Categories
мэдээ нийгэм

Улаан-Үд дэх Ерөнхий консулын газраас анхааруулга гаргажээ || DNN.mn

Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газраас анхааруулга гаргажээ.

Цар тахал эхлэхээс өмнө болон цар тахлын үед манай улсын иргэд өөрсдийн хувийн тээврийн хэрэгслээр ЕАЭЗХ-ийн гишүүн улс (ОХУ, БНКазУ, БНБеларусь Улс, БНАрмени Улс, БНКиргиз Улс) орнууд руу олноор зорчсон ба цар тахлын улмаас тухайн зорчсон улс орнуудад үлдэх, улмаар хувийн зориулалттай тээврийн хэрэгслээ холбогдох хууль тогтоомжид заасан хугацаанд багтаан ЕАЭЗХ-ийн гаалийн нутаг дэвсгэрээс гаргаагүйн улмаас эдүгээ гаалийн өндөр төлбөр, хураамж төлөх, захиргааны зөрчлийн торгууль орох, цаашлаад хувийн тээврийн хэрэгслээ хураалгах эрсдэлд орж байгаа юм.

Үүсэж буй нөхцөл байдлыг тодруулбал:

Евразийн эдийн засгийн холбооны Гаалийн хуулийн 264 дугаар зүйлд заасны дагуу гадаадын иргэд хувийн зориулалттай тээврийн хэрэгслээ ЕАЭЗХ-ийн гишүүн орнуудын нутаг дэвсгэрт нэг хүртэлх жилийн хугацаанд гаалийн татваргүйгээр оруулж болох ба гаалийн мэдүүлэгт зөвшөөрөгдсөн хугацаа дуусгавар болохоос өмнө тухайн тээврийн хэрэгслийг ЕАЭЗХ-ийн гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах үүрэгтэй.

Евразийн Эдийн Засгийн Комиссын Сайд нарын Зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №47, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн №79, 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн №79 дүгээр тус тус шийдвэрээр COVID-19 халдварт цар тахлын улмаас тээврийн хэрэгслээ цаг хугацаанд нь гаргаж чадаагүй тохиолдолд тээврийн хэрэгслийн гаалийн төлбөр, хураамжаас чөлөөлөгдөх хугацааг 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд сунгасан байсан бөгөөд энэхүү сунгалт цааш хийгдэхгүй болж, гадаадын иргэд тээврийн хэрэгслийн гаалийн төлбөр заавал төлөх, эсхүл тухайн тээврийн хэрэгслийг ЕАЭЗХ-ийн гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах ёстой болсон.

ЕАЭЗХ-ийн гаалийн нутаг дэвсгэрт байх зөвшөөрөгдөх хугацаа дууссанаас хойш 6 сарын дотор тээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлэг бөглөн буцаан авч гарах тохиолдолд гаалийн төлбөр, хураамж төлөх шаардлагагүй ба харин энэхүү хугацааг хэтрүүлсэн тохиолдолд тээврийн хэрэгслийн гаалийн татвар, хураамж төлөхөөс гадна ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 16.18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэлийг эдэлнэ. Өөрөөр хэлбэл иргэд 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө тээврийн хэрэгсэлдээ гаалийн мэдүүлэг мэдүүлэн ЕАЭЗХ-ний гаалийн нутаг дэвсгэрээс авч гараагүй тохиолдолд гаалийн төлбөр, 1500-2500 рублийн захиргааны торгууль төлөхөөс гадна тухайн тээврийн хэрэгслээ хураалгуулж ОХУ-ын орлого болгуулах эрсдэлд орохоор байгааг ОХУ-ын Гаалийн байгууллагаас анхааруулж байна.

Цар тахал эхлэхээс өмнө болон цар тахлын үед хувийн тээврийн хэрэгслээр ОХУ болон ЕАЭЗХ-ийн гишүүн бусад улс орнууд руу нэвтэрч буцаж гараагүй иргэдэд 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө гаалийн мэдүүлэг бөглөн нэн даруй буцаж гарах шаардлагатайг анхааруулж байна. Ингэснээр иргэд ОХУ-ын захиргааны зөрчилд холбогдох, гаалийн өндөр төлбөр, хураамж, захиргааны торгууль төлөх, хамгийн чухал нь хувийн тээврийн хэрэгслээ хураалгах эрсдлээс урьдчилан сэргийлэх юм.

Categories
мэдээ нийгэм

ОХУ байгалийн хийгээ зөвхөн рублиэр худалдана || DNN.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Птин “нөхөрсөг бус харилцаатай” орнуудад нийлүүлэх байгалийн хийн төлбөрийг зөвхөн рублиэр авахыг Засгийн газартаа даалгалаа. Оросын гадаад валютын нөөцийг барууны орнууд битүүмжилсэн нөхцөлд үүнээс өөр гарц байхгүйг тэрээр тодотгожээ. Хийн экспортын төлбөр тооцоог рублиэр хийх журмыг долоо хоногийн дотор боловсруулж дуусгахыг Төв банканд даалгасан байна.

Путины мэдэгдлийн дараа рублийн ханш ам.долларын эсрэг чангарч эхэллээ. Мягмар гарагт нэг ам.доллар 101 рубльтэй тэнцэж байсан бол өнөөдөр 95-аас уруудаж явна. Мөн Европын зах зээлд байглийн хийн үнэ 10 хувиар өссөн тухай Интерфакс мэдээллээ. Лондонгийн түүхий эдийн бирж дээр ирэх дөрөвдүгээр сарын фьючерсийн үнэ мянган шоо метр тутамд 1359 ам.долларт хүрч үнэ өссөн байна.

Одоогийн байдлаар Оросын эрх баригчид 48 орныг “нөхөрсөг бус харилцаатай” орны жагсаалтад оруулаад буй.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарч, 4.5 га талбай шатжээ || DNN.mn

Сэлэнгэ аймгийн Мандал суманд хээрийн түймэр гарчээ.

