Categories
мэдээ нийгэм

“Тос граммлаж авах нь энгийн үзэгдэл. Талх таллаж зараач гэдэг болсон” гэв || DNN.mn

НАРАНЦЭЦЭГИЙН ТОС ГРАММЛАХ УУ, ЖИЖИГЛЭН БАЙНА УУ ГЭХ ХҮМҮҮС ОЛШИРСОН

Иргэдийн аж амьдрал, худалдан авах чадвар ямар байгаа талаар сурвалжлахаар Дарь-Эхийн эцэс буюу Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороог зорилоо. Тоосгоны үйлдвэр-III, IV хороолол гэсэн хаягтай нийтийн тээвэрт сууж Дарь-Эхийг зорив. Хамгийн эхэнд таарсан дэлгүүрт орлоо. Утсаар ярьж буй худалдагчаас ярилцлага авахаар түр хүлээж зогслоо.


“Өгөөмөр” дэлгүүрийн худалдагч С.Баярмаатай ярилцлаа.


-Хүмүүсийн худалдан авах чадвар хэр байна вэ?

-Ажилтай, орлоготой нь гайгүй. Ажилгүй, халамжийнхан хэцүү л байх шиг байна. Барааны үнэ нэмэгдээд худалдан авах чадвар улам л буурч байх шиг. Зарим нэг нь хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд л болгох гээд зүтгэж байгаа ч яалт ч үгүй зээлээс зээлийн хооронд дийлэнх нь амьдарч байна.

-Танайд өрийн дэвтэр бий юү. Хэр их хүн өр тавьж байна вэ?

-Бий бий. Сайн таньдаг хүмүүстээ итгээд л өгчихдөг. Тэгээд цалин, тэтгэвэр, халамж нь буувал өгчихнө. Өрөө өгдөггүй хүмүүсээ мэддэг болчихсон болохоор өгөхөө байсан.

-Хүмүүсийн худалдан авах чадвар муудсан нь яаж мэдэгдэж байна вэ?

-Карантинаар мөнгө тараагаад гайгүй байх шиг байсан. Сүүлийн үед наранцэцэгийн тос граммлах уу, жижиглэн байна уу гэж асуух хүмүүс олширсон. Ингэхээр л худалдан авах чадвар муудсан нь шууд харагдаж байгаа биз дээ. Уг нь тэгж асуух нь гайгүй байсан юм.

-Талх хувааж авдаг гэсэн үү?

-Одоохондоо арай ч талх хувааж аваагүй. Юмны үнэ нэмэгдсэн хэвээрээ байвал удахгүй талх хувааж авъя гэх байх. Гэхдээ зам дагуух дэлгүүрүүд арай худалдан авагч сайтай. Гэр хорооллын дундуур явбал тийм байж магадгүй гэв.

ИРГЭД “ТАЛХ ХУВААЖ ЗАРАХ УУ” ГЭДЭГ БОЛЖЭЭ

“Өгөөмөр” дэлгүүрээс гараад гудамж уруудан нэгэн жижиг мухлагт орлоо. Зургаан нэрийн дэлгүүр байв. Голчлон талх, нарийн боов, тамхи зардаг аж. “Хүслэн” дэлгүүрийн х у д а л д а г ч Б . Э н х з о р и г ярихдаа “Манай энэ хавиар амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой хэд хэдэн өрх бий.

Н э л э э д ө р т а в ь д а г . Тэрийгээ бүрэн гүйцэд дарж чадахгүй дараагийн өрөө тавина. Би гэр орон, амьдралыг нь мэддэг болохоор өрөвдөөд зээл өгчихнө. Одоо тэгээд мэдсээр байж өгөхгүй байх хэцүү. Заримдаа талх хувааж зарах уу гэх юм. Байгаа мөнгөө өгөөд үлдсэнийг нь биччихье л гэдэг. Олон хүүхэдтэй, нэг нь хүүхдүүдээ хараад гэртээ сууна. Ганц хүний орлогоор яагаад ч амьдрал нь хүрэлцэхгүй хэсэг бүлэг гэр бүл байна. Хүүхдийнх нь мөнгө орохоор зайлуул хааяа нэг хүүхдүүддээ зайрмаг авч өгнө. Тэгээд өрөө дарна. Бараг тэгээд л хүүхдийн мөнгө нь дуусдаг байх. Хүүхдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс байхад эсрэгээрээ архинд толгойгоо мэдүүлсэн, хүүхдүүдээ хайхардаггүй хэсэг ч байна. Хүүхдүүдийг нь харахаар өрөвдөөд хорооны нийгмийн ажилтанд хэлдэг ч арга хэмжээ авч гавихгүй юм байна лээ” хэмээв.

ДЭНЖИЙН МЯНГЫН ЗАХ ДЭЭР ХАЯСАН ЯСЫГ ТҮҮЖ АВЧРАН ХҮҮХДҮҮДДЭЭ ШӨЛ ГАРГАЖ ӨГДӨГ


Жижиг мухлагаас 16 дугаар хорооны байрыг зорин алхав. Замдаа 50 гаруй насны нэгэн эмэгтэй таарч, хороо нь хаана байрладгийга суунгаа хэдэн үг солив. СБД-ийн 16 дугаар хорооны иргэн Л.Цэрэннадмидтай ярилцлаа.


-Та энд хэр удаан амьдарч байна вэ. Энэ хавийнхныг сайн таних уу?

-Би хорооныхоо уугуул иргэн. Энэ хавийг гарын таван хуруу шигээ мэднэ. Насаараа амьдарсан хүмүүсээ сайн танина.

-Энэ хавийнхны амьдрал ямар байна. Юмны үнэ нэмэгдээд хүмүүсийн худалдан авах чадвар муудсан гэх юм?

-Өө хэцүү хэсэг нь маш хэцүү шүү дээ. Манай гудамжны төгсгөлд зургаан хүүхэдтэй ганц бие ээж бий. Зайлуул нөхөр нь ослоор өнгөрснөөс хойш нүдэн дээр амьдрал нь доройтож, одоо Дэнжийн мянгын зах дээр хаясан ясыг түүж авчран хүүхдүүддээ шөл гаргаж өгдөг. Граммын гурилаар бантан багсарч аргална. Өчигдөр (гуравдугаар сарын 27-ны өдөр) Дэнжийн мянгад үнэгүй хувцас тараахад нь очиж оочерлоод авч чадаагүй ирсэн байна лээ. Иймэрхүү хүмүүсийнхээ боломжийг ойлгож, тийм зүйл дээр боломжтой хэсэг нь савраа татмаар юм. Сонсоод байх нь ээ тэнд нь комиссын бараа ажиллуулдаг хүмүүс хүртэл дараалалд нь зогсож байсан гэх чинь билээ.

