Categories
гадаад мэдээ

БНСУ-д ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэлжээ || DNN.mn

БНСУ-д ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөө өглөө эхэллээ. Энэ удаагийн сонгуульд эрх баригч намаас нэр дэвшигч, өрхийн амьжиргааг дээшлүүлэх амлалт өгсөн Ли Жэ Мён болон сөрөг хүчний гол намаас нэр дэвшигч, шударга нийгмийг цогцлоохоо амлаж буй Юн Сок Ёлын хооронд хүчтэй өрсөлдөөн өрнөж байгаа юм.

Сонгогчдын саналаа өгөх сонирхол өмнөх сонгуулиудынхаас өндөр байгааг өнгөрсөн долоо хоногт болсон урьдчилсан санал хураалтын сонгогчдын ирц харуулж байна. Тодруулбал, санал өгөх эрхтэй 44 сая сонгогчийн 36.93 хувь буюу 16 сая гаруй иргэн баасан, бямба гарагт болсон урьдчилсан санал хураалтын үеэр саналаа өгсөн байна.

Энэ нь 2014 онд урьдчилсан санал хураалтын системийг нэвтрүүлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Энэхүү сонгууль нь мөн БНСУ-д “COVID-19” халдварын тохиолдлын тоо сүүлийн долоо хоногуудад эрс нэмэгдэх болоод байгаа үед болж байгаа юм.

“COVID-19”-өөр халдварласан олон зуун мянган өвчтөний санал өгөх эрхийг харгалзан Засгийн газар тусгаарлалтын дэглэмээс гарч санал өгөхийг нь зөвшөөрсөн боловч бэлтгэл хангаагүйгээс эрт санал хураалт явуулахад өвчтөнүүдийн саналыг зориулалтын саналын хайрцаг бус гялгар уут зэрэгт цуглуулсан алдаа гарсан байна.

Лхагва гаргийн санал хураалтад халдвар авсан өвчтөнүүд болон тусгаарлагдаж байгаа хүмүүс оройн 18:00-19:30 цагийн хооронд буюу санал хураалт дууссаны дараа оролцох боломжтой байна. Сонгуулийн үндэсний хороо мөн тэднийг саналын хайрцагт саналаа шууд хийхийг зөвшөөрөх зохицуулалтыг хянан нягталжээ.

Эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мён, сөрөг хүчний Иргэний хүч намын нэр дэвшигч Юн Сок Ёл нарын дунд хүчтэй өрсөлдөөн өрнөж байгааг өнгөрсөн долоо хоногт орон даяар зогсоохоос өмнө явуулсан санал асуулгын дүнгүүд харуулж байжээ.

Томоохон телевизүүд сонгогчдыг саналаа өгсний даруу явуулсан санал асуулгын дүнг 19:30 цагт танилцуулахаар товлоод байгаа ч халдвар авсан өвчтөнүүд, тусгаарлагдаж байгаа хүмүүсийн санал хураалттай холбоотойгоор хойшилж магадгүй байна.

Сонгуулийн санал хураалт хаагдсан даруйд орон даяар санал тоолох ажил эхлэх бөгөөд саналын хуудасны тооллого хэвийн явагдвал ялагч хэдэн цагийн дараа тодрох боломжтой ч эцсийн дүн пүрэв гаргийн өглөө хүртэл гарахгүй байх төлөвтэй байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

“Парисын олимпод Монголын тамирчдыг Францын ЭСЯ-ны зүгээс дэмжин ажиллана” гэв

зураг

Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Себастиен Сүрүн, тэргүүн зөвлөх Жулиен Пауперт нар өнөөдөр МҮОХ-нд зочилж, ажил хэргийн яриа өрнүүлэв.

Уулзалтад МҮОХ-г төлөөлөн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар байлцлаа.

Зуны XXXIII олимпын наадам 2024 онд Францын нийслэл Парис хотноо болно. Парисын олимпод Монголын тамирчид оролцоход Францын ЭСЯ-ны зүгээс бүхий л талаар дэмжин ажиллахаа ноён С.Сүрүн уулзалтын үеэр илэрхийлэв. Тухайлбал, манай тамирчдыг Францад хамтарсан бэлтгэл хийлгэх, илүү урт хугацааны виз олгох, бусад хот, мужуудтай шифийн харилцаа тогтоох зэрэг олон зүйл дээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

МҮОХ-ны зүгээс Монголд төдийлөн өндөр хөгжөөгүй регби, бадминтон, брэйк бүжиг зэрэг төрлөөр Францын тамирчдаас туршлага судлахыг хүссэн бол Францын талаас Монголд өндөр түвшинд хөгжсөн чөлөөт бөх, бокс, жүдогийн төрлөөр хамтарсан бэлтгэл зохион байгуулах сонирхолтойгоо илэрхийлэв.

МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг олимпын наадмын үеэр Монгол орныг дэлхийн улс орнуудад сурталчлах Mongolian House төслийг Элчин сайдад танилцуулж, Парисын олимпын үеэр уг төслийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж МҮОХ-ноос мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Баярын өдрөөр гэр бүлийн хүчирхийллийн 205 дуудлага иржээ || DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2022 оны гуравдугаар сарын 7, 8-ны өдөр ирсэн дуудлагын талаарх мэдээллийг хүргэж байна.

