Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна || DNN.mn

Малчид, ард иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна.

2022 оны 03 сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг болон Онон, Улз голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нийт нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 3-5 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 2-4 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0-2 хэм дулаан байна.


2022 оны 03 дугаар сарын 07-ноос 03 дугаар сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 8-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 9-нд нутгийн зарим газраар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд зүүн аймгуудын нутгаар бага зэрэг сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 109 жилийн ой тохиож байна || DNN.mn

Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 109 жилийн ой өнөөдөр тохиож байна. “Шинэ толь” хэмээх бичиг сонины анхны дугаарыг 1913 оны гуравдугаар сарын 6-нд гаргаж байсан түүхтэй.

Улмаар Монголын Сэтгүүлчдийн холбооны долдугаар Их хурлаар энэ өдрийг Монголын Үндэсний сэтгүүлзүй үүссэн өдөр болгох санал гаргаж, 2009 оноос хойш жил бүр тэмдэглэж байна. Тэртээ 109 жилийн өмнө гадаад Монголын нийслэл Хүрээнээ “Шинэ толь” хэмээх сонин бичиг гарч эхэлсэн нь тухайн үеийн соёлын том хувьсгал болж байв.

No description available.

Categories
мэдээ нийгэм

“Хөх сувд” мөсний баярт 20 мянган гаруй зочин оролцжээ || DNN.mn

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Хөх сувд” мөсний баяр энэ сарын 3, 4-нд зохион байгуулагдлаа. Энэ жилийн баярт Архангай, Төв, Сэлэнгэ, Булган, Эрдэнэт, Говьсүмбэр, Дархан, Эрдэнэт, Хэнтий зэрэг 10 гаруй аймгийн 20 мянган гаруй зочин, төлөөлөгч оролцжээ.

21 дэх жилдээ зохион байгуулагдсан тус баярын үйл ажиллагаанд 200 гаруй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж оролцсон аж. Түүнчлэн 70 орчим цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд нийт 2800 орчим автомашин цугласан тооцоо гарчээ.

Энэ жил урлаачид Хөвсгөл нуурын мөсөн дээр уул, ус, хангай дэлхийгээ хайрлахыг уриалсан мөсөн хотхон, хүүхэд багачуудын тоглох мөсөн гулгуурын талбай, зураг авахуулж, дурсгалаа мөнхлөхөд зориулсан мөсөн байгууламж зэрэг 10 төрлийн мөсөн байгууламж бүтээжээ. Тэдний дунд 12 бүтээлийн уралдаан ч зарласан байв.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Тусгай зөвшөөрлийн төлбөрөөс 2.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ || DNN.mn

Улсын нэгдсэн төсвийн орлого өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар 1.1 их наяд төгрөг болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 301.5 тэрбум буюу 42.5 хувиар өссөн үзүүлэлт. Үүнээс эрдэс баялгийн салбараас төвлөрүүлсэн орлого 304.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 147.5 тэрбум буюу 93.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэнэ.

Төсөвт төвлөрүүлсэн орлогыг салбараар нь авч үзвэл, уул уурхайн салбар нь төсөвт 299.1 тэрбум, тусгай зөвшөөрлийн төлбөрөөс 2.8 тэрбум төгрөг, бусад орлогоос мөн 2.8 тэрбум төгрөгийг тус тус бүрдүүлжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлснээр эрдэс баялгийн салбар нь нэгдсэн төсвийн орлогын 30.1 хувийг бүрдүүлж байна. Эл салбараас улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлсэн орлого 2021 оны жилийн эцсийн тайлангаас харвал 4.1 их наяд болсон нь 2020 оны мөн үетэй харьцуулахад 1.4 их наяд буюу 53.9 хувиар өссөн дүн болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Улаанбаатарт 87, орон нутагт 86 тохиолдол бүртгэгджээ || DNN.mn

Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 173 хүнээс халдвар илэрч, нэг хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлын 87 Улаанбаатарт, 86 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:

  • Хөнгөн: 369
  • Хүндэвтэр: 1087
  • Хүнд: 139
  • Нэн хүнд гэсэн оноштой 19 хүн байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргалаа || DNN.mn

БНСУ-ны Кёнсан мужийн Үлжин, Канвон мужийн Самчог орчимд ойн гал түймэр тархаж, салхи болон хуурайшилтын улмаас түймрийг унтраахад ихээхэн хүндрэлтэй байгаа талаар тус улсын Гамшигтай тэмцэх төв штабаас мэдээлж байна.

Одоогоор 13 мянган га нутаг дэвсгэр гал түймэрт өртөж, 382 обьект шатсан байна. Мөн тухайн бүс нутгаас 4303 өрхийн 7018 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.
Гал түймрийг унтраахад цагдаа, гал унтраах зэрэг байгууллагын 11,965 албан хаагч, 615 нэгж техник хэрэгсэл ажиллаж байна.
Иймд Кёнсан, Канвон мужид оршин суугаа иргэн та хуурайшилт өндөртэй цаг үед галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, анхаарал болгоомжтой байна уу гэж Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Categories
мэдээ спорт цаг-үе

“Бээжин-2022” өвлийн паралимп эхэллээ || DNN.mn

“Бээжин-2022” өвлийн паралимпийн наадам албан ёсоор эхэллээ. Гуравдугаар сарын 4-13-ны хооронд 10 өдрийн турш үргэлжлэх энэ удаагийн наадамд 49 орны 650 гаруй тамирчин спортын үндсэн зургаан төрөлд 78 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Энэ удаагийн наадамд Монгол Улсыг төлөөлөн Б.Ганболд, Ц.Дашдорж нар гүйлтийн цанын төрлөөр, Б.Цэрэнпунцаг уулын цанын төрлөөр өрсөлдөнө. Б.Цэрэнпунцагийн хувьд паралимпын наадамд уулын цанаар өрсөлдөх анхны монгол тамирчин болоод байна. Харин Б.Ганболдын хувьд гурав дахь паралимпдоо уралдах бөгөөд Монголын багийн тугчаар сонгогдсон.

