Categories
мэдээ нийгэм

Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барих шийдвэр гаргажээ || DNN.mn

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барихаар болжээ.

Чойбалсангийн дулааны цахилгаан станцын өргөтгөлийн 2022 оны барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх “Эрчим хүчний барилга байгууламж барих ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ“-г гүйцэтгэгчид олгосон байна.

Эрчим хүчний сайдын 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн тушаалаар “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” байгуулах эрхийг “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, Тавантолгой дулааны станц ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлуудад олгов.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд талуудын уулзалт зохион байгуулж, Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байна.

Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Кино бүтээх зардлын буцаан олголтын хүсэлт гаргах, төслийг хянах, бүртгэх, гэрээ байгуулах, үнэлэх, тайлагнах, зардлын тодорхой хувийг буцаан олгох журмыг баталлаа хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Албан бичгийг цахимаар солилцсоноор долоо хоногт 25.668 хуудас цаас хэмнэжээ || DNN.mn

Нийслэлд 2015 оноос “Цахим архив” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү систем нь албан хэрэг хөтлөлтийн “eDoc”, архивын “Archive eDoc”, онлайн лавлагааны систем гэсэн гурван бүрэлдэхүүнтэй.

Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн албан хэрэг хөтлөлтийн “eDoc” системийг энэ удаад онцолъё.

Энэхүү системийг нийслэл, дүүргийн нутгийн захиргааны 984 байгууллагын 14,000 орчим албан хаагч өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Тус систем нь цахим хэлбэрээр албан бичиг төлөвлөх, хүлээн авах, бүртгэх, шилжүүлэх, тоон гарын үсгээр баталгаажуулан илгээх, шийдвэрлэлтэд хяналт тавих, тайлагнах, хадгалах, ашиглах боломжийг бүрдүүлсэн юм.

Мөн системээр дамжуулж 2021 онд нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд 435,402 албан бичиг солилцсон ба үүнээс 255,973 албан бичгийг тоон гарын үсгээр баталгаажуулан илгээжээ.

зураг

Энэ нь албан хэрэг хөтлөлтийг цахимжуулснаар цаг хугацаа болон цаас, шуудангийн зардлыг хэмнэсэн чухал ажил болсон юм.

Ганцхан долоо хоногийн байдлаар л гэхэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн “eDoc” системээр 9,503 албан бичиг солилцож, тоон гарын үсэг ашигласнаар 25,668 хуудас цаас хэмнэсэн байна.

Ц.ОРГИЛМӨНХ

Categories
мэдээ спорт

Монголын дугуйчид түүхэн дээд амжилтыг үзүүллээ || DNN.mn

Монголын дугуйчид түүхэн дээд амжилтыг үзүүллээ

Азийн АШТэмцээн амжилттай зохиогдож Монголын дугуйчид түүхийн шинэ хуудсыг нээлээ.


1 мөнгө, 3 хүрэл медаль авч Тажикистаны тэнгэрт нийт 4 удаа Монголын далбааг мандуулан Дугуйчид маань Дэлхийн дугуйчид болсноо харууллаа.
Дугуйн спорт мэргэжлийн түвшинд хүрч байж Олимпийн эрх авах ба энэ түвшинд хүрснийг дугуйчид маань баталлаа.
Биднийг дэмжиж тэтгэж сэтгэл зүрхээ зориулж буй бүхий л хүмүүстээ маш их баярлалаа!
Хамгийн гол нь Дугуйн спорт багийн спорт бөгөөд энэхүү амжилтанд хүрэхэд хүчин зүтгэж өөрсдийгөө гаргуунд гаргаж баг хамт олныхоо төлөө бүх хүч, сэтгэл зүрхээ өгч буй Монголын баг тамирчиддаа БАЯРЛАЛАА! гэж хэлэх багадаж байна.
12
Categories
мэдээ нийгэм

Цагааннуур сумаас хойд зүгт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ || DNN.mn

Өнөөдөр 14:00 цагийн үед Хөвсгөл аймгийн Цагааннуур сум орчимд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Тодруулбал, Улаанбаатарын цагаар өнөөдөр 14:02:54 цагт Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас хойд зүгт 64 километрийн зайнд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Газар зүйн байршлын хувьд 51.94 99.26 (Өргөрөг, Уртраг) байжээ.

Газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах зөвлөмж

  • Хүчтэй чичиргээ ихэнхдээ нэг минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээн дор орж, толгойгоо хамгаалах хэрэгтэй. Эсвэл жин овор ихтэй тавилга болон цонхноос аль болох хол зайтай хананд очиж суу.
  • Гудамжинд явж байхад тань газар барилгын тоосго, мод, цонхны шил, гэрэлтүүлгийн болон зар сурталчилгааны багана, самбар зэрэг гэмтээж болох зүйлээс хол, нээлттэй, задгай талбай олж зогс
  • Гадагш гарах гэж яарах хэрэггүй. Орчин тойрныг ажиглаж, тайван байх хэрэгтэй. Цахилгаан шат ашиглахыг хориглоно.
  • Хаалгаа онгойлгох, Хаалган дор зогсоход аюул багатайгаас гадна гадагш гарахад тустай.
  • Цахилгаан болон хийн зуухыг салга.
  • Дэлгүүр, зах, үзвэр үйлчилгээний газар олон хүнтэй орчинд хүмүүс сандралд орж үймээн, шуугиан үүсдэг тул тайван байж, тухайн байгууллагын ажилтны зөвлөгөөг дага.
  • Автомашинаар зорчиж яваа тохиолдолд нэн даруй зогс. Нүхэн гарцын дор, өндөр барилгын хажууд зогсож болохгүй.
Categories
мэдээ нийгэм

​Нүүдэллэдэг амьтдыг стандарт аварна || DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн талаар авах арга хэмжээний тогтоолын төслийг баталсан. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын төмөр замын салбарт төрөөс хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үргэлжлэл болох баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг үргэлжлүүлэн барих шийдвэр гаргасан. Хэрэгжүүлэх зарчим нь концессын хэлбэрээр гүйцэтгэнэ. Баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын бодлогын баримт бичгийг баталснаар эхний ээлжинд 1255 км орчим нь Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд, зүүн босоо нь Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлд 426.6 км гэж тооцож байна. Монголын төмөр зам ТӨХК-д болон бусад сонирхогч талтай хамтран тусгай зориулалтын компани байгуулж, ТЭЗҮ, зураг, төслийг боловсруулж, барих, ашиглах, шилжүүлэх нөхцлөөр төмөр замуудыг барьж, төрд хүлээлгэн өгнө.” хэмээн ярьсан юм.

Улс орны хөгжил, эдийн засгийн боломжгэдэг утгаараа төмөр зам барих нь маш чухал. Харин энэ бүтээн байгуулалтыг хэрхэн байгальд ээлтэй хийх нь маш чухал юм. Учир юу гэвэл, зүүн босоо чиглэлийн төмөр зам барих нутаг нь хялганат хээрийн гайхамшиг болсон цагаан зээрийн амьдрах орчин болдог. Хэрвээ бүтээн байгуулалт эхлэхдээ үүнийг онцгой анхаарахгүй бол зөвхөн Монголд олон зуун мянгаараа нүүдэллэдэг зээрийн сүрэг таслагдаж устах аюулд ойртох юм. Гашуун жишээ ч бий.

Улаанбаатар Замын-Үүдийн төмөр замыг 1949 оноос ашиглалтад оруулснаар олон зууны турш тааваараа бэлчин амьдарч байсан цагаан зээрийн сүргийг төмөр замаар баруун, зүүн хэсэгт хуваачих нь тэр. Яг л Солонгосын хойгийн дайны дараа Солонгосын ард түмэн хоёр хуваагдаж элэг нэгт ахан дүүс аргагүйн эрхэнд салж тухайн үеийн улс төрийн бодлогын золиос болж байсан шиг. Ялгаатай нь, тэд хүн юм болохоор зовж зүдэрч байгаагаа дэлхий даяар зарлаж, мэдрүүлж чадсан. Хөөрхий зэрлэг амьтад бидэн шиг ярьж, эрхээ хамгаалж чадахгүй болохоор хөгжлийн золиос болоод хоцорсон юм.

