Categories
мэдээ нийгэм

Ургамал хамгааллын бодис, бордоо импортлоход тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэнэ || DNN.mn

Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас хаврын тариалалтыг технологийн хугацаанд зохион байгуулах ажлын бэлтгэлийг хангах зорилгоор бордоо, ургамал хамгааллын бодис импортлогч аж ахуйн нэгжүүдээс тогтмол мэдээлэл авч холбогдох байгууллагуудад уламжлан ажиллаж байна.

Үүний хүрээнд Даваа гарагт импортлогч 10 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд тулгамдаж буй валют солиулах, ургамал хамгааллын бодис, бордоог хилийн боомтоор шуурхай тээвэрлэх нь чухал байгаа учир эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна гэж Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав || DNN.mn

Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 85 тохиолдол шинээр батлагджээ.

Үүнээс

  • 52 нь Улаанбаатар хотод,
  • 33 нь орон нутагт нь бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд халдвараас шалтгаалсан эндэгдэл бүртгэгдээгүй.

Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 309 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 909 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 47 нь хүүхэд бол 13 нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.

Эмчлүүлж буй иргэдийн 12 нь нэн хүнд, 42 нь хүнд, 219 нь хүндэвтэр, 36 нь хөнгөн оноштой байна.

Орон нутгийн хувьд дөрвөн аймагт халдвар бүртгэгджээ.

Тодруулбал, Өмнөговь аймагт 28, Дорноговьд нэг, Дорнодод нэг, Ховд аймагт гурван тохиолдол тус тус шинээр илэрсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

зураг

Categories
мэдээ нийгэм

Киргиз улстай мод үржүүлгийн чиглэлд бодит хамтын ажиллагааг өрнүүлэхээр боллоо || DNN.mn

зураг

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын IV хуралдаан энэ оны гуравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. Хуралдааныг Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Киргизийн хэсгийн дарга, Киргиз Улсын Тээвэр, холбооны сайд Э.Осоев нар ахалж оролцов.

Хуралдааны үеэр талууд Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, зам, тээвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.

Талууд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт өгч, дээд, өндөр түвшинд ярьж тохирсон ажлуудыг урагшлуулахын төлөө байгаагаа харилцан нотлов. Худалдаа, хөрөнгө оруулалтыг өсгөхөд тээвэр, логистикийн нөхцөлийг сайжруулах нь нэн чухал болохыг тэмдэглэж, энэ сараас эхлүүлсэн шууд нислэг хамтын ажиллагаанд чухал түлхэц болохыг тэмдэглэв.

зураг

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт бизнесийн хамтын ажиллагааг дэмжиж, хамтарсан үйлдвэр байгуулах зэрэг боломжийг эрэлхийлж ажиллахаар ярилцав. Киргиз улс жимс, жимсгэнэ, нарийн ногоо, оёмол бүтээгдэхүүн Монгол Улсад нийлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, талууд цаашид мал аж ахуй, газар тариалан, мод үржүүлгийн чиглэлд бодит хамтын ажиллагааг өрнүүлэхээр боллоо.

Орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Улаанбаатар, Бишкек хотуудын хооронд ах дүүсийн харилцаа тогтоох тохиролцоог ойрын үед байгуулахаар ярилцав.

Түүнчлэн харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх хүрээнд хоёр улсын хооронд байгуулах баримт бичгүүдийн явцын талаар мэдээлэл солилцож, хуралдааны дүнгийн тухай протоколд Монголын хэсгийн дарга, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Киргизийн хэсгийн дарга, Киргиз Улсын Тээвэр, холбооны сайд Э.Осоев нар гарын үсэг зурлаа. Энэ удаагийн Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаан манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн босгон дээр болж байгаагаараа онцлог юм.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн 560 автобусыг энэ онд ашиглалтаас гаргана || DNN.mn

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа 985 автобусны 560-ынх ашиглалтын хугацаа энэ жил дуусна. Үйлдвэрээс гарсан шинэ автобусыг 12 жилийн хугацаанд ашиглаад үйлчилгээнээс халах стандарттай. Манай улсын хувьд энэ стандартыг түр тэдгэлзүүлж энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл хуучин автобусуудаа үйлчилгээнд явуулахаар болжээ. Эдгээр автобус стандарт болон технологийн хувьд хоцрогдсон, дизель түлш ашигладаг учир агаарын бохирдолд нөлөөлдөг хүлэмжийн хий ялгаруулдаг сул талуудтай. Эдгээр автобусыг цахилгаан болгож парк шинэчлэл хийх бодлогын асуудал яригдаж байгааг Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас танилцуулсан.

