Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Энэ сарын 17-нд сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана || DNN.mn

Энэ сарын 17-нд сар нартай эсрэг тохиож, бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана.

Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын 00.56 цагт байна. Энэ үеэр сарыг ажиглахад тохиромжтой. Түүний гадаргуу дээрх цар, тогоо уул нурууд, сарны далай тэнгисүүдийг энгийн болон астрономийн дурангаар тод харж болохыг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.

Мөн гуравдугаар сарын 20-нд хаврын тэнцлийн үе тохионо. Энэ нь Улаанбаатарын 23.33 цагт юм. Дэлхий дээр өдөр шөнийн үргэлжлэх хугацаа тэнцдэг, нар тэнгэрийн бөмбөрцгийн өмнөд хагасаас хойд хагаст шилжихдээ тэнгэрийн экваторыг огтлон гарч буй цэг. Өөрөөр хэлбэл, нар тэнгэрийн экватор болон эклиптикийн огтлолцсон цэгт оршино гэсэн үг аж. Энэ тэнцлийн өдөр нар зүүн зүгт мандаж баруун зүгт жаргана.

Мөн өдөр Сугар гараг нарнаас хамгийн их 46.6 градусын өнцгөөр баруун холдож маш тодрох бөгөөд энгийн нүдээр харах боломжтой. Ажиглахад тохиромжтой цаг нь өглөөний тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш нарнаас хамгийн их холдож харагдах аж. Нар мандахаас өмнө тэнгэрийн зүүн хаяанд хамгийн их өндөрт ажиглагдана.

Categories
мэдээ нийгэм

Жендэрийн эрх тэгш байдлын төлөө цан цохих арга хэмжээ боллоо || DNN.mn

зураг

2022-03-09, Улаанбаатар хот, “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, дэлхий даяар 3 сарын 7-14-ний өдрүүдэд “SSE” (НҮБ-ын Тогтвортой Хөрөнгийн Биржийн санаачилга)”- ын гишүүн дэлхийн 120 гаруй хөрөнгийн биржүүд нэгдэн хэрэгжүүлдэг Жендэрийн эрх тэгш байдлын төлөө цан цохих “Ring the Bell” арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд хөрөнгийн зах зээлийн манлайлагч эмэгтэйчүүд болох “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж”-н Гүйцэтгэх захирал Ж.Золзаяа, Ард Санхүүгийн Нэгдлийн Төр Засаг, Олон Нийтийн Харилцаа эрхэлсэн захирал Ж.Алтангүний, Эрсдэл Хариуцсан захирал Б.Оюутцэцэн, “Монголын Үнэт Цаасны Клирингийн Төв”-ийн Гүйцэтгэх захирал О.Эрдэнэгэрэл, “ГрэйпСити Монгол” ХХК”-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэг, “Ард Секюритиз ҮЦК”-ийн Гүйцэтгэх захирал Г.Долгорсүрэн, “Нэрэн Клиринг ХХК”-ийн Гүйцэтгэх захирал Б.Гандулам, “Ард Менежмент ҮЦК”-ийн Гүйцэтгэх захирал Ч.Хандаа нар оролцож “Жендэрийн мэдрэмжтэй санхүүгийн салбарын төлөө” дуу хоолойгоо өргөж, санал солилцов.

Мөн арга хэмжээний үеэр “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК – ийн зүгээс 3 сарын 8-ны өдөр НҮБ-ын Тогтвортой хөрөнгийн биржийн санаачилгын хүрээнд хийгдсэн “How stock exchanges advance gender equality” буюу “Хөрөнгийн биржүүд хэрхэн жендэрийн эрх тэгш байдлыг хангахад хувь нэмрээ оруулж манлайлдаг вэ?” тайланг танилцуулсан юм.

Тайланд дурдсанаар дэлхий даяар 92 тэрбум триллион долларын зах зээлийн үнэлгээтэй нийт 50 гаруй мянган компаниудыг биржүүд бүртгэсэн бөгөөд улс орнуудын эдийн засагт голлох нөлөөтэй ба шууд болон шууд бус замаар бүртгэлтэй компаниудын үйл ажиллагаанд нөлөө үзүүлж, жендэрийн эрх тэгш байдлын төлөө ажиллаж, илүү үр ашигтай, уялдаа холбоотой үр ашигтай нэгдмэл нийгмийг бий болгоход хувь нэмрээ оруулдаг байна. Мөн тус тайланд олон улсын биржүүдийн тэргүүн туршлага болон биржүүдийн жендэрийн эрх тэгш байдлын төлөө хийх боломжит ажлуудыг танилцуулжээ. Үүнээс дурдвал:

Хөрөнгийн биржүүд хэрхэн жендэрийн эрх тэгш байдлыг дэмжин ажиллах вэ?

