Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Д.Ганбат нэг сарын цалингаа Украин улсад хандивлана || DNN.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн асуудлаар түр хороо байгуулахаар болсон талаар Төрийн ордонд мэдээлэл хийв.

Энэ үеэр тус бүлгийн дарга Д.Ганбат Украин улсад болж буй үйл явдалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Би Украины Киев хотод таван жил суралцсан. Олон мянган монгол иргэн тэнд суралцаж байсан. Энэ утгаараа дүрвэгсдэд туслах үүднээс миний бие хүмүүнлэгийн аянд нэгдэх ёстой гэж үзэн, нэг сарын цалингаа хандивлаж байна. Мөн монголчуудаа уриалж байна” гэв.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ландсат хиймэл дагуулын мэдээг ашиглан судалгаа хийжээ || DNN.mn

Зайнаас тандан судлах технологийг улам бүр хөгжүүлж орон зай, цаг хугацааны болон спектрийн нарийвчлалыг нь сайжруулсан хиймэл дагуул сансарт 2021 оны 1 сарын байдлаар 3372 байна. Эдгээрээс MODIS, Landsat, NOAA AVHRR, Sentinel зэрэг хиймэл дагуулуудыг судлаачид өргөн ашигладаг.

Зураг 1. Сансар дах хиймэл дагуулууд


Ландсат хиймэл дагуул гэж вэ?

1972 оны 7 сард “дэлхийн нөөц технологи”гэдэг нэртэйгээр анх хөөргөсөн, хожим нь Ландсат 1 болгож өөрчилсөн бөгөөд дэлхийн хамгийн анхны ажиглалтын хиймэл дагуул юм. Зураг 2-т Ландсат хиймэл дагуулын хөөргөсөн цаг хугацааны мөчлөгийг харуулж байна.

Зураг 2. Ландсат хиймэл дагуулын түүхэн хэлхээ


Одоогийн байдлаар хамгийн сүүлд хөөргөсөн хиймэл дагуул нь Ландсат 8 юм. Энэ хиймэл дагуул нь дэлхийн тойрог замыг 98.2 градусын налуугаар эргэлдэж, 98.9 минут тутамд нэг удаа тойрдог. Өдөрт ойролцоогоор 750 сцен зураглах бөгөөд нэг цэг дээр буцан ирж дахин зураглах хугацаа нь 16 хоног. Нийт 11 сувгийг өөртөө агуулдаг. Эдгээр сувагуудыг хооронд нь хослуулснаар гол, нуур, ургамал, хөрс, ой зэрэг ялгаатай экосистемүүдийг ялган харах боломжтой.


Зураг 3. Ландсат хиймэл дагуулын сувгуудын хослол

Судалгааны дүнгээс

2017 оноос эхлэн хэрэгжиж буй “Хар Ямаат БНГ-ын биологийн олон янз байдал” төслийн хүрээнд 2020 онд Ландсат 8 хиймэл дагуулын датаг ашиглан 2014-өөс 2019 оны хоорондох газрын бүрхэвчийн өөрчлөлтийн зураглалыг хийж гүйцэтгэсэн.

Судалгааны үр дүнд: хуурай хээрийн анги нь42.8%, уулын хээр 3.84%, гол 1.1%, нуга (1.6%), тариалангийн талбай & хадлангазар 0.7%-иар багасаж, доройтсон газар 40.01%, сөөгт уулын хээр 8.34%, нуур 0.1%, элс 1.51%-иар нэмэгдсэн байна.

Зураг 4. Газрын бүрхэвчийн өөрчлөлт (A)2014 он, (Б) 2019 он


Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 225 хүн эрүүлжүүлэгджээ|| DNN.mn

Цагдаагийн байгууллага өчигдөр 1,856 гомдол, мэдээлэл хүлээн авчээ.

Үүнээс зөрчлийн 1,461, гэмт хэргийн шинжтэй 114 зөрчил бүртгэгдсэн байна.

  • Эрүүлжүүлсэн 225,
  • Хүний биед халдах 93,
  • Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих 124,
  • Хулгайлах 46,
  • Гэр бүлийн хүчирхийллийн 113,
  • Согтуугаар автомашин жолоодсон 90,
  • Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах 118,
  • Оршин суугчдын амар тайван байдал алдагдуулах 69 зөрчил тус тус илэрсэн хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Тендерийн болон гүйцэтгэлийн баталгааны хэмжээг бууруулахыг хуулийн төсөлд тусгана || DNN.mn

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргаад буй.

Уг хуулийн төсөлд:

  • Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалтад багтсан төсөл, арга хэмжээг хэлэлцээ хийж гэрээ байгуулах аргаар зохион байгуулах, энэ төсөл, арга хэмжээний санхүүжилтийн 30-аас доош хувийг төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс санхүүжүүлэх бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдөхгүй байх тухай зохицуулалтыг нэмж тусгажээ.
  • Мөн худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах, шаардлагатай мэдээллийг төрийн мэдээллийн сангуудаас авах технологийн нөхцөл бүрдсэн. Энэхүү дэвшилтэд талыг ашиглан захиалагч шийдвэр гаргаж, гэрээ байгуулах 30 хоногийн хугацааг багасгаж ажлын 15 хоногт шийдвэр гаргахаар тусгасан байна.
  • Урт хугацаанд хэрэгжих зарим төсөл, арга хэмжээний хувьд захиалагч, гүйцэтгэгчээс үл хамааран төсөвт өртөг зайлшгүй нэмэгдэх тохиолдол байдаг тул хуулиар төсөвт өртгийг шинэчлэн баталсан бол гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөх боломжийг бий болгожээ.
  • Захиалагч байнгын хэрэгцээтэй бараа, үйлчилгээний нэгж үнэ болон бусад нөхцөлийг тохиролцон гурав хүртэл жилийн хугацаагаар гэрээ байгуулах боломжтой.
  • Тендерт оролцогч иргэн, аж ахуйн нэгжид тулгарч буй санхүүгийн ачааллыг бууруулах зорилгоор тендерийн болон гүйцэтгэлийн баталгааны хувь хэмжээг бууруулна зэрэг нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ.
Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ || DNN.mn

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн Ч:48А чиглэлийг шинээр нэмлээ.

