Categories
мэдээ эдийн-засаг

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Нэн яаралтай үнийн өсөлтийг хязгаарлаж, хүнс, шатахууны найдвартай хангамжтай болох хэрэгтэй DNN.mn

“Монголын эдийн засгийн чуулган-2022” Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар чуулганд оролцогсдод уншиж танилцуулав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:

“Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид ээ,

Эрхэм төрийн түшээд ээ,

Эрхэм зочид, төлөөлөгчид өө!

Хүн төрөлхтөн хүндхэн сорилт, бэрхшээлтэй нүүр тулж буй энэ цаг үед Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн цаг үеийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөгөө нарийвчлан тодорхойлох зорилгоор зохион байгуулж буй “Монголын эдийн засгийн чуулган-2022”-д оролцож буй Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Чуулганд оролцож буй дипломат болон олон улсын хөгжлийн түнш байгууллагууд, төр, хувийн хэвшлийн төлөөллүүд Та бүхэнд гүн талархал илэрхийлье.

Гурван жил завсарласны эцэст цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтэд дэлхий даяараа онцгой анхаарч буй энэ цаг үед энэ чуулган болж байгаа нь ихээхэн ач холбогдолтой.

Өнгөрсөн намар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлт” төр, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн зөвлөлдөх уулзалтаар иргэд, хувийн салбарынхны санал, зөвлөмжийг төр засаг түлхүү сонсож, тодорхой бодлого, чиглэлүүдийг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн.

Энэ удаагийн чуулганаар эдийн засагт үүсээд буй шинэ сорилтуудыг хэрхэн даван туулах, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого” болон бусад цаг үеийн асуудлаар тодорхой санал солилцох, гарц, шийдлийг тодорхойлно гэж үзэж байна.

Цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засаг 2020 онд 3.5 хувиар агшиж, Дэлхийн II дайнаас хойшхи хамгийн хүнд цохилт авсан. Мөн олон улсын хэмжээнд инфляцийн түвшин 2008 оны хямралаас хойшхи хамгийн өндөр түвшинд хүрлээ.

Бусад ихэнх орны адил Монгол Улсын эдийн засаг ч цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жилд ихээхэн хүндрэл амссан ч төр засгийн зүгээс багагүй хэмжээний төсөв, хөрөнгө зарцуулж, иргэд, хувийн хэвшил, баялаг бүтээгчидтэйгээ хамтарч ажилласны үр дүнд тодорхой сэргэлт ажиглагдсан.

2022 он гарсаар дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоотой уялдан Монгол Улсад цар тахал харьцангуй намжсан ч бүс нутгийн орнуудад цар тахлын давалгаа үргэлжлэн, мөн геополитикийн хурцадмал байдал үүсэж, дэлхий нийтийг хамарсан тээвэр, ложистикийн хүндрэл, бараа үйлчилгээний үнийн өсөлт зэргээс шалтгаалан томоохон сорилт тулгарч байна.

Сүүлийн сар гаруй хугацааны олон улсын цаг үеийн нөхцөл байдлын Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөг нарийн тодорхойлж, эдийн засгийн бодлогодоо шаардлагатай тохиргоо хийхэд онцгой анхаарах нь зүйтэй.

Гадаад орчны хүндхэн эрсдлүүд тулгарч байгаа ч дотооддоо үнийн өсөлтийг хязгаарлаж, иргэдийнхээ бодит орлогыг хамгаалах, хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадавхыг сайжруулах, экспортыг богино хугацаанд сэргээх, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн хэлбэлзлийг тогтворжуулах, бүтээн байгуулалтаа эрчимжүүлэхэд онцгой анхаарч, бодит үр дүн гаргах шаардлагатай байна.

Мөн богино хугацаанд гол нэрийн бараа, үйлчилгээний үнэ болон нийлүүлэлтийн тогтвортой байдал, ялангуяа хүнс, шатахууны хангамжийн найдвартай байдлыг хангах чиглэлээр хувийн хэвшилтэйгээ хамтран шаардлагатай арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх нь зүйтэй.

Зөвхөн дэлхий нийтийн төдийгүй монголчууд бидний өмнө тулгараад байгаа энэ хүнд цаг үеийг бид эв нэгдэл, хамтын хүчээр даван туулах учиртай. Тиймээс тулгамдсан олон сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын үр дүнтэй хамтын ажиллагаа, харилцан ойлголцол хамгийн чухал юм.

Мөн эдийн засгийн онцгой цаг үеийн нөхцөл байдал, суурь шалтгааны талаарх үнэн бодит мэдээллийг иргэд, олон нийт, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад шуурхай өгч, эдийн засгийн нөхцөл байдлын талаарх зөв хүлээлт бий болгох нь болзошгүй эрсдлээс сэргийлэхэд чухал үүрэгтэй юм.

Цаашлаад ажилдаа эзний ёсоор хандаж, хийрхсэн улс төр, хэрүүл тэмцлээс ангид байж, бүх шатны төрийн байгууллагын хүнд суртал, дарамт шахалтыг халж, сахилга бат, дэг журмыг чанд сахин, харилцан уялдаатай, түргэн шуурхай ажиллах нэн хариуцлагатай цаг үе тохиож байгааг Төрийн тэргүүний хувьд онцлон сануулъя.

Хэдийгээр цаг үеийн томоохон сорилтууд байгаа ч “Халамжаас хөдөлмөрт”, “Олборлолтоос боловсруулалтад”, “Импортоос экспортод” гэсэн эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хангах суурь гурван шинэчлэлээ тууштай хэрэгжүүлэх ёстой.

Ялангуяа цар тахал, олон улсын геополитикийн асуудлууд нь Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа нэн яаралтай эрс сайжруулахыг тод санууллаа.