-Тэгээд хүүхдүүддээ юу ч авч чадаагүй гэнэ үү?

-Өдөржин зогсоод авч чадаагүй гэсэн. Би амьдралыг нь мэддэг болохоор заримдаа чадах ядахаараа тусалдаг ч юу ч хийж чадахгүйдээ эмзэглэх үе цөөнгүй шүү.

-Тэгээд хороо дүүргээс ямар нэгэн тусламж үзүүлэх юм уу?

-Хүнсний талон, хандив тусламжид хамрагддаг ч байнга ирэх биш дээ. Хааяа зайлуул “Манайд хүнс ирсэн. Та орж ирж цай уугаарай” гээд инээмсэглэж явдаг юм. Тэглээ гээд гутарч, гунигласан юмгүй хүүхдүүдийнхээ төлөө хичээж байгааг нь харахаар архи уугаад байгаа хүмүүс юу дутсан гэж энэ ганц бие зовсон эмэгтэйгээс ичихгүй явдаг байна аа гэж харьцуулах үе ч гарна гэв.

Хорооны байранд ирэв. Хороо руу орж мэдээлэл авахыг хүссэн ч хорооны ажилчид мэдээлэл өгөхөөс татгалзав.

ЗАРИМДАА ТҮЛЭЭ, НҮҮРС ЗЭЭЛЭЭЧ ГЭЭД НЯЛХ ХҮҮХДЭЭ ТЭВЭРСЭН ХҮН ИРНЭ

Хорооны байрнаас гараад “Таван толгой”-н сайжруулсан түлш, мод зардаг цэгт очлоо. Борлуулагч М.Баярхүү ярихдаа “Заримдаа түлээ, нүүрс зээлээч гээд нялх хүүхдээ тэвэрсэн хүн ирнэ. Өрөвдөөд өгөөд явуулдаг л даа. Хүүхэд даараад ханиад хүрэх нь гэдэг. Тэгээд өгөөд явуулахаар өрөө төлөхгүй алга болох хэсэг ч байх юм. Нялх хүүхдээ тэврээд ирэхээр өгөхгүй байлтай биш. Гуравхан сая хүнийг ингэж амьдруулж байгаад гайхах юм” гэв.

ТОС ГРАММЛАЖ АВАХ ЧИНЬ ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ БОЛЧИХООД БАЙНА


Нүүрс зарах цэгээс цаашаа “Энэрэл буянт” дэлгүүрт орлоо. Худалдагч Х.Цэнгэлмаатай ярилцав.


-Хүмүүс өр тавьдаг, тос граммлаж авдаг, талхаа хүртэл таллаж авдаг гэх юм. Танайхаар үйлчлүүлж буй хүмүүс ямархуу байна вэ?

-Захын хорооллын бүх дэлгүүр л өр авлагатай байгаа шүү дээ. Хүмүүсийн худалдан авах чадвар маш муудсан. Тос граммлаж авах чинь хэвийн үзэгдэл болчихоод байна.

-Хүмүүсийн худалдан авах чадвар муудсан нь яаж илэрч байна вэ?

-Бараа болгон дээр илэрч байна. Бараг шинээр бараа ирэх болгондоо 50, 70, 100 төгрөгөөр нэмэгдэж байна. Тэгээд бид ашгаа бодоод нэмэх хэцүү, байх хэцүү шүү дээ. Жишээ нь, талх хамгийн өргөн хэрэглээний бараа. Бид иргэдээ бодоод талхан дээрээ мөнгө нэмэхгүй үйлдвэрийнх нь үнээр 1400 төгрөгөөр зарж байна. Үүнээс илүү юм хийж чадах биш дээ.

-Танайд өрийн дэвтэр бий юү?

-И баримтыг нь аваад үлдчихдэг. Хүмүүс бараа зээлээд и баримтаа үлдээнэ. Баримтыг нь дараа өрөө дарсан хойно нь өгч явуулдаг юм.

-Тэгэхээр өрийн дэвтэр гэж байхгүй хэрэг үү?

-Тийм. Шургуулга дүүрэн И баримтын цаас л байна. Бүр түрүү оны аравдугаар сарын баримт ч байгаа.

-Өрөө төлөхгүй байх тохиолдол байх уу?

-Байлгүй яахав. Энд түрээсийн байр ихтэй. Овоо гайгүй танилцаж байгаад зээл тавина. Тэгээд тэрийгээ өгөхгүй нүүгээд явчихдаг хүмүүс ч байна. Цагдаад утасны дугаар, нэр хаягтай нь хэлээд өглөөч бага мөнгөний асуудал дээр хөдлөхгүй. “Та нар өөрсдөө итгэлцлийн үүднээс өр ширийн тохиролцоо хийсэн” гээд халгаахгүй. Тэгээд л бид өөрсдөө хохироод үлдэнэ.

-Танайх нөөцийн мах зардаг юм уу. Хүмүүс хэр авч байна?

-Гуравдугаар сарын 25-ны өдрөөс нөөцийн мах худалдаанд гарсан. Хонины мах 8300 төгрөгөөр зарагдаж байгаа. Дэнжийн мянгын зах дээр хонины мах гулуузаараа 1 кг нь 8000 төгрөгөөр зарагдаж байгаа юм байна лээ шүү дээ. Хонины мах хүмүүс ерөөсөө авахгүй байгаа. Үхрийн мах л авч байна. Тэгэхээр нөөцийн махны үйлдвэр чинь хонины махны нөөц их, үхрийн махных бага гээд хоёр шуудай хонины маханд нэг шуудай үхрийн мах дагалдуулж зарж байна. Зах дээр жил өнжсөн нөөцийн махнаас илүү шинэ мах 1 кг нь хямд үнэтэй байхад юу гэж хүмүүс хуучин мах үнэтэй авах вэ дээ. Нөөцийн хонины мах яс ихтэй. Чанаж идэх л зориулалттай. Үхрийн мах нь харин яс багатай, мах ихтэй болохоор ирэнгүүтээ түрүүлээд дуусчихна. Хонины мах нь зарагдахгүй хэвээрээ. Үхрийн мах нэмж авъя гэхээр заавал хоёр шуудай хонины мах ав гээд эхнийх нь дуусаагүй болохоор нөөцийн махаа нэмж авч чадахгүй ийм л байдалтай байна.

-Одоо тэгээд зарагдахгүй байгаа махаа яах вэ?

-Нэмж мах авахгүй шахахаас өөр яах билээ. Энэ нь хэзээ ч зарагдаж дуусахыг мэдэхгүй юм хэмээн ярилаа.

