Categories
мэдээ нийгэм

Энэ оны эхний хоёр сард 2735 иргэн гэрлэлтээ бүртгүүлжээ || DNN.mn

Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны эхний хоёр сарын нэгдсэн статистик мэдээллийг гаргасан байна. Монгол Улсын нийт хүн амыг хамарсан иргэний бүртгэлийн мэдээлэлд дурдсанаар

  • Шинээр 2,735 иргэн гэрлэлтээ бүртгүүлсэн бол
  • 659 иргэн гэрлэлтээ цуцлуулсан байгаа юм.

Энэхүү тоон мэдээлэл өнгөрсөн оны мөн үед ямар байсныг танилцуулбал,

  • 4,720 иргэн гэрлэлтээ бүртгүүлсэн
  • 507 иргэн гэрлэлтээ цуцлуулжээ.

Хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллээс харахад, энэ оны эхний хоёр сард шашны зургаан байгууллага бүртгэлд оржээ.

Түүнчлэн хэвлэл мэдээллийн хоёр компани байгуулагдсан байна.

Харин эд хөрөнгийн бүртгэлийн мэдээлэлд дурдсанаар 8,287 худалдах, худалдан авах гэрээ, 1,930 бэлэглэх гэрээг хийжээ.зураг

зураг

зураг

Categories
мэдээ цаг-үе

Менингококкийн вакциныг ХӨСҮТ-д хийж байна || DNN.mn

Манай улсад вирусаар халдварладаг менингококк буюу менингит өвчний тархал т бүртгэгдээд байна. Уг өвчний халдвар хүйтний эрч суларч дулаан орох үед буюу хаврын улиралд ихэсдэг байна.

Халдвар авсан үед үнэрлэх эд, эрхтэн болон цусаар дамжин төв мэдрэлийн системд халддаг. Халдварын шинж тэмдэг нь тайван бус болох, өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, дотор муухайрахгүйгээр бөөлжих, арьс, сонсгол, хараа хэт мэдрэг болох, дагзны булчин хөших, шөрмөс татаж, үе мөч салганах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Мөн хүүхэд шалтгаангүйгээр өндөр халуурвал яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг ХӨСҮТ-ээс зөвлөж буй.

ХӨСҮТ-д ажлын өдрүүдэд 08:30-14:30 цагийн хооронд менингококкоос сэргийлэх вакцин хийж эхэлжээ. Вакциныг хоёроос дээш настай бүх хүн сайн дураараа 22 мянган төгрөгөөр хийлгэх боломжтой аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Еврогийн бүсийн инфляци энэ онд 5 хувиас давна || DNN.mn

Европын Төв банк Украинд болж буй дайн, эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ хурдацтай өсөж байгаатай холбогдуулан еврогийн бүсийн инфляцын талаарх таамаглалаа эрс өсгөв.

Энэ онд инфляцын дундаж түвшин 5.1 хувьтай байна гэж Европын Төв банк гуравдугаар сарын 10-ны пүрэв гарагт мэдээлсэн байна. Өнгөрсөн 12 дугаар сард Европын Төв банк 2022 онд еврогийн бүсийн инфляцыг 3.2 хувьтай байна гэж таамаглаж байжээ.

“Орос, Украины дайн болон үүнээс үүдэлтэй эрчим хүч, түүхий эдийн үнийн өсөлт болон олон улсын худалдааны саатал нь эдийн засгийн идэвхжил, инфляцад мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ. Энэхүү сөрөг нөлөөллийн цар хүрээ мөргөлдөөн цаашид хэрхэхээс шалтгаална” гэж Европын Төв банкны дарга Кристин Лагард мэдэгдсэн байна.

Европын Төв банкны шинжээчид энэ онд еврогийн бүсийн ДНБ-ий өсөлтийг ердөө 3.7 хувьтай байна гэж таамаглаж байна. ДНБ энэ онд 4.2 хувиар өсөх төлөвтэй байна гэж тус банк өнгөрсөн 12 дугаар сард мэдээлж байв.

Categories
мэдээ нийгэм

“Эхчүүдээ хайрлая” төсөлд 2000 эмэгтэйг хамруулжээ || DNN.mn

“Эхчүүдээ хайрлая” төсөлд нөхөн үржихүйн насны 2000 орчим эмэгтэйг хамруулаад байна.