Гүйлтийн цанын хоёр тамирчин гуравдугаар сарын 7-нд 20 км, гуравдугаар сарын 9-нд спринт зайд, гуравдугаар сарын 12-нд 12.5 км зайд тус тус уралдана. Харин Б.Цэрэнпунцаг гуравдугаар сарын 8-нд уулын цанын слаломын төрөлд өрсөлдөх болно.

Categories
мэдээ нийгэм

Сүсэгтэн та бүхэн Энэтхэг рүү аялж хуваргуудад буян үйлдээрэй || DNN.mn

Ковидын улмаас өмнөд Энэтхэгийн Брайвун хийд гомон дацанд суралцаж байсан 220 лам нар эх орондоо эргэж ирсэн. Эдгээр лам нараас одоо 80 лам нь санхүүгийн байдлаас шалтгаалан сургууль руугаа буцаж чадахгүй байна.

Эдгээр хуврагуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор МИАТ зүгээс Брайвун хийдийн ойролцоох Гоа хот руу 160 хүний суудалтай онгоц гарган тусгай үүргийн нислэг хийхээр болсон бөгөөд нислэгийн 80 суудал нь дүүрсэн тохиолдолд сургууль руугаа буцаж буй лам нарыг үнэгүй хүргэж өгөхөөр болж маш том хөнгөлөлт үзүүлсэн байна.

Иймд сүсэгтэн олон та бүгдийг Брайвун хийд, далайн эргийн Гоа ресортоор хийх 3 өдрийн аялалд өргөнөөр хамрагдахыг уриалж байна. Энэхүү аялалд явсан хүн бүрийн тоогоор нэг хуварга сургуульдаа буцан номын үйлээ үргэлжлүүлэх боломжтой болох юм.

No description available.

Нислэг 3-р сарын 16-ны өглөөний 07 цагт эхлэх бөгөөд 11 цаг үргэлжилж тухайн өдөртөө Гоа хотод газардана. 17-ны өглөө Брайвун хийд рүү хөдөлнө. Брайвун хийд дээр ерөөлийн хуралд сууж, эргэл мөргөл хийн, лам нараар газарчлуулан хийд оронтой танилцах боломжтой. 18-ны орой Гоа хотод буцаж ирнэ. 19-ний өдөр далайн эргээр зугаалах боломж гарах бөгөөд буцах нислэг 19-ний шөнө хөдөлж 20-нд Улаанбаатар газардана.

Аяллын зардал нийт 2150 ам.доллар бөгөөд үүнд хоёр талын нислэгийн тийз, буудал, унаа, хийд дээр байрлах үеийн хоолны зардал багтсан болно.

Хэрэв энэхүү аялалд явахыг хүсвэл 88041886 гэсэн дугаарт залган бүртгүүлэх боломжтой.

Нислэгийн хуваарь их тулгуу тавигдсан учраас аялалд явах хүмүүс 3-р сарын 9-нөөс өмнө төлбөрөө төлөн бүртгүүлэх шаардлагатай. Аяллыг зохион байгуулагчдын зүгээс явах хүмүүсийнхээ визийг нэгдсэн журмаар мэдүүлж яаралтай гаргуулж авах юм байна.

No description available.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

Яруу найрагчийн ижий || DNN.mn

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын 8-ныг угтаж яруу найрагчид ижийнхээ тухай дурссаныг уншигч танаа хүргэе.


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн. Монголын их утга зохиолын оргил, суу билэгт их найрагч маань ижийнхээ тухай олон шүлэг бичсэн. “Билүүтэй уулынхаа овоонд чулуу ганцыг нэмлүү дээ, биеэ хувааж төрүүлсэн ээжийнхээ ачийг яалаа даа” гээд эхэлнэ. “Хаврын сар гаруут ижий минь намайг хүлээнэ”, “Ижийтэйгээ байхад би баян байсан”, “Ижийтэйгээ үзсэн наадам” гээд нэрт найрагчийн хайрт ижийдээ зориулсан шүлгүүд олны сэтгэлд явдаг. Тэртээ хоёр мянга таван онд яруу найрагч сэтгүүлч Цээнзэнгийн Галбадрах Лхагвасүрэн найрагчтай ижийнх нь тухай хөөрөлдөж л байсан. Ер нь найрагчийн ижийгээ санасан дурсамж хэзээд чиг халуунаараа байх болно оо.

