таван хүн цуг эмчлүүлээд, ковидын дараахь бүх шинж тэмдгүүд арилаад үнэхээр сэтгэл өөдрөг сайхан болоод байна хэмээв.

No description available.

Энд сувилуулахаар ирсэн хүмүүс мэдрэлийн эмнэлгээр нь дамжуулж ирдэг болохоор шаардлагатай бүх шинжилгээнүүдийг эмнэлэгт нь авчихдаг. Тэгээд шинжилгээнийхээ хариуг бариад ирдэг аж. Харин хөнгөн заалттай үйлчлүүлэгчдээ шууд хүлээн авдаг юм байна. Биедээ ямар нэгэн төмөр суулгацтай, даралт хэт өндөртэй, зүрхний хэм алдалттай, ямар нэгэн мэдрэлийн уналттай хүмүүст физик эмчилгээ хориотой байдаг гэнэ. Эдгээр өвчтөнүүдэд түлхүү асаргаа сувилахуйн эмчилгээ буюу хөлийн усан массаж, хөлийн асаргаа, нүүрний иллэг, бүтэн биеийн зөөлөн иллэг, халуун биш эмчилгээнүүд, зарим тохиолдолд зөвшөөрвөл сүүн бариа хийхэд биеэс хорыг сайн гадагшлуудаг гэнэ. Нэгэнт ковид туссан, ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа бол хамгийн гол эмчилгээ нь давсан болон хүчилтөрөгчийн эмчилгээ гэнэ. Том хүмүүс ковид туссаны дараа ямар нэгэн шинж тэмдэг мэдрээд эхэлдэг бол хүүхдүүд мэддэггүй. Рефлексээрээ тоглоод яваад байдаг ч аажимдаа нүд нь анивчих, тархи толгойгоо сэжлэх, хэт их ачааллаад ирэхээр цонхийх,нүд тойроод хөхрөх зэрэг мэдрэлийн шинж тэмдгээр илэрнэ. Үүнийг нь эцэг эхчүүд сайн анхаарч ажиглах ёстой. Мөн ковидын сендром 3,4,5,6 сар үргэлжилж байгаа хүмүүс их байна гэв.
Алт Болд төвийн уламжлалт анагаах ухааны хүний их эмч Э.Хатансүрэнтэй ярилцлаа.
-Ковидын дараахь нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхээр ирж байгаа хүмүүс ихэвчлэн ямар шинж тэмдэгтэйгээр ирж байна вэ?
-Ковид тусаад эдгэсэн хүмүүс амьсгалын замын буюу уушгины асуудалтай хүмүүс ирдэг. Уушгиндаа сүүдэртэй, ханиалгана, ядрах сульдах, дархлаа унасан хүмүүс их ирнэ. Ковид өөрөө дархлааны системийг гэмтээдэг, цус өтгөрөлттэй, тамир тэнхээ сульдсан, маш их хөлөрнө. Хэдэн сараар хөлөрч байна, хөлрөлт зогсохгүй байна гэсэн хүмүүс их ирдэг. Эхлээд халуун эмчилгээнүүдэд орж хөлөргөсний дараа бариа заслын эмчилгээнүүд буюу хөлсний сүүлийг таслах эмчилгээнүүд хийдэг.
-Арав хоног нь нэг курс болдог гэж байна. Курс эмчилгээ хийлгэсний дараа хүмүүс хэр сэргэдэг вэ?
-Ерөнхийдөө ковид тусаад эдгэсэн хүмүүсийн царайны төрх нь өөрчлөгдсөн байдаг. Ядарсан, нүдний гал цог буурсан харагддаг. Арав хоногт манайх бүтэн биеийн бариа засал 4-5 удаа, ванны эмчилгээнд гурав, сүүн барианд гурван удаа, дундуур нь асаргаа сувилгаа, физик эмчилгээ,чулуугаар эмчлэх, нурууны татлага буюу массажны ор, хөлийн цахилгаан зүү, давсан эмчилгээ хийдэг. Давсаар хүний биеийн хүчилтөрөгчийн хэмжээг нөхөж өгнө. Амьсгалын замыг сайжруулдаг. Ковид амьсгалын замыг гэмтээдэг учраас амьсгалын замыг цэвэрлэх, агаарыг цэвэршүүлж, хүчилтөрөгчийг нөхөж өгөх зориулалттай. Түүний хажуугаар нүүрний эмчилгээ, толгойн усан бариа, хөлийн цэгэн бариа хийдэг. Тэгэхээр арав хоногийн дараа хүний арьсны өнгө өөрчлөгдөнө. Хөлс гоожихоо болино. Булчин шөрмөсний үйл ажиллагаа доголдож, цусны эргэлт багасдаг учраас бариа заслаар бүх эд эсийг нөхөн сэргээх зориулалттай. Арав хоногийн дараа өвдөлт намдсан, булчингийн чангарал суларсан, арьсны өнгө сайжирсан ажиглагддаг. Гол нь сэтгэл санаа өөдрөг болдог. Хүмүүс ковид туссан гээд маш их стресс бухимдалтай ирдэг. Сэтгэл санаа талаас нь ярилцах, зөвлөгөө өгч, эмчилгээнүүдээ тайлбарладаг.