Эрдэмтдийн судалгаагаар нутгийн баруун хэсэгт үлдсэн цагаан зээрийн сүрэг үрэгдсээр одоо бараг байхгүйтэй адил болжээ. Амьтдын нүүдлийг төмөр зам дагуухь тороор хааж тэнд нь амьтад олноороо өлгөгдөж үхсээр байгаа дүр зураг олон жил давтагдсаар ийнхүү цагаан зээрийн тасарсан сүргийг мөхөл рүү чирсэн юм. Өргөст тор нь зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнийг хязгаарладаг төдийгүй үхэл хорогдолд нөлөөлдөг маш том хүчин зүйл болох нь судалгааны дүнд батлагджээ. Тухайлбал, 2016 онынэг, хоёрдугаар сард их хэмжээний цас орсны улмаас зүүн аймгуудаас цагаан зээр баруун тийш нүүдэллэн төмөр замын торонд тулж улмаар 5000 гаруй зээр өргөст торонд өлгөгдөж үхсэн байсныг судалгаагаар тогтоосон юм.Нутгийн зүүн хэсэгт төмөр зам барихдаа зэрлэг амьтдад зориулсан гарц хийхгүй бол зүүн хэсэгт үлдсэн зээрийн сүрэг дахин хуваагдаж мөхлийн ирмэгт тулах аюултай. Нүүдэллэдэг амьтдын сүрэг хоорондоо “учирч” чадахгүй хуваагдана гэдэг тухайн амьтан мөхөл рүүгээ явахын эхлэл гэдгийг эрдэмтэд, судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг билээ.

Чухамдаа ийм байдалд дахин хүргэхгүйн тулд байгаль хамгаалах байгууллагууд талуудтай хамтранажиллаж боловсруулсан “Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц” байгуулах стандарт, “Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу нүүдлийн туруутан амьтдад зориулсан гарц” байгуулах стандартыг хэрэгжүүлэх нь маш чухал билээ. Стандартчилал, хэмжил зүйн газраас баталсан ийм хоёр стандарттай болсноор Монгол орны аль ч хэсэгт авто зам, төмөр зам барихдаазэрлэг амьтдад зориулсан гарц заавал байгуулах ёстой болсон. Тодруулбал, нүүдлийн тууртан амьтдад зориулсан гарц байгуулах стандартыг Монгол Улс төв Азийн орнуудаас анх удаа баталсан билээ. Эдгээр стандартыг хэрэгжүүлснээр дэлхийд ховор хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир, монгол бөхөн зэрэг амьтдын нүүдлийн замд саад учрахгүй байх боломж бүрдэх юм.

Стандарттай болох нэг хэрэг, харин хэрэгжүүлэх нь дутахгүй ач холбогдолтой байдаг. Тиймээс шинээр батлагдсан стандартуудыг хэрэгжүүлэхэд анхаарах нь маш чухал болоод байна. Одоогийн байдлаар төмөр замын салбарт гурван томоохон төсөл хэрэгжиж байгаа. Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөл. Эдгээрээс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам анхны тээврээ гуравдугаар сарын 5-нд Оюутолгойн зэсийн баяжмалаар хийсэн. Удахгүй бүрэн хүчин чадлаараа ажиллана гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа. Эдгээр бүтээн байгуулалтыг хийхдээ нүүдэллэдэг амьтдын нүүдлийг таслахгүй байхад анхаарч гүүрэн болон нүхэн гарцыг хийсэн хэмээн албаны хүмүүс хэлсэн. Хэдийгээр байршил, нүхэн гарц стандартын дагуу хийгдсэн эсэх, тэрүүгээр нь зэрлэг амьтад гарч байгаа нь тодорхой болоогүй байгаа ч энэ нь нэг талаар том дэвшил юм. Стандарттай болсон, үүнийгээ хэрэгжүүлж эхэлллээ гэсэн эерэг дохио ч болно. Ололт амжилтаа улам ахиулж стандартын хэрэгжилтийг улам сайжруулах чухал цаг ирснийг шинээр хийх төмөр замын бүтээн байгуулалтууд сануулж байна.

Тиймээс төмөр замыг стандартын дагуу, байгаль зэрлэг амьтдад ээлтэй байдлаар барих ажилд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэнар онцгой анхаарал хандуулах шаардлагатай болоод байна. Ялангуяа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн үүрэг, хариуцлага энд маш их юм. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг мэргэжлийн төвшинд хийлгэх, талуудыг бодлогоор зангидах гээд олон ажил түүнийг хүлээж байна. Мөн Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамтын ажиллагаа маш чухал. Гарц, гармын байрлалыг сонгохдоо энэ салбарын мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийн зөвлөмж, байгаль хамгаалах байгууллагуудын үнэлэлт дүгнэлтийг харгалзан үзэх нь ач холбогдолтой.

