Categories
мэдээ нийгэм

НОБГ: Гал түймрийг унтраахаар ажиллаж байна || DNN.mn

Хан-Уул дүүргийн 21-р хороо Спорт цогцолборын хашаанд дотор барилга шатаж байна дуудлага 14:07 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30 дугаар ангийн 40 гаруй алба хаагч, 7 автомашинтай гал түймрийг унтраахаар ажиллаж байна гэж НОБГ-аас мэдээллээ.

No description available. No description available.


Categories
мэдээ нийгэм

Цар тахлыг далимдуулан хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж, хааж боохгүй байхыг зөвлөв || DNN.mn

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Сэтгүүл зүйн ёс зүйн форум”-ыг дөрөв дэх удаагаа 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр сэтгүүлчид, иргэний нийгмийн төлөөлөлтэйгөөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү форумд “Цар тахлын үеийн хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн ёс зүй”, “КОВИД-19: Сэтгүүл зүйн үүрэг, ёс зүй, хамтын ажиллагаа”, “Цар тахлын үед аюулд өртөөд буй мэдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө: олон улсын сургамж” сэдэвт гурван илтгэл, мөн оролцогч талуудын хэлэлцүүлгээр дамжуулан нөхцөл байдлыг хэлэлцэж, зөвлөмж гаргалаа.

Нөхцөл байдал

Цар тахлын онцгой нөхцөл байдалд бид хоёр жилийг үдлээ. Дэлхийн аль ч улс оронд, хаана ч, хэнд ч КОВИД-19 цар тахлыг хохирол багатайгаар богино хугацаанд даван туулах туршлага, арга зам байсангүй. Бусад оролцогч талуудын нэгэн адил хэвлэл мэдээллийнхэн нийгмийн өмнө хүлээсэн үүргээ амаргүй нөхцөлд байдалд биелүүлэхийн төлөө хичээн ажиллаж, олон сорилыг даван туулахын сацуу туршлага, сургамжийг мөн хуримтлууллаа.

Дижитал хувьсал бидэнд ихээхэн боломжийг авчирсан ч цар тахлын талаарх баталгаагүй, төөрөгдүүлсэн, эргэлзээтэй, нягтлан шалгаагүй мэдээлэл түгэх, улмаар иргэдийг эргэлзээ, бухимдал, айдаст автуулах шалтгаан болж байв. Цахим орчинд тархсан худал ташаа мэдээлэл нь сэтгүүл зүйн нэр хүнд, итгэл үнэмшлийг ч бууруулж байна.

Түүнчлэн мэдээллийн цар тахал нь хүний эрүүл мэнд, эдийн засаг, амь насанд сөрөг үр нөлөө үзүүлээд зогсохгүй “иргэн, хэвлэл мэдээлэл, төр” хоорондын үл итгэлцэл, үл ойлголцол нэмэгдэх шалтгаан болов. Цар тахлын үеийн хууль, эрх зүйн орчин нь олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээлэл түгээвэл гэмт хэрэг, зөрчилд тооцох, мэдээллийн нэг чиглэлт урсгалыг шаардсан. Үүний үр дагавраар Ковид-19 цар тахлын үед хэвлэлийн эрх чөлөө хумигдсан гэж 5 сэтгүүлч тутмын 3 нь үзжээ. Цар тахал зэрэг онцгой нөхцөл байдал нь төрөөс хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэлтэй байх эрхийн зарчмыг хүндэтгэх, харин сэтгүүлчдээс мэргэжлийн ёс зүйн өндөр хариуцлагыг шаардаж байна.

Тодруулбал, төрийн мэдээллийг дамжуулах буюу нэг чиглэлт мэдээллийн урсгал хэт давамгайлсан. Хамтын ажиллагаа доголдолтой буюу сэтгүүл зүйн оролцоо, үүргийг хязгаарласан. Сэтгүүл зүй дагаж сурвалжилснаас манлайлж сурвалжилж чадаагүй. Цар тахлын нөхцөлд редакцын түвшинд хүний эрхийг хамгаалах ёс зүйн зохицуулалт, сэтгүүлчид хэрхэн ажиллах удирдамж, туршлага сул, сэтгүүл зүйн байгууллагууд цахим орчинд ажиллахад, хурдан шуурхай дасан зохицох менежмент дутагдалтай бөгөөд редакцууд нэгдэж, хамтран ажиллаж чадаагүй зэргийг хэлэлцүүлгийн үеэр онцлов.

