Хэдхэн хоногийн дараа Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиох гэж байна. Энэ өдөр дэлхийд анх 1908 онд АНУ-ын Нью-Йорк хотын гудамжинд 15 мянга гаруй эмэгтэй эрхийнхээ төлөө жагссанаар эхэлсэн түүхтэй. Харин манай улс Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг 67 дах жилдээ тэмдэглэх гэж байна. Бидний хэлж заншсанаар энэ өдрийг Март-8, эмэгтэйчүүдийн баяр хэмээн нэрийддэг. Эрчүүд ээж, эхнэр, охин хүүхдээ баярлуулж бэлэг худалдан авч өгдөг.
Эмэгтэйчүүдийн баяраар хамгийн түрүүнд санаанд ордог бэлгийн сонголт бол цэцэг. Эрт дээр үеэс хүмүүс өөрийн сэтгэлээ цэцгээр дамжуулж илэрхийлсээр ирсэн байдаг. Манайд “Эмэгтэйчүүдийн баяраар” ихэвчлэн сарнай цэцэг, үнэртэй ус, гоёл чимэглэл бэлэглэх нь элбэг байна. Нийслэлд баярын уур амьсгал аль хэдийнэ эхэлжээ. Дэлгүүрүүд ч бэлтгэлээ базааж. Өнгө өнгийн шинэ цэцэгсийн баглаа төрөл төрлөөрөө өрөөстэй харагдана. Багшийн их сургуулийн ойролцоох бэлгийн дэлгүүрүүд баярт зориулсан бэлгүүдийн багцууд гаргаж байв. Элбэрэлт ээж, энхрий гэргий, хайртай охиндоо эртнээс бэлгээ бодож яваа залуучууд олон харагдана.
Дэлгүүрүүдээр нэг ширхэг сарнай 9000-10000 төгрөгөөр худалдаалагдаж байна.
“Цэцэг төв”-ийн бэлэг дурсгалын худалдааны зөвлөх “Би худалдааны зөвлөх хийгээд зургаан жил болж байна. Жил бүрийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр хүмүүс өөрсдийн сонирхлоороо бэлгээ сонгодог. Бэлдэж боосон бэлэг сонгох ч хүн байна. Бэлгээ авчирч бэлгийн боолтоор боолгуулах, бэлэг багцанд нэмж худалдаж авах зэрэг өөрсдийн хүссэнээр л авдаг. Манайх олон төрлийн бэлгийн багц гаргасан. Бэлэн боосон бэлгийн багцын үнэ 35 мянган төгрөгөөс эхэлж байна. Бэлгийн багцад хүссэн зүйлээ нэмүүлэн авах боломжтой учраас үнийн хувьд янз бүр. Ковидын жилүүдэд борлуулалт тааруу байлаа. Энэ жил хорио цээр тавигдаж буй учраас борлуулалт урьдынхаас илүү байх болов уу ч гэж бодож байна” гэв.
“Цэцэг төв”-ийн цэцгийн худалдааны зөвлөх “Цэцэгний үнэ ханш өнгөрсөн оны мөн үеэс нэмэгдсэн. Одоогоор нэг ширхэг сарнайг 9500 төгрөгөөр борлуулж байна. Үүнд бэлгийн боолт хийлгэвэл 12500, бөөний үнэ нь 10 мянган төгрөгөөр худалдаалж байгаа. Бэлэн боож бэлтгэсэн цэцгийн баглаанууд 45-155 мянган төгрөгийн хооронд байна. Тухайн үйлчлүүлэгчийн сонгосон цэцэг болон баглаагаа хэрхэн боолгохоос хамаарч үнэ янз бүр. Жил бүрийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдрөөр сарнай цэцгийн борлуулалт өндөр байдаг. Хүмүүс улаан сарнай цэцгийг ихэвчлэн ээждээ, эхнэртээ худалдаж авдаг” хэмээв.
