Дундговь аймгийн Мандалговь хот дахь “Монгол Гуяаны аз жаргалын төгөл”-д энэ жил 10000 дуслын усалгааны систем нэмэхээр төлөвлөж байна.
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат “Ногоон Ази сүлжээ” Олон улсын ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Шин Ги Хуг өнгөрсөн долоо хоногт хүлээн авч уулзжээ.
Дундговь аймаг болон Гуяан хотын хамтын ажиллагааны хүрээнд 2009 оноос мод тарих төслийг хэрэгжүүлэн, 10 гаруй жилийн хамтын ажиллагааны хүрээнд 100 га талбайд 100000 мод тарьж, ургуулжээ.
2019 онд аймгийн ОНХС-гийн 119,5 сая төгрөг, БНСУ-ын Гуяан хотын 180,0 сая воны хөрөнгө оруулалтаар нийт модныхоо 60 хувьд буюу 60000 модонд дуслын усалгааны систем суурилуулж, мод услах ажлыг хөнгөвчилсөн юм.
Харин энэ жил хамтын ажиллагааны хүрээнд 10,000 модны усалгааг шийдэх аж. Усалгааны системийг төвийн цэвэр усны системтэй холбосон нь нэг талаас усалгааг тогтмолжуулж, хөдөлмөрийг хөнгөвчилж байгаа ч усны төлбөр гарч, төлөгдөөгүй өнөөдрийг хүрчээ.
Уулзалтын үеэр энэхүү асуудлыг хөндөж, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат усны төлбөр болох 400,0 орчим сая төгрөгийг шийдвэрлэхээ илэрхийлсэн байна. Мөн тэрээр “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын удирдлагуудад олон жилийн уйгагүй хөдөлмөрөөр ногоон төгөл байгуулахад хувь нэмэр оруулж, үр дүнд хүрч байгааг онцлон талархал илэрхийлсэн байна.
Мөн тэрээр Дундговь аймгийн хувьд цөлжилт нүүрлэж, шороон шуурга, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, хөрсний доройтол ихэсч байгаа тул сүүлийн жилүүдэд нийтээр мод тарих хөдөлгөөн өрнүүлж, аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтан 80 түмэн мод тарих хөдөлгөөн өрнүүлж байгааг, мөн 2021 онд мод үржүүлгийн чиглэлээр 60 гаруй хүнийг сурган бэлтгэсэн, дахиад 200 орчим хүнийг сургахаар төлөвлөж байгааг тэмдэглэн хэлсэн юм.
Цаашдаа Ногоон Ази сүлжээ ОУТББ-тай хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгийг онцолсон байна.