Categories
мэдээ нийгэм

Бээжин-2022: Б.Ганболд XII байрт орлоо || DNN.mn

Өвлийн III паралимпийн наадам БНХАУ-ын нийслэл Бээжин хотод үргэлжилж байна.

49 орны 650 гаруй тамирчин спортын үндсэн зургаан төрөлд 78 багц медалийн төлөө өрсөлдөж буй энэ удаагийн наадамд Монголоос гурван тамирчин оролцож буй.

Гүйлтийн цанын төрөлд хурд сорьж буй ОУХМ Б.Ганболд, Ц.Дашдорж нар өнөөдөр өрсөлдлөө.

Гүйлтийн цанын 20 км-ын уралдаанд хурд сорьсон Б.Ганболд цаг, 4 минут, 23.5 секундийн амжилтаар 12 дугаар байрт орлоо. Харин Ц.Дашдорж замаа дуусгаж чадсангүй.

Манай хоёр тамирчин энэ сарын 9-нд спринт зайд уралдана.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд цар тахлын үед ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд талархал илэрхийллээ || DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ковидын сорилт-Эмэгтэйчүүдийн манлайлал” хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, цар тахлын амаргүй үед ажиллаж, эдийн засгаа сэргээхэд манлайлан оролцсон эмэгтэйчүүдэд талархал илэрхийллээ.

Тэрбээр “Цар тахлын эсрэг өөрсдийн амь нас, аюулгүй байдал, ар гэрийн амьдрал, ажлын цагийг үл хайхран өдөр шөнийг ялгалгүй зүтгэсэн нийт төрийн албан хаагчдын 62 хувь буюу 101 мянга нь эмэгтэйчүүд байсныг миний бие Ерөнхий сайдын хувьд энэ өдөр онцолж, түүхийн хуудаст тэмдэглэн үлдээхийг хүсч байна.

Та бүхэн Монгол Улсад Вакцинжуулалтыг цаг алдалгүй эхлүүлж, бүрэн тунд зорилтот бүлгийн 90-ээс дээш хувь, дархлаа сэргээх 3-р тунд 53 хувь, нэмэлт 4-р тунд 100 гаруй мянган иргэдийг хамруулж, болзошгүй эрсдэлээс 40 гаруй мянган хүний алтан амийг хамгаалж чадсан.

Хатуу хөл хорионоос улбаалж -5.3 хувь хүртэл унасан байсан улсынхаа эдийн засгийг алхам алхмаар сэргээж, 200 гаруй мянган ажлын байрыг аварч, хичээл сургууль танхимаар хичээллэхээс эхлээд энгийн амьдралын хэмнэлийг эргүүлэн авчрах эхлэлийг та бүхэн тавьж чадсан” гээд иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг авран эх орондоо өргөсөн тангарагтаа чин үнэнчээр зүтгэж, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрийг тууштай хэрэгжүүлж ажилласан Та бүхэндээ болон ар гэрийнхэнд нь Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ.

Энэ арга хэмжээг Шадар сайд С.Амарсайхан санаачилж, өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна. Цар тахлын нөхцөлд ачааны хүндийг үүрсэн төрийн албаны, тэр дундаа эрүүл мэнд, онцгой байдал, цэрэг, цагдаа, мэргэжлийн хяналтын 800 гаруй алба хаагч эмэгтэйг урьж хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төв, 113 дугаар ангийн ахлах ахлагч Д.Цолмонтуяа “Цар тахлын хүнд үеийг хамт олныхоо хүчээр даван туулсан. Төрдөө тангараг өргөсөн алба хаагч учраас ар гэрээ хойш тавьж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цаг наргүй ажилласан. Одоо ч бид “Ковид-19”-ийн дараах нөхөн сэргээх эмчилгээг хийж байна” хэмээлээ.

Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ирэх тавдугаар сарын 1-нээс бүх иргэдээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулахаар болсон. Энэ ажлын томоохон хэсэг нь “Ковид-19”-ийн халдвараар өвчилсний дараах нөхөн сэргээх эмчилгээ гэдгийг Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзах үеэрээ мөн хэлж байсан юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Цэнгүүн: Украины гэмгүй иргэд амь үрэгдэх ёсгүй, Монгол бол эрх чөлөөт улс гэсэн уриатайгаар далбааг өлгөсөн || DNN.mn

“Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүнтэй ярилцлаа.


-“Алтан тариа” компанийн үйлдвэрийн цамхаг дээр Украин улсын далбааг байрлуулсан нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Орос, Украины дайны талаарх байр сууриа хамгийн товч илэрхийлсэн үйлдэл болчихов уу. Энэ тухай ярилцлагаа эхэлье?

-Товчхондоо бол Путин эхлүүлсэн түрэмгий дайнаа зогсоо. Украины гэмгүй олон иргэд амь үрэгдэх ёсгүй, мөн Оросын жирийн олон сая иргэд, компаниуд хохирох ёсгүй. Эцэст нь Монгол бол эрх чөлөөт тусгаар тогносон улс мөн гэсэн уриатай далбааг өлгөсөн.

-Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ч хааж боож цагдах үзэгдэл манайд элбэг. Дайныг эсэргүүцэж талбай дээр жагссан залуусыг тарааж харагдсан. Удалгүй танай үйлдвэр дээр ч цагдаа нар очсон сонин үзэгдэл байлаа?

-Төр засаг энэ дайны талаар өөр байр суурьтай байх шиг байгаа юм. Үндсэн хуулиараа бид үүнийг нь дэмжиж ч, эсэргүүцэж ч болно. Гэтэл төр өөрийн байр сууриа нийгэмд тулгах, хэвлэл мэдээллээр сурталчлах, пропаганда хийж буй нь маш харамсалтай.

Энэхүү пропагандагаа төрийн цагдаа болон нацист бүлэг хүмүүсийг ашиглаж бусдын үзэл бодлыг хүндлэхгүй ялгаварлан гадуурхах нь хууль бус явдал.

-Цагдаа нар тэгээд юу гэх юм. Ямар хууль ярих юм бэ?