“…Эх бүхний цээжнээс эхэлдэг

Элбэг урсгалтай сүүн мөрөн

Ижий мөрөн

Үрээ л дагаж урссан

Үйлийн үртэй цагаан мөрөн…” миний ижий хуучнаар Түшээт хан аймаг Дайчин Бэйсийн хошуу, одоогийн Төв аймгийн Өнжүүл сумын хүн. Булгийн ухаа, Дааган дэлээр нутагтай Доной гэж хүний хамгийн том охин. 1943 онд манай эцгийг цэргээс халагдаж ирсний дараа гэрлэсэн гэдэг. Би эхээс ганцаараа хүн. Надаас өмнө хоёр охин төрөөд эндчихсэн юм билээ. Надаас хойш ч хүүхэд гараагүй. Манай нутаг усныхан мэднэ л дээ. Бавуугийн ганц хүү гээд. Ижийнхээ ажил төрөл хийгээд гялалзаж явахыг мэдээ орсон цагаасаа хойш мэдэхгүй. Ижий минь бие муутай үргэлж л хэвтэж байдаг сан. Нэг хоёр өдөр босоод л хэвтээд өгнө. 1951 онд аав намын хянан шалгах хороонд байхад ижий Идэвхтэний больниц гэдэгт хэвтэж савны хүнд хагалгаа хийлгэсэн юм. Түүнээс хойш даралт нь ихэснэ. Бие нь өвдөөд л. Миний ижий хорвоод зовох гэж ирсэн хүн шиг санагддаг. Тэгээд цэл залуу 44 насандаа өөд болсон доо.

“…Өвчтэй ижийнхээ цонхигор дэрний дэргэд

Өдөржин шөнөжин өрөвдөхийн уяатай байж

Өдий төдий олон тоглоомноос татгалзаж

Өөрийгөө би авч үлдэж чадсан болохоор

Надад бага нас байгаагүй” гэж бичсэн маань ийм учиртай. Ижий минь намайг зураач болно гэж бодож өнгөрсөн байх. Яагаад гэвэл миний анхны сонирхсон ажил зураг. Би олон номын зураг зурсан. 1962 онд анхныхаа шүлгийг хэвлүүлчихээд наян хоёр онд ном гартлаа зураг л зурж хэдэн хүүхдээ тэжээсэн. “Утга зохиол” сонинд зураач байлаа. Миний үеийнхний бүх номын чимэглэл миний гараар орсон. Тэгэхээр ижий намайг том шүлэгч болно гэж бодоогүй байх. Уул нь тэр үед би “Шүхэр цэцэг” гэдэг найраглал бичсэн минь “Улаан Од” сонинд хэсэглэж нийтлэгдсэн. Түүнийг үзсэн л дээ. Тэглээ ч яруу найрагч хүүгээ хорвоод үлдээлээ гэж бодоогүй л болов уу. Би хамгийн анх ижийдээ зориулж “Ижийтэйгээ үзсэн наадам” шүлгээ бичсэн юм.

“Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам

Цэцэг нар хоёртоо бахардсан наадам

Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам

Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам

Наадамчдын зулай дээр

Нар голлон халуун байсан ч

Элбэг дээл шиг

Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн…”. Намайг хоёрдугаар ангид байхад ижийгийн бие муудаад аав Засгийн газарт ажиллаж байснаа хөдөө гарлаа. Лүн суманд сум, нэгдлийн даргаар очлоо. Тэр зун сумын наадамд ижийтэйгээ хамт явсан юм. Би бодвол Мягмарнаран, Идэрбат эд нартай тоглоод алга болчихсон байх. Орой харьсан хойно ижий “Өнөөдөр сумын наадам дээр хүүгээ алдчих шахлаа, төөрөөд” гэж билээ. Сумын наадам хүн төөрөхөөр нүсэр болохгүй шүү дээ. Намайг хажуугаасаа салгах дургүй нь тэр. Намайг багад ижийгийн нэг сохор ах бидэнтэй хамт байсан юм. Тэр ах минь гучин гуравхан насандаа өөд болсон. Түүнийг өөд болоход аав эзгүй. Манайх аймгийн төв дээр. Аав сум руу яваад шүлхийн хорионд орчихсон. Гэртээ ирж чаддаггүй. Үхсэн хүнээ гаргаж чадахгүй хамт гурав хоносон юмдаг. Ижий шөнө унтахдаа хүүгээ ханан талдаа аваад биеэрээ халхлаад шөнөжин мэгзэм уншаад хонодог сон гэж ярьж байсан. Ижий минь их уяхан хүн. Дандаа нууж уйлна. Далд нулимстай хүн байжээ. Хүн ер нь ухааныг эцэг эхээсээ авдаг бол би ижийгээсээ л авсан. Хэрвээ надад ухаан гэж байдаг бол тэр ижийгийнх. Бусдаараа би ижийгээ дуурайгаагүй юм билээ. Гадаад төрх, царай зүс, ярих нь хүртэл яг аав гэдэг юм, манай нутгийнхан. Намайг долдугаар ангид байхад ээж тэрүүхэндээ пөг пөг гээд инээгээд байх юм. Яасан гэсэн чинь “Агваандорж овоон дээр гутлаа тайлж ороолтоо сэврээх гэсэн чинь үнэрт нь морь нь үргээд явгалчихаж. Тэгээд явган ирж явна” гэнэ. Тэр хүн манай тэндээ л шивэртэйгээрээ алдартай хүн байсан юм. Тэгээд ижий надад “Миний хүү ч шивэргүй л дээ. Гэхдээ хөлөө сайн угааж байгаарай. Эр хүн чинь эмэгтэй хүний өвөрт хөлөөрөө эхэлж ордог юм шүү” гэж билээ.

