Categories
мэдээ нийгэм

Л.Энх-Амгалан: Багш нараас уучлалт гуйж байна || DNN.mn

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2022.03.10/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр “Сайн багш өндөр цалинэ авч, муу багш бага цалин авдаг тогтолцоо руу шилжих шаардлагатай” хэмээн мэдэгдсэн.

Эл мэдэгдлээс нь үүдэж нийгэмд багагүй талцал маргаан үүсч, багш нарын гомдоох нөхцөл байдал ч үүссэн. Тэгвэл Л.Энх-Амгалан сайд дээрх мэдэгдэлдээ уучлал хүссэн байна.

Тэрбээр, “Сурлагын ахиц гаргаж байгаа багш өндөр цалин авна. Тодорхой үр дүн харагдахгүй байгаа багш бага цалин авна гэдэг ажлын үр дүнд суурилсан тогтолцоо хамгийн зөв хандлага, шударга жишиг тогтооно. Багшийн ажлын үнэлэмж өндөр байх ёстой…Гэхдээ хамгийн шударга зарчим бол үр дүнд суурилсан цалингийн тогтолцоо. Багшийн цалингийн доод жишгийг Засгийн газар баталсан. Одоо шатлалаар биш үр дүнгээр цалин нэмэгдэнэ. Харин хэвлэлд ярилцлага өгөхдөө багш нараа сайн, муугаар нь ялгаж байгаа мэт ойлгогдохоор ярьсандаа уучлалт хүсье. Алдаа гаргасан бол залруулж, буруугаа хүлээх нь ёс зүйн хүлээх ёстой үүрэг минь юм” хэмээсэн байна.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Ц.Содномдорж: Миний зүгээс хэнийг ч допингийн шинжилгээнд хамруулах хүсэлт гаргаагүй. Надад тийм эрх байхгүй || DNN.mn

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын арслан Ц.Содномдоржийн зүгээс улсын даян аварга Н.Батсуурь, улсын гарьд М.Бадарч, улсын харцага Н.Золбоо, аймгийн заан Ц.Бямба-Отгон нарыг допингийн шинжилгээнд хамруулах хүсэлт гаргасан гэх мэдээлэл гараад буй ч тухайн мэдээллийг улсын арслан Ц.Содномдоржийн зүгээс эрс үгүйсгээд байгаа юм. Үүсээд буй нөхцөл байдлын талаар түүнээс тодруулга авлаа.


-Арслан сайхан хаваржиж байна уу?

-Сайхаан. Сайхан хаваржиж байна уу.

Бэлтгэл сургуулилт жигдэрч байна уу?

-Өнгөрсөн зун болсон наадмын үеэр хөлөө нэлээн хүнд бэртээсэн. Цаг тухайд нь эмчилгээ хийлгээд илааршиж байна. Цаашид заал танхимын барилдаануудад зодоглоод явах төлөвлөгөөтэй байгаа. Бэртэл гэмтлийн улмаас хэдэн сарын хугацаанд дэвжээнд гарсангүй. Энэ оны эхнээс л төлөвлөгөөт барилдаануудад оролцоод явж байна. Дэвжээгээ ч санасан байна. Надад бөх барилдах шиг аз жаргал байдаггүй юм шүү дээ.

Болж л өгвөл заалны барилдаанууддаа зодоглоод үзэгч олноо баясгаад явахыг хичээдэг юм. Үндэсний бөх амар биш спорт. Жижиг хэмжээний бэртэл гэмтэл авна. Тэр бүр тогтмол барилдахад төвөгтэй байх юм. Ямартаа ч барилдаан бүрт л зогсож байхыг боддог.

-Таны зүгээс Улсын даян аварга Н.Батсуурь, улсын гарьд М.Бадарч, улсын харцага Н.Золбоо, аймгийн заан Ц.Бямба-Отгон нарын бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулах хүсэлт гаргасан гэх мэдээлэл нийтэд тараад байна. Та дээрх бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулж, зардлыг нь хувиасаа даана гэх хүсэлт гаргасан юм уу?

