Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨГӨӨ: Менингококкт халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ || DNN.mn

Бага насны хүүхдүүдийн дунд Менингококкт халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа тул Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.

Менингококкт халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг, Neisseria meningitidis гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин.
Хэрхэн халдварлах вэ?
Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Нууц үеийн хугацаа нь 3-10 хоног, дунджаар 5-7 хоног байдаг. Тус халдвараар бүх насны хүн өвчлөх эрсдэлтэй бөгөөд тав хүртэлх насны хүүхэд илүү өртөмтгий байдаг.

Ямар шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах вэ?

  • Гэнэт 38-39 хэм ба түүнээс дээш өндөр халуурах
  • Биеэр цусархаг тууралт гарах
  • Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
  • Олон удаа бөөлжих
  • Хоолонд дургүй болох, ядарч сульдах
  • Татах
  • Биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох
  • Нэг хүртэлх насны хүүхдэд зулай төмбийж чинэрэх.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хаврын үнэр || DNN.mn

Хаврын үнэр гэхээр нэг их гоё чийг, бороо, нахиалж буй моддын үнэр санагдаж байна уу.

Эсвэл шороо ч юм уу. Үнэндээ Улаанбаатарын хаврын үнэр энэ бүхнээс хол зөрнө. Хаврын урь орж, хөлдүү бүхэн гэсэхээр Улаанбаатараас өмхий самхай үнэртдэг. Хашаа, байшингийн өнцөг булан бүрээс гэссэн ялгадсын үнэр ханхалдаг.

Хотын төвдөө хүртэл шүү. Эрчүүд нь давсагаа чинэрэхэд 00 хайхаас илүүтэй, булан тохой барааддаг энэ үзэгдэл хэзээ алга болох юм бүү мэд. Өнөө Зөрчлийн хууль энэ тэр нь олны нүдэн дээр буруу хараад бие засч байгаа эрчүүдэд үйлчилдэггүй. Улаанбаатарт нийтийн ариун цэврийн газар ховор, үйлчилгээний байгууллагууд нь ариун цэврийн өрөөгөө тас цоожилдогтой ч холбоотой.

Өнөөдөр ханиад томуу дэлгэрч эмнэлгүүд хүүхэд багтаах зайгүй ачаалалтай байна. Өнөө л ор олдохгүй хүүхдээ тэвэрсэн эх эмнэлгийн коридорт хэвтэж, хөл толгойгүй хөлхөж байна.

Энэ их ханиадны үүсэл шалтгаан магадгүй “Улаанбаатарын үнэр”-ээс үүдэлтэй байхыг үгүйсгэхгүй. Өөр ямар ч өвчний үүсгүүр болж бидний хамар амаар орж биед сууж байгааг таашгүй юм.

Тиймээс энэ үнэрийг дарж ариутгах ажлыг хотын захиргаанаас дариухан эхэлмээр санагддаг. Байшингийн булан тохой бүрийг ариутгаж, угаамаар байна. Тухайн хашаа, байшинг хариуцдаг хувь хүн, албан байгууллагууд, СӨХ нь энэ ажлыг хялбархаан хийчихнэ. Хот харин хяналтаа тавихад л болох юм.

Categories
гадаад мэдээ цаг-үе

ОХУ: Украины амаржих газарт агаарын цохилт өгчээ || DNN.mn

Украины Мариуполь хотын хоёрдугаар амаржих газарт агаарын цохилт өгсний улмаас 17 хүн шархадсан гэж Донецкийн иргэний цэргийн удирдах газрын тэргүүн Павел Кириленко мэдээлжээ. Амь үрэгдсэн хүн байхгүй гэв.

Шархадсан иргэдийн дунд амаржсан эхчүүд болон эмнэлгийн ажилтнууд байжээ.

Оросын талаас зарласан “Чимээгүй” дэглэмийн үеэр агаарын цохилт өгсөн байна. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон уг үйл явдалд цочирдсоноо илэрхийлээд, Украиныг агаарын цохилтоос хамгаалах нэмэлт ямар дэмжлэг байгаа талаар судалж байна гэв. Тэрээр Твиттертээ “Аймшигтай гэмт хэрэг үйлдсэн Путинд хариуцлага тооцуулах болно” хэмээн бичжээ.