-Их марзан. Арав гаруй голдуу офицерууд гурван машинтай ирээд “Танай компани Украин улсын далбааг өлгөсөн байна. Зарим иргэдийн дургүйг хүргэсэн тул бид ирж шалгаж байна. Туг далбааг хэрэглэдэг хууль журамтай. Иймээс наад тугаа буулгахыг шаардаж байна” гэсэн. Би өөрөө үүдэнд очиж уулзаад “Та нар хувийн өмчид халдах гэж байгаа бол шүүхийн шийдвэрээ авч ирнэ үү. Орж шалгах зүйл байгаа бол удирдах хүмүүсийнхээ удирдамж заавраа бичгээр авч ирнэ үү” гэсэн. “За аваад ирнэ” гээд явсан. Тэгээд дахиж ирээгүй. Гэтэл орой нь хэвлэлээр цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч “Тугаа буулга гэж шаардаагүй” гэж худлаа мэдээлэл олон нийтэд өгч харагдана лээ. Цагдаагийн үндсэн үүргийн нэг бол иргэдийн эрх чөлөө, эд хөрөнгийг хамгаалах байтал эсрэгээрээ алдаатай буруу зүйл хийчихээд түүнийгээ олон нийтэд худлаа мэдээлж байгаа явдал нь дэндүү ёс зүйгүй бөгөөд манай төр засаг ямар ялзарч байгааг л харуулж байгаа юм.

-Та далбааг үйлдвэр дээрээ байрлуулахдаа ямар нэгэн эрсдэл бий болно гэж бодсон уу. Жишээ нь, цагдаа ирэх, хүмүүс эсэргүүцэх гээд….

-Ямар нэгэн хууль зөрчөөгүй тул ямар эрсдэл байх уу. Миний эх орон эрх чөлөөтэй, тусгаар тогтносон улс юм бол аль нэг түрэмгий дайнч хөрш болон түүнийг дагасан төрөөс айх явдал бол дэндүү хулчгар зан. Иргэд бид эрх чөлөөнийхөө төлөө байнга тэмцдэг байж манай ардчилал дархлаатай болж тусгаар тогтнол бат оршино.

-Гэхдээ энэ үйлдлийг олон хүн дэмжиж харагдана лээ. Ерөнхий сайд С.Баяр гэхэд “Энэ бол тусгаар тогтносон, ардчилсан Монгол Улсын иргэний эрх” гэж. Үнэхээр тийм биз дээ?

-Тийм ээ. Твиттер дээр намайг 99 хувь нь дэмжсэн байсан. Дэмжсэн хүмүүст талархал илэрхийлье. С.Баяр дарга бол орос хэлтэй, Орост Элчин сайд байсан. Путинтэй хэд хэдэн удаа уулзсан, мэдээллийг олон сувгаас авдаг хүн. Оросын ард иргэдийг маш сайн мэддэг хүний хувьд Путины буруу, дайныг зогсоох ёстой гэдэг байр суурьтай байгаа байх. Тэрээр асар их хохирол амсаж, хямрал, зовлонд нэрвэгдэж байгаа Оросын жирийн иргэдийн төлөө ч бас хэлж байгаа болов уу.

-Зарим иргэд энэ үйл явдлаас улбаалж “Алтан тариа” гурилын хэрэглэгчболохоо хүртэл мэдэгдэж байсан. Энэ үйл явдал ч бас танай үйлдвэрт багагүй маркетинг болчих шиг?

-“Муу эр дайнд хөөрнө” гэгчээр дайнаар маркетинг пи-ар хийх нь арай хэтэрсэн явдал болно оо. Биднийг дэмжих нэг хэлбэр болгож манай найдвартай хэрэглэгч болно гэсэн сонголт хийлээ гэсэн хүмүүс их байсан. -Манай улсын дарга, удирдлагууд Путин гэхээс айдаг, чичирдэг болчихсон нь нууц биш. Дайны үед том гэрээ хийж хүртэл үүнийгээ баталж байх шиг?

-Оросын цэргийн тусгай ажиллагаа гээд байгаа энэ дайн уг нь 3-4 хоногт дуусч Путин гуравдугаар сарын 2-нд Киевт ирж ажиллагаа гэгчээ амжилттай дууслаа гэж ялалтын баяраа хийх төлөвлөгөөтэй байсан. Гэтэл 10 гаруй хонож байна. Путин ялагдсан. Авлигажсан генералууд нь түүнийг вакумжуулж, хүчирхэг армитай гэж хууран мэхэлсээр энэ дайнд асар их хохирол амсаж байна. Санхүү эдийн засгийн хувьд бүрэн дампуурах нь. Сая сая жирийн иргэдийн олон жил цуглуулсан хуримтлал нь үгүй болно, олон зуун компаниуд нь дампуурна, олон сая хүмүүс ажилгүй болж ядууралд нэрвэгдэнэ. Энэ бол бодит байдал.

Хойд хөрш маань ийм хүнд байдалд орж байхад галзуурсан удирдлагыг нь дагах уу, эсхүл жирийн иргэдийг нь бодох уу гэдэг маш чухал. Орос орон, Оросын жирийн иргэдийг бодвол яавч Путинг дэмжихгүй, дайны эсрэг байр суурьтай байх ёстой. Гэвч манай төрийнхөн Оростой адил авлигад идэгдсэн тул худал хуурмаг мэдээлэлд автагдсан хэдэн дарга нар нь хоосон вакумд орчихсон. Энэ вакум хэт томорвол нэг өдөр тэсрэх нь гарцаагүй. Тиймээс асуудалд илүү рациональ байдлаар хандах нь зүйтэй.

-Зөвхөн дарга нараар тогтохгүй, Монголын нүүр царай болсон, үндэсний үйлдвэрлэгчид, бизнесийнхэн ч ерөөс ийм ард түмний эв нэгдэл, эрх, эрх чөлөөний асуудал дээр дуугардаггүй. Иргэд нь л тэмцдэг, цагдаа хуулийнхан нь дарчихдаг болчихоод байгаа. Ардчилсан улс гэдгээрээ хүчээ нэгтгээд эхэлбэл өнөөдрийнх шиг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх хаагдахгүй биш үү?

-Төр бизнесийг дэмжих ёстой, дэмжээд улс орноо хамтдаа хөгжүүлье гээд бизнесийг томоор хийж байгаа манай хэдэн хувийн хэвшлийн ихэнх нь төрийн татаас, хөнгөлөлт, бага хүүтэй зээлийн араас гүйсээр байгаад төрийн хамсаатнууд болчихсон. Хамтарч хамсаж татвар төлөгчдийн мөнгөнөөс нийлж хусдаг болчихсон нь нууц биш. Тиймээс тэд Оросын олигархиудын адил төрийн пропагандааг дагаж дэмжихээс өөр аргагүй болдог.