Энэ хүрээнд цар тахлын дараах эдийн засгийг сэргэлтийг эрчимжүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийг оновчтой, цаг алдалгүй шийдэх, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Засгийн газар боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна.

Гэхдээ дээрх бодлого, шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд төсөв, мөнгөний бодлогын оновчтой хослол, макро эдийн засгийн тогтвортой байдал, ялангуяа гадаад валютын хангалттай нөөц бүрдүүлэх, өрийн тогтвортой байдал зэрэг эдийн засгийн суурь зарчмыг чанд сахих ёстойг мөн сануулъя.

Эс тэгвээс хэчнээн том бүтээн байгуулалт, үр дүнтэй шинэчлэл хийсэн ч макро эдийн засгийн тогтворгүй байдал нь Та бидний хүрэх амжилтыг агшин зуур салхинд хийсгэх эрсдэлтэйг бид бүгд үргэлж анхаарах хэрэгтэй.

Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

Хүнд бэрх сорилт тулгарсан үед Монголын ард түмний эв нэгдэл сайжирч, бэрхшээлийг давах, бүтээн байгуулах их хүч улам эрчтэй ундардгийг бидний буурал түүх гэрчилдэг. Эдийн засгийн гадаад, дотоод амаргүй сорилтуудыг хамтын хүчээр давж, тогтвортой хөгжилд хүрэхийн төлөө санаа зоригоо нэгтгэн хамтран зүтгэцгээе.

Цар тахлын дараах байгаль орчинд ээлтэй, хүртээмжтэй эдийн засгийн сэргэлт, цаашдын тогтвортой хөгжилд чиглэсэн эдийн засгийн бодлого, төлөвлөгөөгөө хэлэлцэж, хамтдаа шийдэл, гарцыг тодорхойлох энэ удаагийн чуулганд амжилт хүсье.

Эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогодоо Шинэ сэргэлттэйгээр ажиллахыг уриалъя.

Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадраг” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Галын аюулгүй байдлын дүрэм, стандартын заалтыг хэрэгжүүлээгүй 673 зөрчил илрүүлжээ DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу “Барилгын материал, мод, модон эдлэлийн үйлдвэрлэлийн барилга байгууламжид Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн шалгалтыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулав.

Шалгалтад Багануур дүүрэгт-7, Баянгол дүүрэгт-18, Баянзүрх дүүрэгт-15, Чингэлтэй дүүрэгт-28, Сүхбаатар дүүрэгт-37, Хан-Уул дүүрэгт-7, Сонгинохайрхан дүүрэгт-51, Налайх дүүрэгт-13, нийт 176 барилгын материал, мод, модон эдлэлийн үйлдвэрлэлийн барилга байгууламж хамрагдахаас 167 объект буюу 94.8 хувь нь хамрагдсан байна.

Хяналт шалгалтын хүрээнд галын аюулгүйн норм дүрэм, стандартын заалтыг хэрэгжүүлээгүй 673 зөрчил илрүүлжээ.

115 зөрчил буюу 17 хувийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 70, мэдэгдэл 77, танилцуулга 3, дүгнэлт 1-г үйлдэж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж ажиллалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Том төслүүдээ хөдөлгөх том зоригтой байна гэчихэв үү? DNN.mn

Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ чуулганы танхимд “УИХ-д асуудлаа зоригтой яриад, эрх зүйн орчноо бүрдүүлээд явна. Ирэх долоо хоногт Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц, түгжрэлийг бууруулах хөнгөн галт тэрэг байгуулах бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажлыг оруулж ирнэ” гэсэн мэдэгдэл хийлээ. Браво. Том төслүүдээ хөдөлгөх том зоригтой байхаар шийдсэнд нь олзуурхаж сууна. Улсын хөгжилд нэмэртэй, хэрэгтэй ямар нэг төсөл эхлэх гэхээр л иргэний хөдөлгөөн, элдэв улс төртэй гацаа тээгүүд гараад ирдэг, тиймэрхүү гацаанаас болж гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж чадахгүй явсаар өнөөг хүрсэн алдаагаа Засгийн газрын тэргүүн нь олоод харчихна гэдэг сайн хэрэг.

Эдийн засагт том өгөөжтэй, эрчим хүч, уран гэх мэт үндэстний аюулгүй оршиход онцгой нөлөөтэй төслүүд ийм эсэргүүцэлтэй нүүр тулдаг, эсэргүүцдэг хүмүүс нь тэр ажлаараа амь зуудаг болчихсон, санхүүжүүлдэг байгууллага нь гадны аль нэг улсынх байдаг гэж ирээд яривал хачирхалтай өнцөг ихтэй сэдэв л дээ. Одоо ураны төслүүдээ хэрэгжүүлж, газрын ховор элементийн хайгуулаа эрчимжүүлж, эрчим хүчний шинэ мега төсөлд онцгой анхаарч, эдийн засгаа тэлэхийн тулд олон олон, төсөл эхлүүлэх хэрэгтэй. Наад зах нь гэхэд л хэрэгжихэд бэлэн болсон алтны төслүүдээ цаг алдалгүй хөдөлгөх эрэлт хаалга тогшиж байна. Урд хил хаалттай, доллар хэд ч хүрч цойлж мэдэхээр болчихсон ийм цагт нүүрс, зэс шиг оворгүй, хилийн элдэв хориг саад асуудал болдоггүй, валютын нөөцийг өсгөдөг гэдгээрээ алтны экспорт яалт ч үгүй амин хэрэгцээтэй байгаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Бат-Үүл: Бид ардчиллын төлөө гудамжинд ч, төрийн ордонд ч, шоронд ч тэмцэж ирсэн DNN.mn

С.Эрдэнэ тэргүүтэй АН-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнөөдрийн мэдэээлэлд хэдхэн хоногийн өмнө батлан даалтаар хорих ангиас гарсан Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл оролцсон юм.

