Categories
мэдээ цаг-үе

Украины Мариуполь хотын театрыг бөмбөгдөх үеэр 300 хүн амь үрэгджээ || DNN.mn

зураг

Бүслэлтэд байгаа Украины Мариуполь хотын драмын театр өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Оросын цэргийн агаарын цохилтод өртөж сүйрсэн билээ.

Тухайн үед театрыг хоргодох байр болгон ашиглаж, хүүхэд, эмэгтэйчүүд голдуу 1,300 орчим хүнийг байрлуулж байжээ. Театрын гадаа талбайд томоор “Дети” (хүүхдүүд) гэж бичсэн байсан ч Оросын тал агаарын довтолгоогоо үргэлжлүүлсэн юм.

Өнгөрсөн хугацаанд Мариуполь хотын захиргаа театрын нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажиллагааг явуулж байсан ба хэчнээн хүн амь үрэгдсэн нь тодорхой болоогүй байв.

Харин Баасан гарагт хотын захиргаа театрын нурангид 300 орчим хүн дарагдаж амиа алдсаныг зарлажээ.

Азовын тэнгисийн боомт хот Мариуполь олон өдрийн турш Оросын цэргийн бүслэлтэд байна. Хотыг тасралтгүй пуужингаар харваж, бөмбөгдөж буй тул байшин барилгын ихэнх хэсэг балгас болоод байгаа юм.

Хотын 450,000 орчим оршин суугчийн ихэнх хэсэг нь бүслэлтээс гарч чадалгүй, маш хүнд нөхцөлд амьдарч байна.

Оросын зэвсэгт хүчин өмнө нь Сири, Чеченийн хотуудыг балгас болгож байсан түүх Мариуполь хотод давтагдаж байна гэж ажиглагчид дүгнэж байгаа.

Киев, Харьков зэрэг Украины томоохон хотуудаас 10 сая гаруй хүн Оросын довтолгооноос зугтан орон гэрээсээ дүрвээд байна. Тэдгээрийн 3.5 сая нь хөрш зэргэлдээ гадаад орнууд руу дүрвэжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Кофе асгасан гэх Б.Ариунзаяад цагдаа эрүү шүүлт тулгасан уу? || DNN.mn

МУИС-ийн хуулийн ангийн оюутан Б.Ариунзаяа бусдын толгой дээр кофе асгасан гэх хэрэг энэ сарын 1-нд гарсан. Түүний уг хэрэг хуулийн байгууллагад үргэлжлэн шалгагдаж байгаа. Хуулийн хариуцлага хүлээх нь ч тодорхой. Харин тодорхой бус нэг зүйл үлдэж байгаа нь Б.Ариунзаяагийн ил болгосон бичлэг дэх цагдаагийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдэл. Мэдүүлэг өгөхөөр очсон иргэнд цагдаагийн албан хаагч ёс бусаар аашилж, биед нь халдаж байгаа үйлдлийг монголчууд тэр чигээрээ бичлэгээс харсан. Гэтэл өнгөрсөн 20 гаруй хоногийн хугацаанд цагдаагийн үйлдэл нам дарагдаж, Б.Ариунзаяагийн кофе асгасан бичлэгээр амьсгалж, түүнийг нийгмээрээ яллаж дуусах шиг боллоо. Ингэлээ гээд цагдаа зүгээр өнгөрөх ёсгүй юм. Цагдаагийн байгууллага Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль журмыг сахиулагч, үйлчилгээний байгууллага гэдгийг хуульчид хэлсээр байна. Иргэд ч эрхээ нэхсээр байгаа. Гэвч өнөөдрийн цагдаагийн байгууллагын үнэн төрх бол Б.Ариунзаяагийн ил болгосон бичлэг дээрх цагдаагийн үйлдэл мөнөөсөө мөн.

Хуулийн төгсөх ангийн оюутан тэрээр нийгмийн энэ хандлагыг анзаарч, шүгэл үлээн цагдаагийн ажилтны дүрмийн бусаар харьцсан бичлэгийг олон нийтэд дэлгэсэн. Бичлэгт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажилтан н.Батзориг “Юу юм, чи муу. Юу гэж томроод байгаа юм…” хэмээн өндөр дуугаар охиныг зандарч, утсыг нь булаан аван нударч байгаа үйлдэл бичигдэн үлдсэн байдаг. Бичлэгт ороогүй, тухайн үед болсон нөхцөл байдал түүнээс ч дор байсныг Б.Ариунзаяагийн өмгөөлөгч болон өөрөө тэрээр хэвлэлд албан ёсоор тайлбарласан нь бий. Нэг ёсондоо энэ бол Монголын цагдаагийн байгууллага гэмт хэрэг зөрчилд холбогдсон, гэрчээр татагдсан, сэжиглэгдсэн иргэддээ эрүү шүүлт тулгасан хэлбэр гэж хуульчид хэлэх боллоо.