ИХЭВЧЛЭН АРХИНЫ ХАМААРАЛТАЙ БОЛСОН ХҮМҮҮС ТҮҮХИЙ ЭД ИХ АВЧИРЧ ӨГДӨГ


Дэлгүүрээс гараад ойрхон байрлах түүхий эд авах цэгт очлоо. Хажуугаар нь согтуу хүмүүс холхилдон хөл хөдөлгөөн их байв. Түүхий эд худалдан авагч Р.Дамдиннямтай ярилцлаа.


-Түүхий эд авчирч өгдөг хүмүүс их байдаг уу?

-Байнга авчирч өгдөг хүмүүс бий. Гэхдээ ихэвчлэн архины хамааралтай болчихсон хүмүүс байдаг. Сая чамтай зөрсөн хоёр согтуу нөхөр бол байнгын авчирч өгдөг. Энд тэндээс шил, лааз түүж авчирч өгөөд архины мөнгөө олдог юм шиг байна лээ.

-Та хэр сайн таних уу. Хүүхэдтэй юм болов уу?

-Хааяа 6-7 настай болов уу гэмээр хүүхэд дагуулж ирдэг. Хүүхдийг нь хараад ямархуу хүн болох бол гэж бодогдох юм.

-Энэ хавьд архины хамааралтай хүн олон амьдардаг уу?

-Яг хамааралтай хэд нь манайд байнга шил, лааз тушаагаад байх шиг байдаг. Арав гаруй байнга ирдэг хүн бий. Эндээс жаахан уруудаад дахиад нэг түүхий эд авах цэг байдаг. Тэнд бас байнга үйлчлүүлдэг хүмүүстэй юм шиг байна лээ.

-Та энэ цэгээ ажиллуулаад хэр удаж байгаа вэ. Тэдгээр хүмүүс танайхаар хэр удаан үйлчлүүлж байгаа вэ?

– Би энийг ажиллуулж эхлээд таван жил гаруй болж байна. Энэ хугацаанд зарим нь анхнаасаа ирдэг байсан. Зарим нь сүүлд нэмэгдсэн. Бодвол нүүж ирсэн шиг байна лээ гэв.

УСНЫ КАРТ Ч АВАХ ЧАДАЛГҮЙ АЙЛУУД Ч БАЙНА

Түүхий эд авах цэгээс гараад автобусны буудал руу алхав. Алхах замдаа иргэн Н.Сүхбаатартай тааралдаж, хэдэн үг солилоо.

– Таэнд хэр удаан амьдарч байгаа вэ?

-Манайх хөдөөнөөс нүүж ирээд арав гаруй жил болж байна.

– Тэгэхээр энэ хавийнхнаа сайн таних нь ээ. Хүмүүс ямаршуухан амьдарч байна вэ?

-Хэцүү амьдралтай хүмүүс бий бий. Энэ хавийн худаг картаар үйлчилдэг болоод карт ч авах чадалгүй ойрхон булагнаас усаа авдаг айлууд ч байна.

-Усны карт нь хэдэн төгрөгний үнэтэй байдаг юм бэ?

-Дотроо 1000 төгрөгтэй карт 2500 төгрөгөөр зардаг.

-Булаг нь ойрхон байдаг хэрэг үү?

-Жаахан зайтай л даа. Тэгээд яахав дээ. Картгүй, мөнгөгүй хүмүүс чинь хол ч гэсэн алхаж очоод усаа авна шүү дээ. Ямар хатаж үхэлтэй биш.

-Дондогдулам хатны рашаан гээд байдаг нь мөн үү?

-Мөн мөн. Биед сайн л гэдэг юм гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 350 сургууль, 242 дотуур байр, 220 цэцэрлэг гаднаа нүхэн жорлонтой байна || DNN.mn

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны (2022.03.28) хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолын 1.5 дахь дэд заалтын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов. Байнгын хорооны хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн мэдээлэл хийлээ.

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аар шийдвэрлүүлэн, 2021-2022 онд багтаан хэрэгжүүлж байгаа бөгөөд улсын хэмжээнд 682 сургууль, 972 цэцэрлэг, 535 дотуур байр байгаагаас 330 сумын 350 сургууль, 242 дотуур байр, 220 цэцэрлэг гаднаа нүхэн жорлонтой юм. Төслийн хүрээнд 819 ариун цэврийн байгууламжийг дөрвөн ээлж болгон шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд 2022 онд төлөвлөсөн байгууламжийг 100 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж дуусгах цогц төлөвлөгөө батлан, хэрэгжүүлж буй тухай тэрбээр мэдээлсэн.

Мөн цаашид авах арга хэмжээний талаар төслийн нэг, хоёрдугаар ээлжийн зураг, төслийг дөрөвдүгээр сард багтаан магадлалаар оруулж дуусгах, магадлалаар баталгаажсан зураг, төслийн дагуу барилга угсралтын бодит гүйцэтгэлийг үндэслэж санхүүжилтийг тухай бүр олгох, 2022 оны зургаадугаар сард багтаан нэгдүгээр ээлжийн 13 багцын 92 обьектийн 50 хувийг ашиглалтад оруулах, 2022 оны есдүгээр сард багтаан нэгдүгээр ээлжийн үлдэгдэл 50 хувийг болон хоёрдугаар ээлжийн 71 обьектийн 50 хувийг ашиглалтад оруулах, төслийн нэг, хоёрдугаар ээлжийн санхүүжилтийг гүйцэтгэлээр олгох, төслийн гуравдугаар ээлжийн зураг, төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах талаар мэдээлэл өгөв. Мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Ч.Ундрам, С.Чинзориг, Т.Энхтүвшин, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, хариулт авсан бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг үг хэллээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаарх ерөнхий хяналтын сонсгол эхэллээ || DNN.mn

Монгол Улсын Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд зохион байгуулагдаж байна

Тодруулбал, энэ оны нэгдүгээр сард УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, Хөгжлийн банкны асуудлаар УИХ- д нээлттэй сонсгол зохион байгуулах үүргийг УИХ-ын ажлын хэсэг болон хуулийн байгууллагуудад өгсөн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дархлаажуулалтын цэгүүд 16:00 цаг хүртэл ажиллана || DNN.mn

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 29-нд Улаанбаатар хотод суурин 48 цэгт 48 багийн 194 эмч, ажилтан ажиллаж иргэдийг дархлаажуулна.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Манай эрх баригчид барьцаалагджээ” гэж хардахаар байна || DNN.mn