Тэрбээр “АН-ын анхдугаар их хурлын төлөөлөгчиддөө мэндчилгээ дэвшүүлье. 1990 онд Монголын хоёр дахь нам болсон АН Монголын түүхэнд асар чухал үүрэг гүйцэтгэсэн. Зөвлөлтийн колониос Монгол Улсыг чөлөөлөхөд АН манлайлсан.

32 жилийн дараа дахиад аюул, асуудал үүслээ. Украин руу түрэмгийлсэн түрэмгийлэл бол ардчилалд зарласан дайн. Энэ үйл явдлын дараахан Оросын Элчин сайдын зүгээс АН-д хандсан мэдэгдэл нотолно. АН-ыг хоёр дахь Украин шиг үзсэн бүдүүлэг явдал болсон. Бидний өмнө том сорилт байгааг харуулж байна. Зөвлөлийн үеийн колончлолын сэтгэлгээнээс салаагүй хүмүүс цөөнгүй байдаг юм байна. Тиймээс хийх ажил их байна. Колончлолын сэтгэлгээг юу ч үгүй үлдэн хөөх ёстой.

Бид 32 жилийн турш гудамжинд ч, төрийн ордонд ч, шоронд ч ардчилалын төлөө тэмцэж ирсэн. Үйл хэргийнхээ төлөө газрын доороос ч тэмцэж чаддаг нам шүү гэж хэлье” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Э.Баярбаясгалан: Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдүүддээ ялгаварлан гадуурхах, амин хувиа бодох сэтгэлгээг суулгаад байна уу даа DNN.mn

Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалантай ярилцлаа.


-ЦЕГ, танай хэлтсээс сүүлийн үед хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл өгөөч?

-Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд онцгойлон анхаарч ажилладгийн тод жишээ нь энэ чиглэлийн дагнасан хэлтсийг байгуулсан явдал юм. Манай хэлтэс 2020 онд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар анх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс гэсэн нэршилтэйгээр байгуулагдаж байсан. Өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газраас тогтоол гарч Цагдаагийн байгууллагын бүтцэд хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтний 103 орон тоог бий болголоо. Үүнтэй холбогдуулан манай хэлтсийн бүтцэд өөрчлөлт орж, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болж, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, хүүхдийн эрх, хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх, энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагад энэ чиглэлээр 200 гаруй алба хаагч ажиллаж байгаа бөгөөд хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчдын орон тоог бий болгосноор сургууль болон хүүхэд бүрт хүрч ажиллах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нь сэргээх боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

-Хүүхдийн мэргэжилтэн гэхээр цагдаагийн ажилтнуудаас юугаараа онцлогтой юм бол?

-Өөрөө өөрийгөө хамгаалах чадваргүй бяцхан иргэдийг хамгаалж ажилладаг нь бидний ажлын онцлог. Учирч болох хор хохирол үр дагаврыг таслан зогсоож чадсанаараа ирээдүйд нэг иргэн, цаашлаад бүтэн гэр бүлийн амьдралыг хэрхэх эсэхийг шийддэг нарийн ажил. Энэ ажлыг хийж чадах цагдаагийн алба хаагч эрх зүй, хуулийн хүрээнд ажиллах мэргэжлийн чадвартай байхаас гадна аливаа гэмт хэрэг, зөрчлийг шалгахдаа нарийн өндөр мэдрэмжтэй ажиллахыг, ялангуяа хүүхдийн сэтгэл зүйг мэдэрч чадах мэдлэг, мэдрэмж шаарддаг гэдгээрээ онцлогтой. Цагдаагийн байгууллагын хүүхдийн мэргэжилтэн гэдэг бол хүүхдийн эсрэг болон хүүхдэд үйлдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, түүнтэй тэмцэх, ялангуяа хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус бүхий л байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг, хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд туслалцаа үзүүлдэг алба хаагчид юм л даа.

-Яг өнөөдрийн байдлаар Цагдаагийн байгууллага хүүхдийн эсрэг үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлүүдтэй хэрхэн тэмцэж, ямар байдлаар ажиллаж байна вэ?

-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгддэг олон төрлийн ажлуудаас хамгийн том, хамгийн чухал ажил бол хүүхдэд бага наснаас нь гэмт хэргийн хор уршиг, аливаа асуудлыг хүчирхийллийн бус замаар шийдвэрлэх арга зам, өөрийгөө хамгаалах чиглэлээр мэдлэг ойлголт өгөх ажил байдаг учраас энэ ажилд онцгойлон анхаарч байна. Тухайлбал, Цагдаагийн ерөнхий газрын даргын санаачилгаар өнгөрсөн онд ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдыг гэмт хэрэг, зөрчил, ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж, мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулж, 259 сургуулийн 184429 сурагчдад нас сэтгэхүйн онцлогт нь тохирсон “Эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрөхөөс сэргийлэх”, “Танихгүй хүний үгэнд орж болохгүй”, “Үе тэнгийн найзаа дооглох, шоглох, эд зүйл, өмссөн хувцсаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй” зэрэг агуулгаар видео хичээлийг үзүүлэн, хүүхдүүдтэй харилцан ярилцаж “Сэргийлэгч хүү, Зөвлөгч охин”-ы хамт зөвлөгөө өгсөн.