Тус сумын Тарни наймдугаар багийн “Дарьт” гэдэг газарт хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 23-ны өдрийн 16:32 цагт онцгой байдлын байгууллагын алба хаагчид хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид очиж, 45 минут ажиллан галыг унтраажээ. Түймэрт 4.5 га талбай өртөж шатсан байна.

Categories
мэдээ цаг-үе

“Мөнгөн мод” наадмын шагналын эзэд тодорлоо || DNN.mn

Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод” 13 дахь удаагийн наадам өчигдөр /2022.03.23/ Дуурь, бүжгийн эрдмийн театрт болж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ наадмаар өмнө нь шилдэг долоон номинаци шалгаруулдаг байсан бол энэ жил 24 номинаци шалгаруулснаараа онцлог байв. Нийт 24 номинацийн 12 бүтээл нь тэргүүлэх чиглэлийн судалгаан дээр суурилсан уран бүтээл гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм. Шилдэг уран бүтээлчдийг танилцуулъя.

Шилдэг жүжигчнээр:
“Фантастик” продакшний
жүжигчин СТА Б.Барслхагва
“Буруу өрөг” киноны гол дүр.

Шилдэг хөгжимчнөөр:
Нийслэлийн Улаанбаатар
театрын гоцлол хөгжимчин
Б.Мягмарцэрэн.

Шилдэг дуучнаар: Улсын филармонийн гоцлол
дуучин Н.Наранбаатар “Миний
захидал”,

“Итгэл цомог”.
Шилдэг бүжигчнээр:
Үндэсний урлагийн их театрын
бүжигчин Б.Эрдэнэбаяр “Босоо
цагаан гурвалжин” үндэсний
орчин үеийн бүжиг.

Шилдэг зохиолчоор:
Ардын багш С.Дулам “Босоо
цагаан гурвалжин” бүжгэн жүжиг.

Шилдэг урлаг судлаачаар:
Соёлын бүтээл үйлдвэрлэлийн
судлаач Ж.Эрхэмтөгс 18 ном,
гарын авлага, 100 орчим илтгэл,
лекц.

Шилдэг хөгжмийн удирдаачаар :
Үндэсний Урлагийн их театрын
ерөнхий удирдаач Н.Буянбаатар
“Төрийн удирдлагын тоглолт”,
“Сэрсэн тал-37”.

Шилдэг продюсераар:
Ц.Бат-Оргил Хүүхдийн адалт
явдалт “Мөнх тунх” анимейшн

Шилдэг зураачаар:
Л.Батбилэг “Гэм зэм”, “Хотулун
“Мөнгөн мод- 2021” наадмын шилдгүүд тодорлоо
гүнж” УСК ерөнхий зураач

Шилдэг хөгжмийн зохиолчоор:
Ш.Өлзийбаяр “Домог амилсан
нутаг”, “Анна Каренина”.

Шилдэг бүжиг дэглээчээр:
МУСГЗ Д.Баярбаатар “Босоо
цагаан гурвалжин” үндэсний
орчин үеийн бүжиг

Шилдэг найруулагчаар:
М.Батболд “Гэм зэм” “Пауст”
постдрамын жүжиг

Ном хэвлэлийн шилдэг бүтээлээр:
Р.Батцэнгэл “Монголын нууц
товчоо түгээмэл их ном”
Шилдэг нийтлэл нэвтрүүлгээр:
“Сэнтрал” телевиз “Монгол өв
соёл” нэвтрүүлэг.

Дуу хөгжмийн шилдэг бүтээлээр:
“Хөсөгтөн” хамтлаг “Жангар”
цомог.
Дүрслэх урлагийн шилдэг
бүтээлээр:
УГЗ Л.Ганхуяг “Богд хааны
нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн
хөшөө цогцолбор”

Шилдэг цахим бүтээлээр:
“Амжилт” анимейшн “Зу Зу”-гийн
найзууд.

Шилдэг цахим тоглоомоор:
“Beer night” студи “Fagile 2D”
видео тоглоом.

Шилдэг дизайнераар:
“Овоо кемпин” ХХК “Гэр тент”.

Шилдэг хувцас загварын
бүтээлээр:
“Futuristic Type” загварын бренд
“Мултивсэрс”

ХХК
Зар сурталчилгааны шилдэг
бүтээлээр:
“Апу” ХК “Соёлоор гоёно” төсөл
нөлөөллийн аян.

Шилдэг виртуал үзмэрээр:
Монгол үндэсний музей-Гэрэгэ
дижитал технологи ХХК
“Монголын эзэнт гүрэн” дижитал
музей.

Кино урлагийн шилдэг
бүтээлээр:
“Бросис пикчирс” ХХК “Том
тоглоом гурван эрдэнийн эрэлд”
хүүхдийн кино.

Тайзны урлагийн шилдэг
бүтээлээр:
УДЭТ-ын бүтээл “Анна Каренина”

Categories
мэдээ цаг-үе

Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио өнөөдөр 16:00 цагт дуугарна || DNN.mn

Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гараг буюу өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна.

Дуут дохионы үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуульд идэвхтэй оролцохыг уриалж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

П.Галиндэв: Одоо АН ус, тосоороо ялгарч дууслаа гэж харж байна || DNN.mn

АН-ын шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэвтай ярилцлаа.


-АН ер нь эмх цэгцэндээ орох нь уу. Шинэчлэгдэх боломж байна уу?