-Хэн, хаанаас ийм мэдээлэл цацсаныг нь мэдэхгүй юм. Би тийм хүсэлт гаргаагүй. Допингийн эсрэг үндэсний байгууллага дан ганц миний хүсэлтээр очоод бөхчүүдээс шинжилгээ авна гэж байхгүй шүү дээ. Надад тийм эрх ч байхгүй. Олон нийтийн зүгээс бол Ц.Содномдорж арслан л бөхчүүдийг шинжилгээнд хамруулах хүсэлт гаргаж гэх ойлголттой байх шиг. Албан ёсоор мэдэгдье. Миний зүгээс хэнийг ч шинжилгээнд хамруулах хүсэлт гаргаагүй. Нийтэд тараад буй мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг хүсье. МҮБХ-ны зүгээс л хүсэлт гаргаж бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулах боломжтой гэх байр суурийг илэрхийлж байна.

Ц.Содномдорж арслангийн тухайд өнгөрсөн оны наймдугаар сард зохион байгуулагдсан МЗХ-ны 100 жилийн ойд зориулсан барилдааны гурвын даваанд улсын арслан Э.Оюунболдод амлуулж барилдах үеэрээ түүнийг допингийн шинжилгээнд хамруулах хүсэлт гаргасан байдаг. Улмаар Э.Оюунболдоос допингийн төрлийн бодис илэрч МҮБХ-ны зүгээс барилдах эрхийг нь найман жилээр хасах шийдвэр гаргаад байгаа юм. Мөн улсын гарьд М.Бадарчийн зүгээс дээрх мэдээлэлтэй холбоотойгоор хувийн байр сууриа илэрхийлэхдээ “Миний зүгээс шинжилгээнд хамрагдахад татгалзах зүйл огт байхгүй. Допингийн шинжилгээ өгөхөд бэлэн байна” гэх байр суурийг илэрхийсэн.

Ц.Содномдорж Улсын даян аварга Н.Батсуурийг барилдахаар бүртгүүлсэн байхад нь удаа дараа эсэргүүцсэн байр суурийг илэрхийлж байсан юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Манай улсын нийт гадаад өр өмнөх оноос 1 тэрбум ам.доллароор өсчээ || DNN.mn

Нийт гадаад өрийн 37.0 хувь буюу 12.3 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 24.8 хувь буюу 8.2 тэрбум ам.доллар нь бусад салбарынх, 25.6 хувь буюу 8.5 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 7.7 хувь буюу 2.6 тэрбум ам.доллар нь Төв банкных, 5.0 хувь буюу 1.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.

Улсын нийт гадаад өр өмнөх оноос өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 866.3 (7.6%) сая ам.доллар, Төв банкных 342.1 (15.4%) сая ам.доллар, Төвбанкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 19.9 (1.2%) сая ам.доллароор тус тус нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Харин Засгийн газрын гадаад өр 167.6 (1.9%) сая ам.доллар, бусад салбарынх 32.2 (0.4%) сая ам.доллароор буурчээ.

Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймагт нэгнийгээ буудаж хөнөөсөн хэрэг гарчээ || DNN.mn

Хэнтий аймгийн Батноров суманд 32 настай эрэгтэй 40 настай эрэгтэйг буудаж хөнөөсөн хэрэг гарчээ.