1990 оноос өмнө төрсөн нийт эмэгтэйчүүд В вирусний дархлаажуулалтад хамрагдаагүй байдаг аж. Дорнод аймгийн хэмжээнд нөхөн үржихүйн буюу 31-40 насны 6292 эмэгтэй бий. Дээрх эмэгтэйчүүд жирэмсэлж, хүүхэд төрүүлэх насных учир нөхөн дархлаажуулах зайлшгүй шаардлагатай байсан гэдгийг мэргэжлийн эмч нар онцолж байлаа. Тиймээс ОНХС-гийн хөрөнгөөр 2020, 2021 онд 31-40 насны 1850 эмэгтэйг шинжилгээнд хамруулж, В вирусний халдваргүй нь тогтоогдсон эмэгтэйчүүдийг В вирусний эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна. Үргэлжлүүлэн энэ онд 1000 эмэгтэйг хамруулахаар төлөвлөжээ.

В вирусний эсрэг дархлаажуулалтад хамруулснаар ”В” вирусний халдвартай төрөх насны эмэгтэйчүүдийн тоо багасч, жил бүр 20 гаруй тохиолдлоор халдварын тархалт буурч байгаа аж. Түүнчлэн хүн амын дунд Вирүст хепатитийн өвчлөлийн түвшин /10000 хүн амд/ 0,5 аар буурсан байна.

Цаашид хүн амын дунд хепатитийн вирусний халдварын тархалтыг хязгаарлан хепатитийн вирусээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ || DNN.mn

2022 оны 03 дугаар сарын 12-ноос 03 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын тав хоногийн урьдчилсан төлөв

12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14, 15-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 12-нд говь, талын нутгаар, 13-15-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

М.Мөнхзаяа: Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн ажил ирэх сараас эхэлнэ || DNN.mn

Хотын хойд хэсгийг эзлэн байдаг Далан давхарын оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох тухай шийд гарсан ч өнөөг хүртэл хэвээрээ байгаа. Харин өнөө хавраас газрыг хэсэгчлэн чөлөөлж “Нью Семетри” компани өөрийн хөрөнгөөр хэсэгчилж дурсгалын цэцэрлэгт хүрээлэн барихаар ажлаа эхэлж байна. Тус компанийн захирал М.Мөнхзаяатай ярилцлаа.


-Нийслэл хотын хоймрыг цэгцлэх үүднээс олон жил яригдсан Самбалхүндэв оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлж цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл бодит ажил болох төлөвтэй. Танай байгууллага голлон зохион байгуулж байгаа гэв үү?

-Далан давхар буюу Самбалхүндэв оршуулгын газар нь нийслэлийн хэмжээнд албан ёсоор хамгийн анх нээгдээд, хамгийн анх хаагдсан газруудын нэг байдаг. Анх 1930 онд оршуулах үйл ажиллагаа эхэлж, 1987 онд Ардын депутатуудын хурлын тогтоолоор хаагдсан байдаг, мөн Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 15 дугаар тогтоолд нийт 73,9 га талбайтай, нөөцгүй гэж тусгасан байдаг.

2015 онд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас хийсэн тооллогоор 47,3мянган шарил байгаагийн 33,1 хувь буюу 15,6 мянга нь эвдэрч муудсан, ухагдаж, тоногдсон байдалтай байсан бол 2021 оны тооллогоор нэр нь тодорхойгүй булш, бунханы хэмжээ 20 орчим хувиар нэмэгдэж 52,1 хувь болсон байна.