Ямар ч бизнесмэн ашгийн төлөө, хувийнхаа ашиг сонирхлын төлөө ажилладаг. Гэвч тэр ашгаа бусдыг хохироож олох уу, эсвэл хэнийг ч золиослохгүй олох уу гэдэг нь асар их ялгаатай, ёс суртахууны асуудал. Тиймээс ЖДҮ, Хөгжлийн банк, элдэв сангийн хөтөлбөр, бага хүүтэй зээл авч бусдыг хохироож байгаа бизнес бол цэвэр бус, ёс зүйгүй, шударга өрсөлдөөнгүй бизнес. Ийм хүмүүс төрийн дарамт шантаажинд орж айдаст автагдсан байдаг тул өөрсдийн итгэл үнэмшил, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй, хулчгар байдалтай байдаг нь маш харамсалтай.

Categories
мэдээ нийгэм

“Бүргэдийн баяр” энэ сарын 12-ны өдөр болно || DNN.mn


“Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр-2022” наадам Улаанбаатар хот, Түргэний аманд байрлах “Монгол-Кувейтийн байгаль хамгаалах төв”- д энэ сарын 12-ны өдөр болохоор болжээ.

Бүргэдийн баяраар бүргэдчид бүргэдээ хэрхэн сургасан байдлыг шалгаруулах үзүүлбэр, казахын ард түмний уламжлалт тоглоом тулам булаалдах /көкпар/ тэмцээн, урлагийн тоглолт, шонхор шувууны үзүүлбэр, олон үндэстэн ястны хувцас шалгаруулах, бүргэдээр ан бариулах шувуулахуйн үзүүлбэрүүдийг тус тус үзүүлэх аж.

Мөн үйл ажиллагааны хүрээнд “Аялал жуулчлал ба Бүргэдийн баяр” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 11-ний өдөр зохион байгуулах юм байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

“Мэлмэртэл уйлаад мэлмий минь сохорчихгүй л байлгүй дээ, ээж минь…” || DNN.mn

Хүмүүнлэгийн их сургуулийн багш Д.Дагиймаа нэгэн түүхийг үе үеийн оюутнууддаа, ихэд хичээнгүйлэн ярьдаг. Ярьсаар ч байгаа. Багш хүн гэдэг мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварт зааж сургахаас гадна тухайн шавиа амьдралын их далайд зүг чигтэй, ёс зүйтэй, хүн шиг хүн байхыг зөвлөж, үлгэрлэж байдаг. Тэр утгаараа багшийн ярьсан сургамжит түүх өдгөө ч бидний амьдралд хэрэг болсоор буй.

Нэгэн хараагүй охин ээждээ ихэд хорсож “Мэлмэртэл уйлаад мэлмий минь сохорчихгүй л байлгүй дээ, ээж минь. Та надаас тэр гайтай утсыг булааж аваад, өгөхгүй л байхгүй дээ. Утас үзээгүй гэж уурлаж, уйллаа гээд нүд минь сохорчихгүй шүү дээ, ээж ээ” хэмээн хорсолтойгоор орилсон гэдэг.

Энэ охин одоо дөнгөж 18-тай. Хүүхэд байхдаа юу хүссэн болгоноо уйлж байгаад авчихдаг муу занд эцэг, эх нь сургажээ. Тэр зангаасаа болоод өдгөө хараагүй болсон байна. Амьдрал дээр иймэрхүү тохиолдол цөөнгүй. Сүүлийн үед ухаалаг утсыг ой хүрээгүй хүүхдээс эхлээд орчноо мэдрэхгүй болтлоо оролдох хөгшчүүл ч байна.

Нас биед хүрсэн хүмүүс ч яахав гэхэд бяцхан балчир хүүхдүүддээ утас, сэрээ, халбага, хайч, хутга, шүдэнз гэх мэт эд зүйлээр битгий тоглуулаач ээ, эцэг эхчүүд ээ. Тэр дундаа эмээ, өвөө нар ач, зээгээ буруу эрхлүүлж тоглуулснаасаа болоод бие, эрүүл мэндээрээ бяцхан хүүхдүүд тань энэ мэт хохирсоор байгааг анхаарна уу. Өнөөдөр миний хүүхэд уйлаад байна, за яахав өгчихье гэсэн хандлага чинь ирээдүйд таныг зэмлэх, яллах, үзэн ядах сэтгэлийн үндсийг тавьж өгч байна гэдгийг ухаараарай. Өнөөдөр утас өгөөгүй гээд хүүхэд тань уйлж л байг. Ирээдүйд эрүүл саруул өссөндөө танд баярлана. Өнөөдөр хүүхдэдээ утас өгөөд уйлуулахгүй байж болох ч ирээдүйд таны хүүхэд харааны, эсвэл оюун санааны бэрхшээлтэй болчихоод дээрх үгийг хорсолтой нь аргагүй хэлэх вий.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Apple” шинэ бүтээгдэхүүнүүдээ маргааш танилцуулна || DNN.mn

“Apple” шинэ бүтээгдэхүүнүүдээ III сард танилцуулна“Apple” компани шинэ бүтээгдэхүүнүүдээ 2022 оны гуравдугаар сарын наймны өдөр танилцуулахаар төлөвлөж байна.

Тус компани “iPhone”-ийн шинэ загвар болон “iPad”-ийн шинэчилсэн хувилбараа танилцуулахаар байгаа юм.

Шинэ загварын “iPhone” илүү хурдан процессортойгоос гадна 5G төхөөрөмж суурилуулсан гэдгээрээ онцлог байгаа аж. 2020 оны “iPhone SE” загвартай ойролцоо хэмжээтэй байх ба хэрэглэгчдэд илүү хямд үнэ санал болгох юм байна.

Categories
мэдээ улс-төр

МоАХ-ны тавдугаар их хурал эхэллээ || DNN.mn

МоАХ-ны тавдугаар их хурал эхэлж байна. Их хуралд оролцох 500 гаруй төлөөлөгчид оролцохоор мандат тараагдсанаас 382 хүн танхимд цуглажээ.

Энэ хуралдаанаар Засгийн газарт хүргүүлэх шаардлагын төслийг хэлэлцэх аж. 60 тэрбумын асуудал, ЖДҮ, Хөгжлийн банкны зээл, Ковидын хуулиар төсвийг хяналтгүй зарцуулсан, сонгон шалгаруулалтгүйгээр 6 000 хүнийг төрийн албанд томилсон зэрэг асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэх аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Энэ хавар, зуны тренд болох 6 өнгө || DNN.mn

Энэ оны хавар, зуны улиралд таны анхааралдаа авах хэрэгтэй гол өнгөнүүдийг нэгтгэн хүргэж байна.