Гуравдугаар сарын 7-ны өдөр гэр бүлийн хүчирхийллийн 147 дуудлага ирсэн бол Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу 8-нд 205 дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Түүнчлэн 7-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 186 зөрчил, 8-нд 225 зөрчил илрүүлсэн байна.

7-нд нийт 214 гомдол мэдээлэл ирсэн бол 8-ны өдөр 2455 гомдол иржээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Лхагважав: Дайны үеийг айдсаар биш, иргэдийнхээ хүсэл тэмүүллээр давах менежмэнт хиймээр байна || DNN.mn

Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.Лхагважавтай ярилцлаа.


-Монголбанкны ерөнхийлөгч дайнаар түрий барьж долларын ханшийг чангаруулсан нь маш буруу үйлдэл –


-Монголбанкны ерөнхийлөгч саяхан Орос, Украины дайнаас болж доллар чангарахаас аргагүйд хүрчихлээ гэсэн утгатай мэдэгдэл хийж, тэр мэдэгдлийн дараахан долларын ханш шууд гучин төгрөгөөр нэмэгдсэн. Үнэхээр дайны нөлөө байсан уу, эсвэл бид дайнд хөөрчихөв үү?

-Шуудхан хэлэхэд, дахиад айдас дээр тоглох гэж байна. Эрх баригчид өнгөрсөн хоёр жил цар тахал гэж иргэдийнхээ айдас дээр тоглосон. Гэтэл одоо залгуулаад Украины дайны айдсан дээр тоглолт хийж эхэллээ. Ер нь айдсын менежмэнтээр явчихъя гэж бодоод байх шиг. Ингэж хардах бүрэн үндэс байна. 2013-2016 он хүртэл их хямрал үргэлжилснийг та мэднэ. Дараа нь жил хагас гайгүй болсон, ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлсний хүчинд. Тэд манай банкны системд том реформ хийх далимаар таван их наядын хөрөнгө оруулалт оруулж ирэх үйл явц өрнөж байдал арай наашилсан. Гэтэл залгуулаад хоёр жил хагасын хугацаанд цар тахал нүүрлэсэн. Энэ хугацаанд хамгийн хүнд ачааг үүрсэн нь бизнес эрхлэгчид. Ашгүй нэг тахал цаашиллаа гээд амьсгаа авах гэтэл Украин, Оросын дайн дэгдлээ.

-Эрх баригчид цар тахлын хоёр жилийн турш айдас дээр тоглосон гэж та хэлэх гээд байна уу?

-Тэгсэн шүү дээ. Өнгөрсөн хугацаанд долоон удаагийн хөл хорио тавьсан. Эдгээр хөл хорионоос улбаалсан эдийн засгийн сөрөг нөлөөллүүд дээр ямар ч дүгнэлт, анализ хийгээгүй.Төсвийн алдагдал гэхэд л өнгөрсөн хоёр жилд нийтдээ найман их наядаар хэмжигдсэн. Харамсалтай нь үүндээ дүгнэлт хийж, дараагийн менежмэнтээ хийсэнгүй л дээ. Менежмэнтээ хийх гэж ядаж байтал дараагийн айдас ороод ирчихлээ.

-Би түрүүн төв банкны ерөнхийлөгчийн мэдэгдэл, долларын ханшийн өсөлтийн талаар тодруулсан. Таны ярианаас анзаарахад Монголбанк хүртэл дайны айдас дээр тоглолт хийж валютын ханшийг өсгөчихжээ дээ?

-Украинтай холбоотой асуудлаар манай улс төрийн гурван өндөрлөг ямар ч мэдэгдэл хийхгүй нуугдчихсан байна л даа. Монголбанкны ерөнхийлөгч өнгөрсөн сарын 28-нд Орос, Украины явдлыг сенсаци болгож хүчтэй мэдэгдэл хийгээд долларын ханшийг чангаруулсан нь буруу алхам болсон. Долларын ханш сүүлийн дөрвөн жил 1851 дээр байсан. Нэг ханшин дээр ингэж тогтвортой байх нь өөрөө их том асуудал шүү.

-Харин ч тогтвортой байгаа нь сайн хэрэг биш үү, эсвэл та долларын ханш өнөөдрийнхөөс ч буух бололцоотой гэж хэлэх гээд байна уу?

-Өнөөдрийнхөөс ч буух боломж бүрэн байсан. Хэдийгээр 2019-2021 онд цар тахал үргэлжилсэн ч татварын орлогууд биелсэн, худалдааны тэнцэл эерэг гарч байлаа. Өөрөөр хэлбэл, тэр жилүүдэд төгрөгийн ханш чангарах ёстой байсан юм. Гэтэл төгрөгөө чангалахгүйгээр ганцхан тоон дээр хүчээр барьчихсан. Уг нь валют зах зээлийнхээ дүрмээр хувьсах ёстой.

-Ам.долларын ханш доошиллоо гэхэд хэд хүрч уруудах бололцоо байсан бэ?