Энэ тухай өмгөөлөгч Л.Баттогтох “Цагдаагийн байгууллагын дотоод ёс зүйн журам гэж бий. Үүний 2.3 гэж заалт байгаа. Энэ зохицуулалтаар хэрэг мөрдөгч, мөрдөн байцаагч хэргийн оролцогч буюу гэрч, хохирогч, холбогдогчидтой хүнлэг бус харьцахыг хориглоно. Өөрөөр хэлбэл, хэнтэй ч цагдаагийнхан хүндэтгэлтэй харьцана гэж заасан. Ёс зүйн журам зөрчсөн бол дотоод хяналтын алба гэж шалгадаг байгууллага бий. Хэрэв тэр нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй бол мөрдөн байцаах газраас тухайн цагдааг шалгана. Ёс зүйн алдаа гаргасан бол тухайн байгууллага арга хэмжээ авна. Би энэ асуудлыг юу гэж харж байна гэхээр эрүүдэн шүүж байгаа хэлбэр орсон. Эрүүдэн шүүх нь хоёр хэлбэртэй. Бие эрхтний буюу сэтгэл санааны гэсэн. Хэлбэрийг яаж тогтоодог вэ гэхээр хэрэг мөрдөгч, мөрдөн байцаагч, прокурор зэрэг хуулийн байгууллагын субьектүүд өөрсдөө хэн нэгэн гэмт хэргийн оролцогчийг ямар нэгэн гэмт хэрэгт буруутгах санаа зориг агуулж байгаа, хөтөлж байцаалт авах байдлаар, эсвэл буруу тал руу нь мушгиж яллах гэж байгаа энэ байдлыг эрүүдэн шүүх хэлбэр гэдэг. Монголчууд эрүүдэн шүүнэ гэхээр С.Зоригийн хэрэг дээр гардаг шиг зодож нүдээд, балбаад, айдаст автуулна л гэж ойлгодог. Сэтгэл санааны эрүүдэн шүүх байдал нь тэр хүнийг сэтгэл зүйн дарамтад оруулж, ямар нэгэн хэлбэрээр дарамтлан тухайн хэргийг батлах гэж байгаа хэлбэр юм.

Иргэн Б.Ариунзаяагийн хувьд цагдаагийн байгууллагын ажилтан сэтгэл зүйн дарамтад оруулж байгаа хэлбэр юм. Утсыг нь цохиж эрх чөлөөнд нь халдаж байгаа нь, янз бүрээр айлган сүрдүүлэх нүүрний хэлэмж гаргахыг сэтгэл зүйн дарамт гэж үздэг. Сэтгэл зүйн дарамт үзүүлж байна гэдэг нь өөрөө эрүүдэн шүүх хэлбэр гэдгийг хуулинд зохицуулчихсан байдаг.

Энэ асуудлыг дотоод хяналт шалгалтын хороо нь яаж шийдэхийг бид мэдэхгүй. Эсвэл гэм буруугийн хэлбэр байна гэж үзвэл энэ нь өөрөө хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж явдаг. Хэрвээ хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэсэн дүгнэлт гарвал дотоод хяналт нь биш, улсын мөрдөн байцаах газрын тусгай субьект шалгана гэсэн үг. Ер нь хэн ч бай гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээдийг цагдаагийн байгууллагын ажилтан хүндэтгэлгүй харьцаж байгаа нь өөрөө бодит факт” гэж байгаа юм.

Б.Ариунзаяа энэ тухай хэвлэлд ярихдаа “н.Батзориг байцаагч намайг “Хэний дураар нойл /ариун цэврийн өрөө/ орох гээд байгаа юм. Гавьяа байгуулчихсан юм шиг, наанаа суу” гэсэн. Цагдаа нар ер нь тэгдэг шүү дээ. “Яасан, юу болсон бэ” гэх яриа огт байдаггүй. “Чи зүгээр наанаа суу” гэж л ярьдаг. Ер нь тийм хандлага маш хэцүү байдаг. Хүмүүс ч хэлдэг шүү дээ. Цагдаагийн харилцаа маш муухай байна. Үүнийг болиулах хэрэгтэй гэдэг. Би түүнийг л харуулах зорилгоор бичлэгийг нийтэлсэн. Тэр бичлэг нийтлэгдсэнээс гурван цагийн дараа кофе шопын бичлэг задарсан” гэсэн байдаг.

Түүний аав, өмгөөлөгч Г.Батбаяр энэ тухай байр сууриа илэрхийлсэн. Тэрээр “Миний охиныг цагдаагийн байгууллага дээр очсоных нь дараа цагдаа н.Батзориг дүрмийн бусаар харьцаж, орилж, бархирч, гар утсанд нь хүрч, түлхэн унагаах зэргээр хүндэтгэлгүй харьцаж байгаа нь Цагдаагийн ёс зүйн дүрмийн 2.4.1, 2.4.2-ийг зөрчсөн. Уг нь хоёр хүүхэд эвлэрээд, бие биенээсээ уучлалт гуйгаад гар бариад, гомдол саналгүй гээд салаад явчихсан байдаг. Гэтэл цагдаагийн ёс бус, дүрмийн бусаар, эрүү шүүлт тулгах хэлбэрээр харьцаж байгаа бичлэг нь олон нийтийн сүлжээнд тавигдангуут нөгөө хохирогч охиноос байцаалт авч шинжээч томилох зэргээр үйл явдал өрнөсөн байна. Ингээд хохирогч М гэх охин шөнийн 23:00 цагийн үед кофе шопт болсон үйл явдлын бичлэгийг цацсан. Ингэж л үйл явдал өрнөсөн…Эрүүгийн хуулийн 21.12.1 гээд эрүү шүүлт тулгах гэснээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг буруутгасан үйл баримт бий. Энэ зүйл анги дээр “Төрийн албан хаагч ял, шийтгэл оногдуулах зорилгоор бусдын бие махбод, сэтгэл санаанд шаналал үүсгэсэн бол 1-5 жилээр хорино” гэж заадаг. Энэ зүйлд зэрэг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнээр шийтгэл онооно. Цагдаагийн ажилтан н.Батзориг ч энэ зүйл ангиар шалгагдах ёстой гэж үзэж байгаа” гэсэн билээ.

Б.Ариунзаяа болон түүний аав, өмгөөлөгч цагдаагийн үйлдлийг ийнхүү тайлбарласан байдаг. Харин хөндлөнгийн хуульчид энэ асуудал дээр ямар байр суурьтай байгааг тодруулсан юм.

Хуульч Р.Булгамаа: Цагдаа нар иргэнтэй зүй бусаар харилцаж, айлган сүрдүүлж, сэтгэл санааны дарамт үзүүлж байгаа нь эрүү шүүлт

Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаатай дээрх үйл явдал эрүү шүүлт мөн эсэх, хуульчид тэдний үйлчлүүлэгчдэд эрүү шүүлтийн асуудал тулгардаг эсэх талаар цөөн хором ярилцлаа.