Монгол Улсын Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт тус оршуулгын газарт Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тусгагдсаны дагуу орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн боловч тодорхой шалтгаануудын улмаас хэрэгжээгүй өнөөг хүрсэн. Гэтэл газарт оршуулсан хүний цогцос нь 20 гаруй төрлийн хорт хийг дэгдээж, цогцос дахь хорт бодисууд хөрсөнд нэвчиж, олон жилийн хугацаанд өвчин үүсгэх чадвараа хадгалж, амьсгал болон ахуйн замаар тархаадаг нь байгаль экологи, хүн амын эрүүл ахуй, амьдрах орчинд аюул учруулж байгаагаас гадна уламжлалт ёс заншил, соёлд үл нийцэх бусад сөрөг үр дагавруудыг үүсгэсээр байдаг. Тухайлбал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны зургадугаар сард нийслэлийн иргэдийн махны хэрэгцээний 80-90 хувийг хангаж буй “Хүчит шонхор” захын эрүүл ахуй, халдвар хамгааллын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын хүрээнд түүврийн аргаар 80 арчдас авч, шинжилснээс 77,5 хувь буюу 62 арчдаст “Enterbacterspp”, “Esherichia coli” гэх халдварт өвчин үүсгэгч нян илэрсэн байх ба оршуулгын газартай хил залгаа, салхины дор байршиж, ил задгай махны худалдаа эрхэлж байгаа нь нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдалд эрсдэл учруулж байна гэж дүгнэсэн байдаг. “Нью Семетри” компанийн хувьд далд оршуулгын үйлчилгээг өөрийн орны уламжлалт зан үйл, олон улсын жишигт нийцүүлэн үзүүлэх зорилгоор 2006 онд байгуулагдсан, үйл ажиллагаандаа Байгаль орчны аюулгүй байдал, чанарын удирдлагын болон хөдөлмөрийн аюулгүй байдлын олон улсын стандартыг цогцоор хэрэгжүүлсэн далд оршоох үйлчилгээний цорын ганц компани болохыг онцолмоор байна.

Бидний хувьд одсон болон одоо үлдэж байгаа, цаашлаад үр хойчид нь амар амгалан, тэгш сайхан байхын тухайдад бүх үйлчилгээндээ сэтгэл шингээж оршуулгын үйлчилгээнд шинэ жишгийг тогтоосоор ирсэн. Энэ ч утгаараа энэхүү төслийг өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх болсон хэд хэдэн шалтгаан байна.

Нэгдүгээр, монголчууд бидний хувьд эрт дээр үеэсээ эжий, аав, өвгөдөө ариун дагшин, тухтай, сайхан газар нутаглуулж, хүндэтгэх нь алс ирээдүйдээ зөв сайхан явахын эхлэл гэж үзэж ирсэн. Гэтэл өнөөдөр энэ сайхан өв уламжлалаа гээгдүүлж, оршуулгын газар нь эмх замбараагүй, булш, бунхан эвдэрч, сүйдсэн, хаягдсан байдалтай болсон.

Хоёрдугаарт, Суурьшлын бүсэд оршуулгын газар байгаа нь бидний болоод ирээдүйн хойч үеийн маань эрүүл аюулгүй орчинд амьдрахад ноцтой хохирол учруулах болсон.

Гуравдугаарт, Нийслэлийг тойрсон оршуулгын газар нь хот хөгжих, тэлэх боломжийг хязгаарлаж байна.

Иймд бид нэн түрүүнд нийгмийн хариуцлагын хүрээнд олон улсын туршлага, жишигт нийцүүлэн хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, салбарын хөгжлийг тэтгэх, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, оршуулгын үйл ажиллагаатай холбогдолтой олон асуудлыг нэгдсэн цогц байдлаар шийдвэрлэх зорилгоор энэхүү төслийг өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх ажлыг санаачлан эхлүүлээд байна.

Эцэст нь олон жил нийгмийн хүлээлт үүсгэсэн, багагүй зориг шаардсан энэхүү онцлог төслийг хамтран хэрэгжүүлэх санаачилга гарган, бүхий л талаар дэмжин ажиллаж буй одоогийн хотын удирдлагад талархаж байна.

-Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн албатай хамтран иргэдийн дунд судалгаа явуулсан гэсэн. Ямар дүн гарсан бэ?

-Өнгөрсөн хугацаанд бид төслийн үе шат бүрт олон нийтийн хандлагыг тодорхойлох нээлттэй судалгааг явуулсан. Хамгийн эхэнд төслийн санал гаргахын өмнө төслийг дэмжих эсэх санал асуулгыг www.ikon.mnсайтаар, тухайн газрын оршин суугчдаас цаасаар авсан ба судалгаанд нийт 3340 хүн хамрагдсанаас 94,2 хувь нь дэмжсэн. Мөн 2022 оны 1 дүгээр сараас төслийн талаарх мэдээллийг хүргэх явцад дахин судалгаагаа явуулахад 99 хувь нь дэмжсэн байдалтай байна. Цаг үеэ олсон, нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр хүлээгдэж байгаа төсөл болов уу гэж харж байна.

