Categories
арын-нүүр булангууд мэдээ

“Эцэг, эхийн хурал” биш, “Асран хамгаалагчдын уулзалт” гэж хэвшье || DNN.mn

Саявтархан Боловсролын ерөнхий газраас нэгэн дэмжүүштэй санаачилга гаргажээ. “Эцэг, эхийн хурал” гэхээ больж “Асран хамгаалагчдын уулзалт” гэж ярьж, хэвшье гэж уриалсан байна. Үүнийг нийтээрээ дэмжье. Бодит жишээ бий шүү.

“Миний аав адуучин” дууг дуулахад нэг ангийн 40 хүүхдийн тал нь мэлмэртэл уйлж байсан гэдэг. Аав нь бурхан болсон, салаад явсан, аавгүй өссөн хүүхдүүдэд “Амин хайртай миний аав, адууныхаа бэлчээрт дуулдаг хүн байсан…” гэсэн мөртүүд хүнд туссан нь мэдээж. Хүүхдүүд болсон хойно нэг нь уйлахаар дагаж ч уйлсан байх.

Дуунд ингэж эмзэглэж байхад “Маргааш эцэг, эхийн хуралтай. Аав, ээжээ ирүүлээрэй” гэж ангийн багш нь зарлахад аавгүй, ээжгүй хүүхдэд энэ өгүүлбэр зүрхийг нь зүсэх шиг болдог байх. Үүнийг харин харьяа газар нь анхаарч “Аав, ээжийгээ зураарай, зохион бичлэг бичээрэй” гэх нь бяцхан зүрхийг шархлуулах учир багш нар “Хамгийн хайртай хүмүүсээ зураарай” гэвэл илүү оновчтой, энэрэнгүй сонсогдоно гэсэн нь хүний эрхийн мэдрэмжтэйгээс гадна хүмүүнлэг, энэрэнгүй нийгэмд биднийг амьдарч буйг сануулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хорих ангийн ажилтнууд болон хүмүүжигчдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна || DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн гуравдугаар сарын 7-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 407 дугаар анги буюу Эмэгтэйчүүдийн хорих ангийн ажилтан, албан хаагчид болон хүмүүжигчид, тэдгээрийн хүүхдүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрууллаа. Энэ ажил өнөөдөр мөн үргэлжилж байна.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хорих ангийн үйл ажиллагаа болон хорих байрны нөхцөл, эмнэлгийн үйлчилгээтэй танилцах үеэрээ “Хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран санхүүгийн хүндрэлгүйгээр эрүүл мэндийн тусламж авах ёстой. Үүнийг Монгол Улсын Үндсэн хууль болоод бусад эрх зүйн баримт бичгээр зохицуулсан. Мөн НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилтод эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ нь нийгмийн эмзэг, орхигдсон хүн амын бүлгүүдэд чиглэсэн стратегийг баримтлах замаар хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг хангахаар тунхагласан.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хүндрэлгүй авах боломж хүн бүрт нээлттэй байх ёстой, чанартай тусламж, үйлчилгээг хүн амд үзүүлэх хууль эрх зүйн орчныг цогцоор нь хийх ёстой гэдэгт эмч хүний хувиар анхаарал хандуулж, хууль тогтоох байгууллагаас батлан гаргаж буй эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулахад ажлын хэсгүүдийг ахлан ажиллаж байна.

Хорих ангийн ажилтан, албан хаагчид ажлын онцлог байдлаас шалтгаалж тэр бүр эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаад явж чаддаггүй. Эрх нь хязгаарлагдсан эмэгтэйчүүд ч мөн адил. Урьдчилан сэргийлэх үзлэг хийснээр нэн тэргүүнд улсын хэмжээнд зонхилон тохиолдож буй нас баралтын гол шалтгаан болох хорт хавдар, зүрхний өвчинд анхаарал хандуулж байна” гэв.