Categories
мэдээ цаг-үе

Агаарын тээврээр тээсэн ачаа 4.9 дахин нэмэгджээ || DNN.mn

Агаарын тээврээр тээсэн ачаа энэ оны нэгдүгээр сард 1.1 мянган тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 890.5 (4.9 дахин) тонноор нэмэгдлээ.

Нэгдүгээр сард агаараар дотоодод 0.7 тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 0.4 (2.6 дахин) тонноор, олон улсад тээсэн ачаа 1.1 мянган тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 890.1 (4.9 дахин) тонноор нэмэгдсэн байна.

Агаарын тээврээр зорчигчид дээрх сард 41 мянга (давхардсан тоогоор) болж, өмнөх оны мөн үеийнхээс 33.8 (5.7 дахин) мянган хүнээр ихэсжээ. Агаарын тээврээр зорчигчид өмнөх сарынхаас 6.4 (18.6 хувь) мянган хүнээр нэмэгдэв. Үүнд Пукет, Истанбул чиглэлийн зорчигч нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.

Агаарын тээврээр орон нутагт зорчигчид нэгдүгээр сард 21.8 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 16 (3.8 дахин) мянган хүнээр нэмэгдлээ. Ийнхүү нэмэгдэхэд Ховд чиглэлийн зорчигч 16.5, Өлгий чиглэлийн зорчигч 5.3, Улиастай чиглэлийн зорчигч 4.7 дахин нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Агаарын тээврээр олон улсад зорчигч мөн сард 19.1 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 17.7 (13.8 дахин) мянган хүнээр нэмэгдэв. Үүнд Сөүл, Истанбул, Пукет чиглэлийн зорчигч нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого энэ оны 1 дүгээр сард 45 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 37.1 (5.7 дахин) тэрбум, өмнөх сарынхаас 11.4 (33.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Э.Золбоо: Дагуул хотынхоо бүтээн байгуулалтад БНСУ-ын талаас зөвлөх үйлчилгээ авна || DNN.mn

Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоотой ярилцлаа.


-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн хот байгуулах тухай шийдвэр гараад багагүй хугацаа өнгөрлөө. Бүтээн байгуулалтын ажлууд хэдийнээс өрнөх вэ. Дагуул хотоо яаж төлөвлөсөн бэ?

-УИХ-ын 2020 оны 55 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хот хөдөөгийн хөгжлийг тэнцвэржүүлэх зорилгын хүрээнд төв аймгийн Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэж “Шинэ Зуун” нэртэй дагуул хот байгуулахаар шийдвэрлэсэн.

Монгол Улсын Засгийн газар энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд хэд хэдэн чухал ажлуудыг амжууллаа. Тухайлбал, шинэ хот барих газраа бэлтгэх зорилгоор 32 мянга орчим га талбайг улсын хэрэгцээнд авлаа. Мөн тухайн газар нутаг дээрх инженерийн дэд бүтцийн хангамжийн судалгааг хийсэн байгаа. Эхний ээлжинд 150 мянган хүн амьдрах боломжтойг тодорхойлсон. Дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулаад гуравдугаар сардаа багтааж Загийн газарт хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Үүний дараа инженер шугам сүлжээний зураг болон угсралтын ажлууд өнөө жил ар араасаа хийгдээд явах юм.

-Майдар хот байгуулна гээд олон жилийн өмнөөс яригдаж байгаа ч хөшөөнөөс өөр зүйлгүй байна гэх шүүмжлэл бий. Ингэхэд манай улсад хот байгуулах тал дээр туршлага дутаад байна уу?