Энэ оны нэгдүгээр улиралд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 370 төрийн болон төрийн бус байгууллага, 110 аж ахуйн нэгж байгууллагатай хамтран нийт 965 удаагийн сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулж, 241778 иргэн, 14310 багш, нийгмийн ажилтанд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр, 75624 ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутнуудад “Үе тэнгийн дээрэлхэлт”, “Цахим гадуурхал”, “Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт”, “Аюулгүйн дүрэм” зэрэг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон сэдвээр мэдээлэл хийж, хууль эрх зүйн мэдлэг ойлголтыг тогтмол өгч ажиллаж байна. Танилцуулж байгаа эдгээр тоо бол зүгээр нэг тоон үзүүлэлт биш юм. Тооны ард нэг ч болтугай хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэсэн хүүхдийн мэргэжилтнүүдийн урт удаан хугацаанд олон удаагийн давтамжтай хийсэн маш олон ажлууд байгаа гэдгийг ойлгох нь зүйтэй. Цаашид Боловсролын ерөнхий газартай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрх зүйн боловсрол олгох, гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийг тайлбарлан таниулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Иргэний ёс зүй”, “Иргэний боловсрол” хичээлүүд дээр хүүхдийн мэргэжилтнүүд маань зочин багшаар оролцох, багш, сургуулийн захиргаатай хамтран сурагчдад мэдээлэл өгөх ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад явж байна.

-Хүүхдийн мэргэжилтэн нь хүүхдийн сурч, хүмүүжиж байгаа орчинд хүүхдүүдтэй хамгийн ойр ажилладаг цагдаагийн ажилтан гэж ойлголоо. Хүүхдүүд өөрсдөдөө тулгарсан асуудлыг хүүхдийн мэргэжилтнүүдэд хэр их нээлттэй ярьдаг вэ?

-Хүүхэд бүр өөр өөрийн онцлогтой, өөр өөрийн үзэл бодол, ертөнцтэй байдаг учраас хүүхдийн мэргэжилтнүүд олон янзаар хүүхдүүдээс мэдээлэл цуглуулж, тэдэнд тусалдаг. Тухайлбал, бид өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн ерөнхий боловсролын 108 дугаар сургуулийн захиргаатай хамтран “Санал хүсэлтийн хайрцаг”-ийг байрлуулсан. Энэ хайрцганд хүүхдүүд өөрийнх нь болон найзынх нь эрх зөрчигдсөн асуудлын талаар бичиж үлдээдэг. Хайрцагт ирсэн мэдээллийг хүүхдийн мэргэжилтнүүд үзэж, хэрвээ гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэл байвал түүнийг нь шалгах, хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр ажилладаг. Санал хүсэлтийн хайрцганд хүүхдүүд 20 орчим нуугдмал гэмт хэргийн талаар мэдээлэл ирүүлсэн байсныг хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэсэн. Цаашид ерөнхий боловсролын бүх сургуулиуд дээр энэ хайрцгийг байршуулахаар төлөвлөж байна.

Мөн нийслэл хотын зарим сургуулиудын дунд, ахлах бүлгийн сурагчдын дунд зохион бичлэг хийлгэсэн. Зохион бичлэг хийлгэхээсээ өмнө хүүхдүүдэд өөрийнх нь эрх зөрчигдөж байгаа бол түүнийхээ талаар, ямар тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа талаар бичихийг зөвлөж, маш сайн ярилцаж ойлгуулж байгаад зохион бичлэгээ хийлгэсэн байгаа. Энэ ажлын хүрээнд бид бэлгийн хүчирхийллийн гурван гэмт хэргийг илрүүлсэн. Энэ мэтчилэн хүүхдийн эсрэг болон хүүхэд өөрөө үйлдсэн гэмт хэрэг, зөрчлүүдийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг олон аргаар зохион байгуулж байна.

-Хүүхэд гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн хохирогч болж байгаагийн шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Олон шалтгааныг дурдаж болно. Гэхдээ эцэг эх, асран хамгаалагч, томчууд бидний хайр халамж, хараа хяналт, зөв зөвлөгөө, гэр бүлийн суурь хүмүүжил нь хүүхдүүд гэмт хэрэгт өртөж хохирох, гэмт хэрэг үйлдэхэд хамгийн их нөлөөлж байна.

-Эцэг эхчүүдэд анхааруулж, сэрэмжлүүлж хэлэх зүйл байна уу?

-Цагдаагийн байгууллагаас эцэг эх, асран хамгаалагч нарт чиглэсэн хүүхдүүддээ тавих анхаарал халамж, хараа хяналтаа сайжруулах талаар олон сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэдэг. Энэ удаад би арай өөр зүйл хэлье. Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдүүддээ ялгаварлан гадуурхах, амин хувиа бодох сэтгэлгээг суулгаад байна уу даа гэж хардаг. Жишээлбэл, зарим эцэг эхчүүд гудамжинд явахдаа засвар үйлчилгээ хийж байгаа ажилтныг заагаад хүүхдэдээ “Чи муу сурвал ийм хүн болно, ийм хүн болмоор байна уу” гэх мэтчилэнгээр загнаж байгаатай таарч байсан хүн олон байх аа. Эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хараад “Энэ хүүхдээс хол бай, битгий хамт тоглоод бай” гэж хэлж байгааг ч сонсож байсан байх. Иймэрхүү хандлага гаргах нь хамгийн хортой. Харин ингэж хэлэхийнхээ оронд “Хүн бүр дуртай ажлаа хийж болдог, муу муухай ажил гэж байдаггүй”, “Хүн болгон өөр хоорондоо адилгүй байдаг, хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нь аюултай гэсэн үг биш, найзлаад хамт тоглож байгаарай” гэж учрыг нь зөв тайлбарлаж хэлж байгаарай гэж зөвлөмөөр байна. Зарим эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ “Чамайг сахилгагүйтээд байвал цагдаад аваачиж өгнө дөө” гэж хэлж байхыг ч олон хүн сонсож байсан байх. Яагаад хүүхдээ цагдаагаар айлгаж байгааг нь ойлгодоггүй. Харин ч “Чамд хэцүү зүйл тохиолдвол ээж, ааваасаа тусламж гуйж чадахгүй болвол хамгийн түрүүнд цагдаад хэлээрэй. Тэр чамд тусална” гэж хэлэх нь зөв шүү дээ. Хүүхэд хаанаас, хэнээс тусламж авахаа мэддэг байх нь гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх бас нэг арга зам гэдгийг ойлгоорой гэж хэлмээр байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Чулуун нүүрсний экспорт нь 2021 оны мөн үеэс 62 хувиар буурчээ DNN.mn

2022 оны эхний гурван сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.6 тэрбум ам.долларт хүрчээ.