Эмч нар хоёр өдрийн турш ЭХО, эмэгтэйчүүд, нярайн эрүүл мэндийн шаардлагатай үзлэг, шинжилгээг 250 гаруй хүмүүжигч, албан хаагчдад хийхээр төлөвлөжээ. Энэ арга хэмжээг Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын залуучуудын холбоо, Хавдар судлалын үндэсний төв, Амгалан амаржих газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэг хамтран зохион байгуулж байна.

Categories
мэдээ спорт

Б.Ялалт Ерөнхийлөгчид хүсэлт гаргалаа || DNN.mn

2021-2022 оны “Монголын сагсан бөмбөгийн Дээд Лиг”-ийн тэмцээнтэй холбоотойгоор Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лигийн комиссар Б.Ялалт мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монголын сагсан бөмбөгийн салбар сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хоёр, гурван холбоотой буюу хуваагдалтай байснаас болоод олон улсын тэмцээнд оролцож чаддаггүй байсан. Холбоод энэ жил эвлэлдэн нэгдэж, нэг хараатайгаар олон улсын тэмцээнд эрхээ сэргээлгэх гэж байгаа. Тамирчид нэг талдаа цуглаж нэг тэмцээнд өрсөлдөж байгаа явдалд хөгжөөн дэмжигчид болон зохион байгуулагчид, тоглогчид гээд сагсан бөмбөгтэй холбоотой бүх хүн сэтгэл өндөр байна. Монголд анх удаа дээд түвшний 13 баг өрсөлдөж буй нь сагсан бөмбөгийн хөгжил, сонирхогчдын хүрээ, мэргэжлийн түвшинд тоглодог тоглогчид их болсныг батлан харуулж байна.

13 баг нэгдсэн Дээд лигийн тэмцээн маш амжилттай явж байгаа боловч их эмзэгхэн байна. Хэрэв нэг л буруу гишгэвэл задраад 10 жилийн өмнөх үе рүүгээ буцах нөхцөл байдал ойрхон байгаа тул зохион байгуулагчдын зүгээс хүлээцтэй хандаж, шүүгчдийн зөвлөлтэй зөвлөлдөн ажилласан.

Энэ удаагийн эв нэгдэл Дээд Лигийн тэмцээнээр битгий дуусаасай гээд энэхүү мэдэгдлийг өгч, миний зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүсэлт гаргаж байна.

Тодруулбал, Монголын сагсан бөмбөгийн холбоодын энэ их хариуцлагатай үед Ерөнхийлөгчийн зохион байгуулалт, шаардлагыг сагсан бөмбөгт хувьдаа хүсэж байна.Монголын сагсан бөмбөгийн холбоодын удирдлагыг хүлээн авч уулзан, тоглолтын эрх ашийг хамгаалах тал дээр манлайлал үзүүлэхийг хүсэж байна. Эвлэлдсэн нэгдэлтийг төгс болгохын тулд миний бие хувийнхаа зүгээс уг хүсэлтийг гаргаж байгаа юм. Спорт бол улс төрөөс ангид байдаг. Гэхдээ энэ удаа өнгөрсөн 10 гаруй жилийн маргааныг эцэслэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцох ёстой хэмээн харж байна.

Хэрэв монголын сагсан бөмбөгт дахин хагарал хуваагдал үүсвэл үзэгчид, тоглогчид буюу монголын сагс хохирно” гэв.

Playoff-н тоглолтуудыг Польш улсаас гурван шүүгч ирж шүүж байгаа нь энэ удаагийн тэмцээний бас нэгэн онцлог аж. Одоогийн байдлаар Дээд Лигийн тэмцээний хагас шигшээ багийн тоглолтууд Спортын төв ордонд үргэлжлэн явагдаж байна.