-2600 төгрөг рүү уруудах бололцоо байсан. Харамсалтай нь сая Украинаар далимдуулаад хорь, гучин төгрөгөөр нэмчихлээ. Долларын ханшийг өндөр байлгах нь эрх баригчдад хэрэгтэй байдаг л даа. Энэ үзэгдэлд нэг шалтгаан байдаг юм. Ерээд онтой холбоотой шалтгаан. Алт дилерийн хэрэгтэй хамаатай. Манайх дөрвөн тонн алтаа алдсанаас хойш олон улсын валютын зах зээл дээр тоглолт хийж чадахаа больчихсон. Бирж дээр явагддаг худалдан авалтын том тоглолтод манайх оролцохоо байчихсан. Нөгөө талдаа манайх валютын эрэлт нийлүүлэлтийг арилжааны банкуудаар дамжуулж зохицуулж яваа. Одоо үүнийгээ валютын биржид гаргах цаг болсон. Валют бирж дээр гарах ёстой. Эрх мэдэлтэн, хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдаанаар шийдэгдэх ёсгүй.

-Монголбанкны ерөнхийлөгчийн хаа холын дайнаар айлгаж долларын ханш өсгөсөнтэй ижил өнгөтэй мэдэгдлүүд ар араасаа цуварч эдийн засгаа хүлчих вий гэсэн болгоомжлол төрж байх юм уу танд?

-Иймэрхүү утгатай мэдэгдэл ар араасаа гараад ирэх вий гэсэн айдас болгоомжлол төрж байна.

-Тэнд өрнөж буй дайн бидэнд яг яаж нөлөөлөх бол, яажшуухан аж төрвөл дайны цагт дажгүй амьдарчих боломж байна вэ?

-Баахан зээл аваад идчихсэн улстөрчид рүү биш, юм бүтээчихсэн хэдхэн компанийг сорчилж аваад нам дарах маягаар шувтрах тийшээгээ хандаж буй Хөгжлийн банкны шуугиантай холбоод харахад л бидэнд боломж өчнөөн байна. Ясны үйлдвэрийн асуудал дэгдсэнийг та санаж байгаа байх. Италийн технологиор яснаас тос гаргаж бордоо үйлдвэрлэж байгаа үйлдвэр. Агуулахад нь дүүрэн бордоо байна. Ясны бордоо бол нэг номерын бордоо. Макро, микро элементийн аль аль нь байдаг учраас хоёр, гурав дахин үнэтэй. Жишээ нь, сангасны бордоонд зарим элемент нь дутуу байх жишээний. Украйны байдлаас болоод бордооны үнэ гурав дахин буюу 300 хувь нэмэгдчихсэн. Украины хувьд улаанбуудай, тослог ургамлын гол тоглогчдын нэг. Улаанбуудай гэхэд л мянган доллар хүрчихлээ. Ойрын 14 жилд тохиогоогүй хамгийн өндөр үнэ. Та бод доо, өнөөдөр бордооны үнэ гурав дахин өсчихсөн байхад манайд өндөр чанараараа гайхагддаг ясны бордоо агуулах дүүрэн хэвтэж байна. Тэр үйлдвэрийг барьсан эмэгтэйг нугасалж, бизнесийг нь унагах биш харин ч илүү сайн ажиллахад нь дэмжлэг үзүүлэх ёстой. Манай газар тариалан гэхэд л ОХУ, Зүүн Европоос орж ирэхээ больсон учраас бордоо том асуудал болоод байна.

-Улаанбуудайн үнэ арав гаруй жил ажиглагдаагүй өндөр түвшиндээ хүрсэн гэж та онцоллоо. Засгаас улаанбуудайн дээрээ зөв менежмэнт хийвэл эдийн засагт нэмэртэй алхам болох нь ээ?

-Тэгнэ. Улаанбуудайн дээрээ зөв менежмэнт хийх цаг ирчихлээ. Засгийн газар өнгөрсөн жил ковидоор айлгаж буруу менежмэнт хийгээд гурилын үйлдвэрүүдэд Оросын будаа шахчихсан. Тариаланчид ийм шалтгаанаар буудайгаа нийлүүлж чадаагүй. Тэдний хураасан буудайн ихэнх нь үтрэм дээрээ байгаа. Цас хайлвал хэцүүдэх нь гэсэн асуудал яриад яваа. Гэтэл өнөөдөр улаанбуудайн үнэ 14 жилд байгаагүй өндөр дүнтэй болчихлоо, энэ цагийг зөв ашиглах хэрэгтэй.

-Ковидын хоёр жилийг айдсаар удирдсан эрх баригчид дайныг далимдуулж мөн л айдсаар удирдаад явчихвал эдийн засагт хэр муу нөлөө үзүүлэх бол?