  1. Үйл ажиллагаагаараа үлгэр жишээ үзүүлэх
  2. Зохицуулалт, зааварчилгаагаар бүртгэлтэй компаниудын үйл ажиллагаанд нөлөөлөх
  3. Жендэрийн мэдрэмжтэй бүтээгдэхүүнийг бүртгэж, олон нийтэд таниулах
  4. Компанийн гүйцэтгэх удирдлагын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг дэмжих
  5. Жендэрийн тэгш байдлыг дотооддоо дэмжих: Цалингийн зөрүүг арилгах; Дарамтаас урьдчилан сэргийлэх
  6. Жендэрийн тэгш байдлын талаарх ахиц дэвшлийг үнэлж, ил тод болгох

Жендэрийн тэгш оролцоог хангах нь хүний эрх, эрх чөлөөний шударга зарчмыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ бизнесүүд, байгууллагууд бүх хүчин чадлаа дайчлан ажиллах, ажлын үр дүнг үнэмлэхүй хэмжээнд нэмэгдүүлдэг. Иймд Монголын хөрөнгийн зах зээлийн жендэрийн мэдрэмжтэй тэгш оролцоог хангаж ажиллахыг хөрөнгийн зах зээлийн оролцогч бусад байгууллагууд, бүртгэлтэй хувьцаат компаниуд болон гишүүн компаниуддаа хандан Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн зүгээс уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

Хустайн байгалийн цогцолбор газар нь дэлхийн хамгийн олон тахитай нутаг болоод байна || DNN.mn

зураг

Хустайн байгалийн цогцолборт газрын үйл ажиллагаатай БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ танилцаж, байгаль хамгаалагчдын төлөөлөлтэй уулзлаа. Тэрбээр, Монгол Улс Биологийн олон янз байдлын конвенцод нэгдэн орж, эх орныхоо унаган байгаль, ургамал, амьтны ховор зүйлийг хадгалан хамгаалахын төлөө газар нутгийнхаа 30-аас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авах талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлсээр өдгөө нийт газар нутгийн 21.0 хувьтай тэнцэх 32.7 сая га талбай бүхий 119 тусгай хамгаалалттай газар 34 хамгаалалтын захиргаатай болжээ. Түүний нэг нь Хустайн байгалийн цогцолборт газар аж.

Байгаль хамгаалагчдын төлөөлөл хэлэхдээ “Одоогоор Хустайн байгалийн цогцолбор газар нь дэлхийн хамгийн олон тахитай, монголын хамгийн олон буга, тарваганы нягтшилтай нутаг болоод байна. Мөн тахь сэргээн нутагшуулалт, идэвхтэй хамгааллын үр дүнд өссөн амьтдаасаа тодорхой тооны бодгалийг улсынхаа бусад нутгуудад шилжүүлэн нутагшуулах ажлыг амжилттай гүйцэтгэж байгаа” хэмээн ярив.

Хустайн байгалийн цогцолбор газрын онцлогийг тодруулбал,

  • Жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулан гадаад, дотоодын жуулчдыг хүлээн авч, тахь сэргээн нутагшуулсан үүх түүхээс эхлээд, зэрлэг онгон байгальд тахь, буга, чоно зэрэг амьтдыг үзэх боломжийг бий болгожээ
  • Дэлхийн хамгийн ховор зүйл болох зэрлэг адуу – тахийг сэргээн нутагшуулахаар байгуулагдсан
  • 2000-аад оноос өнөөг хүртэл халиун бугын 500 гаруй илий, 1,000 гаруй тарвагыг Монгол Улсын бусад нутгуудад шилжүүлэн нутагшуулжээ. Эдгээр амьтдын экологи – эдийн засгийн үнэлгээгээр тооцон үзвэл гурван тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг Монгол Улсын байгаль хамгаалалд оруулсан
  • Дэлхийн хэмжээгээр үйл ажиллагаа явуулдаг, нэр хүнд бүхий байгаль орчны ууган төрийн бус байгууллага болох Дэлхийн байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны гишүүнээр 2007 онд элсжээ.

Ташрамд дурдахад, БОАЖЯ-аас Хустайн байгалийн цогцолборт газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн олгосон фургон автомашиныг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр тус газрын үйл ажиллагаатай танилцах үеэрээ гардууллаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

ОХУ-д “унасан” рублийн урсгал Монголоос ам.доллар татсаар байна уу? || DNN.mn

Орос Украины дайнтай холбоотойгоор ОХУ-д олон улс, тэр дундаа Европын холбооны зүгээс эдийн засгийн хэд хэдэн хоригийг тавиад байгаа билээ. Үүнээс үүдэж ОХУ-ын үндэсний мөнгөн тэмдэгт рублийн нэг ам.доллартай тэнцэх хэмжээ хоёр дахин нэмэгдээд байна.

Тэгвэл энэ үйл явдалтай давхцан Монгол Улсад ам.долларын ханш өссөөр байгаа нь анхаарал татаж эхэллээ. Ханшийн энэ өсөлт явсаар тун удахгүй нэг ам.доллар 3000 төгрөгт хүрэх нь энүүхэнд байна. Түүгээр зогсохгүй ОХУ-д унасаар байгаа рублийн ханш манай улсад тогтвортой байгаад олон нийт янз бүрийн таамаг дэвшүүлсээр байна.