…Судас нь лугшиж халуу дүүгсэн

Бурханы өвөр дээр тоглодог байсан

Сүнс зайлам харанхуйн дунд

Сүү нөмөрч унтдаг байсан

Ижийтэйгээ байхад би баян байсан…”


Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчийн “Эхийн сэтгэл” шүлгийг бүх хүн нулимстай уншдаг. Найрагч өөрөө ч дотогшоогоо мэлмэрч уншдаг.

Тэр жил Өвөрхангайд Дэндэвийн Пүрэвдорж гуайн нэрэмжит “Болор цом” дээр Бадарч ах минь “Эхийн сэтгэл”-ээ уншин үзэгчид тэр аяараа уйлж билээ. Бичлэг нь ч “YouTube”д байдаг. Бичлэг гэснээс Бадарч ахын “25 дугаар суваг” ТВ-гээр ижий ааваа яриад уйлдаг нэг нэвтрүүлэг бий. Ард түмнийг уйлуулдаг нэвтрүүлэг гээд нэрлэчихэд болохоор. Ингээд буурал найрагчийн ижийн дурсамжийг хүргэе. Би чинь айлын өргөмөл хүүхэд. Гучин есөн онд дайны жил төрсөн. 14 хоногтой байхдаа айлд өргөгдсөн. Би төрүүлсэн хоёрыгоо эх эцэг гэж хэлдэг. Харин өргөж авсан хоёрыгоо аав ээж гэдэг. Арван сар тээж ангир уургаа шимүүлж өсгөсөн эх минь хүүгээ хүнд өгөхдөө харуусч байсан байхдаа гэж боддог. Эхийнхээ үгэнд ороод л өгчихсөн гэдэг юм. Хожим намайг бараг хөгширсөн хойно юм даа, манай эхнэрт “Хүүгээ сайн ч явсан, муу ч явсан янз бүрийн сураг дуулдсан ч сэтгэл дотроо бодно уу гэхээс гадагш нь хэлж ярьдаггүй. Нэгэнт би улаан нялзрайд нь хүнд өгчихөөд хойноос нь юу хэлж явах билээ” хэмээн дуугарсан байдаг.Ижий аав минь биднийг их энхрий өсгөсөн юм. Ганцхан дурсамж хэлэхэд, 1944 оны аймшигт бичин жилийн зуднаар манай Төв аймгийн урд талын сумд, Дорноговь, Дундговь, Хэнтийнхэн отрын нутаг гэгддэг Хэрлэнбаян-Улаанд нүүж гарсан. Манайх нэг мухлагтай. Тэр нь араг нурууг эсгийгээр бүрж үүд гаргасан мухлаг тэрэг. Түүнд эгч бид хоёрыг суулгаад л нүүлээ. Мухлаг тэрэгнээс өглөө босоход ижий минь аргалын цогийг манай нутагт хөнгөрцөг гэж ярьдаг төмөр хувинд дүүрэн хийгээд тэрэгний нуруу модноос дүүжилчихсэн байдаг сан. Бид хоёр аавын илбэнхэн дээл чонон дахаар хучуулчихаад ааруул цагаан тос идсэн шигээ явж билээ.Тийм л түүхтэй өсгөсөн дөө.

Ижийн тухай шүлэг бичих маш хэцүү. Ижийнхээ тухай, дурсгалд нь зориулж, амьд мэнд байхад нь ч бичиж байсан. Нас элснээс нь хойш бичсэн хоёр шүлэг бий. Түүний нэг нь амьтан хүний уншаад уйлаад байдаг “Эхийн сэтгэл” шүлэг юм даа. Ижий минь надад нэг бурхан өгсөн юм. Намайг бага байхад надад харуулдаг байсан л даа. Хүүгээ авчраад удаагүй сар болсны дараа бурхан олсон. Тэр бурхан багшийн хүрэл дүр байж. Тэгээд ижий минь “Миний хүү урт наслах юм байна, буянтай явах нь” гэдэг байлаа. Би том болсон хойноо ээж та намайг сайн явна гэж яаж мэдсэн юм гэж асуудаг байлаа. Урт насална гэдэг нь тэр бурхан багшийн дүр олсондоо, буянтай явна гэдэг нь бурхан багш гартаа бадар аяга барьсан байдаг учраас идэх хоолтой явна гэж ижий минь зөгнөж ярьдаг сан.Би шагнал урамшил авч л явлаа. Ажил төрлөөсөө халагдаж, гуниж гутарч явсан өдөр бий. Би ижийгээ сэтгэлээсээ ер гаргаагүй. Ижий минь намайг дандаа харж байгаа гэж бодож төсөөлдөг. Ардын зохиолчийн алдар хүндийг хүртээд Төрийн ордонд зогсож байхад нулимс гарах гээд байсан. Тэгээд би тэссэн л дээ. “Ижий минь байсансан болоосой, байсан бол нэг баярлуулах байж дээ” гэж бодогдоод ордны соёмбот танхимд нулимсаа барьж ядаж байсан. Ижийгээ санаж байдагтай холбоотой юм болов уу даа. Аятай сайн яваа минь тийм л учиртай байх.

lll

Тэр жил багш(Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол)тайгаа Бүрэнгээд нь галгиулж явахад багш минь Шархайн шар талын замд ижийнхээ тухай ийн хуучилж билээ. Цаас цоохорлох заяанд төрснийх хол ойр хэсч өнөө энд маргааш тэнд явсан зам, эрээчсэн цаасаа ч гэсэндээ чамлах юм байхгүй. Ганцхан юмыг л бичиж чадсангүй дээ гэж бодож явна. Үнэндээ гэвэл санаа дутсан бус сачий минь хүрээгүй хэрэг. Ижийнхээ тухай бичиж чадсангүй ээ.

