Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймагт ирвэс агнасан хэргийг илрүүлэн шалгаж байна || DNN.mn

Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг дэвсгэрээс ирвэс агнасан хэрэг гарчээ.

Ирвэсийг хууль бусаар агнасан иргэн Ө-д холбогдох хэргийг тус аймгийн Богд сум дахь сум дундын цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлсэн бөгөөд одоогоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

Иймд иргэд хууль бусаар ан агнахгүй байх, ангийн гаралтай түүхий эд зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд:

  1. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн тус тус заасан байдаг.

ВИДЕО:

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүд-Эрээн боомтын чингэлэг солилцох талбайг өргөтгөнө || DNN.mn

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэхээр байгуулагдсан ажлын хэсэг цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Өнөөдрийн байдлаар манай улсад хилийн есөн боомт ажиллаж байна. Гашуунсухайт боомтын зохион байгуулалтыг сайжруулан халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахин, экспортын тээврийг хэвийн явуулж байгаа. Нэг өдөрт нүүрс 200, зэсийн баяжмал 30 орчим тээврийн хэрэгслээр тус тус гардаг. Харин Булган боомтоор 150 орчим тээврийн хэрэгсэл, Ханги боомтоор 100-110 орчим тээврийн хэрэгсэл экспортод гарч байна. Замын-Үүд боомтоор нэг өдөрт 60-70 чингэлэг оруулж ирж байгаа. Харин ОХУ-тай хиллэдэг боомтууд буюу Алтанбулаг боомтоор 40-60, Боршоо, Цагааннуур боомтоор 20-40 тээврийн хэрэгсэл ачаа зөөж байна. Замын-Үүд-Эрээн боомтод чингэлэг тээвэр явуулж хойш 3041 чингэлэг татан авсан. Бараа, бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан чингэлэг солилцох талбайг өргөтгөх талаар БНХАУ-ын талтай санал солилцож байгаа” гэж хэлэв.

Замын-Үүд боомтоор тээвэрлэсэн ачааг төрлөөр ангилбал, барилгын материал дийлэнх хувийг, хүнсний бүтээгдэхүүн, гэр ахуйн бараа үлдсэн хувийг эзэлж байгаа юм.

Эх сурвалж: ЗТХЯ
Categories
мэдээ нийгэм

Аялал жуулчлалын салбарынхан цар тахлын үед 3 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ || DNN.mn

Монголын үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас “Аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдэд үзүүлж буй цар тахлын нөлөө” судалгааны дүнг танилцууллаа. Аялал жуулчлалын салбар нь цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн бөгөөд 2021 онд ирсэн жуулчдын тоо 33.1 мянга болж 2019 онтой харьцуулахад 94.3 хувиар буурсан байна. Салбарын орлогын хувьд 2020-2021 онд гурван их наяд гаруй төгрөгийн алдагдал хүлээжээ. Судалгаанд оролцсон нийт байгууллагуудын орлого дунджаар 76 хувь буурсан бол ажлын байр 63 хувиар хорогджээ. Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд цар тахлын нөлөөгөөр нийт ажиллагсдын 63 хувийг ба ойролцоогоор гурван ажиллагсад тутмын хоёрыг нь ажлаас чөлөөлсөн байна. Түүвэр судалгаанд оролцсон 188 компани нийт 1957 ажлын байр цомхотгожээ

Categories
мэдээ нийгэм

Их хэмжээний онцгой албан татвараас зайлсхийсэн гэмт хэргийг илрүүлжээ || DNN.mn

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн архи, согтууруулах ундааны зүйлд хуурамч онцгой албан татварын тэмдэгт нааж, нийтийн цахим сүлжээгээр иргэдэд худалдаж, их хэмжээний онцгой албан татвараас зайлсхийсэн гэмт хэргийг илрүүлжээ.

Хэрэгт холбогдогчдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах”, 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Татвар төлөхөөс зайлсхийх”, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “ Мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Иймд иргэд нийтийн цахим сүлжээнд эх үүсвэр тодорхойгүй, тусгай зөвшөөрөлгүй иргэн, аж ахуйн нэгж, иргэдээс худалдаж байгаа согтууруулах ундааг худалдан авахгүй байхыг Эрүүгийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ

Categories
мэдээ цаг-үе

“Засгийн газрын тогтоол цуцлагдвал Эрээн хилээ дахин хаана” гэв || DNN.mn

Замын-Үүд автозамын боомт, ачаа тээврийн асуудлаар хил гааль, зам тээвэр, төмөр замын холбогдох ажилтнууд мэдээлэл өглөө. Зам тээврийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Замын-Үүдийн чингэлэг тээврийн ажлыг нэгдүгээр сарын 11-нд эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 3041 чингэлэг тээвэр оруулсан байна. Чингэлгийг тээвэрлэхэд 2400 орчим тээврийн хэрэгсэл оролцсон байна. Цаашид чингэлэг солилцоог сайжруулахаар БНХАУ-тай ярилцаж байгаа. Замын-Үүдийн чингэлэг тээвэртэй холбоотойгоор хэд хэдэн төрийн байгууллага болон холбоодуудаас санал гаргасан. Замын-Үүдэд тээвэр хийдэг байсан жолооч нарын хувьд нэгдүгээрт, тээвэрлэлтийн хуучин горимд шилжүүлж өгөөч гэдэг хүсэлт тавьж байгаа. Хуучин горимд шилжүүлэх асуудлыг ярихад эрт байна. БНХАУ-ын халдвар хамгааллын дэглэм огт буураагүй байгаа. Хоёрдугаар асуудал нь тээвэрлэлтэд хувийн хэвшлийнхнийг оруулаач гэсэн асуудал тавьж байгаа. Замын-Үүд болон дотоодын тээвэрт оролцох боломж нь нээлттэй байгаа. Замын-Үүдээс гарч байгаа тээврийн хэрэгслийн 70-80 хувь нь Замын-Үүдэд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл. Орж ирж байгаа ачаа бараа бүтээгдэхүүн бага байгаа учраас хүртээмжтэй байх тал дээр учир дутагдалтай байгаа. Тээвэрлэлт зохион байгуулалтад хувийн тээврийн хэрэгслийг оруулахдаа дүрэм журам, хуулийнхаа хүрээнд аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулж байгаа. Тээвэрчидтэй уулзалт хийхэд нээлттэй. Айгаад зугтаад байх зүйл байхгүй. Тээвэрчдийн зүгээс Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох санал тавьж байна. Гэтэл цуцалж болохгүй. Хэрвээ цуцалсан тохиолдолд Эрээний хил хаагдана. Үр дагаварт нь ийм л нөхцөл байдал үүснэ” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацааг сунгах эсэхийг даваа гаригт шийднэ || DNN.mn

Н.Түвшинбаярыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад буй. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан“ хэмээн буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.

Тэгвэл Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацаа өнөөдөр дуусгавар болж байна. Үүнтэй холбогдуулж, цагдан хорих хугацааг сунгах эсэхийг шүүхээр өнөөдөр хэлэлцэх товтой байна.

Categories
гадаад мэдээ

БНСУ: Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлахгүй || DNN.mn

БНСУ-д энэ сарын 21-нээс эхлэн гадаадаас ирж байгаа иргэдийг тусгаарлалтаас чөлөөлөхөөр болжээ.

Тусгаарлалтаас чөлөөлөгдөхөд дараах шаардлага тавигдах юм байна.

  • ДЭМБ хүлээн зөвшөөрсөн вакцины хоёр тундаа бүрэн хамрагдсан байх
  • II тундаа хамрагдаад 180-аас дээш хоносон бол III тунд хамрагдсан байх
  • Ирэхээсээ өмнө PCR шинжилгээ өгсөн байх
  • Ирсний маргааш нь PCR шинжилгээ өгөх
  • Ирснээс хойш 7 дахь хоног дээрээ PCR эсвэл тестээр шинжилгээ өгөх

Мэргэжилтнүүд ирэх долоо хоногоос солонгост ковидын халдварын тархалт буурч эхэлнэ хэмээн үзэж, мөн засгийн газрын зүгээс зай барих дэглэмийг багасгах, хэвийн амьдрал руу шилжихээр яригдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ нийгэм

​Архидан согтуурахтай тэмцэх цогц бодлогыг хэрэгжүүлнэ || DNN.mn

Зохицуулах зөвлөлөөс гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, эрүүгийн хуулийн ял шийтгэлийн бодлогыг боловсронгуй болгох, ЕБС-ийн сурагчдад эрх зүйн мэдлэг олгох албан бус сургалтыг зохион байгуулах, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, нийслэлд морьт эргүүлийг ажиллуулах зэрэг нийт 65 ажил, арга хэмжээг зохион байгуулахаар 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр Нийслэлд согтуурах, мансуурах донтой хүнийг албан эмчлэх төвийг Сонгинохайрхан дүүрэгт, Баруун бүсэд Баянхонгор аймагт, Зүүн бүсэд Дорнод аймагт байгуулах, архидан согтуурах донтой хүнд үзүүлэх сэтгэц, нийгмийн сэргээн засах эмчилгээ, тусламж үйлчилгээний шинэ стандартыг нутагшуулах ажлыг зохицуулах зөвлөлөөс холбогдох байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлнэ.

Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх 715 хамтарсан багийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ эхэллээ || DNN.mn

Нийслэлийн Хот тохижилтын газар нийслэлийн төвийн зургаан дүүргийн төв магистрал болох 181,3 км автозамын цэвэрлэгээг хариуцдаг. Хариуцсан хүрээндээ буюу Нийслэл хүрээ, Чингис, Энхтайваны өргөн чөлөөний дагуух нийтийн эзэмшлийн зам талбайн хайс, хашлага, сандал болон хөшөө дурсгалыг өнөөдрөөс угааж цэвэрлэж эхэлжээ. Гуравдугаар сарын 11,12-ны өдрүүдэд хот тохижилтын 800 гаруй ажилтнууд өргөн хүрээний цэвэрлэгээг хийх юм. Их цэвэрлэгээнд оролцож буй ажилтнууд дараах мэдээллийг өглөө.

Тохижилт үйлчилгээний албаны мэргэжилтэн Б.Мөнхцооз:

-Цэвэрлэгээний ажилд тохижилт үйлчилгээний ажилчдаас гадна инженер техникийн ажилтнууд, захиргааны албан хаагчид хамрагдаж байна. Одоогийн байдлаар нийт ажилтнууд маань үндсэн есөн байршилд хуваагдан ажиллаж буй юм. Нийтийн эзэмшлийн зам талбайн хайс, хашлага, сандал, өндөрт байрлсан хөшөө дурсгалыг угаахдаа зориулалтын машин техникийг ашиглаж байна. Түүнчлэн манай ажилтан, ажилчдын санаачлагаар зарим нэгэн машин техникт нэмэлт төхөөрөмж суурилуулан амар хялбар аргаар цэвэрлэгээг хийж эхлээд байгаа. Гудамж замын хайс хашлага, сандлыг өвлийн улиралд цөөн удаа цэвэрлэдэг бол урин дулааны улиралд долоо хоног тутамд цэвэрлэдэг.

Тохижилт үйлчилгээний албаны зам талбайн мастер С.Жаргалсайхан:

-Би 2014 оноос хүртэл Хот тохижилтын газартаа найм дахь жилдээ ажиллаж байна. Манай байгууллагын зүгээс урин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан ажилтан ажиллагсдаа бригад болгон хувааж их цэвэрлэгээний ажил хийж байна. Манай бригадын хувьд 18 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Энэхүү их цэвэрлэгээг сар тутамд тогтмол хийдэг. Мөн шинэ жил цагаан сарын үеэр хотын өнгө үзэмжийг сайжруулахад анхаардаг. Ердийн цэвэрлэгээг бол өдөр болгон хийж байгаа. Сүүлийн үед цэвэрлэгээний тоног төхөөрөмж, техник сайжирч, хүмүүсийн хандлага ухамсар ч дээшилж байгаа болохоор цэвэрлэгээ хийхэд хүндрэл харьцангуй бага байдаг. Иргэдэд хандаж хэлэхэд хог хаягдлаа хогийн саванд хийж, манай Хот тохижилтын газраас өрнүүлж буй “Би хоггүй” аянд идэвхтэй оролцоорой гэж хүсье гэлээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны дарга Ц.Гансүх:

-Манай байгууллагын зүгээс жил бүрийн хавар цагт цас ханзарч, газар бараантсаны дараа түүвэр цэвэрлэгээ хийдэг. Хотын төвийн хог цэвэрлэгээ хийдэг үйлчлэгчдээс гадна хогийн цэгт ажилладаг болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 51 албан хаагч түүвэр цэвэрлэгээнд оролцож байгаа. Манай бригадын тухайд Офицеруудын ордноос Зүүн дөрвөн зам хүртэлх талбайд их цэвэрлэгээ хийж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны тухайд ХАБ-ын зааварчилгааг өгч, нийт ажилчдынхаа багаж хэрэгсэл, хамгаалалтын хувцас, аюулгүй ажиллагаанд анхаарал хандуулдаг. Хотыг цэвэр цэмцгэр байлгах нь ганцхан Хот тохижилтын газрын үүрэг биш. Тиймээс иргэд болоод бусад төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан албан хаагчид бүгдээрээ “Би хоггүй” аянд нэгдэж, хотынхоо өнгө үзэмжид хувь нэмэр оруулаарай гэж уриалъя гэлээ.

