Бүх цаг үеийн суут яруу найрагчид болоод сод бүтээлүүдийн эзэн болсон утга зохиолын шилдгүүдийг толилуулж байна.
Эхний онцлох өвгөн зохиолч бол Нобелийн шагналт Эрнест Хэмингуэй.
Түүний “Зэр зэвсэг минь баяртай”, “Өвгөн тэнгис хоёр” “Африкийн ногоон толгод”, “Наран мандсаар л” зэрэг цөөнгүй зохиол нь монгол хэлнээ орчуулагдсан байдаг.
Ирландын зохиолч, авангардизмын төлөөлөгч Жеймс Жойс.
Түүнийг утга зохиол дахь хамгийн дээд шат, “дээд зиндаа” гэж тодорхойлж болно. Тэрээр 1907 онд “Цөөхүүл хөгжим” гэсэн уянгын шүлгийн түүвэр гаргасан нь XIX зууны Элизабет хатны үеийн яруу найргийн уламжлал хийгээд символизмын нөлөө тодорхой хэмжээгээр туссан аж.
Мөн 1922 онд Жойс Гомерийн Одиссей дууллын үйл явдлаас сэдэвлэн жирийн гурван хүний нэг өдрийн амьдралыг дэлгэрэнгүй өгүүлсэн “Улисс” хэмээх роман бичсэн бөгөөд уг бүтээлдээ хүний санаа сэтгэл, дотоод ертөнцийг өөрчлөлт хувирал дунд дүрсэлсэн нь ухамсрын урсгал гэдэг чиглэлийн анхны бүтээл болсон юм. Жойс өдөр тутмын ердийн аж байдал, хэрэг явдлыг ер бусын сонирхолтой бичиж чаддаг зохиолч байв.
Түүний “Улисс”, “Дублинчууд” зэрэг зохиол нь О.Чинбаярын орчуулгаар монгол хэлнээ хэвлэгдсэн байдаг билээ.
Лев Николаевич Толстой Тула мужийн Ясная Поляна хэмээх эдлэнд төржээ. 1862 онд София Андреевна Берстэй гэрлэсэн тэрээр 13 хүүхэдтэй байв. Тэдний тав нь хүүхэд ахуйдаа эндсэн гэдэг. Хамгийн алдартай хоёр бүтээл болох “Дайн ба энх”, “Анна Каренина” роман нь бүх цаг үеийн хамгийн шилдэг романуудын тоонд ороод зогсохгүй реалист утга зохиолын оргил гэгддэг билээ. Тэрээр Астапово галт тэрэгний буудал дээр 1910 онд 82 насандаа таалал төгсжээ.
Америкийн яруу найрагч Роберт Хасс.
Түүний шүлгүүдийг “Дэлхийн сонгомол яруу найраг” номоос унших боломжтой.
Нобелийн шагналт зохиолч, яруу найрагч, хөгжмийн зохиолч, зураач Рабиндранаат Таагүр.
Түүнийг Дорнын мэргэн ухаан гэж хэлж болно. Тэрээр бенгали, англи хэлээр 50 гаруй шүлгийн цоморлиг, 12 роман, тууж, 100 гаруй өгүүллэг, 30 гаруй жүжиг, хэдэн зуун өгүүлэл, нийтлэл, мянга гаруй дуу бичсэн. 1910 онд хэвлүүлсэн “Өргөлийн дуулал” шүлгийн цоморлиг нь түүнд Нобелийн шагналыг авчиржээ.
Залуудаа Нобелийн шагнал хүртсэн Албер Камю.