Энэ нь өдөр ирэх тусам ханш нь унаж байгаа рублийг ОХУ-аас манай улсад зөөвөрлөн авчирч, ам.доллараар сольж байж болзошгүй гэх асуудал дэгдээд байгаа юм. Үүнийг батлах нэгэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цахим сүлжээнд гарсан. Тодруулбал, Монгол Улсаас ОХУ-ын хил рүү гурван тэрбум ам.долларыг бэлнээр гаргасан гэх. Одоогоор энэ асуудал дээр хууль хяналтын байгууллага мэдээлэл өгөөгүй байна.

“Найман шарга” валют арилжааны төв дээр ам.долларын төгрөгтэй харьцах ханш өчигдрийн байдлаар 2880 төгрөгтэй тэнцээд байна. Өмнөх өдрүүдэд 2900 гарч байсан тохиолдол ч бий.

Тус арилжааны төв дээр ам.долларын эрэлт их байгаа ч хомсдолд оржээ. Энэ нь хэд хэдэн шалтгаантай гэдгийг арилжаачид хэлж байв. Тухайлбал, “Найман шарга” төв дээр байрлах банк бус санхүүгийн байгууллагуудын зүгээс ам.долларын ханш эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан өсөх хандлагатай тул худалдаанд гаргахгүй байгаа гэх мэдээлэл байна.

Түүнээс гадна рублиэр солих эрэлт ч өндөр буй гэдгийг арилжаачид хэлж байв. Ялангуяа шөнө оройн цагаар гадаад болон дотоодын иргэд рублийг солиулах тохиолдол нэмэгдсээр байгаа аж. Нөгөө талаар арилжааны банкууд ам.доллар дээр тодорхой тооны квот тогтоосон гэх мэдээлэл гарснаас үүдэж валют арилжааны төвийг зорьж ирэх хүмүүс ч бий гэж байна.


Монголбанк: Амолларын ханш нэмэгдэж байгаа нь түр зуурын шинжтэй


Ам.долларын ханш өссөөр байгаа тухайд Монголбанкны зүгээс байр сууриа илэрхийлээд байна. Тус байр суурьт “Олон улсад үүсээд буй тодорхой бус байдлаас шалтгаалан иргэдийн дунд төгрөгийн ам.доллартай харьцах ханш сулрах нь гэсэн болгоомжлол үүсч байна. Үүсээд буй нөхцөл байдлыг Монголбанк түр зуурын шинжтэй гэж харж байгаа бөгөөд төгрөгийн ханш огцом сулрахаас сэргийлэх зорилгоор Монголбанкнаас долоо хоногт хоёр удаа гадаад валютын дуудлага худалдаа, валют арилжааны цахим талбараар банкуудад гадаад валют тогтмол нийлүүлэн ажиллаж байна. Төв банкны гадаад валютын интервенцийн хэмжээ өмнөх жилүүдээс илүү эрчимжсэн бөгөөд энэ нь тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал, гадаад төлбөр тооцоонд хангалттай хүрэлцэхээр байна. Хэдийгээр Монголбанкнаас нийлүүлж буй гадаад валютын хэмжээ нэмэгдэж байгаа ч Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2022 оны нэгдүгээр сарын эцсийн байдлаар 3,945 сая ам.доллар байна. Энэ нь долоон сарын импортын барааны хэрэгцээг хангах түвшинд буюу олон улсын жишиг түвшнээс өндөр дүн.

Төв банкуудын хувьд гадаад валютын нөөцөө чөлөөтэй хөрвөх шинж чанартай, нөөцийн валютаар бүрдүүлдэг. Тодруулбал, АНУ-ын доллар, евро, Японы йен, Английн фунт, БНХАУ-ын юань зэрэг валютаар гадаад валютын нөөцийг бүрдүүлэх нь түгээмэл байдаг. Энэ жишгийн дагуу Монголбанкны хувьд рублиэр гадаад валютын нөөцөө бүрдүүлдэггүй. ОХУ-д үүссэн нөхцөл байдлаас үүдэн рублийн бусад валютад чөлөөтэй хөрвөх чадвар муудаж байгаа энэ үед дээр дурдсан чөлөөтэй хөрвөх валютын нөөцийн валютын эрэлт ОХУ-д өсч байгаа тул ОХУ-тай хийх төлбөр тооцоонд бэлэн рублийн нөөцөөс шалтгаалсан хүндрэл гарахгүй гэж ойлгож болно” гэжээ.

Өөрөөр хэлбэл, төв банк “Олон улсад үүсээд буй тодорхой бус байдлаас шалтгаалан иргэдийн дунд төгрөгийн ам.доллартай харьцах ханш сулрах нь гэсэн болгоомжлол үүсч байна. Үүсээд буй нөхцөл байдлыг Монголбанк түр зуурын шинжтэй гэж харж байгаа” гэсэн нь рублийг ам.доллараар сольж байгаа асуудлыг үгүйсгэхгүй байна.