“Flower Fairy” цэцгийн дэлгүүрийн худалдааны зөвлөх “Манай дэлгүүрт сарнай цэцэг нэг ширхэг нь 10 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Ширхэг цэцэгний үнэ ямар байгаагаас хамаарч цэцгийн баглааны үнэ өөр өөр. Мөн нэмэлтээр боолтын үнэ зэрэг тухайн цэцгийн баглаанд нэмэгддэг. Худалдан авч буй иргэдийн сонголт янз бүр байдаг ч ихэнх нь сарнай худалдан авдаг. Монголчууд ерөнхийдөө сарнай цэцгийг илүү мэддэг. Цэцгийн үнэ яагаад нэмэгдсэн бэ гэхээр агаарын тээврээр авчирч буй учраас өмнөх оны энэ үетэй харьцуулахад нэмэгдсэн. Газраар цэцэг авчрахад тээврийн зардал илүү хямд байдаг байсан” хэмээв.
Сүүлийн үед залуус хайртай бүсгүйдээ унших дуртай номыг нь цэцэгтэй бэлэглэдэг болжээ. Энэ талаар худалдан авагч Г.Батзориг “Номны үнэ янз бүр байдаг ч бусад бэлгийг бодвол үр өгөөжтэй гэж боддог. Тиймээс ном бэлэглэх дуртай” гэв.
Номын дэлгүүрүүд ч эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан номтой бэлгийн багцуудаа гаргасан байна. Бэлгийн багцын үнэ 14 мянган төгрөгөөс эхэлж байгаа бөгөөд үүн дээр өөрийн сонгосон номоо нэмж худалдан авах боломжтой гэнэ. Та ямар ном сонгохоос хамааран бэлгийн багцын үнэ өөрчлөгдөх юм. Бэлгийн багцад амтат шоколад дөрвөн ширхэг, органик гарын саван, өнгөлөг цэцэг, номын хавчуурга, мэндчилгээ, бэлгийн хайрцаг, бэлгийн боолт багтаж байна. Түүнчлэн зарим номын дэлгүүр Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан худалдаалагдаж буй бүх номыг 10-50 хувь хямдруулахын зэрэгцээ бэлгийн багцуудыг ч санал болгож байна. Эдгээр нь 10, 20, 30 мянган төгрөгийн үнэтэй гэсэн гурван төрөлтэй.
Мөн “Yalguun accessories” “Хатад” бэлгийн багцыг худалдаанд гаргажээ. Бэлгийн багцад ямар бүтээгдэхүүн орсноос хамааран 54.500 төгрөгөөс 231.500 төгрөгөөр худалдаалагдаж байна. 54.500 төгрөгийн бэлгийн багцад торгон алчуур, косметик цүнх, өврийн дэвтэр, бэлгийн хайрцаг багтаж буй бол 231.500 төгрөгийн “Гуамарал” багцад жижиг арьсан цүнх, торгон алчуур, алчуурны бөгж, бэлгийн хайрцаг зэрэг багтсан байна.
Харин амьд байгалийн нандин бэлэг гэдэг L’Occitane брэнд мөн энэхүү баярт зориулан хөнгөлөлттэй бэлгийн багцууд худалдаанд гаргажээ. Бэлгийн багц 87.500 төгрөгөөс 394 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. 87.500 төгрөгийн багцад гарын тос, уруулын бальзам, тэжээлийн тос, хатуу гар, биеийн саван орж буй бол 394 мянган төгрөгийн багцад нүүр цэвэрлэгч, лосьон, нүүрний тос, нөсөө толбо бүдгэрүүлэгч, нүүрний мист зэрэг бүтээгдэхүүнүүд оржээ. Энэ мэтээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан үйлдвэрлэл үйлчилгээний газрууд эмэгтэй хүмүүст төрөл бүрийн урамшууллыг санал болгож байна.
Ц.УЯНГА
М.МАЙНАРАН