Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлтэй ярилцлаа.
-Та Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоод гурван жил өнгөрчээ. Тус холбоо өдгөө хэрхэн ажиллаж байна вэ?
-2021 онд Монголын эмэгтэйчүүдийн холбоо нийт 22 удаагийн сургалт, лекцийг цахимаар хийсэн байна. Жил бүр МЭХ нэг сэдвийг барьж авч ажилласаар ирсэн. 2019 онд “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” буюу бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийн асуудлыг хөндсөн. 2020 онд архины эсрэг “Архитай биш, тархитай тэмцье”, 2021 онд “Хаалга” буюу хаалганы цаана үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийллийг хөндөж энэ нь гэмт хэрэг гэдгийг олон нийтэд ойлгуулах зорилготой байсан. Гэр бүлийн хүчирхийллийн цаана хэн нэгний амь нас, аюулгүй байдал яригдаж байдаг. Энэ хүрээнд МЭХ-ноос гэр бүлийн тухай хууль батлуулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль болон Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналуудыг гаргаад Хууль зүйн яамтай хэд хэдэн уулзалт зохион байгуулаад явж байна.
-Хуульд ямар ямар өөрчлөлт оруулахаар санал хүргүүлсэн бэ?
-Бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдийн тоо сүүлийн гурван жилд гурав дахин өссөн харамсалтай тоо баримт байна. Энэ бүгдээс харахад бид хүчирхийлэлтэй ялын бодлогоор тэмцэж чадахгүй нь ээ. Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөнө гэдэг бол насан туршийн бие мах бод, сэтгэл санааны хохирол амсдаг. Түүнчлэн эдийн засгийн хохирол ч амсдаг. Бага насны хүүхэд өөрийгөө өмгөөлөх чадвар байдаггүй. Тэр утгаараа гэр бүлийн хүн нь тухайн хүүхдийг шүүх дээр өмгөөлдөг, түүний өмнөөс шийдвэр гаргаж оролцдог. Гэтэл хамгийн харамсалтай нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн цаана ихэнх тохиолдолд буюу 85 хувь нь гэр бүлийн гишүүд нь байдаг. Хамгийн аюулгүй амьдрах учиртай гэр орон хамгийн эрсдэлтэй орчин болж хувираад байна. Хүүхэд, эмэгтэйчүүдийг гудманд барьж авч зодож хүчирхийлэхээс илүү гэр орны хүрээнд энэ асуудал өрнөөд байна шүү дээ. 2020 онд гэхэд 330 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэх тоо байна. Энэ зөвхөн шүүх дээр ирсэн тоо. Огт ирээгүй, нуун дарагдаж байгаа олон тохиолдол бий. Яагаад гэвэл ихэнх нь гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг хэрэг учир нуун дарагдуулж өнгөрөөх нь элбэг байна. Хүүхэд хаана, хэнд гомдол гаргахаа мэддэггүй. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд насан туршийн хохирогч, насан туршийн даван туулагч байдаг. 0-13 насны хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон бол гэмт хэргийг үйлдсэн этгээд өнөөгийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар 1220 жилийн ял авдаг санкцтай.
Гэтэл 20 жилийн ял авсан түүх байдаггүй. Ихэвчлэн ялын доод, бага хэмжээгээр ял авсан байдаг. Үүнийг дэлгэрүүлээд харах юм бол хохирогч хүүхдийг төлөөлж байгаа хүн нь гэр бүлийнх нь насанд хүрсэн этгээд, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь мөн л гэр бүлийнх нь насанд хүрсэн этгээд байдаг. Үндсэндээ нэг гэр бүлийн хоёр хүн нэг нь хохирогч, нөгөөх нь яллагдагч болж ирж байгаа юм. Энэхүү тохиолдолд энэ төрлийн гэмт хэрэг ял завших магадлал маш өндөр. Тийм учраас ялын доод хэмжээг дээшлүүлэх саналыг хүргүүлсэн. Түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн хүүхдүүдэд сэтгэл санааны нөхөн төлбөр олгодог байя гэж байгаа юм. 0-13 нас, 14-18 нас хоёр ангиллаар ялын санкц нь өөр өөр байдаг. Тиймээс 0-18 нас хүртэлх хүүхдийг хүчирхийлсэн бол нэг ялын санкцаар шийтгэдэг байх саналыг мөн хүргүүлсэн. Түүнчлэн ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой заалтыг хасчихсан. Энэ заалтыг буцааж оруулъя гэж байгаа юм.
-Цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн гэх тоон мэдээлэл бас л эмзэг сэдэв болоод авлаа…
-Цар тахлын улмаас гэр бүлийн хүчирхийлэл 19 хувиар өссөн гэх тоо гарсан. Монголын эмэгтэйчүүдийн холбоо таслан сэргийлдэг биш, урьдчилан сэргийлдэг улс болгох зорилготой. Бид мянга мянган хамгаалах байр, шорон бариад хүчирхийлэлтэй тэмцэж чадахгүй. Харин маш сайн хүн хүмүүжүүлж, хайр түгээж, урьдчилан сэргийлж, соён гэгээрүүлж байж тэмцэнэ. Социализмын үед улсын төсвийн 30 хувийг соён гэгээрүүлэх ажилд зарцуулдаг байсан юм билээ. Нэг жагсаал хийгээд, хэд хэдэн акц хийгээд хүчирхийлэлтэй тэмцэхгүй ээ. Компаничилсан бодит ажил хэрэг болгож удаан хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай. Монголын эмэгтэйчүүдийн холбоог нийгэмд төрийн байгууллага мэтээр үздэг. Төрийн өмнө үүрэг хүлээсэн субьект гэж ойлгодог хандлагууд ажиглагддаг. Монголын эмэгтэйчүүдийн холбоо бол Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 27 мянган ТББ-ын л нэг нь. Тэр утгаараа бидний хуулиар хүлээсэн үүрэг юу билээ. Хуулийн хүрээнд зохион байгуулж хийх ажил маань юу билээ. Энэ хүрээндээ л үйл ажиллагаагаа явуулдаг. Шүгэлээ үлээж байна. Төр засаг руу саналуудаа хүргүүлж байна. Эргээд нийгэмдээ соён гэгээрлийн ажлуудаа хийж байна. Мөн салбаруудаараа дамжуулан иргэд олон нийт рүү чиглэсэн сургалт, лекц зохион байгуулахаас гадна төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
-Төрийн соёрхолт С.Удвалын амьдралаас сэдэвлэсэн “Улаан цэцэг” киног Монголын эмэгтэйчүүдийн холбоо санаачилж, дэлгэцнээ гарахад бэлэн болжээ. Яагаад С.Удвал гуайн амьдрал намтраар кино хийх болов?
-Анх Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдчихоод энэ байгууллагынхаа түүхийг судалж үзээд их сүрдсэн л дээ. Яг үнэндээ социализмын үед Монголын эмэгтэйчүүдийн холбоо яамны дайтай бүтэц байсан юм билээ. МЭХ XX зууны төр, нийгмийн зүтгэлтэн, Төрийн соёрхолт зохиолч С.Удвалын амьдралаас сэдэвлэсэн “Улаан цэцэг” кино төсөл бичиж, Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжилт авч, хандив босгож киногоо хийж бүтээсэн. Кино маань энэ сарын 7-нд нээлтээ хийх гэж байна. Түүнчлэн эмэгтэйчүүдтэй холбоотой түүх маш бага бичигдэж үлдсэн байдаг. Шийдвэр гаргах түвшинд ажилладаг эмэгтэйчүүдийн цаана ямар жаргал, зовлон байдаг, тэд юу золиосолж нийгмийн төлөө зүтгэдэг гэдгийг энэ киногоор олон нийтэд хүргэхийг хичээсэн. Эмэгтэй хүн шийдвэр гаргах түвшинд дээд албан тушаал хашаад явахад ямар асуудал тохиолддог, ямар дарамт шахалт ирдэг, ямар жаргал зовлог байдаг зэргийг харуулахыг зорилоо. Энэ киноноос олсон орлогоо бид нийгмийн сайн сайхны төлөө зорилтот төсөл рүү зарцуулахаар төлөвлөж байна.
-Өөр ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна?
-2022 онд “Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт”-ийг дэмжиж ажиллахаар төлөвлөсөн. МЭХ-ноос “Хавдаргүй монгол эмэгтэй” төсөл эхлүүлж байгаа юм. Төслийн хүрээнд Mobile clinic буюу “Явуулын эмнэлэг”-ийг бид ажиллуулахаар төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан энэ сарын 9-нд хандивын хүлээн авалт зохион байгуулна. Энэхүү төсөлд алслагдсан аймаг сумд буюу хөдөө орон нутагт амьдарч буй эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, хотын захын дүүрэгт амьдарч буй эмэгтэйчүүдэд “Явуулын эмнэлэг” очиж үйлчлэх юм. Уг үйлчилгээгээр умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, хөхний хавдрын эрт илрүүлэг оношилгоог хийхээс гадна эрүүл мэндийн боловсрол олгох, ажлын байрны сургалт явуулах зэрэг хөтөлбөрүүдтэй.
-Эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн асуудалд Монголын эмэгтэйчүүдийн холбоо дуугарахгүй байна гэдэг. Учир нь МЭХ-ны ерөнхийлөгч нь эрх барьж байгаа намын гишүүн учраас дуугарахгүй байна гэх шүүмжлэл байх юм…
-Монголын эмэгтэйчүүдийн холбооны найман ерөнхийлөгч нь УИХ-д нэр дэвшиж байсан. Үүний долоо нь УИХ-д сонгогдон ажиллаж байсан. Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэдэг байгууллагын стратегийн нэг гол зорилго нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд ажиллах, эмэгтэйчүүдийг дэмжих байдаг. Тэр утгаараа Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийг сонгуульд нэр дэвших эрхийг нь энэ холбоо өөрөө дэмждэг байгууллага. Би МАН-ын гишүүн байлаа гээд Монголын эмэгтэйчүүдийн холбоо улс төрийн ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Үүнийг би маш хариуцлагатай хэлнэ. Цаашдаа ч явуулахгүй. МЭХ хүмүүнлэгийн маш олон ажил хийдэг. Бид татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаггүй. Бид төрөөс 2022 онд нэг ч төгрөг аваагүй. МЭХ-ны 21 аймгийн дарга цалингүй ажилладаг. 2021 онд Гэр бүл, хүүхэд залуучуудын газарт төсөл бичиж 20 гаруй сая төгрөгийн санхүүжилт авснаар “Бүүвэй-бүү айг” акц, хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа, жендерт суурилсан 16 хоногийн аян зэрэг үйл ажиллагааг нэгтгэж зохион байгуулж тайлангаа өгсөн. Бид байгаа нөөцдөө ажиллаж байна. Гэсэн хэдий ч байгаа нөөцдөө гэлгүй аймаг, сум бүрт олон нийтийн ажил хийгдэнэ. МЭХ өнгөрсөн жил хоёр оюутны төлбөрийг төлсөн байна. Ээжүүдэд мөн гэр авч өгсөн. Дорнод аймгийн МЭХ маань эмнэлгүүдэд аппарат авч өглөө. Сүхбаатар аймгийн холбоо маань ээжүүдэд хандив тусламж өгч байна. ОУЭЭХӨ-ийг угтан “Хаалга” төслийг үндэсний хэмжээнд зохион байгуулсан. Энэ нь хаалганы цаана үйлдэгддэг хүчирхийлэл нь гэмт хэрэг юм гэдгийг олон нийтэд ойлгуулах зорилготой. Арга хэмжээний хүрээнд “Эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа асуудлыг асууя” санал асуулгыг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 суманд явуулсан. Хөхний хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх зорилгоор “Эрүүл хөх” аянд 10 мянган охид, эмэгтэйчүүд хамрагдсан. Арга хэмжээ долоо хоног үргэлжилсэн.
-Нийгмийн сүлжээ бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Өнөөдөр бид нийгмийн сүлжээнд хэр ёс суртахуунтай байгаа билээ. Эмэгтэйчүүдийг үсний ширхэгнээс нь хөлний ул хүртэл нь өөлж муулж байна. Бүр үр хүүхэд, үнэт зүйл рүү нь орж байна. Тухайн хүний цаана гэр бүл, үр хүүхэд нь бий. Тэдэнд нь яаж нөлөөлж байгааг ойлгохгүй, хүний эрх нэрийн дор бусдын эрхийг дэвсэлж байна. Өөрөө хүний эрх гэж ярьчихаад бусдын эрхийг зөрчдөг байдал бий болчихсон шүү дээ. Хүний эрх гэж үг хэлж байгаа бол бусдын эрхийг зөрчихгүй байх хэрэгтэй. Хүний эрх гэдэг бол дур зоргоороо авирлахын нэр биш. Тэр утгаараа хэн нэгний нэр төрд халдана гэдэг байж болохгүй зүйл.
-Таны хувцас хунартай холбоотой зүйл нэлээд явдаг, энэ тухай?
-Намайг гоё хүүхэн, ганган хүүхэн гээд нийгмийн сүлжээнд хэсэг бүлэг бичдэг. Нэгдүгээрт, би татвар төлөгчийн мөнгөөр хувцас авч өмсөөгүй. Өөрийнхөө хөдөлмөрлөсөн мөнгөөр хувцас авч өмсөж байна. Миний ямар хувцас өмсөх нь шүүмжлээд байгаа хэсэг нөхдөд хамаатай зүйл биш.
Миний юу ярих, юу хийх хамаатай бол сайн. Мөн намайг нийгмийн сүлжээнд зургаа их оруулдаг гэдэг. Цаашдаа ч би оруулах болно. Яагаад гэхээр нийгмийн сүлжээ гэдэг нэг талаасаа таны, миний орон зай. Нөгөө талаасаа нийгмийн орон зай. Ямар тохиолдолд өөрийн зай гэж ойлгодог вэ гэхээр би бусдын эрхэд халдаагүй тохиолдолд энэ миний орон зай гэж ойлгодог. Би хэн нэгний эрхэд халдчихвал нийгмийн орон зай болно. Намайг доромжлоход өнөөдөр би чимээгүй болоод ширээн доогуур ороод суучихаж болно. Харин маргааш таны, миний охинд яг ийм тулгалт ирнэ. Тэгэхээр бид нэг ч гэсэн хүний хандлагыг өөрчилж, бараан чулууг түлхэж өнгөрүүлээд дараагийн үеийнхээ явах замын бартааг бага ч гэсэн засч өгмөөр байна. Аливаа зүйлд таны эрхэд халдаагүй бол бусдын эрхэд битгий халдаач ээ гэж хэлмээр байдаг.