Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Хөгжлийн банкийг хөмрүүлэгчид буюу ТУЗ яаж ажилладаг байв? || DNN.mn

Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх 20-иод тэрбум ам.долларын өртөгтэй төслүүдээ зарлахтай зэрэгцээд Хөгжлийн банкны асуудал босов.

Түмний боломжийг хулгайлж, төрөл садангаараа нийлэн төрийн мөнгийг баруун, солгойгүй авсан эрх мэдэлтнүүдийн балаг эхнээсээ ил болоодохов. Статистикаас харахад манай улсад үйл ажиллагаа явуулдаг арав орчим арилжааны банкууд нийтдээ 21 тэрбум төгрөгийн зээлийн өртэй байна.

Чанаргүй зээлийн хэмжээ хоёр их наяд. Харин үүний 1.8 их наяд нь Хөгжлийн банкных. АН, МАН-ын аль алиных нь үед төрд дээгүүр алба хашдаг нөхдүүдтэй ойр, холбоо сүлбээтэй хүмүүс зээл ахиу хүртсэн тухай нийгэм хэдийнэ мэддэг боллоо. Гэхдээ Хөгжлийн банкийг дампуурлын ирмэгт авчирсан зээлийн дүнг 2017 оноос өмнө ба хойно гэж хоёр ангилж болно. Хөгжлийн банк анхнаасаа Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой байгуулагдсан. Тэр утгаараа 2017 он хүртэл тус банкны зээл УИХ, Засгийн газрын хяналттай олгогдож ирсэн. Тэгвэл 2017 онд батлагдсан шинэ хуулиар, төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх шийдвэрийг Хөгжлийн банк гаргах ба үүнтэй холбоотой журмыг ТУЗ батална гээд хуулинд тодоос тод заагаад өгчихсөн.

Ингээд Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгох зээлийг УИХ, Засгийн газар хянаж, батлах шаардлагагүй болсноор замбараагүй зээл олголтын хар данс зузаарч будлианы суурь тавигдсан хэрэг. Тус банкнаас 2017 он хүртэл 2000 орчим зээл гарч байжээ. Харин үүнээс хойш ердөө 50 хүрэхгүй эрх мэдэлтнүүдийн оролцоотой компани, аж ахуйн нэгжүүд зээл авсан байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 2020, 2021 онд Монголбанк, Сангийн яамны шалгалт Хөгжлийн банкинд орж байжээ. Нууцын зэрэглэлд багтсан уг материалд Хөгжлийн банкийг хөмрөхөд нөлөөлөхүйц шийдвэр гаргахад оролцсон эрхмүүдийн нэрс дурайтал бичээстэй байгаа аж. Үйл ажиллагаа нь доголдсоныг яаралтай зарлаж, арга хэмжээ авах ёстой байтал 2020 оны сонгуулийн үр дүнд муугаар нөлөөлнө гэж үзэн хав дарсан тухай улс төрийн хүрээнийнхэн ярих юм билээ. Тэр бүү хэл, өндөр дүнтэй чанаргүй зээлдэгчдийг нийгэмд зарлах гэхээр намдаа өргөсөн хандив нь илэрчих гээд хаа хаанаа ихэд сандарцгаасан бололтой. Мэргэжлийн банкирууд тэрхүү хоёр удаагийн шалгалтаар олон ноцтой зүйл илрүүлсэн боловч дүгнэлт гаргалгүйгээр чимээгүй нууцын зэрэглэлд оруулсан гэх. Уг нь УИХ-д тайлагнах ёстой. Тэр мэдээлэлд Хөгжлийн банкаар хөлжигчдийн бүх зүйл тов тодорхой байгаа гэв.

Хөгжлийн банкны гол шийдвэр гаргач ТУЗ есөн хүний бүрэлдэхүүнтэй. Тэдний дөрөв нь хараат бус гишүүн байхаар хуулийн зохицуулалт үйлчилдэг. 2017 оноос өмнө ТУЗ-ийн гишүүдийг Засгийн газраас томилдог байв. Харин үүнээс хойш ямар журмаар хэрхэн яаж ТУЗ-д орж багтаж ирсэн нь сонирхолтой. Голдуу яам, тамгын газрын мэргэжилтнүүд гэдэг боловч дийлэнх нь Сангийн яамны харьяанд багтах эрхмүүд. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан Хан Дай Ву, Н.Мөнхбат, Г.Амартүвшин нараас бусад нь бүгд Сангийн яамнаас угшилтай хүмүүс.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүд улс төрийн томилгоогоор очиж, намынхаа болон сонгуулийн санхүүжилтэд асар их үүрэг гүйцэтгэсэн тухай ярьцгаах нь бий. Тэгвэл ТУЗ-д байсан гишүүд хэрхэн албан тушаал ахиж, дэвшиж байсныг сонирхуулъя.