Цар тахлын үеийн эдгээр хязгаарлалт нь нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын талаар иргэний үнэнийг мэдэх эрхийг хангах үүрэгтэй төр болоод хэвлэл мэдээлэл аль нь ч бүрэн хангаж чадаагүй.

Ковид-19 цар тахалтай тэмцэх төрийн бодлого, үйл ажиллагаа нь иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхэд аргагүй хязгаалалтыг үүсгэсэн ч зарим тохиолдолд энэ нь зохист хэмжээнээс хэтэрсэн тохиолдлууд бий. Энэ нь засгийн газарт таагүй мэдээллийг дарах зорилгоор сөрөг хүчний улс төрчид, шүүмжлэгч хэвлэл мэдээллийн байгууллага эсвэл хүний эрх хамгаалагчдын дуу хоолой, үзэл бодлыг дарах шалтаг болов.

Цар тахалтай амжилттай тэмцэхийн тулд улс орнууд иргэдээ үнэн зөв мэдээллээр хангахдаа талуудын оролцоог хангах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэдийн хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг дэмжин чадавхжуулж, үзэл бодлыг нь сонсох шаардлага улам бүр нэмэгдэж байна. Гэвч цар тахлын өнөөгийн үед засгийн газрууд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжихийн оронд хааж хавчих явдал илүүтэй буйд бид шүүмжлэлтэй хандаж, ийм эрсдэлээс хол байх арга замыг байнга эрэлхийлж байхыг форумын үеэр онцлов.

Зөвлөмж

  • Монгол Улсын Засгийн газар, эрх бүхий байгууллагууд бүх хүнд хүртээмжтэй хэлбэрээр, хоёрдмол утгагүйгээр мэдээллийг тухай бүр өгч байх үүргээ хэрэгжүүлэх, ингэж мэдээлэл өгөөгүй нөхцөлд иргэдийг “худал мэдээлэл тараасан” гэж шийтгэхгүй байх;
  • Эрүүл байх эрх нь хүний бусад эрхтэй нягт холбоотой. Мэдээлэлтэй байх эрх нь хуурамч ташаа мэдээлэлтэй тэмцэх, мэдээллийг дур зоргоор хязгаарлахаас урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой болохыг хүлээн зөвшөөрөх;
  • Онц байдлын арга хэмжээ, зохицуулалтыг авч хэрэгжүүлэхдээ хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлахаас зайлсхийх, хямралтай холбоотой бүхий л төрлийн мэдээ, мэдээллийг сэтгүүлчдэд нээлттэй байлгах, Засгийн газрын төлөөлөгчид болон эрүүл мэндийн мэргэжилтнүүд иргэдийг мэдээллээр хангахдаа сэтгүүлчдийн эрхийг зөрчихгүй байх;
  • Цар тахлыг далимдуулан бие даасан сурвалжилга, хэлэлцүүлэг, мэдээлэл эрж хайх, шинжлэх явдлыг хааж боохгүй байх, цар тахлыг шалтаг болгон ашиглахгүй байх; Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд тавьсан зүй бус зохисгүй хязгаарлалтуудыг үнэлж яаралтай цуцлах, мэдээллийн чөлөөт урсгалыг тэргүүн зэрэгт дэмжих;
  • Бие даасан, нийтийн ашиг сонирхлын төлөөх сэтгүүл зүйг дэмжсэн, иргэний нийгмийн оролцоог хангасан эрх зүйн орчныг бүрдүүлж, нийгмийн бүх хэсэгтэй ажиллах замаар итгэл хүлээсэн, найдвартай, хүртээмжтэй, хөндлөнгийн ба баримт дээр тулгуурласан мэдээлэл бүхий ил тод байдлыг хангах;
  • Эрсдэлт болон онцгой нөхцөл байдлын мэдээлэл харилцааны бэлэн байдлыг хангах, ийм нөхцөлд мэдээлэл харилцааг төр-иргэн-хэвлэл мэдээлэл гэсэн гурван талт оролцоотойгоор хэрэгжүүлэх үндэсний хэмжээний багийг бүрдүүлж, чадавхыг бий болгох;
  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид, хүний эрхийг хамгаалагчдын үйл ажиллагааг зүй бусаар хязгаарлахгүй байхад анхаарч, хууль ёсны үйл ажиллагаа явуулсныхаа төлөө ямар нэгэн байдлаар шийтгэл хүлээхгүй байх эрх зүйн орчин, тогтолцоог бүрдүүлэх;
  • Олон нийтийн сүлжээний компаниудад цахим контентуудыг идэвхтэйгээр хянах эсвэл хэт их цагдан хяналтын хэлбэртэй зуучлагчийн үүрэг оноохоос татгалзах.
Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй || DNN.mn

Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр /2022.03.06/ буюу ням гаригт ажиллахгүй.
Даваа гаригаас төлөвлөлтийн дагуу ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Улаанбаатар хотод өчигдөр суурин 33 цэгт 33 багийн 133 эмч, ажилтан ажиллажээ.