-Эрүү шүүлт гэхээр бид олон цаг хоногоор хоол унд өгөхгүй өлсгөдөг, зодож тарчлаадаг тухай л ойлгодог. Гэтэл өнөө үед хууль хяналт, цагдаагийн байгууллага ч иргэдийг эрүүдэн шүүх хэлбэр хавтгайрсан тухай олон талаас гомдоллох боллоо. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Хууль хяналтын байгууллагууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүнхий эрхэнд халддаг, хүнд сэтгэл санааны хохирол учруулж, шахалт үзүүлж байгаа үйл баримтууд өнөөдөр эрүү шүүлтийн нэг хэлбэр бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Жишээ нь, гэмт хэрэг үйлдээгүй атлаа гэмт хэрэг үйлдсэн мэтээр ажил албан тушаал, нэр төрөөрөө хохирох явдал олон байна. Нөгөөтэйгүүр цагдаагийн байгууллагын ажилтны үзүгээс тухайн хэрэгт сэжиглэгдэж шалгагдаж байгаа сэжигтэн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай мэтээр урьдчилж нийгэмд дүгнэлт хийсэн мэдээлэл өгч байгаа нь нийгмийн эрүү шүүлтэнд орох нөхцөлийг бүрдүүлж байна.

-Нийгмийн эрүү шүүлт гэдэг ойлголт бас бий болжээ?

-Тэгж байна. Эрүү шүүлт гэдгийг кинон дээр гардаг шиг агааргүй жижиг өрөөнд удаан хугацаагаар хорьж, биологийн хэрэгцээг хангахгүй, хоол ундгүй байлгах тухай ойлгодог. Гэтэл эрүү шүүлт орчин цагт өөр болсон. Нийгмийн хөгжлөө дагаад өөрчлөгдөж байгаа энэ үйл явцуудад тохирсон эрх зүйн зохицуулалт хэрэгтэй. Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэдэг. Мөн шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутай гэж үзэж болохгүй гэж заасан. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүн бүр хууль шүүхийн дор тэгш эрхтэй гэж тод заачихсан. Ийм байсаар байхад тухайн нэгэн хэрэгт холбогдон шалгуулж байгаа эсвэл хэрэг зөрчил гарсан газарт ойр байсан хүнийг гэмт хэрэгртэн мэтээр нийгэмд мэдээллэдэг, нийгмийн эрүүдэн шүүлтэд оруулдаг явдал гарч байна. Ийм нөхцөлд орсон хүмүүс сэтгэл санаагаар хохирч, бүр цаашлаад амьд явах хүсэл эрмэлзэлгүй болтол нь өөрийг нь, ар гэр, үр хүүхдийг нь эрүүдэн шүүж байна шүү дээ. Эцэстээ энэ бүхэн цахим орчин, сошиал орчны дайралт хандлагаар илүү тодорхой харагдаж байна.

-Цахим орчинд зориудаар мэдээлэл тараадаг. Үүнд хууль хяналт, цагдаагийн байгууллага өөрсдөө гар бие оролцдог гэж хүмүүс их бичиж байна шүү дээ?

-Зөвхөн цагдаагаар тогтохгүй төрийн эрх бүхий албан тушаалтнууд хүртэл нийгмийн эрүү шүүлтээс эмээж, муухай харагдахгүйн тулд, нэр төрөө цэвэр байлгах гэж нийтийн эрх ашгаа умартан гаргасан шийдвэрүүдээсээ буцах, өөрчлөх, хууль зөрчих, төрийн үйл ажиллагаа тогтвортой байх зарчмыг алдагдуулсан тохиолдол олон байна. Жишээ нь, цар тахлын үеэр энэ явдал хавтгай байлаа шүү дээ. Энэ бол эцэстээ эрүү шүүлт үзүүлж байгаа хэлбэр мөн.

-Кофе асгасан гэх хэрэгт холбогдсон хуулийн ангийн оюутан цагдаагийн байгууллагын ажилтны бичлэгийг олон нийтэд ил болгосон. Тухайн бичлэгт дурдагдсан үйл явдлыг өмгөөлөгч нь эрүү шүүлтийн хэлбэр гэж мэдэгдэж байгаа. Та ч хуульч хүний хувьд үүнийг анзаарсан байх?

-Юуны өмнө хэлэхэд, тухайн охины хийсэн үйлдэлтэй санал нийлэхгүй. Мэдээж тухайн охин бусдад учруулсан гэм хор, нийгэмд учруулсан зөрчлийнхөө харуицлагыг хүлээх учиртай. Үүнтэй маргахгүй.

Харин тухайн охины хувь хүнд учруулсан гэм хор, гэмтлийн зэрэг нь ямар түвшинд байгааг мэргэжлийн байгууллагууд тогтоож, тухайн үйдлийнх нь хэм хэмжээнд хор уршигт тохирсон хариуцлагыг хуулийн байгууллага, тухайлбал, шүүх шийдвэрлэнэ. Гэтэл шүүхээс гэм буруутай эсэхийг нь эцэслэж шийдээгүй байхад нийгмээрээ гэр бүлээр нь яллаж, түүнчлэн хувь хүний талаарх мэдээ мэдээллийг эрх бүхий байгууллагаас, эрх бүхий албан тушаалтнуудаас гаргаж ирж бүхий л талаар тухайн иргэнийг онц ноцтой гэмт хэрэгтэн мэтээр харлуулж, доромжилж, бүр цаашилбал бусад тогтоогдоогүй, нотлох баримт тодорхой бус, шүүхээс шийдвэрлэгдээгүй хэргүүдэд, гэмт үйлдлүүдэд хамааралтай мэтээр, зарим талаар захиалгатай юм уу гэж хардмаар мэдээллүүд явж байгаа нь хамгийн их анхаарал татаж байсан.