-Намын шинэчлэл бол зөвхөн намын даргын төдийгүй, ардчилалтай холбоотой бодлогын асуудал. Мөн хариуцлагын ч тухай асуудал. Миний хуьд АН-ын гал тогоонд 15 жил тасралтгүй чанагдаж, алдаа оноотой нь хамт явна. Сүүлийн таван жил намын шинэчлэлийн төлөө тууштай үзэл бодлоо илэрхийлж, өөрөөс хамаарах зүйлсээ хийж ирлээ. Хамгийн түрүүнд бид өөрсдийн алдаа дутагдалдаа бодитоор дүгнэлт хийж, үнэнтэйгээ нүүр тулах ёстой юм билээ. Хоосон пиар, уриа лоозонгоор улс төр хийдэг цаг дууссан. Мэдээлэл хөгжсөн XXI зуунд бид бүх зүйлийг үнэн бодитоор харж дүгнэх ёстой. Мөн бүх л зүйлийг үнэн бодитоор нь ярьж сонгогчиддоо ойлгуулж байх ёстой. Асуудлын гарц шийдэл ч мөн бодитой үнэн байх ёстой. Манай намын гол асуудал бол улс төр эдийн засгийн бүлэглэлд барьцаалагдсан явдал. Энэ дээрмийн бүлэглэлээс салах нь шинэчлэлийн эхний алхам байх болно. Ганц манай нам ч биш, Монголын төр бүлэглэлийн барьцаанд орсон хэвээр байна. Бидэнд энэ бүхнийг зөв дүгнэж, зоригтой үйлдэл хийх лидер хэрэгтэй байна. Тэгж байж Ардчилсан нам шинэчлэгдэж чадна.

-Ардчилсан намын талцал, дотоод хуваагдал нь үргэлжилсээр л байна. Аль тал нь яг хууль ёсных гэж үзэх вэ?

-Намын эв нэгдлийн тухайд би өөрийн гэсэн бодолтой явдаг. Бид ямар үнэт зүйл дээр нэгдэх вэ, ямар зорилго дээр нэгдэх вэ гэдэг дээрээс асуудал эхэлнэ. Ардчилсан намын эв нэгдэл бол улс үндэстнийхээ язгуур эрх ашиг дээр үндэслэх ёстой. Монголоо хөгжүүлэх чин зорилго дээр тогтох ёстой. Ардчилсан тогтолцоогоо төгөлдөржүүлж, хүний эрхийг хамгаалсан шударга нийгмийг бүтээх үйл хэрэг дээр Ардчилсан нам эвлэлдэн нэгдэж чадна гэж боддог. Нийт сонгогчид, намын гишүүд маань үүнийг л хүсч, захиж байгаа. С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж нарын бүлэглэлтэй тохиролцож тамга тэмдэг наймаалахыг Ардчилсан намын эв нэгдэл гэж хэлэхгүй. Монголоо тонож дээрэмддэг, нам дамнасан бүлэглэлийн гар хөлтэй тохиролцоод суухыг эв нэгдэл гэж хэлэхгүй. Одоо АНтос, усаараа ялгарч дууслаа гэж би харж байна. Бидэнд яг одоо нам дамнаж, мафижсан энэ бүлэглэлээс салах боломж байна. Ингэж байж Ардчилсан нам шинэчлэгдэж, Монголоо хөгжүүлэх боломж нээгдэнэ. Ардчилсан нам бол том нам, 10 гаруйхан худалдагдсан улстөрчөөр дутахгүй нам.

-Намын даргын сунгаанд нэр дэвшигчдийн хэн нь АН-ын өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдэж чадна гэж бодож байна?

-Нэр дэвшигч Ж.Батсуурийн хувьд миний дэмжиж хүндэлж явдаг улстөрчдийн нэг. Аймгаа удирдаж хөгжүүлж чадсан нэр хүндтэй хүн. УИХдахь бүлэгтээ ч нөлөө нь өсч яваа улстөрч. Гэхдээ ийм ороо бусгаа үед нам удирдаж, түүнийг босгож ирэхэд амаргүй. Уулзалтууд дээрээ АНхүчтэй сөрөг хүчин байх ёстой гэж яриад байгаа. Өөрөөр хэлбэл, Ж.Батсуурь АН-ыг ялагч улс төрийн хүчин байна гэдэгт өөрөө ч итгэхгүй байх шиг байна. Өнөөдөр Ардчилсан намыг энэ хямралт байдлаас гаргаж чадах хүн бидэнд хэрэгтэй байна. Энэ хүнд байдлаас гаргаж, Ардчилсан намын тамгыг нам дамнасан бүлэглэлээс, МАН-аас салгаж, сөрж зогсож чадах хүнийг Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга гэж хувьдаа харж байгаа.

-Яагаад Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ыг нэгтгэнэ гэж харж байгаа юм?

-Х.Баттулга нэр дэвшигчийг дэмжих олон шалтгаан байгаагаас нэрлэе л дээ. Нэгдүгээрт, Ц.Элбэгдорж Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг нарын улс төр, бизнесийн бүлэглэл хууль зөрчиж төрийн мөнгөөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг гартаа оруулж байсныг Х.Баттулга таслан зогсоож Монгол Улсдаа авч үлдсэн гавьяатай. Ц.Элбэгдорж УИХ-ын индэр дээрээс “Эрдэнэт” үйлдвэрийг сүүгүй болсон хөгшин үнээтэй зүйрлэж хаах цаг нь болсон гэж хэлж байсныг нь та бүхэн тодхон санаж байгаа байх. Гэтэл өнөөдөр Эрдэнэт үйлдвэр цаашид 60 жилийн нөөцтэй төдийгүй сүүлийн хоёр жилд гэхэд улсын төсөвт 1.9 их наяд төгрөгийг оруулж улсын төсвийн ачааны хүндийг үүрч байна. Хоёрдугаарт, Таван толгойн нүүрсний ордыг УИХ-аар хэлэлцүүлэлгүйгээр Хятадын төрийн өмчит Шинхау, Монголын МСS компанийн түншлэлд 100 жилээр өгөх гэж байсныг Х.Баттулга болон тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд нар эсэргүүцэн зогсож Таван толгойн орд газрыг улсдаа авч үлдсэн гавьяатай.