-Нэгэнт хэцүүдсэн эдийн засгаа улам л сөхрөөнө. Харамсалтай нь эрх баригчид айдсын менежмэнтээ дайны айдсаар үргэлжлүүлэх нь тодорхой болчихлоо л доо. Украины туг мандуулсан ч цагдаа нь очиж дарамталж байна шүү дээ. Энэ бол хийрхэл. Төр засаг үүнийг дэмжээд дуугүй сууж болохгүй. Хэн ч дайныг хүсэхгүй. Монгол Улсын хэн нэг иргэн шар улаан даавуу бариад зогсож л байг л дээ. Нэг бизнес эрхлэгч нь компанийнхаа барилгын гадна Украины далбааг мандуулаг. П.Цэнгүүн бол либерал үзлийг 30 жил тууштай дэмжиж, тэр үзлээрээ амьдарч яваа хүн. Улаанбуудайнд төрөөс татаас өгөхөд ганцаараа авахгүй гэж явсан компанийн захирал. Үнэ тогтоох бизнесийн эрхээ төрд булаалгаж гол эрхээсээ салмааргүй байна гээд татгалзсан. Хатуухан хэлэхэд, манай төрийн гурван өндөрлөг юу ч хийж чадахгүй бантчихсан сууна л даа, өнөөдөр. Улс төр, бизнес, эдийн засгийн шийдлийг гаргах ёстой. Хүний өөрийн гэлгүйгээр мэдлэгтэй боловсролтой, туршлагатай хүмүүсийг Төрийн ордонд цуглуулаад яг ямар шийдэл гаргахаа ярилцаж хэлэлцээд суух учиртай.

-Манай улсын хувьд чимээгүй байхаас аргагүй том шалтгаанууд бий, тийм учраас таг чиг суугаа юм биш үү?

-Бид төвийг сахисан улс. Төвийг сахисан тунхаг нь байхад тэрийгээ эртхэн зарлачихад болохгүй юм үгүй. Ингэхийн оронд энэ эргэлзээтэй байдлыг далимдуулж айдсын менежмэнтийг бага багаар хийж эхэлж байгаа нь харамсалтай. Шуудхан хэлэхэд, манай төрийн гурван өндөрлөг яг юу хийхээ мэдэхгүй паникт орчихсон байх шиг. Улс орноо паникаар удирдаж болохгүй. Одоо энэ дэмий паникаасаа гарч байдалдаа зохицож, өөртөө ашигтай байх боломж бүрийг ашиглаж, үнэ нь тэнгэрт хадсан бордоо, улаанбуудайн дээрээ зөв менежмэнт хийх хэрэгтэй. Товчхондоо чоно бүрэн, хонь цатгалан менежмэнт хийх ёстой. Ядаж л эдийн засагтаа ийм менежмэнт хиймээр байна. Нэг зүйлийг онцлоход, Украин Оросын дайныг цэрэг дайны талаас харахаас гадна хүмүүнлэгийн талаасаа нэгдэх процесс маш эрчимтэй явагдаж эхэлснийг анзаарах учиртай. Манай нам социал демократ. Эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлыг эрхэмлэх ёстой нам. Тэгвэл энэ үзэл бодлынх нь төлөөх тэмцэл тэнд болж байна.

-Танай нам социал демократ хэрнээ тэр үзлийнхээ эсрэг хандлагыг их тод цухалзуулаад байгаа харагддаг. Тэр нь ковидын хоёр жил маш тодорхой анзаарагдлаа л даа…?

-Уг нь нам гэдэг чинь үзэл дор нэгдэх ёстой. Гэтэл манай нам мянгуулаа сууж байгаад нэг үзэл олж авсан юм. Цуглаж суугаад социал демократ гэдэг үзэл олоод авчихсан учраас өнөө үзэл нь хэвшиж өгөхгүй байна л даа. Тэгэхээр нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Олж авсан үзлээ амьдрал болгохын тулд ядаж л эхлэх ёстой. Тэр эхлэлээ Украин дээр тавих хэрэгтэй. АН-ыг дампуу бүтэхгүйгээр нь дуудаад л байна. Үнэн хэрэгтээ АН үзэл дээр нэгдсэн учраас хэчнээн тарж бутарч хагарсан ч сүнстэйгээ яваа. Сүнстэй учраас хэзээ л бол хэзээ босоод ирэх боломжтой. Харин манай намд сүнс байхгүй. 200 мянгуулаа энэ янзаараа сүнсгүй яваад байвал тун удахгүй мөхөлтэйгөө нүүр тулах эрсдэлтэй. Дахиад хэлэхэд, социал демократ үзэл бол ерөөсөө л эрх чөлөө, шударга ёс, тэгш эрхийн төлөө нэгдэх. Украины ард түмэн эрх чөлөөний төлөө тэмцэж байна. Социал демократ нам юм бол ядаж эрх чөлөөгөө хамгаалах хэрэгтэй.

-Социализм, коммунизм амь тавиагүй юм биш үү гэж хэлэхээр олон үйл явдал өрнөлөө л дөө, өнгөрсөнд. Одоо ч тийм өнгөтэй үйл явдал нүдэн дээр өрнөсөөр байна. Үүнтэй та санал нийлэх үү?

-Коммунизм коммунизмтайгаа дуусчихсан гэж боддог байлаа, өмнө нь. Харамсалтай нь үргэлжилдэг юм байна гэдгийг харж сууна. Ний нуугүй хэлэхэд, Хөгжлийн банкны хуулийг солингуутаа манай намын баахан нөхөд зээл авчихсан байсан нь сая ил боллоо. Иймэрхүү зүйлс дээр нэлээд нарийн дүгнэлт гаргуулаад хариуцлагажуулах хэрэгтэй. Тэгэхгүйгээр энэ бүх булхайгаа дарж, Украины дайн гэдэг айдас бий болгож, хэнд ч үзэл бодлоо илэрхийлэх боломж өгөхгүй коммунизм руугаа орно гэж улайрч болохгүй. Ер нь коммунистуудын гол тоглолт дайн байлдаан гэх мэт иймэрхүү зүйлс дээр явагддаг.