“Тал ижий хоёр хоёулаа намайг хүлээж байгаа

Танхил хүүдээ гэж дэлгэсэн ааруулыг нь

Талын минь салхи хатааж байгаа..” гэхчлэн арван хэдхэн насандаа бичээд анхны түүвэртээ оруулж л байсан. Бас “Сүн далай ачит ээжийгээ

Сүүдэр газар суулгахгүй

Сүүн сэтгэлийг нь ээдэхгүй

Сүслэн хайрлаж яваарай” гэж хүмүүсийг дуулуулсан нь бий. Гэвч ижий, ижийн хайр гэдэг энэхэн биш ээ. Ижийн хайр гэдэг бичиж зурж, хөшөө дурсгал болгон барьж болдог, энэхэнд багтдаг эд биш юм. Шархайн шар талын амьдрал, хөл хөдөлгөөн, ойр холын бараа дүр айл амьтан алга болох байтугай уул нурж, улс гүрэн мандаж мөхөж бас мандаж байдаг амаргүй хорвоо. Хувираагүй юм ганцхан тэр нь эхийн хайр. Миний ижийн ижий Цэнд гэж байсан юм. Дандаа дарь эх хангинуулж нэг бол шанага барьж цай уудалж зогсдог, нэгэн бол хувин барьчихсан үнээ мал сааж явдаг байлаа. Өвгөн нь Бээжин Жанчхүү явсан жингийн даамал Ягаан Бямба гээч байсан юм. Тэднийх их бага Дэнсмаа гэж хоёр охинтой. Хоёр Дэнсмаагийн эгч нь миний ижий. Би гэдэг хүн зовохдоо ч зовж, жаргахдаа ч жаргав. Юуг жаргал гэхийг ойлгож өгөхгүй уджээ. Харин нэг юмыг мэдэж байна. Жинхэнэ аз жаргалыг хаана эдэлсэнээ мэдэж байна. Төрсөн хонхортоо ижийнхээ дэргэд жинхэнэ аз жаргал гэдгийг эдэлсэн юм байна. Ижий шиг тийм аз жаргалын гэгээ цацруулсан хүн хязгаар хярхаггүй орчлон дээр нэг ч тааралдсангүй ээ.

Талынбулагийнхаа дэрст нуга тохойг сананам. Гүүний хоёр хөх шиг Талынбулаг, Түмий хэмээх хоёр булаг. Энэ хоёр “хөх”ийг дөрвөн улирал үлгэсэн хэдэн гэр байлаа даа. Ижийн хүү өө, дэнгээ бариарай, -барьчихлаа ижий. Хургаа зөрүүлчихэв үү, -зөрүүлчихлээ. Ажаа нь өнөөдөр ирэхгүй,орон дээр нь сүх тавиарай. Миний хүү таргаа дэлс дэлс, тэгээд айргаа бүлээрэй. Хэд бүлэх юм бэ. Миний хүү ямар эцэх юм биш зөнд нь Гөөгөөгийнхөө айраг шиг, Жоожоогийнхоо айраг шиг чихэр амтагдтал нь бүлээрэй. Ээжээ ажаа эзгүй та айж байна уу. Хүүгээ байхад ээж нь юунаас ч айхгүй ээ. Ижий хүү хоёр байхад болноо гэнэ.

Айргаа бүлэхэд гэрээр исгэлэндүү дулаан сайхан үнэр ханх тавьж, хатавчинд өлгөсөн хүүдийтэй аарц дуслах нь сонсогдон хонин тогоонд сүү дөвийж, зууханд аргалын хонгор гал тоглон, бурхны ширээн дээр мандаасан зул эрвээхэйн салхинд дальдчихаас өөр чимээгүй. Оройн ажил дуусч ижийтэйгээ хамт гэрээ эргэхээр гарахад түрүүхэн тавьсан гүүн зэлний тэндээс адууны үнэр ханхалж, од түгсэн уужим тэнгэрийн дор талын дээгүүр тоос нь бууралтсан хэвээрээ. Ижий шоголтой Алтангэрэл судар барин гэрээ хэдэнтээ эргэж надад бас адис өгч гэртээ орно. Би ижийгээсээ үлгэр ярьж өгөөч гэж шална даа. Манайхан нэг өвөл Хашаатын замын бууцанд өвөлжиж хойд толгой дээрээ идээ будаа засч ёс төр болсон юм. Тэгтэл манайхнаас холгүй ирж өвөлжсөн оторчин овоон дээр буугаад мордохдоо тахилын идээнээс хэвийн боов цагаан тос зэргийг нь өвөртлөөд явчихсаныг малд явсан хүүхэд хотныхондоо хэллээ. Ижий түүнд тун их дургүйцэв. “Ганц сайн чадъя даа” гэх нь тэр. Хожим өнөө хүнийг манайд нэгэнтээ ирэхэд нь их том модон хулаар дүүрэн боов, цагаан тос, хонины сүүл хөшиглөн халуун цай хийж өгөөд дээр нь адууны харвин айргаар шахаж “Хавар ховрын цагт залуу хүн өлөрхөж яваа биз хөөрхий. Таныг хоолонд бузгай гэж хүмүүс хэлдэг юм билээ, ид ид” гэж тэвдүүлэн цаад хүн нь уурлаж ч чадахгүй, инээж ч чадахгүй хэцүүдэж суусан нь манай хотоор инээдэм болж билээ. Ижий амьдралдаа хүн шийтгэсэн нь тэр. Шийтгэл нь хүртэл ерөөлийн дайтай хүн ижийгээс минь өөр ховор л байлгүй.