Өнөөдөр “Эрдэнэс таван толгой” ХК жилдээ 500 орчим тэрбум төгрөгийн татвар улсын төсөвт төлж төмөр замын бүтээн байгуулалт зэрэг стратегийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлж улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байна. Үр дүнд нь Монгол Улсын иргэн бүр Таван толгойн ордоос хувьцаа эзэмшиж байна. Гуравдугаарт, тэр төмөр зам барьсан гавьяатай. Зүтгэсээр байж, төмөр замаа гадныханд алдаагүй, монголчууд өөрийн хүчээр барьж, төрдөө өмчилж байгаа гавьяа бол гарцаагүй Х.Баттулгын гавьяа.

Дөрөвдүгээрт, Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Оюу толгойн гэрээний ард явагдсан луйврын схемийг ил болгож, Дубайн гэрээний булхайг илчлэхэд С.Ганбаатар гишүүний хамт байж, хамгаалж чадсан. Үр дүнд нь өнөөдөр Монгол улсын Засгийн газар “Рио Тинто” компанитай хийсэн хэлэлцээр тодорхой хэмжээнд дэвшил гаргаж 2.3 тэрбум долларын өрийг хүчингүй болгож чадлаа. Үүний ард Х.Баттулгын улс төрийн хүчин чармайлт, гавьяа их бий. Зөвхөн энэ дөрвөн жишээн дээр гэхэд Х.Баттулга нарын улстөрчид улсынхаа эрх ашгийг хамгаалан зогсож чадаагүй бол өнөөдөр улсын төсвийг бүрдүүлж байгаа стратегийн гол түшицүүд Ц.Элбэгдорж тэргүүтэй бүлэглэлийн гарт орж, Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол алдагдах байсан. Түүний энэ үйлдлүүдийг улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж хийсэн алхам гэж үздэг. Тэр утгаараа Х.Баттулга нэр дэвшигчийг Ардчилсан намыг манлайлах зайлшгүй шаардлагатай байна гэж харж байгаа хэрэг л дээ.

-Ардчилсан намын өөр залуучууд яагаад намын даргын сунгаанд оролцсонгүй вэ. Таны хувьд яагаад нэрээ дэвшүүлсэнгүй вэ?

-Манай намд мэдлэг, боловсролтой, төрийн ажлын туршлага хуримтлуулсан, намын гол ачааг үүрч яваа олон залуу бий. Яагаад намын даргын сунгаанд нэрээ дэвшүүлээгүйг мэдэхгүй юм. Миний хувьд энэ удаа цаг нь биш гэж үзэж байгаа шалтгаанаа дээр дурдлаа. Намаа шинэчлэх ажилд бусад байдлаар оролцоод явах боломжууд бий. Цаг нь мөн гэж үзсэн үедээ хойшоо суулгүй, хариуцлагаа үүрээд явна гэж боддог доо

Categories
мэдээ цаг-үе

Энэ онд нийслэлд 131.4 га талбайг ойжуулна || DNN.mn

“Тэрбум мод” хөдөлгөөнийг нийслэлд 2030 он хүртэл гурван зорилтын хүрээнд хэрэгжүүлэх аж. Тухайлбал, ойжуулалт, нөхөн сэргээлтэд 12.948 га талбайд 20.7 сая мод, бүх төрлийн хамгаалалтын ойн зурваст 3350 га-д 4.5 сая мод, мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 65 сая мод нийслэлийн суурьшлын бүсэд тарьж, ургуулахаар бэлджээ. Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн төслийг олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний оролцоотой өрнүүлж 29.8 сая мод, нийт 120 сая модыг нийслэлд тарьж ургуулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ойн хомсдол, доройтлыг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор түймэрт өртсөн, хөнөөлт шавжинд идэгдсэн, мод бэлтгэсэн талбайг нөхөн сэргээх, ойжуулах ажлыг хийхээр төлөвлөжээ. 2022 онд нийслэлд 131.4 га-д ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, ойн зурвас байгуулах юм байна. Нийслэлийн хэмжээнд ойжуулалт, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй 115 байгууллага байдаг. Үүнээс 29 газар нь 49.6 га талбайд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт 4.6 сая тарьц, суулгацын нөөц бий.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлд есөн арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, мод үржүүлгийн агро ойн аж ахуйн газар байгуулахад ус ашиглалтын төлбөрөөс хөнгөлөх, ойн мэргэжлийн байгууллагад мод үржүүлгийн зориулалтаар газар олгох дэмжлэг үзүүлэх, мод тарих соёлыг нутагшуулах урт хугацааны нөлөөллийн аяныг хийх, мод үржүүлгийн аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт эдлүүлэх эрх зүйн баримт бичиг боловсруулах, зээл бий болгох, урамшуулах зэрэг ажил хийхээр төлөвлөсөн байна. Мөн гуравдугаар сарын 28-нд “Тэрбум мод” зөвлөгөөнийг зохион байгуулах аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Идэрбат: Шинэ сэргэлтийн бодлогоор тэлэх эдийн засгийн үр дүн иргэдийн хаалгаар орох нь чухал байна || DNN.mn

УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Идэрбат хэвлэлд анх удаагаа ярилцлага өглөө.


-ОЮУ ТОЛГОЙ, ТӨМӨР ЗАМЫН АСУУДАЛ 14 ЖИЛ МОНГОЛЧУУДЫГ ТАЛЦУУЛЖ ХОХИРООСОН. ОДОО ЭНЭ АСУУДАЛ ШИЙДЭГДСЭН НЬ ТОМ АМЖИЛТ –


Энэ УИХ-ын хамгийн отгон гишүүнтэй манай сонин ярилцаж байна. Тиймээс таны ажил, амьдралын замналыг тань эхлээд асуух нь зөв болов уу?