ОХУ Украин руу довтолсноос хойш сар гаруйн хугацаа өнгөрлөө. Гэвч энэ дайн одоо хүртэл үргэлжилсээр л байна. ОХУ Украиныг өөрийнхөөрөө байх гэлээ гэж энэ дайныг эхлүүлсэн. Украин уг нь цөмийн зэвсэгтэй, захын нэг улсад дээрэлхүүлэхээргүй л улс байлаа. Гэвч Зөвлөлт холбоот улс задарсны дараа буюу 1994 онд дэлхийн улс орнууд цөмийн зэвсгээсээ татгалзахыг уриалж оронд нь аюулгүй байдлыг нь хамгаалах үүрэг хүлээсэн түүхтэй. Энэхүү үүргээ 1994 онд Будапештын Меморандумд баталгаажуулж гарын үсэг зурсан юм. Уг гэрээ хэлэлцээрт дуусах хугацаа гэж байхгүй. Гэтэл өнөөдөр Украин улсын өмнө ийм үүрэг хариуцлага хүлээсэн гэдгээ санаж байгаа улс орон алга. Дэлхийн улс орнууд 30 жил ч хүрэхгүй хугацааны өмнө өгсөн энэ амлалтаа аль хэдийнэ мартсан бололтой. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Өнөөдөр бидэнд цөмийн зэвсэг нь ч алга, аюулгүй байдал нь ч алга. Бид Швейцарь, Нидерланд, Бельги улсуудаас ч том газар нутгаа алдаад байна. Хамгийн гол нь бид олон сая иргэнээ алдлаа. Гэвч бүх амлалт хоосон зүйл байлаа” хэмээн гомдоллож байна. Түүний хэлж байгаа үнэн. Хэцүү цаг үед нь дэлхийн зарим улс орон Украинаас нүүр буруулж эхэллээ. Тухайн улс онуудын тоонд манай улс ч орно. Монгол Улс дайныг эсэргүүцсэн НҮБ-ын санал хураалтад хоёронтоо түдгэлзсэн санал өгөөд байна. Өнгөрсөн баасан гаригийн шөнө НҮБ-ын хуралдаан болоход мөн л түдгэлзсэн санал өглөө. Манай улс жижигхэн. Хэзээ нэг цагт Украины зовлонг аль нэг хөршөөсөө амсахыг үгүйсгэхгүй гэдгээ бодсон ч дайныг эсэргүүцэх ёстой баймаар. Гэтэл түдгэлзсэн байр суурийг удаа дараа гаргаж байхыг харахад манай эрх баригчид болон эрх барьж байгаа нам ОХУ-ын эрх баригчдад барьцаалагдсан юм биш биз гэж хардахаар байна. Энэ талаар улс төрийн намууд, УИХ дахь сөрөг хүчний гишүүд судалж үзээд ард түмэндээ үнэнийг хэлэх хэрэгтэй байна.

Нийтлэлч Баабар нэгэн нийтлэлдээ “В.Путины дэглэм гадаадын улс төрийн намуудад асар их мөнгө амаар нь гартал өгч өөрийгөө дэмжүүлдэг” гэж бичсэн байна лээ. Монгол төрийг харахаар энэ нь үнэн бөгөөд тэр их мөнгөнөөс нь авчихсан юм болов уу гэсэн хардлага өөрийн эрхгүй төрж байна. Хамгийн наад зах нь ОХУ-аас авч буй шатахуун, цахилгаанаа таслуулчихвал улс төрөөс арчигдана гэж эрх баригчид айж байгаа. Хэрэв ийм зүйл боллоо гэхэд одоогийн эрх баригчид өмнөх хоёр сонгууль шиг үнэмлэхүй ялалт байгуулах нь үлгэр болж дахин засгийн эрх барих эсэх нь эргэлзээтэй.

Аль нэг зүйлээрээ гадны улсаас хамааралтай бол тусгаар улс гэхэд хэцүү юм гэдгийг ард түмэн ухаарч байна. Барьцаалагдсан эрх баригчид ч үүнийг мэдэж байгаа. ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Монголын Ардчилсан нам, тусгаар тогносон Монгол Улсын иргэнийхээ хувиар эрх чөлөөгөө эдэлж үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн эсрэг дур зоргоороо мэдэгдэл гаргаж байна. Мөн ОХУ, Украины асуудлаас улбаатайгаар гадаад валютын нөөц хомсдож эхэллээ. Гэвч үүнийг эсрэг ганц УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Тусгаар улсад хандаж буй бол эрх чөлөөт ард түмэнд маань биш, засгийн эрх барьж буй бидэнд хандана уу. Төрийг нь давж ард түмэн рүү хандахыг ямар ч дипломат ёс зөвтгөхгүй” гэж жиргэснийг эс тооцвол Монгол Улсын төр ямар ч үйлдэл хийсэнгүй “түдгэлзсээр л” л байна. Үүнээс харвал манай улс жинхэнэ утгаараа барьцаанд орсон мэт. Энэ байдлаараа байгаад байвал улсаа тонуулж дуусаад, тусгаар тогтнолоо ганхуулж ч мэдэх нь.

Төр засаг нь нэгэнт ингэж “төмсөгдүүлсэн” юм бол тусгаар тогтносон, ардчилсан Монгол Улсын иргэд өөр өөрсдийн сувгаараа үзэл бодлоо илэрхийлэхээс гадна жагсаал цуглаан хийх хэрэгтэй. Харамсалтай нь үзэл бодлоо илэрхийлсэн иргэд, дайныг эсэргүүцсэн аж ахуйн нэгжүүдийг хууль хяналтын байгууллагаас дарамталж, цугласан хүмүүсийг тарааж, мандуулсан далбааг нь хурааж байх жишээтэй. Энэ бол эрх баригчид ОХУ-аас эмээж, цаашлаад барьцаанд байгаагийн илэрхийлэл. Мөн дайныг эсэргүүцэж, эзлэн түрэмгийлэлд өртөөд буй Украиныг дэмжсэн иргэдийнхээ амыг барьж эхэллээ. Тухайлбал, эрх чөлөөгөө хасуулж шоронд суугаа ч ардчилсан Монгол Улсын иргэн гэдгээ баталж дайныг эсэргүүцсэн Улсын баатар Э.Бат-Үүлийн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан талаар ар гэрийнхэн нь мэдэгдэж байгаа.

