-Хүүхдийн антибиотикууд тасарч, эмийн сангууд захиалсан эмээ зургаан сарын дараа хүлээн авч байна-
Хил гаалийн хязгаарлалттай үед өндөг, алим, архи, тамхины импорт өмнөх жилүүдээсээ ч нэмэгджээ
Гаалийн ерөнхий газраас мэдээлж байгаагаар Замын-Үүд боомтод чингэлэг тээвэр нэвтэрч эхэлсэн нэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл 4160 чингэлэг ачаа барааг Монгол Улсын хилээр нэвтрүүлээд байгаа аж. Эдгээр чингэлэгтэй ачааны бараа бүтээгдэхүүнийг эрэмбэлбэл хүнсний бүтээгдэхүүн дийлэнх хувийг эзэлжээ. Хүнсний бараа бүтээгдэхүүний араас химийн бодис, хуванцар эдлэлийн импорт орж байна.
Алтанбулаг боомтын хувьд ч ялгаагүй. Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын дарга Б.Өнөболдын тайлбарласнаар тус боомтоор нэвтрүүлж байгаа бараа бүтээгдэхүүний 30-40 хувийг хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна. Тэр дундаа гахай тахианы мах, жимс жимсгэнэ дийлэнх байгаа аж. Харин барилгын материал, тоног төхөөрөмж нийт импортын 30 орчим хувийг эзэлдэг юм байна. Алтанбулагийн боомтоор өдөрт 40-50 том тээврийн хэрэгсэл гаалийн бүрдүүлэлт хийн нэвтэрдэг бөгөөд дараалал үүссэн, хил гаалийн гацалт байхгүй гэдгийг Б.Өнөболд дарга онцолж байв. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хоёр дахь том боомт болох Алтанбулагийн боомтоор импортолж байгаа бараа бүтээгдэхүүний дийлэнх хувийг гахай, тахианы мах, жимс жимсгэнэ эзэлж байна.
Хил гаалийн хязгаарлалттай энэ үед хамгийн их эрэлттэй байгаа эдгээр бараа бүтээгдэхүүний импорт өмнөх онуудаас ч өсчээ. Үндэсний стастистикийн хорооны бяцхан тоон мэдээллийг сийрүүлье.
Өндөгний импорт: 2020 /03 сар/ онд 31,784.4 мянган ширхэг, 2021 /03/ онд 38,754 мянган ширхэг, 2022 /03 сар/ онд 47,553.6 мянган ширхэг болж нэмэгджээ. Алимных 2020 /03 сар/ онд 859.55 тн, 2021 /03/ онд 2,792.31 тн, 2022 /03 сар/ онд 6,451.62 болж нэмэгдэв. Архи, согтууруулах ундаа гэхэд 2020 /03 сар/ онд 344.61 мянган литр, 2021 /03/ онд 2,581.2 мянган литр, 2022 /03 сар/ онд 3,831.41 мянган литр болж өслөө. Янжуур тамхины стастистикийг ч сонирхуулахад илүүдэхгүй аж. 2020 /03 сар/ онд 597.86 сая ширхэг, 2021 /03/ онд 767.53 сая ширхэг, 2022 /03 сар/ онд 877.51 сая ширхэг болж нэмэгдүүлж Монгол Улсад импортоор оруулж иржээ.
Импорт өссөн нь сайн хэрэг. Харин хил гаалийн хязгаарлалттай, долларын хомсдолтой, эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед импортын бараа бүтээгдэхүүн “бай”-гаа онож байна уу. Импортоос бүрэн хараат Монгол Улсад өнөөдөр нэн шаардлагатай юу хэрэгтэй билээ?
Мэс заслын багаж хэрэгслүүд, түүнд шаардагдах эм тариа тасраагүй эмнэлэг нэг ч алга
Манай нийт эм, эмнэлгийн хэрэгслийн 10 орчим хувь буюу давхардсан тоогоор 1600 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын 43 эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрээс гардаг бол үлдсэн 90 орчим хувийг импортоор авдаг. Импортын дийлэнх хувийг БНХАУ-ын Эрээн боомтоор татдаг. Тус улсад ковидын халдвар дэгдэхтэй зэрэгцэн хил гааль хаагдсанаар эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдол өнөөг хүртэл үргэлжилж байна.
Саяхан даа, цус сийвэн маш их үнэд орж, Эрүүл мэндийн сайдын тушаал гаргахад хүрсэн тухай албаны хүмүүс цахимд мэдээлэл оруулаад нэлээд шүүмжлэлд өртөөд устгана лээ. Эрүүл мэнд, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа иргэдэд шаардлагатай эм тариа, цус цусан бүтээгдэхүүн нь хомсдож үнэд орж, зарим нь зах зээл дээр тасарчихаад байгаа учраас бухимдахаас аргагүй. Өмнө нь нэг нэгж цусыг 18-20 мянган төгрөгөөр авдаг байсан бол одоо 110 мянган төгрөгт хүрч, захиалгаар бэлтгэдэг цус цусан бүтээгдэхүүн 450 мянган төгрөг болж тэнгэрт хадсан мэдээ байгаа.