-Ковидын дараахь нөхөн сэргээх эмчилгээг та хэр удаан хийж байна. Энэ хугацаанд нөхөн сэргээд гарсан хүмүүс эргээд туссан тохиолдол гарсан уу?
-Тийм тохиолдол гараагүй. Ковидын дараахь нөхөн сэргээлтээрээ л ирж байгаа. Ковид тусаад нэг сар, 4,5,6 сар болж байна. Эдгэчихээд байхад дархлаа тамир тэнхээ сэргэсэнгүй, цус өтгөн хэвээрээ байна гэх хүмүүс их ирдэг. Манай мэдрэлийн эмнэлэгт үзүүлээд, тариа дусалтайгаа ирвэл мэргэжлийн эмч сувилагч нар тариа дуслыг нь хийгээд өгнө. Тэгэхээр цусны эргэлт ямар байна, цусны өнгө ямар байна гэдгээс нь шалтгаалаад мэдрэлийн эмчилгээгээ давхар хийхээр цусны эргэлт сайжирч, цусны өнгө ч өөрчлөгддөг. 2021 оны гуравдугаар сараас эхлэн манайх ковидын дараах эмчилгээ сувилгааг үзүүлж байна.
-Ковидын дараахь нөхөн сэргээх эмчилгээг нэг хийлгээд болчих уу, байнгын давтамжтай хийлгэх үү?
-Ковидын дараахь нөхөн сэргээх эмчилгээг хийхэд манайх эдгэсний дараа долоо хоног болоход хүлээж авдаг. Тухайлбал, эдгэсний дараа халдварлах чадваргүй болсон үед нь манайх авч эмчилнэ. Хүмүүсийнхээ насны онцолгоос хамаараад дараагийн ирэлтийг нь тодорхойлно. Залуу хүмүүс өөрийнхөө ядаргаа сульдааг тайлуулах, цусны эргэлтээ сайжруулах зорилгоор зургаан сардаа нэг удаа ирэх боломжтой. Ахмад хүмүүс гурван сардаа нэг удаа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж болно.
-Нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсний дараа дахин ковид тусах магадлал буурах уу?
-Буурна. Эмчилгээ хийлгэж гараад биеийн байдал сайжирч байгаа учраас ажлын ачааллаасаа шалтгаалаад дахиад өвчлөх магадлалтай. Ажлын ачаалал их хамаардаг. Давтамжтай өвчилж байгаа хүмүүс сэргээн засах эмчилгээ хийлгэж чадаагүйгээс хамаарч байна гэсэн үг.
Эмчийн өрөөнөөс гараад үйлчлүүлэгчдийн амралтын өрөөг сонирхлоо. Нярай хүүхэдтэйгээ эмчлүүлж байгаа Г.Баасанжаргалтай ярилцлаа.
-Та хэзээ ковид туссан бэ. Эдгэрсэн ч ямар нэгэн зовиур илэрч байсан уу?
-Хоёрдугаар сарын эхээр надад ковидын шинж тэмдэг илрээд шинжилгээ өгтөл эерэг гарсан. Би төрөөд сар болоогүй нялх хүүхэдтэй болохоор гэрээр эмчлүүлсэн юм. Өрхийн эмнэлгээсээ багцаа аваад хүүхэд халдвар аваагүй болохоор өөрийгөө тусгаарласан. Тав хоног болоод вирус нь халдварлах чадваргүй болчихдог гээд хүүхэдтэйгээ хамт байлаа. Гэтэл ерөөсөө л эдгээгүй юм шиг болж өгөхгүй байсан.
-Ямар шинж тэмдэг илэрч байв?
-Би нэг их халуураагүй. Гэхдээ нус байнгын гоожиж, ханиалгатай. Байнгын толгой болон хоолой өвддөг. Орой болохоор хоолой боочих гээд байгаа юм шиг эвгүй оргино. Тэгээд арав хоногийн дараа дахин өрхийн эмнэлэгтээ цээжээ чагнуултал дүүрэгт хэвтэх бичиг хийгээд өгье, хэвт гэсэн. Тэр бичгийг нь аваад хэвтэхээр очтол ор байхгүй хэвтүүлэх боломжгүй гэсэн. Тэгээд гэрээр эмчилгээ бичиж өгсөн. Уушгиа харуулъя гэтэл нялх хөхүүл хүүхэдтэй гээд рентгенээр цээж хардаггүй юм билээ. Цагийн тариа бичиж өгснийг нь өрхийн эмнэлгээрээ хийлгээд бас л шинж тэмдгүүд арилахгүй хэвээрээ байсан. Дахин өрхийн эмнэлэгтээ очтол та хэвтэхгүй л бол болохгүй нь гээд хэвтэх эмнэлэг хайсаар байгаад энэ сувиллыг коронагийн дараах эмчилгээ хийж байгаа гэхээр нь ирсэн юм.