Одоо нийтэд ил болсон мэдээллээр Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, Б.Даажамба нарын үед хамгийн их дүнтэй зээл гарсан гэдэг. Б.Шинэбаатар 2014-2016 онд 924 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Чанаргүй активын хэмжээ 562 тэрбумаар хэмжигдэж байв. Одоо 362 тэрбум төгрөгийн зээлд зөрчил үүсээд байгаа юм. Б.Даажамбын хувьд нийт 400-гаад тэрбум төгрөгийн зээл гаргасан байна. Б.Шинэбаатар нь Фортуна Н.Батбаярыг Эдийн засаг, хөгжлийн яамны сайд байх үед Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар очсон. Б.Даажамба бол Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байх үед Хөгжлийн банкны ТУЗ-өөр томилогдож байсан. Тэрбээр Сангийн сайд асан А.Базархүүгийн хүү юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Б.Даажамба нь Сангийн яаманд мэргэжилтнээс газрын дарга хүртэл дэвшсэн, ЭСЯ-нд зөвлөх, Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргаар хүртэл ажиллажээ. Тэгвэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин, Н.Мөнхсүх нарын үед ТУЗ-ийн даргаар М.Баярмагнай ажилласан байв. Түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатартай ойр гэгддэг. Баянхонгор аймгийн МАН-ын хорооны даргаас улс төрийн карьераа томруулсан тэрбээр ЗГХЭГ-ын дэд даргын албанд томилогдож байсан нэгэн. Одоо Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байна.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар өнгөрсөн 2020, 2021 онд ажиллаж байсан С.Наранцогтын хувьд Ч.Хүрэлбаатартай хамаатуулдаг. Учир нь Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд байхад нэлээд өсч дэвжсэн гэдэг. Тус яамны газрын даргаас Төрийн нарийн бичгийн дарга болтлоо томорсон. Тэрбээр Хөгжлийн банкны ТУЗ-д 2018 оноос байж ирсэн.

Хөгжлийн банкны ТУЗ-д байсан Б.Ганбат 2018 онд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга байсан бол 2019 онд ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга болон дэвшжээ. Тэрбээр 2021 он хүртэл Хөгжлийн банкны ТУЗ-д байв. Өөр нэг онцлох ТУЗ-ийн гишүүн бол М.Золжаргал. Тэрбээр Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн даргаар олон жил ажилласан хүн. 2017 онд Хөгжлийн банкны хуулийн шинэчилсэн найруулгыг гардаж хийсэн. Харин 2020 онд ТУЗ-ийн гишүүн болсон нь олонд хардлага төрүүлээд авсан юм. Мөн Хөгжлийн банкны Хөрөнгө оруулалтын газрын дарга байсан Р. Мөнхтөр 2020 онд ТУЗ-ийн гишүүн болсон байх жишээтэй. Хөгжлийн банкны ТУЗ-д байсан хүмүүс дунд Зам, тээврийн яамны газрын даргаар ажиллаж байхдаа хүний аминд хүрсэн Б.Махбалын нэр олны анхаарлыг татав. Тэрбээр 2016, 2017 онд ТУЗ-ийн бүрэлдэхүүнд байхдаа Уул уурхайн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ. Түүнээс гадна ХҮН-ын дарга Б.Найдалаа, “Капитал” банкны гэдгээр олонд танигдсан УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хүү А.Чинбишрэлт гэх зэрэг олон сонин хүмүүс багтаж иржээ.

Хөгжлийн банкны удирдлагууд хөгжлийн зээлүүдийг эцэслэн баталдаг болсноор ТУЗ-ийн эрх мэдэл томорсон. Баталсан зээлийнхээ хэрээр намдаа оноо авч, албан тушаал ахиж дэвшиж байсан нь ч тодорхой байна. Зарим эх суралжийн хэлж байгаагаар зээл батлах болоход ТУЗ-ийн гишүүд мэр сэр алга болчихдог байж. Хөдөө, гадаа томилолттой гэх шалтаг тоочдог байсан гэнэ. Учир нь дээрээс шахсан даалгавраар том дүнтэй, эрсдэлтэй зээлүүдийг батлахаас эмээж, зугтдаг байсан гэцгээж байна. Иймд зээлийн хуралд биечлэн сууж чадахгүй бол цахимаар оролцдог байсан тухай яриа ч бий.

Categories
мэдээ нийгэм

Орос, Украин дахин хэлэлцээ хийнэ || DNN.mn

Орос, Украины төлөөлөгчид нүүр тулсан шинэ үе шатны хэлэлцээгээ гуравдугаар сарын 29-30-нд хийнэ гэж Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский ням гарагт мэдээлжээ.