Ирэх улиралд анхааралдаа авах 6 өнгө:

Номин цэнхэр

2020 оны хавар-зуны улиралд тренд болоод байсан номин цэнхэр өнгө ирэх улиралд ч мөн зонхилох хандлагатай байна. Загварын орднууд номин цэнхэр өнгө ашиглахдаа сонирхол татам эсгүүр, зөөлөн торго болон үслэг материалтай хувцас, урт бээлий зэргийг урласан байлаа.

Солонгон

Chloé, Botter, Dries van Noten, Christopher John Rogers зэрэг брэндүүд эрх чөлөө болон эерэг хандлагын бэлгэдэл болсон солонгон өнгийг шинэ улирлын цуглуулгууддаа онцолсон юм.

Пастель шар

Пастель шар өнгө хэзээ ч моданаас гарахгүй гэдгийг загвар зохион бүтээгчид улирал бүр баталсаар байна. Jil Sander, Victoria Beckham ажил хэрэгч бүсгүйчүүдэд тохиромжтой загваруудыг танилцуулсан бол Emilio Pucci өдөр тутмын топ болон юбканы хослол, харин MGSM романтик хэв маягтай даашинз урлажээ.

Тод улбар шар

Сүр жавхлантай байдлын илэрхийлэл болох улбар шар өнгө хэд, хэдэн цуглуулгад шингэсэн байлаа. Шинэ улиралд зориулж Coperni брэнд улбар шар өнгийн спорт стилийн футболка танилцуулсан бол Proenza Schouler сул өмсгөлтэй макси даашинзыг урлаж, харин Dior классик хэв маягийн хослол толилуулсан байна.

Very Peri

Pantone өнгөний институт 2022 онд зориулж түүхэндээ анх удаагаа бэлэн байгаа өнгөний сонголтуудаас биш, харин цоо шинэ 17-3938 гэх кодтой өнгийг зохиосон бөгөөд үүний үр дүнд “Very Peri” хэмээх шинэ өнгийг гаргасан билээ. Ерөнхийдөө нил ягаан өнгийг санагдуулах тус өнгийн хувцас, аксесуарууд шинэ улиралд маш эрэлттэй байх нь ойлгомжтой.

Усан ягаан

Энэ оны хавар-зуны улиралд эмэгтэй хүний зөөлөн, уян хатан чанарыг төгс илэрхийлэх усан ягаан өнгөөр төрхөө бүрдүүлэхийг зөвлөж байна.


М.САЙНЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд дархлаажуулалтын 35 цэг ажиллана || DNN.mn

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 35 цэгт 35 багийн 142 эмч, ажилтан ажиллана. Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Батбаяр: Цагдаа нар албан тушаал, нэр хүндээ хамгаалахын тулд бусдын зөрчлийг гэмт хэрэг мэтээр нийгэмд ойлгуулж байгаад харамсаж байна || DNN.mn


Кофены хэргээр олон нийтийн анхааралд орчихоод байгаа Б.Ариунзаяагийн аав, АН-ын хуулийн зөвлөх Г.Батбаяртай ярилцлаа.


-Миний охины үйлдэлд сургуулиас нь хөөж, цагдаад шалгуулж, олон нийтэд гутаалгах зэргээр маш олон шийтгэлийг давхардуулж байна-


-Өнгөрсөн долоо хоног хувьд танай гэр бүлийн хувьд хүнд долоо хоног болж өнгөрөх шиг боллоо. Охины үйлдлийг бид ярихгүй, хууль шүүхээрээ шийдэгдэх асуудал. Харин түүнийг тойрсон үйл явдал анхаарал татлаа?

-Би эхлээд мэдээгүй байсан боловч хэсэг хугацааны дараа хэвлэлээс олж мэдсэн. Маргаан бүхий үйл явдал гурван хэсэг үйлдлийг хамарч байна гэж үзнэ. Эхнийх нь танхайн шинжтэй үйлдэл буюу хэсэг охид кофе шопт суужээ. Охиныг минь ширээнд суугаад захиалга өгөх хүртэл 20 орчим минутын турш олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хатгах, амгалан тайван байдлыг алдагдуулсан шинжтэй үйл хөдлөлийг гаргаж, тасралтгүй муухайгаар харж, түүнийг шоолон хөхрөлдөж, эвгүй дуу авиа гаргах зэргээр Зөрчлийн хуулийн 5.2.1-д заагдсан танхайн шинжтэй үйлдлийг гаргасан байна.

Охин захиалсан кофегоо авчихаад охид руу очиж “Та нар зүгээр үү, намайг таньдаг юм уу” гэх зэргээр асуулт асууснаар маргаан үүссэн байна. Хариуд нь хохирогч гэх охин “Чи хэн бэ, надтай хэн ч ингэж харьцдаггүй, хөгшин п… минь, я…минь” гэх мэтээр доромжилсон. Охин хариуд нь “Та нар надаас дүү хүүхдүүд байна, та нартай харьцах шаардлага алга” гээд цаашаа эргэсэн. Нөгөө охин хормойноос татаж чангаагаад “Надаас уучлалт гуй, сөгдөж мөргө” гэсэн байдлууд танхайн үйлдэлд хамаарна. Охин маань “Мөргөдөг нь би биш” гэдэг байдлаар кофегоо асгасан. Энэ хүртэл миний охины гэм буруутай үйлдэлд хамаарна. Үйлдэл тус бүрээр нь гэм буруутай шинжид нь хариуцлага оногдуулах ёстой. Эхний хэсгийн кофе асгах хүртэл үйдэл дээр М охин танхайн үйлдэлдээ зөрчлөөр хариуцлага хүлээх үүрэгтэй. Хятад, Солонгос, Японд гурван секундээс илүү удаан ширтэхийг хориглодог. Гэтэл манайд үүнийг хуульчлаагүй учраас энэ төрлийн маргаан маш их гардаг.

-Охиныхоо буруутай үйлдлээс өмнө бусдын бурууг яриад эхэлж болох уу?

-Түүнээс хойших кофе асгаж байгаа үйлдэл нь миний охин хариуцлагаа хүлээх нь шударга, зүй ёсны асуудал. Гэмтлийн зэрэг гарвал гэмтлийн зэргээрээ, гарахгүй бол зөрчлөөрөө торгуулж таарна.

-Тэгвэл гурав дахь асуудал нь?