Өнөөдөр жагсаал хийвэл барьж хориод далбаа өлгөхөд цагдаагаар дарамтлуулаад буй эрх баригчдын эсрэг хөдөлж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсаал цуглаанд уриалан дуудах зоригтон үеийн үед байсаар ирсэн. Үүний нэг жишээ нь бямба гаригт болсон дайныг эсэргүүцэж ОХУ-ын Элчин сайдын өмнө болсон жагсаал юм. Бид нэг л эх оронтой. Энэ эх орныхоо тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх эр зоригтой байх хэрэгтэй. Ингэж ард түмэн нь хүчтэй эсэргүүцвэл барьцаалагдсан эрх баригчид ядахдаа “Ард түмэн эсэргүүцээд байна” гэсэн хэлэх үгтэй болох юм даа. Эрх баригчид нь үнэхээр барьцаалагдсан юм бол иргэд нь ингэж тэмцэж тэднийг чөлөөлөх боломжтой. Үүнийг тэр цагдаагийн газрын дарга нар нь мэдмээр юм. Ингэхгүй бол өнөөдөр Монгол Улсад ард түмнээ өмөөрч, монгол төгрөгөө харамлах, улс орныхоо тусгаар тогтнолд санаа зовох цөстэй удирдагч алга. Өмөөрмөөр байвч олон жил авч ирсэн хахуулийн мөнгөнд амаа үдүүлсэн эрх баригчид, бензингүй болно гэхээс цөсөө цалгитал айж, хулчганасан ард түмэн л харагдаад байх юм. Хэдэн сар явган алхчих тийм аймаар үндэстэн сөнөхөөр юм гэж үү. Бүх хэрэглээгээрээ гадаадаас хамааралтай, ядуу даржин болохоороо ингэдэг юм болов уу. Уг нь 1990 оноос өмнөх шиг ядуугаас бид тэс өөр түвшинд очиж,хөрөнгөжиж баяжин эр зориг орвол орохоор болсон баймаар юм. Барьцаанд орсон эрх баригчдын ааш аяг, аймхай ноомой ард түмний аясаар бол бидний тусгаар тогтнол мөн хэврэгхэн ээ. Бид дайн хийж байгаа Оросын удирдагчдын эсрэг байгаа болохоос Оросын ард түмний эсрэг байгаа биш. Оросын ард түмэн дайн дажин, үхэл хагацал үзэж ядарч байна. Бас Украины ард түмэн ч бүүр зовж байгаа. Тиймээс иргэд нь дайны эсрэг тэмцэж, энх тайвны төлөө дуу хоолойгоо өргөж байх хэрэгтэй байна. Дайтаж зовж байгаа ард түмнүүдэд нэг улс ч өөрсдийх нь төлөө байх нь ямар их урам зориг өгөх вэ. Бас ингэж тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх нь эрх баригчдаа барьцаанаас чөлөөлөхөд их чухал нөлөөтөй. Эрх баригчид ч эх орныхоо төлөө энэ хэдэн монголчуудынхаа төлөө гэсэн цохилох зүрхтэй байхыг уриалж байна. Бид л эрх барихгүй юм бол энэ улс байсан байгаагүй ялгаагүй гэсэн шиг ийм үлбэгэр дорой байхаа боль,та нарт намын эрх ашиг гэхээсээ илүүтэй Монгол Улсын эрх ашиг гэж хамгийн чухал юм байгаа. Түүнийг мартаж болохгүй. Тэмцэж чаддаггүй ард түмэн мөхдөг жамтай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Он гарснаас хойш 1.3 мянган өрхөд ипотекийн зээл олгожээ || DNN.mn

Ипотекийн зээлийн санхүүжилт хэвийн олгогдож байгааг Монголбанкнаас мэдээллээ.

Тодруулбал, 2022 он гарснаас энэ сарын 25-ны өдрийн байдлаар төв банк болон арилжааны банкны эх үүсвэрээр 106.4 тэрбум төгрөгийг ипотекийн санхүүжилтэд олгожээ. Энэ нь нийт 1.3 мянган өрхөд олгосон зээлийн санхүүжилтийн хэмжээ юм байна.

Цар тахлын тухай хуулийг он дуустал сунгасан. Үүнтэй холбоотойгоор ипотекийн зээлийн төлөлтийг мөн хойшлуулсан юм. Гэхдээ дөрөвдүгээр сарын 15-наас хойш зээл авах иргэдэд энэ нь хамаарахгүйг Монголбанкнаас мэдээлсэн билээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Путин колоничлолоо сэргээх үү || DNN.mn

Хотын дарга асан Э.Бат-Үүл хорих 409 дүгээр ангиас энэхүү нийтлэлийг өнгөрсөн гуравдугаар сарын 7-нд бичиж шуудангаар илгээсэн ч замдаа саатаж, үүнээс болж түүний хэвлэн нийтлэх эрхийг хаасан билээ. Харин уг нийтлэл өнгөрсөн баасан гаригт ар гэрийнхэнд нь шуудангаар иржээ. Тус нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.


Путин Украин руу түрэмгийллээ. Энэ бол өөрийнх нь болон Орос улсын хувьд асар эрсдэлтэй алхам болсон.

Украиныг ялдаг юм аа олон улсын эсэргүүцэл, тэмцэл, хориг, дарамт сэлтээс болоод Путины авторитари дэглэм унах, улмаар Орос орон задрах аюултай. Ийм аюул байж болохыг Оросын болон барууны олон шинжээчид, улс төрийн хүрээнийхэн сануулж байсан. Путин ч тэр бүгдийг сонсож, өөрийнхөөрөө тунгаан бодсон байж таараа. Гэхдээ л Украин руу дайрлаа. Түүний энэ “тэнэглэл”-ийн цаад шалтгааныг генерал Ивашов “…Оросын өнөөгийн төр, засаг авлигад бүрэн автсан системийн хямралаас улсаа гаргаж чадахгүйгээс иргэдийн бослого дэгдэж, үр дүнд нь улсын удирдлага солигдоно гэдгийг маш сайн мэдэж байгаа. Иймээс тэдэнд хулгайлсан хөрөнгөө хамгаалж, иргэдийнхээ эрх ашгийн эсрэг төр засгийг түр ч гэсэн оршин байлгахын тулд цаг хожиж дайн хийхээс өөр аргагүй болсон байна” хэмээн маш тодорхой хэлжээ.

Үнэхээр, Навальнын харуулсан олон контентууд, тэр дотроо “Путины харш” нэртэй баримтат сурвалжилга Оросын ард түмэнд Путин тэргүүтэй олигархуудын шившигт байдлыг илчилсэн. Навальныг шоронд хийхийг эсэргүүцсэн олон арван мянган Оросын залуучууд “Путин вор (хулгайч)” хэмээн цуурайтуулан гудамжинд гарч жагссан билээ. Эл хэрэг явдлаас хойш Путины нэр хүнд огцом унасаар, өнөөдөр бүр шалдаа буусан. Түүний нэр хүнд дээр тогтож байсан авторитари дэглэм сүйрэх нь цаг хугацааны л асуудал болсон юм. Гэхдээ, генерал Ивашовын хэлсэнчлэн, Путин өөрийн дэглэмээ “…түр ч гэсэн оршин байлгахын тулд…” Украин руу дайрсан гэж би хувьдаа бодохгүй байна. Путины хувьд Украин ч гол зорилго биш. Тэр, энэ дайныг ашиглан, төрийн “далд ухамсарт” байдаг дарангуйлах араншинг сэргээж ажилд оруулах гэж байна.