-Би 2003 онд их сургуулиа төгссөн. Дөнгөж сургууль төгсөөд ирсэн хүүхэд чинь сар шахуу ажилгүй явна шүү дээ. Сар болоод л ажил, амьдралаа бодохгүй бол болохгүй нь, хаана ямар ажил байна гээд хайсан чинь Аймгийн намын хороонд ажил байна гэсэн. Ингээд тухайн үеийн Монголын Ардчилсан Социалист Залуучуудын холбооны Хэнтий аймаг дахь салбарт анх ажилд орж байлаа. Тэндээ 2003-2008 он хүртэл таван жил ажилласан. Дараа нь 2008 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Үүнээс хойш тасралтгүй дөрвөн удаа ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр сонгогдож нийт 12 жил ажилласан байна. Ер нь би төрийн ч, улс төрийн ч ажлыг анхан шатнаас нь л эхлүүлсэн хүн л дээ. 2008 онд 27 настай залуу Чингис хотын орлогчоор томилогдож 2014 он хүртэл ажилласан.

2012-2016 онд Хэнтий аймгийн МАН-ын дэд даргаар, 2016-2021 оны аравдугаар сарын 21 хүртэл Хэнтий аймгийн Засаг даргаар ажилласан. Дараа нь улс төрийн шийдвэр гарч, УИХ-ын сонгуульд оролцох үүргийг намаас өгсөн. Ингээд нөхөн сонгуульд нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Намын ажлыг ч тэр, төрийн ажлыг ч тэр анхан шатнаас нь эхлүүлсэн болохоор зовлон, жаргалыг нь сайн мэднэ. Улс төрд ороход надад ямар нэгэн том “мотор” байсангүй. Анхан шатнаас л эхэлсэн. Гэнэтхэн замын дундаас ороогүй. Эргээд бодоход амьдралынхаа 19 жилийг нам, төрийн ажилд зарцуулжээ. Үүний 16 жилийг нь Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан байна. Мэдээж улс төрийн алба хашихад намын хамт олон итгэл хүлээлгэсэн.

Аймгийнхаа өнгөрсөн 30 жилийн түүхийг харахад манай аймагт улс төрийн намууд ээлжилж ялалт байгуулж байж. Нэг дөрвөн жилд нь МАН, дараагийн дөрвөн жилд АН гэсэн циклтэй явж байж. Энэ циклээр бол 2020 оны сонгуульд манай нам амжилтгүй оролцох магадлалтай байлаа. Тиймээс сонгуульд зайлшгүй ялах ёстой гэсэн чиглэл өгсөн. Ингээд нэр дэвшигч хэн байх судалгаа хийсэн. Судалгаагаар Чингис хотын дарга байсан хүн дэвших нь зүйтэй гэсэн намын шийдвэр гарсан. Тэр үед намын УЗ, тухайн үед намын дарга байсан У.Хүрэлсүх даргын гаргасан шийдвэр мэдээж дэмжлэг болсон.

Тухайн үед та УИХ-д нэр дэвшихээ илэрхийлээгүй байсан шүү дээ. Тиймээс гэнэтийн шийдвэр байв уу гэж харсан…?

-Тухайн үед УИХ-д дэвших бодол надад байгаагүй. Аймгийн даргаар сонгогдчихсон байсан үе. Аймгийн Засаг дарга гэдэг бол их хариуцлагатай, цаг наргүй ажил шүү дээ. Саархан хийвэл хэцүү ажил. Тиймээс Аймгийн орлогч, Засаг даргаар ажиллаж байсан, анхан шатнаас нь явсан хүний хувьд аймаг орон нутагтаа юм хийе, зүтгэе гэсэн бодолтой байсан. Улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж аймгаас сонгогдсон гишүүн Ерөнхийлөгч болоод дараагийн нөхөн сонгууль яригдахад МАН журмаа л баримталсан. Өөрөөр хэлбэл, дэвшье гэсэн сонирхолтой хүн олон байсан байх Тэр хүмүүст судалгаа хийж, судалгаан дээр хамгийн өндөр үр дүн үзүүлсэн хүн л нэр дэвшинэ гэсэн чиглэлийг бидэнд өгсөн. Судалгаанд миний нэр орсон. Судалгааны дүнд үндэслэж дэвшүүлэх чиглэлийг намаас өгсөн. Ингээд сонгуульд нэр дэвшсэн.

-Та УИХ-ын гишүүнээр сонгогдоод нэг чуулганы хугацааг үдлээ. УИХ-ын гишүүний ажил гэдэг ямар байдаг юм байна. Танд юу мэдрэгдэж байна?