Дээд Лигийн тэмцээний онцлогоос харвал,

  • Шүүгчид анх удаа зохион байгуулалтаас хараат бус явсан. Өөрөөр хэлбэл шүүгчид өөрсдийгөө томилж хариуцлага тооцдог болсон. Улирал эхэлснээс хойш нэг шүүгчид сануулга өгч, тоглолт шүүх эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээ авсан.
  • Сагсан бөмбөгийн өндөр мэдлэгтэй, хуульч мэргэжилтэй хүмүүсийг мэргэжлийн зөвлөлөөр бүрдүүлж, зөвлөмж өгөх байдлаар ажилласан.

Лигийн тэмцээний финалын шатны тоглолтууд удахгүй эхэлнэ. Энэ удаагийн тэмцээний шагналын сангийн тухайд,

  • 1-р байр 100 сая төгрөг
  • 2-р байр 20 сая төгрөг
  • 3-р байр 10 сая төгрөг байх юм.
Categories
мэдээ спорт

Нэгдсэн дээд лигийн тэргүүн тоглогчоор Б.Билгүүн тодорлоо || DNN.mn

Нэгдсэн дээд лигийн тэргүүн тоглогчоор Б.Билгүүн тодорлоо

Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн “Янзтай” дээд лигийн комиссар Б.Ялалт лигийн тэмцээн өндөрлөх дөхсөн холбоотойгоор зохион байгуулалт, шагналын сан, улирлын шагналтнуудаа өнөөдөр/2022.03.09/ зарлалаа.


Комиссар Б.Ялалт:

-Лигийн хагас шигшээ тоглолтууд болж байна. Хоёр холбооны багууд нэг талд цуглан өрсөлдөж байгаад хөгжөөн дэмжигчид, зохион байгуулагчид сэтгэл хангалуун байна. Монголд анх удаагаа дээд түвшинд 13 баг оролцож байна. Хоёр тусдаа байсан тэмцээн нэгдсэн учир цоо шинээр эхлэх сорилттой тулгарсан. Дөрвөн салбар хороотой болсон. Удахгүй финал эхэлнэ. Дээд лигийн нийт шагналын сан 130 сая төгрөг. Аварга баг 100 сая төгрөг авах бол хоёрдугаар байрт орох баг 20 сая, гуравдугаар байрт орох баг 10 саяыг тус тус хүртэнэ. Аваргын цуврал долоон тоглолтоор шийдэгдэх бол хүрэл медаль нэг тоглолтоор шийдэгдэнэ. Тэргүүн тоглогчийг улирал болон плей-оффын тоглолтоор нь тодруулсан бол финалын тэргүүн тоглогчийг цор ганц финалын цувралын тоглолтоос тодруулна. Үндсэндээ зургаан шагналын эздийг тодруулна. Дөрвийг нь одоо танилцуулъя. Аварга авсан багийн дасгалжуулагч лигийн шилдэг дасгалжуулагчийн эзнээр тодорно.

  • Тэргүүн тоглогч: Б.Билгүүн /Хасын Хүлэгүүд/
  • Шилдэг хамгаалан тоглогч: О.Энхбаатар /Архангай Алтан Дорнодын Дайчид/
  • Шилдэг шинэ тоглогч: Т.Ууганбаяр /Тэнүүн Өлзий Металл/
  • Шилдэг зургаа дахь тоглогч: Б.Мөнхболд /Алдар Танан Гарьд/

Шагналын эздийг цэвэр статистик үзүүлэлтийг үндэслэн тодруулсан.

Буцаад холбоод тусдаа тэмцээнээ зохион байгуулах аюул ойрхон байгаа. Энэ жил шигшээ багийг Азийн наадам, Азийн цомын тэмцээний урьдчилсан шат хүлээж байгаа. Өмнө нь бид зөвхөн Азийн наадамд оролцож байлаа. Энэ жил энэ эрх сэргэсэн учир шигшээ багаа шинээр бүрэлдүүлэх шахуу хуваарь хүлээж байна. Лигийн тэмцээн дуусаад эв нэгдэл дуусах болгоомж байгаа учир монгол түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хүсэлт гаргамаар байна. Бөхийн холбоонд эвлэрлийг авчирсан шиг сагсан бөмбөгийн холбоонд эвлэрэл авчраасай гэж хүсмээр байна. Мэдээж спорт улс төрөөс ангид байх ёстой ч 10 гаруй жил үргэлжилсэн энэ маргаанд Ерөнхийлөгч оролцох ёстой гэж би харж байна. Энэ хагарлаас болж үзэгчид, сагсчид, монголын сагс хохирно.