-Хөгжлийн банкны асуудал дээр нарийн дүгнэлт гаргуулах хэрэгтэй гэдгээ тодруулаач?

-Ковидын үеийн хоёр жил гаруйн хугацааны тухайд хараат бус судалгаа шинжилгээний баг гаргаж ажиллуулах хэрэгтэй. Тэр үеийн төсвийн алдагдал хаачсан, сонгуульд зарцуулсан эсэх гээд эргэж харах олон асуудал бий.

-Төр бизнес рүү орох хандлага хүчтэй хэвээр байгаа нь та бид хоёрын яриад суугаа өнөө салж өгдөггүй коммунизмтай холбогдох үзэгдэл байх…?

-Мөнгө харагдаж буй салбар руу төр орох гээд байгаа нь үнэн л дээ. Энэ нь эргээд чөлөөт зах зээлээ устгах аюултай. Өнөөдөр амжилттай яваа өндөгний үйлдвэрийг төр булаагаад авч болно. Харамсалтай нь төрийн авсан ямар ч бизнес сарын дараа үүдээ барьдаг нь жам. Өнгөрснөөс тийм жишээ түүвэл барагдахгүй. Өөрөөр хэлбэл, коммунизмд амь бөхтэй орших боломж байхгүй.

-Манай эрх баригчид энэ дайныг дуусан дуустал таг чиг, яг өнөөдрийнхөөрөө аж төрвөл гуравдагч хөршийн зүгээс ирэх хандлага ямар байх бол?

-Хулчгарууд гэж ойлгоно л доо. Үзэл бодлын тууштай зарчим дээрээ зогсож чадна гэдэг хүн төрөлхтний нэг гол зарчим. Мэдээж биднийг өрөвдөлтэй байдалд аж төрж суугааг дэлхий харж, мэдэж байгаа. Гэхдээ Монгол гэдэг улс гучин жил хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ардчилсан зам, чөлөөт зах зээлээр явсан. Ардчиллаа бий болгохын тулд дэлхийн бүх л улсаас тусламж авсаар ирсэн түүхтэй орон. Ийм түүхтэй улс энэ цагийн явдалд хэрхэн хандах бол гэсэн хүлээлт бидэнд тусламжийн гараа сунгасаар ирсэн улсуудад байгаа нь мөн л мэдээжийн асуудал. Наад зах нь дайныг эсэргүүцэж байна гэсэн утгатай мессэжийг өгч болно биз дээ. Дайныг эсэргүүцэх нь аль ч ард түмний хүсэл. Дайныг хүсдэг ард түмэн гэж үгүй. Тэгж чаддаггүй юм аа гэхэд ядаж л хувьцаа нь 98 хувь унасан “Газпром”-той гэрээ зураад суумааргүй байгаа юм.

-Дайны цагт чухам яавал эдийн засаг маань дажгүй байх вэ гэсэн өнцөг рүүгээ буцаад оръё?

-Урд хил хаалттай удаж байна. Хойд хил хүндэрнэ. Тэгэхээр дотоодод л эргэлт явагдана. Ийм нөхцөлд НӨАТ-ын 80 хувийг иргэддээ буцааж олгох хэрэгтэй. Тэгвэл иргэдийн гар дээр очдог 160 тэрбум төгрөг 600 гаруй тэрбум болж өснө. Иргэдийн орлого хумигдаж зөвхөн цалингаараа амь зуудаг маяг руу орж байгаа ийм хэцүү цагт маш хэрэгтэй шийдэл болно. У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа 2020 оны дөрөв, арваннэгдүгээр сард ковидын үеийн татварын шалгалтыг зогсооно, бүх актуудыг хүчингүй болгоно гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Ингэж мэдэгдсэн хэрнээ татварын хуулинд энэ чигийн зохицуулалт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд байхдаа хийсэн мэдэгдлүүд ийм шалтгаанаар лоозон төдий болчихсон яваа. Тэгэхээр УИХ-ын гишүүд энэ талд анхаарах хэрэгтэй. Ковидын үеийн татварын шалгалтуудыг зогсоож, татварын актуудыг тэглэх шаардлага бий. Үүнээс гадна ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг дэлхийн аль ч өнцгөөс яаж ийгээд авчрах бололцоог нь иргэддээ олгомоор байна. Одоо ч бараа бүтээгдэхүүн авчирч байгаа л даа. Гэхдээ энд ирэхэд нь дарамталмааргүй байна. Өнөөдөр тээврийн асуудал маш хүнд болсон. Ийм үед тээврээс яагаад гааль, НӨАТ авч байгаа нь ойлгомжгүй. Монгол Улсын газар нутаг дээр үйлчлээгүй үйлчилгээ шүү дээ. ОХУ-аар явсан тээврээс гааль, НӨАТ аваад байгаа нь ойлгомжгүй хэрэг. Ядаж л тээвэр хэцүү байгаа өнөө цагт логистикийн гааль, НӨАТ-ыг тэглэх хэрэгтэй. Товчхондоо дайны цагийг айдсаар биш, иргэдийнхээ хүсэл тэмүүллээр давах менежмэнт хиймээр байна. Төрийн хийх учиртай дараагийн алхам бол төсвийн тодотгол. Тодотголоо цаг алдалгүй хийж хэрэггүй, илүү зардлуудаа танах хэрэгтэй. Дахиад хэлье, ойрын нэг жилийн хугацаанд Монголынхоо зах зээл дотор тоглох боломж л бидэнд байна. Эцэст нь хэлэхэд, 230 мянган хүнтэй төрийн институтийг аль болох хэмнэлттэй ажиллуулах процесс руу явах шаардлагатай бид нүүр тулчихсан. Аж ахуйн нэгжүүдийн хувьд өнгөрсөн долоон жилд хэмнэдгээ хэмнээд, бараг борцлогдчихоод сууж байна. Тэгэхээр одоо төрийн институтийн 80 мянган даргыг ойрын үед 20 мянга руу буулгах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдөр ГССҮТ-ийн яаралтай хүлээн авах тасгаар 392 иргэн үйлчлүүлжээ || DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн /ГССҮТ/ хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар өчигдөр 392 хүн үйлчлүүлжээ.