Р.Даваадорж: Монголоос гадагшаа явах урсгал нэмэгдсэн учраас валют өсч байна


Харин эдийн засагчид энэ талаар ямар байр суурьтай байгааг сонирхлоо. Эдийн засагч Р.Даваадорж ийм байр суурьтай байна.


-Ам.долларын ханш өссөөр байгаа шалтгааныг хэрхэн харж байна вэ. Рублийг ам.доллар болгосоор байгаатай холбоотой гэх мэдээлэл байна?

-Монгол Улс саяхнаас хил гаалиа бүрэн нээж, хүмүүс гадагшаа чөлөөтэй явах боломжтой болсон. Эмчлүүлэх, суралцах, ажиллах гэсэн хүмүүсийн хөдөлгөөн ихэссэн. Үүнийг дагаад валют өсч байгаа юм. Түүнээс биш Орос, Украины дайнтай холбоотой, рублийн ханш унасантай шууд холбож тайлбарлаж болохгүй.

Нөгөө талаар манайд бараа материалын үнэ асар их өсч байна. Инфляци 16.6 хувь болчихоод байгаа. Сар ирэх тусам 2-3 хувиар өсч байна шүү дээ. Энэ нь цаашид валют улам л өсөхийн дохио. Учир нь монголчууд импортоор бүх бараагаа авдаг. Бараа материалын үнэ өсөөд л байвал валют өсч таарна.

Рублийн ханш ОХУ-д ямар байдалтай байна вэ?

-Орос, Украины дайн эхэлснээс хойш нэг ам.доллар 80 рубльтэй тэнцэж байсан бол одоо 120 рубль болчихоод байна. Энэ нь ОХУ-д тавьсан Европын холбооны олон хоригтой холбоотой. Иргэд, аж ахуйн нэгжүүд нь алдагдлаас сэргийлж валют худалдан авах сонирхолтой байгаа учраас ам.долларын ханш өссөөр байгаа юм.

-Тийм учраас манайхаас ам.доллар рублиэр солих хандлага байгаа юм биш үү?

-Шууд тийм гэж дүгнэх боломжгүй. Мэдээж бид цаашид энэ байдлаар үргэлжилж болохгүй. Үнийн өсөлтийг зогсоох хэрэгтэй. Бид гадагшаа уул уурхайн бүтээгдэхүүнээ чөлөөтэй худалдаж чадахгүй байна шүү дээ. Уг нь валютын ханш өсөхгүй байх боломжтой. Тэр нь уул уурхайн бүтээгдэхүүний худалдаа. Нүүрс гэхэд олон улсын зах зээл дээр 400 ам.доллар, алт 2000 ам.доллар, зэс бүр 10.000 ам.доллар хүрч байна. Манай улсын хувьд маш сайхан боломж. Гэвч Засгийн газар зөв бодлоготой ажиллаж чадахгүй байгаагаас энэ сайхан боломжийг ашиглаж чадахгүй байна.

Ганц жишээ хэлэхэд, манайтай ижил уул уурхайн баялгаараа амьдардаг улсууд бол Чили, Перу. Эдгээр улсуудын гол экспортын бүтээгдэхүүн нь зэс. Тэд ковидын хямралын үеийг ашиглаад зөв бодлого хэрэгжүүлж чадсанаар 2021 оны эдийн засгийнх нь өсөлт 10-11 хувьтай гарсан. Харин манайх 1.4 хувийн өсөлттэй л байна гэв.

Categories
мэдээ нийгэм

БШУЯ, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажиллана || DNN.mn

Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоотой ирэх онд хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.

Хамтын хэлэлцээр нь боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтны хөдөлмөрлөх эрх, сонирхлыг хамтран хамгаалах зорилготой.

Энэ хүрээнд талууд салбарын эрх зүйн орчныг сайжруулах, хэрэгжилтийг чанаржуулах, багш, ажилтан, албан хаагчдын цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааг хангах чиглэлээр хамтран ажиллах юм.

Categories
мэдээ эдийн-засаг

“Санхүүгийн мөрдлөг” сургалтыг зохион байгуулж байна || DNN.mn

“Санхүүгийн мөрдлөг” сургалтыг зохион байгуулж байна

Авлигатай тэмцэх газар нь НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон Дэлхийн банкны хамтарсан түншлэл болох “Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга (StAR)”-тай хамтарсан “Санхүүгийн мөрдлөг” сургалтыг АТГ, ЦЕГ, УЕПГ-ын мөрдөгч, прокурор, шинжээчдийг хамруулан 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс зохион байгуулж байна.

“Санхүүгийн мөрдлөг” сургалтын хүрээнд улс төрийн авлига болон үндэстэн дамнасан шинжтэй мөнгө угаасан үйлдлийн бодит кэйс дээр ажиллаж албан хаагчдыг мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх бөгөөд сургалтыг тус чиглэлээр өндөр мэргэшилтэй гадаад улсын шинжээч, мэргэжилтэн нар зааж, туршлага солилцож байна.

Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга (StAR) нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн тавдугаар бүлэх болох хулгайлагдсан хөрөнгийг буцаах ажиллагааны хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2007 онд байгуулагдсан бөгөөд хөгжиж буй орнуудын эрх бүхий албан хаагчдад сургалт хийж, техникийн туслалцаа үзүүлдэг байгууллага юм.

Сургалт 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт 37.9 км авто зам барих ажил эхэллээ || DNN.mn

Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт 37.9 км авто зам барих ажил эхэллээ

Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт баригдах 37.9 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын нээлт 3-р сарын 4-нд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон БОАЖЯ-ын Дэд сайд Г.Түвдэндорж, “Хөвсгөл нуурын баруун эрэг дагуух одоогийн хайрган хучилттай замыг хатуу хучилттай болгон сайжруулснаар замын тоосжилтыг 4-7 дахин бууруулах, нуурын усны болон орчны бохирдол, нуурын орчимд олон салаа замаар хяналтгүй зорчих байдлыг багасгах, дотоод, гадаадын аялагч, жуулчдын тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх давуу талтай, томоохон бүтээн байгуулалт болно” гэлээ.

Төслийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 2022-2023 онд:

  • Хатгалын төв замыг Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн авто замтай холбох 2 км хатуу хучилттай авто зам барих
  • Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30.4 км хатуу хучилттай авто зам барих
  • Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км хатуу хучилттай авто зам барих
  • Хатгал орчмын 7 байршилд авто зогсоол барих
  • Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хоёр чиглэлд явган болон морин аяллын жим тохижуулах ажлуудыг хийж гүйцэтгэх юм.

Эдгээрээс, 2022 онд Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км хатуу хучилттай авто замыг иж бүрэн барьж, ашиглалтад оруулна. Дээрх авто замуудын зураг төслийг боловсруулахдаа тухайн бүс нутгийн байгаль, цаг уурын онцлогт тохируулан олон жилийн мөнх цэвдгийг хөндөхгүй байх, түүнийг хамгаалах зорилгоор замын нийт уртад ухмал төлөвлөөгүй бөгөөд Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн авто замын төгсгөлийн 4.1 км-т мөнх цэвдгийг хамгаалахын тулд технологийн онцлог шийдэл болох замын хучилтаас ирэх дулааныг доош дамжуулахгүй байх зориулалтаар гео-нэхмэл болон гео-торлог хязгаарлагчийг ашиглахаар төлөвлөсөн.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр авто замын бүтээн байгуулалтын ажилд өдөр тутмын техник, технологийн хяналт тавьж ажиллах төслийн Авто замын зураг төсөл, хяналтын зөвлөх баг “Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа” ХХК-ийн ерөнхий инженер, Хяналтын багийн ахлагч П.Дэмүүлэн “Хөвсгөл нуурын баруун эрэг дагуух газар нутаг нь барилгын ажил гүйцэтгэхэд хүндрэлтэй, экологийн хувьд эмзэг, мөнх цэвдэгтэй бүс нутагт хамаарна. Иймд мөнх цэвдгийг зам барилгын ажлын нөлөөллөөс хамгаалах зорилгоор Монгол Улсад анх удаа гео-нэхмэл ба гео-торлог хязгаарлагчийг ашиглах бөгөөд энэхүү шинэ технологийг туршин, улмаар манай улсад нутагшуулах чухал ач холбогдолтой” болохыг онцоллоо.

Төслийн авто замын гүйцэтгэгч “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК-ийн төслийн менежер Цуй Ан Ган “Зам барилгын ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, ашиглалтад хүлээлгэж өгөх болно” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол хэл, бичгийн шалгалтыг ирэх сарын 2-нд зохион байгуулна || DNN.mn

Монгол хэл бичгийн шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулна.

✅Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Гремикс” буюу М.Ганбаяр: Контент бүтээхэд хамгийн эхэнд санаагаа олох нь чухал || DNN.mn

Контент бүтээгч “Гремикс” буюу М.Ганбаяртай ярилцлаа.


-Ямар учраас, Youtube-д контент бүтээх болсон бэ?

-Бага наснаасаа вэб сайт хөтлөх, блог, видео эдитлэх хоббитой байсан. Оюутан болоод хоёрдугаар курсээсээ үүнийг яаж өргөжүүлж, гоёор хийж болох вэ гэж бодож байгаад you­tube дээр видео хийдэг хүн болъё гэж шийдсэн. Эхлээд юу хийхээ сайн мэдэхгүй you­tube үзэж байгаад тоглоом тоглож, видео хийдэг гурван суваг олсон. Тухайн үедээ мянга гаруй хүн үзэж байхаар нь монголчууд бас тоглоомын видео үздэг юм байна гэж бодсон. гадаадын контент бүтээгчид видео яаж хийдгийг харах гээд “PewDiePie” бичлэгийг үзээд хөгжилтэй санагдан ингэж хийж болох юм байна гэж урам зориг авснаар хийж эхэлсэн.

-Та видео тоглоомуудыг ашиглан төрөл бүрийн контент хийдэг. Хэзээнээс эхэлж хийж эхлэв?