Тэрбээр энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Нэг шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэн гэсэн. Шалтгаан нь юу байсан бэ?

-Ур чадварын асуудал байсан. Монголд анх удаагаа лигийн тэмцээнээс шүүгч түдгэлзэж байна. Улирлын тоглолтод алдаа гаргасан хэд хэдэн шүүгчийг плей-оффд ажиллуулаагүй.

-Тасалбарын үнэ нэмэгдэх үү?

-Сагсан бөмбөгийн тамирчдын хүч хөдөлмөр үнэтэй байх ёстой. Сая бид баяраар үнээ буулгасан. Гэхдээ финалын тоглолт үнэтэй байх ёстой гэж бодож байна. Тоглолтууд бүгд Спортын төв ордонд болно.

-Гомдол гаргасан, мөнгө нэхэмжилсэн багуудын талаар?

-Бүх шүүгчид шударгаар ажилладаг гэдэгт би итгэдэг. Мэдээж сагсан бөмбөгийн моментын спорт. Тиймээс алдаа гаргахыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр алдааг бага байлгахыг хүссэн.Шүүгчдийн зөвлөл шүүгчдээ хариуцлага тооцсон. Зориудаар багуудыг хохироосон асуудал байхгүй. Шүүгчдийн зөвлөлийг би магтмаар байна. Мөн Польш шүүгчид ирээд нэг шат ахиж байна.

-Ёс зүйгүй үйлдэл гаргасан тамирчдад хариуцлага тооцсон уу?

-Эв нэгдэл эмзэг байгаа учир аль нэг багийг дурдмааргүй байна. Гэхдээ талбай дээр ёс бус үйлдэл гаргасан тамирчдыг тоглолтоор торгосон. Г.Баттөрийг 500 мянгаар торгож, нэг тоглолт өнжүүлсэн. Т.Санчирыг багийнхаа андтайгаа зүй бусаар харьцсан үйлдлийг 500 мянгаар торгосон. Эрдэнэтийн Уурхайчид багийг сошиал дээр лигийн нэр хүндэд халдсан гээд мөнгөн торгуулиар торгосон.

Categories
мэдээ нийгэм

УОК-ын Шуурхай штабын албан хаагчдыг цомхотгохгүй || DNN.mn

Цар тахлын үед монголчууд энгийн амьдралын хэв маягтаа шилжээд багагүй хугацаа өнгөрч байна. Covid-19-ийн хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо 500-аас буусан бол Засгийн газрын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж шар түвшинд шилжээд буй. Улмаар Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабыг цомхон хэлбэрт шилжүүлэхийг энэ сарын 3-нд үүрэг болгосон. Өнөөдрийн байдлаар тус штабыг цомхотгох шийдвэр гараагүй болохыг тус штабын дарга бригадын генерал Б.Ууганбаяр хэлэв.

Тэрбээр “УОК-ын Шуурхай штабын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх шийдвэр гарсан үед үйл ажиллагааны чиглэл бүрийг нарийвчлан тусгах зохион байгуулалт хийнэ. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаанд өөрчлөлт ороогүй, хэвийн үргэлжилж байна. Харин шийдвэр гарвал өөрчлөгдөнө. Ерөнхийдөө цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ хяналтад орсон” гэлээ. Харин албан хаагчдыг цомхотгох эсэх талаар хариулахдаа “УОК-ын Шуурхай штабын албан хаагчдаас цомхотгол хийхгүй. Харин ч ажлын чиг үүрэг өргөн цар хүрээтэй болж байгаа. Өнөөдрийн байдлаар 100 гаруй албан хаагч албан ажиллаж байна” гэв.