Тодруулбал, нийслэлд 352, орон нутагт 40 хүн хандсан бөгөөд 11 мэс заслыг яаралтай хийсэн байна.

Өчигдрийн байдлаар 333 хүн хэвтэн эмчлүүлж байгаа гэдгийг ГССҮТ-өөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газар өнөөдрөөс үйл ажиллагаагаа эхлүүллээ || DNN.mn

Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газар 2022 оны гуравдугаар сарын 9-н буюу өнөөдөр өдөр үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэхээр болсныг АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газрын тойрогт Хойд Дакота, Өмнөд Дакота, Небраска, Канзас, Миннесота, Айова, Миссури, Висконсин, Иллинойс, Мичиган, Индиана, Охайо, Арканзас, Миссиссипи, Луизиана мужууд хамаарч байна.

Тус консулын газар төрийн арав гаруй үйлчилгээг иргэдэд хүргэх аж.

АНУ-д Монгол Улсын 30 гаруй мянган иргэн, үүнээс Чикаго хотод 10 гаруй мянган монгол иргэн ажиллаж, амьдардаг.

Түүнчлэн Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод Консул Т.Батцэцэг суугаа юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дэлхийн 12 улсын циркчид Монголд тоглолтоо хийнэ || DNN.mn

Цар тахлын давлагаа намжиж хөл хорио цуцлагдсан. Үүнтэй холбоотой урлагийн салбар эргэн сэргэх, тоглолт үзвэрүүдээ олон нийтэд толилуулаад буй. Тэгвэл ирэх сард буюу дөрөвдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд “Дэлхийн цирк Монголд” тоглолт Буянт-Ухаа спорт цогцолборт болох гэж байна.

Уг тоглолтод Монгол, Япон, Герман, Орос, Вьетнам, Казакстан, Испани, Колумбия, Латвия зэрэг улс оролцох юм.

Categories
мэдээ нийгэм

Увс аймгийн Сагил сумд 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ || DNN.mn

Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн Үүрэг нуур гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км-т, сумын төвөөс баруун зүгт 44 км-т гуравдугаар сарын 8-ны 09:48 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг 09.55 цагт ШУА-ийн ООГХ-ээс ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Хилийн 0245 дугаар ангийн “Үүрэг нуур” заставын дарга болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.

Мөн Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн Үүрэг нуур гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 183 км-т, сумын төвөөс баруун зүгт 37 км-т гуравдугаар сарын 8-ны 13:44 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон Хилийн 0245 дугаар ангийн “Үүрэг нуур” заставын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Ковидын 161 тохиолдол бүртгэгдлээ || DNN.mn

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 161 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 467,362 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 114 нь Улаанбаатар хотод,
  • 47 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд уг өвчний улмаас эндэгдэл бүртгэгдээгүй сайн мэдээ байна.

Одоогоор улсын хэмжээнд 1,308 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 4,652 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа юм.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 306
  • Хүндэвтэр – 853
  • Хүнд – 130
  • Маш хүнд – 19 хүн байна.

Categories
гадаад мэдээ

Хятадын гадаад бодлогын талаар мэдээлэл өгөв || DNN.mn

Олон улсын байдал ороо бусгаа болоод буй энэ үед БНХАУ-ын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И улсынхаа гадаад бодлогын талаар мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэл өгөв.Тэрбээр 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын V чуулганы хүрээнд хэвлэлийн цахим бага хурал хийж, гадаадын болон дотоодын сэтгүүлчдэд улс орныхоо гадаад бодлоготой холбоотой асуултуудад хариулт өгсөн юм. Украины хямралыг шийдвэрлэхэд энх тайванчаар нухацтай хандаж, маргааныг тайван замаар буюу яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг Ван И холбогдох талуудад уриалав. Тэрээр “Орос болон Украины энхийн хэлэлцээг ахиулахад Хятад улс ажил хэрэгчээр хандах болно. Хятад улс энх тайвны төлөөх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийн тулд ажил хэрэгчээр хандаж, зуучлал шаардлагатай үед олон улсын хамтын нийгэмлэгтэй мөр зэрэгцэн хамтран ажиллахад бэлэн байна” гэж хэлсэн байна.Мөн Хятадын Улаан загалмайн нийгэмлэг Украинд хүмүүнлэгийн тусламжийг аль болох хурдан үзүүлэхийг зорьж буйг тэрбээр мэдэгдэв.