Тус чиглэл нь 2022 онд ашиглалтад орсон шинэ авто замын трассын дагуу буюу “Зүүн салаа-Шинэ зам /хойгуур/-Чингэлтэй дүүрэг-МУБИС” гэсэн чиглэлээр иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм.

Иргэд, олон нийт гуравдугаар сарын 3-ны өдрөөс нийтийн тээврийн Ч:48А чиглэлийн автобусаар үйлчлүүлж эхлээд байна.

Categories
мэдээ спорт

“Бээжин-2022” өвлийн паралимпnийн наадамд манай улсын цаначид энэ сарын 7-нд уралдана || DNN.mn

“Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд Монгол Улсаас гурван тамирчин эх орноо төлөөлөн оролцох билээ.

Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээлснээр Б.Ганболд, Ц.Дашдорж нар энэ сарын 7-нд гүйлтийн цанын 20 км-ын сонгомол техникийн төрөлд уралдах бол энэ сарын 12-нд 12.5 км-ын тэших техникийн төрөлд өрсөлдөх юм байна.

Б.Ганболд, Ц.Дашдорж нар дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор өрсөлдөнө.

Харин уулын цанын төрөлд дасгалжуулагч Д.Очирсүхийн удирдлага дор Б.Цэрэнпунцаг уралдах юм.

Тэднээс Б.Ганболд “Сочи-2014”, “Пёнчан-2018” паралимпын наадамд уралдсан туршлагатай бол Ц.Дашдорж, Б.Цэрэнпунцаг нар анх удаа паралимпын цасан замд хурд сорих гэж байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Наурыз баяраар Баян-Өлгий аймагт ажиллана || DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Наурызын баяраар /2022.03.22/ Баян-Өлгий аймагт ажиллахаар төлөвлөж байгаа аж.

Ерөнхий сайд УИХ-д өргөн барьж батлуулсан “Шинэ сэргэлтийн бодлого”-оо орон нутгийн иргэдэд танилцуулах талаар “Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөний үеэр хэлсэн юм. Энэ хүрээнд тус ажлыг Баян-Өлгий аймгаас эхлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ш.Энхийн-Од “Nike hoop summit” тоглолтод Монголоос анх удаа оролцоно || DNN.mn

Аавынхаа амжилтыг үргэлжлүүлж, NBA-ийн тамирчин болохоор мэрийж яваа Ш.Энхийн-Од Америкийн оюутны спортын холбоо (NCAA)-ны дээд лигт урилгаар тоглосон Монголын анхны тамирчин болсон билээ.

“Дэйтон”-ы их сургуулийн багт тоглож буй тэрбээр “Nike” компаниас зохион байгуулдаг “Nike hoop summit” шоу тоглолтод оролцох 12 тамирчны нэгт багтжээ.

Өсвөрийн Бүх оддын тоглолт гэгддэг тус тоглолтод АНУ, Дэлхийн баг хоорондоо өрсөлдөнө. Ингэснээр Ш.Энхийн-Од дэлхийн багт өрсөлдөн, 19 настай америк шилдгүүдийн эсрэг тоглохоор болжээ. Тоглолт дөрөвдүгээр сарын 8-нд Портланд хотод болно.


“Nike hoop summit” тоглолтын дэлхийн багт өрсөлдөж байсан тоглогчдоос NBA-ийн супер од Новицкий, Йокич нарын шилдгүүд төрсөн. Энэ шоу тоглолтоос 12 жилийн хугацаанд 11 тамирчин NBA-ийн драфтын №1-ээр хэр чансаатай, нэр хүндтэй тэмцээнийх нь илрэл.

Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн албаны нохой сургагч бэлтгэх эрхтэй боллоо || DNN.mn

Гаалийн байгууллага олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн албаны нохой сургагч бэлтгэх эрхтэй боллоо.

Гаалийн ерөнхий газрын дэргэдэх “Эрэлч нохойн сургалтын төв” нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвөөс “Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээ”-г гардаж авав. Энэ төвд төгссөн мэргэжлийн эрэлч нохой сургагч нарт олон улсад хүлээн зөвшөөрөгдөх гэрчилгээг олгох юм.

Гаалийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд эрэлч нохойн сургалтын шинэ байр байгуулж байна. Шинэ төвийг өндөр ур чадвартай эрэлч нохдыг бэлтгэх хэрэгслүүдээр иж бүрэн тоноглосон бөгөөд албаны нохой сургах чиглэлээр мэргэжлийн түвшин тогтоож гэрчилгээ олгоно. Мөн үйл ажиллагаандаа албаны эрэлч нохой ашигладаг бусад төрийн байгууллагын албан хаагчдыг эрэлч нохойн хамтаар төрөлжүүлсэн сургалтад хамруулж мэргэшүүлэх аж.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 232 хүнээс халдвар илэрч, нэг хүн нас барлаа || DNN.mn


Сүүлийн хоногт улсын хэмжээнд 232 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тоо 466,385 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 137 нь орон нутагт,
  • 95 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Уг өвчний улмаас нэг иргэн нас баржээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1,935 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 496 нь хүүхэд байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 492
  • Хүндэвтэр – 1,250
  • Хүнд – 168
  • Маш хүнд – 25 хүн байна. Түүнээс гадна, гэрийн хяналтад 6,262 хүн байгаа юм.