Нийтийн тээвэрт явж байгаа автобусыг жилд хоёр удаа үзлэг оношилгоонд хамруулдаг төдийгүй утаа их ялгаруулдаг үндэслэлээр 150 автобус тэнцээгүй.

Өнгөрсөн онд төсвийн хөрөнгөөр 106 автобус худалдаж авахаар төлөвлөсөн ч 35 автобус л авч чаджээ.

Монгол Улс нийтийн тээвэртээ бүрэн парк шинэчлэл хийчихвэл авто замын түгжрэл буурахад түлхэц болох боломж бий. Судалгаагаас харахад, нийтийн тээврийн үйлчилгээ, хүрэлцээ муу, автобус шаардлагаа хангадаггүй зэрэг асуудлаар хоёр хүн тутмын нэг нь хувийн унаагаар зорчдог гэнэ.

Categories
мэдээ нийгэм

С.энхболд: Эмч, эрүүл мэндийн салбарынхан та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе || DNN.mn

Жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдрийг “Дэлхийн эмч нарын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэхүү өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболдын дэвшүүлсэн мэндчилгээг хүргэж байна.

Сайд С.Энхболд “Эрүүл мэндийн салбарын үе үеийн ахмад эмч, эх орныхоо өнцөг булан бүрд болон дэлхийн бусад улсад ажиллаж, амьдарч байгаа нийт эмч нартаа Эрүүл мэндийн яамны хамт олны зүгээс болон хувиасаа халуун баярын мэндийг дэвшүүлж, ард иргэдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх, дэмжих, эмчилж эдгэрүүлэх ариун үйлсдээ улам их амжилт гаргахыг хүсэн ерөөж мэндчилье.

2020-2022 оны коронавируст халдварын нөхцөл байдал, 2021-2022 онд тохиолдсон цар тахлын дөрвөн давлагаанаас улбаалж 2020, 2021 онд та бид “Эмч нарын өдөр”-ийг тэмдэглэлгүй алгассаны эцэст энэ онд баярын өдрөө хамтдаа тэмдэглэж байгаа билээ.

Цар тахлын энэхүү хүнд давлагаанууд манай мэргэшсэн эмч, резидент эмч нарын ур чадвар, өргөсөн тангарагтаа хэр үнэнч болохыг шалгасан томоохон сорилт болсон бөгөөд Монголын нийт эмч эрүүл мэндийн бусад ажилтны хамт энэхүү давлагаануудыг үлгэр жишээчээр амжилттай даван туулж, ард олноосоо талархал хүлээж, хүндлэгдэж байгаа нь үнэхээр бахархууштай.

Эрүүл мэндийн яамны зүгээс 2022 оныг “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил” болгон зарлаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх”, “Хэнийг ч орхигдуулахгүй байх”, “Эрүүл мэндийн тэгш байдлыг хангах” гэсэн эрүүл мэндийн салбарын хөгжлийн бодлогын үндсэн зарчмыг бодитойгоор хэрэгжүүлж, иргэддээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, аюулгүйгээр үр ашигтай, шуурхай хүргэх, эх орондоо оношлогдож, эмчлүүлэх боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Тухайлбал,

Салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Донорын тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулах, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг шинээр, Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлыг зохион байгуулж байна.

Эрхэм эмч, эрүүл мэндийн салбарынхан та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Ногоон санхүүжилт-бүс нутгийн чуулган үргэлжилж байна || DNN.mn

Монголын эдийн засгийн чуулган-2022: Ногоон санхүүжилт-бүс нутгийн чуулган үргэлжилж байна

“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ы “Ногоон санхүүжилт – Бүс нутгийн чуулган” үргэлжилж байна.