-Оршуулгын нүүлгэн шилжүүлэлт гэдгийг яг юу гэж ойлгох вэ. Өөр газар дахин байрлуулах уу, нийлүүлээд суварга босгох уу?

-Энэхүү төсөл нь өөрөө эмзэг асуудлыг хөндсөн, онцгой үйл явц учраас нэгдүгээрт, шашны зан үйл, ёс заншлын хувьд шарилыг нүүлгэн шилжүүлэх боломжтой эсэх, хоёрдугаарт, нийгмийн сэтгэл зүй, хандлага, хот төлөвлөлт, гуравдугаарт, олон жилийн суурин соёл бүхий орнуудын туршлага гэсэн үндсэн гурван чиглэлийн судалгаа хийсэн. Товчхондоо, шашны зан үйл, ёс заншлын хувьд харшлах зүйлгүй, талийгаачид болон үлдсэн ар гэрт нь шашны зан үйлийг гүйцээх, тэдгээрт үзүүлж буй том хүндэтгэл, буян болно гэж, нийгэм, олон нийтийн хувьд айдас хүйдэсгүй болж, амьдрах нөхцөл сайжирнгэж үзэж байсан. Харин олон улсын хэмжээнд, томоохон мега хотуудад тулгамдаж байгаа асуудлын нэг нь оршуулгын газрын тэлэлт, хуучин оршуулгын газар байх ба хуучин оршуулгын газрын багахан хэсгийг соёлын дурсгалд хамааруулж, арчлал хамгаалалтыг төр хариуцдаг, дийлэнх хэсгийг дахин төлөвлөлтөд оруулж, нүүлгэн шилжүүлэх замаар зориулалтыг өөрчлөх, цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчилдөг олон туршлага байдаг.


Манай төслийн хувьд 10 га талбайд байгаа нийт 11 мянган бурхан болоочийн шарилыг уламжлал зан заншлын дагууолон улсад мөрдөгдөж байгаа стандарт, хэм хэмжээнд гаргаж, чандарлаад чандрыг шүтээн хэлбэрт болгоод шинээр байгуулагдах Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсөнд болон суварганд залж мөнхжүүлэх юм. Мөн тухайн талийгаачийн ар гэрийн хүсэлтийн дагуу төрсөн нутаг руу болон бусад оршуулгын газар луу нүүлгэн шилжүүлэх бүрэн боломжтой.

-Өмнө нь танайх бас ийм нүүлгэн шилжүүлэлт хийж байсан байх аа…

-2018 онд нийт 26 мянган өрх айлыг цахилгаанаар хангах төслийн хүрээнд эрчим хүчний дэд станц барих зориулалтаар тус оршуулгын газрын 1.5 га талбай дахь 906 бурхан болоочийг холбогдох зан үйлийг гүйцэтгэн нүүлгэн шилжүүлж, суварганд шүтээнийг залсан. Мөн хот орчим дахь оршуулгын газруудыг цэгцлэх хүрээнд 2020-2021 онд нээлттэй уралдаант шалгаруулалтын үндсэн дээр дөрвөн байршилд зөвшөөрөлгүй газарт оршуулсан нийт 206 шарилыг нүүлгэн шилжүүлж, газрыг бүрэн чөлөөлж, нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна.

-Мэдээж, нүүлгэн шилжүүлэлтийн үеэр гүйцэтгэх шашны зан үйл байх уу?

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны санаачилгаар 2022 оны 2 дугаар сард “Оршуулгын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, оршуулгын зан үйл болон нийгмийн сэтгэл зүйд шашны байгууллагын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Гандантэгчинлэн хийд болон Монголын бурханы шашны хийдүүдийн тэргүүн нарыг хамруулан зохион байгуулсан. Энэ үеэр төслийг бүхэлд нь дэмжиж, Гандантэгчинлэн хийдийн нэгдсэн удирдлага, зохион байгуулалт дор төслийн талбай дахь шарилыг нүүлгэн шилжүүлэх явцад үйлдэх шашны зан үйл, шүнг хэлэлцүүлж, нэгдсэн аргачлал гаргах, мөн тэргүүн ээлжинд номын багш нарын шарилыг шашны зан үйлийг бүрэн гүйцэтгэн гаргахаар тогтсон.Төрийн төдийгүй, шашны төлөөлөл анх удаагаа хувийн байгууллагын санаачлан, хэрэгжүүлж буй төслийг дэмжиж, хамтран ажиллах болсон нь манай төслийн ач холбогдол, цар хүрээ, онцлогийг илтгэсэн онцлох үйл явдал гэж бид талархаж байгаа. Мөн нүүлгэн шилжүүлэлтийн явцад талбай дээр Баянхошууны хийдийн лам нар байнга ном хурна. Мөн хамтарч ажиллаж байгаа сүм, хийдүүд дээр хурал номыг хамтран даан хуруулах болсныг тэмдэглэх нь зүйтэй байх.

