Categories
мэдээ нийгэм

У.Хүрэлсүх: Олон хүүхэдтэй гэр бүлийг төрийн бодлогоор дэмжих нь чухал || DNN.mn

Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо. Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэн, баяр хүргэж үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт элбэрэлт сайхан ээжүүд, эрхэмсэг гоо Монголын сайхан бүсгүйчүүд та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхны дээдийг хүсэн ерөөе.

Дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх санаачилгыг 1910 онд Германы эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Клара Цеткин гаргаж, түүний үзэл санааг дэлхийн олон улс орон сайшаан дэмжсэнээр 1974 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас албан ёсоор тэмдэглэж байхаар тогтсон түүхтэй.

Монголчууд бид эрт дээр үеэс эмэгтэйчүүдээ эрхэмлэн хайрлаж, эхчүүдээ дээдлэн хүндэлж, гэрийн хэргээс төрийн хэрэг хүртэл үг сургаалыг нь сонсож, үйл хэргийг нь алдаршуулж ирсэн сайхан уламжлалтай билээ.

Аугаа хүчирхэг ард түмнийхээ их түүхийг бүтээлцэж, туурга тусгаар эх орныхоо гал голомтыг тууштай сахин хамгаалж, түүхэнд мөнхөрсөн ухаан хурц, дайчин цовоо бүсгүйчүүдээрээ бид бахархдаг.

Эвийн хүчийг илэрхийлсэн таван сумны сургаалаар домог болон мөнхөрсөн Алунгоо эх, тэсэшгүй бэрхийн дундаас дэлхийн талыг эзэгнэн боссон Их эзэн Чингис хааныг төрүүлж өсгөсөн Өүлэн эх, эвийг зангидаж, төрийг түшилцсэн Бөртэ үжин, Их хаадын эх болсон Сорхугтани бэхи, төрөө төвшитгөж, түмнээ нэгтгэсэн сэцэн Мандухай, үзэл бодол, үйл хэргээрээ түмнээ түүчээлж, шинэ үеийн хөгжил, дэвшлийн эхлэлийг тавилцсан С.Удвал, Э.Оюун гээд түүхэнд мөнхөрсөн олон сайхан ээжийнхээ хатан ухаан, зориг тэвчээр, баатарлаг үйл хэргийг бид үеийн үедээ мартах учиргүй.

Эхчүүдээ дээдлэн, эмэгтэйчүүдээ хүндэтгэж ирсэн түүхэн уламжлалаа бэхжүүлэн Ази тивээс анх удаа Монгол Улс 1924 оны Үндсэн хуулиараа эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд эрх тэгш хэмээн хуульчлан тогтоож, эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох улс төрийн эрх чөлөөг хангасан билээ.

Улмаар эмэгтэйчүүдийн анхны байгууллага болох “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг” байгуулж, даргаар нь Монголын шинэ цагийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн гэргий Дамдины Пагмадуламыг томилж байлаа.

Ази тивийн эмэгтэйчүүдийн ууган байгууллагыг ийнхүү Монголын эрдэм төгс, ухаан хурц, сайхан бүсгүйчүүд маань байгуулсан түүхтэй!

Өрх гэрийн амьдралд, үр хүүхдүүдийн хүмүүжилд, улс орны хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн үүрэг асар их. “Айлд нөхрийн нэрээр орж эхнэрийн нэрээр гардаг” гэж манай ард түмэн ярьдаг. Энэ үгнээс айл гэрийн амьдралд үзүүлдэг эмэгтэй хүний нөлөө, байр суурь тов тодорхой харагдаж байна.

Энхрий үрсээ энгэрээсээ ундаалж, элэг зүрхээрээ энэрэн хайрладаг шигээ хатуу бүхнийг аргадан зөөллөж, хосгүй сайхан сэтгэлээр бусдын төлөө зүтгэдэг, халамж хайрын дээд, хайрын бурхан болсон бүсгүйчүүд та бүхэндээ эрчүүд бид үргэлж талархаж явдаг билээ.

Хэцүү бэрхийн өмнө унаж босож, уруудаж өгсөж явахад эрчүүд биднийг хажуу дэргэдээс минь түшдэг ханийн сэтгэл, эхийн хайр шиг аугаа зүйл энэ хорвоод үгүй билээ.