1 хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
гадаад мэдээ

Хятадын эдийн засаг 17.7 их наяд ам.долларт хүрчээ || DNN.mn

Хятадын Үндэсний статистикийн газар 2021 оны Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн статистик тайланг гаргалаа. 2021 онд Хятадын ДНБ 114 их наяд юанийг давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.1 хувиар нэмэгдсэн. Хүн тутамд ногдох ДНБ-ий хэмжээ 81 мянган юань болж дэлхийн дундаж түвшнийг давсан.

Хятадын эдийн засаг 17.7 их наяд ам.долларт хүрч, дэлхийн эдийн засгийн 18 гаруй хувийг бүрдүүлэн, дэлхийн эдийн засгийн өсөлтөд 25 орчим хувийн үүрэг гүйцэтгэжээ.

2021 онд Хятадын бараа бүтээгдэхүүний импорт, экспортын нийт хэмжээ 6 их наяд ам.долларыг давж өмнөх оныхоос 21.4 хувиар нэмэгдсэн. Хятад улс дахь гадаадын хөрөнгө оруулалт 1.1 их наяд юаньд хүрсэн нь өмнөх оныхоос 14.9 хувиар нэмэгдсэн. Хятад улс худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт, хэрэглээний зах зээлийн цар хүрээгээр дэлхийн эхэнд жагсаж, дэлхийн эдийн засгийн сэргэлт, аж үйлдвэрийн ханган нийлүүлэлтийн гинжийн хэлхээг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэжээ.

2021 онд Хятад улс үндэсний эрдэм шинжилгээ, судалгаа туршилтын ажилд 2786 тэрбум юань зарцуулсан нь өмнөх оныхоос 14.2 хувиар нэмэгдэж, үндэсний инновацийн чадавхаараа дэлхийд 12-т бичигдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

ШЕЗ: Зургаан шүүгчийг сэлгэн ажиллуулна || DNN.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зургаан шүүгчийг сэлгэн ажиллуулахаар боллоо. Тус зөвлөлийн хуралдаан гуравдугаар сарын 3-4-нд шүүхүүдийн захиалгын дагуу уг шийдвэрийг гаргасан байна.

  • Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдавааг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хоёр жилийн хугацаагаар,
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймааг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн сул орон тоог нөхөх хүртэл хугацаагаар,
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандахыг Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хуульд заасан хугацааны дотор сул орон тоог нөхөх хүртэл хугацаагаар,
  • Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдоржийг Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн чөлөөний хугацаанд,
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэгийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд,
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмааг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн чөлөөтэй байх хугацаагаар,
  • Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяаг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн бүрэн эрхийг сэргээх, эсхүл орон тоог нөхөх хүртэл хугацаагаар тус тус сэлгэн ажиллуулахаар болов.

Шүүхийн ерөнхий зөвлөлд он гарсаар анхан болон давж заалдах шатны арван шүүхээс 25 шүүгчийг сэлгэн ажиллуулах захиалгыг ирүүлж байв. Шүүгчдийг сэлгэн ажиллуулснаар шүүхийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилготой аж. Мөн өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд 39 мянган оролцогчийг цахимаар шүүх хуралдаанд оролцуулсан байна. Шүүх хуралдаанд зайнаас оролцуулах нь хэргийн оролцогчдоос гарах зардал, төсөв санхүү, цаг хугацааг хэмнэдэг төдийгүй ачааллыг бууруулах давуу талтай юм.

Categories
мэдээ спорт

С.Цэрэнчимэд UWW-гийн хоёрдугаар сарын шилдгээр тодров || DNN.mn

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн нэгдүгээр сараас сар бүр бөхийн төрөл тус бүрт шилдгүүдийг тодруулдаг болсон билээ.

Анхных буюу 2022 оны нэгдүгээр сарын шилдэг эмэгтэй бөхөөр Иван Ярыгиний Гранпригийн 53 кг-д түрүүлсэн ОУХМ Б.Болортуяа тодорч байв. Тэгвэл хоёрдугаар сарын шилдэг эмэгтэй бөхөөр өнгөрсөн долоо хоногт Стамбулд болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээний 62 кг-ын жинд алтан медаль хүртсэн, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд шалгарчээ.