Хүнийг бодит ертөнцийн зүй тогтолд эрхгүй шүтэн барилдуулж, оюуны эрх чөлөөг алдагдуулдаг аж. Энэхүү хоосон мөрөөдлийг уудлан илрүүлэх нь урлагийн гол зорилго юм гэж Камю үздэг байв. Тэрээр 1957 онд Нобелийн шагнал хүртэх үедээ “Урлаг, утга зохиолын агуулга хэлбэр нь орон зай, цаг хугацаанд үл баригдан, хүн төрөлхтний нийтлэг асуудлыг тусгаж, улмаар нийгмийн амьдралын ямар ч тогтворгүй байдлыг даван туулах чадвартай байх ёстой” хэмээсэн байна.
Түүний “Хөндлөнгийн хүн” тууж 2007 онд Ц.Цэнгэлийн орчуулгаар, 2008 онд Г.Лхагвадуламын орчуулгаар монгол хэлнээ орчуулагдсан байдаг.
Аргентины зохиолч Хорхе Луис Борхес.
Тэрээр постмодерн зохиолын нэг эцэг гэгддэг бөгөөд насныхаа эцэст хараагүй болсноороо “ХХ зууны Хомер” гэж нэрлэгдэх болжээ.
“Өвгөн бүргэд” Габо буюу Габриель Гарсиа Маркес.
Тэрбээр 1982 онд утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн бөгөөд Монголын уншигчид “Зуун жилийн ганцаардал” романыг нь Г.Акимын, “Мартагдсан хурандаа” туужийг нь Н.Энхбаярын, “Хурандаад хэн ч бичихгүй” туужийг нь О.Чинбаярын, “Ирендира охины эмгэнэлт түүх” зэрэг богино өгүүллэгүүдийг нь Э.Ганболдын орчуулгаар тус тус уншсан билээ.
Түүнийг Латин Америкийн шидэт реализмын хамгийн гарамгай төлөөлөгчдийн нэг гэж зүй ёсоор дүгнэдэг бөгөөд хүний мөн чанарыг чинээнд нь тултал тэмцэлдүүлэн, аймшигтай агаад догдлон биширмээр дотоод дүр төрхийг илэрхийлэн бичдэг нь түүний уран туурвилын онцлог юм.
Нобелийн шагналт, Японы зохиолч Ясүнари Кавабата. Тэрээр Японы Осака мужийн Осака хотод төржээ. Токиогийн эзэн хааны их сургуулийн утга зохиолын факультет, Японы утга зохиолын тэнхимийг төгссөн. “Изүгийн бүжигчин охин”, “Цасны орон”, “Мянган тогоруу”, “Хуучин нийслэл” зэрэг зохиолуудаараа алдаршиж, Японы зохиолчдоос анх удаа 1968 онд Нобелийн шагнал хүртсэн билээ. Харамсалтай нь 1972 онд өөрийгөө хорт хийгээр хордуулж амиа хорлосон юм.
Японы зохиолч Юкио Мишима. Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд Такэнокай буюу “Бамбайн бүлгэм” хэмээх хэт барууны цэрэгжсэн байгууллагыг байгуулж, Японы шинэ барууны, үндсэрхэг үзэлд томоохон нөлөө үзүүлсэн билээ.
“Багтай өчил”, “Хориотой өнгө”, “Давалгаан чимээ”, “Алтан сүм”, “Кёокогийн гэр”, “Үржил шимийн далай” (4 боть) зэрэг зохиолуудаараа алдартай. Мөн “Сад ахайтан”, “Бидний нөхөр Хитлер” зэрэг жүжгийн зохиол бичжээ.
1970 онд Японы Өөрийгөө Хамгаалах Хүчнээр цэргийн эргэлт хийлгэх гэсэн оролдлого нь бүтэлгүй болсны улмаас самүрайн ёсоор гэдсээ хүүлэн амиа хорложээ.
Юкио Мишимагийн “Алтан асрын сүм” зохиол монгол хэлээр бий.
Нэрт яруу найрагч Уолт Уитмэн. Түүний “Өвсний навч” ном нь монголоор хэвлэгдсэн байдаг. Тэр ном манай дунд үеийн яруу найрагчдыг хүмүүжүүлсэн гэхэд болно.