-Youtube сувгаа 2014 онд нээж хоёр видео хийгээд орхичихсон байсан. 2016 оны зунаас эхлэн одоо бичлэгүүдээ хийж эхлье гэж огцом шийдсэн. Одоогоор видео, контент хийгээд зургаан жил болж байна.

-Нэг контент бүтээхэд хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Тухайн контентын хийц загвараас л хамаарна. Контентдоо хэр их эдит хийх зэрэг болон ямар агуулгатай бичлэг хийхээс хамаардаг. Эхний үед энгийн тоглолтын gameplay видеоны дундаж хугацаа 1-2 хонодог байсан. Видеогоо сайжруулах гээд хийх аргачлал нь өөрчлөгдөхөд хэцүү болоод хичээлийнхээ завсраар 2-3 хоног эвлүүлдэг байсан. Хийж эхэлснээсээ 2-3 сарын дараа яаж хийх аргаа олсны дараа өдөрт л хийдэг болсон. Нэг юмыг олон дахин давтаж хийж, заримдаа хичээлээ тарж ирсэн даруйдаа эдитлэн youtube сувагтаа оруулдаг байсан. Хийц өндөртэй эдит их видеог одоо ч гэсэн олон хоног сууж эдитэлдэг дээ.

-Гремикс “Орк” кино болон “Мөнх тунх” анимэйшнд тоглож байсан шүү дээ. Одоо кино, рекламд тоглох санал ирж байна уу?

-Хааяа ирдэг. Тоглох бодол нэг их төрөхөө больсон. Өмнө нь кино гэхэд их дуртай тоглодог байсан бол одоо бага зэрэг цааргалдаг болсон. Манай оронд кино хийхэд цаг наргүй их шахуу цагийн хуваарьтай ажилладаг. Хүмүүсийн төсөөлснөөс хэцүү ажил болохоор тэр. Реклам, сурталчилгаа бол харж байгаад ямар байгууллагын, ямар бүтээгдэхүүн рекламдах гэдгээс хамааран улиралдаа нэг ордог.

-“Хүйтэн байна”, “Сангимсаал” зэрэг дуу дуулж байсан шүү дээ. гэдгийг Ер нь яагаад дуу бүтээх болсон бэ?

-“Хүйтэн байна” дуун дээр хөгжилтэй, дуутай контент гаргана гэж бодоод хийсэн. Хүмүүс дуу гэдгээр нь ойлгож хүлээж авсан. Тэгээд дараагийнх дээр нь жинхнээсээ дуу хийх гэж оролдсон.

Ойрын хугацаанд бол дуу хийх бодол байхгүй. Гэхдээ ер нь жилдээ нэгээс хоёр удаа дуу хийх байх.

-Youtube сувагт видео хийж эхэлснээсээ хойш 732 мянган дагагчтай боллоо. Ар гэрийхэн нь анх бичлэг хийхэд хэрхэн хүлээж авдаг байв?

-Анх гэрийхэн өрөөндөө ганцаараа яриад суухаар гайхдаг байсан. Ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан болохоор ээжийг ажилдаа явсан хойгуур хийдэг байсан. Жилийн дараа хийж байгаа зүйлийг маань ээж мэдээд эхэлсэн. Анх хүндрэл тулгарах нь гайгүй байсан.

-Youtube дээр контент бүтээхэд юу хамгийн хэцүү байдаг вэ?

-Үнэхээр Youtube хийх нь дуртай хүнд бол нэг их хэцүү зүйл байхгүй, бүх асуудлуудыг шийдэж болохоор санагддаг. Гэхдээ заримдаа онцгүй коммент, хүмүүсийн хандлага зэргийг хараад сэтгэлээр унах үе гардаг ч эргээд хэвийн болчихдог.

-Ямар Youtube суваг үзэж, туршлага хуримтлуулдаг вэ?

-Монголоос ихэнх контент бүтээгчдийг үздэг. Гадаад контент бүтээгчээс “Mrbeast”, “PewDiePie”, “Sinzar” зэрэг сувгуудыг их үздэг. Youtube дээр үзэхийг санал болгосон видеонуудыг л их үздэг болсон.

-Youtuber болсноос хойш амьдралд нь ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

-Youtuber болсноос хойш гарсан өөрчлөлт гэвэл хүмүүс гадуур явж байхад их таньдаг болсон. Харин олон жил өнгөрөх тусам намайг танихаас илүү дотноор хүлээж авч буй юм шиг санагддаг болсонд баяртай байдаг.

-Бичлэг хийж эхэлж байхдаа өөрийн нэрийн бараагаа гаргана гэж боддог байсан гэсэн. Одоо бараануудаа гаргасан уу?

-Анх видео хийж эхэлж байхдаа нэрийн барааг гаргая гэж боддог байсан. Ганцаараа бие дааж хийхэд хэцүү асуудал байна лээ. Өнгөрсөн жил анхны бараагаа гаргасан. Тухайн үед хүмүүс сонирхож тодорхой хэмжээнд авсан. Үйлдвэрлэгч их цөөхөн, ихэнх зүйлээ импортоор оруулж ирдэг болохоор хэцүү юм байна лээ. Сүүлд шинэ жилээр аягатай жижиг бэлгийн багц гаргасан.