-Кофе шопын гадна зууралдаж байгаа үйл явц. Нэг эрэгтэй, гурван эмэгтэй, тоо хүчний хувьд давамгай байдалтайгаар миний охин руу довтолж “Чи солиотой юм уу, араа харж яваарай, ална шүү” гээд орилж байгаа нь бичлэгээр баримтжуулагдсан. Миний охиныг хоёр талаас нь бичлэг хийж байгааг харсан байх. Тэр бичлэгийг тасалж олон нийтэд тараахаас өмнөх үйл явц дээр залуу нь охиныг минь элдвээр доромжилж, биед нь халдсан байдаг. Тэр үйлдэл дээр нь залуугийн эсрэг гомдол гаргасан байгаа. Хэдийгээр хүн гэм буруутай үйлдэл гаргасан байж болох боловч түүнийг таслан зогсоох зорилгоор хүний биед халдах эрх тухайн эрэгтэйд байхгүй.

-Эцэг хүний хувьд…?

-Охиноо өмөөрнө. Ямар ч тохиолдолд хүний жам ёсны сэтгэлгээний хувьд охиноо өмөөрч таарна. Гэхдээ охин маань буруу үйлдэл хийсэндээ хариуцлагаа хүлээх нь зүйн хэрэг. Биеэ барьж чадаагүй, хүний толгой дээр кофе асгаж байгаа үйлдэл бол туйлын буруу.

-Анх танай охин цагдаагийн хэлтэс дээрээс хийсэн бичлэгээ цацсанаар л асуудал хөврөөд явчих шиг боллоо?

-Тэгсэн. Миний охиныг цагдаагийн байгууллага дээр очсоных нь дараа цагдаа Батзориг дүрмийн бусаар харьцаж, орилж, бархирч, гар утсанд нь хүрч, түлхэн унагаах зэргээр хүндэтгэлгүй харьцаж байгаа нь Цагдаагийн ёс зүйн дүрмийн 2.4.1, 2.4.2-ийг зөрчсөн. Уг нь хоёр хүүхэд эвлэрээд, бие биенээсээ уучлалт гуйгаад гар бариад, гомдол саналгүй гээд салаад явчихсан байдаг. Гэтэл цагдаагийн ёс бус, дүрмийн бусаар, эрүү шүүлт тулгах хэлбэрээр харьцаж байгаа бичлэг нь олон нийтийн сүлжээнд тавигдангуут нөгөө хохирогч охиноос байцаалт авч шинжээч томилох зэргээр үйл явдал өрнөсөн байна. Ингээд хохирогч М гэх охин шөнийн 23:00 цагийн үед кофе шопт болсон үйл явдлын бичлэгийг цацсан. Ингэж л үйл явдал өрнөсөн.

-Байзаарай, хоёр охин эвлэрсэн байсан гэв үү?

-Зөрчил маргаан үүсмэгц цагдаад дуудлага өгсөн. Цагдаа дуудлагаар ирэхэд охид хоорондоо ойлголцоод “Бид хоёр эндээс салчихъя, гомдолгүй” гэхэд цагдаа нь “Нэгэнт дуудлага өгсөн юм чинь хэлтэс дээр очоод мэдүүлэг өгөөд яв” гэсэн байна. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очоод нөгөө охин нь түрүүлж мэдүүлгээ өгөөд яваад өгсөн. Миний охин мэдүүлэг өгөхөөр үлдсэн. Ингэхдээ хоёр хүүхэд нэгнээсээ уучлалт гуйсан. Нөгөө охин танхайн үйлдлээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан, миний охин кофе асгасан үйлдэл дээрээ уучлалт гуйсан.

Тэр үед охины толгой, дух гэмтэлгүй байсан. Энэ нь кофе шалзлам халуун байгаагүй байх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзнэ. Гэхдээ ямар ч байдалд байсан гэсэн кофе асгаж байгаа нь миний охины туйлын буруу. Гэхдээ үүн дээр ялгамжтай авч үзнэ.

-За…

-Сэтгэл санаа цочрон давчдах, хүндээр доромжлогдсоны улмаас хүний биед хөнгөн, хүнд, хүндэвтэр хохирол учруулах гэсэн гэмтлийн зэрэглэл байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2.1-д гэмт хэрэг гарах болсон үндэслэл, шалтгааныг тогтоохдоо хэзээ, хаана гарсан, хэн үйлдсэн, яаж гарсан гэдгийг мөрдөгч заавал нотлох үүрэгтэй. Дээр нь олон нийтэд тараад байгаа бичлэг бол дундаас нь тасалж, өөрт ашигтай байдлыг гаргаж тавьсан дуу дүрсний бичлэг яваад байгаа. Ердийн байдлаар рек дараад явж байна уу, эсвэл эхлэх товчлуур асааж нэлээд бичигдсэний дараа түүнийг зогсоож тасалж, ашигтай байдлын хэсгийг тавиад байна уу. Үүнийг мэргэжлийн шинжээчийн байгууллага тогтооно гэх мэтчилэн маш олон маргаантай зүйлүүд үүсч байгаа.

-Та бичлэгийг юу гэж үзэж байгаа юм?

-Зориуд өөрт ашигтайгаар бичлэгийг ашигласан. Өөрт давуу байдал үүсгэх гэж, өөрийнхөө хууль бус үйлдлийг халхавчлах, нуун дарагдуулах зорилгоор таслаад байгаа юм уу. Яагаад бичлэгийг бүтнээр нь тавихгүй байгаа юм бэ. Гадна бүр хоёр охин бичлэг хийж байна лээ. Хоёр талаас нь бичээд байгаа хэрнээ яагаад тэр бичлэгүүд хоёул өшиглөж байгаа үйлдлээс эхэлж, миний охины явах үйлдэл дээр зэрэг тасарч байгаа. Энэ нь бичлэгийг засч янзалсныг нотолно. Нэгэнт дотор бичлэг хийж эхэлсэн бол тэр бичлэг гадна гартал үргэлжилсэн байна. Миний охиныг явах гэхэд татаж чангаагаад, “Чи муу байж бай, хөгшин авгай минь. Чамайг жинхэнэ байхгүй болгоно” гэх зэргээр доромжилж бичлэг хийчихээд тэр нь яагаад бүтнээрээ байхгүй байгаа нь хууль бус үйлдэл байгааг харуулна.

-Бичлэгийг таслах нь юунд хэрэгтэй гэж. Би ч бас асуумаар байна?