Үүнийг ажиллуулснаар, нэгэнт явуургүй болсон авторитаризмаас тоталитаризм руу шилжиж, бүр ч хатуу дарангуйлал дор Орос орныг оруулан захирах гэж байна. Путин болон түүний засаглалыг шүүмжилсэн хүнийг 15 жилээр шоронд хорих хуулийг Думээр хэлэлцэж байна шүү дээ. Дайныг ашиглан хатуу чанга дарангуйлал тогтоох нь Хойд Солонгосын удирдагч, өвөө, хүү, ач Кимүүдийн туршлага бөлгөө. Тоталитари хэлбэрийн дарангуйллууд дотроос хамгийн төгс хэлбэр нь социализм юм. Социализмаас илүү гарах дарангуйллын тогтолцоо өнөө хэр нь олдоогүй байна. Тийм ч учраас, Сталин, Мао, Тито, Хо Ши Мин зэрэг дарангуйлагчид шүтээн Марксынхаа онолоос тас зөрөн, хоцрогдсон хөдөө аж ахуйн оронд социализм байгуулах нэрээр тоталитари дэглэм тогтоосон юм. Яахаараа, социализм нь фашизм, нацизм зэрэг ураг төрөл нэгтэй дарангуйллын бусад хэлбэрүүдээсээ амь бөхтэй байдаг бэ?

Фашизм, нацизм нь явцууд үндсэрхэг үзэл дээр түшиглэдэг. Иймээсээ болоод бусад үндэстэн улсуудын дургүйцэл, эсэргүүцэлтэй тулан, гучаад жил оршин тогтноод устсан. Харин социализм нь пролетарийн диктатур хэмээх хүчирхийллийн төрөөр нийгмийг бяцалж, амиа л бодох “атом” болж жижгэрсэн хувь хүнийг дарангуйлагчийн “саварт” тушаадаг Матриц юм. Энэ Матриц нь нийгмийн гишүүдийг чинээлэг, ядуу гэж ялгахгүй тэгшитгэх, пролетарийн барьцах улс төр бүхий шашинлаг үзэл санаан дээр суурилдаг учраас маш амь бөхтэй. Социализм нь хөдөө аж ахуйн орон Орос, Монгол хоёрт 70 гаруй жил тогтносон. Хойд Солонгост гурван үеийн Кимийг дамжин одоо болтол байсаар. Ийм амь бөхтэй тоталитари дэглэмийг Муссолини, Гитлер хоёр мөрөөдөөд бараагүй юм.

Социалист Матриц ямар хүчтэй, үр дүнтэйгээр иргэнийхээ оюун ухааныг эзэмдэн дарангуйлдаг тогтолцоо болохыг миний үеийнхэн биеэрээ үзсэн. Эдийн засаг нь дампуурсан тулдаа бидний үеийхэн эрх чөлөөгөө олж авсан. Матрицаасаа чөлөөлөгдөн, барууны чөлөөт нийгмийн бодит байдлыг олж хараад соёлын цочролд бид орцгоож билээ. Путин бас социалист матрицын хүчийг биеэр үзсэн, түүний төлөө хүчин зүтгэж асан тагнуулч.

Тийм болохоор мань эр өөрийн дарангуйллыг илүү найдвартай, хүчирхэг болгохын тулд Орос орондоо социализмыг сэргээхээр шийдэв бололтой. Тэгж чадвал үхэн үхтлээ санаа зоволтгүй амьдарна, Сталин шиг. Путины энэ дотор санаа Оросын Коммунист Намыг уруу татан, Украины түрэмгийллийн хамтрагчаа болгосон байдлаас харагдаж байна. Одоо Путин, Оросын Коммунист Нам хоёрт буцах зам үгүй.

Социалист Матрицыг сэргээх Путины ажил “ногоон гэрэл”-ээр явахгүй нь ойлгомжтой. Дотооддоо маш их эсэргүүцэлтэй тулгарана, Кадыров Чечений халифатаа де юре тусгаарлах магадлалтай, Казахстан тэргүүтэй станы орнууд “зугтаж” Туркийг бараадана гэх мэт хүндрэлүүд гарч таарна. Энэ олон цохилтуудыг Путин давж, цаана нь гарах хэрэгтэй. Сталин давсан юм. Путин магадгүй!

Путины хувьд Монгол Улс маш чухал ач холбогдолтой. 80 орчим сая толгой малтай, өргөн уудам нутагтай манай улс, хоригт орсон Оросын хүнсний арвин нөөц болно. Бас, алсдаа Хятадтай сөргөлдөх тул энэ улсын араас шаасан өргөн төмөр замтай Монголын цэрэг стратегийн байршил тун чухал. Тэгэхээр мань эр, Монголд социализмыг сэргээхийг хүснэ. Путинчүүдийн Монгол дахь “үл үзэгдэх” гарууд хэдийнэ идэвхтэй ажиллаад эхэлсэн. Одоо бүр эрээ цээрээгээ алдан ил гарч тэмцэлд зах зухаасаа оролцож буй нь Украины дайны эхний өдрүүдэд харагдлаа. Украиныг дэмжсэн манай залуусын тэмцэл, иргэдийн зүгээс явуулж буй акцуудыг дайсагнан дайрч байна. Үүнийг нь цагдаагийн удирдлага өөгшүүлэх маягтай. Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз тэргүүтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөвхөн Оросын талын мэдээ, мэдээллээр монголчуудын тархийг угаах гэж оролдож байна. Уг нь манай улс гадны “үл үзэгдэх” гаруудад дээрэлхүүлээд байхааргүй Ардчилсан улс. Харамсалтай нь Оросын төрийн эрчүүдээс хэзээний “чацга алдатлаа айдаг” МАН-ын байж байгаа царай нь энэ. Ингээд бодоход Путин Монголд социализмыг сэргээчих хүч нөлөө ихтэй юм шиг!

Харин, одоогийн монголчууд Путины социализмыг хүлээж авах нь маш эргэлзээтэй. Монголд социализмд талтай хүмүүс цөөнгүй хэдий ч яг цагаа тулахад Оросын колоничлолд эргэж орохыг хүсэхгүй. Орос Монголыг социалист орон болгох замаар колоничилж байсныг өдгөө манайхан бүгд мэднэ. Бас л яггүй дотуур тамиртай улс шүү! Магадгүй, хүргэнээ хятадаар ярьсных нь төлөө алдаг хийтэй, Хятадын эсрэг үзэлт удирдагчтай үндсэрхэг хөдөлгөөнүүдийг санхүүжүүлэн турхирах, өөрийн “үл үзэгдэх гар”-уудаа ил цагаан суртлын давшилтад оруулах, эрх баригч МАН-ыг айлгах, эдийн засгийн хавчлага явуулах зэргээр Путин жижиг буурай Монголыг дийлж социализмаа тулгана гэсэн тооцоотой байх вий. Хоосонгүй тооцоо авч, Монголыг Орос дахин колоничлохыг Хятад зүгээр хараад суухгүй.