-Монгол Улс хамгийн сүүлд Социализмын үед буюу 1980 онд Багануур дүүргийг цогц байдлаар нь төлөвлөж бүтээн байгуулсан цагаас хойш ямарваа нэгэн хот байгуулаагүй. Өнөөдөр бидэнд хот байгуулсан туршлагатай боловсон хүчин ховор байна. Мэргэжлийн ур чадвартай хот төлөвлөгчид байгаад байдаг, гэвч туршлага дутах асуудал бий. Тийм учраас манай Барилга хот байгуулалтын яамны хувьд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын сүүлийн үеийн шинээр боссон хотуудын туршлагуудыг сайтар судалж байна.

-Та саяхан БНСУ-д ажлын айлчлал хийхдээ тус улстай хот байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар болсон гэж байсан. Тэгэхээр дагуул хотынхоо бүтээн байгуулалтад Солонгос улсын туршлагыг нэвтрүүлнэ гэж ойлгож болох уу?

-БНСУ бол манайх шиг нийслэл Сөүл хотод нь хүн амынх нь тал хувь нь төвлөрсөн байсан. Ингээд хүн амынхаа нягтаршлыг сааруулахын тулд Сөүлээ тойруулаад 10 гаруй дагуул хотыг сүүлийн 20 жилийн дотор барьж байгуулснаараа дэлхийд үлгэрлэж байгаа. Тийм учраас саяхан миний бие шинэ хотын төлөвлөлт дээр ажиллаж буй холбогдох хүмүүсийнхээ хамтаар тухайн хотуудын туршлагыг судлах, мөн хот байгуулалтын асуудлыг нь хариуцдаг Зам, тээвэр, дэд бүтцийн яамны дэд сайд Юун Сэн Вон болон холбогдох гол хүмүүстэй нь уулзалтууд хийгээд ирсэн. Тэдний туршлагыг хуваалцаж, одоо хийж байгаа төлөвлөлт дээрээ зөвлөх үйлчилгээ авч хамтран ажиллахаар тохиролцсон.

-Солонгос улс хэрхэн яаж шинэ дагуул хотуудыг байгуулж байна. Манайх юун дээрээ илүү анхаарах шаардлагатай вэ?

-Бүтээн байгуулалт нь ид явагдаж байгаа Геомдан хотод очиход ямартаа ч бидний өнөөдрийг хүртэл хийж байгаа ажлууд зөв дэс дарааллын дагуу явж байгаа юм байна гэдэг нь харагдсан. Учир нь Солонгос улсад хот байгуулахдаа юун түрүүнд хот барихаар төлөвлөж байгаа бүх газрыг тухайн газар эзэмшигч, ашиглагч аж ахуйн нэгжүүд болон иргэдтэй нь хуулийн дагуу тохиролцож улс нь өөрийн мэдэлд авч байна. Дараа нь тухайн авсан газар дээрээ хүнийг тав тухтай амьдрах боломжоор хангах бүх инженер, дэд бүтцийн хангамжийг судалж эх үүсвэрийн шийдлийг нь тодорхой болгодог юм байна. Эдгээр ажлууд хийгдсэний дараа гагцхүү хэдэн хүн амтай хот байх вэ, хотын онцлог нь юу байх вэ гэдгээ цогцоор нь харж тодорхойлсны үндсэн дээр хөгжлийн ерөнхий төлөвлөлтөө боловсруулдаг. Энэ нь бидний өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлж байгаа бодлоготой нийцэж байсан. Гэвч цаашдаа бид яах вэ гэдэг дээр тухайн улсаас санаа авах, суралцах зүйлүүд багагүй байна. Жишээлбэл, төрийн бүх яам, агентлагуудаа 2012 оноос хойш амжилттай нүүлгээд дуусч байгаа Сежун хотын сайн туршлагаас сонирхуулъя л даа. Судлаад үзэхэд, тухайн хотыг барьж байгуулах ажлыг гардан зохион байгуулж буй хотын Барилгын үндэсний агентлагийг төр засаг нь буюу манайхаар УИХ, Засгийн газар нь санхүүжилтээр гацаахгүйгээс эхлүүлээд холбогдох хууль, дүрэм, журам гээд холбогдох зөвшөөрлүүдийг нь онцгой горимоор хурдан шуурхай шийддэг юм байна. Өөрөөр хэлбэл, бүх талаас нь саадгүй ажиллах боломжоор хангадаг гэсэн үг. Хариуд нь цаг хугацаанд хяналт тавьдаг байх жишээтэй. Хотыг богино хугацаанд босгохын гол амжилт ердөө энэ. Бидний хувьд хэрэгжүүлэх шатандаа санаа авах, анхаарч ажиллах зүйлүүд их байна.