-Нам, улс төр, төрийн ажил хийж байсан болохоор огт мэдэхгүй зүйл рүү ороод ирсэн юм биш л дээ. Анх улс төрийн ажил, сумын дарга байхаас эхлүүлээд үе үеийн аймгийн Засаг дарга, гишүүдтэй хамтарч ажиллаж байсан учраас ерөнхийдөө гишүүд орон нутагтаа яаж ажиллах ёстой, иргэд юу хүсэн хүлээж байдаг юм бэ гэх мэтчилэнгийн зүйлийг гадарлана. Гэхдээ мэдээж хууль тогтоох дээд байгууллагад ажиллахатай харьцуулахгүй байх. Хууль тогтооно гэдэг бол их хариуцлагатай ажил. Тиймээс ч энэ тал дээр нэлээн олон зүйл бодсон. Аймгийн засаг дарга, сумын даргаар ажиллаж байсан бүхэн мэдээж олон нийтийн итгэл дээр суурилж явсан. Энэ хэрээр олон нийт хүлээж, харж байдаг учраас улам л хичээхгүй бол болдоггүй. Хэнтий аймгийн иргэдийн олонхын итгэлийг олж ажиллана гэдэг хүндтэй, их хариуцлагатай ажил. Тиймээс УИХ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, хариуцлагатай байх шаардлагатай. Хийдийн суурийн гэр хорооллоос гарсан хүүхэд ингэж явна гэдгийг манай аймгийнхан мэднэ. Анхан шатны зовлон жаргалыг мэддэг учраас Идэрээгээ дэмжинэ гэдэг. Тэднийг төлөөлж чадна, юм хийнэ гэсэн том итгэлийг тээж яваа хүний хувьд энэ чиглэлд илүү анхаарч, хууль тогтоохдоо анхан шатан дээр гардаг хүндрэлийг засахад гишүүдийн анхаарлыг хандуулах бодолтой байдаг. УИХ-аас баталсан хууль дарга, сайд эсвэл Улаанбаатар хотын түвшинд бус Монгол Улсын 330 сум, 1500 багийн гурван сая 300 мянган иргэнд хүрч үйлчилдэг гэдгийг бодож хандах хэрэгтэй. Нэг хууль баталдаг, баталсан хууль орон нутагт хүндрэл учруулдаг зүйл бий шүү дээ. Тиймээс ийм хууль байлгахгүйн төлөө гишүүдтэйгээ хамтарч ажиллаж байна. Бүлэг дээр ч энэ асуудлаа хэлж, ярьж байна. Анхан шатанд хүрч хууль хэрэгждэг шүү. Тэр хөрсөн дээр буух хууль л батлахгүй бол хуулийн тоо нэмсэн зүйл болох вий дээ гэж л хэлж, ярьж анхаарч байна.

-Таны үнэт зүйл, цаашдын зорилго тань уншигчдад сонирхолтой байх болов уу?

-Улс төрийн намд орсон тэр цаг үе, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч болж байсан тэр цаг үеэс эхлэн зарчмаа болгосон зүйл маань олон түмний итгэлийг даах л даа. Нэг удаа сонгогдоод буух нэг хэрэг байх. Гэхдээ дараалан сонгогдоно гэдэг хариуцлагатай байх, итгэл даадаг байх, ярьсан хэлсэндээ хүрдэг байх, зарчимтай байхыг шаарддаг. Чадна гэвэл чадна. Чадахгүй бол чадахгүйгээ хэлчих хэрэгтэй. Аймаг, сумын даргаар ажиллаж байх хугацаандаа миний баримталж ирсэн зарчим энэ л дээ. Ер нь би судалъя ч гэдэг юм уу бөөрөнхийлсөн зүйлд дургүй. Хүнд ч хүлээлт үүсгээд эвгүй. Тиймээс хувь хүн талаасаа энэ зарчмаар л баримтална. Харин УИХ-ын гишүүн гэдэг үүднээс бол, улс орон, ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой шүү дээ. Энэ нь ч хуульд заагдаж, бүр тангараг болгоод өргөж байна. Тангараг өргөсөн хуулийнхаа хүрээнд бүх үйл ажиллагаагаа явуулна гэж боддог. УИХ-ын гишүүний давуу байдлыг өөртөө бий болгох гээд энд тэндхийн хөнгөлөлттэй зээл рүү хошуу, хумсаа дүрдэг зүйл огт байж болохгүй. Энэ бол ёс зүйн хувьд ч туйлын буруу. Тодорхой түвшинд шийдвэр гаргах ажил эрхэлж байсан хүний хувьд хувийн ашиг сонирхол гэдэг зүйлээс хол байхыг эрмэлздэг. Үүнийгээ одоо ч баримталж ажиллана. УИХ-ын гишүүний хуульд заасан үүргээ биелүүлнэ. Ёс зүйн хувьд энэ зарчмаа баримталж ажиллана. Энэ бол надад шинэ зүйл биш. Миний ажлын зарчимд хэзээний л байсан зүйл. Ах дүүгээ албан тушаалд тавих ч юмуу иргэдийн шүүмжлээд байдаг зүйлээс аль болох хол байдаг. Цаашдаа ч ийм л байна.

-Шинэ залуу гишүүний хувьд та Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна?

-Өмнө нь сум, аймгийнхаа түвшинд л асуудлыг харж, шийддэг байлаа. Улсын төсөвт аль болох их хөрөнгө тавиулчихвал баярлаад л гүйдэг байсан. Харин УИХ-д орж ирээд төсөв хөрөнгөө батлалцаад, улс орны эдийн засгийн нөхцөл байдал зэрэг бүх асуудлыг сонсож мэдээлэл аваад ирэхээр бодох зүйл нэлээн их болдог юм байна. Цар тахлын хүнд үед Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн байна гэж харж байгаа. Цар тахлын хязгаарлалт үйлчилж байгаа энэ цаг үед Монголын төр цалин, тэтгэвэр, тэтгэмж гээд бүх зүйлээ цаг хугацаанд нь өглөө. Коронавирусийн гурав, дөрвөн том давлагааг тодорхой хэмжээнд амжилттай давлаа. Ард иргэдээ вакцинжууллаа. Эрүүл мэндийн салбарын ажиллах бүхий л бололцоогоор хангалаа. Тэр битгий хэл нийт иргэдийнхээ ус, дулаан, тог цахилгааны мөнгийг төр хариуцлаа. Энэ бол цаг үеэ олсон зөв зүйтэй арга хэмжээ болсон. Монгол Улсын эдийн засаг тэлэхгүй 10 жил болчихлоо гэж байгаа шүү дээ. Тиймээс эдийн засгаа тэлэх томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Ямартаа миний мэдэхээр намайг аравдугаар сарын 21-нд тангараг өргөснөөс хойш Оюу толгойн хэлэлцээр Монгол Улсад ашигтайгаар урагшиллаа. Мөн төмөр замын бодлогын асуудлууд шийдэгдлээ. Энэ хоёр асуудал л гэхэд 14 жил шийдэгдээгүй, монголчууд хоорондоо талцаж маргалдсан асуудал. Үүнээс болж улс орноороо л хохирсон байна. Энэ том төслүүдийг урагшлуулчихлаа. Энэ бол Монгол Улсын эдийн засгийг тэлэх бололцоог бүрдүүлж байна шүү дээ. 10 их наядын хөтөлбөр гэж том хөтөлбөрийг Засгийн газар зоригтой авч хэрэгжүүллээ. Би тухайн үед аймгийн даргаар ажиллаж байсан. Энэ төсөл хөтөлбөрүүд орон нутагт хэрэгжиж эхлэхэд орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд маш том дэмжлэг болсон. Үүнээс гадна шударга бус зүйл ихээхэн яригдаж байна. Жишээлбэл, Хөгжлийн банкны асуудал байна.