-10 га газрыг чөлөөлнө гэдэг нүсэр ажил. Төсвөөс хөрөнгө мөнгө зарцуулахгүй гэсэн мэдээлэл бий. Хэдий мөнхөлнө. Энэхүү шарилыг нүүлгэн шилжүүлэх, цэцэрлэгт хүрээлэн байгуулахад урьдчилсан байдлаар нийт 17,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай.

Мөн нас баралттай холбоотой тулгамдаж буй асуудлын нэг болох олон улсын стандартад нийцсэн эрүүл ахуйн болон бусад шаардлага хангасан цогцос хадгалах байрны хүрэлцээгүй байдлыг шийдвэрлэх хүрээнд 1 га хүртэл талбайг цогцос хадгалах байрны зориулалтаар чөлөөлж, Шүүх, эрдэм шинжилгээний хүрээлэнд хүлээлгэн өгнө.

Оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төвийн тухайд иргэдэд оршуулгын үйл ажиллагааатай холбоотой төрийн болон хувийн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, салбарт хэрэгжиж буй төрийн бодлого, чиглэлийг таниулах, бодит мэдээллээр танхим, иргэдэд хууль зүйн болон сэтгэл заслын үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх болон ар гэрт эмгэнэл илэрхийлэх боломжийг хангах танхим, мөн гадна талбайд уламжлал, ёс заншилд нийцсэн олон нийтийг хамруулах боломж, нөхцөлийг хангасан задгай талбайн үдэх ёслолын өргөө зэрэг байхаартөлөвлөж байгаа ба өнөөдрийн байдлаар энэхүү бүтээн байгуулалтын зураг төслийн ажил эцэслэгдээгүй байгаатай холбоотойгоор хөрөнгө оруулалтын дүнг тодорхой хэлэх боломжгүй байна.

-Оршуулгын газруудад талийгаачдаа эргэж олоход хүндрэлтэй байдаг. 10 га газарт оршуулсан талийгаачдын нэгдсэн бүртгэл гаргасан уу. Ар гэрийнхний зүгээс ирж байгаа санал хүсэлт нь юу байгаа бол…

-Бидэнд өнөөдрийн байдлаар тулгамдаж байгаа асуудал бол бурхан болоочийн ар гэрийг олж тогтоох явдал. Учир юунд вэ гэхээр холбогдох хууль тогтоомжийн дагуу иргэний бүртгэл нас барсны гэрчилгээ олгосноор дуусгавар болдог. Энэ нь бурхан болоочийг хэзээ, хаана, хэн, хэрхэн оршуулсан албан ёсны мэдээлэл байдаггүй. Иймээс бид аль болох олон нийтэд мэдээлэх, ар гэрийнхнийг олж тогтоох тал дээр илүү ач