-Хүмүүс өөрөөр тань дамжуулж хайртай дотны хүмүүстээ төрсөн өдрийн мэндчилгээ видеогоор хүргүүлдэг гэсэн үү?

-Тийм “Fomi” гэдэг Монгол аппликэйшн байдаг. Энэ нь видеогоор хүмүүст мэндчилгээ зэргийг хүргэдэг. Энэ аппликэйшнээр дамжуулан сүүлийн үед хүмүүс хүүхдүүддээ, дүү нартаа мэндчилгээ хүргүүлж авч байгаа.

-Нэг бичлэг хийх үйл явцаас хуваалцвал?

-Хамгийн эхэнд ямар видео хийх санаагаа олох нь чухал. Иймэрхүү видео хийвэл сонирхолтой байх гэж санаагаа олно. Хэрвээ санаа байхгүй бол видеогоо хийж чадахгүй. Санаагаа олчихвол видеогоо төсөөлөөд, иймэрхүү видео хийж болох юм байна гээд компьютер, камераа асаагаад рекордоо хийж эхэлнэ. Рекорд хйиж байхдаа төсөөлсөн зүйлээ бодож хийнэ. Дараа нь рекорд хийсэн видеогоо эдит хийнэ. Аль болох сонирхолтой байдлаар эдит хийх гэж үздэг. Эдитэлж байхдаа видеогоо хэр зэрэг болж байгааг харж сайн болвол гаргадаг. Видео муу болчихвол гаргахгүй устгадаг.

-Та бичлэгтээ ямар тоглоом ихэвчлэн тоглодог вэ?

-Бүх тоглоомнуудыг судалж байгаад бичлэг хийвэл аль нь илүү хөгжилтэй, сонирхолтой болох бол гэж бодож байгаад нэгийг нь сонгоод тоглодог доо.

-Таны бодлоор Монголын хамгийн сайн Youtuber хэн бэ?

-Одоогоор бүгд л нэгэн жигд байх шиг санагддаг. Яг мундаг гэж боддог хүн гарч ирээгүй л байна.

-Одоогоор ямар ажилд төвлөрч ажиллаж байна?

-Би одоогоор видео хийхийн зэрэгцээ хүмүүстэй хамтран төсөл дээр ажиллаж байна. Төсөл маань хүмүүст ил болоогүй байгаа. Төсөл дээрээ их цаг зарцуулж буй учраас видеоны давтамж нь бага зэрэг буурчихсан байгаа. Хийж байгаа ажлаа жигдрүүлчихвэл буцаагаад видеогоо сайн хийж эхэлнэ дээ.

-Youtube сувагт видео контент бүтээх хүсэлтэй залууст юуг зөвлөх вэ?

-Хийгээд л үз гэж хэлнэ. Шантралгүй хийгээд бай. Гэхдээ дургүй байвал заавал хүчээр хийх гээд байх хэрэггүй, гол нь хийх гэж буй зүйлдээ дуртай байх хэрэгтэй. Урам зориг авдаг хүнээ үзэж байгаад видеогоо хийгээд л үз гэж хэлнэ.

-Цаашид юуг хийхээр төлөвлөж байна вэ?

-Одоогоор олон жилээр төлөвлөсөн зүйл алга. Одоо хийж байгаа хоёр зүйлүүдээ ойрын хугацаанд сайн хийнэ л гэж бодож байна даа.

Ц.УЯНГА


Categories
мэдээ нийгэм

Аймгууд өөрсдийн онцлог, нөөцөд тулгуурлан цахим шилжилтээ хийнэ || DNN.mn

зураг

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн хамтарсан баг энэ 2022 онд бүх аймгуудыг цахимжуулах ажлын хүрээнд ирэх 03 дугаар сарын 15-с эхлэн хөдөө, орон нутагт ажиллаж, “Цахим жишиг аймаг” болоход нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм. Түүнчлэн орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг хэрхэн цахимаар авах талаар зааварчилгаа өгч ажиллана.

Тэгвэл өнөөдрийн байдлаар “e-mongolia” системд найман аймгийн нутгийн захиргааны 540 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байна. Үүнээс тодруулбал,

  1. Төв аймаг – 47 үйлчилгээ
  2. Хөвсгөл аймаг – 71 үйлчилгээ
  3. Булган аймаг – 62 үйлчилгээ
  4. Дархан уул аймаг – 61 үйлчилгээ
  5. Орхон аймаг – 74 үйлчилгээ
  6. Сэлэнгэ аймаг – 73 үйлчилгээ
  7. Сүхбаатар аймаг – 76 үйлчилгээ
  8. Хэнтий аймаг – 71 үйлчилгээг цахимжуулжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр аймгууд дээрх тооны нутгийн захиргааны үйлчилгээг гар утас болон суурин компьютероосоо авах боломжийг бүрдүүлсэн гэсэн үг юм.