“Өнөөдөр Украины талтай өөр нэгэн үе шатны хэлэлцээг цахим хэлбэрээр хийлээ. Үүний үр дүнд талууд гуравдугаар сарын 29-30-нд биечлэн уулзахаар шийдвэрлэлээ” гэж Оросын Ерөнхийлөгчийн туслахын албыг давхар хашдаг В.Мединский “Telegram” хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Мөн Украины төлөөлөгчдийн багийн гишүүн Давид Арахамия ням гарагт мэдээлэхдээ, дараагийн үе шатны хэлэлцээ Туркт гуравдугаар сарын 28-30-ны өдрүүдэд болно гэжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-наас хойш Орос, Украин нүүр тулсан гурван үе шатны хэлэлцээ хийж, хожим нь цахимаар хэд хэдэн удаа хэлэлцсэн ч дорвитой тохиролцоонд хүрч чадаагүй байна.

Баасан гарагт Оросын Зэвсэгт хүчин Украин дахь цэргийн тусгай ажиллагааны эхний үе шатны гол даалгаврууд ерөнхийдөө биелсэн талаар мэдэгдсэний дараа шинэ үе шатны хэлэлцээ болох гэж буй нь энэ юм.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар салхи, шуургатай байна || DNN.mn

Өнөөдөр зарим нутгаар цасан шуургатай

Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна. Ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 2-4 градус дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 4-6 градус дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 2-4 градус дулаан байна.
Categories
мэдээ нийгэм

​Б.Хурц бусдыг гүтгэсэн болохыг шүүх эцэслэн шийдвэрлэжээ || DNN.mn


Хэдэн жилийн өмнө ХБНГУ-ын иргэн Максимлиан Клойбер гэгчид холбогдох хэрэг нийгэмд ихээхэн шуугиан дэгдээж байлаа.

Энэ хэргийн талаар эргэн сануулахад, ХБНГУ-ын иргэнМ.Клойбер гэгч 2004 онд Монголд ирээд цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа сураггүй алга болж, ТЕГ-ын Сөрөг тагнуулын газрын дарга хурандаа Д.Цогтбаатарыг түүний амь насыг хохироож, эхнэрээс нь их хэмжээний мөнгө авсан хэмээн 2013 оны 6 дугаар сард цагдан хорьж шалгаж байсан.

Гэвч, сураггүй алга болж бусдад алуулсан гэгдэж байсанМ.Клойбер нь 2015 он хүртэл Голомт хотхонд байр түрээслэн амьдарч байсан нь илэрч, улмаар өвчний улмаас нас барсан хачирхалтай хэрэг гарч байсан билээ.

Д.Цогтбаатар цагдан хоригдож байхдаа өөрийг нь буруутгаж байгаа үйлажиллагааг тухайн үеийн АТГ-ын дэд дарга Б.Хурц зохион байгуулж, хувийн өс хонзонгоор онц хүнд гэмт хэрэгт гүтгэж байна гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхийлөгчид хандаж захиа бичиж байсан ба хожим нь түүнийг тус хэрэгт холбогдолгүй гэж үзэж цагаатгасан шийдвэр гарч байв.

Гэтэл ТЕГ-ын дарга асан Б.Хурц нь 2017 оны 11-р сард “С1” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо: хурандаа Д.ЦогтбаатарХБНГУ-ын иргэн М.Клойберын автомашин, гар утсыг нь ашиглаж байсан, энэ хэрэгт холбоотой хүн мэтээр ярьсан байдаг.

Д.Цогтбаатар нь үүнийг үгүйсгэж Б.Хурц өөрийг нь онц хүнд гэмт хэрэгт удаа дараа гүтгэж байна гэж шүүхэд хандаж,энэ хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэлгүй 3 жил гаруй үргэлжилж байсан юм. Тэгвэл анхан болон давж заалдах, хяналтын шатны 3 шатны шүүхээс Б.Хурц нь Д.Цогтбаатарыг германы гэх хэрэгт холбогдуулан илт үндэслэлгүйгээр гүтгэсэнболохыг тогтоож,Улсын Дээд шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэжээ.

Үүнээс өмнө, Нийслэлийн ХУД-ийн шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийнхуралдаанаар Д.Цогтбаатарыг германы гэх хэрэгт хууль бусаар холбогдуулан шалгаж, үндэслэлгүйгээр цагдан хорьж байсан гэж үзэж,хохирлыг төр хариуцаж, нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн байсан билээ.

Эрх мэдэлтнүүд албаны эрх мэдлээ ашиглаж бусдыг хохироодог, гүтгэж харлуулдаг бас нэг жишээ үүгээр нотлогдож, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдлээ.хэрэв М.Клойбер 2015 онд Голомт хотхоноос гарч ирээгүй бол Д.Цогтбаатарт германы иргэнийг хөнөөсөн хэргийг тохох магадлал өндөр байсан нь гэдэг.

С.ОТГОО

Categories
гадаад мэдээ

​Зеленский: Украин төвийг сахиж, Донбассын асуудлаар буулт хийхэд бэлэн байна || DNN.mn

Хэрэв дайн дэгдвэл Украины армийн 80 хувь нь Оросын талд орно - Eguur.MN

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тус улсын эрх баригчид төвийг сахих болон Донбассын хоёр улсын тусгаар тогтнолын асуудлаар буулт хийхэд бэлэн байна гэж мэдэгдлээ.