холбогдол өгч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 10 га талбайд биечлэн тооллогыг хийсэн ба 11000 талийгаач байгаагаас мэдээлэл тодорхой 5291 булш, бунханы зураг бүхий www.sambalkhundev.mn сайтад цахим мэдээллийн сан үүсгэсэн. Өөрөөр хэлбэл, ар гэрийн хувьд хайлтын системд талийгаачийн нэр, төрсөн болон нас барсан оныг оруулснаар тухайн мэдээлэл бүхий булш, бунханы зургийг тулгаж мөн эсэхийг тодорхойлох боломжийг бүрдүүлсэн. Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай www.sambalk­hundev.mn сайтад хандахаас гадна 7210-0101 утсаар холбогдох боломжтой. Төслийн мэдээллийг олон нийтэд хүргэж эхэлснээс хойш нийт 4 мянга гаруй хүн вэб сайтаас мэдээлэл авсан байна. Мөн Утсаар 1400 орчим ар гэрийнхэн холбогдож тухайн бурхан болооч төслийн байршилд хамрагдсан эсэхийг тодруулж лавлахын зэрэгцээ төсөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авсан. Төслийн талбайд байгаа 170 орчим талийгаачийн ар гэр нь тодорхой болсон. Бидэнтэй холбогдсон ар гэрийнхэн төслийг маш нааштай хүлээн авч байгаа хандлага байна. Бурхан болоочоо эргэж тойрмоор байдаг. Байрлалыг нь олж чадахгүй бэрхшээл байсан. Харин та бүхний төслийн үр дүнд бид оллоо. Цэгцтэй хүндэтгэлтэй орчинд бурхан болоочоо залах нь ээ гэж баярласан талархсан сэтгэгдлүүд олонхи нь байна. Мөн эсрэгээрээ бухимдал үүсгэж байгаа гол асуудал юу байна вэ гэвэл төсөлд хамрагдаагүй ар гэрийнхний хувьд нийтээр нь 73 га газраар нь чөлөөлөгдөхгүй байгаатай холбоотой санал хүсэлт давамгайлж байна.

Бидний хувьд,энэхүү төсөл нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн жишиг тогтоох, цаашлаад Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт тусгасны дагуу тус оршуулгын газрыг бүхэлд нь Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох ажлын эхлэл гэж харж хүндэтгэлтэй, хариуцлагатайгаар хичээн ажиллаж байна.

-Таньд нэмж хэлэх зүйл байна уу?

-Бид төслийг бүхий л талаар нээлттэй байх зарчим баримталж байна. Энэ нь талийгаачийн ар гэрийн хувьд төслийн талаарх санал, хүсэлтээ илэрхийлэх, өөрийн талийгаачийн шарилыг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаанд биечлэн оролцохоос гадна зан үйл шашны хувьд нээлттэй, мөн төрийн эрх бүхий байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын зүгээс төслийн бүхий л шатанд оролцох, хамтран ажиллах, цаашлаад хяналт тавих боломжийг нээх зорилгоор шарилын хөдөлгөөнийг зайнаас хянах тусгай программ захиалан хийлгэх, нүүлгэн шилжүүлэлтийн явцыг баримтжуулах бичлэг чиглэлээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Д.АРИУН

Categories
мэдээ нийгэм

Эрүүлжүүлэх байрны ачаалал багтаамжаасаа хоёр дахин хэтэрчээ || DNN.mn

Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 7.1.3, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.3.3.3 дахь заалтын хэрэгжилтийг хангуулах тухай асуудлыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал танилцуулав. Тус заалтад “Эрүүлжүүлэх, саатуулах байруудын нөхцөлийг сайжруулах, нийслэлийн хэмжээнд нэгдсэн эрүүлжүүлэх, саатуулах байр барих бэлтгэл ажлыг хангах” зэрэг асуудлыг тусгасан байдаг.

Нийслэлийн хэмжээнд 2021 онд 16,534 гэмт хэрэг, 597.298 зөрчил бүртгэгдсэнээс 5,002 гэмт хэрэг, 43,852 зөрчил согтуугаар үйлдэгдсэн байна. Үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 6,274 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх 2020 оноос гурав дахин өссөн үзүүлэлт юм.

2021 онд согтууруулах ундаа хэрэглэж, гэмт хэрэг, зөрчилд холбогдон 52 мянга гаруй иргэн эрүүлжүүлэгдэж, 793 иргэн саатуулагджээ.