Түүнээс гадна хүүхдэд хэрэглэгддэг зарим нэрийн нянгийн эсрэг эмүүд болох “Флемоклав солютаб”, “Амоксиклав” зэрэг эмүүд хэдийнэ тасарсан. Мэс заслын багаж хэрэгслүүд, түүнд шаардагдах эм тариа тасраагүй эмнэлэг нэг ч алга. Фэйсбүүкийн эмийн санчдын худалдааны групп дээр эм тариа яаралтай хайсан хэдэн зуун мэдээлэл хөвөрсөөр байна. Эмийн сангууд гэхэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард буюу зургаан сарын өмнө захиалсан эм, тариагаа өнөөдөр л гар дээрээ хүлээн авч байгааг учирлаж байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эм хангамжийн газрын дарга Г.Цэцэнсанаагийн ярьж буйгаар 2021 оны аравдугаар сараас өмнөд хил хаагдсанаас хойш эм, эмнэлгийн хэрэгслийн ачаа боомт дээр их хэмжээгээр саатаж, ханган нийлүүлэх байгууллагууд эм, эмнэлгийн хэрэгслийг импортоор татан авахад хоёроос доошгүй сарын хугацаа шаардагдаж байна гэж байгаа юм. Мөн Орос, Украины хооронд болж буй дайнтай холбоотойгоор манай улсад Украин, ОХУ, Европын улс орнуудаас импортолдог эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, нийлүүлэлт ч хүндрэлтэй болсныг тэрээр дурдав. Удаан хугацаагаар хүлээгдэж байгаад ирж буй эм тарианы үнийн хувьд ярилтгүй. 2019 онтой өнөөдрийг харьцуулахад багагүй хувиар өссөн гэдгийг албаныхан хүлээн зөвшөөрч байна. Зах зээл дээр эмийн хангамж тасарсаар байна гэдэг импорт хангалтгүй байгаагийн том баталгаа. Төр засаг анхаарахгүй байгаагийн илрэл мөнөөсөө мөн.
Бордооны импорт буурснаар дотоодод хомсдол үүсээд байна
Улирлын сезон ид эхэлсэн салбарууд болох газар тариалан, уул уурхай, барилгын салбар өнөөдөр бас л удаашралтай, зарим нь бүр таг зогсчээ. Учир нь сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж, материал хэрэгсэл, бордоо нь урд хил дээр гацчихсан. Газар тариалангийн амин чухал хэрэгцээ болсон бордооны импортын сүүлийн гурван жилийн үзүүлэлтийг харахад нэмэгдэх биш хасагджээ. 2020 оны өдийд ковидын нөхцөл байдалтай байсан ч 32,771.12 тонн азотын бордоо импортолж байсан манай улс өнөөдөр цар тахалгүй үед 23,342.24 тонн бордоог чүү чамай хилээр оруулж ирээд байна. Өчнөөн тариаланчид хаврын тариалалтаа хийж чадахгүй сууна.
Эдийн засгийн хүндрэлийг нөхөх уул уурхайн салбарын сэлбэг хэрэгсэл хил дээр найман сар гацаж байна
Уул уурхайн салбар бол манай улсын төсвийн бүрдүүлэлтэд жин дардаг ганц салбар. Ерөөсөө энэ салбараасаа усыг нь гартал доллар олно оо гээд 2022 оныхоо төсвөө томоор баталчихсан улс. Гэтэл орон нутгуудад уул уурхайн компаниуд нь хайгуул олборлолт хийх боломжгүй хаалгаа янгинатал түгжчихсэн, хил дээр нүүрс ачсан машинууд хэдэн зуугаараа дугаарлаастай хэвээр байгаа нь худлаа биш.
Оюу толгой, Эрдэнэс Таван толгой, Мак зэрэг уул уурхайн томоохон компаниудад тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлдэг нэгэн компанийн захиралтай ярилцлаа. Тус компани найман сарын өмнө татан авалтаа хийсэн ч сэлбэг хэрэгслээ хилээр оруулж ирж чадахгүй өдийг хүрчээ.
-Танай сэлбэг хэрэгсэл аль улсаас орж ирдэг юм бэ. Хил дээр гацсан шалтгааныг хэлээч?
-Бид АНУ, Их Британи, Сингапур, Хятад зэрэг улсаас тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслээ татдаг. Хил дээр ойролцоогоор 6-8 сар саатаж байна. Хил дээр гацчихаад байгаа олон мянган чингэлгүүдэд эхний ачилтын бараанууд хамгийн дор нь орчихсон. Сүүлд захиалсан бараа нь дээр нь ачигдаад тэндээсээ Монгол руу татан авалтууд явагдчихаж байна. Хүнд машины тонон төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл учраас нэг вагонд багтдаггүй, яалт ч үгүй салгаж, хоёр гурван чингэлэгт ачих болдог. Гэтэл манай гаалийнхан бүрдүүлэлтийг хамтад нь байлгахыг шаардаад байдаг. Хил дээр гацаж байгаа бас нэг шалтгаан энэ.