Тэрээр ням гаригт Оросын хэвлэлүүдэд ярилцлага өгөх үеэрээ гал зогсоох энхийн хэлэлцээнд энэ асуудлаар гуравдагч талыг оролцуулж, бүх нийтийн санал асуулгаар эцсийн шийдвэрийг баталгаажуулах ёстой гэсэн байна. Мөн Владимир Зеленский Украины төвийг сахих статусыг хадгалж, Бүгд найрамдах Луганск ард улс болон Бүгд найрамдах Донецк ард улсын тугаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс гадна цөмийн зэвсэггүй улс байх асуудалд буулт хийхэд бэлэн гэжээ.

Үүний дараа, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ням гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, энэ долоо хоногт Истанбул хотноо Москва-Киевийн хооронд гал зогсоох энхийн хэлэлцээ хийхийг уриалсан юм. Улмаар Орос болон Украины төлөөлөгчид энэ сарын 28-30 өдрүүдэд Турк улсад биечлэн уулзах асуудлаар харилцан тохиролцсон байна.

Эх сурвалж: Reuters

Categories
мэдээ цаг-үе

Худалдааны салбарын борлуулалтын орлого 35.7 хувиар нэмэгджээ || DNN.mn

Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эхний улиралд 4.9 их наяд  төгрөг болж буурчээ

Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны нэгдүгээр сард 2.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 622.9 (35.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.

Үүнд хүнсний бүтээгдэхүүн, шатахууны бөөний болон жижиглэн худалдаа, эм, гоо сайхан, ариун цэврийн барааны жижиглэн худалдаа нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны нэгдүгээр сард өмнөх сараас 1.3 (35.3) их наяд төгрөгөөр буурсан байна.

Худалдааны салбарын энэ оны 1 дүгээр сарын борлуулалтын орлогын 40.6 хувь нь бөөний худалдаа, 59.4 хувь жижиглэн жижиглэн худалдааны салбарт ногдож байв. Жижиглэн худалдааны борлуулалтын орлого нэгдүгээр сард 1.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 375.6 (36.4 хувь) тэрбум, бөөний худалдааны борлуулалтын орлого 960 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 247.3 (34.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

Худалдааны салбарын борлуулалтын орлого нэгдүгээр сард өмнөх сараас 1.3 их наяд төгрөгөөр багасахад шатахууны жижиглэн худалдаа 190.4 (29.5 хувь) тэрбум, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа 184 (56.1 хувь) тэрбум, моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн жижиглэн худалдаа 135.1 (43 хувь) тэрбум, хүнсний төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа 126.9 (35.2 хувь) тэрбум, хатуу, шингэн, хийн түлш, түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний бөөний худалдаа 98.3 (25.3 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлсөн аж.

Тус салбарын борлуулалтын орлогын 83.8 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна. Нийслэлийн худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны 1 дүгээр сард 2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 541.5 (37.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

Худалдааны салбарын борлуулалтын орлого Өмнөговь аймагт нэгдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 25.9 хувиар багассан бөгөөд уул уурхай, үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн бөөний худалдаа, шатахууны жижиглэн худалдаа, моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн жижиглэн худалдаа багассан нь нөлөөлжээ. Харин бусад аймагт 4.1-97.5 хувиар өссөн байна.

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газрын таван жилийн төлөвлөгөө хэрхэн хэрэгжиж байгааг хэлэлцэнэ || DNN.mn

Мэдээ | Хууль, эрх зүй

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр намын бүлгүүд ээлжит хуралдаанаа хийхээс гадна таван Байнгын хороо хуралдана. Байнгын хороодоор ямар асуудал хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу.

14.00 цагаас Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

  1. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилт /Засгийн газар 2022.03.15-нд өргөн мэдүүлсэн, Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд санал, дүгнэлтээ хүргүүлнэ/

15.00 цагаасТөсвийн байнгын хорооны хуралдаан:

  1. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилт /Засгийн газар 2022.03.15-нд өргөн мэдүүлсэн, Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд санал, дүгнэлтээ хүргүүлнэ/

16.00 цагаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан:

  1. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилт /Засгийн газар 2022.03.15-нд өргөн мэдүүлсэн, Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд санал, дүгнэлтээ хүргүүлнэ/
  2. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолын 1.5 дахь дэд заалтын хэрэгжилтийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсоно.

17.00 цагаас Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаан:

  1. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилт /Засгийн газар 2022.03.15-нд өргөн мэдүүлсэн, Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд санал, дүгнэлтээ хүргүүлнэ/
  2. Бусад

18.00 цагаас Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан:

  1. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилт /Засгийн газар 2022.03.15-нд өргөн мэдүүлсэн, Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд санал, дүгнэлтээ хүргүүлнэ/
Categories
мэдээ цаг-үе

МҮОХ-ны ерөнхийлөгч өнөөдөр тодорно || DNN.mn

Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулган өнөөдөр болно. МҮОХ-ны Ерөнхийлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар нэр дэвшсэн.