Тодруулбал, гуравдугаар сарын 8-нд 11.00 цагийн үед хэрэг гарсан байна. 32 настай эрэгтэй Л нь 40 настай эрэгтэй Т-г хэвлийн тус газарт нь нэг удаа буудаж хөнөөсөн аж. Гэмт хэргийн шалтгаан тодорхой болоогүй байгаа бөгөөд Хэнтий аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Иргэд та бүхнийг галт зэвсэгтэй анхаарал болгоомжтой хандахыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүллээ.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёл || DNN.mn

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль маш өрсөлдөөн дуулиан, шуугиантай болж өндөрлөв. Гол өрсөлдөгч Юн нэр дэвшигч санхүүгийн луйвар хийсэн эхнэрээсээ болж хэл аманд өртөн ард түмнээсээ уучлалт гуйсан бол Ли хууль бусаар мөрийтэй тоглосон хүүгийнхээ өмнөөс уучлалт гуйхад хүрсэн билээ. Ийнхүү сонгууль өндөрлөж Консерватив сөрөг хүчний намаас Юн Сук Ёл, Либерал ардчилсан намаас Ли Жэ Мюн нар үзүүр, түрүү булаалдан ширүүхэн өрсөлдсөний эцэст Юн Сук Ёл ялимгүй зөрүүгээр ялалт байгуулжээ.

Тус улсын Үндэсний сонгуулийн хороо Юн Сук Ёл 48.56 хувийн санал, Ли Жэ Мюн 47.83 хувийн санал тус тус авсан болохыг мэдээлэв. Өрсөлдөгчдийн хооронд 0.73-хан хувийн зөрүү гарсан нь урьд өмнө байгаагүй өрсөлдөөнтэй сонгууль болсон гэсэн үг юм.

Эрх баригч намаас нэр дэвшигч Ли Жэ Мюн ялагдлаа хүлээн зөвшөөрч, Юнд баяр хүргэсэн байна. Ийнхүү Юн Сук Ёл шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон нь Өмнөд Солонгосын цаашдын гадаад бодлого, тэр дундаа Хойд Солонгостой харилцах харилцаа, нийгмийн халамж, үл хөдлөх хөрөнгийн бодлого зэрэгт ихээхэн өөрчлөлт авчрах нь тодорхой хэмээн гадны хэвлэлүүд бичиж эхлэв. Учир нь тэрээр үндэсний аюулгүй байдлын талаар хатуу байр суурь баримталж ажиллахаа мэдэгдсэн бөгөөд Хойд Солонгосын түрэмгийллийг таслан зогсоохын тулд АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг улсдаа байрлуулна гэж амласан юм. Мөн ерөнхийлөгч асан Мүний засгийн газрын хамгийн том бүтэлгүйтлүүдийн нэг гэж хэлж болох үл хөдлөх хөрөнгийн бодлогыг голчлон анхаарч ажиллана гэсэн юм. Энэхүү амлалтын хүрээнд ирэх таван жилд 2.5 сая орон сууц нэмж иргэдийнхээ хэрэгцээнд нийлүүлэхийн зэрэгцээ үл хөдлөх хөрөнгийн татварыг бууруулахаа амласан. Түүний амлалтуудаас хамгийн их маргаан дагуулж буй нь Хүйсийн эрх тэгш байдал, гэр бүлийн яамыг татан буулгаж оронд нь хүүхэд, гэр бүл, хүн ам зүйн асуудалд хариуцсан шинэ яам байгуулна гэсэн явдал билээ.

“Бид, БНСУ-ын ард түмэн бол нэгэн цул зүйл юм. БНСУ-ын иргэд бүс нутаг, анги давхаргаас үл хамааран тэгш эрхтэй бөгөөд хаана ч байсан тэдэнд шударга ёс үйлчлэх ёстой. Миний бие үндэсний нэгдмэл байдлыг эн тэргүүнд тавих болно” гэж тэрбээр Үндэсний ассамблейн намын төлөөлөгчдийн өмнө үг хэлэх үеэрээ мэдэгдэж байсан билээ. Өдгөө 61 настай тэрбээр сонгуульд ялснаа “Агуу ард түмний ялалт” хэмээн тодорхойлов.