Монгол орон олон зууны турш зэрлэг амьтан, ургамлын өлгий нутаг байж хүн ард нь байгальтайгаа шүтэлцэн амьдарсаар ирсэн түүхтэй. Энэ агуу филиософийн үнэ цэнийг алдагдуулахгүй байлгах нь бидний анхаарч хийх ёстой ажил юм. Шинээр баригдах төмөр замуудыг нүүдлийн тууртан амьтдад ээлтэйгээр барьж чадвал нэг талаар улсын нэр хүндэд тустай, нөгөө талаар дараа, дараагийн бүтээн байгуулалтад зөв жишиг болох ач холбогдолтой билээ.

Д.Батзориг

Categories
мэдээ нийгэм

Загас, тахианы 2-3 тонн махыг барилгын материал дунд тээвэрлэж ирснийг илрүүлжээ || DNN.mn

Хятад улсаас чанарын шаардлага хангаагүй мах, махан бүтээгдэхүүн өнгөрсөн шөнө оруулж ирснийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ илрүүлжээ. Тодруулбал, загас, тахиа зэрэг мал, амьтны гаралтай 2-3 тонн махыг барилгын материал дунд тээвэрлэж оруулсан байна.

Энэ талаар НМХГ-ын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Г.Энхтөр “Өмнөговь аймгийн Цагаан хаднаас зориулалтын бус тээврийн хэрэгслээр мал амьтны гаралтай махыг барилгын материалтай хамт тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн, хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг температурын горим шаардсан тээврийн хэрэгслээр зөөвөрлөх ёстой байдаг.

Энд ойролцоогоор 90 гаруй хайрцаг, шуудай байна. Тиймээс хэчнээн төрлийн бүтээгдэхүүн байгааг нэг бүрчлэн шалгаж төрөл тус бүрээс нь дээж авч лабораторид шинжлүүлнэ. Дээжийн хариу гарах хүртэл тухайн агуулахыг битүүмжлэх юм” хэмээх мэдээллийг өгөв.

зураг

зураг

зураг

Categories
мэдээ нийгэм

Тавантолгойн станцын барилга, угсралтын тендерт БНХАУ-ын 5, ОХУ-ын 1 компани оролцоно || DNN.mn

Тавантолгойн цахилгаан станцын тендерийн талаар сэтгүүлчид уг салбарын сайд Н.Тавинбэхээс тодрууллаа.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Тавантолгойн дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг хоёр удаа сунгасан. КОВИД-19-тэй холбоотойгоор сунгах хүсэлтийг оролцогч гаднын компаниудаас ирүүлсэн. Үүнийг нь судалж үзээд хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзсэн.

Дөрөвдүгээр сарын 1-нд тендерийг нээнэ. Өнөөдрийн байдлаар зургаан оролцогч тендерийн материалыг худалдаж авсан. Үүний тав нь БНХАУ-ынх, нэг нь ОХУ-ын компани. Тендер бол том ажил тул үнэлгээний ажил нэлээд хугацаанд үргэлжлэх байх” гэв.

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Вьетнамын компани АНУ дахь үйлдвэрийнхээ шавыг тавилаа || DNN.mn

Төслийн нээлтийн үеэр VinFast компанийн дэд ерөнхийлөгч, хатагтай Ли Ти Ту Туй, Умард Каролина мужийн захирагч Рой Күүпер нар

Вьетнамын VinFast компани АНУ-д байгуулах цахилгаан хөдөлгүүртэй автомашины үйлдвэрийнхээ шавийг өчигдөр Умард Каролина мужийн нутагт тавьжээ.

Тус компанийн үйлдвэр мужийн төв Ралей хотоос баруун өмнө зүгт Чатэм дүүргийн нутагт байгуулагдахаар болсон байна.

Үйлдвэр 2024 онд нээгдэж, 2027 он гэхэд 7,500 ажилчинтай болохоор төлөвлөснийг АНУ-ын худалдааны яам мэдээлжээ.

Ажилчдынх нь дундаж цалин жилийн $51,000 байх гэнэ.

“VinFast-ийн хувьсгал хийх төсөл манай мужид олон ажлын байр бий болгохоос гадна цахилгаан автомашины тоог нэмэгдүүлж, хүлэмжийн хийг бууруулах ач холбогдолтой юм” гэж Умард Каролина мужийн захирагч Рой Күүпер мэдэгджээ.

Үйлдвэрийг 800 гектар талбайд $4 тэрбумын хөрөнгө оруулалтаар байгуулах юм байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл жилд 150,000 автомашин үйлдвэрлэх юм.