-Үнэхээр онц ноцтой хэрэгтэн мэтээр нийгмээрээ яллалаа шүү?

-Жишээлбэл, тухайн иргэний замын хөдөлгөөнд оролцохдоо гаргасан зөрчлүүдийн талаарх мэдээллийг эгэл жирийн иргэн шууд мэдэж нийгэмд мэдээлэх эрхгүй. Өөрөөр хэлбэл, хувь хүний талаарх мэдээ мэдээлэл Монгол Улсын Нууцын тухай хуулиар зохих түвшинд хамгаалагдсан байх ёстой. Таны мэдээллийг таны зөвшөөрөлгүйгээр болон бусдад хэн нэгэн эрх бүхий албан тушаалтан, албан хаагч гаргаж өгч нийгэмд мэдээлэх ёсгүй.

Цагдаагийн албан хаагчийн үйлдэл хуулийн хүрээнд байх ёстой. Цагдаагийн албан хаагчийн хувьд Цагдаагийн байгууллагын тухай хууль болон цагдаагийн кодексоороо яаж хэрхэн харилцах талаар журамлаж өгсөн. Тухайн шалгагдаж байгаа иргэн ямар үйлдэл гаргахаас үл хамааран цагдаагийн албан хаагч ёс зүйтэй хуулийн дагуу ажиллах ёстой. Тухайн бичлэгээс харахад цагдаагийн кодекс ёс зүйн хэм хэмжээний дагуу ажлаа хийгээгүй гэж харагдаж байсан. Тиймээс цагдаагийн албан хаагч ч хариуцлагаа хүлээх ёстой.

Ер нь хэрэг хянан шийдэх ажиллагааны явцад зарим нэг мөрдөгчийн зүгээс миний үйлчлүүлэгч нарыг хэргээ хүлээ, эсвэл өөрийн хүсэлтээр ажлаа өгчих. Өргөдлөө биччих, хялбаршуулсан журмаар шийдүүлье, хүсэлтийг хүлээж авахгүй бол нөхрийн чинь компани болон гэр бүлийн гишүүдийг чинь шалгана, эрх зүйн байдал чинь улам бүр дордоно шүү гэх мэтээр айлгаж сүрдүүлэх, сэтгэл санааны хямрал дарамтыг үүсгэсэн тохиолдол олон байсан. Цагдаагийн байгууллага бол төрийн үйлчилгээний байгууллага, хууль дүрэм, журмыг хэрэгжүүлэгч байгууллага гэдгээ ухамсарладаггүй. Цагдаа, мөрдөн байцаагч нар иргэнтэй зүй бусаар харилцаж, айлган сүрдүүлж сэтгэл санааны дарамт үзүүлж байгаа үйлдэл бол эрүү шүүлтийн хэлбэр юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

Ж.Адъяасүрэн: Ж.Р.Р Толкины ертөнц маш их баялаг || DNN.mn

“Толкин” сонирхогч Ж.Адъяасүрэнтэй ярилцлаа.


-Ямар учраас “Толкины уншлагын өдөр” арга хэмжээг зохион байгуулахаар болов?

-Жил бүрийн гуравдугаар сарын 25-нд дэлхий даяар зохиолч, хэл зүйч Ж.Р.Р Толкины фен нийгэмлэгүүд “Tolkien Reading Day” арга хэмжээг зохион байгуулдаг. Үүнийг бид “Толкин уншлагын өдөр” гэж нэрлэсэн. Яагаад гуравдугаар сарын 25-ны өдөр вэ гэвэл бөгжийг галт уул руу шидэж устгасан. Ж.Р.Р Толкинтой холбоотой гурван чухал тэмдэглэлт өдөр байдаг. Нэгдүгээрт, Толкины төрсөн өдөр нэгдүгээр сарын 3, хоёрдугаарт, гуравдугаар сарын 25 “Tolkien reading day”, гуравдугаарт, есдүгээр сарын 22 “Хоббитын өдөр” гэсэн өдрүүд байдаг. Хоббитын өдрөөр “Хоббит” зохиол 1937 онд анх хэвлэгдсэн өдөр. Энэ өдрийг хүмүүс ихэвчлэн Хоббитууд ямар байдаг шиг хөгжилдөж өнгөрөөдөг. “Tolk­ien reading day” өдрөөр хүмүүс номтойгоо гүнзгий танилцах, сүүлийн үед Толкинтой холбоотой гарсан ном, зохиолын талаар мэдээлэл солилцож унших өдөр. Манай “Бөгжний эзэн болон Хоббит цуврал сонирхогчид” группийнхэн сүүлийн хэдэн жил хийнэ гэж бодож байсан ч “Ковид-19” цар тахлаас үүдэн хойшлогдсоор энэ бямба гаригт зохион байгуулахаар болсон.

-“Бөгжний эзэн болон Хоббит цуврал сонирхогчид” фэйсбүүк группийн талаар тодруулбал?

-Бөгжний эзэн болон Хоббит цуврал ном зохиолд дуртай хүмүүс нийлж групп нээсэн. Зургаан жилийн өмнө нээгдэж байсан. Одоогоор 3700 гаруй гишүүнтэй.

-Өмнө нь ийм төрлийн арга хэмжээг зохион байгуулж байсан уу?

-Өмнө нь ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаагүй. Группийн идэвхтэй гишүүд цуглаж номын үйл явдал зэргээр ярилцдаг байсан.

-Ж.Р.Р Толкин гэдэг хүн ямар хүн байсан юм бэ. Ямар ном, зохиолуудтай вэ?