Өчигдөр хуралдсан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал дээр хотын дарга гудамж, талбайг цэвэрлэх, угаах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсний дагуу Хот тохижилтын газрын ажилтан, ажилчид ийн шуурхай ажиллаж байна. Дүүргүүд ч мөн их цэвэрлэгээнд нэгдэж, гудамж талбай, нийтийн эзэмшлийн хайс, хашлага, сандал болоод хөшөө дурсгалыг угааж цэвэрлэх ажилд нэгдэх юм.

Categories
мэдээ нийгэм

Зүүнбаян-Хангийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ || DNN.mn

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг тэлэх чухал ач холбогдолтой, экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Хангийн төмөр замын бүтээн байгуулалт өнөөдөр эхлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн ажиллагаанд оролцож үг хэллээ. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Оюу толгойн Гүний уурхайн бүтээн байгуулалтыг бид саяхан эхлүүлсэн гэдгийг Ерөнхий сайд дурдаад “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй хоёрдахь том төсөл Зүүнбаян-Хангийн 226 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр өнөөдөр эхлүүлж, хагас жилийн дотор ашиглалтад оруулахаар зорьж байна гэлээ.

Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлдэг. Ханги боомт нь газарзүйн байршлын хувьд Гашуунсухайт, Замын-Үүд боомтуудын дунд байрладгаараа стратегийн туйлын чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд дурдлаа.

Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц нээснээр манай улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар тус тус нэмэгдэж, боомтын боймыг тайлах эхний томоохон алхам болж чадна гэдгийг Ерөнхий сайд онцлоод Ханги-Мандалын боомт ашиглалтад орсноор хоёрдахь Гашуунсухайт, хоёрдахь Замын-Үүд бий болох юм гэлээ.

Зүүнбаян-Хангийн 226 километр үргэлжлэх төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 180 аж ахуйн нэгж, 3500 гаруй ажилчид оролцож, цаашид байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болно. Энэхүү бүтээн байгуулалт нь Зүүнбаян төмөр замаас салаалснаар Монгол Улсад хамгийн анхны гурвалсан төмөр замын уулзвар бий болж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад хандаж, “Монгол Улс Ханги боомтыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Мандал боомттой төмөр замаар холбох бүтээн байгуулалтыг ийнхүү өнөөдөр эхлүүлж байна. Энэ сард бид Тавантолгой-Зүүнбаянгийн 416 километр төмөр замыг бүрэн ашиглалтад оруулж дуусгана. Ханги-Мандалын төмөр зам хагас жилийн дараа ашиглалтад орсноор Оюу толгойн зэсийн баяжмал, Тавантолгойн нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг шинэ гарцаар зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан тээвэрлэх боломж бүрдэхээс гадна говийн бүсэд буй ашигт малтмалын ордуудын үнэлэмж өсөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд нээгдэж байна гэлээ. Мөн Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдтэй харилцан ашигтай түншлэн ажиллахад бэлэн байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.

Төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд, инженер техникийн ажилтнууд, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс ажлын өндөр амжилт хүсч, товлосон хугацаандаа буюу хагас жилийн дотор Зүүнбаян-Хангийн 226 километр төмөр замыг ашиглалтад оруулж, нээлтийн өдөр баяртайгаар эргэн уулзахын ерөөл дэвшүүллээ.

Зүүнбаян-Хангийн төмөр зам ашиглалтанд орсноор Монгол Улсын төмрийн хүдрийг Хятадын дотоодын болон Австралийн төмрийн хүдэртэй үнийн хувьд өрсөлдөхүйц болгохоос гадна экспорт, импорт болон дамжин өнгөрүүлэх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, олон улсын төмөр замын шинэ гарц үүсэх юм. Байгаль, экологийн хувьд ч сөрөг нөлөөгүй тээвэрлэлт хийгдэж эхэлнэ.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны 28 дугаар тогтоолоор “Зүүнбаян-Хангийн төмөр зам” төслийг концессын тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн. Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Зүүнбаян-Хангийн төмөр зам” төслийн концессын гэрээг “Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэлтэй байгуулах эрхийг 2022 оны гуравдугаар сарын 9-ний Засгийн газрын хуралдаанаас олгосон юм. Монгол Улсын Засгийн газраас Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаашид цаг алдалгүй эхлүүлж, 4-5 мянга орчим километр урттай үндэсний төмөр замын сүлжээг бий болгож, “Транзит Монгол Улс” болох суурь нөхцөл бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.