-Одоо та ямар эмчилгээ хийлгэж байна вэ?
-Бариа засал, ванны эмчилгээнүүд, физик эмчилгээнүүд, давсан өрөө, сүүн бариа, толгойн усан бариа, хөлийн массаж гээд маш олон эмчилгээ хийлгэж байгаа. Хажуугаар нь миний уушги сүүдэртэй хатгаатай ирсэн. Давхар тариа, дуслын эмчилгээнүүдээ хийлгэнэ. Манай жирэмсэн эгч бас надтай цуг корона тусаад эдгэхгүй байсан. Энд цуг хэвтэж байгаа, одоо эмчилгээндээ орчихсон байна.
-Жирэмсэн эгчид тань ямар эмчилгээ түлхүү хийж байна вэ?
-Жирэмсний бариа, сувилахуйн эмчилгээнүүд, давсан эмчилгээ, хүчил төрөгчийн аппаратуудад орох зэрэг эмчилгээ хийж байгаа.
-Хүүхдэд тань ямар эмчилгээ хийж байна вэ?
-Сүүн бариа, ясны шөл, хар цайнд оруулах, ванны эмчилгээнүүд ихэвчлэн хийдэг юм байна лээ. Би төрөөд сар болоогүй ковид тусчихсан. Анхны төрөлт гээд маш их сэтгэл санааны хямралтай. Эмч нар маань ойлгож ярилцаж, сэтгэл зүйг хүртэл эмчилж өгч байна. Нөгөөдөр миний эмчилгээ дуусаад гарна. Сэтгэл санаа хүртэл тайван сайхан болоод байгаа.
-Танд одоо ямар нэгэн зовуурь байгаа юу?
-Одоо бүх шинж тэмдгүүд арилсан. Сэтгэл санаа ч өөдрөг, хүүхдээ асрахад стрессгүй боллоо. Төрсний дараахь хямралаа ч даван тууллаа. Үйлчилгээ маш сайтай газар юм. Өдөрт бараг 8-10 эмчилгээ хийдэг. Заримдаа өнжье гэхээр эмч нар болохгүй, эмчилгээ тасалбал үр дүнгүй гээд өөрсдөө ирж гуйна. Эмч, ажилчдын харилцаа хандлага сайн. Дээрээс нь хоол унд сайн, чанартай юм байна гэв.
Үйлчлүүлэгчдийн өрөөнөөс гараад гадна орчныг сонирхов. Хашаандаа жил бүр тохижилт хийдэг. Бичил ой байгуулахаар байгуулагдсан цагаасаа эхлээд мод тарьж эхэлжээ. Зуны зочдын байр, зочид хүлээн авах гэр, сагсны талбай, хүүхдийн тоглоомын талбай, бичил усан оргилуур гээд байхгүй юм алга. Өөрсдийн жижиг хүлэмжтэй. Тэндээ ногоо тарьж үйлчлүүлэгчдийн хоолны хэрэглээг намар, өвөлдөө өөрсдөө хангачихдаг юм байна. Үнэ ханшийн хувьд ахмадын хөнгөлөлттэй эрхийн бичгээр үйлчлүүлэхээр бол 100 мянган төгрөг үйлчлүүлэгчээс гарна. Халамжийн төвөөс 200 мянган төгрөг тухайн сувилалд өгч, хоногийн 30 мянган төгрөгөөр амардаг. Үүнд өдрийн таван хоол цайтай. Зөөлөн хэсгийн бариа хийлгэж, физик эмчилгээний аппаратуудад орно. Харин ковидын дараахь шинж тэмдгийн эмчилгээ сувилгаа талдаа ахмадуудад өдрийн 100 мянга, залуучуудад хоногийн 120 мянга, хүүхдүүд хоногийн 33-43 мянга, нярай болон нялх хүүхэд үнэгүй эмчлүүлдэг юм байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “НАМИЛЗАХ-ын залуучууд Найрамдалд найрлаж, НАМИЛЗАХ-гүй залуучууд Солонгост хар ажил хийхээр алалцаж байна” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин “Нефтийн үйлдвэрийн
иргэний зориулалттай байгууламжууд
энэ онд ашиглалтад орно гэв.