Ийм л аугаа амьд бурхад учраас бүсгүйчүүд та бүхнээ “Монголын үзэсгэлэнт сарангоо, намайг төрүүлсэн ижий” хэмээн манай ард түмэн найраг шүлэгтээ магтан дуулдаг юм.

Улс үндэстний хөгжил цэцэглэлт, гэр бүлийн сайн сайхан бүхэн эхчүүд, эмэгтэйчүүдийн хүчин зүтгэл дор оршдог. Тиймээс аливаа улс орны хөгжил дэвшлийг эмэгтэйчүүдийн эрхийг хэрхэн хангасан байдлаар нь үнэлдэг жишиг дэлхий нийтэд тогтоод удаж байна.

Эмэгтэйчүүдийн эрх гэдэг бол хүний эрх, хүний эрхийг тэгш эдлэх боломжийн тухай ойлголт юм.

Эмэгтэй, эрэгтэй хэн ч байсан, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, сурч боловсрон, өмч хөрөнгө эзэмшиж, сонгож, сонгогдож, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой.

“Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш хайрлагдах гэж энэ хорвоод төрдөг. Зовох гэж биш жаргах гэж энэ хорвоод ирдэг” гэж сайхан үг байдаг.

Энэ ч утгаараа айл өрх бүрийн амьдрал, аз жаргал эрчүүд биднээс ихээхэн шалтгаална.

“Эр амгалан бол гэр амгалан” гэж үг бий.

Эрчүүд бид гэр бүл, эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагадаа эзэн байж, эх хүн, эмэгтэй хүн, охин үрээ хайрлан дээдэлж, халамжлан асрах учиртай.

Энэ бол монгол эр хүний ёс жудаг, нэр төрийн хэрэг юм.

Манай улсын боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний салбарын гол ачааллыг эмэгтэйчүүд, ээжүүд маань үүрч байдаг.

Тиймээс энэ жил Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байна.

Түүнчлэн эх, нялхсын эрүүл мэндийг онцгойлон анхаарч, “Эрүүл эх, нялхас” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, төрөх эмнэлгүүдийн орчин нөхцөлийг сайжруулж, дэлхийн түвшинд хүргэх шаардлагатай байна.

Мөн хүн амаа өсгөх бодлогыг тууштай баримталж, олон хүүхэдтэй гэр бүлийг төрийн бодлогоор дэмжих явдал чухал байна. Төр засаг нь эмэгтэйчүүдээ сонсдог, дэмждэг, түмэн олон нь эмэгтэйчүүдээ хайрладаг, хүндэлдэг улс орон хөгжин дэвждэг жамтай.

Тиймээс эх орны ирээдүй, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үйл хэрэгт хамгийн чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн эмэгтэйчүүд, эхчүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудалд тууштай анхаарах ёстой.

Үр хүүхдээ эрдэм боловсролтой, эрүүл саруул иргэн болгон өсгөн хүмүүжүүлсэн монгол эхийн хөдөлмөр зүтгэлийн үр шимийг нэгэн гэр бүл, ураг төрөл төдийгүй улс орон хүртэл хүртэж байдаг.

Эмэгтэйчүүдийн асуудал гэдэг бол зөвхөн эмэгтэйчүүдийнх биш, улс үндэстний, цаашлаад хүн төрөлхтний асуудал билээ.

Эрүүл саруул, мэдлэг боловсролтой, ёс зүйтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй, иргэд Монгол Улсын ирээдүйг цогцлоох эрч хүч билээ.

Тиймээс ачтай буянтай ээжүүд та бүхний халуун сэтгэл, дулаан гар дээр эх орны маань ирээдүй хойч үе, үр хүүхдүүд маань өсөж өндийж байна.

Өнөөдөр бол Монголчууд бидний хэлж заншсанаар “Эмэгтэйчүүдийн баяр-Мартын 8”.

Үр хүүхэд нь ээжийгээ, хань нөхөр нь халамжит гэргийгээ, хайртай залуу нь сэтгэлт бүсгүйгээ баярлуулахаар догдлон байдаг хайр талархлын өдөр юм.

Энэ сайхан өдөр Монгол төрийн гал голомт, Төрийн ордондоо Монголын сайхан ээжүүдийн төлөөлөл болсон Та бүхэн маань хуран цуглаж байгаад би туйлын ихээр бэлгэшээж байна.