Мөн дэд ерөнхийлөгчид МҮОХ-ны зөвлөх, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан, Монголын ширээний теннисний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, Монголын жюү жицүгийн холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ, Монголын үндэсний олимпын академийн ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар, МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Монголын каноэгийн холбооны ерөнхийлөгч О.Одбаяр, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй, 3х3 сагсан бөмбөгийн холбооны хөгжил хариуцсан захирал С.Тулга, Монголын таеквондогийн холбооны хүндэт ерөнхийлөгч Д.Энхбат нар нэрээ дэвшүүлсэн юм.

Мөн чуулганаар МҮОХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгоно.

Categories
мэдээ улс-төр

“МАН-аа намнах МАН” төлөвлөгөө || DNN.mn

Маргааш Хөгжлийн банктай холбоотой нээлттэй хэлэлцүүлэг болох гэж байна. Гэхдээ энэ нээлттэй хэлэлцүүлэг үнэн хэрэгтээ улс төрийн тавилттай жүжиг болоод өнгөрөх вий гэсэн хардлага Хөгжлийн банкны “хөнжлийг сөхсөн” цагаас л олон нийтэд төрөх болсон.

Угаас “дабль стандарт”-ыг төр нийгэмд бүрэн нутагшуулж гаршсан эрх баригчид энэ удаад нээлттэй хэлэлцүүлэг хэмээх улс төрийн тайзан дээрээ чухам ямар жүжиг дэглэх нь сонирхол татаж байгаа юм.

Хөгжлийн банкнаас зээл аваад бултсан, зориулалтын бусаар зарцуулсан, чанаргүй зээлийн ангилалд багтааж луйвардсан, шатахууны компанидаа зээл аваад бензин шагласан, орон сууц барьж дамлаад ор сураггүй алга болсон, төрийн өмчит компаниудаар дамжуулж аваад улс төрчдийн гарын салаагаар орж урсан алга болсон зээлийн асуудлуудаа үнэхээр ярьж чадах уу гэдэг л сонин байна.

Юун түрүүнд Хөгжлийн банкны хугацаа хэтэрсэн чанаргүй зээлийн тухай хамгийн түрүүнд ярих ёстой. 1.2 их наяд төгрөгийн чанаргүй зээлийн талаас илүү хувь нь Сахал хочит Д.Эрдэнэбилэг, Н.Алтанхуяг нарын бүлэглэлд хамаарч буй. Гэвч Хөгжлийн банкнаас хамгийн их зээл авсан хэрнээ түүнээ санаатайгаар төлөхөөс зайлсхийж өдийг хүрсэн. Чанаргүй зээлийн талаас илүү хувь хамаарч буй тэдний араас 154.5 тэрбум төгрөгийн өртэй “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат шил дарж буй. Түүнтэй “Голомт”-ын Д.Баясгалангийн “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн 141 тэрбум төгрөгийн өр яагаад яригдахгүй байгаа нь сонин.

Магадгүй Д.Баясгалангийн “Бодь интернэйшнл” ХХКийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Амундра өнөөдөр Д.Амарбаясгалангийн PR-ийг хийж, “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчийн алба хашиж буй нь “Цэцэнс майнинг энд энержи”-ийн зээл дарагдаад өнгөрөхөд далдуур нөлөөлж байж болох юм.

Мөн Хөгжлийн банкинд 43 тэрбум төгрөгийн өртэй Бэрэн группын захирал Н.Мөнхтөр, МоАХ-ны газрыг барьцаалж зээл авсан “Пирамид орд” гээд компаниудын талаар нухацтай ярихгүй бол зүйд нийцэхгүй.

Нээлттэй хэлэлцүүлэг үнэхээр ажил хэрэгч болж чадвал Хөгжлийн банкны нөхөд өөрсдөө яагаад хууль дээгүүрээ хөндлөн гулд давж алхав гэдгийг ч ярих л ёстой асуудал. Тэдний хувьд хүүний зөрүүн дээр тоглолт хийж мөнгө хүүлсэн, хөлжсөн тал ч харагдаад байгаа.

Харин энэ Нээлттэй хэлэлцүүлэг Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдээ олж тодруулан улсыг хохиролгүй болгох бус, харин “МАН-аа намнах МАН” төлөвлөгөөний дагуу явагдах юм бол УИХ дахь бүлэгт нь үлдэх гишүүн ер нь байхгүй л болов уу.

Учир нь урьд нь ЖДҮ-д холбогдсон гишүүд дээр өнөөдөр Хөгжлийн банкинд нэр холбогдсон нөхдийг нэмбэл нэр цэвэр хүн ор үлдэхгүй тэгтэй тэнцүү л тоо гараад байгаа юм даа.