Хэрвээ VinFast ажлын байр, хөрөнгө оруулалтынхаа зорилтыг биелүүлбэл Умард Каролина муж 32 жилийн хугацаанд $316 саяын хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцсон байна.

АНУ-ын худалдааны яамны мэдээлснээр VinFast үйлдвэр байгуулах газраа тус улсын 12 мужийн нутгаас хайж, судалсны эцэст Умард Каролинаг сонгосон гэнэ.

Сүүлийн нэг жилийн хугацаанд Умард Каролина муж хэд хэдэн том компанийн хөрөнгө оруулалтыг татаж чадсан амжилттай байна.

Тухайлбал Apple компани зүүн эргийн анхны судалгааны төвөө тус мужид байгуулах шийдвэрийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард зарласан юм.

Уг төв нь ирэх арван жилийн хугацаанд 3,000 ажлын байр бий болгох юм байна.

Тоёота компани батарейн шинэ үйлдвэрээ Умард Каролинагийн Гринсборогийн ойролцоо байгуулах шийдвэрийг өнгөрсөн арванхоёрдугаар сард зарлаж байв. Уг үйлдвэрт $1.3 тэрбумын хөрөнгө оруулж, 1,750 ажлын байр бий болгох юм.

Categories
мэдээ нийгэм

“Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронз нарт оноогдох ялыг хэвээр үлдээлээ || DNN.mn


“Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронз, Д.Дариймаа нар нь 457 иргэнээс байрны урьдчилгаа нэрээр найман тэрбум гаруй төгрөг залилсан хэрэг 2019 оны наймдугаар сард гарсан.

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, хохирогчид, өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдөр хэлэлцлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалтад заасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.

Дашрамд дурдахад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу Д.Гүрсоронзод 10 жил, Д.Одгэрэл, Б.Батбаяр нарт тус бүр 6 жил хорих ял оногдуулж, шүүгдэгч нараас нийт 7 тэрбум 265 839 273 төгрөгийг гаргуулж, хохирогчдод олгуулахаар шийдвэрлэсэн юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирлыг гаргуулахтай холбоотой заалтад зарим өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

ҮАГ: Эрчим хүчний салбарт бодит ахиц гарахгүй байна

Төрөөс эрчим хүчний салбарт баримталсан бодлогыг хэрэгжүүлэх хугацаа, хамаарлыг оновчтой тодорхойлоогүйн улмаас эрчим хүчний салбарт бодитой ахиц гараагүйг Үндэсний аудитын газар мэдээллээ.

Нийт эрчим хүчинд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2020 он гэхэд 20 хувьд хүргэхээр заасан юм. 2020 онд 18.3 хувь байсан энэ үзүүлэлт 2021 оны байдлаар 17.8 хувь болж буурсан байна.

Мөн 2020 он гэхэд эрчим хүчний хэрэгцээний 85 хувийг дотоодын эх үүсвэрээр хангах зорилт тавьсан юм. 2016 оны байдлаар нийт хэрэгцээний 80.3 хувийг дотоодын эх үүсвэрээр хангадаг байсан бол 2020 онд энэ үзүүлэлт 80.7 хувь болсон байна.

Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх ажлыг Төрөөс хараат бусаар тогтоох байдал алдагдаад байгаа аж. Ингэснээр салбарыг өрсөлдөөнт зах зээлийн зарчимд шилжүүлэх Төрийн бодлогын зорилт хэрэгжихгүй байгааг Үндэсний аудитын газрын тайланд дурджээ.

Ялангуяа эрчим хүчний тарифыг өртгөөс багаар тооцсонтой холбоотойгоор тарифт ноогдох зардал нэмэгдсэн байна. 2018 онд 11.7 тэрбум төгрөг байсан бол 2020 онд нийт эрчим хүчний тарифт ногдох зардал 50.6 тэрбум болж өсжээ.

Эрчим хүчний үйлдвэрлэл, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Төрийн өмчит компаниудын алдагдал жилд дунджаар 35.7 хувиар нэмэгдсэнийг тайланд мөн онцолжээ.

Түүнчлэн Төрөөс эрчим хүчний салбарт зориулж 2015 оноос хойш 993.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ нь нийт шаардлагатай хөрөнгө оруулалтын 8.8 хувьтай тэнцэж байгаа аж.

Цаашид хөрөнгө оруулалт буурах нь салбарын аюулгүй байдлыг хангаж чадахгүйд хүргэж, цахилгаан, дулааны хангамжид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй болохыг Үндэсний аудитын газар мэдээллээ.