  • Экспорт 1,9426 сая ам.доллар
  • Импорт 1,690.7 сая ам.доллар

Экспортод 1,942 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.9 хувиар буурсан байна.

Ийнхүү гадаад худалдааны тэнцэл 251.3 сая ам.долларын ашигтай гарсан байна.

Гол нэрийн барааны экспортын бүтцийг харвал

  1. Зэсийн хүдэр, баяжмал – 36.6% /710.9 сая $/
  2. Чулуун нүүрс – 34.8 хувь /675.6 сая $/
  3. Боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт – 14.8% /288 сая $/
  4. Төмрийн хүдэр, баяжмал – 3% /57.5 сая $/
  5. Мал, амьтны сэмлээгүй буюу самнаагүй үс, хялгас – 2.6% /50 сая $/
  6. Цайрын хүдэр, баяжмал – 2.1% /41.2 сая $/
  7. Молибдены хүдэх, баяжмал – 0.8% /15.2 сая $/
  8. Хар тугалганы хүдэр, баяжмал – 0.6% /12.4 сая $/
  9. Хээрийн болон хайлуу жонш – 0.6% /11.5 сая $/

Түүнчлэн энэ оны эхний гурван сард 2.5 сая тонн чулуун нүүрс экспортолсон нь 2021 оны мөн үеэс 62.2 хувиар буурсан үзүүлэлт болсон байна.

зураг

зураг

зураг

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Жачин: Н.Түвшинбаяр болоод түүний гэр бүлийг зүхэхээсээ өмнө алдааг нь давтахгүй байх тал дээр илүү анхааръя DNN.mn

“Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн захирал, доктор, дэд профессор, гавьяат багш Ч.Жачинтай ярилцлаа.


-Монгол үндэстнийг хүн төрөлхтөнд таниулахад онцгой гавьяа байгуулсан хүн бол олимпийн аварга Н.Түвшинбаяр. Тантай өнөөдөр энэ хүний талаар ярилцах юм. Та бэлэн байна уу?

-Бололгүй яах вэ. Мэдэх хүрээндээ ярилцахад нээлттэй байна.

-Улс оронд өөр өөрийнх нь “алтан жаал” гэж бий. Монголын “Алтан жаал” бол маргаан байхгүй Н.Түвшинбаяр мөн байх. Энэ хүний байгуулсан түүхэн гавьяаг бид үгүйсгэх аргагүй. Бид энэ эрхэм хүнийгээ нэртэй төртэй явахад нь улс төрийн хий хоосон шүтэж, гаргасан алдаа бүхнийг зүгээр өнгөрүүлэн өөгшүүлж өнөөгийн байдалд хүргэчихэв үү?

-Н.Түвшинбаярын ээж бид хоёр нутгийн улс

Тэр дундаа Сайхан уулын араар урсах Хулжийн голын хөндийд өссөн. Айрагны голомт нутаг л даа. Түвшинбаярын аав, ээж одоо ч тэр нутагтаа л амьдардаг. Удам судрын тухайд нутаг орондоо нэр хүндтэй, тохитой хүмүүс. Хүүхдүүд нь чихнээс хонх уяж байсан удаа нэг ч үгүй. Айхтар алдар цолд хүрлээ ч гэж сонсоогүй. Удмаараа л эгэл жирийн малчин хүмүүс гэдгийг би сайн мэднэ. Н.Түвшинбаярыг олимпийн аварга болоход ээж нь “Би нэг сайн хүүтэй хүн. Одоо Монгол Улс нэг сайн хүүтэй боллоо” гэж хэлж байлаа.

Тухайн үед ч би тэгж л баярласан. Сайн хүү гэхийн учир нь мянганаар тоологдох жилийн түүхэнд монгол үндэстний нүүр царай болсон хүн цөөхөн байдаг. Монголыг Чингис хаанаар төсөөлдөг хүмүүс бий.Тэрнээс хойш Монгол Улсын нэрийг дэлхийд тамгалсан хүн олон байхгүй болов уу. Харин 2008 онд Н.Түвшинбаяр олимпийн аварга болоход Монгол гэх нэрийг дэлхий урьд урьдынхаас илүү сонирхож харсан гэж боддог юм. Ингэж л улсын нүүр царай болж байсан гэж ойлгодог. Бид нүүр царай болсон хүнээ цааш нь яаж авч явах вэ гэдэгт анхаарах байж л дээ. Харамсалтай үйл явдал болж өнгөрсний дараа л ингэж халаглаж сууна. Би нутгийн ахмад багш хүний тухайд Н.Түвшинбаярыгаа хайрлаж, бахархаад яваад байж. Н.Түвшинбаяр маань ийм асуудал руу халтираад орчихно гэж бодсонгүй. Хэдэн өрөө байр өгөөд л, хэдэн зуун сая төгрөгөөр урамшуулаад л, сонгуульд нэр дэвшүүлээд, өндөр албан тушаалд томилогдоход нь бахархаж л суусан. Энэ бүхэн биш байжээ. Үүний хажуугаар нь олимпийн аваргаа хамгаалах ёстой байж л дээ.

-Хамгаалах гэдэг нь?