lll

Төрийн шагналт найрагч Долгорын Нямаатай төрсөн буурь Хирс таван толгойн Үүдэн бууцанд нь очиход ачит ижийгээ дурсан нулимстай зогсож байсан сан. Нямаа ах ижийдээ зориулж номон суварга бүтээсэн хүн юм. Найрагчийн ижий 82 насалсан буянтай буурал байжээ. “Ээжийн тухай бодоход хамгийн түрүүнд санагдах нь өглөө босох” гэж нэгэнтээ хэлсэн. Тэгээд “Энэ бол монгол эмэгтэйн нэг гол шинж байв. Өрхний оосор татаж өглөөний нарны туяаг гэртээ залах эрх эмэгтэй хүнд ногдсон нь миний бодоход хүндэтгэл ч юм шиг” гэж ухаалаг зөөлнөөр хэлнэ. Тэрээр бууцандаа очиж “эрхэлчихээд” дараа нь Дэл Хөнжлийнхөө уулсыг зорьсон юм. Ийн явахдаа “Үе үе ээжийнхээ тухай бодоход салхи сэрж бостол исгэрээд хонь хяргаж суудаг нь, ботгоо голсон ингийг уяртал хөөсөлж зогсдог нь, шинэ дээл эсгэдэг нь, бурантаг томж угалз оёдог нь, нүүдэлд ачаа хөтөлж явдаг нь, сөхөрч суугаад хурууд зүсдэг нь, хонин тогоо дүүрэн сүү хөөрүүлээд тоононд тултал самардаг нь харагдаад байдаг. Дэнгийн гэрэлд юм оёод суучихдаг сан. Хар багадаа хурга хариулж яваад ээжийн даллахыг харах мөн ч сайхан. Хурганаас ирэхэд зуухны галын нурманд боов булж, эсвэл сэнжтэй төмөр аяганд будаатай унд хийж тавьсныг хүртэхэд гоё” гэж ярихад нь говь нутгийн ажилтай, унд устай, жудаг журамтай сайхан ижийн төрх нүднээ бууж билээ.

Уг ярианыхаа араас Нямаа ах уйлмаар хэдэн мөр хэлсэн нь “Намар намрын цагт сургуульд мордоод явахад хоёр нүдийг нулимс бүрхээд харж болохгүй. Нэлээн холдож байгаад эргэж харахад хойноос ээж минь сүү өргөөд бөмбийн цайвалзах гэрийнхээ гадаа бөртийтэл ганцаар зогсож үлддэг нь санаанаас гардаггүй. Анх сургуульд явсан намар “Гадаа дуу нь гарах шиг санагдаад гарч хардаг байж билээ. Тэгэхэд шонгийн хэцэн дээр ирж суусан бялзуухай шувуу жиргэсэн байдаг ” гэж ээж минь хэлдэг сэн” гэх мөрүүдээс нь халуун хайр мэдрэгддэг. Мөн Сүүеэ минь (Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав) “Миний нутгийн бараа” дуундаа ижийгээ мөнхөлснөө сэтгэл цалгин ярьдаг сан. “…Сүргийн бэлчээр чимэглэсэн

Сүйхэн цагаан гэрүүд байна аа

Сүүгээ өргөөд хоцорсон

Миний ээжийн өргөө юу даа” хэмээн дуулах шүлэглэхийн завсар хэлэхдээ хоолой нь чичирхийлдэг сэн. “Багаасаа гашуун нясуун юм амсаж, ажил төрлөөсөө халагдаж, шүлэг найраг хэмээн хөөрцөглөж явсан би ганцхан удаа ижийгээ баярлуулсан нь энэ дууны шүлэг юм” гэдэг. Найрагчийг төрүүлсэн тэр сайхан ижий наян найман онд хүү Сүрэнжавыгаа, наян есөн онд хүү Пүрэвсүхийгээ (“Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны зураач) төрийн соёрхол авахад хосгүй их баярыг амссан байдаг.