-Дагуул хотоо байгуулахдаа гадны хөрөнгө оруулалтыг татах уу. Төсөв хөрөнгийн асуудлыг яаж шийдэх вэ. Хэдий хугацаанд төслийг хэрэгжүүлэх бол?

-Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдэд суурилсан ТЭЗҮ хийгдэж байж төслийн нийт төсөвт өртөг тодорхой болно. Тэр үед санхүүжилтээ хэрхэх талаар Засгийн газрын түвшинд яригдах байх. Энэ талаар эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа. Одоогийн байдлаар шинэ хотын бүтээн байгуулалтыг 2020-2040 оны хооронд хийж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгджээ || DNN.mn

Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдэж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхнийг халдвараас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг тус яамнаас зөвлөсөн юм.

Менингит нь менингококкоор үүсгэгддэг, маш богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй халдварт өвчин юм. Ялангуяа бага насны хүүхэд өртөх эрсдэл илүү өндөр байдаг.

зураг

ЖИРГЭХЖИРГЭХ
0ХУВААЛЦАХ
Categories
гадаад мэдээ цаг-үе

Сөрөг хүчний нэр дэвшигч БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо || DNN.mn

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний Иргэдийн хүч намаас нэр дэвшигч Юн Сок Ёл ялалт байгууллаа. Сонгуульд 10 гаруй нэр дэвшигч оролцсон ч эрх баригч Ардчилсан намын Ли Жэ Мён болон сөрөг хүчнээс нэр дэвшигч Юн Сок Ёл нарын хооронд гол өрсөлдөөн өрнөсөн юм. Өнөө өглөөний 04.20 цагийн байдлаар саналын хуудасны 98 хувийг тоолоход Юн Сок Ёл 48.6 хувийн саналаар илүүрхсэн нь тодорхой болсон. Харин эрх баригч Ардчилсан намын Ли Жэ Мён сонгогчдын 47.8 хувийн санал авчээ.

зураг

Эрх баригч Ардчилсан намын Ли Жэ Мён ялагдлаа хүлээн зөвшөөрч, дэмжигчдээсээ уучлалт гуйжээ. Харин консерватив үзэл баримтлалтай Юн “Энэ бол Өмнөд Солонгосын агуу ард түмний ялалт” хэмээгээд Үндсэн хууль, парламентат ёсоо дээдлэн, сөрөг хүчний намуудтай хамтран ажиллаж эв нэгдлийг бий болгохоо амлалаа.

Лхагва гарагт болсон санал хураалтын ирц өндөр байсан бөгөөд сонгуулийн насны дөрөв хүн тутмын гурав нь саналаа өгчээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Дашпүрэв: Төрд ажиллаж байгаа коммунист большевикүүдээр дамжуулж Монголыг нөлөөндөө байлгах сонирхолтой || DNN.mn

Бие даасан эрдэм шинжилгээний ажилтан, Философийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дашпүрэвтэй ярилцлаа.


-Орос, Монголын түүх хэрхэн холбогдсон талаар ярилцлагаа эхэлье? Орос ах гэдэг үзэл хэдий үеэс бий болж эхлэв?