-Өөрийнх нь чаддаг зүйлийг л хийлгэж, дэмжиж ажиллуулах байж. Улс төр, дипломат алба бол Н.Түвшинбаярын чаддаг ажил биш. Жүдо бөх бол түүний төгс эзэмшсэн зүйл. Орыг нь залгах тамирчдыг Н.Түвшинбаяраар бэлтгүүлэх байж л дээ. Тэгсэн бол өнөөдөр дахиад хэд хэдэн ч олимпийн аварга төрөх байсан юм бил үү. Хоёрдугаарт, энэ хүнээр бахархлаа гэж зүгээр мөнгө өгч байсан нь том алдаа болж. Өнөөдрийн нийгэмд хүнд зүгээр мөнгө өгч байгаа нь буруу зүйл рүү л түлхэж байгаа хэрэг юм байна. Цэл залуухан хүнийг гавьяа байгуулсных нь төлөө сарын хэдэн сая төгрөгөөр тэтгээд сууж байсан нь буруу зам руу хөтөлж л дээ. Ямар ч хүсэл эрмэлзэлгүй болгож. Зүгээр мөнгө аваад сууж болно гэх ойлголттой болгосон байна. Өнөөгийн нийгмийн залуус нэг амжилт үзүүлээд л зүгээр сууж байгаад мөнгө аваад байна гэх ойлголттой байж магадгүй. Энэ их буруу тогтолцоо гэдгийг энд онцолъё.

-Н.Түвшинбаярын гаргасан жижиг алдаанууд дээр толгойг нь илээд л явсан асуудал байгаа.

-Тийм тал бий. Бид алган дээрээ бөмбөрүүлсэн шүү дээ. Архи бариад л. Гаргасан алдаанууд дээр нь толгойг нь илээд л өнгөрүүлдэг асуудал газар авч эцэстээ ийм нөхцөл байдалд хүргэжээ.

-Өнөөдөр түүнийг амтай бүхэн зүхэж байна. Товчхондоо нийгмийн дайсан болсон. Түүний гаргасан үйл бол үнэхээр аймшигтай, балмад хэрцгий. Тэр үйлдлийг нь яагаад ч зөвтгөх аргагүй?

-Нэг үе Н.Түвшинбаяр гэж хүн Монголын нүүр царай болж байсан бол энэ бараан үйл явдлаас хойших үйл явц өнөөдрийн нийгмийн нүүр царайг харууллаа. Өнөөдөр мөнгө, албан тушаал, улс төр л их үнэ цэнэтэй болж. Нөгөө талд эрдэм мэдлэг, ажил хөдөлмөр ямар ч үнэ цэнэгүй байна л даа. Өнөөдөр багш хүн хөдөлмөрлөөд амьдралаа хангалттай аваад явж чадаж байна уу. Гурван хүүхэдтэй багш ажлынхаа хажуугаар нэмэлт орлогын эх үүсвэргүй бол үндсэн цалин 800.000 төгрөгөөр аж амьдралаа залгуулаад явах ямар ч боломж алга. Энэ хэн нэгний цалингийн тухай асуудал огт биш. Хөдөлмөрийн үнэлэмжийн тухай л асуудал. Жишээ татаад ярья л даа. Гагнуур хийж байгаа хүнд 3 сая төгрөг өгье. Гэтэл мэс заслын хутга бариад энхийн манаанд зогсож байгаа эмчид 3 сая төгрөг өгч байна уу, шинэ хүүхдийг эх барьж байгаа эх баригчид хэдэн төгрөгийн цалин өгч байна вэ. Гагнуурчин бүтээн байгуулалт хийж байна. Гэхдээ эх баригч эмч, энхийн манаанд зогсох мэс засалчийн хөдөлмөрийг гагнуурчнаас доогуур үнэлж болохгүй гэж боддог юм. Манай нийгэм өнөөдөр үнэ цэнэтэй зүйлээ үнэлж чадахгүй, албан тушаалыг л үнэлэх юм. Хөдөлмөрийн ур чадвартай, ёс суртахуунтай, зүтгэлтэй хүмүүсийн хөдөлмөр хамгийн үнэ цэнэтэй байх ёстой гэж бодох юм.

Н.Түвшинбаяр олимпийн аварга болтлоо хөлсөө дуслуулж, оюун санаагаа дайчлаад хүн шиг явж байж. Дөрвөн жилийн дараа амжилтаа бататгаж олимпийн наадмын мөнгөн медаль хүртсэн. Тэр хугацаандаа үндэсний бөхийн улсын цол ч авсан. Тэрнээс хойш тэр их нэр хүндийг ашиглаж Их хуралд нэрийг нь дэвшүүлсэн, МҮОХ-ны тэргүүн гэх дипломат албанд томиллоо. Энэ нь тэр хүнийг эвдээд хаячхаж л дээ. Энэ зөвхөн Н.Түвшинбаяр гэх хувь хүний асуудал биш. Монголын ирээдүйн төлөвшил, ёс суртахууны тухай асуудал. Өнөөдөр бусдад хүлээн зөвшөөрөгдсөн амжилттай яваа манлайлагчид Н.Түвшинбаярын зам руу халтирахад бэлэн байна. Уучилж болшгүй алдаа гаргах ангалын ирмэг дээр зогсож байгаа гэдгийг энэ жишээнээс ойлгоосой.