Тэрбээр Стамбулд дөрөв барилдахдаа олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Тайбе Юсейн (Болгар), олимпын хүрэл медальт Сакши Малик (Энэтхэг), Марва Амри (Тунис) нарыг цэвэр ялсан юм.

Чөлөөт бөхийн шилдэг эрэгтэй тамирчнаар Яшар Догугийн ОУТ-ий 70 кг-д аваргалсан Амирмохаммад Яздани (Иран), сонгомол бөхийн шилдгээр 77 кг-д түрүүлсэн Юнус Басар (Турк) нар тодров.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Импортыг орлох бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэв || DNN.mn

Манай улс нийтдээ 800 мянган га эргэлтийн талбайтай. Энэ талбайдаа тариалалт хийгээд төмс болон улаанбуудайныхаа хэрэгцээг дотоодоосоо 100 хувь, харин хүнсний ногооны 40, жимс жимсгэний ердөө гуравхан хувийг хангадаг.

Уур амьсгалын өөрчлөлттэй зэрэгцээд хөрсний үржил шим ерөнхийдөө доройтож байгаа энэ цаг үед бүс нутгийн онцлогт тохирсон ургацын хэмжээг нэмэгдүүлэх, органик бордоог эрдэм шинжилгээ, туршилтын үр дүнд гаргаж авчээ.

Categories
гадаад мэдээ

Оросын Зэвсэгт хүчний талаар хуурамч мэдээлэл тараавал 3 жил хорих хууль баталлаа || DNN.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Зэвсэгт хүчний тухай худал мэдээ тарааж, мөн Оросын эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалсан тухай мэдээ тараасан тохиолдолд авах арга хэмжээг чангатгахаар хуульд гарын үсэг зурлаа хэмээн Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ.

Олон улсын энх тайван, аюулгүй байдал, иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор явуулж буй Оросын зэвсэгт хүчний цэргийн ажиллагааны талаар олон нийтэд санаатайгаар худал мэдээлэл тараасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх болно хэмээн албан мэдээнд бичжээ.

Тодруулбал Оросын зэвсэгт хүчний талаар худал мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдүүлсэн тохиолдолд 700 мянгаас 1.5 сая рубль хүртэл торгууль ногдуулах эсвэл гурван жил хорих ял онооно. Түүнчлэн хуурамч мэдээлэл тарааж, ноцтой үр дагаварт хүргэсэн бол 10-15 жилийн хорих ялаар шийтгэнэ гэж заажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төгсөгчдийг монгол хэл, бичгийн шалгалтад автоматаар бүртгэнэ || DNN.mn

Элсэлтийн Ерөнхий шалгалтын “Монгол хэл бичгийн шалгалт”-ын босго оноог 400 байхаар тогтоожээ. Их, дээд сургуульд элсэн суралцахаар Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдсан байх ёстой. Иймд шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулахаар болоод буй.

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар 2022 оны гуравдугаар сарын 14-ний 18:00 цаг хүртэл явагдана.

Энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн/-д элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ сонгож бүртгүүлнэ. Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байх юм.

Categories
гадаад мэдээ

Украины ерөнхийлөгч Элон Маскийг Украинд ирэхийг урьжээ || DNN.mn

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр “Starlink” систем илгээсэн “Тесла” компанийн гүйцэтгэх захирал Элон Маскт талархал илэрхийлэв.

Тэрбээр твиттер хуудастаа “Элон Масктай ярилцлаа. Украиныг үг, үйлдлээрээ дэмжсэнд нь талархаж байна. Ирэх долоо хоногт бид нурж сүйрсэн хотуудад зориулсан “Starlink” системийг дахин хүлээж авах болно. Дайны дараа бусад сансрын боломжит төслүүдийн талаар ярилцахаар боллоо” хэмээн жиргэжээ.

Цахим уулзалтын бичлэгээ Зеленский инстаграмдаа нийтэлсэн бөгөөд Элон Маскийг дайны дараа Украинд айлчлахыг урьсан байв.

Оросын түрэмгийллийн улмаас Украины зарим хэсэгт интернет холболт тасарсан тул дэд ерөнхий сайд Михайло Федоров твиттер хуудсаараа дамжуулан Элон Маскад хүсэлт тавьсан байжээ. Гэвч “Starlink” систем нь зорилтот бүлгийн халдлагад өртөх магадлал өндөр гэдгийг Маск анхааруулсан байна. Тиймээс зөвхөн шаардлагатай үед л системийг асааж, антеныг хүмүүсээс аль болох хол байрлуулахыг зөвлөжээ.

Эх сурвалж: INSIDER