Манай улс нэг тэрбум мод тарьж, ойн сан нийт газар нутгийн 7 хувь эзэлж байгааг 8 хувьд хүргэх зорилт тавьсан. Үүний тулд олон тэрбум мод тарьсан бусад улсуудаас туршлага судлах шаардлагатайг илтгэгчид онцлов. Шинэ Зеланд улс 2030 он гэхэд нийт нэг тэрбум ширхэг мод тарихаар төлөвлөн, 350 сая ширхгийг тарьжээ. Мөн Европын орнууд Модон хэрэм буюу олон тооны мод тарих төлөвлөгөөтэй байна.

Үйлдвэрүүдийг усаар хангах зорилгоор Орхон-Онги, Хөх морь төслүүдийг хэрэгжүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өглөө орсон цасыг 241 ажилчин цэвэрлэж, 18 тонн давс цацжээ || DNN.mn

Өглөө орсон цасыг зам, талбайн 241 ажилчин цэвэрлэж, 18 тонн давс цацжээ

Өнөө өглөөний 05:00 цагаас эхлэн орсон цасыг цэвэрлэхэд Хот тохижилтын газар болон дүүрэг, хувийн хэвшлийн 21 ТҮК-ийн зам, талбайн 241 ажилчин, тусгай зориулалтын 26 техник, тоног төхөөрөмжтэй ажиллаж, 18.7 тонн давсыг зам, талбайд цацаад байна.

Ингэхдээ халтиргаа, гулгаа ихтэй өгсүүр зам, талбай, гүүрэн байгууламжийн орчимд давс, бодис цацах гурван машин, зам цэвэрлэгээний шүүртэй таван машин ажиллаж байгаа бол явган хүний зам, талбайг цэвэрлэхээр бичил 10 техник, хэрэгсэл үйлчилгээнд гарчээ. Мөн хог тээврийн хоёр машин, цас зөөвөрлөх зургаан тонны багтаамжтай дөрвөн машин үйлчилгээнд ажиллаж байна.

Халтиргаа, гулгаа үүсэх магадлалтай гудамж, зам, талбай, өгсүүр замд буюу Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Сансрын туннель, Зайсан, Баянхошуу зэрэг байршил болон уулын замд давс, бодис цацаж байгаа юм. Мөн Сүхбаатарын талбайд тогтсон цасыг шүүртэй таван машинаар цэвэрлэж байна.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын нийт бие бүрэлдэхүүн бэлэн байдалд шилжин, ажиллаж байна. Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмынхоо 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэх үүрэгтэй бөгөөд энэ дагуу цасаа цэвэрлэж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байгааг албаныхан хэлж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкнаас олгосон 30 гаруй зээлд албан тушаалтнууд нөлөөлснийг тогтоожээ || DNN.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой ерөнхий хяналтын сонсголыг 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Сонсголд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа нар оролцож, УИХ-ын зарим гишүүдийн асуултад өгсөн хариултыг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Өнөөдөр УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа болон өмнө нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүмүүсээс мэдүүлэг авсан уу? Сахал Эрдэнэбилэг гэдэг хүнээс мэдүүлэг авсан уу? Энэ хэргийг шалгахад ямар нэгэн улс төрийн дарамт нөлөө орж байна уу? Өнгөрсөн сарын хугацаанд Хөгжлийн банкны захирлуудыг бүгдийг хорьсон. Гэтэл тухайн үед Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар нэлээд олон жил ажиллаж байгаад одоо Монголбанкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байгаа Дөлгөөнийг хориогүй.

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан:

-Өнөөдрийн байдлаар хэрэг бүртгэлтийн 29 хэрэг, мөрдөн байцаатын 12 хэрэг байна. Мөрдөн байцаалтын хэрэг гэдэг бол тодорхой үйлдэл нь нотлогдоод тодорхой хэрэг дээр яллагдагчаар татан шалгах үйл явц. 29 хэрэг дээр нотлох үйл ажиллагаа явагдаж байна гэсэн үг. Ялгамжтай хандаж байгаа зүйл байхгүй. Тодорхой нэр бүхий хүмүүс гадуур шалгагдаж байгаа гэж асууж байх шиг байна.