-Унасан нэгнийг дэвсэлдэг бидний мөн чанар энэ жишээнд тод харагдаж байх шиг…

-Дахин онцолъё. Өнөөдрийн нийгмийн дүр төрх энэ жишээнд харагдаж байна л даа. Монголчуудын нүүр царай болж явсан хүн бол Н.Түвшинбаяр. Хэрэг хийснээс нь хойших байдлыг харахад өнөөдрийн бидний дүр төрх л анзаарагдаж байна. Бид хэрхэн эвдэрч, ёс суртахуунаа гээж байгаагийн илрэлийг эндээс харж болно. Сэрээтэрийн Цэрэн гэж гайхамшигтай аварга хүн байлаа. Булган аймгийн Сайхан сумын хүн л дээ. Ардын хувьсгалын 40 жилийн ойн их баяр наадамд түрүүлж, 50 жилийн ойн их баяр наадамд үзүүрлэсэн, булганчуудын бахархал болсон л хүмүүсийн тод төлөөлөл. Тэр их бөхийг цагийн цагт архиар л угжсан. Тэр дундаа Булганы Сайхан сумын улсууд архи их өгсөн гэж боддог юм. Цэрэгт хүүхэд нь явахад л “Хүүг минь тэгээрэй” гээд архи л өгнө. Хамаатан нь шоронд ороход гаргах гээд л Цэрэн аваргад архи л барина. Аваргыг олон хүүхэдтэй гээд хонь гаргаж өгч байсан тохиолдлыг би мэдэхгүй. Хүн архи авчирсан хүнээс нэг удаа татгалздаг юм байна. Хоёр удаа татгалзана. Гурав дахь дээр нь нэг аяга татна. Дөрөв дэх удаад нь шилээр нь ууна. Тав дахь дээрээс нь хэдэн шилээр нь уудаг. Ингээд л архины хамааралтай болдог юм байна.

С.Цэрэн аварга маань архи уугаад гудамжинд хэвтсэн удаагүй л дээ. Тэр эрүүл чийрэг биетэй хүн ердөө 50 хэд наслаад л тэнгэрийн оронд одсон. Н.Түвшинбаярын асуудалд ороход нөлөөлсөн гол хүчин зүйл нь архи. Энэ хэрэгтэй архи, улс төр л хамт явсан байгаа юм. Үүний уршгаар л нь хүний санаанд багтахгүй хэрэг хийж. Энэ хэргийг хэн ч цагаатгах, өмгөөлөх арга байхгүй. Саявтар ахмад багш хүүхэд зодсон асуудал гарахад бид нийгмээрээ жигшлээ. Тэр багш хүүхдэд гар хүрсэн шалтгааныг манайхан дутуу л хараад байх шиг. Шалтгаан нь хаана байна вэ?

-Таны зүгээс шалтгааныг нь яаж харж байна?

-Тэр хүн хүүхдийг сургахын төлөө чин сэтгэлтэй байгаа нь өглөө 07:00 цагт хүүхдүүдийг цуглуулж давтлага өгч байгаагаас харагддаг. Энэ их зүтгэлийг хэдэн төгрөгөөр урамшуулж байна вэ. Тэр багшийн гэрт хоол, унд байна уу, хүүхдүүдэд нь өмсөх хувцас байна уу гээд асуудлуудыг бодолцож үзэх хэрэгтэй. 30 гаруй жил ажилласан багш элбэг хангалуун, юмны ард гарчихсан байх ёстой биз дээ. Багш хүний хөдөлмөр бүрэн гүйцэд үнэлэгдэхгүй байгаа учраас ар гэрийн асуудал, гачигдал байна л даа. Нас өндөр гарсан эмэгтэй багшийн нуруунд давхар, давхар ирж байгаа биз. Тэр багш энэ олон жил ажиллаад орон сууцанд ороогүй байж болно. Гээд гээд асуудлууд нийлээд л хүүхдийн гар хурууг цохиж нүдэх хэмжээнд хүргэсэн байна шүү дээ. Гэх мэтээр асуудлын шалтгааныг л олж хараасай. Араас нь олон багш ийм асуудалд холбогдох эрсдэл харагдаж байгаа биз. Үүнтэй ижил Н.Түвшинбаярыг нийгмээрээ зүхэхийн өмнө түүнийг үүнд хүрэхэд юу нөлөөлөв гэдэг асуудалд учир шалтгааныг анзаарч хараасай гэж хүсэх юм.

-Та Н.Түвшинбаярын ээж, аавтай нь уулзав уу. Ахмад улс амьдаараа хатаж байгаа байх даа…

-Хатаж байгаа улс харааж байгаагаасаа олон байгаа болов уу. Н.Түвшинбаярын эргэн тойрны бүх хүмүүс л шаналж байгаа. Ээж, аавынх нь тухайд “Миний хүү үнэхээр буруу хэрэг хийж ээ” гэж санаад л сэтгэл нь арай өөр тийшээ чиглэж байгаа болов уу гэж санах юм. Юунаас шалтгаалж ийм аймшигтай үйл явдал болов гэдгийг ээж аав нь биднээс илүү ойлгож байгаа байх. Би ээжийг нь жаахан шар охин байх үеэс нь л мэднэ. Өвөөг нь ч сайн мэднэ. Сум орон нутгийнхан нь тэднээс нүүрээ бууруулж гадуурхаж жигшээд байгаа асуудал байхгүй ээ. Хүмүүс ч янз бүрээр л хэлэх юм. Н.Түвшинбаярын хүүхдүүдийг битгий сургуульд явуул ч гэх шиг. Аав, ээжийнх нь хийсэн хэргийг үр хүүхдэд нь үүрүүлж хэрхэвч болохгүй шүү дээ. Сургуульдаа яваад хэвийн амьдраасай. Аавынхаа бурууг ухамсарлаад зөв сайхан яваасай гэж хүсч байна.

Бүгдээрээ энэ үйлд явдлыг нэг амьсгаа аваад эргээд харъя. Бүх зүйл дээр архинаас татгалзъя. Хязгааргүй шуналаа гээе. Энэ хүн баяр баясгалан авчирч байсан бол хийсэн алдаанаас нь суралцъя. Ийм ирмэгт зогсож байгаа олон залуу бий. Н.Түвшинбаярыг, түүний гэр бүлийг зүхэхээсээ өмнө алдааг нь давтахгүй байх тал дээр илүү анхааръя л гэж уриалах байна даа.