-Ж.Р.Р Толкин хэл зүйч хүн байсан. Хэл судлахдаа ихэвчлэн умард Европын хэлийг домог зүйтэй нь холбон судалдаг. Хэл гэдэг зүйл вакум орчинд оршдоггүй. Төвөдийн буддын шашин Монголд нэвтэрсэн болохоор төвөд үг манай хэлэнд байдаг зэрэг түүхтэй холбоотой. Исланд, Финланд, Англи, Герман үндэстний эртний домог зүй зэргийг судалдаг байсан. Хэл зүйч хүн учраас “Oxford” толь бичгийн W үсгээр эхэлсэн дийлэнх үгийг Толкин тайлбарлаж байсан. Толкин Англи улсын домог зүйг бусад орнуудтай харьцуулахад хязгаарлагдмал байдаг гэж үздэг байсан. Англи улсад байдаг домог нь нутаг устай нь холбогдсон домог их ховор байсан учраас өөрийнхөө хэмжээнд Английн домог зүй шиг зүйлийг зохиох гэж оролдсон. Энэ бүх хүчин зүйлсээс бүрдэн “Бөгжний эзэн” ертөнцтэй холбоотой номууд үүссэн. Олон нийт, уншигчдад хүртээл болсон он цагийн дарааллаар гэвэл “Хоббит” ном 1937 онд хэвлэгдсэн бөгөөд борлуулалт өндөр байх үед дараагийн ном хэрэгтэй байна гэж “Бөгжний эзэн-3” номыг гаргасан. Түүнийг 1973 онд нас барсны дараа бага хүү Кристофер Толкин нь эцгийнхээ гар бичвэрүүдийн редакторлан нэгтгэж, багцлан хамгийн эхэнд 1977 онд “Силмарилион”, 1980 онд “Unfinished Tales”, “Дундад ертөнцийн шастир” 12 боть номыг дарааллуулж гаргасан. Маш их баялаг ертөнц.

-Ж.Р.Р Толкины зохиол болон кино нь ямар онцлогтой вэ?

-Киноны болон зохиол нь өөр өөрийн онцлогтой. Бид ихэвчлэн киногоор нь үзэж танилцсан байдаг. Энэ нь мөн кино гарахаас өмнө номыг нь уншсан байсан хүмүүсээс шүүмж дагуулдаг. Яагаад гэвэл кино нь олон нийтэд тааламжтай байлгах үүднээс киноны оргил хэсгүүдийг байлдаан болгочихсон. Гэтэл яг үнэндээ зохиолыг нь уншвал энэ нь өөр утга учиртай. Тухайлбал, нөхөрлөл гэж яг юу болох, бусдын төлөө өөрийгөө золиослох нь ямар учиртай, зориг гэж юу вэ, зөвхөн баатар хүн зоригтой байх зэрэг.

Бөгжний эзэн зохиолын гол дүр, хамгийн зангилаа дүр нь хоббиттой одойгоос ялгарахгүй жижигхэн биетэй сул дорой гэж хэлж болохуйц тийм дүр байгаа юм бэ. Толкины хэлснээр хамгийн жижиг, ач холбогдолгүй хүнээс ч гэсэн цаг нь болохоор асар их зориг гарч болдог зэргийг хөндсөн чухал зүйл байсан. Толкины зохиолууд үргэлжийн ач холбогдолтой зориг, нөхөрлөл зэрэг сэдвүүдийг агуулсан учраас 100 жилийн дараа ч уншсан ач холбогдолтой хэвээрээ байх ном юм шиг санагддаг.

-Арга хэмжээ нь ямар хөтөлбөрөөр явагдах вэ?

-Бид гурван хэсэгтэйгээр хийе гэж төлөвлөж байна. Анхны удаа зохион байгуулж буй учраас туршилтаар хийж байгаа. Эхний хэсэг “Эрдэнэсийн эрэлд” гэдэг нэртэй. Үүнд хэдэн шаттайгаар асуулт хариулт, оньсого таавар таалган ялсан баг шагналтай. Хоёр дахь хэсэгт “Толкин уншлагын өдөр”-өөр илүү ертөнцтэйгөө танилцах зорилготой учраас сонирхолтой сэдвүүдээс аван нэг нэгээрээ тайлбарлаж ярилцана. Дэлхийд “Толкины нийгэмлэг” гэж байдаг бөгөөд жил бүрийн “Толкин уншлагын өдөр” сэдэвтэй байдаг. Энэ жил хайр ба нөхөрлөл гэсэн сэдэвтэй. Энэ сэдвээр хэрхэн бичдэг байсан тухай ярилцах юм. Гуравдугаар хэсэгт есдүгээр сарын 2-нд Амазон “Бөгжний эзэн” хоёрдугаар эриний үйл явдлаар телевизийн шоу хийх гэж байгаа. Телевизийн шоу нь түүхэн дэх хамгийн үнэтэй телевизийн шоу болохоор эхний улирлын шоунд 400 сая ам.доллар зарцуулж, нэг тэрбум ам.доллар зарцуулахаар шийдсэн байгаа. Шоуны трейлер сарын өмнө гарсан бөгөөд, трейлерийг гаргаж үзэгдэл бүр дээр юу гарч буйг хоорондоо ярилцах юм.

-Элф, Хоббит, Оркууд юугаараа ялгаатай вэ?

-Энэ ертөнцийн үүсэл гарлын домгоор хамгийн анх хүн, элф хоёрыг бүтээсэн. Элфүүд мөнх насалдаг учраас мөн чанар нь байгальтайгаа ойрхон. Харин хүмүүс мөнх бус, тиймээс төгсгөлтэй

амьдралыг илүү ойлгож амьдарна гэж дүрсэлсэн. Толкины өөрийн хэллэгээр хорон муу санаат тал шинэ зүйл бүтээж чаддаггүй, зөвхөн бүтээсэн зүйлийг өөрчилж дордуулдаг. Анхны харанхуйн эзэн элфүүдийг олзлон тамласаар оркуудыг гаргаж авсан. Харин Хоббит бол их сонирхолтой. Номын хавсралт дээр бичигдсэнээр Хоббитууд хоёрдугаар эриний үед хүмүүсээс салсан тусдаа төрөл гэж үздэг.