lll

Хөшөөтийн голд суугаа залуухан ижийд минь “Яруу найрагчийг төрүүлсэн юм шүү” гэх далдхан бахархал байдаг шиг. Тийм ээ, молхи миний бие одоогоос 20 жилийн өмнө 2002 оны намар МИС(Механик инженерийн сургуул)-ийн дотуур байрны 4 давхрын шатан дээр ижийдээ зориулсан “Ижий минь” шүлгээ бичиж билээ. Намрын нойтон цас будагнаж, навчис хөлөөр шуурсан өглөө хичээлдээ явахад ижий минь бодогдоод, нүдийг минь нулимс бүрхээд. Дашбалбар найрагчийн хэлснээр намрын хүйтэн энэ өглөө ижий минь үнээний дэлэн шувтарч зэлэн дээрээ жихүүцэн байгаа гэх мөрүүд санаа сэтгэлд орж ирээд. Хичээлдээ иртэл эхний 2 цаг цонхолчихсон гээд ангийнхан бөөн дуу шуу угтав. Зайсан толгой руу алхъя л гэнэ, би тэднээсээ чөлөө хүсээд дотуур байр руугаа буцлаа. Түрүү жилийн намар намайг хотод оюутан болж ирэхэд есөн сарын нэгэнд сургуульд минь хүргэж өгчихөөд, хэд хоног өвөртөлж унтчихаад Шар хадны эцэс Лууяа ахын гэрийн гаднаас “За миний хүү хичээлдээ сайн сураарай, арын ажил одоо сүйд боллоо. Ээж нь буцъя” гээд орхиод явсан нь бодогдоод. Намрын урьхан салхинд алчуурных нь үзүүр дэрвэж байсан ижийгээ эргэж нэг харах болов уу гэж горьдон тэртээх гудамжны үзүүрийг тойрон тойртол харж зогсоход нэг ч удаа эргэж хараагүйг нь бодоод, өвлийн амралтаар очоод тэр тухай хэлэхэд, хүүгээ хараад зогсож байгаа гэдгийг ээж нь мэдсэн л дээ, гэхдээ эргээд нэг харвал сэтгэл нь сонин болчих байх гээд шуудхан алхчихсан гэж зоримог хэлсэн нь бодогдоод би гэдэг хүн хөнгөн гуниг тээн алхаж явлаа. Яг л тэр агшинд хүний амьдралын бүх юм ижий байдаг юм байна гэх бодол төрж, уг бодолтой минь зэрэгцэн

“…Наран зүгээс асгарч цээж рүү урссан цагаан мөрөн

Намайг ороож аргадсан нь сүү биш ижий минь байж

Намрын хонгор навчис цэлэлзэх салхитай шуурч

Намуун зөөлөн исгэрсэн нь гуниг биш ижий минь байж…” гэх мөрүүд урсаад ороод ирдэг юм. Ээжийнхээ тухай нэг шүлэг бичих нь тодорхой болоод, бодол санаа цэгцлэгдээд, бушуухан өрөөнд ороод тавтай бичье гээд алхаагаа түргэсгэлээ. Гэтэл нэг л биш ээ. Ерөөсөө шүлгийн мөрүүд дуу алдан гэдэг шиг асгарч ирээд болдоггүй. Байр руугаа орлоо. Үүднийхээ жижүүртэй мэндлээд цааш эргэтэл

“…Одод наадах тэргэл талд багын минь тоглоом

Одоо бодоход чулуу биш ижий минь байж

Орь залуу цагийн үй зандан өвс

Охин нойтон үнэрээ сэтгэлд задалсан нь хайр биш ижий минь байж

Мөнхгүй орчлонг аргадаж сөгдөж залбирсан

Мөргөлийн амьд судар нь бурхан биш ижий минь байж

Мөндөр шиг цайрч хуйларсан он цагийн урсгал

Мөрөөдлийн цэнхэр бороо мэт алсад одсон нь цаг хугацаа биш ижий минь байж…” гээд урсчихдаг юм. Юун дөрвөн давхрын өрөөндөө орох манатай, цүнхнээсээ далбагар дэвтэр гаргаж ирээд шатан дээр сараачиж бичсэн сэн.

…Дэнжийн цэцэгс дунд шүүдэр дэвсэж унтахад

Дээрээс минь хучсан шар нөмрөг сарны туяа биш ижий минь байж

Дэлхийн цээжийг цөмлөж дэвсээстэй шороонд нь шингэхэд

Дэрэн дор минь ивэх чулуу, чулуу биш тэр ижий минь л байх болно оо.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Майцэцэг: Ажлын байр бий болгож, татвар төлж байгаа бүхэн баялаг бүтээгч мөн || DNN.mn

“Эксклюзив” брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэгтэй ярилцлаа.


-Баялаг бүтээгч гэж хэнийг хэлэх вэ?

-Товчхондоо оргүй хоосноос биет зүйл бүтээж байгаа бол баялаг бүтээгч мөн. Газар сэндийчиж буй уул уурхайн салбарынхан баялаг бүтээгч биш гэх түгээмэл ойлголт манайд яваад байдаг. Ийм ялгавартай хандлага байж болохгүй.

-Хэрэглэгчийн гарт эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа л бол баялаг бүтээгч гэх ойлголт бий.

-Эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах ёстой гэдэг үнэн. Манайх зэсийн баялагтай орон. Өнөөдөр зэсийг түүхий эдээр нь гаргаад байгаа. Түүхий эдийг боловсруулах үйлдвэр байх ёстой. Үйлдвэр байгуулах ажлыг зохион байгуулах нь төрийн үүрэг. Энэ салбар баялаг бүтээнэ, энэ салбар бүтээхгүй гэдэг ойлголт байж болохгүй. Оргүй хоосноос бий болгож байгаа бүхэн баялаг бүтээгч мөн. Дээл, хувцас оёж эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа нь баялаг бүтээгч. Уул уурхай болохоор баялаг бүтээгч биш гэсэн ойлголт байж болохгүй. Ажлын байр бий болгож, татвар төлж байгаа бүхэн баялаг бүтээгч мөн.