Юн Сук Ёл нь 2019-2021 оны хооронд буюу Мүн Жэ Инийн үед Өмнөд Солонгосын ерөнхий прокуророор ажиллаж байсан. Чухамхүү энэ хүн ерөнхийлөгч асан Пак Гын Хэг эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр яллахад гол үүрэг гүйцэтгэсэн билээ. Ийнхүү сөрөг хүчний намаас шинэ ерөнхийлөгч тодорсон нь Өмнөд Солонгосын улс төрд том өөрчлөлт авчирна гэж ажиглагчид үзэж байна. Түүний нам ерөнхийлөгч асан Пак Гын Хэг огцруулснаас хойш дахин нэгдэхийн төлөө шаргуу тэмцэж байсан учир энэ ялалт намынх нь хувьд гайхалтай амжилт болов. Шинээр сонгогдсон Юн ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийн засгийн газрын авлигын хэргийг шалгах кампанит ажил өрнүүлж, улс гэрээ бохир улс төрөөс цэвэрлэх төлөвлөгөөтэй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа юм.

Энэ удаагийн сонгуульд санал өгөх эрхтэй 44 197 692 сонгогчийн 34 071 400 нь санал өгснөөр сонгогчдын ирц 77.1 хувьд хүрчээ. Энэ нь 2017 оны сонгуулийнхаас /77.2 хувь/ үл ялиг буурсан үзүүлэлт болсон байна.

Харин 2013 онд баталж, 2014 оны сонгуулиас нэвтрүүлсэн урьдчилсан санал хураалтад сонгогчдын 36.93 хувь нь саналаа өгсөн нь түүхэн дээд үзүүлэлт болсноос гадна өмнөх ерөнхийлөгчийн сонгуулийнхаас 10 гаруй хувиар өсчээ. Энэхүү санал хураалт гуравдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд болсон юм.

БНСУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Юн Сок Ёл ирэх тавдугаар сарын 10-ны өдөр тангараг өргөх юм.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлыг зарлав || DNN.mn

Орос улс “Украины нутаг дэвсгэр дээрх цэрэг-биологийн салбарын үйл ажиллагааг хэлэлцэхийн тулд” НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг зарлан хуралдуулах хүсэлт гаргажээ. Энэ талаар НҮБ-ын дэргэдэх Оросын төлөөлөгчийн орлогч Дмитрий Полянский Твиттер хуудсандаа бичсэн байна.

Америкчууд Украинд цэргийн биологийн лаборатори байгуулсан гэж Оросын тал олон жил буруутгаж байгаа юм. Харин саяхан энэ талаар Оросын Батлан хамгаалах яам энэ төрлийн лабораториуд байдгийг гэрчлэх баримт олсон хэмээн мэдэгдэж, үүний араас ОРосын ГХЯ болон бусад байгууллагууд энэ талаар мэдэгдэл хийж байлаа.

Тухайлбал, Оросын цэргүүд Украинд химийн лабораториуд олсон, эдгээр нь Оросын нутаг дэвсгэр рүү шувуугаар дамжуулан өвчин тараах зорилготой байсан байж болзошгүй гэж үзэж байгаагаа Оросын Цацраг, химийн аюулгүй байдлын цэргийн хүчний дарга Игорь Кириллов мэдэгдсэн юм. Түүний өгүүлснээр Киев, Харьков, Одессийн лабораториудыг оролцуулсан UP-4 төслийн хүриээнд украинчууд H5N1 шувууны ханиад, Ньюкаслын өвчин зэргийг шувуугаар дамжуулан тараахаар судалж байсан гэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Худалдааны салбарын борлуулалтын орлого 26 хувиар нэмэгджээ || DNN.mn

Худалдааны салбарын борлуулалтын орлого 2021 онд 27.8 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 5.7 их наяд төгрөг буюу 26 хувиар нэмэгдлээ.