Надад ирсэн мэдээллээр тэдгээр хүмүүс яллагдагчаар татагдан шалгагдаж багаа. Яллагдагчаар татлаа гээд заавал таслан сэргийлэх арга хэмжээ авагдахгүй. Нөхцөл байдлаас шалтгаалж мөрдөгч, хяналт тавьж байгаа прокурор ямар таслан сэргийлэх арга хэмжээ авах вэ гэдгээ өөрийн хэмжээндээ ярилцаж шийддэг, үүнийгээ шүүхээр баталгаажуулдаг. Ийм л хуулийн зохицуулалттай. Хэд хоногийн өмнө сэтгүүлчид надтай уулзах үед 107 тэрбум төгрөгийн хохирол төлөгдсөн байсан. Өнөөдрийн байдлаар 110 гаруй тэрбум төгрөг мөрдөн байцаалтын ажиллагааны явцад төлөгдөөд байна.

Улс төрийн нөлөөлөл байхгүй. Ийм нөлөөлөл байх ч ёсгүй. Мөрдөх байгууллага, прокурорын байгууллага хуулийнхаа дагуу л ажиллаж байгаа. Ер нь АТГ-ын дарга, ЦЕГ-ын дарга, ерөнхий прокурор нь яг мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа үед шууд оролцдоггүй юм. Энэ бол цэвэр мөрдөгч, хянаж байгаа прокурор хоёрын харилцаа.

АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа:

-Улс төрд нөлөө бүхий хүмүүсийг асууж тодруулж байцаасан уу гэж асууж байна. Хэчнээн хэрэг шалгагдаж байгаа талаар сая Ерөнхий прокурор хэллээ. Яг одоогоор мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүд болон нэр дурдсан хүнийг одоогоор байцаагаагүй байна. Таны нэр дурдсан хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бодтой үндэслэл байгаа бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авна. Энэ нь хуулийн дагуу хийгдэнэ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Яагаад одоо хүртэл дуудаж байцаахгүй байгаа юм бэ?

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан:

-Яагаад одоо хүртэл байцаахгүй байгаа юм бэ гэж Доржханд гишүүн асууж байна. Энэ асуултыг мөрдөх байгууллагын дарга мөрдөгчөөсөө асууж чадахгүй, хяналт тавьж байгаа прокуророос би ч асууж болохгүй. Энэ бол бие даасан мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын бие даасан хяналтын ажиллагаа.

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан: -Нөлөө бүхий этгээд хэн хэн шалгагдаж байна вэ?

АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа:

-Хөгжлийн банкны холбоотой асуудлыг манайх хүлээж аваад сар орчмын хугацаанд шалгаж байна. Өмнө нь 2016 онд Хөгжлийн банктай холбоотой асуудлыг УИХ-ын ажлын хэсэг шалгаад нийтдээ 25 хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд шалгагдаж байгаад 2018 онд 19 хэрэг нь хаагдсан байсан. Энэ 19 хэргийг сая Хөгжлийн банкнаас ирүүлсэн гомдлоор прокурор дээр хаагдсан байсан хэргүүдээс сэргээгдэж, одоо нийтдээ 29 хэрэг шалгагдаж байна. Энд 52 аж ахуйн нэгжийн зээлийг Хөгжлийн банкнаас манайд шилжүүлэн ирүүлсэн.

Эдгээр 52 аж ахуйн нэгжийн 30-ийнх нь зээл дээр эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ ажиллагааны хүрээнд тодорхой аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийг битүүмжлэх, баримт сэлт цуглуулах, нотлох баримтаар үнэлэх ажиллагаа явагдаж байна. Үүнд цаг хугацаа нэлээд ордог. Эдгээр ажиллагааны хүрээнд хохирол нөхөн төлөгдөж байгаа. Хөгжлийн банканд албан тушаал хашиж байсан хүмүүсийг хуульд заасан үндэслэл журмын дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа. Улс төрд нөлөө бүхий этгээдүүдийг яагаад дуудаж шалгахгүй байна вэ гэдэг дээр шалгалтын ажиллагаа явж байгаа.

Хэнийг хэзээ яаж дуудах вэ гэдэг нь мөрдөгч болон түүнд хяналт тавьж байгаа прокурорын эрх хэмжээний асуудал. Тодорхой ажлууд хийгдэж байгаа. Тэр үлдэнэ, энэ сугарна гэсэн асуудал байхгүй.