-Энэ бол цагдаагийн байгууллагын ажилтан Батзориг нь өөрийнхөө гэм буруутай үйлдлийг далдлах зорилгоор, дараа нь хохирогчидтой үгсэн хуйвалдаж, зориудаар тараасан үйлдэл юм болов уу гэж би хардаж байна. Хуулийн дор иргэн бүрт тэгш эрхийн зарчим үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, миний охин ч хариуцлагаа хүлээнэ, бусад этгээгдүүд ч хүлээнэ. Эрүүгийн хуулийн 21.12.1 гээд эрүү шүүлт тулгах гэснээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг буруутгасан үйл баримт бий. Энэ зүйл анги дээр “Төрийн албан хаагч ял, шийтгэл оногдуулах зорилгоор бусдын бие махбод, сэтгэл санаанд шаналал үүсгэсэн бол 1-5 жилээр хорино” гэж заадаг. Энэ зүйлд зэрэг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнээр шийтгэл онооно. Цагдаагийн ажилтан Батзориг ч энэ зүйл ангиар шалгагдах ёстой гэж үзэж байгаа. Нөгөө талд өөрийнхөө ажилтны гэм буруутай үйлдлийг халхавчлах, цаашлаад цагдаагийн байгууллагын нэр хүндийг хамгаалах, хоосон нэр төр, алдар хүнд, эдийн бус баялгийн төлөө цагдаа нар нэг иргэний эрх зүйн байдлыг дордуулах эрх байхгүй.

-Кофе асгасан бичлэг нэг ёсондоо хэргийн гол баримт нотолгоо. Цагдаагийн мөрдөн байцаалтад байгаа ийм ноцтой баримт шөнө дөлөөр олон нийтийн сүлжээнд цацагдах нь зөв үү. Мөрдөн байцаалтын нууц гэж юм байх уу?

-Мөрдөн байцаалтын нууц задруулах гэсэн Эрүүгийн хуулийн 21.9.1 дэх хэсэгт заагдсан зүйл анги байна. Үүнд мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтыг прокурорын зөвшөөрлөөр тодорхой хэсгийг олон нийтэд түгээх, задруулж болох тухай заасан байдаг. Кофе шопын бичлэг бол 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр 17:00 цагийн орчимд хэрэг бүртгэлийн хэрэгт авагдчихсан баримт. Гэтэл энэ баримт хавтаст хэрэгт CD хэлбэрээр орчихсон байхад хэн нэгэн олон нийтэд тараасан үйлдэл ажиглагдаж байна. Үүнийг прокурорын зөвшөөрлөөр тараасан юм уу, эсвэл хохирогчид тараасан уу гэдэг дээр өргөдөл гарган шалгуулна.

-Прокурор шөнө зөвшөөрчихсөн юм уу даа?

-Оройн 23:00 цагаас эхлээд тэр бичлэг цацагдсан баримт байна. Тэр үед охин маань нөгөө охин руугаа яриад “Хоёулаа эвлэрсэн биз дээ. Яагаад цацаад байгаа юм бэ. Эмчилгээ шаардлагатай бол эм тариа авч өгье” гэсэн. Хариуд нь “Би санамсаргүй тавьчихаж, удахгүй устгачихъя” гэж хэлээд л цацсан байгаа юм. Тухайн өргөдөл прокурорт танилцуулагдах хуульд заагдсан хугацаа болоогүй байгаа нь энд гэмт хэрэг үйлдэгдсэн байгааг харуулж байна.

-Хохирогч охин өөрөө бичлэгийг түгээсэн байх нь ээ?

-Хохирогч гэх М-ыг зориудаар ятгаж, цацуулсан гэж үзэж байна. Охин хэн нэгний даалгавраар сошиал сүлжээнд оруулсан. Үүнээс харахад нэг бол охин мөрдөн байцаалтын нууцыг өөрийн санаачилгаар задруулсан, эсвэл мөрдөгч задруулсан болж таарах үндэслэл бүрдэж байна. Учир нь цагдаагийн дүрмийн бусаар аашилж байгаа бичлэг 16:00 цагаас 23:00 цагийн хооронд сошиалд битүү тарчихсан байсан. Гэтэл буцаагаад 23:00 цагт кофе шопын бичлэгийг гаргаж ирсэн. Тэгэхээр гэм буруутай этгээд санаатгайгаар бичлэгийг өөрт ашигтай байдал үүсгэхээр тараасан байна гэж үзэхээс өөр аргагүй.

-Цагдаагийн гаргасан ааш авирын талаар ч ярих ёстой. Кофены бичлэгээр энэ асуудал дарагдах гээд байна. Цагдаа гэрч, гэмт хэрэгтэн хэнийг ч доромжилж, гутааж, биед нь халдаж болохгүй гэж хуульд заасан байдаг гэж ойлгодог шүү?

-Охин маань цагдаагаас бие засах зөвшөөрөл авахыг хүссэн. Хариуд нь “Суу чи” гээд л сүрдүүлээд эхэлсэн байна. Шүүх хурал, хорих газар хаана ч хүн бие засмаар байна гэхэд шууд зөвшөөрдөг. Энэ бол хүний бие организмын жам ёсны заавал эдлэх ёстой эрх. Гэтэл хэргийг шалгаагүй, харьяаллын бус маргаанд мөрдөгч хөндлөнгөөс нь орж ирж, ял, шийтгэл оногдуулах зорилгоор бие махбод, сэтгэл санаанд шаналал зовиур үүсгэх аргаар эрүү шүүлт тулгаж байгаа хэлбэр. Иргэнийг бие засуулахгүй гэж заналхийлээд, халдаад байгаа нь хууль ёсны шаардлагад тооцогдохгүй.

-Цагдаа “Чи юу юм, хэн юм бэ” гэж ирээд өндөр дуугаар зандарч байсан нь муухай харагдсан л даа?

-Ер нь цагдаа, хүчний байгууллага дээр тухайн субьект гэмт хэрэг үйлдсэн, эсвэл амьдралын түвшин доогуур, дорой хүн байсан ч төрийн албан хаагч давуу байдал үүсгэвэл Үндсэн хуулийн 14.2, Эрүүгийн хуулийн 14.1-д заагдсан ялгаварлал гэсэн гэмт хэргийн шинж үүсч байдаг. Хэнийг ч шашин шүтлэг, албан тушаал, үзэл бодол, арьс өнгөөр ялгаварлахыг хориглоно гэдэг. Гэтэл цагдаа нар албан тушаалын байдал, нэр хүндээ хамгаалахын тулд бусдын зөрчлийг гэмт хэрэг мэтээр нийгэмд ойлгуулж, өөрсдийн гэм бурууг халхавчлах гэж оролдсон үйлдэл гэж үзэж байгаа.

-Хэрэв цагдаагийн бичлэг цацагдаагүй бол нөхцөл байдал ингэж эргэхгүй байсан болов уу?

-Ерөөсөө л тэр. Хэрэв байцаагч Батзоригийн бичлэгийг тавиагүй бол ийм нөхцөл байдалд хүрэхгүй.