Үүнд хүнсний бүтээгдэхүүн, шатахууны бөөний болон жижиглэн худалдаа, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийх бөөний худалдаа, эм, гоо сайхан, ариун цэврийн барааны жижиглэн худалдаа нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Худалдааны салбарын борлуулалтын орлого 2021 оны 12 дугаар сард 3.7 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 1 (38.8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. Худалдааны салбарын 2021 оны борлуулалтын орлогын 38.5 хувь нь бөөний худалдаа, 61.5 хувь жижиглэн жижиглэн худалдааны салбарт ногдож байна.

Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 2021 онд 17.1 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 3.3 (24.2 хувь) их наяд, бөөний худалдааны борлуулалтын орлого 10.7 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 2.4 (29 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.

Худалдааны салбарын борлуулалтын орлого 2021 оны 12 дугаар сард өмнөх сарынхаас 1 их наяд төгрөгөөр нэмэгдэхэд төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийх бөөний худалдаа, хүнсний бөөний болон жижиглэн худалдаа, моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн жижиглэн худалдаа, шатахууны жижиглэн худалдаа нэмэгдсэн нь нөлөөлсөн аж. Худалдааны салбарын борлуулалтын орлогын 83.8 хувь нь нийслэлд ногдож байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Улаанбаатар хотын худалдааны салбарын борлуулалтын орлого 2021 онд 23.3 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 4.8 (26.2 хувь) их наяд төгрөгөөр ихэссэн байна. Худалдааны салбарын борлуулалтын орлого аймгуудад 7.7-55.2 хувиар нэмэгджээ.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн удирдлагууд иргэдийг хүлээн авч уулзах хуваарь || DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нийслэлийн удирдлагуудын иргэдтэй уулзах хуваарийг танилцуулав.

Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва нар сар бүрийн эхний долоо хоногт иргэдтэй уулзана.

Харин Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар нар сар бүрийн хоёр дахь долоо хоногт иргэдтэй уулзах юм.

Мөн Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн, Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр нар сар бүрийн гурав дахь долоо хоногт, Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд нар сар бүрийн дөрөв дэх долоо хоногт иргэдтэй уулзахаар хуваарь гаргажээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Бямбажаргал: Дайнаас хамгийн их хожих нь АНУ, Хятад. Монголд ч таатай нөхцөл үүсч мэднэ || DNN.mn

Улс төр судлаач Л.Бямбажаргалтай дайны үр нөлөөний талаар ярилцлаа.


-Орос Украины дайныг дэлхийн улс орнууд олон талаас нь хэлэлцэж байна. Хоёр улсаар тогтохгүй энэ дайны үр нөлөө олон улсад ямар хэмжээнд, ямар байдлаар гарах бол. Монголд нөлөөлөх үү?

-Хамгийн түрүүнд онцолж хэлэхэд, аль ч тохиолдолд дайныг зөвтгөж болохгүй. Нийгэм, хүмүүнлэг ёсны үүднээс дайныг хүлээн зөвшөөрөх аргагүй. Монгол Улсын хувьд хэд, хэдэн онцлог бий. Үүний нэг чухал онцлог нь манайх газар зүйн байрлалын хувьд хоёр том хөрштэй. Хоёр хөрш хоёулаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын гишүүн таван орны хоёр нь. Энэ таван улсын аль нэг нь санал өгөхгүй бол НҮБ-ын аливаа шийдвэр гардаггүй зарчимтай. Тэгэхээр манай улсын аюулгүй байдлын хувьд энэ хоёр улсыг даваад манайд үзүүлэх гадны шууд нөлөө, халдан довтлох улс одоохондоо байхгүй. Нөгөө талаар энэ хоёр улс хоорондоо үл ойлголцох, цаашлаад янз бүрийн юм боллоо гэхэд олон улсын зүгээс манай улсыг хамгаалж чадах эсэх нь маш эргэлзээтэй. Монголоос болж энэ хоёр улстай хэрэлдэнэ гэдэг аль ч улсад бараг боломжгүй зүйл. Учир нь энэ хоёр улс хоёулаа их өвөрмөц улс.

-Ямар талаас нь та хэлж байна?