-Уул уурхайн машин механизмын сэлбэг хэрэгсэл дутагдаад ирэхээр ямар нөхцөл байдал үүсч байна вэ?
-Тал талд маш их хохирол амсаж байна. Тоног төхөөөрөмжөө ашиглаж чадахгүй сул зогсчихож байна. Хэрэгтэй сэлбэг хэрэгсэл нь байхгүй болохоор олборлолтоо эхлүүлж чадахгүй. Ингэхээр улсад төлөх татвар, орон нутагт оруулах хөрөнгө оруулалт зогсчихож байна. 2009 оноос хойш уул уурхайн салбар уналтад орчихсон, ялангуяа алтны салбар. Хилийн нөхцөл байдлаас зөвхөн импорт гэлтгүй экспортыг хар л даа. Гашуунсухайт дээр хоногт 40 вагон нэмлээ гэсэн шал худлаа, нүүрсээ гаргаж чадахгүй байгаа.
Уул уурхайн бэлтгэн нийлүүлэгч компаниуд өр төлбөр, лизингээр машин механизмаа хөдөлгөдөг. Тэр нь хөдөлж байж ашиг олно. Гэтэл хил дээр очоод гацчихаар ямар ч орлогогүй, хөрөнгийн эргэлтгүй болчихно шүү дээ. Хил дээр олон сар гацсанаас болж ханшийн хэлбэлзлээс их хэмжээний алдагдал хүлээж байна. Түүгээр зогсохгүй Хятадын хил дээр олон сар гацаж байгаа чингэлгүүд бүгд хүлээлгийн зардал төлж байгаа шүү дээ.
-Ийм чухал салбарын эргэлтийг сайжруулах талаар шийдвэр гаргах түвшний хүмүүс анхаарах юм уу?
-Зохицуулалт байхгүй. Бид олон газарт хандсан. ЗТХЯ-нд хандахаар УУХҮЯ-нд ханд гэдэг. Тэнд нь очихоор ЗТХЯ-ны л асуудал гэнэ. Аргаа бараад ЗГХЭГ-т хандаж үзлээ. Салбарын яамны харьяалах асуудал гээд л өөрсдөөсөө түлхчихэж байна. Ковидын дараахь эдийн засгийн сэргэлтэд чухал үүрэг гүйцэтгэх салбар бол уул уурхай. Энэ салбар л хүндрэлийг нөхнө. Гэтэл үүнийг анхаарч байгаа дарга даамал өнөөдөртөө алга гэв.
Жолооч нар олон хүний жижиг овортой бараа ачиж оруулж ирэх нь илүү ашигтай болжээ
Үнэхээр хил дээр гааль дээр зохицуулалт тун муу байгааг жолооч нар ч хэлж байна. Монгол Улс руу ямар төрлийн ачаа бараа орж ирэхийг жолооч нарын үзэмж мэддэг болжээ. Тэдэнд том оврын хүн даацын, улсад нэн шаардлагатай эм тариа, сэлбэг хэрэгсэл байх нь хамаагүй. Олон хүний жижиг овортой бараа байх нь илүү ашигтай гэнэ. Түүнд нь нөгөө л гутал хувцас тэргүүтэй амин чухал хэрэгцээгүй бараанууд л өдөр шөнөгүй хилээр орж ирдэг. Харин том овортой, сэлбэг хэрэгсэл тогтсон үнэ ханштай учир ашиг бага гээд авдаггүй гэдгийг жолооч нар хэлж байв.
Өнөөдөр бидэнд гутал хувцас, гахай, тахианы мах, өндөгнөөс илүү улсад доллар оруулж ирэх уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл чухал байна. Барилгын бараа материал цаг алдалгүй орж ирээд байх нь улирлын чанартай энэ салбарт тун өгөөжтэй байх юм. Эм тариа, хэрэгсэл нь оочер дугааргүйгээр нэвтэрдэг бол ам нас нь дээсэн дөрөөн дээр байгаа олон зуун иргэд эмчилгээгээ хэвийн үргэлжлүүлэх алтан боломж тэр.
Ерөөс хил гаалийн хязгаарлалттай энэ эмзэг цаг үед импортын бараа бүтээгдэхүүний эрэмбэ гэж байх ёстой юм аа. Өндөг, гахай тахианы мах, архи, тамхиар бид өлсөөд үхчихгүй. Эдгээрийн өмнө эм тариа, сэлбэг хэрэгсэл, барилгын материал, газар тариалангийн бордоог зогсоомоор байна.