-Орос ах нар гэдэг үзэл Монголын нийгэмд бий болоод 100-гаад жил болж байна. Гэхдээ нарийн яривал 1920 онд Монгол ардын нам гэж байсан. Сүүлдээ Монгол ардын хувьсгалт нам болж 1924 оноос нэрлэгдэж яваад эргээд Монгол ардын нам болон томьёологдсон. Энэ нам 1920 оны гуравдугаар сарын 1-нд Эрхүү хотод байгуулагдсан нам л даа. Тэнд нэг хурал болсныгоо намын анхдугаар хурал гэж сүүлд нь томьёолсон хэрэг. Тэгэхээр 1920-иод оны сүүлээр орос ах гэж хэлэх рүү дөхөж очсон. Оросын нөлөө 1917 оны Октъябрийн хувьсгалаас эхэлсэн гэж ярьдаг боловч тэр үе биш. Орос анх үндэстэн улс болж хөгжих эхлэл нь нарийндаа Алтан ордны улс гэгдэх Монгол империйн (Их Монгол Улс) нэг нь шүү дээ. Тэр нь 1400-гаад оны үеэс жаахан суларч эхэлсэн. Тэгээд 1600 оны үеэс бүр задарсан. Тэгэхээр XVII зууны үеийн задралаар Орос улс үүсч, XVII зууны сүүлээр Орос гэдэг улс түүхийн давцанд гарч ирсэн. Тэр цагаас хойш Орос улс Монголын нөлөөнд их байсан учраас Москвагийн Орос, Новогродын Орос гэж явж байгаад сүүлдээ Хаант Орос болоод газар нутгаа тэлэх сонирхлын үүднээс урагшаа Байгал нуурын баруун, зүүн талаар судалж явсаар өөрийн болгосон. Ялангуяа Орост их ойрхон манай Хаант Монгол Улс буюу Хубилай хааны Юань импери улс мөхөсний дараа үүссэн шүү дээ. Тэр үед манай улсын газар нутаг одоогийн Элст хот хүрч байлаа. Түүнээс ч урагшаа Каспин тэнгисийн зүүн талаар манай Ойрад Монголын салбарууд байсан. Түүнийг оросууд их судалсан. Ялангуяа XVIII-XIX зуунд их судалсан байдаг. Тэр үеэс оросууд Монголыг маш сайн мэддэг болсон. Хаант Оросын үед манай ар халхад оросууд их орж ирж алт олборлодог, худалдаа наймаа хийдэг байж байгаад Октъябрийн хувьсгал гараад түүнээс хойш Ленин, Сталины коммунист Орос Монголыг маш их анхаарах болсон. Юуны тулд анхаарч байгаа юм гэвэл ах нь болохын тулд биш. Монголыг нөлөөндөө байлгаж, газар нутгаа өргөтгөх, газрын доорх баялгийг нь авах, чадвал нутаг орныхоо бүрэлдэхүүнд авах сонирхолтой явж ирсэн.

-Орос ах гэсэн үзлээсээ хэрхэн салах вэ?

-Орос ах гэдэг нь ЗХУ-ын коммунист нам, коминтерний үе, Монгол ардын намын идэвх зүтгэл, коммунист большевикийн үеэс үүссэн ойлголт л доо. Энэ нь энгийн хэллэг. Орос ах нар гэсэн үзэл энгийн ард түмний дунд бат суусан нь Оросын коммунист большевикүүд 1922 оноос эхлээд Монголын уламжлалт сэхээтэн язгууртнууд, Монголын гэгээрсэн боловсорсон хэсгийг янз бүрийн шалтгаанаар, ямар нэгэн нэр хоч өгсөөр алж хядаж эхэлсэн. Энэ нь 1984 оныг хүртэл явсаар байсан. Сүүлдээ яахав алахаа больсон. Ер нь бол манай монгол коммунист большевикүүдээс айгаад сурчихсан юм. Жирийн монгол хүн айгаад байх ч юу байхав. Гэхдээ монгол төрийн удирдлагад ажиллаж байгаа Монголын коммунист большевикүүд айдаг учраас ард түмэн нь бас айна л даа.

-Яагаад айгаад байна вэ?