Ямар ч байсан 30 аж ахуйн нэгжийн зээлд тодорхой албан тушаалтнууд нөлөөлсөн байна, зээл хууль бусаар гарсан байна, давуу байдал олгосон байна, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байна гэдгийг тогтоосон. Ямар нэгэн улс төрийн нөлөөгүйгээр манай байгууллага прокурорын хяналт дор мөрдөн шалгах ажиллагааг хийж байна. Бүх ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа.

Categories
мэдээ нийгэм

“Бүрэн Цутгамал” ХХК ажлын хөлсөндөө Сант сургуулиас 112 сая төгрөг илүү авчээ || DNN.mn

Ерөнхий боловсролын Сант сургууль болон “Бүрэн цутгамал” ХХК хоорондын барилгын ажил гүйцэтгэх гэрээний маргааныг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр 2022 оны 03-р сарын 09-ны өдөр шийдвэрлэсэн байна.

Сант сургууль ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 199 007 774 төгрөгийг “Бүрэн Цутгамал” ХХК-ийн дансанд шилжүүлсэн нь тогтоогдож байгаа бөгөөд шүүх талуудын тайлбар, түүний нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлтээр Сант сургууль ажлын хөлсөө 112,039,253 төгрөгөөр илүү төлсөн байна гэж үзсэн байна.

Мөн “Бүрэн Цутгамал” ХХК-ийг ажил гүйцэтгэх гэрээгээ өөрөө цуцалснаас болж Сант сургуульд хохирол учруулсан байна гэж дүгнэжээ.

Categories
гадаад мэдээ

В.Путин Украиныг хуваах сонирхолтой байна || DNN.mn

ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэх талаар ойрын үед бүх нийтийн санал хураалт зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа Украинаас салан тусгаарласан Бүгд Найрамдах Луганск Ард Улсын тэргүүн Леонид Пасечник сэтгүүлчдэд мэдэгджээ. “Ойрын үед бүгд найрамдах улсын нутаг дэвсгэр дээр ард түмэн үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, ОХУ-д нэгдэх талаар санал бодлоо илэрхийлэх бүх нийтийн санал хураалт зохион байгуулагдах байх гэж би бодож байна” гэж тэр хэлжээ. 2014 онд Крымийн хойгийг нэгтгэхдээ ОХУ-ын эрх баригчид мөн нутгийн иргэдийн дунд бүх нийтийн санал хураалт зохион байгуулж байсан юм.

Тэр үеэс хойш Украины дорнод хязгаарын орос хэлтэй хүн ам голлон суудаг Донецк, Луганск мужууд Киевийн захиргаанаас салан тусгаарлах хөдөлгөөнийг эхлүүлсэн юм. Өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дээрх мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, хамтын ажиллагааны гэрээг тус тусын удирдагчидтай байгуулсан. Дараа нь 24-ний өдөр Донецк, Луганскийн удирдагчдын хүсэлтээр Донбассын ард иргэдийг хамгаалах “цэргийн тусгай ажиллагаа” эхлүүлж байгаагаа Путин зарлаж байв. Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улсыг нь Умард, Өмнөд Солонгос шиг хоёр хуваах төлөвлөгөөтэй байгааг Украины цэргийн тагнуулын албаны дарга Кирило Буданов хэвлэлд мэдээлсэн байна.Тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ОХУ-ын эрх баригчид Украиныг эзлэх дайнд бэлдэж байгаа тухай анхааруулж байсан юм. Оросын тал эхлээд Киев хотыг эзэлж, Володимир Зеленскийн засгийн газрыг түлхэн унагах төлөвлөгөөтэй байсан ч одоо хэрэгжих боломжгүй болсон тул Украиныг хоёр хуваах шинэ стратеги рүү шилжсэн гэж үзэж байгаагаа Буданов хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна. “Путин ажиллагааныхаа үндсэн чиглэлийг Украины өмнөд ба дорнод хэсэг рүү шилжүүлээд байна. Энэ бол Солонгос маягийн хуваагдлыг төлөвлөж байгаа гэдэгт итгэх шалтгаан юм.