-Монголд “Бөгжний эзэн” болон “Хоббит”-ыг сонирхдог хэр их хүн байдаг вэ?

-Яг хэдэн хүн байдаг гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. Кино нь зөвхөн Монголд гэлтгүй дэлхийд алдартай кино учраас киногоор нь хүмүүс мэддэг байх. Ямар кино гаргах төрөл бүрийн судалгаан дээр “Бөгжний эзэн” нэгт байдаг.

-Толкины зохиолуудыг группийнхэн орчуулдаг болов уу?

-Толкины зохиолуудыг монгол хэл рүү орчуулсан байдаг. “Хоббит” номыг хоёр, гурван хувилбараар орчуулсан байдаг ч албан ёсны эрхтэйгээр орчуулаагүй. Одоогоор “Монсудар” ХХК “Хоббит”-ыг орчуулж байгаа. Яваандаа “Бөгжний эзэн” номыг ч орчуулах юм билээ. Манай группийнхэн хэсэгчлэн орчуулдаг. Толкин зохиолдоо яруу найраг, дуу зэргийг оруулдаг, тэр хэсгийг группийн гишүүд дундаа Д.Цогчулуун ах хамгийн сайн орчуулдаг. Энэ мэтчилэн группийнхэн өөр өөрсдийн сонирхож буй хэсгээ орчуулж бусадтайгаа хуваалцдаг.

-Монгол орчуулгын чанар хэр байдаг вэ?

-Миний хувьд өмнө нь орчуулагдсан хувилбарууд яруу найрагтай холбоотой хэсгүүд сайн байсан гэж боддог. Гэхдээ орос хэлнээс орчуулсан учраас зарим нэг нэр томьёон дээр алдаа гарах тохиолдол бий.

-Арга хэмжээний үеэр “Бөгжний эзэн”, “Хоббит”-той холбоотой цуглуулгын зүйлсээр үзэсгэлэн гаргана гэсэн үү?

-Эвентийн үеэр манай гишүүд “Бөгжний эзэн”, “Хоббит”-той холбоотой цуглуулгаараа цомхон үзэсгэлэн гаргана. Толкины бичсэн номны олон төрлийн хэвлэлт, жижиг фигур, киноны хөгжмийн пянз, дүрүүдийн хувцас хэрэглэл зэргийг гаргахаар төлөвлөж байна.

-Арга хэмжээ нь төлбөртэй болов уу. Хичнээн хүн оролцох боломжтой вэ?

-15 мянган төгрөгийн төлбөртэй. Үүнээс 10 мянган төгрөгт лембас талх, кофе, цай, зэргийг авна. Кинонд элфүүд лембас талх хийдэг бөгөөд талхнаас нэг хазахад гурван хоногийн өл даадаг гэж гардаг. Кинонд гардагтай адил лембас талхыг үйл ажиллагаа болох “44 50” кафе бидэнд хийж өгөх гэж байгаа. Жил бүр бид “Толкин уншлагын өдөр”-өөр оригнал зураг гаргахыг хүссэн.

Ихэвчлэн Толкины ертөнцийг төсөөлөхдөө кино, гадаадын зураачдын бүтээлээр төсөөлж буй учраас монгол зураач дүрсжүүлэх нь их сонирхолтой учраас фенүүдийн нэг нь зурж өгсөн. Мөн бид “Силмарилион” номны ертөнцийн үүслийн талаарх эхний бүлгийг орчуулсан. Арга хэмжээнд мэдээж олон хүн ирвэл сайн. Хамгийн ихдээ 50 хүн оролцохоор тооцоолон бүх зүйлээ бэлдэж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ёндонгомбо: Ирэх өвөл эрчим хүчний хязгаарлалтыг тэнд тэдэн цагаас гэж зарлаад хийхийг үгүйсгэхгүй || DNN.mn

“Ирээдүйн эрчим хүч Монголын устөрөгчийн холбоо”-ны гүйцэтгэх захирал, Эрчим хүчний зөвлөх инженер, доктор Г.Ёндонгомботой ярилцлаа.


– Устөрөгчийн үйлдвэрлэл хөгжөөд ирвэл сэргээгдэх эрчим хүчний хөгжил “зад тавина” –


-“Эрчим хүчний сэргэлт” хэлэлцүүлэг бүтэн өдөржин үргэлжиллээ. Энэ үеэр эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлуудыг түлхүү хөндлөө. Ямар шийдлүүд харагдаж байна вэ?

-Үнэ тарифын асуудалд гол гогцоо нь байна гэж санал нэгтэй дүгнэж байна лээ. Индексжүүлсэн үнэ тарифын тогтолцоонд энэ зунаас шилжих нь. Салбарыг олон жил зах зээлийн горимоос ангид байлгасны горыг эрчмийнхэн мэдэж, мэдэрч байсан ч өнөөдрийнх шиг хүчтэй дуугарч байсангүй. Залуу сайд Н.Тавинбэх энэ байдлыг засах итгэлтэй байгаа нь түүний түүхэнд нэрээ сайнаар үлдээх гавьяа болох биз.

-Эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд төрөөс ямар бодлого баримтлах шаардлагатай вэ?

-Нэгд, гадны хамаарлыг арилгах хоёрт, хувийн хэвшлийн оролцоог дэмжих гуравт, боловсон хүчин бэлтгэх дөрөвт гадаадын хөрөнгө оруулалт татах. Энэ бүхний суурь нь үнэ тарифын зохистой бодлого. Хэдхэн жилийн өмнө бид оргил ачааллыг хангах хүчин чадал хүрэлцэхгүй боллоо гэж байсан бол одоо суурь ачааллаа ч дийлэхээ больж салбар суурилагдсан хүчин чадлынхаа дээд хэмжээгээр ямар ч нөөцгүй ажиллаж байна. Тэгэхээр шинэ эх үүсвэр, шинэ технологи, шинэ боломж бүрийг цаг алдалгүй хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Төр засаг ч ойлгож эхэллээ.