-Үндсэндээ хүн төрөлхтнийг түүхий эдээр хангаж байгаа гол улс нь манай хойд хөрш. Нефть, хий, атомын цахилгаан станц, уран, ган, никель, газрын ховор элемент, бүр больё гэхэд улаанбуудайн гол экспортлогч орон. Улаанбуудайн экспортоор Орос дэлхийн экспортын 20 хувийг дангаар эзэлж байдаг. Хойд Америкийн хоёр орон болох Америк, Канад хоёулаа нийлээд Оростой тэнцүү шахуу.

Тэгэхээр Оросын эсрэг хориг тавина гэдэг баян орны иргэд талхны үнэ нэмэгдэхэд тоохгүй байлаа ч улаанбуудай тариалдаггүй Экваторын бүсийн орнууд, жишээ нь Африкийн орнуудад талхны үнээр энэ дайны төлбөрийг төлнө. Тийм учраас дайн гэдэг бол нэг улсынх биш, нэг хориг тавихад Орос бараагаа зарж чадахгүй гэдэгтээ ч биш, ерөөсөө хүн төрөлхтөн бүгд л дайны төлөөсийг төлж таарна.

НХАУ-ын хувьд?

-Урд хөршийн хувьд эдийн засгийн өсөлт өндөр яваа, миллярьд хүн амтай улс. Энэ хөршийн гол онцлог бол юмханаар юм хийж чаддаг. Энэ хоёр улс нэгдмэл байр суурьтай байхад гадны ямар ч орны хоригийг даваад гарчих эдийн засагтай. Нэгэнд нь байгалийн баялаг байна, нөгөөд нь үйлдвэрлэх хүчин байна.

Түүнээс гадна АНУ дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж байна л гэж байгаа. Гэтэл АНУ пуужингийн хөдөлгүүрээ ОХУ-аас авдаг. Гэтэл ОХУ пуужингийн хөдөлгүүр дээрээ хориг тавьчихлаа. Оросууд Америкийг “Шүүрээ унаад нисээрэй” гэж байгаа нь бид хөдөлгүүрээ өгөхгүй гэсэн үг. Тэгэхээр Оросын хөдөлгүүргүйгээр Америк ямар ч зөөгч пуужин хөдөлгөж чадахгүй болно. Үүгээр зогсохгүй АНУ цэвэршүүлсэн ураныг ОХУ-аас авдаг. Энэ нь АНУ-ын зах зээлийн нэлээд том хувийг эзэлдэг. Үүн дээр ч хориг тавьж байна.

-АНУ-д том цохилт болж байгаа болов уу?

-Эсрэгээрээ хамгийн их хожих улс нь АНУ. Хоригоос болж АНУ дотооддоо цэвэршүүлсэн уран, пуужингийн хөдөлгүүрээ бүтээхийг эрмэлзэнэ.

Нөгөөтэйгүүр газрын тосны үнэ 20 ам.доллар байхад Арабын орнуудад ашигтай, 40 болж байж ОХУ-д ашигтай болдог, 60-аас дээш байж АНУ-д ашигтай болдог тухай эдийн засагчид ярьдаг. Тэгэхээр АНУ-д газрын тосны үнэ өндөр байх нь ашигтай гэсэн үг. Аль ч асуудлыг аваад үзэхэд хоёр талтай. Дайны үеийн хориг арга хэмжээнүүд хоёр талдаа адилхан үр дагавартай. Мэдээж дайн бол хохиролтой, энэ дундаас хамгийн их хожих нь АНУ.

Ганц АНУ-аар тогтохгүй Хятадад ч ашигтай. ОХУ-аас олон улсын компаниуд гарсаар байгаа. Тэр орон зайг Хятад нөхөхийг эрмэлзэнэ. Харин хамгийн их хохирч үлдэх улс бол Европын холбоо.

Тэгвэл Монголд ирэх үр нөлөөний талаар ярихгүй юу?