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхотгосноор цар тахлын эсрэг хариу арга хэмжээ хэрэгжүүлэхээс илүүтэй Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр мэргэжлийн байгууллагад арга зүйн дэмжлэг үзүүлж, удирдлага зохион байгуулалтаар хангах, малын вакцинжуулалтын ажилд тусалж, хяналт тавих аж.

Энэ үүргийг Шадар сайд С.Амарсайхан өгсөн билээ. Тус штабыг өмнө нь УОК-ын даргын 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 22 дугаар тушаалаар шинэчлэн байгуулж байв. Ингэхдээ тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохион байгуулах баг, орон нутаг, бүс хариуцсан баг, хяналт-шинжилгээ, үнэлгээний баг, төлөвлөлтийн баг, нөөц, хангалтын баг, мэдээллийн технологи, харилцаа холбооны баг, захиргаа, санхүүгийн баг гэсэн бүтэцтэй шинэчлэгдсэн. Мөн Covid-19-ийн мутацлагдсан хувилбар омикроны давлагаа бүртгэгдэхтэй зэрэгцэн тусгаарлах байрны үйл ажиллагааг хариуцаж байв. Цар тахал дэгдэхтэй зэрэгцэн байгуулагдсан Нэгдсэн шуурхай штабын тухайд өмнө нь /2020-2021 он/ гадаадаас иргэдийг татан авах, тусгаарлах байр, иргэдийн маршрутыг тогтоох зэрэг чиглэлд анхаарч ажиллаж байсан билээ. Тухайлбал, гадаадын улс орнуудаас иргэдийг татан авахдаа нийт 644 удаагийн чартер нислэгээр 81.161 хүн эх орондоо ирж байв.

Categories
мэдээ нийгэм

Б.Чойжилжалбууг дахин 15 хоног хорихоор болжээ || DNN.mn

Б.Чойжилжалбууг дахин 15 хоног хорихоор болжээ

Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуугийн цагдан хорих хугацааг сунгажээ. Тодруулбал, энэ сарын 21-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг 15 хоног хорих шийдвэр гаргасан. Түүнийг ажилтнууддаа нөлөөлж, сүрдүүлсэн гэх үндэслэлээр хорьсон бол прокурорын байгууллагаас цагдан хорих арга хэмжээг сунгах санал шүүхэд хүргүүлжээ. Энэ дагуу Б.Чойжилжалбууг дахин 15 хоног хорихоор болсон талаар эх сурвалж мэдээллээ.

Эргэн сануулахад, Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой үе үеийн удирдлагуудыг цагдан хорих шийдвэрийг гаргасан. Шүүхээс Б.Батбаяр, Ч.Мөнхбаяр, Б.Шинэбаатар, Ч.Энхбат нарыг сар хорих шийдвэр гаргасан.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга асан Д.Дэлгэрсайханыг цагдан хорих үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн. Харин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мөнхбат, Хөгжлийн банкны дэд захирал Б.Чойжилжалбуу, “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ нарыг 2022 оны хоёрдугаар сарын 21-нд цагдан хорьсон юм.

Categories
мэдээ нийгэм

“Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийн концессын гэрээг байгуулна || DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг танилцуулж байна.

Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийн концессын гэрээг “Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэлтэй байгуулах эрхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт олголоо.

Концессын төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хууль, журмын дагуу шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгалаа.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийг концессын тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн юм.

“Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр замын суурь бүтэц нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багт байрлах “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Зүүнбаян өртөөнөөс эхэлж, Ханги боомт хүртэл үргэлжилж БНХАУ-ын Мандал боомттой холбогдоно.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөө өртөөнөөс БНХАУ-ын Бугат өртөө хүртэлх тээврийн зайг 1,722 км-ээс (Замын-Үүд-Эрээн) 1,404 км (Ханги-Мандал) буюу 306 км-ээр дөт болгож, улмаар төмрийн хүдрийн тээвэрлэлтийн өртгийг 4-8 ам.доллароор бууруулахаар тооцоолжээ. Монгол Улсын төмрийн хүдрийг Хятадын дотоодын болон Австралийн төмрийн хүдэртэй үнийн хувьд өрсөлдөхүйц болгохоос гадна экспорт, импорт болон дамжин өнгөрүүлэх ачааны тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, олон улсын төмөр замын шинэ гарц үүсэх, 1,600 гаруй ажлын байр бий болох боломж бүрдэх төсөл юм.

Categories
мэдээ нийгэм

“Малдаа ээмэг зүүхгүй бол Монголын хөдөө аж ахуйн салбар хөгжихгүй” гэв || DNN.mn

Төрийн ордонд өнөөдөр /2022.03.09/ малчдын эрхзүйн байдлын тухай хэлэлцүүлэг болж байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн илтгэлдээ “Монгол Улс сүүлийн 10-15 жил махны экспортоо нэмэгдүүлнэ гэж ярилаа. Гэтэл суурь бүртгэлийг хийгээгүйн улмаас хэн гэдэг малын эмч хэзээ эм, тариа хийсэн. Вакцинаас хойш хэдэн сар өнгөрч байна вэ, мах, түүхий эд эрүүл ахуйг хангаж байна уу гэдэг тодорхойгүй байсаар ирсэн.

Зарим аймагт цахим, ухаалаг ээмэгжүүлэлт хийснээр малчны хотноос гарсан мал хэзээ Улаанбаатар хотын товчоогоор нэвтэрч, аль хүнсний захад хүрч бүтээгдэхүүн болсон бэ гэдгийг цаг, минутаар нь харах боломжтой болсон.

Бүх малаа бүртгэлжүүлэхэд 80 тэрбум төгрөг хэрэгтэй байсан. Энэ өнөөдөр нэмэгдсэн байж магадгүй. Малынхаа бүртгэл, ээмэгжүүлэлтийг хийгээгүйгээс малын эрүүл мэндтэй холбоотой бусад бүх асуудал уналтад орчихсон. Бүртгэл байхгүй учраас Монгол Улсын мах л гэж ярьдаг. Гэтэл гарал үүсэл, ашиг шим нь тодорхойгүй. Үүнийг цаашид бодлогоор сайжруулах шаардлагатай. Ойрын 3-4 жилийн дотор малын бүртгэлээ цахимжуулж, ухаалаг ээмэгжүүлэлт хийхгүй бол Монголын хөдөө аж ахуйн салбар хөгжинө гэсэн ойлголт байхгүй. Ухаалаг мал аж ахуйн асуудал эндээс эхэлнэ” гэлээ.

Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд мал сүргийг хувийн дугаартай болгон бүртгэлжүүлж, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох, бүртгэх, хяналт тавих тогтолцоог бий болгох зорилт тавьсан.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсанаар 2021 онд улсын хэмжээнд малын бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлж 2021 онд нийт сүргийн 3.3 сая, мал, 2022 онд 6.6 сая, мал, 2023 онд 9.8 сая, мал, 2024 онд 13.1 сая, малыг /өссөн дүнгээр/ ээмэгжүүлэн бүртгэлжүүлэх зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байна.