-Яагаад вэ гэвэл Монголын коммунист нам болох МАН, Монголын Засгийн газар чинь Сталины үеэс ч тэр, Сталинаас хойш ч тэр Зөвлөлтийн нөлөөний дагавар улс төрийн хүчин байхгүй юу. Манай улс бол Satelit country буюу дагавар улс гэгддэг байлаа. Тэгэхээр дагавар орны Засгийн газар эзэн орноосоо айна шүү дээ. Тэгээд ард түмнээ тэгж л хүмүүжүүлэхгүй юу. Ард түмнийх нь соёл боловсрол муутайхан хэсгийг үлдээгээд, мэдлэг боловсролтой гэгээрсэн хэсгийг нь устгачихаар тэр шүү дээ. Хүмүүс энэ коммунизм социализмын үед хийгдсэн кинонуудаар нийгмээ их ойлгодог. Тэр кинонууд их үзэл сурталжсан. Түүн дээр гардаг Итгэлт баяны зарц Галсан байна шүү дээ. Ихэнх ард түмэн Галсан л байсан. Сүүлдээ үндэсний бичиг үсгийг нь устгаад кирилл үсэгтэй болгосон. Кириллээр мэдэж гэгээрсэн юм зөндөө бий л дээ. Гэхдээ коммунист үзэл суртлын нөлөөнд орох зүйлсийг л сурч байсан. Тэгээд л нийтээрээ айдаг болохгүй юу. Айх гэдэг чинь нийгмийн психологи үзэгдэл. Аюумшиг гэсэн үг. Айх нь аргагүй шүү дээ. Насанд хүрсэн хүн амынх нь 15 хувийг янз бүрийн улс төрийн хэргээр буудаж алсан. Тэгэхээр нийгэм айна биз дээ.

-Ардчилсан улс болоод 30 гаруй жилийн нүүрийг үзлээ. Энэ хооронд нөгөө орос ах гэсэн үзэл хэвээрээ л байгаад байх юм. Тусгаар улс болсны хэрэг байна уу?

-Нэгдүгээрт, орос ах гэдэг үзэлтэй улс төрийн хүчин одоо ч гэсэн манай засаг төрийн эрхийг барьж байгаа биз дээ. Ардын нам. Үгүй юм уу?

-Тийм л дээ.

-Тэр улс төрийн намын үзэл суртал, улс төрийн бодлого нь хуучин үзэл суртлаа хаясан гэж та бодож байна уу?

-Хаяагүй.

-Тэгвэл тэрийг тэгээд гайхаад байх явдал юу байна. Ардчилсан нам нь дампуурчихлаа. Тэгэхээр чинь одоо бүр хэцүү байгаа биз дээ.

-Цаашид энэ тахин шүтэх үзэл үргэлжлээд байх уу. Яаж салах вэ?

-Хэрвээ улс төрийн талаар хамааралтай байвал үргэлжилж л таарна. Гэхдээ арай дээрдэх байх гэж боддог. 1990 оны ардчилал эхэлснээс хойш маш олон хүн барууны орнуудад сурлаа. Цагаачиллаа. Биеийн хүчний ажил хийхээр олон хүн гарлаа. Ирж очдог болсон. Тэд нар хуучин монгол үндэсний нийгмийн сэтгэл зүйгээс, улс төрийн аюумшигт сэтгэлгээнээс ихэнх нь салж байгаа.

-Нэг үеэ бодвол монголчууд гэгээрч боловсорч байгаа гэж үү. Хэдэн оныхон засаг төрийг барьж эхэлбэл бүрмөсөн ангижрах бол?

-Монгол баруунжиж байж л ахаасаа айдаг нийгмийн аюумшиг арилна.

-Нөгөө талаас хоёр том улсын дунд байх нь нөлөөлж байна уу?