Би гурван сар хэртэй УИХ-ын чуулганы танхимд суулаа. Энэ хугацаанд Оюу толгой, төмөр зам, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг олон төсөл батлагдаж хэрэгжих шатандаа явж байна. Үүнээс би Монгол Улсын цаашдын эдийн засаг тэлэх нь гэж харж байгаа. Нөгөө талаас эдийн засаг тэлж байгаа ч гэсэн эдийн засгийн өсөлтийг иргэдийн хаалгаар оруулахгүй, дундаас хаадаг боодог, хумсалдаг зүйлтэй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-аас гадна хууль хяналтын болон иргэний нийгмийн байгууллагууд жирийн иргэд бүгд тэмцэнэ гэдгээ илэрхийлж эхэллээ. Энэ бол сайн зүйл. Учир нь нэг талаас эдийн засаг өсөх бололцоог бүрдүүлж байна. Нөгөө талд ард иргэдэд очихоос өмнө дундаас нь хумсалдаг байсан үйлдлүүд цаашид гарахгүй нь.

Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд нэг ажлын албатай. Ажлын албаараа дамжуулж бүх үйл ажиллагаагаа давхар явуулдаг. “Эргэх холбоо” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ бол 2016 оноос эхэлсэн зүйл л дээ. “Эргэх холбоо-52” хөтөлбөрийг гаргаж Хэнтий аймгийн 89 багт хүрч ажиллах зорилт тавьсан. Намрын чуулганы завсарлагаанаар Хэнтий аймгийн 19 сум, нэг тосгон гээд нийт 40 гаруй багаар явж дөрвөн мянган иргэнтэй уулзсан. Энэ үеэр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төлөвлөсөн ажлууд, УИХ-аас баталсан хууль, тогтоомж зэргийг танилцуулж иргэдийн санал бодлыг сонссон. Энэ үеэр иргэд Оюу толгой, төмөр зам, Шинэ сэргэлтийн бодлогыг нааштай хүлээж авч байна. Нөгөө талд Хөгжлийн банкны асуудалд монгол хүн бүр чих тавьж байна. Солонгост ажилладаг, амьдардаг найзуудтайгаа ярихад бас л Хөгжлийн банкны асуудлыг хөндөж байна. Дэлхий нийтэд тархан суурьшсан монголчууд хүртэл Хөгжлийн банкны шударга бус зүйлтэй яагаад ч эвлэрэхгүй вэ гэдгээ илэрхийлж байна шүү дээ. Ер нь эвлэрэх ч боломжгүй зүйл л дээ.

-Хамгийн том төсөвтэй аймаг бол Хэнтий. Та төсвийн хуваарилалтыг хэрхэн дүгнэдэг вэ. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2-3 мянган малчдад зориулж зам тавьж байна. Энэ эрүүл үзэгдэл үү?

-Үүнийг ялгаж салгаж ойлгомоор байгаа юм л даа. Үүнийг би Монгол Улсын төрийн шийдвэр тодорхой хэмжээнд хэрэгжиж эхэлж байгаагийн илэрхийлэл гэж харж байгаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд олон хөгжлийн бодлогыг баталсан ч ямар нэгэн арга хэмжээ авалгүй цаасан дээр буугаад үлддэг байснаас болж тэр олон хөгжлийн зорилтууд хэрэгжээгүй. Учир нь төсөв хөрөнгийн асуудлыг нь шийддэггүй байсан.

Монгол Улс уул уурхай, мал аж ахуй гэсэн хоёр салбарыг л голчлоод байна. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлбэл эдийн засгийн гуравдагч тулгуур болно гэж үзсэн учраас ийшээ төсөв хуваарилах болсон. Өнөөдөр Улаанбаатар хотын төв орчим соёлын аялал жуулчлал, Хөвсгөл аймаг байгалийн аялал жуулчлал чиглэлээр явчихлаа. XIV-XV зууны Монголын түүхтэй холбоотойгоор Архангай, Өвөрхангай аймгууд залгуулаад орж ирж байна. Уржигдар Ерөнхий сайд Баян-Өлгий аймагт ажиллахдаа Алтай таван богдыг дагасан аялал жуулчлалын бүсийг хөгжүүлнэ гэсэн. Аялал жуулчлалын салбар Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд дорвитой нөлөө үзүүлэхүйц салбар болгоё гэсэн бодлого гарсан. Үүнийг хэрэгжүүлэх хүрээнд төсвийн хуваарилалт хийгдэж байна. Тиймээс Хэнтий аймгийн төсөвт аялал жуулчлалтай холбоотой цогцолбор, авто замын асуудал багтсан. Хэнтий аймгийг Чингис хааны төрсөн нутаг гэдгээр бид мэднэ. Гэхдээ дан ганц Чингис хааны төрсөн нутаг гэдэг агуулгаар бус XIII зууны Монголын түүхийн өлгий нутаг болчихоод байгаа юм. Тухайлбал, Чингис хааныг хаан ширээнд залсан, Боорчитой анд нөхөр болсон, анхны хот, төрсөн нутаг гэдэг ч юмуу “Монголын нууц товчоо” дээр дурдагдсан Монголын эрдэмтэн судлаачид, монголч судлаачид баталчихсан олон газар байдаг. Тиймээс үүнийг түшиглэж аялал жуулчлалыг хөгжүүлье гэж байгаа юм. Энэ түүхийг сонирхдог олон мянган жуулчид Монголд ирж байна шүү дээ.