Амьдралыг эх хүн үүсгэж, эх орон ижий танаас эхэлдэг болохоор энэ сайхан баярын өдөр амьдралын эх болсон ачлалт буянт ээжүүд та бүхэндээ нийт ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, мэхийн ёслоё.

Нарт ертөнцөд амар амгалан, аз жаргал авчирдаг орчлонгийн сайхан ээжүүд, эмэгтэйчүүд та бүхний өргөө гэр инээд баяслаар цалгиж, үр хүүхдүүд нь дүүрэн жаргалтай, өнөр бүлээрээ энх тунх, үе удмаараа жаргаж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Эх оронд минь ээжийн бүүвэйн дуу үргэлж цангинаж, элбэрэлт сайхан ээжүүд минь аз жаргал, амар амгалангаар бялхаж байх болтугай!

Монголын сайхан эмэгтэйчүүдийн яруу алдар бадартугай.

Categories
мэдээ нийгэм

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн багш Ч.Ган-Эрдэнэд “Алтан гадас” хүртээлээ || DNN.mn

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх салбар бүрийн тэргүүлэх мэргэжилтнүүдэд төрийн дээд цол, одон медаль гардуулж байна.

Энэ үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийг багш Ч.Ган-Эрдэнэд “Алтан гадас” одон хүртээлээ. Тэрбээр сэтгэл зүйч, сэргээн засалч мэргэжилтэй нэгэн юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хорих ял эдэлж буй бүсгүйчүүдийг эмчийн үзлэгт хамруулжээ || DNN.mn

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар ШШГЕГ-ын харьяа хорих 407 дугаар анги буюу Эмэгтэйчүүдийн хорих ангийн ажилтан, албан хаагчид болон хүмүүжигчид, тэдний хүүхдүүдийг эрүүл мэндийн урдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулж байна.

Хоёр өдрийн арга хэмжээний хүрээнд эмч нар ЭХО, эмэгтэйчүүд, нярайн эрүүл мэндийн шаардлагатай үзлэг, шинжилгээг 250 гаруй хүмүүжигч, албан хаагчдад хийхээр төлөвлөжээ.

Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын залуучуудын холбоо, Хавдар судлалын үндэсний төв, Амгалан амаржих газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэг энэ арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ФОТО: Ерөнхийлөгч төрийн дээд одон, медаль гардууллаа || DNN.mn

Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагнав

Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Монголын хүнсчдийн холбооны зөвлөх Даваацэрэнгийн Даариймаа;
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
  • Нийслэлийн Налайх дүүргийн Ахмад багш нарын зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, зөвлөх багш Цэндийн Лхагвасүрэн;
  • Нийслэлийн Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн түүхийн багш Содовын Тамжид;
ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:
  • Засгийн газрын авто баазын жолооч Ванчинбазарын Бадамдоо;
УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • “Уурхайчин” соёлын ордны уран сайхны удирдагч, найруулагч Дүгэрийн Одончимэг;
ГАВЬЯАТ ХОЛБООЧИН ЦОЛООР:
  • Дархан-Уул аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын дарга Балдансамбуугийн Сарантуяа;
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөхийн нярай хүүхдийн ахмад эмч Дармаагийн Ганнасан;
ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувиллын эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Гомбосүрэнгийн Ганчимэг;
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • “Эрдэнэт хивс” ХХК-ийн ахмад ажилтан Цэндсүрэнгийн Оюунчимэг;
  • Цэргийн төв эмнэлгийн гэмтэл согог сувилахуйн сувилагч Нордовын Гавьяат;
  • “Мазаалай баавгай” судлалын багийн гишүүн, байгаль хамгааллын мэргэжилтэн Цэрэнбатаагийн Туяа;
  • Сэлэнгэ аймгийн Шаамар сумын зөгийн “Аргалант” нөхөрлөлийн зөгийчин Товуугийн Шижиртуяа;
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн багш, сэтгэл зүйч Чулуунжавын Ган-Эрдэнэ;
  • Дархан-Уул аймгийн 15 дугаар сургуулийн ахмад багш Тогмидын Алтанчимэг;
  • Улсын филармонийн “Морин хуур” чуулгын хөгжимчин Лхагвасүрэнгийн Болормаа;
  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны хэсгийн ахлагч Сүхбаатарын Саранцэцэг;
  • Мөрөөдлийн театрын жүжигчин Базаргүрийн Отгонтуяа;
  • Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Тогоохүүгийн Ихтамир;
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • Сүхбаатар дүүргийн 51 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч Дашдэлэгийн Энхтүшиг;
  • “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Отгоны Одончимэг;
  • “Таван толгой түлш” ХХК-ийн талбайн нярав Нархажидын Номин-Эрдэнэ;
  • Монголын эмэгтэйчүүдийн холбооны “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн эх бэлтгэгч Гүндэлийн Ганчимэг нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхныг хүсэв.