Наад зах нь Хөгжлийн банкнаас авсан зээлээ дуулиан гарангуут мэгдэж сандран тэр дор нь төлсөн гэгдэх Ц.Анандбазар, Ч.Ундрам нар л лав хариуцлагаас бултах гарц байхгүй. Учир нь хувийн компани нь импортын бензин оруулж ирэх, экспортод нүүрсээ гаргах нь яавч хөгжлийн төсөл биш гэдэг дэндүү ойлгомжтой.

Хөгжлийн банкны 33 тэрбумтай гуя хүзүү холбогдсон гурван гишүүн болох Г.Дамдинням, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын толгойг ч илээд өнгөрч таарахгүй.

Жагсаалт үүгээр дуусахгүй. УИХ-ын дарга Г.Занданшатар, ЕТГ-ын дарга Я.Содбаатар нар ч Хөгжлийн банкны зээлийн асуудалд хөл нь орооцолдож, нэр нь хавчуулагдаад буй.

Хөгжлийн банкнаас зээл авсан УИХ-ын гишүүн асан М.Билэгт тус банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу нарын цаана УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын нэр цухалзаж байгаа.

Баруун бүсэд баригдаж буй цементийн төсөлтэй нэр нь холбогдоод буй С.Бямбацогтыг ч тэдний араас дагуулаад тонгорох магадлал байгаа.

Дорнодын Х.Болорчулуун гишүүний нэр ч бас л Хөгжлийн банкнаас зээл авсан Дорнын цас гэх тодотголтой нэг компанитай гүнзгий холбогдсон.

Муур нохойн хоол үйлдвэрлэх тоног төхөөрөмж авах нэрийдлээр Хөгжлийн банкнаас 13.25 тэрбум төгрөгийн зээл авсан Монгема ХХК-ийн цаана УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг байгаа талаар хууль хяналтынхан шивэр авир хийж байна.

Хөгжлийн банкнаас зээл авсан, авсан зээлээ дуулиан шуугиан гарангуут төлсөн гэх Макс группийн ард Хөгжлийн банкны зээлийн асуудлаар “шүгэл үлээж” эхний үзэгдлийг дэглэсэн МАН-ын генсек Д.Амарбаясгаланг байгаа гэж олон хүн харддаг нь ч оргүй биш. УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн асан, дархан аварга А.Сүхбат, Моннис группийн Ерөнхийлөгч Б.Чулуунбаатар, Алтай констракшний Х.Бат-Эрдэнэ гээд бүгд л намаасаа хөөгдөх болзлоо хангаад буй.

Хөгжлийн банкнаас ч дутахгүй дуулиан дагуулаад буй Хаан банкны хувьчлалын хуудуутай асуудалтай хутгалдсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкиндаа төрийн сангийн мөнгийг хадгалж байгаад “гулруулж”, 76 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа хэрнээ Монголбанкны Эрсдэлийн сангаас дахин 14 тэрбум төгрөг гаргуулж том загнасан ч асуудал нь нам дарагдаад өнгөрсөн хотын дарга Д.Сумьяабазар, төрийн мөнгийг гол гаргасан Капитал банкнаас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан ч төлөлгүй “гүлдийсэн” хэвээр байгаа Сангийн сайд Жавхланг ч намаасаа хөөх л хэрэг гарна.

Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдлыг харахад МАН асуудалд холбогдсон зарим гишүүдээ тас өмгөөлж, харин зарим нэгээс нь харцаа буруулах бололтой гэсэн дүр зураг харагдаад л байна. ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон гучаад гишүүнээсээ гуравхнаар нь туг тахиж олны хэл амыг дарж хуураад өнгөрсөн мэхээ энэ удаад ч бас эрээгүй давтах зураг л тодроод байх шиг.

МАН-ын дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өмнөх болон өнөөгийн парламент бүх эрх мэдлийг бөөгнүүлж аваачаад өгчихсөн. Түүнд ажил хийх сэтгэл зүтгэл дутна уу гэхээс эрх мэдэл дутаагүй. Харин ч өөрийнх нь хэлснээр тэр “Хамгийн азгүй Засгийн газрын удирдагч” биш хамгийн “аатай хүчтэй, азтай мөнгөтэй Засгийн газрын тэргүүн” билээ.

Гүйцэтгэх засаглалдаа гүйж очоод дөрлүүлсэн УИХ үүнийхээ горыг амсаж, өнөөдөр данхар ЕС, дан дээлтэй сайдуудтайгаа парламентын дээр ноёлж , Ковидын хуулиар дураараа дургиж, “коммунизм” байгуулахаар дунд чөмгөөрөө жиргэж байгаа.

Гэхдээ УИХ бол унтаж буй болохоос “үхсэн арслан” огтоос биш. Өөрийнхөө намын гишүүдийг өм цөм шоглоод эхэлбэл бүлэг нь хуваагдаж, засаг нь задрах бол цаг хугацааны л асуудал.