Мөн энэ асуудал дээр үйл явцууд маш хурдтай өрнөж байна. Мөрдөн шалгах ажиллагаа ийм хурдан явдаг бол иргэд баярлана. Аливаа хэрэгт шинжээчийн дүгнэлт гарснаар эрүүгийн хэрэг үүсдэг. Дүгнэлт 14-21 хоногийн дараа гардаг. Гэтэл миний охины асуудал дээр шинжээчийн дүгнэлт нэг өдрийн дотор гарчихсан. Араас нь прокурор хуурамч аккаунтны постыг шүүхэд нотлох баримт болгон хилийн хориг тавиулсан.

-Хилийн хориг тавьсан шүүх хурал дээр огцрох шийтгэл авсан Х.Идэр шүүгч орсон харагдана лээ. Бас л сонин дүр зураг харагдаад явчихсан шүү?

-ШЕЗ-өөс шийтгэл авсан шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлдэг. Ийм ажиллагаа яваагүй тохиолдолд шүүх хуралд орох бүрэн эрх нь нээлттэй л дээ. Гэхдээ үнэхээр миний охины асуудал дээр шударга ёс тогтооё гэж байгаа юм бол энэ асуудлыг анхаарах л ёстой.

-Үргэлжлээд сургуулийн асуудал бослоо. Хэдэн мянган оюутан нэг өдрийн дотор гарын үсэг цуглуулаад МУИС-ийн Хууль зүйн сургуульд хүргүүлсэн. Сургуулийн захиргаа охиныг тань хөөж байгаагаа хэвлэлийн хурлаар мэдэгдлээ?

-Миний охин гурван орны хэлээр чөлөөтэй ярьж бичдэг мэдлэг, чадвартай хүүхэд. Зургаан наснаасаа л Найрамдал, Үй цай, Байгаль-эх лицей гээд МУИС-ийн лицей сургуульд ерөнхий боловсролыг эзэмшсэн. Хуульч болгохоор бэлдэж байгаад л МУИС-ийн Хууль зүйн сургуульд охиноо оруулсан. Таван жил сурсан, энэ тавдугаар сард төгсөх ёстой байсан. Харамсалтай л байна.

-Сургуулийн шийдвэрт нэлээд хэсэг нь алга ташиж байх шиг байна?

-Нэгдүгээрт, МУИС бол захиргааны байгууллага биш, боловсролын байгууллага. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27-д тухайн захиргааны актын үйлчлэлд өртөж байгаа этгээдэд сонсох ажиллагаа заавал явуулах тухай заасан. Тэр хүнд өөрийгөө өмгөөлөх эрхийг нь үлдээж өгдөг. Үндсэн хуулийн 16.14-т ч бий. Гэтэл тэр эрхээр нь ч хангахгүйгээр, найзуудынхаа групп чат руу явуулсан бичлэгийг нь хармагцаа “Энэ оюутан ер нь хийсэн хэрэгтээ гэмшихгүй байгаа юм байна” гэсэн дүгнэлт гаргаад шийдвэрлэсэн нь дэндүү хөнгөдчихлөө.

-Гэхдээ охин тань золбин сургууль хэрэггүй гэж ирээд бичсэн юм биш үү?

-Хэн нэгэн этгээд миний охины нэр, зургийг ашиглаж, хуурамч аккаунт нээгээд золбин сургууль, золбин улсаас чинь явна гэх зэрэг пост тавьсныг нь сургууль битгий хэл прокурор хүртэл баримт болгоод барьчихсан шүүх дээр мэтгэлцэж байна. Гэтэл одоо энэ баримтыг миний охин бичээгүй гэдгийг шалгаж тогтоох ёстой байтал хангаагүй нь асуудалд хэтэрхий хөнгөн хуумгай хандаж байгааг харуулж байна.

-Та сонсох ажиллагаа гэж хэллээ. Сургуулийн захирал, багш нарын хэлснээр бол охин утсаа авахгүй байгаа, хэл дуулгаж мессэж үлдээсэн гэж мэдэгдэнэ лээ. Дээрээс нь сургуулиас хөөх саналыг үндэслэж хуулийн заалтууд ч эшилж харагдсан?

-С.Нарангэрэл багшийн хэлээд байгаа шиг энэ үйл явдал нь хүмүүний ёсыг үндэслэсэн болохоос биш Үндсэн хууль хамаагүй гэж яриад байгаатай санал нийлэхгүй. Би тэр хурлыг хальт харсан л даа. Хуулийн ямар заалтыг үндэслэж байгааг харъя гэж бодсон. Монгол Улсын дээд боловсролын тухай хуулийн 6.2, 45.6-г үндэслэж байна гэж С.Нарангэрэл гуай тайлбарлаж байгаа харагдсан. Гэтэл Дээд боловсролын тухай хууль өөрөө 20 орчим заалттай. Ийм хууль байхгүй. Дээд боловсролын тухай хууль гэж байгаа. 6.2 заалт нь хүчингүй болчихсон хууль юм.

-Нөгөө талд хүний боловсрох эрх гэж том юм бий. Үндсэн хуулиар олгоод өгчихсөн. Өнөөдөр шоронгийн хоригдлууд хүртэл энэ эрхээ эдэлдэг биз дээ?

-Үндсэн хуулийн 16.1-д иргэний баталгаатай эдлэх эрх, 16.7-д хүн сурч боловсрох эрхтэй гэснээр хүний сурч болосврох эрхийг ямар ч тохиолдолд юугаар ч хязгаарлах боломжгүй байдаг. Харвард, Оксфордын сургууль хүртэл шоронгийн ялтнууд өөрсдийнх нь сургуулийг төгсөж, докторын зэрэг хамгаалдгийг бахархал болгон дэлхий нийтэд тунхаглаж байна. Энэ нь хүний сурч боловсрох эрхийн мөн чанар юм. Гэтэл манайд эсрэгээр нь сургуулийн нэр хүнд гутаасан хэрэг болж таарч байна.

-Шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй байхад шууд шийтгэчихэж байгаа нь анхаарал татаж байна л даа. Дээр нь шийтгэхэд авч байгаа үндэслэл нь хуульдаа нийцэж байна уу гээд хуульч биш хүмүүс харахад л эргэлзээтэй. Та ч бас харсан байх?

-Иргэд утасны цаанаас олон нийтийн сүлжээнд сэтгэгдэл бичих хэлбэрээр бусдын гэм бурууг шүүж, өөрсдийн санал бодлыг илэрхийлмэгц түүнийг нотлох баримтаар үнэлж дүгнэн богино хугацаанд сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргаж байгаа нь олон нийтэд хүндлэгдсэн хуульчидтай сургууль гэхэд учир дутагдалтай, харамсалтай санагдаж байна. Гэхдээ энэ шийдвэр эцсийнх болоогүй. Зөвхөн саналын түвшинд явсан. Ийм болохоор тухайн шийдвэрт эргэж харж үзэх, хүчингүй болгох боломж олдох байх гэж найдаж байна.