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эрчим хүчний салбарт ямар ямар төслүүд хэрэгжүүлэх вэ. Тэдгээрээс ойрын хугацаанд бодит биеллээ олж хэрэгжих нь аль, аль бол?

-Хэрэгжих боломжгүй гэхээр төсөл харагдахгүй байна. Нэр заагдаагүй ч хэрэгжээд явж буй ажлууд бас бий. Нүүрсний давхаргын метан, устөрөгчийн эрчим хүч зэрэг 100 хувь гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжих төслүүд байна. Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан цоо шинэ чухал салбарыг бий болгох төслүүд шүү дээ.

-Эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх тэдгээр төслүүдийг ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх вэ?

-Дотоод эх үүсвэр хүрэлцэхгүй тул гадаадын хөрөнгө оруулалтаар л шийдэх ёстой. Түүнийг татах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Татвараа түр хойш нь тавьж хөл дээрээ бат зогссоны дараа авдаг юм байгаа биз.

-Цахилгааны үнийг чөлөөлөх асуудал байнга яригддаг шүү дээ. Хэрэв зах зээлийн зарчмаар үнэ чөлөөлбөл ард түмний нуруун дээр ачаа болох учраас салбар алдагдалтай ажиллаж байна гэж тайлбарлаад байдаг. Эрчим хүчний үнэ тарифын тухай та ямар байр суурьтай байна вэ?

-Чөлөөлөх гэдэг нь нэгд, бүтэхгүй хоёрт, буруу ойлголт. Бүрэн чөлөөлж болохгүй заавал зохицуулалттай байх ёстой монополь салбар гэдгийг ойлгох хэрэгтэй. Манайхан л болсон хойно бүр нөгөө тийш нь хэлбийлгээд халамжийн салбар маягаар явуулж ирлээ шүү дээ. Аль 1996 онд л Азийн хөгжлийн банктай үнийн индексийн томьёогоо хүртэл тохиролцсон хэрнээ нэг ч хэрэгжүүлсэнгүй. Үнэ, тариф тогтоодог байгууллагаа жинхэнэ утгаар нь хараат бус болгох хэрэгтэй. Эрчим хүчний зохицуулах хороо дотроо асар их ажил, тооцоо, судалгаа хийдэг ч шийдвэр гаргаж чаддаггүй, засаг юу гэх бол гээд хараад суучихдаг байдлаар л өдий хүрлээ. Үнэ бага байгаагаас алдагдал үүсдэг байдлыг юуны өмнө зогсоох нь чухал. Ачаа үүрүүлэхгүй гээд салбараа нураачихаж болохгүй л дээ.

-Жилээс жилд эрчим хүчний хэрэглэгчид улам өсөн нэмэгдэнэ. Ирэх өвөл цахилгааны хязгаарлалтад орж дампуурах маягтай яриа дуулдаад байх юм. Тэгэхээр өвлөөс өмнө энэ салбарт яг юу юу хийх вэ?

-Шинээр орох чадал байхгүй шахам. 100 гаруй МВт чадалтай аккумуляторын батерей орж магадгүй ч суурь ачаалалд онцын нөлөөгүй. Үнэ нэмэхээр ачаалал бага зэрэг буурах байх. Хязгаарлалтыг урьдчилан тэнд тэдээс тэдэн цагт гэж зарлаад төлөвлөгөөтэй хийхийг үгүйсгэхгүй. Дампуурна гэдэг бол дэмий яриа.

-ОХУ эдийн засгийн хоригт орсонтой холбогдуулан манай улсад экспортолдог эрчим хүчний асуудалд доголдол үүсэх үү?

-Үгүй л болов уу. Санкцид хамгийн их тэсвэртэй салбар нь түлш эрчим шүү дээ. Манайхан харин гэрээндээ илүү чамбай хандах хэрэгтэй. Хэлэлцээр хийнэ гэдэг том урлаг байдаг юм л даа. Ядаж л оросуудаас илүү гардаггүй юм гэхэд дутахгүй орос хэлтэй, тэдний менталитетийг сайн мэддэг хүмүүсийг ашиглаж байгаасай.

-Манай улсад устөрөгчийн эрчим хүчийг хөгжүүлэх ямар боломжууд байна вэ?

-Нар, салхиа ашиглаж ногоон устөрөгч, хүрэн нүүрсээ ашиглаж хүрэн устөрөгч үйлдвэрлэх өргөн боломж байгаа. Их хэмжээгээр үйлдвэрлэж экспортлох онцгой сайн байршил байна. Устөрөгчийн тээврийн зардал Монгол-Хятадын хооронд дэлхийн хаана ч байхгүй хэд дахин бага байх тооцоотой. Цоо шинэ, эдийн засгийн хүчирхэг салбар бий болох боломжийг төр ойлгож дэмжвэл дорхноо хөл дээрээ босно. Эдийн засгийн хүчирхэг гэдэг нь маш их валютын урсгал бий болно гэсэн үг шүү. Бидний тооцоогоор жилд 500000 тонн устөрөгч үйлдвэрлэхэд 5 ГВт чадал хэрэг болох юм. Нар, салхины эх үүсвэрийг хэлж байна. Одоогийн Монгол Улсын нийт суурилагдсан хүчин чадлаас 3,8 дахин их чадал шүү дээ. За тэгээд 1 кг устөрөгч 2 америк доллар гээд бодоод үзээрэй.