Categories
мэдээ нийгэм

Хос төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ DNN.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд “Улаанбаатар төмөр зам” ХНН чухал үүрэг гүйцэтгэдэг. Тус нийгэмлэгийн тээврийн хэмжээ сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаа нь УБТЗ-ын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна. Ийнхүү өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэмжээтэй уялдуулан суурь бүтцээ шинэчлэх ажлыг улам эрчимжүүлэхийн зэрэгцээ гол замаа хос болгох ажлыг энэ жилээс эхлүүлж байна. Энэхүү бүтээн байгуулалтыг Замын-Үүд 2-Шаргын овоо өртөө хоорондын замыг хос болгох ажлаас эхлүүлэхээр төлөвлөжээ. ОХУ-БНХАУ-ыг холбосон гол замаа хос болгох ажлыг замын урд хэсэглэлээс эхлүүлж байгаа нь хөдөлгөөний эрчимжилт, ачааны хэмжээг тооцож үзсэнтэй холбоотой аж. Дашрамд сонирхуулахад УБТЗ нь манай улсын экспорт, импорт, орон нутгийн ачаа тээврийн 70 гаруй хувийг тээвэрлэдгээс гадна Ази-Европыг холбосон УБТЗ-ын гол замаар жилдээ 2500 гаруй транзит чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрдөг юм.

Categories
мэдээ нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: Зарим яамыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх шийдвэр гарсан DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эдийн засгийн чуулганыг нээж үг хэллээ.

Тэрбээр “Вакцинжуулалтыг цаг алдалгүй хийснээр 40 гаруй мянган хүний амийг аварсан хэмээн Эрүүл мэндийн салбарынхан хэлсэн.

Монгол Улсын нэг айл гэж бодвол бид хамтдаа 40 их наяд төгрөгийг хамтдаа бүтээж байгаа. Үүний 9.4 нь урсгал зардалд зарцуулагдаж байна. Бид орлого биш зарлагадаа л түлхүү анхаарч ирсэн. Бидний эдийн засгийн багтаамж 40 их наяд байгаа юм. Үүнийг яаж 2-3 дахин тэлэх вэ гэдэг нь Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн агуулга юм.

Бид 2030 онд хангана гэж харж байсан боломжийг 2-3 жилд бүтээх боломжтой. Эдийн засгийн чуулганыг Монгол Улсын түүхэнд үлдэх арга хэмжээ байгаасай гэж хүсэж байна.

ХАА, газар тариалангийн салбартай холбоотой томоохон өөрчлөлт хэрэгтэй байгаа. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлж, 2023 оны эхний хагас жилээс бүтэн хүчин чадлаар ажиллах тооцоо бий. Энэ нь олон улсад Монгол Улсыг хөрөнгө оруулагчтайгаа хамтарч, тогтвортой ажиллаж чаддаг гэх ойлголтыг харуулж чадсан болов уу. Гүний уурхайн аргаар олборлолт хийж эхэлснээр экспортыг 2 дахин тэлж, агууламжийн хувьд өөрчлөлт гарна. Мөн 2023-2027 онд бүтэн ашиглалтад орсноор Монгол Улс зэс нийлүүлэгч дэлхийн эхний 5 нийлүүлэгчийн нэг болно. Оюутолгой компани болон хөрөнгө оруулагч нартай нийлж зэс боловсруулах үйлдвэр барих зэрэг төслүүдэд хамтын ажиллагааг өрнүүлж байна.

Цаашдаа бид “Эрдэнэт” зэсийн ордыг иж бүрэн ашиглах, газрын тосны үйлдвэрийн ажлыг эрчимжүүлэх, нүүрсний ордуудыг иж бүрэн ашиглах, угаах үйлдвэр барих, аж үйлдвэрлэлт технологийн парк цогцолбор барих зураг төсвүүдийг хийж байгаа. Цар тахалтай байсан ч Засгийн газар зураг төсөв болон ТЭЗҮ боловсруулах боломжтой байсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Өнгөрсөн хугацаанд Барилга, хот байгуулалтын яам болон бусад яамд ТЭЗҮ-д бүх цагаа зарцуулсныг хэлэх хэрэгтэй байх. Монгол Улс зураг, төсөв, ТЭЗҮ-гээр баян болсон гэдгийг хөрөнгө оруулагч нарт тэмдэглэн хэлье.

Хотын асуудлыг шийдэх нь хөдөөгийн хөгжил юм. Хөдөө хөрөнгө оруулалт хийх цогц эрхзүйн шинэчлэлтийг хийнэ гэж үзэж байна. Ингэснээр төвлөрөл багасна хэмээн тооцож байна.

Хөшигийн хөндийг дагуул хот болгон хөгжүүлэхээр гаднын мэргэжилтнүүдтэй ТЭЗҮ-ийг хийхээр ажиллаж буй юм. Төр захиргааны байгууллага буюу засгийн газрын зарим яамыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх Засгийн газрын шийдвэрийг Ерөнхий сайдын хувьд гаргасан. Нийслэлийн байр Яармаг руу нүүсэн. Ингээд дэд бүтэц хоорондоо холбогдол үйл явцыг богино хугацаанд хийнэ.

Хамгийн сүүлд тулгууртай, хөнгөн галт тэрэг Монголд хамгийн их тохирно гэдэг шийдэлд хүрсэн. ТЭЗҮ гарсан. Үүнийг УИХ-д нээлттэй оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Татварын болон, эрхзүйн томоохон асуудлууд үүнийг дагаж шийдвэрлэгдэх ёстой” гэлээ.

Ц.ОРГИЛМӨНХ

Categories
мэдээ нийгэм

Д.Сүндий нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэнэ DNN.mn

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Сүндий, Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг өчигдөр хэлэлцлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а-д Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүтэй тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр заасны дагуу уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

Эх сурвалж: Улсын Дээд шүүх