Муур багш шиг наанаа гэмгүй царайлж байгаад цаанаа гишүүдээрээ “самар цөмөөд” эхэлвэл эрх баригч намын Их хурал дахь гишүүд “Сүх далайтал үхэр амар” суух нь юу л бол.

Тэр тусмаа эсрэг намын PR -чдаар улс төрийн жүжиг тавиулаад суухыг хээвнэг хараад суух хэн байх билээ.

Тэгэхээр Херо зохиолтой Амраа найруулагчтай “МАН-аа намнах МАН төлөвлөгөө” маргааш яаж ил болохыг харцгаая хэдүүлээ. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар өөрсдийнхөө сууж байгаа мөчрийг хөрөөдөж, нүд рүүгээ хуруугаа хийх зориг гаргавал сайн л биз.

Хэмлэлдээн дунд нь харин хэдүүлээ хожиж л байвал барав биш гэж үү.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

АХБ-ны 30 сая ам.долларыг малчдын нэр барьж хувааж идчих гээд л энэ хэдэн гишүүн чичрээд байна аа даа || DNN.mn

УИХ-ын Төсвийн байнгын хороо Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын зээлийн төслийн хэлэлцээрийг энэ долоо хоногт хэлэлцлээ. Нийт 30 сая ам.долларын зээлийг Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор гэсэн дөрвөн аймгийн хил залгаа 20 суманд төсөл хэрэгжүүлэх замаар зарцуулах юм байна. Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд 30 сая доллараар малын хашаа барина гэснийг онцолж хэрэлдэцгээлээ. Малчдад зориулан 14 мянган малын хашаа, хороог сайжруулснаар өвөлжилтийн эрсдэлийг бууруулах юм гэнэ. Харьяа яамны сайдынх нь хэлснээр малчдад мөнгөн дэмжлэг маягаар өгч, бэлчээрийн нөөц газрыг шинээр байгуулж, тэнд хашаа хороо шинээр барихад зориулж, сум орон нутагт нь дэмжлэг үзүүлэх юм байна. ХХААХҮЯ-ны газрын дарга Д.Батмөнх “Аймаг орон нутагтай гэрээ байгуулж гэрээний үндсэн дээр эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжилт олгоно” гэв.

Энэ хэлэлцсэн асуудлыг нь хөндлөнгөөс харвал 30 сая ам.долларыг задгай мөнгө болгоод малчдад хашаа барь гээд дэмжлэг нэрээр тараах юм уу даа гэсэн дүр зураг харагдаж байгаа биз. Гэтэл өнөөдрийн Монгол Улсад малын хашаанаас өөр чухал юм гэж байхгүй юу. Энэ төслийг УИХ дээр ингэж хэлэлцэхийн урьд өдөр Эрчим хүчний сайд салбарт нь аваарын горим ассан, 2022-2023 оны өвөл хязгаарлалт хийнэ, нөхцөл байдал хүнд байгаа тухай мэдэгдсэн. Эрчим хүчний асуудлаас гадна Дарханы зам өнөө л хагас дутуу хэвээр, ашиглалтад хэзээ орох нь тодорхойгүй, ард түмний амьжиргаа, улс орны хөгжлөөс чангаасан хэвээр л байна. Долларын ханшны уналт, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, хил хаалттай гээд улс орны хэмжээнд нөхцөл байдал уруудаж, хөрөнгө оруулалт зогссоноос эдийн засаг туйлын хүнд байхад яагаад энэ асуудлуудад анхаарч мөнгө төсөвлөхгүй байгаа юм бол. Гэтэл ийм хүнд цаг үед монголчуудад малын хашаа л ажлын байр, шатахуун, цахилгаан, амьжиргаанаас нь илүү хэрэгтэй байгаа юм уу? Хөрөнгө оруулалт яаралтай хэрэг болоод байгаа ажлууд гэвэл дээр дурдсан бэрхшээлүүдээс эхлүүлээд үй түмээрээ байна шүү дээ. Хөрөнгө мөнгөө хүлээгээд таг зогссон, гацсан төслүүд ч олон бий. Гэтэл хонины хашаа хэрэгтэй байна гээд УИХ-ын дээрээ хэрэлдэж байх юм, гишүүд нь. Эрчим хүчний сайд өвөлжилт хүндэрч тог цахилгааныг чинь тасална шүү гэж байхад гишүүд нь малаа сайн өвөлжүүлэхийн тулд хашаа барьж өгье гэсэн тэс хөндлөн юм яриад сууж байх ч гэж.