-Танай охин 40 гаруй гэмт хэрэгт холбогдож байсан гэх юм. Үүнийг сонссон хэнбугай ч цочирдохоор байна. Үнэн үү?

-Зөрчлийн тухай хуулийн 14.7 дахь хэсэгт заагдсан тээврийн хэрэгслийн зөрчилтэй холбоотой хэргүүдийг гэмт хэрэг мэтээр олон нийтэд тайлбарлаж байгаа нь цагдаагийн байгууллагын буруутай үйлдэл. Төрийн болон албаны нууцын тухай хуульд хамаарах АСАА санд хадгалагдаж байдаг мэдээллийг хэн нэг нь зориуд санаатайгаар сэтгүүлч нарт гаргаж өгсөн байна.

Миний охины нэр дээр миний машин болон өөрийнх нь машин байдаг. Миний улаан гэрлээр ордог, дугаарын хязгаарлалтыг зөрчих, эгнээ байр буруу эзлэх зэрэг зам тээврийн торгуультай холбоотой зөрчлүүд байгаа. Үүнийг л миний охины нэр төрийг харлуулах зорилгоор тараасан байна. Миний хийж байгаа ажил болон би өөрөө охиндоо түвэг чирэгдэл учруулж байна гэж өөртөө харамсаж, өөрийгөө буруутгаж байна. Ер нь бодолтой байх ёстой юм байна.

-Охины асуудалтай зэрэгцээд аавынх нь нэр ч их явж байна. Ер нь танд олон нийт ихэд дургүй юм шиг харагдаж байна. Та ямар хэргүүд дээр ажилласан болоод өнөөдөр хүмүүс дургүйцээд байдаг юм бэ?

-Би маш олон стратегийн өмгөөлөл дээр ажиллаж байсан. Жишээ нь, олны анхаарал татсан хурандаа нарын хэрэг, Эрдэнэтийн маргаан, Дубайн гэрээг хүчингүй болгох, Халхголын 500 га чөлөөт бүс, Ноён уул, Улаанбадрахын ураны маргаан, гэр хорооллын барилгажилт гэх мэт маш олон нийтийн эрх ашгийг хамгаалсан маргаанууд дээр явж, том субьектүүдийн эрх ашиг сонирхлыг хохироосон, хөндсөн байдаг. Ийм болохоор би өөрийгөө эрсдэлтэй байдалд оруулжээ гэж бодож байна.

-Охин ер нь гэмших юм уу. Бичлэг, постноос нь харахад гэмших шинжгүй хүүхэд гэсэн ойлголт давлагаалаад байна?

-Миний охин энэ үйлдэлдээ анхнаасаа маш их гэмшиж харамсаж уйлж байсан. Гэхдээ арай ч амиа хорлох хэмжээнд хүрэхгүй. Ер нь амьдралд үхэл, өвчин хоёрыг л зовлонд тооцдог. Бусад нь асуудал бэрхшээл. Үйлдэл бүр тохирсон шийтгэлтэй байх ёстой. Ямар нэг үйлдлийг хэтрүүлж давхардуулан шийтгэхийг хориглож байдаг. Гэтэл миний охины үйлдэлд сургуулиас нь хөөнө, цагдаад шалгуулах, олон нийтэд гутаалгах зэргээр нэг үйлдэлд маш олон шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулж байгаа нь буруу.

-Гэр бүлийн хүмүүжлийн тухай энэхүү асуудал их яригдаж байгаа. Бараг дэд сэдэв болтлоо хүчээ авч байна?

-Гэр бүлийн хүмүүжил гэх асуудалд хүн төрөлхтний түүхэнд тогтоосон норм стандарт, дүрэм журам гэж байхгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 26.1 дээр эцэг эхийн хүлээх таван үүргийг хуульчилж өгсөн. Хүүхдийг дулаан орон байраар хангах, тэжээллэг хоол ундаар хангах, сурч боловсрох эрхээр хангах, ардын зан заншил, ёс суртахууны мэдлэг боловсрол олгох гэх мэт зүйлүүд байдаг. Мэдээж эцэг, эхийн хувьд хамгийн сайнаар нь хангахыг хичээж ирсэн. Ер нь ядуу, хүчирхийлэлтэй гэр бүлд хүүхэд буруу хүмүүжил олдог гэдэг ерөнхий ойлголт л байдаг. Би аль болох юмаар дутаахгүй, сурч боловсрох эрхээр хангаж, эцэг хүний үүргээ гүйцэтгэж ирсэн. Би охиноо буруу хүмүүжүүлсэн гэж бодохгүй л байна. Хүний гаргасан санаатай, санамсаргүй нэг үйлдлээр тухайн хүнийг бүхэлд нь дүгнэх боломжгүй. Алдаанаасаа суралцаад цаашаа хүн болж төлөвшиж байдаг.

-Охин тань “Миний аав том хүн байдаг, торгуулаад л өнгөрнө” зэргээр “томордог” гэх юм?

-Хохирогч гэх этгээдүүд тийм зүйлийг ярьдаг. Гэхдээ энэ нь баримтаар тогтоогдоогүй. Миний охин тийм зүйл ярих боломжгүй. Учир нь би өөрөө дайсан ихтэй, эрсдэлтэй байдалд ажилладаг учраас аль болох өөрсдийнхөө үр хүүхдийг нууж, эцэг нь гэдгээ мэдэгдэхгүйг хичээж байдаг.

Тийм ч учраас өнөөдрийг хүртэл Ариунзаяаг миний охин гэдгийг тэр болгон хүн мэддэггүй байсан. Би охиндоо итгэж байна, охин маань хэзээ ч тийм зүйл хэлэхгүй.

-Таны өмгөөлөгчийн эрх чинь сэргэсэн үү?

-Би эрхээ сэргээлгээгүй байгаа. 2019 онд нэг жилийн хугацаагаар хасуулсан. Сэргээх хугацаа нь болчихсон. Би одоо АН-ын хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа. Өмгөөллийн хуульд эрдэм шинжилгээ болон багшлахаас бусад ажлыг хийхийг хориглодог. Иймээс би эрхээ сэргээгээгүй, хэрэг маргаанд төлөөлөгчөөр ороод явж байна. Энэ нь ч надад амар байна.