Эрүүлжүүлэх байранд хоногт дунджаар 200-240 иргэн, саатуулах байранд 15-25 иргэн хүлээн авч байгаа нь эрүүлжүүлэх байрны ачаалал багтаамжаасаа хоёр дахин хэтэрч, стандартын шаардлага хангахгүйд хүрээд байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

СХД-ийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн 50 ор хүлээлгэн өгчээ || DNN.mn

Сүүлийн өдрүүдэд хүүхдийн томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтаa холбоотойгоор эмнэлгүүдийн орны ачаалал их байгааг албаныхан мэдээлж буй. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгээр өдөрт 300 орчим хүүхэд амбулатори болон хүлээн авах тасгаар үйлчлүүлэн, хоногтоо дунджаар 70-80 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Өчигдөр гэхэд л 220 орчим хүүхэд ирж 100 нь хэвтжээ.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан “Нийслэлийн сэргээн засах Эрүүл үрс төв”-ийн зүгээс тус эмнэлэгт хүүхдийн 50 орыг хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ цаг-үе

“Боомтоор нэвтрэх машины сугалааг Хятадын тал хариуцаж байгаа” гэв || DNN.mn

Замын-Үүд автозамын боомт, ачаа тээврийн асуудлаар албаны хүмүүс өнөөдөр /2022.03.11/ мэдээлэл хийлээ.


Авто тээврийн үндэсний төв, бусад албаны хүмүүсийн хэлж байгаагаар, Эрээний боомтоор нэвтрүүлэх ачаа барааг сугалаагаар оруулж буйд иргэд бухимдлаа илэрхийлсэн. Хилийн цаана овоорсон ачааг татахад тээврийн зардлаас авахуулаад оочер дараалал үүсэх, бараа хүлээгдэх зэрэг асуудал цэгцрэх шатандаа явж байна. Саяхнаас Хятадын талаас ачаа тээврийг сугалаагаар нэвтрүүлж эхэлсэн тухай мэдээлэл цацагдах болсноор иргэдийн бухимдлыг төрүүлсэн нь үнэн. Гэхдээ үүнийг иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй.

Хилээр нэвтрүүлж байгаа ачаа тээврийн жолоочдын дунд сугалаа явуулж байгаа гэдэг ташаа мэдээлэл. Чингэлэг тээвэрлэлтийн хувьд ачаалалтай байгаа учраас тодорхой зохицуулалтыг хийж байна.

Тухайлбал, Хятадын талаас сугалааны зарчмаар явагддаг аппликейшнээр нэвтрэх дугаарыг олгож байгаа. Халдвар хамгаалалтыг баримтлах ёстой болохоор бид дээрх зохицуулалтаар явахаас өөр сонголтгүй.

Овор ихтэй ачааг хэрхэн оруулах талаар урд хөрштэй тохиролцсон. Ялангуяа, Эрдэнэт үйлдвэр, цахилгаан станцын хэрэгсэл зэргийг авто тээвэр болон төмөр замаар оруулж ирэхээр болсон. Дарханы замтай холбоотой 16 вагон ачаа орж ирсэн. Ачааг ангилж, тээвэрлэлтийн горимоор оруулж ирэх нь зөв. Төмөр зам дээр ачих боломжгүй том ачааг хэрхэн оруулж ирэхийг эцэслэн тохироогүй. Нийт 7-8 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.

Хилийн цэгийн өргөтгөл хийнэ гэдэг бол хөрөнгө мөнгө их шаардах ажил. Түгээлтийн талбай, хүлээлгийн зайг цогцоор нь шийдэж тооцоолол гаргах нь чухал. Тиймээс ачаа барааг хүндрэлгүй нэвтрүүлж эхлэхэд хугацаа хэрэгтэй.

Хойд хилийн үйл ажиллагаа бол хэвийн байна. Одоо тэг цэгийн асуудлыг шийдвэрлэх болон хил дээр дараалал үүсгэсэн ачаа барааг яаралтай татан авахаар ажиллана гэдгийг албаны хүмүүс онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 хэргийг илрүүлжээ || DNN.mn

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх 10 хэргийг илрүүлсэн байна.

Уг мөрийтэй тоглоом зохион байгуулсан 51 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд зааснаар торгуулийн шийтгэл оногдуулсан бөгөөд автомат тоглоомын ширээ, четон, хөзөр, бэлэн мөнгө, компьютер зэргийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагаа явуулж байна.

Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулдаг этгээдүүд нь бусдын орон байрыг урт хугацаагаар түрээслэн мөрийтэй тоглоом, хууль бус үйл ажиллагааг зохион байгуулах тохиолдол гарч байгаа тул иргэдийг бусдад түрээслүүлсэн орон сууц, обьектуудад тогтмол хяналт тавьж интернет банк болон банкны картаа бусдад ашиглуулахгүй байхыг Эрүүгийн цагдаагийн албанаас анхаарууллаа.