-Сэргээгдэх эрчим хүчний хувьд ямар тулгамдсан асуудлууд байна вэ. Манай улсад энэ салбар хөгжихөд юу саад болж байна?

-Эрчим хүчний системийн бүрдэл хязгаарлаад байгаа юм. Сэргээгдэх эх үүсвэрийн чадлын хэлбэлзлийг зохицуулах чадал алга. УЦС, хийн ЦС, устөрөгчийн ЦСгээд л шийдлүүд байгаа ч зарим нь саатаад зарим шинэдээд нэг тийм завсрын үе таараад байна. Дээр хэлснээр устөрөгчийн үйлдвэрлэл хөгжөөд ирэхээр сэргээгдэх эрчим хүчний хөгжил ёстой зад тавих учиртай.

Categories
зурхай мэдээ цаг-үе

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой || DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 26, Санчир гариг. Билгийн тооллын 24, суулга одтой, шар бар өдөр. Өдрийн наран 6:43 цагт мандан, 19:13 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэгтэй болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна || DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17-19 градус, бусад хэсгээр 12-14 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар, өдөртөө Дорнодын тал нутгаар нойтон цас, цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

Categories
гадаад мэдээ

Вашингтон Хятадын 352 төрлийн барааг гаалийн татвараас чөлөөллөө || DNN.mn

БНХАУ-ын 352 төрлийн барааг гаалийн татвараас чөлөөлөх шийдвэр гаргаснаа АНУ-ын Худалдааны яам пүрэв гарагт зарлалаа. Татвараас чөлөөлөх шийдвэр нь 2022 он дуустал хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.

“Энэ шийдвэрийг олон нийтийн хэлэлцүүлэгийн үр дүн болон АНУ-ын бусад яам тамгын газруудтай зөвлөлдсөний үндсэн дээр гаргалаа” хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.

Үүний өмнө БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Вашингтоныг “Дэлхийд хүний эрхийг гол зөрчигч” гэж нэрлээд хятад албан хаагчдын эсрэг хориг арга хэмжээ авсан нөхцөлд хариу барина гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Бугат сумын цэцэрлэг эцэг эхийн клубтэй боллоо || DNN.mn

НҮБ-ын Хүүхдийн сан, Говь-Алтай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дэмжлэгтэйгээр Бугат сумын цэцэрлэгийг түшиглэн “Аз жаргал” эцэг эхийн клуб нээлтээ хийлээ.

Эцэг, эх асран хамгаалагч, гэр бүлийн гишүүдэд бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжихэд чиглэсэн сургалт, сурталчилгаа, мэдээлэл өгөх, сонирхлын бүлгүүд тодорхой чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа зохион байгуулах орчин нөхцөл ийнхүү бүрдсэн байна. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагч нарт байнгын нээлттэй үйл ажиллагаа явуулах сумын сургагч багш нар, аймгийн зөвлөх баг, Төслийн удирдах баг болон сумын удирдлага, цэцэрлэгийн хамтын ажиллагааны үр дүнд эцэг эхчүүд, иргэдийн оролцоотой хүүхдийн сайн сайхны төлөө олон ажлыг энэхүү клубийг түшиглэн хийнэ хэмээн аймгийн БШУГ-аас мэдээлэв.

Клубийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн БШУГ-ын холбогдох мэргэжилтэн, СӨБ-ын төлөөллүүд болон Бугат сумын ИТХ-ын дарга Ц.Давааням, Засаг дарга Ч.Дашням нар оролцсон юм.

Categories
гадаад мэдээ

Франц улс иргэддээ хүнсний талон тараана || DNN.mn

Францын ерөнийлөгч Эммануэль Макрон улсынхаа ядуу өрхүүдэд хүнсний талон олгох санал дэвшүүлжээ. Энэ нь Орос, Украины мөргөлдөөний үр дүнд бий болсон хүнсний инфляцийг даван туулахад туслах зорилготой юм.

Удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд дахин сонгогдохын төлөө кампанит ажил хийж буй Макрон “Нэн ядуу болон дундаж давхаргын гэр бүлүүдэд хүнсний талон тараах хүсэлтэй байна” гэж хэлжээ. Францад ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт ирэх сарын 10-нд болно. Хүнсний талоны талаар тэрбээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч засгийн газрын зүгээс хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон бага, дунд орлоготой гэр бүлүүдэд үнийн хөөрөгдлийг даван туулахад туслах багц хөтөлбөр гаргасан байна.

“Орос, Украин хоёр улс нь олон улсын үр тарианы агуулах гэж хэлж болохоор орнууд юм. Тиймээс манай улс ч ирэх саруудад дэлхийн хүнсний хямралын үр дагавартай тулгарах болно” гэж Макрон хэлжээ. Франц улс ойрын 10 жилд хүнсний бие даасан байдлын стратегийг баримтлах аж.

“Украинд дайн үргэлжилсээр байгаа тул тариаланчид тариалалтаа эрхэлж чадахгүй байгаа. Тиймээс ирэх онд экспортод гаргахуйц хэмжээний ургац авч чадахгүй байж магадгүй гэж” тус улсын эрх баригчид анхаарууллаа. Тус улс нь улаан буудай, эрдэнэшиш, арвай, ургамлын тос нийлүүлдэг газар тариалангийн томоохон бүс нутаг юм. Украиныг Европ тивийн талхны сагс гэж нэрлэх нь ч бий.

Эх сурвалж: ANADOLU AGENCY

Categories
мэдээ нийгэм

Маргааш ажиллах дархлаажуулалтын цэгүүд || DNN.mn

Маргааш буюу гуравдугаар сарын 26-нд Улаанбаатар хотод суурин 39 цэгт 39 багийн 156 эмч, ажилтан ажиллаж, иргэдийг дархлаажуулна.

Та вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана. Харин гуравдугаар сарын 27-ны ням гарагт дархлаажуулалтын цэгүүд амарна.