УИХ-ын гишүүн Т.Доржханд “Хөгжлийн банкны
асуудал бол санаатайгаар үйлдсэн
эдийн засгийн томоохон гэмт
хэрэг” гэснийг I-ХI нүүрээс үргэлжлүүлж уншаарай

“Сандалтай
суулт” жагсаалд нэгдэж буй
иргэн Г.Дамбадаржаа “Ард иргэдээ
хэмнэ гэж загнаж байхаар
өөрсдийн унадаг том том
жийпнүүдээ багасга” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “НАМИЛЗАХ-ын залуучууд Найрамдалд найрлаж, НАМИЛЗАХ-гүй залуучууд Солонгост хар ажил хийхээр алалцаж байна” хэмээн өгүүллээ.

Хууль
зүй, дотоод хэргийн
сайд Х.Нямбаатар “Төрөөс олгодог
900 гаруй зөвшөөрлийг 300-гаас
дотогш оруулна” гэв.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Баянлиг сумын ИТХ-ын дарга С.Амарсанаа “Эндээс 10 тонн бүү хэл 10 кг
цагаан будаа хурааж аваагүй. Газар
сэндийчиж хаяад л явсан” гэлээ.

Мал зүйч, эдийн
засагч Ч.Ээнзэндагва “Манай улсын ноолуур боловсруулах
300-гаад үйлдвэрээс 10 хүрэхгүй нь иж бүрэн техниктэй хэмээв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн өндөрт байрладаг ресторан DNN.mn

Дэлхийн хамгийн өндөрт байрладаг ресторан

Хятадын Шанхай хот дахь “Heavenly Jin” ресторан хамгийн өндөрт байрладаг ресторанаар шалгарч, “Гиннесийн ном”-д бичигджээ. Тус ресторан 556.36 метр өндөрт байрладаг.

Хятадын хамгийн өндөр барилга болох “Shanghai Tower”-ын 120 давхарт байрлах “Heavenly Jin” нь аялал жуулчлал, зочлох үйлчилгээний тэргүүлэгч “Жин Жиан Интернэйшнл” компанийн дээд зэрэглэлийн зочид буудлын брэнд болох “J Hotel”-ийн нэг хэсэг юм. “Shanghai Tower” нь дэлхийд өндрөөрөө хоёрт ордог.

Энэ оны хоёрдугаар сард болсон ёслолын арга хэмжээний үеэр Гиннесийн амжилтын гэрчилгээг нь олгосон байна. Түүнчлэн Гиннесийн дээд амжилтын шүүгч Мэгги Луо үр дүнг нь баталгаажуулжээ.

Шанхайн үзэмжийг тольдсон энэхүү ресторан Европ, Япон, Хятад хоолоор үйлчилдэг. “J Hotel Shanghai Tower”-ын ерөнхий менежер Женни Жанг “Бид дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочдоо үүлнээс дээгүүр гарах өндөр түвшний үйлчилгээгээр угтаж авдаг” гэжээ.

Дэлхийн хамгийн өндөр рестораны өмнөх амжилтыг Дубайн Бүрж Халифа дахь “AT.MOSPHERE” ресторан эзэмшиж байв. Энэ нь 2011 онд баригдсан бөгөөд 441.30 метрийн өндөрт байрладаг.

120f-heavenly-jin-restaurant-dining-area-dinner
6215f063a310cdd3d82fb934