Монгол дахь Хятадын эсрэг үзэлт элдэв хөдөлгөөнүүдийн цаана Оросын эрчүүд бий хэмээн урд хөрш харддаг. Санхүүжүүлдэг байж болзошгүй гэсэн цуу манайхан дунд ч элбэг. Ямар ч атугай, Путин, Монголд социализмыг сэргээхээр явуулга хийвэл, дахин Монголыг Оросын колони улсаа болгох зорилготой халхавч ажиллагаа мөнийг Хятад андахгүй мэднэ. Ардчиллын үед л Монгол, Хятадын харилцаа сайн хөршийн хэмжээнд хүрсэн юм. Тийм болохоор Хятад улс, алдсдаа Хойд Солонгос шиг хатуу тоталитари дэглэмтэй болох аварга том Матриц ар нуруу руу “Монгол” гэсэн чинжаал тулгасан байхыг огт тэвчихгүй. Орост маш чанга хориг тавина. Тэгвэл Путины социализм байгуулж, эрх мэдлээ хадгалах төлөвлөгөө нь нурах нь тодорхой!

Жич: Путин, тавдугаар сарын 9-нд Орос оронд социализмаа сэргээх бодлогоо зарлах болов уу!

2022.03.07

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Жилийн 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, татвараа төлсөн ААН-д 90 хувийг буцаан олгоно || DNN.mn

ААНОАТ-ын тухай хуулийн дагуу 2021 оны аж ахуйн нэгжийн буцаан олголт болох 41.7 тэрбум төгрөгийг өгч эхэлжээ. Үүнд:

  • З00 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой татвараа төлсөн 2,555 татвар төлөгч 90%-ийн буцаан олголт авах эрх үүсэж 36.9 тэрбум төгрөг
  • Алслагдсан бүсэд байрлах 57 татвар төлөгч байрлалаас хамаарч 50% болон 90%-ийн буцаан олголт авахаар тайлан нь баталгаажиж 0.5 тэрбум төгрөг
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ажил олгогчийн хөнгөлөлтөд 7 татвар төлөгч хамрагдаж 21.9 сая төгрөг
  • Газар тариалан эрхлэгчийн хөнгөлөлтөд 2 татвар төлөгч хамрагдаж 63 сая төгрөгийг буцаан авахаар болсон байна.

Харин 178 татвар төлөгчид илүү төлсөн татвар болох 1.4 тэрбум төгрөгийн буцаан олголтыг татвар төлөгчийн дансанд шилжүүлэх болохыг Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.

зураг

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Одонтуяа: Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх хууль бол товчхондоо тэтгэвэрт гараад ядуурлын түвшинд шилждэг байдлыг засах зорилготой || DNN.mn

УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.


-Хаврын чуулган эхэллээ. Энэ чуулганы онцлог болон чуулганаар хэлэлцэх чухал ямар хуулийн төслүүд байна гэж харж байна вэ?

-Цар тахал намжиж байгаа үед эдийн засгийн өсөлтийг дэмжих, хилийн гацааг арилган аж ахуй эрхлэгч, иргэдийн амьжиргааг дэмжих шуурхай, зөв бодлого хэрэгжүүлэх цаг иржээ. Гадаад нөхцөл байдал ээдрээтэй, цэргийн мөргөлдөөнөөс шалтгаалаад урьдчилж таамаглахааргүй эрсдэлүүд үүслээ. Ийм нөхцөлд чуулганаар хэлэлцэх онцлох хуулиуд бол Ашигт малтмалын тухай, Газрын багц хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай зэрэг юм.

Намрын чуулганаар дэмжигдсэн Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх, Нийгмийн даатгалын тухай хуулийн өөрчлөлтүүд бас хүлээгдэж байна. Ач холбогдлоор нь эрэмбэлээд, нухацтай хэлэлцэх байх аа.

Үүнээс гадна Төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль, Концессын хуулийг бүрэн шинэчилж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах нөхцөлийг улам өргөтгөх, Төр бизнес эрхлэх бус зөвхөн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэх, ямар төслүүдийг ийм гэрээнд оролцуулах зэрэгт том өөрчлөлтүүд оруулахаар зэхэж байна. Төслийн хувилбарыг Сангийн яам гарган хэлэлцүүлэх шатанд яваа.

Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хууль нь инфляцитай уялдуулан тэтгэврийг нэмэгдүүлж байх болон бусад хуультай зөрчилдөж байгаа заалтуудыг арилгахад чиглэж байна. Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх хууль батлагдсаныг та бүхэн мэднэ. Гэхдээ тэр бол нэг удаа ашиглагдах хууль тул эдийн засгийн нөхцөл байдал, амьжиргааны түвшнээс шалтгаалан автоматаар өөрчлөгдөж нэмэгддэг механизмтай болох нь оновчтой. Товчхондоо тэтгэвэрт гараад ядуурлын түвшинд шилждэг байдлыг засах зорилготой хууль юм.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тухай хуулийн төслийг гар дээрээ аваагүй байна. Зарчмын хувьд эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах, аль болох хувийн хэвшилд даатгах ёстой. Жил бүр нэмэгдэж буй төрийн гэсэн нэртэй аж ахуйн янз бүрийн хэлбэрүүд нөгөө талдаа хувийн хэвшлээ шахаж байдаг. Гэтэл төр татвар төлөгч, ажил олгогч билүү, Төр улам данхайх хэнд ашигтай бэ? Төрийн өмчит компаниудыг олон нийтийн оролцоотой болгох, алдагдалтай аж ахуйг хувьчлах, шаардлагагүй үйлчилгээнээс татгалзах гээд олон хэлбэрээр үүнийг засч сайжруулж болно.

-Хэт чихэрлэг ундаанд онцгой албан татвар ногдуулах тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүдийн хамт та өргөн барьсан. Энэхүү хуулийг өргөн барих өнөөгийн хэрэгцээ шаардлагын талаар ярихгүй юу?