Categories
мэдээ нийгэм

Өнжмөл өвс шатаахгүй байхыг анхаарууллаа || DNN.mn

Хуурайшилтын улирал ирж байгаатай холбогдуулан өнжмөл шар өвсөө шатаахгүй байхыг анхааруулж байна.
Хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй || DNN.mn

COVID 19 халдварын эсрэг дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр /2022.03.08/ ажиллахгүй. Харин гуравдугаар сарын 9-ний өдрөөс хэвийн төлөвлөлтийн дагуу ажиллана.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд:

  1. Нэгдүгээр тунгийн хамрагдалт 75.2 хувь
  2. Хоёрдугаар тунгийн хамрагдалт 72.1 хувь
  3. Гуравдугаар тунгийн хамрагдалт 53.4 хувь
  4. Нэмэлт дөрөвдүгээр тунгийн хамрагдалт 6.3 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 3038 жирэмсэн эх, 12-15 насны 68720, 16-17 насны 27.081 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна

Categories
гадаад мэдээ

ОХУ, Украины гурав дахь шатны хэлэлцээ өндөрлөж, дахин уулзалт товлов || DNN.mn

ОХУ, Украины хэлэлцээний ээлжит шат гуравдугаар сарын долооны үдэш өндөрлөлөө. Энэ удаад талууд мөн л Беларусийн нутаг дэвсгэр дээр уулзаж, хаалттай хаалганы цаана гурван цаг гаруй хугацаанд хэлэлцжээ.

Хүмүүнлэгийн коридор

Хүмүүнлэгийн коридор байгуулах асуудлаар багахан урагшилсан хэлэлцээ байсан гэж Украины Ерөнхийлөгчийн захиргааны зөвлөх Михаил Подоляк мэдэгдсэн байна.

“Хүмүүнлэгийн коридорын логистикийг сайжруулахад багахан нааштай ахиц гарсан” хэмээн Подоляк твиттер хуудсандаа бичжээ.

Хүмүүнлэгийн коридор мягмар гарагт ажиллаж эхэлнэ гэж найдаж байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский илэрхийлсэн байна. Түүний өгүүлснээр, Украины зэвсэгт хүчин командлал, захиргааныхаа өгсөн тушаалыг биелүүлээгүйн улмаас өмнө нь хүмүүнлэгийн коридор ажиллаж чадаагүй гэнэ.

“Маргааш өдрөөс эхлэн коридор ажиллана гэж бид найдаж байна. Украины тал үүнийг баталж байгаагаа илэрхийлсэн” хэмээн Мединский мэдэгджээ.

Бусад асуудлууд болон Оросын санал

Орос, Украины гурав дахь шатны хэлэлцээ Украины төвийг сахисан статус, орос хэлний асуудлыг хөндсөн талаар Оросын тал мэдээлсэн байна.

Түүнчлэн уулзалтын үеэр Оросын талын санал болгосон баримт бичгүүдийг Украины тал авсан, санал болгосон асуудлыг дараагийн уулзалт дээр шийдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

“Бид олон тооны баримт бичигтэй ирсэн. Тодорхой гэрээ, төсөл, саналуудыг авчирсан. Зарчмын хувьд тохиролцсон заалтуудыг ядаж протоколоор гарын батална гэж найдаж байлаа. Гэвч Украины тал эдгээр баримт бичгийг судлахаар авч явсан. Газар дээр нь ямар нэг баримт бичигт гарын үсэг зурж чадсангүй” хэмээн Мединский мэдэгджээ.

Украины талын мэдэгдсэнээр, бусад асуудлаар эрчимтэй яриа хэлэлцээ үргэлжилж байгаа гэнэ.