-Оростой манайх ам.доллараар наймаа хийдэг. Ам.долларын ханш өсчихөөд байгаа учраас ханш дагасан нөлөөлөл орж ирнэ. Хэрэв рублиэр наймаа хийдэг байсан бол Монголд ашигтай байх байсан.

-Эерэг нөлөөлөл бий болох боломжтой юу. Хятад, АНУ-д боломж бий гэж та хэллээ шүү дээ?

-Манайх Оростой адилхан экспортлогч орон. Манай зардаг нүүрс, зэс, алтны үнэ өсч байгаа. Бага ч гэсэн нефть зардаг. Нефть ч өсч байна. Яг л адилхан, дэлхийн зах зээл дээр юмны үнэ өсч байгаа нь манайд ч нөлөөтэй.

Мөн манай Засгийн газраас барьдаг хатуу бодлого байдаг. Гол нэрийн бүтээгдэхүүнээрээ дотоодоо хангана гэдэг. Энэ утгаараа талх гурилан бүтээгдэхүүний үнэд нөлөөлөхгүй, цахилгааны үнэ өсөөд сүйд болно гэсэн айдас байхгүй. Манай дулааны цахилгаан станцууд бүгд өөрсдийнхөө нүүрсээр хангадаг. Тэнд дэлхийн зах зээл хэд ч болсон хамаагүй. Манайх жижиг улс ч гэсэн энэ хэмжээндээ өөрсдийгөө аваад явчихаж байгаа. Нэг ёсондоо давуу тал гэж харж болно.

-Яг дайнаас үүдэлтэй бий болох таатай нөхцөл харагдаж байна уу. Муу зүйлд эерэг тал байдаг гэдэг?

-Миний харж байгаагаар “SWIFT” буюу олон улсын банк хоорондын мессэж үйлчилгээний системээс ОХУ-ыг хасчихсан шүү дээ. Одоо бол Орос наймаагаа рублиэр хийнэ гэж шахах байх.

Өнөө маргаашгүй ОХУ-ын ерөнхий сайд хямралын үед авах арга хэмжээний жагсаалт гаргаж зарлах гэж байна. ОХУ өөрөө банкны дотоод системтэй. Хятад ч ийм системтэй. Орос, Хятад хоёр энэ системээ холбочих юм бол нэг сайн тал нь бүдүүлгээр яривал манайх нүүрсээ юаниар зарчихаад ам.долларт хөрвүүлээд Оросоос бензин авдаг явдал зогсоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, рубль, юаниар шууд худалдаа хийнэ. Ядаж ОХУ-д рублийн ханш унахад манайд бензин навсайтал хямдарна.

-Дайны тухай сэдэв монголчуудад ихээхэн сонирхолтой, ам уралдан өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Ерөөс дайны үеийн сэтгэхүй гэдэг их чухал бололтой?

-Монголчууд хэдэн үеэрээ дайн үзээгүй байгаа ард түмэн. Тийм учраас дайны үеийн сэтгэхүй гэж айхтар зүйл байдаг. Өөрөөр хэлбэл, хэрэлдэж байгаа хоёр хүнийг хөндлөнгөөс хараад “Ингэж хэрэлдэж яадаг байна аа” гэж боддог байхад яг байлдаж байгаа хүмүүсийн сэтгэхүй өөр болчихдог. Тийм учраас дайнаас өмнө Украины ерөнхийлөгчийн нэр хүнд бага байсан бол одоо нэмэгдэж байна. Магадгүй хэсэг хугацааны дараа Путины нэр хүнд унаж байгаад өсөхийг үгүйсгэхгүй.