Үүний зэрэгцээ, “e-mongolia” системээс үзүүлж буй төрийн 600 гаруй үйлчилгээг орон нутгийн иргэд операторын тусламжтайгаар авах боломжтой бөгөөд операторын үйлчилгээг 21 аймгийн 330 суманд нэвтрүүлжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд энэ онд аймгуудын ажлыг дүгнэхдээ нэн тэргүүнд цахим шилжилтийг орон нутагтаа хэрхэн нэвтрүүлсэн байдлыг харгалзан үзнэ гэсэн юм. Энэ хүрээнд аймгууд нутгийн захиргааны үйлчилгээгээ цахимжуулахын зэрэгцээ орон нутагтаа цахим шилжилтийг салбар бүрд алхам алхмаар нэвтрүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, Дархан-Уул аймагт Үндэсний дата төвийн НӨӨЦ төвийг байгуулан, өнгөрсөн онд нээлтээ хийсэн. Тус аймгийн хувьд өнөөдрийн байдлаар нутгийн захиргааны 61 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia” системд оруулжээ. Үүний зэрэгцээ Гэрэгэ системтэй хамтран “Смарт-Дархан” системийг хөгжүүлж байна.

Дархан-Уул аймаг нь 128 хяналтын камерыг ашиглан замын хөдөлгөөн, гудамж талбайд гарч буй гэмт хэргийн хяналтыг хийж, зохицуулж байгаа гэдэг мэдээллийг өгсөн юм. Тус аймгийн 22,000 өрх цахим тоолуурын системийг нэвтрүүлсэн байна. Ингэснээр тоолуурын бичилтийг алба хаагчид өрх бүрд биечлэн очиж, заалтыг тэмдэглэдэг байсан уламжлалт аргыг халаад байгаа ажээ. Үүний зэрэгцээ Дархан-Уул аймаг Callpro компанитай хамтран иргэдтэйгээ харилцаж, санал хүсэлтийг нь хүлээн авах, дамжуулах, эргэн хариу өгөх системийг нэвтрүүлсэн сайн жишиг байгаа юм.

Харин Өмнөговь, Увс, Төв аймгийн хувьд Ерөнхий боловсролын сургуулийн нийт 95 хувь нь ухаалаг самбар ашиглаж байна. Мөн сургууль эцэг эхийн хоорондох харилцааг цахим хэлбэрт шилжүүлжээ.

Тэгвэл Сэлэнгэ, Баянхонгор, Өмнөговь, Говь-Алтай аймагт бэлчээрийн болон газар тариалангийн талбайг төлөвлөх шийдлүүдийг дрон ашиглаж, мэдээлэл цуглуулах аргыг нэвтрүүлж эхэлсэн байна.

Энэ мэтчилэн аймгууд өөрсдийнхөө түвшинд цахим шилжилтийг хийж байгаа бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдсантай холбогдуулан тус ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд аймаг бүрд мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, төрийн дижитал шилжилтийг хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг бүхий хүнийг бий болгох бөгөөд тухайн албан тушаалтан нь аймгаа цахимжуулах тал дээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран ажиллах юм.

Мөн эрүүл мэнд, нийгмийн халамж, малчдад зориулсан нутгийн захиргааны үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимд шилжүүлэх, иргэдээс авч буй өргөдөл, гомдол, санал шүүмжийг цахимаар авах, төрийн байгууллагаас биеэр очиж авдаг үйлчилгээг шат дараатайгаар цахимжуулах, төлбөр тооцоог 100 хувьд цахимд шилжүүлэх,аймаг бүр өөрийн онцлогтоо тохируулан цахим шилжилтийг хийх, ингэхдээ хувийн хэвшилтэй хамтран ажиллах, хяналт удирдлагын нэгдсэн системтэй болж, дата өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах, иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө, тусламж үзүүлэх үйлчилгээний төвтэй болох, иргэдийн цахим ур чадварыг сайжруулах чиглэлд сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах зэрэг цахим шилжилттэй холбоотой хэрэгжүүлж болох ажлын саналыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд зүгээс өнгөрсөн өдрүүдэд аймгийн удирдлагуудтай уулзахдаа санал болгосон юм.

Аймгуудыг цахимжуулах ажлын хүрээнд Монгол орны хүн ам, нийт нутаг дэвсгэрийг хамарсан мэдээлэл, харилцаа холбооны сүлжээг өргөтгөх ажилд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс анхаарч ажиллахаар дунд хугацааны төлөвлөгөөндөө тусгажээ.

Мөн суурь системүүдийн хувьд танилт нэвтрэлтийн нэгдсэн систем “ДАН”, тоон гарын үсгийн “ESIGN” систем, төрийн мэдээлэл солилцооны систем “ХУР”, түүнийг дэмжих системүүд болох орон зай мэдээллийн систем болон баримт бичиг солилцооны системүүдийг хөгжүүлчихсэн байна.