“Гал зогсоох, эвлэрэх, байлдааны ажиллагааг зогсоох зэрэг гол улс төрийн асуудлуудын талаар эрчимтэй яриа хэлэлцээ цааш үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар нөхцөл байдлыг ихээхэн сайжруулах үр дүн гарсангүй. Гэхдээ яриа хэлэлцээ үргэлжилнэ, бид үр дүнд хүрнэ гэдгийг дахин цохон тэмдэглэе” хэмээн Украины Ерөнхийлөгчийн захиргааны зөвлөх Подоляк мэдэгдсэн байна.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Владимир Мединский Украины талтай хийсэн гурав дахь шатны хэлэлцээний үр дүнд Оросын тал сэтгэл хангалуун бус байгааг онцоллоо.

“Үнэнээ хэлэхэд хэлэлцээнээс хүлээж байсан үр дүнд хүрсэнгүй. Дараагийн удаад урагш ахих томоохон алхам хийж чадна гэж найдаж байна. Хэлэлцээ үргэлжилнэ” хэмээн Мединский онцолжээ.

Оросын талын мэдээлснээр, ОХУ, Украины хэлэлцээний дөрөв дэх шат ойрын хугацаанд Беларусьт болох гэнэ. Одоогоор уулзалт болох өдрийг нарийвчлан товлоогүй, гэхдээ мягмар гарагт зохион байгуулагдаж болзошгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүд бүтээлээрээ үзэсгэлэн дэлгэв || DNN.mn

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НЗДТГаас зохион байгуулсан Их хотын бүсгүйчүүд2022хүндэтгэлийн ёслолын үеэр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа гарч, бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр борлуулсан юм.

Үзэсгэлэн худалдаанд Монголын уламжлалт гар урлалаас эхлээд дэлхийд гайхуулахуйц монгол брэндийн бүтээгдэхүүнийг дэлгэжээ.

Үзэсгэлэн худалдаанд нийт 32 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцов.

Тэд бүтээгдэхүүнээ худалдан борлуулахын зэрэгцээ монгол бичгийн уран бичлэг, хөрөг зураг зурах зэрэг үйлчилгээ үзүүлж байв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд тус үзэсгэлэнд оролцож байлаа гэж Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

\


Categories
мэдээ нийгэм

ҮСХ: Эмэгтэйчүүд дунджаар 26-28 насандаа гэрлэж байна || DNN.mn

Монгол эмэгтэйчүүдийн анхны гэрлэлтийн дундаж нас 1989 онд 21.1 байсан бол 2000 онд 23.7 болж өөрчлөгдсөн. Харин 2020 онд дунджаар 26.7 болсон байна. Үүнээс харахад Монгол эмэгтэйчүүдийн гэрлэлтийн дундаж нас хойшилж байгаа нь харагдаж байна.

Дэлхийн банкны судалгаанаас харахад олон улсын хэмжээнд эмэгтэйчүүд дунджаар 26-28 насандаа гэрлэж байна.

Мөн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн амьдралынхаа туршид төрүүлж буй хүүхдийн дундаж тоо 1980 онд 6, 1990 онд 4 хүүхэд байсан бол 2020 онд дунджаар 3 хүүхэд болсныг үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Нийтийн эзэмшилд худалдаа хийх 340 байршлыг гаргажээ || DNN.mn

Худалдаа үйчилгээ эрхэлж байгаа нийт 18000 гаруй аж ахуй нэгж байгуулага жилд дундажаар 7-12 бичиг баримт хөөцөлддөг. Харин хотын дарга Д.Сумьяабазар 2022 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд 74 төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл шаардахгүй болгосон. Үүнтэй холбоотойгоор нийтийн эдэлбэрийн зам талбайд худалдаа хийх байршлыг тодорхойлон, тохижилтын ажлын даалгавар боловсруулах үүргийг Нийслэлийн Засаг дарга өгсөн.

Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга М.Шижирбаяр “Нийслэлийн есөн дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхэлж болох 340 байршлыг гаргаж, холбогдох даалгавар, худалдаа, үйлчилгээ эрхлэх түр байр нь ямар байх вэ гэдгийг судалж, дүүрэг бүрд өдөр, оройн цагаар ажиллах байршлуудыг гаргасан” гэв.

Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва “74 зөвшөөрлийг цуцалснаар хоёр сарын хугацаанд 700 орчим зөвшөөрөл авдаг байсан бол 1200 гаруй иргэн, хуулийн этгээд зөвшөөрөл авч, бизнес эрхлэх боломж 60 хувиар нэмэгдсэн. Энэ хугацаанд 46.2 мянган иргэн “Онлайн бизнес төв”-ийн системд хандсан байна” гэлээ.