-Сая Хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатарын зүгээс бизнес эрхэлж, үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүс зөвхөн хувьдаа ашиг олох зорилготой гэж тодорхойллоо. Энэ дээр таны байр суурийг сонсъё.

-Үүнийг би ойлгохгүй байна. Бид өнөөдөр социалист нийгэмд амьдарч байгаа юм уу. Цаг үеэ бодоод үзэх хэрэгтэй. Чөлөөт зах зээлийн нийгэмд биз дээ. Ажлын байрыг төр бий болгодог юм уу. Бизнес эрхлэгчид бий болгож, татвар төлөөд явдаг. Чөлөөт зах зээлтэй ардчилсан нийгэм хариуцлагатай албан тушаал хашиж байгаа залуу хүн ямар шалтгаанаар ийм үг хуучин нийгмийн үзэл суртал агуулсан үг хэлснийг ойлгохгүй юм. Ийм савлагаатай цаг үед ачааны хүндийг үүрч, ажлын байр бий болгож, татвар төлж яваа бизнес эрхлэгчдийн зүтгэлийг ингэж үгүйсгэж хэрхэвч болохгүй.

-Та сая Итали руу чухал уулзалтад оролцохоор явахад хилийн хоригтой холбоотой асуудал үүссэн. Энэ талаараа тодруулахгүй юу. Их хэмжээний зээлтэй байж хилээр гарахыг оролдлоо гэх ойлголт нийгэмд үүссэн шүү дээ.

-Г.Майцэцэг гэдэг хувь хүн 2021 онд өрөө төлөөд асуудлаа шийдсэн. Надаас авлагатай хүмүүс нь “Иргэн Майцэцэгээс өрөө авсан. Хэргийг нь хааж өгнө үү ” гэх хүсэлтийг цаасаар бичиж ШШГЕГ-т өгөх ёстой юм байна. Өнөөх хүмүүс байцаагч руу “Бид нар Майцэцэгээс мөнгөө авсан” гээд мессэж бичсэн байгаа юм. Гэтэл үүнийг хүчин төгөлдөр гэж үзэхгүй, өнөөдрийг хүртэл хориг тавьсан хэвээр явж ирж. Шүүхийн шийдвэрээс өр зээлээ төлсөн тохиолдолд гомдол гаргасан хүнээс нь шаардаад бичиг авдаггүй юм уу гэж асуухад тэр “Чиний үүрэг” гэж хариулж байгаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ямар ч үүрэг хүлээдэггүй юм байна.

Хилийн хориг тавивал тавиад л. Өглөг авлагатай хүмүүс хоорондоо асуудлаа шийдчихээд байхад энэ

байгууллага яхир хадам ээж шиг хооронд нь яс хаяж хагаралдуулаад суудаг. Би өөрөө тодорхой хэмжээнд үйлдвэрлэл хийж хувийн үйлдвэрээ босгосон хүн. Зугтаагаад алга болохгүй нь хэнд ч ойлгомжтой асуудал. Эрх баригчид цахимжсан засаг гээд л яриад байдаг. Гэтэл хялбархан шийдэж болох асуудал дээр л заавал цаасан баримт нэхээд суух юм. Өнөөдөр иргэдэд үйлчилдэг төр хэрэгтэй байна.

Энэ мэт жижигхэн асуудлаар иргэн, аж ахуйн нэгжүүдээ хааж боож байгаад нь харамсах юм. Шүүхийн шийдвэрийнхэн ч хэл амаараа ойлголцож болох асуудалд ямар хахир хатуу ханддаг юм байна.

-Эцэст нь та асуудлаа шийдээд уулзалтандаа оролцохоор явсан. Ямар үр дүн гарав…

-Зорьж явсан ажлын үр дүн эхнээсээ гарч байна. Хийсэн уулзалттай холбоотойгоор гаднаас хүмүүс ирж манай зах зээлийг судалж байгаа. Итали руу явсан зорилго маань товчхондоо массын үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт татаж хамтарч ажиллахад чиглэж байсан юм. Улмаар бүтээгдэхүүнээ олон улсад гаргах. Манай урд хойно хоёр том хөрш байна. Энэ зах зээл рүү л бүтээгдэхүүнээ нийлүүлэхийг зорьсон юм. Массын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хэрэгцээтэй суурь нь боловсон хүчин. Үйлдвэрлэлийн суурь капитал нь ажиллах хүч байдаг. Өнөөдрийг хүртэл хэрэгжиж ирсэн МСҮТ-ийн бодлого нь алдаатай явж байжээ. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв Хөдөлмөрийн яаманд харьяалагддаг байсан юм байна. Энэ асуудлаар Боловсролын яамны дэд сайд Г.Ганбаяртай уулзахад төрөлжүүлэхээр төлөвлөөд явж байгаа юм билээ. Зөв чигт л яваа шиг санагдсан. Үүнийг цаг хугацаа л харуулах болов уу. Дахин онцлоход, массын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тоног төхөөрөмж, зээл гэхээс илүү ажиллах хүчээ бэлтгэх шаардлагатай юм байна. Удахгүй сайн мэдээ дуулгана аа.