-Манай орон чинь ланд лок орон буюу түгжигдмэл улс. Тэр нь ямар цоож вэ гэхээр хойд талд нь Орос их гүрэн, урд талд нь Хятад их гүрэн. Энэ хоёр гүрэн хоёулаа нийгмийн талаасаа Орос нь коммунист байж байгаад 1991 онд Зөвлөлтийн их гүрэн гэдэг чинь коммунист импери шүү дээ. Тэр коммунист импери задраад ОХУ болсон. Уг нь ОХУ гэсэн үг. Гэвч энэ холбооны улсын төр нь тоталитар. Уг нь Путин эхлээд ерөнхийлөгч болоход авторитар улс байсан. Нэг хүний засаглалтай. Одоо тэр нь бүр тоталитар болж байна. Тоталитар гэдэг чинь дарангуйлагч систем гэсэн үг. Оросын олигархиудын төлөөний хүн нь Путин. Тэгээд Оросын санхүү, аж үйлдвэр, цэргийн холбоо байгуулсан бүлгийг олигархи гэж байгаа юм. Олигополи гэж хэлдэг. Энэ нь Орос орныг засаглаж байгаа. Энэ засаглал нь ганцхан бүлгийн харгислал дарж байдаг учраас тоталитар төр гэдэг. Улс төр, төр засгийн зохион байгуулалтын хэлбэр нь тийм. БНХАУ 1949 оноос коммунист Хятад болсон. Коммунист Хятадын үед Мао Цзэдун засаглал байсан. Тэр нь жаахан суларч байгаад капиталист өөрчлөлт хийж байснаа одоо Си Жиньпин даргынхаа үед буцсан. Гэхдээ Мао Цзэдун маягийн биш, Си Жиньпин маягийн коммунист тоталитар тогтолцоотой орон болсон. Тэгэхээр ийм хоёр авторитараасаа давсан тоталитар төртэй хоёр орны дунд байгаа ардчилсан Монгол Улс маш эгзэгтэй байгаа. Тэгээд л айцгааж байна.

-Энэхүү хоёр улсын түгжээнээс яаж гарах вэ?

-Нүүгээд явж болохгүйгээс хойш яаж гарах вэ гэхээр өөрсдийнхөө ардчилсан үндсэн хуулийн үндсэн дээр улс орноо ардчиллын замаар л хөгжүүлж, удирдан зохион байгуулж чадвал энэ хоёрын түгжээнээс гарч болно л доо. Гарна гэдэг нь гараад явна гэсэн үг биш. Ардчилсан орон байж чадна. Түүний тулд яах вэ гэхээр бид дандаа хуурай газраар явж байгаа. Төмөр зам найдвартай биш боллоо. Хойшоо ч, урагшаа ч. Авто зам бол бүр найдвартай биш. Тэгэхээр эдийн засгийн бүтцээ сайн бодож, Монголын авиа компаниа сайн хөгжүүлэх ёстой. Нутаг дээгүүрээ нисгэхгүй болтлоо муудахгүй байлгүй дээ. Манайх чинь энх тайвныг эрхэмлэдэг ард түмэн, төр засагтай улс. Тэгэхээр онгоцоор агаарын тээврээ сайн хөгжүүлэх шаардлагатай. Манайх нисэхийн компаниудаа, улсын ч, хувийн ч бүгдийг нь дэмжээд, хувийн том компаниуд байгуулахыг дэмжих хэрэгтэй. Манайд хөрөнгө мөнгөтэй чадалтай хүмүүс бий. Тэгээд шууд Америк, Баруун Европ гээд бүх л улс орон руу нисдэг болмоор байна. Ахаас айдаг сэтгэлгээнээс салахын тулд хоорондоо зодолдоод, хэрэлдээд хэзээ ч салахгүй. Улс орноо ардчиллын замаар хөгжүүлж, эрх чөлөөтэй, нээлттэй эдийн засагтай байх хэрэгтэй. Манайд гадаадын хөрөнгө оруулалт 2000-аад оноос өмнө орж ирэх боломжтой байсан. Гэтэл энэ хоёр их гүрний нөлөө маш их шүү дээ. Энд тэндхийн Галсангуудыг янз бүрээр турхираад бэлчээрээ хамгаал, нутгаа битгий ухуул, гадаадынхан баялгийг чинь дээрэмдэж байна гэж босгож, эсэргүүцүүлсээр байгаад хөрөнгө оруулалт орж ирэх баталгаагүй болгосон. Дээр нь манай төр засагт ажиллаж байсан АН-ын хүн ч, МАН-ын хүн ч ялгаагүй найдваргүй хүмүүс нь авлига аваад хууртдаг. Улс орноо ардчиллын замаар хөгжүүлье гэж байгаа жижиг орны удирдагч, төр засаг барьж байгаа хүмүүс Сингапурын удирдагч шиг байдаг байхгүй юу. Хувийн сонирхол гэж байхгүй. Улс орноо үндэстнээ хөгжүүлье гэж боддог. Ийм хөгжлийн зам руу явахад хахууль авдаггүй. Хүн үсрээд 100 насална биз. Сүүлийн 10-20 жил нь бол хэнд ч хэрэггүй нас. Гэртээ суугаад үр хүүхдүүддээ ч гай болдог үе. Үр хүүхдүүд ч гэртээ эрх чөлөөтэй сайхан амьдармаар л байгаа. Хэчнээн хөрөнгөтэй ч гэсэн үр хүүхдүүддээ ч гай болох үе ирдэг. Тийм учраас төр засаг, улс төрийн ажил хийнэ гэж байгаа хүн хувийн амьдралаа мартах ёстой. Тэр хүн зөвхөн улс үндэстнийхээ төлөө зүтгэж ажиллаж байж л том улстөрч гэсэн нэр төр нь үлддэг.