Малыг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх, мэдээллийн нэгдсэн санд оруулах ажлыг орон нутгийн мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүд, малчид хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Малыг ялган тэмдэглэх хэрэгслийн талаар:

  • Мал, амьтны олон улсын бүртгэлийн хороо /ICAR/-ноос хүлээн зөвшөөрөгдсөн, Олон Улсын ISO 9001:2008 стандартын шаардлага хангасан, дахин давтагдахгүй код бүхий уян хатан, гадны нөлөөнд тэсвэртэй, өндөр чанарын полиуретан материалаар хийгдсэн бод, бог малын ээмгийг ашиглана. Полиэтилен болон резинэн материалаар хийгдсэн ээмэг хэрэглэхийг хориглоно.
  • Хонь, ямаа, үхэр, сарлаг, тэмээ, цаа бугыг ээмэглэх бөгөөд адуунд уламжлалт хүйтэн, халуун тамга хэрэглэхээс гадна Засаг захиргааны нэгжийн код бүхий цахим чип хэрэглэнэ.

Бод, бог малын ээмгэнд бичигдэх нэгдүгээр эгнээний эхний мөр нь “MN” гэсэн товчилсон үсэгтэй, хоёр дахь мөрний зургаан оронтой тооны эхний хоёр тоо нь тухайн бүс нутаг, аймгийн, дараагийн хоёр тоо нь тухайн сум, дүүргийн, сүүлийн хоёр тоо нь тухайн баг, хорооны кодыг, гурав дахь мөрний зургаан оронтой тоо нь тухайн малын хувийн дугаарыг тус тус илэрхийлнэ.

Categories
мэдээ нийгэм

Ч.Хүрэлбаатарыг ХААН банкны хувьцааны асуудалд оролцсон гэх гомдлыг АТГ-т шилжүүлжээ || DNN.mn


Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Хувиар ёсоор өнөөдөр /2022.03.09/ хуралдаж, гаргасан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Энэ үеэр сэтгүүлчид түүнээс “Ч.Хүрэлбаатар гишүүн сайдаар ажиллаж байхдаа ХААН банкны хувьцааг зарах асуудалд оролцсон гэдэг гомдол мэдээлэл Савада Холдинг компаниас ХЗДХ-ийн яаманд ирсэн гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар мэдээлэл өгөөч” хэмээн асуулаа.

Асуултын хариуд тэрбээр, Энэ талаар бичиг ирсэн. Бид холбогдох байгууллагууд руу нь уламжилсан. Өөрөөр хэлбэл эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийгн ХЗДХ-ийн яам шалгахгүй. Үүнийг мөрдөх чиг үүрэгтэй байгууллагууд шалгана. Энэ дагуу АТГ-т мэдээллийг уламжилсан” хэмээн хариуллаа.

Categories
мэдээ нийгэм

“Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” санаачилгын хүрээнд ерөнхий үнэлгээ хийж байна || DNN.mn

Монгол Улсын 21 аймгийн хэмжээнд энэ сарын 9-10-ний өдрүүдэд “Хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхыг онооны аргаар үнэлэх” аргачлалын дагуу ерөнхий үнэлгээг хийхээр болжээ. НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” санаачилгын хүрээнд тус үнэлгээг гуравдугаар сарын 10-11 өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй. Энэ ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас ерөнхий үнэлгээг цахимаар хийж байна.

Дээрх санаачилгын эхний үе шатыг 2010-2020 онд хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хугацаанд дэлхийн 4,300 гаруй хот нэгдэн орж, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны туршлага, ололт амжилтаа хуваалцсан байдаг.

Санаачилгын зорилгыг тодруулбал, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас хот суурин газрын гамшгийн эрсдэл, түүнийг бууруулах арга хэмжээ, эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөх чиглэлээр олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, улмаар дэлхийн хотуудын гамшигтай тэмцэх чадавхыг бий болгох үүднээс хэрэгжүүлсэн байна.

“Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад Улаанбаатар болон Эрдэнэт, Дархан хот 2016 онд, бусад аймгийн төвүүд 2018 онд тус тус нэгдэн оржээ. Монгол Улс нь засаг захиргааны нэгжийн хувьд бүх хотоо энэ хөтөлбөрт нэгтгэсэн Ази тивийн анхны улс болсон гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.