Тэр хашаа барих мөнгө нь хэнд очих юм бэ. Малчдад очно гэж байна. Малчид гэж ямархуу улс байдаг билээ. Хэтрүүлж хэлбэл, дундад зуунаараа байгаа улс шүү дээ. Ингэж хэлэхэд хэцүү ч малчдад нэр төр, хариуцлага гэж огт байдаггүй. Хашаа барилаа гээд эхний удаад хэдэн шон гозойлгож харуулаад инээмсэглэж зогсож байгаад мөнгийг нь авчихна. Хашаа барилаа гэхэд модоор хийвэл сугалж аваачаад түлчихнэ. Төмрөөр хийчихвэл тайрч аваачаад зарчихна. Ийм л юм болно. Дөрөв, таван жилийн дараа дээр нь хэрээ гуагласан хэдэн шон л үлдвэл үлдэнэ.

“Аймаг орон нутагтай гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжилт олгоно” гэж байгаа юм. Аймаг орон нутагт төслийн мөнгө очихоор яадаг билээ дээ. Эхлээд хашаагаа барихгүй. Эхлээд аймаг дээрээ аймгийн ойгоо нүсэр хийж, морь, мал, бөх байлж дэнж хотойлгож таарна. Суман дээр бол овоо шовооны наадам хийж, морь уралдуулна. Тэгээд үлдсэн хэдэн төгрөгөө малчдад өнөө яриад байсан хашаагаа барь гээд өгнө. Азийн хөгжлийн банкны 30 сая ам.доллар яг ингэж л гарын салаагаар урсах гэж байна. Энэ бол төсвийн мөнгө. Төсвийн мөнгө гэдэг чинь ажил хийж буй иргэдээс татаж авсан татварын мөнгө шүү дээ. Төсвийн мөнгийг УИХ-ын гишүүд, хэдэн аймаг, сумын Засаг дарга нар хувааж идсэн, малчид нь хашаа барьсан гэж дүр эсгэсэн ийм юманд мөнгө төгрөг зарж байхаар сургууль, эмнэлэгтээ зарцуул. Хавдар, халдвартын эмнэлэг хүнээ дийлэхгүй байна. Хүүхдийн эмнэлэг бол үнэхээр хэцүү байдалтай, хүрэлцээгүй. Хүүхдүүд эмнэлгийн хонгилд ээж аавтайгаа хүйтэн шалан дээр халууран хэвтэж, уйлалдаж байна шүү дээ. Ядаж хүүхдэд, хүүхдийн эмнэлэг барихад тэр их мөнгийг зарж болохгүй юу. Хүүхдүүд цэцэрлэггүй. Юун сургуулийн өмнөх боловсрол эзэмших вэ, сугалаанд азгүйгээрээ дуудуулж гэртээ зурагт ширтээд ганцаараа сууж байна. 30 сая ам.доллараар энэ бүгдийг шийдэхэд хүрэлцэхгүй ч малчдад тэгж зарцуулмааргүй байна. Тулгамдсан асуудал, хүүхдүүд, цэцэрлэг, сургуульдаа зарцуулчихвал дараа нь зээлийг нь эргэн төлөхөд ч урамтай юм даа. Дээгүүр хэдэн хүн хувааж идсэн юманд төсвийн мөнгийг үргүй зармааргүй байна.

УИХ-ын гишүүд ингэж малчид ч юмуу, нийгмийн аль хэсгийн нэрийг барьж зээл авдгаа болих болоогүй юу. АХБ-ны 30 сая ам.долларыг малчдын нэрийг барьж хувааж идчих гээд л энэ хэдэн гишүүн чичрээд байгааг ард түмэн анзаарчихлаа. Харин нэг авууштай юм нь зээлийн зарцуулалт, зориулалт дээр ингэж талцаж, хэрэлдэж байгаа нь сайн. Энэ ч яахав, алив хөрөнгө оруулалт, зээл орж ирэхэд ингэж хэлэлцэх ёстой гэдэг ийм хуультай болчихсонтой холбоотой л доо. Зөв хууль болж. Хэрвээ ийм хуульгүй байсан бол манай хэдэн гишүүн малчдад хашаа босгоно гээд л яаравчлуулаад шууд шийдчих байлаа л даа. УИХ-ын гишүүд улс орны өмнөөс дураараа ингэж дөвчигнөдгөө больцгоох цаг нь болсон. Ийм үйлдлүүдийг нь олон нийт сайн хянах хэрэгтэй байна. Монголын ард түмэн сонгож гаргаж ирсэн улстөрчдөдөө сүүлийн жилүүдэд боломжоо үргэлж булаалгаж байгаа. Энэ удаад ч тэд малчдын нэрийг барьж хийдгээ хийх гэж байж магад. Мөнгө дагасан ямарваа ажилд ард түмэн хяналтаа сайн тогтоо.

Мөнгө төсвийг захиран зарцуулж хувааж идэх гэсэн “Малын хашаа сайжруулна” гэсэн шошготой энэ удаагийн үйлдэл бол манай сайд, дарга, гишүүдийн хийдэг өнөө хулгайнуудын нэгэн сонгодог жишээ л дээ.