-ДЭМБ-аас халдварт бус өвчинтэй тэмцэх нэг чухал чиглэл нь Хэт чихэрлэг ундаанд татвар ногдуулах явдал гэж зөвлөсөн. Ингэснээр таргалалт, илүүдэл жин, чихрийн шижин, шүдний өвчлөл болоод бусад дагалдах өвчнөөс урьдчилан сэргийлэх явцад эрс ахиц гарна. НЭМХ, АУШУИС-ийн 2017 онд хийсэн судалгаагаар бага насны хүүхдийн дундах таргалалт долоо дахин, насанд хүрэгчдийн таргалалт 60-аас дээш хувьтай, хүүхдийн шүдний өвчлөл өндөр хувьтай зэрэг сэтгэл эмзэглүүлсэн тоонууд гарсан. Хэт чихэрлэг ундаанд татвар ногдуулснаар чихрийн агууламж багатай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгднэ. Жишээ нь цэвэр ус, сүү тараг, чихэр багатай ундаа. Хууль хэрэгжих хугацааг 2024 оноос гэж тавьсан.Энэ хооронд үйлдвэрлэгчид, импортлогчид ундааны орц дахь чихрийн агуулгыг бууруулах, жор технологидоо өөрчлөлт оруулах боломжтой. Чихэрлэг ундаа 100 мл-т 5 гр-аас доош чихэр агуулж байвал ямар нэг татвар төлөхгүй. Эцэг эхчүүд, сургуулийн багш нарын нийтлэг санаа зовдог энэ асуудал олон жил яригдсан ч зар сурталчилгаа төдийхнөөс хэтрээгүй байсныг хуулийн механизмаар бодит үр дүнд хүргэхээр шийдээд санаачилсан.

-Ам.долларын үнэ гурван мянгад хүрчихлээ. Бензиний үнэ ч тэнгэрт хадлаа. Эдгээрт хэн хариуцлага хүлээх вэ, ямар зохицуулалт хэрэгтэй гэж та харж байна?

-Долларын нөөц хэвийн хэмжээнд байж төгрөгийн ханш ч тогтвортой байсаар ирсэн. Гэтэл экспортын гарцууд хумигдсанаас шалтгаалаад доллар олж ирдэг нүүрс, төмрийн хүдэр болон бусад ашигт малтмалын экспорт гацсан, эрс багассан. Доллар олохгүй байхад импортын худалдан авалт нэмэгдсэн нь ханшид шууд нөлөөлсөн. Украин дахь цэргийн мөргөлдөөнөөс хамаарч зах зээл дээр нефтийн үнэ 2013 оны түвшинд хүрч өссөн. Орлогын хомсдол, нийлүүлтийн бэрхшээл гээд гадаад үнийн дарамтыг дотооддоо удирдах чадвар,

боломж байхгүй, зохицуулах чадваргүйгээс үнийн өсөлтийг шууд хэрэглэгч рүү шилжүүлж, би үхэхээр чи үх гээд орхиж байгаа л дүр зураг харагдаж байна. Монголбанк, Сангийн яам ийм нөхцөлд ажиллах аргаа олохгүй, зориглохгүй л байна гэсэн үг. Шаардлагатай нөхцөлд зохицуулалт хийх арга механизм Засгийн газарт л бий.

-Хөгжлийн банкинд үүссэн асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Зорилго нь зөв ч хэрэгжүүлэлт нь дампуурсан тохиолдол. Улстөрчдийн томилгоо, улс төрийн шийдвэр, намчирхсан зээл олголтын үр дүн. МАН, АН гэлтгүй хатуу хариуцлага тооцох ёстой. Гэхдээ тоо баримтыг нь харахаар Н.Мөнхбатын үед буюу Ардчилсан нам засаглаж байх цагт л Хөгжлийн банк ашигтай ажиллаж, оны шилдэг татвар төлөгч болж байсан байх юм. Улс орны хөгжлийн бодлогод туссан нэн шаардлагатай том төслүүдийг санхүүжүүлж тэр хэрээр эдийн засагт нөлөө үзүүлэх зорилготой банк. Харамсалтай нь улстөрчдийн балгаар дампуурах дээрээ тулжээ. Өр зээл, хүү алдангийг бүрэн төлүүлж дараагийн төслүүдийг санхүүжүүлэх хэрэгтэй. Зүгээр орхиж хэрхэвч болохгүй.

-Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдаж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Сонгуулийн холимог тогтолцоотой болох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх зэрэг нь амьдралаас урган гарсан, цаг үеийн шаардлага тул дэмжиж байгаа. Улс төрийн намын тухай, сонгуулийн тогтолцооны тухай заалтуудыг хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчлөхөөс аргагүй. Олон улсын парламентын овор хэмжээг тогтоодог ерөнхий томьёоны дагуу бол манайх шиг тооны сонгогчидтой парламент 134 гишүүнтэй байхаар юм билээ. Заавал тэр тоонд хүргэх албагүй. Гэхдээ хэт бага оврын парламент байх нь нөлөөлөлд автах эрсдэлтэй, хараат бус ажиллаж чадахгүй байгаа зэргээ бодвол 100 орчим гишүүнтэй болгохоос аргагүй. Орчин үед улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь зайлшгүй шаардлага болсон. Зарим улсад эмэгтэйчүүд сонгуульд өрсөлдөх боломжийг илүү нээж өгөх, санхүүжилтэд дэмжлэг үзүүлэх практик ч бий. Мөн улс төрийн амьдралд идэвхтэй оролцох эмэгтэйчүүдийг сургах хөгжүүлэх, бодлогоор бэлтгэх хэрэгцээ ч бий.

-УИХ дахь АН-ын өнөөгийн бүлэг сөрөг хүчний үүргээ сул гүйцэтгэж байна гэх шүүмжлэл нийгэмд байна. Та үүнд юу хэлэх бол..?

-Бүлэг шүүмжлэх, ажил хэрэгч зөвлөмж өгөх ажлаа гүйцэтгэсээр байгаа. Нам хуваагдмал, дотроо зөрчилтэй байгаа нь хүндрэл учруулж байна. Шинээр сонгогдсон, дахин сонгогдсон гишүүд байгаа ч эрх зүйн орчныг боловсронгуй болгох аливаа хэрэгцээ шаардлагыг олж харж, хууль санаачлах, шинэчлэх ажлуудаа тасралтгүй хийж байна. Гэхдээ хэт олонхтой үед сөрөг хүчний дуу хоолой төдийлөн сайн сонсогдохгүй байх, сонсохгүй байхаас эхлэн олон хүндрэлүүд гардаг. Мэдээж ард түмний төлөөлөл болохын хувьд цөөн гэхгүй улс орны эрх ашгийг тэргүүнд тавьж ажиллаж байна.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Цагаагчин могой өдөр || DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 29, Ангараг гариг. Билгийн тооллын 27, чөдөр одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 6:37цагт мандан, 19:17 цагт жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.