Хятад-Оросын харилцаа нь нэг нэгнийхээ асуудалд үл оролцох, үл сөргөлдөх, мөн гуравдагч талыг онилохгүй байх зарчим дээр тогтдог гэж Ван И хэлжээ.Өөрөөр хэлбэл, Хятад-Оросын хоёр талын харилцаа нь гуравдагч этгээдийн хөндлөнгийн оролцоо бөгөөд маргаанаас ангид гэсэн үг гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.БНХАУ болон ОХУ нь стратегийн хамтын ажиллагаагаа хэвээр хадгалж, шинэ эриний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлнэ гэж Ван И хэлжээ.

Тэрээр урьд нь Украины дайнд Хятад улс ОХУ-д туслахгүй гэдгийг “Бид ОХУ-тай стратегийн түншлэлийн харилцаатай болохоос холбоотон биш” гэж албан ёсоор мэдэгдэж байсан юм. Үүнийг өнөөгийн БНХАУ бол Орос шиг нэг удирдагчаас хамааралтай авторитар улс биш гэдгээ олон улсад тунхагласан явдал гэж зарим улс төрийн шинжээчид дүгнэж байсан билээ.Тэрээр мөн саяхан АНУ болон барууны улсуудыг Хятадын “Нэг зам, нэг бүс” хөтөлбөртэй хамтран ажиллахыг уриалаад байгаа билээ. “Хятад-АНУ-ын харилцааг зөв замд оруулах хэрэгтэй” гэж уг хэвлэлийн бага хурлын үеэр Ван И цохон тэмдэглэсэн байна.Их гүрнүүд өрсөлдөж сөргөлдөх нь зөв сонголт биш бөгөөд АНУ амаар ярьснаа ажил хэрэг болгон хэрэгжүүлэх хэрэгтэй гэж тэрбээр хэлжээ.Тэрбээр цааш нь “Даяаршсан, харилцан хамааралтай болсон энэ дэлхий ертөнцөд БНХАУ болон АНУ хэрхэн зөв зам олж, эв найрамдалтай байх вэ гэдэг нь хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй нэгэн шинэ асуудал бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэх гарцыг хоёр тал хамтран боловсруулах ёстой” гэжээ.


ТОВЧХОН

ХХ зууны эхэнд дөнгөж санал өгөх эрхээ олж авсан эмэгтэйчүүд тавин жилийн дараа л улс төрийн талбарт эрэгтэйчүүдтэй эн зэрэгцэж иржээ. 1960 оны ардчилсан сонгуулиар нам нь ялалт байгуулсан тул Шри Ланкийн Ерөнхий сайдаар сонгогдсон Сиримаво Бандаранаике эрчүүд давамгайлдаг улс төрийн ертөнцөд бүсгүйчүүдэд орон зай бий гэдгийг нотлон гүйцэтгэх засаглалын тэргүүнээр хоёр удаа улиран ажиллаж байв.Тэгвэл дэлхийн улсуудаас харьцангуй эрт эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг тунхагласан Европт үүнээс бараг 20 жилийн дараа буюу 1979 онд Их Британийн Засгийн газрыг Маргарет Тэтчер тэргүүлэх болсон юм. Өнгөрсөн жар гаруй жилийн хугацаанд дэлхийн улс гүрнүүдийн төр, засгийн тамгыг атгаж, Засгийн газрыг тохинуулсан 76 эмэгтэй бий. Тэднээс он удаан жил засгийн эрх барьсан үзүүлэлт болох 16 жил 16 хоног ХБНГУ-ын канцлераар ажилласнаараа Ангела Меркель тэргүүлдэг. Энэтхэгийн төрийн бодлогыг 11 жил тодорхойлсон Индра Ганди, исламын шашинт улсад Ерөнхий сайдаар томилогдсон анхны эмэгтэй болох Пакистаны Беназир Бхутто, улс төрийн манлайллын зэрэгцээ гоо үзэсгэлэнгээрээ ч гайхагддаг Украины Юлия Тимошенко, Нобелийн шагналт Аун Сан Су Чи зэрэг улс төрийн тавцанд тод мөрөө үлдээсэн олон бүсгүй бий. Сүүлийн жилүүдэд эмэгтэй удирдагчдын тоо нэмэгдсэн ч эрэгтэй улстөрчдийн 10 хувьд ч хүрэхгүй байна. 2022 он гарсаар дэлхийн 14 улсыг эмэгтэй удирдагчид тэргүүлж байна.

l l l

Олон улсын санхүүгийн үйлчилгээний “Visa”, “Mastercard” компаниуд ОХУ-д үйл ажиллагаагаа зогсоож байгааг зарлаад билээ.Энэ нь Украины хямралын улмаас өрнөдийн улсуудын ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээтэй холбоотой шийдвэр ажээ.Ингэснээр ОХУ-ын нутаг дэвсгэрт хэвлэгдсэн төлбөрийн картууд гадаадад ашиглагдах боломжгүй болж байгаа юм. Мөн гадаадад хэвлэгдсэн картуудыг ОХУ-д ашиглах боломжгүй болсон байна. Иймээс Оросын томоохон банкууд болох Сбербанк, Альфа Банк зэрэг хэд хэдэн банк Хятадын “UnionPay” төлбөрийн картын сүлжээ рүү шилжиж байгаагаа зарлажээ.Шанхайд төвтэй UnionPay төлбөрийн систем 2002 онд байгуулагдаж, 2005 онд олон улсын статустай болсон юм. Өнөөдөр тус байгууллага дэлхийн 180 гаруй улсын зах зээлд үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.