Энд Чингис хаан төрсөн гээд нэг уул харуулаад байвал сонин биз дээ. Чингис хааны төрсөн нутагт нь очно. Тэнд тухайн үеийн түүхтэй холбоотой ийм зүйл байна гэх ёстой шүү дээ. Түүнийг нь үзэхийн төлөө жуулчид мөнгөө төлдөг байя гээд хийж байгаа ажил. Түүнээс Хэнтий аймагт зориулагдсан төсөв биш. Бүтээн байгуулалт хийгдэж байгаа газар нутаг нь Хэнтий аймаг болохоор Хэнтий аймгийн төсөв гэж хараад байх шиг байгаа юм. Нөгөө талаас Хэнтийд ч Монгол Улсын хүн ам амьдардаг. Тиймээс нийгэм, соёлын барилга барих шаардлагатай бол алагчлалгүй барих л ёстой. Хоёр өөр зориулалттай төсөв нийлэхээрээ өндөр харагдаад байгаа юм. Түүнээс 21 аймгаас зөвхөн Хэнтий рүү гээгүй. Засгийн газар алсдаа эдийн засгаа тэлэх том зорилтуудаа дэвшүүлж түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө төсөв баталж байгаа нь сайн зүйл гэж харж байна.

-Хаврын чуулган эхэлчихлээ. Энэ чуулганы онцлогийг та юу гэж харж байна вэ?

-Хаврын чуулган эхэлж байгаа энэ цаг хугацаанд эдийн засгийн нэлээн хүндрэлтэй цаг үеүд ирж байна. Дэлхий нийтийн дайн байлдааны асуудал. Инфляци, экспорт, импортууд дээр ихээхэн хүндрэл гарч байна. Үүсээд байгаа энэ хүндрэлүүдийг даван гарахад чиглэгдсэн арга хэмжээг УИХ авах байх гэж харж байна. Сангийн сайд, УИХ-аас ажлын хэсэг гаргая гэж байгаа юм билээ. Учир нь эдийн засгийн бодит хүндрэлүүд, түүнээс гарах арга замыг олъё гэж байгаа юм билээ. Тиймээс энэ чиглэлийн төслүүд нэлээн хэлэлцэгдэх байх. Нөгөө талаас 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх хууль тогтоомжуудыг хэлэлцэх байх. Мөн Нийгмийн даатгалын хууль, Боловсролын багц хууль, Газрын тухай хууль, Улс төрийн намын тухай зэрэг олон нийтийн хүлээлтэд байгаа хэлэлцэх хуулиуд бий. Долдугаар сарын 10 хүртэл чуулган нэлээн ачаалалтай ажиллах болов уу гэж бодож байна. Миний хувьд тойрогтоо ажиллаад ирсэн. Уржигдар бүлэг дээр ярьсан асуудлуудаа ажил хэрэг болгох ажлууд байна. Мөн орон нутагт ажиллаж байсан хүний хувьд сум, баг дээр гарч байгаа хүндрэлийг арилгах төрийн ажлыг шуурхай, саадгүй явуулах чиглэлд хууль санаачилсан. Одоогоор төсөл дээрээ ажиллаж байна. Удахгүй өргөн барина. Ер нь нэлээн идэвхтэй гишүүн байхыг зорьж байна. Учир нь Хэнтий аймгийн ард иргэд намайг кнопчин, эсвэл чуулганы ирц бүрдүүлдэг товарищ байлгах гэж сонгоогүй шүү дээ. Монголын төрд хариуцлагатай ажлыг олон түмний итгэл дээр хашиж яваа хүний хувьд идэвхтэй эргэх холбоотой, олон нийтийн санал бодлыг сонсдог, түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө хичээж ажилладаг хүн байхыг хичээж байна. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд тодорхой үр дүнгээ өгч байна. Маскаа тайлахаас бусад арга хэмжээг цуцалчихлаа. Ковидын тохиолдлын тоо багаслаа. Энэ бол Засгийн газар хүнд зүйлийг амжилттай давж байгаагийн илрэл. Ковид дуусч одоо нэг эдийн засгаа сэргээе гэтэл дайн залгууллаа. Дайны нөлөөлөл бидэнд яаж тусах вэ, үүнээс Монгол Улс эдийн засгаа яаж авч үлдэх зэрэг олон зүйл байгаа. Тиймээс их л хүнд цаг үед ажиллаж байгаа Засгийн газар, УИХ гэж харж байна.

-Та 40 жил аймагтаа амьдарлаа гэлээ. Хотод хэрхэн төвхнөж байна вэ?

-Хотын айл болох гээд хичээж л байна. Эхнэр маань бага хүүхэдтэйгээ хотод ирэн очин байна. Бусад хүүхдүүд маань аймагтаа сурч байгаа. Дараа жил хүүхэд төгсөх учраас хотод байр савтай болъё гэсэн гэр бүлийн төлөвлөгөө маань санаандгүйгээр жил урагшилчихлаа. Тиймээс намраас бүгдээрээ хотод цугларна даа.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Улаан хулгана өдөр || DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 24, Бархасбадь гариг. Билгийн тооллын 22, эрхтэний тэнгэрт одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 6:47 цагт мандан, 19:10 цагт жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Хол газар яваар одогсод зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм, ялимгүй хур тунадас орно || DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 5-7 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Увс нуурын хотгороор 17-22 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 7-12 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.