-Манайд тийм улстөрч байгаа юу?

-Байхгүй. Тэр хүнийг улс үндэстэн нь өөрөө гаргадаг байхгүй юу. Баабар буюу Б.Батбаярыг би их уншдаг. Гэгээрсэн, их л зөв юм бичдэг чухам улстөрч хүнийхээ хувьд ямрыг би мэдэхгүй юм. Мөн улс төр судлаач, профессор Д.Баярхүү гэж их юм бичдэг, боловсролтой хүн бий. Тэдгээр хүмүүсийн бичсэн, харуулах гэсэн өнцгийг хүмүүс ойлгож уншаасай гэж бодож явдаг. Эдгээр боловсролтой хүмүүсийг юм бичээд тавихаар нь араас нь муулдаг, дэвсэлдэг хүмүүс байх юм. Манай нийгэмд ийм хүмүүс олон биш байх. Түүнийг зохион байгуулдаг зохион байгуулагчид байгаа гэж боддог юм.

-Хүмүүсийн сайн гэж сонгосон улстөрчид засагт гарахаараа яагаад ярьж байснаасаа тэс ондоо болчихдог юм бэ?

-Тэр хүмүүс улстөрч болж чадаагүй, эцсийн нэг чигт шийдвэрээ гаргаж чаддаггүй учир янз бүрийн хүмүүсийн нөлөөнд ордог байх. Янз бүрийн л хүмүүс бий. Зусарч бялдууч, хахууль өгдөг, авдаг. Тэдний урхинд ороод л чөдөрлөгдөөд яваа.

-Та түрүүн манайх энхтайвныг эрхэмлэгч орон гэсэн. Гэтэл саяхан Сүхбаатарын талбай дээр хэсэг хүн гараад дайныг эсэргүүцэн жагстал цагдаа, иргэд зөрчилдөөд тарцгаав уу?

-Улс орны шинж чанарыг тодорхойлдог зүйл нь тэр орны үндсэн хууль. Түүнийг дагалдсан хуулиуд бий. Тэр үүднээс манайх энхтайвныг сахидаг ардчилсан орон. Гэвч төр засаг барьж байгаа хүмүүс тэр хуулиа баримтлахгүй, тэр улсынхаа гол чиг шугамыг аман дээрээ яриад, ажил дээрээ түүнийхээ эсрэг байдаг. Тийм байгаагийн л илрэл байхгүй юу. Цагдаа хэний мэдлийн хүн юм, Засгийн газрынх. Тэгэхээр Засгийн газар чиглэл өгөөгүй бол цагдаа тэнд очих уу.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна || DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 10, Бархасбадь гариг. Билгийн тооллын 8, гөрөөсөн толгой одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 7:16 цагт мандан, 18:49 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна || DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө тал, хээрийн нутгаар, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, цас багатай газар болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.