l l l

Гадаадын иргэдэд зориулсан “Fight for Ukraine(fightforua.org)” сайт гуравдугаар сарын 5-нд нээгдэж, Украинд туслан, байлдах хүсэлтэй иргэдийг бүртгэхээр болжээ.Украины ерөнхийлөгч Зеленский өөрийн илтгэлдээ хамтран тулалдах хүсэлтэй гадны улсын иргэдэд зам нээлттэй гэж мэдэгдсэн билээ.Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба “Манай орны төлөө тулалдахаар 52 орны 20 мянган хүн хүсэлт ирүүлсэн. Ихэнх нь АНУ, Хятад, Францын иргэд байна. Америкийн 3000 ахмад дайчин ирж байна. Беларусь, Литва, Латви, Эстони, Польшийн иргэд фронтод байлдаж байна” гэж мэдэгджээ.

l l l

АНУ-ын цэргийн штабуудын нэгдсэн хорооны дарга, генерал Марк Милли өнгөрсөн долоо хоногт Украины хилийн ойролцоох нууц нисэх онгоцны буудалд очив. Тэрбээр “Энэхүү нисэх онгоцны буудал дээр олон улс Украинд нийлүүлэх зэвсгүүдээ төвлөрүүлж байна” гэж хэлсэн байна. Сүүлийн өдрүүдэд энд маш шахуу хуваариар буюу нисэх талбайн хамгийн дээд хүчин чадал буюу 17 хүртэлх нислэг үйлдэж байгаа гэнэ.Уг нисэх буудлын байршил нууц хэвээр байгаа бөгөөд Оросын довтолгоо ахихын хэрээр зэвсэг тээвэрлэлтийн энэхүү гол цэгт цохилт өгөх болгоомжлол байгааг албаны хүн мэдээлжээ. Оросын довтолгооноос өмнө АНУ болон бусад улсуудын цэргийн ачаа тээврийн онгоцууд Европ руу нисэлдэж эхэлсэн юм. АНУ-ын армийн Европ дахь командлал Украиныг зохион байгуулалттайгаар дэмжихийн тулд Их Британи зэрэг бусад орнуудтай энэ тал дээр хамтран ажиллаж байна. Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш 14 улс Украинд аюулгүй байдлын тусламж илгээсэн бөгөөд тэдний зарим нь түүхэндээ анх удаа ийм их тоног төхөөрөмж илгээж байна гэж албаны эх сурвалж мэдээлж байна. АНУ-ын хувьд нийт 350 сая ам.долларын үнэтэй аюулгүй байдлын тусламжийн багцыг Украинд хүргүүлэхээр баталсан. Одоогийн байдлаар 240 сая ам.долларын тусламж Украинд хүрсэн бөгөөд үлдсэн хэсэг нь удахгүй ирэх аж.

l l l

АНУ-ын Конгресс энэ долоо хоногт Украинд 10 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх ерөнхийлөгчийн саналыг батлах төлөвлөгөөтэй байгаа аж.Энэ талаар Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси мэдэгджээ. Тэрбээр “Жо Байдены захиргаа хүмүүнлэг, цэрэг, эдийн засгийн тусламжийг Украинд үзүүлэхэд10 тэрбум ам.доллар хуваарилахыг хүссэн. Конгресс энэ долоо хоногт төрийн нэгдсэн санхүүгийн тухай хууль тогтоомжийн хүрээнд яаралтай санхүүжилт хийх төлөвлөгөөтэй байна” гэжээ.Үүний өмнө Пентагоны тэргүүн Ллойд Остин Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резниковтой утсаар ярихдаа Вашингтон Киевт цэргийн тусламж дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлсээр байна хэмээн батлан хэлсэн юм.

l l l

БНСУ Оросын төв банктай гүйлгээ хийхгүй болжээ. Гэхдээ энэ нь ерөнхий чиг бөгөөд яг ямар байдлаар байх вэ гэдгийг яамдаас санал авсны дараа эцэслэн шийдэх юм байна. БНСУ бол олон улсын зүгээс Москвад тавьж буй хоригт нэгдэн тус улсыг “SWIFT” системээс салгахыг дэмжсэн юм.БНСУ энэ сарын 3-нд ОХУ-ын эсрэг тавьсан АНУ-ын хоригоос өөрсдийн үйлдвэрлэгчдээ тусгаарлан хассан талаар урьд нь мэдээлсэн. Үүнийхээ оронд өөрсдөө экспортын хяналт тогтоохоор болсон бөгөөд “Самсунг электроникс” компани ОХУ руу бүтээгдэхүүн гаргахаа түр хугацаанд зогсоосон юм.

BBC.CNN. REUTERS. Xinhua.Russia Today.TASS. RIA Novosti-гоос бэлтгэсэн Г.АМАРСАНАА