Тийм болохоор дайны сэтгэл зүй гэдэг их онцлог. Альбер Камюгийн “Тахал” гээд номонд тахлын үеийн олон нийтийн сэтгэл зүй яаж өөрчлөгддөг талаар бичсэн байдаг. Манайд ч сая ковидын үед олон нийт сонин байдалтай, стресстэй сонин байлаа шүү дээ. Одоо бол хэр баргийн юмыг тоохоо больж байна. Тэгэхээр дайны үеийн сэтгэхүй гэдгийг манайх шиг тайван, дайн үзээгүй ард түмэн мэдэхгүй. Тийм учраас шүүж, ийм тийм гэж, нэг талд нь орох гэх мэтээр янз бүрээр үзэж байх шиг байна.

-Хилийн чанадад дайн болж байна. Бид өнгөц, хөнгөн дүгнэж байна гэж та хэллээ. Магадгүй бид ийм нөхцөл байдалд бэлэн байх шаардлагатайг үгүйсгэхгүй. Тэгвэл яах ёстой вэ?

-Бид хэдэн үеэрээ дайн үзээгүй учраас дайны үеийн сэтгэхүй байхгүй. Дайнч сэтгэхүй бэлдэнэ гэсэн зүйл ч байхгүй. Манайхан үзээгүй юмандаа хөөрнө гэгчээр зурагтаар байлдаантай кино үздэг шигээ Орос, Украины дайныг ойлгоод байгаа. Гэтэл бодит байдал тийм биш. Тийм учраас дайнд бэлдэнэ гэдэг ойлголт монгол хүнд зохих ч үгүй, байж ч болохгүй. Толгойноосоо авч явах ёстой. Харин ийм хямралыг яаж давж гарах вэ гэж ярьж болно.

-За тэгье. Нэг талаар энэ дайн ямар сургамж үлдээж байна вэ гэж асууж болох юм?

-Дэлхийн банк санхүүгийн байгууллага гэдэг чинь тийм найдвартай биш юм байна гэдгийг харж байна. Манай улс алттай, Лондонд хадгалуулчихсан гээд пээдэлзэж байтал “Май чи” гээд крантаа хаачихвал алтаа авч чадахгүй болох нь. Тиймээс санхүүгийн хоёр гурван эх үүсвэртэй байх ёстой юм байна.

Мөн сүүлийн үед мэдээллийн аюулгүй байдлын асуудал маш их хөндөгдөж байна. Трамп жагсаал хийнэ гэхэд л твиттер Трампыг насанд туршид нь хаачихлаа. Цагаа тулахад хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээ хэзээ ч зогсож мэдэх нь. Дээр нь харилцаа холбооны салбартаа анхаарах ёстой нь харагдаж байна. Эрчим хүчний бие даасан байдал, дотоодын үйлдвэрлэлээ ч хангах ёстойг хэлэх ёстой.

Манайд Цахим хөгжлийн яам гээд л байгуулагдаж байна. Дайны үеийн нөхцөл байдлаас харахад бид хэт цахимжиж, гадны технологийн хараат болох тусам болгоомжтой хандах ёстой. Үндэсний банкны системтэй болох асуудал энд хөндөгдөж болох юм.

Categories
мэдээ цаг-үе

​МИАТ: Маргааш Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ || DNN.mn

МИАТ ТӨХК маргаашаас Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхлэхээр болсноо мэдэгдлээ.

Нислэг нь алслалт өндөртэй В767-300 агаарын хөлгөөр зогсолтгүй үйлдэх юм байна.

Нэмэлт мэдээлэл өгөхөд, ОХУ, Украин Улсын хооронд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Европын Холбоо болон Англи улсаас авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний хүрээнд ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэж буй аливаа агаарын хөлгүүдэд давхар даатгал үйлчлэхгүй болсон юм.

МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгүүд нь Англи улсын компанид давхар даатгалтай байдаг тул Европын чиглэлийн нислэгүүдийнхээ аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг өндөр түвшинд хангах зорилгоор 2022 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн ОМ137/ОМ138 дугаарт Улаанбаатар – Москва – Франкфурт – Москва – Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн нислэгийн маршрутад өөрчлөлт оруулж байв.