Эзлэгдсэн болон эзлэгдээгүй хэсгээр нь манай улсыг хуваахыг хүсч байна. Өөрөөр хэлбэл Украинд Умард ба Өмнөд Солонгосыг үүсгэх гэж байна. Ямартаа ч тэр улсыг маань бүхэлд нь эзлэх төлөвлөгөөнөөсөө татгалзсан байх” гэж Буданов ярьжээ. Мөн Украины ерөнхийлөгчийн зөвлөх Олексий Арестович ярихдаа “Ойрын хоёр долоо хоногийн хугацаанд Оросын тал Киев, Харьковоос цэргээ татаж, Донбасст төвлөрүүлэх магадлалтай байна” гэсэн нь Будановын таамгийг баталсан хэрэг юм. Арестович цааш нь “Тэд одоо гурван зорилго тавиад байна. Нэгд, Донбасс дахь манай цэргүүдийг бүслэх, хоёрт, Мариуполийг эзлэх, гуравт, өмнөд хязгаарыг бүрэн эзлэх. Хэрвээ оросууд Херсон хотыг алдвал Мариуполийг эзлэх төлөвлөгөө нь нуран унах болно. Киев, Харьков, Одессыг эзлэх тухай тэд бүр мартана” гэсэн байна.

Өнгөрсөн баасан гаригт ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Украинд явуулж буй ажиллагааных нь эхний хэсэг зорилгодоо хүрсэн тул Донбассын бүс нутгийг бүрэн чөлөөлөх дараагийн шатандаа шилжих болсныг мэдээлсэн. Оросын зэвсэгт хүчин Мариуполь хотыг эзлэхээр улайран довтолж байгаа нь Крымийг Донбассын бүс нутагтай хуурай газраар холбох зорилготой нь тодорхой байгаа юм. Гэхдээ Украины зэвсэгт хүчний болон эзлэгдсэн нутгийн ард иргэдийн ширүүн эсэргүүцэл Оросын төлөвлөгөөнд нэлээд саад учруулна гэдэгт ихэнх шинжээчид санал нэг байгаа юм. 1950-1953 онд үргэлжилсэн Солонгосын дайны дараа 38 дугаар өргөргөөр хуваагдсан Умард ба Өмнөд Солонгос улсууд бий болсон билээ.


ТОВЧХОН

Японы ерөнхий сайд Кишида Фүмио нефть болон эрчим хүчний эх үүсвэрийн үнэ өссөнтэй холбогдуулан үндэсний эдийн засгаа дэмжих нэмэлт арга хэмжээ авахаар болжээ.Энэ тухай тус улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Хагиуда Коичи Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. “Ерөнхий сайд Кишида түүхий нефтийн үнэ өссөнтэй холбоотойгоор эдийн засгийг дэмжих багц арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Бидний хувьд эрчим хүчний эх үүсвэр, түүхий эдээр тогтвортой хангахад ямар нэгэн саад тотгор учруулахгүйн тулд худалдан авалтын эх үүсвэрээ төрөлжүүлнэ. Мөн бид жижиг, дунд үйлдвэрүүдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна” гэж тэрбээр хэлжээ. Хагиуда мөн шатахууны үнийг барьж, цаашид өсөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд шатахуун борлуулдаг компаниудад татаас олгох одоогийн арга хэмжээг дөрөвдүгээр сарыг дуустал сунгахаар болсныг мэдэгдэв. Энэхүү багц арга хэмжээг дөрөвдүгээр сард батлахаар төлөвлөж байгаа бөгөөд 5 их наяд йен буюу 40.2 тэрбум ам.долларын хэмжээтэй хөрөнгийг коронавирустэй тэмцэх нөөц сангаас гаргах юм. Мөн хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа үр тарианы үнийн өсөлттэй холбогдуулан авах арга хэмжээг уг багцад тусгахаар төлөвлөжээ.

l l l

Украины иргэд цэргийнхээ үйл ажиллагаанд цахим хэлбэрээр туслалцаа үзүүлэх болов. Дижитал чатбот болох “еВорог” буюу “e-Ene­my” нь Орос цэргүүдийн шилжилт хөдөлгөөн, техник хэрэгслийн тухай мэдээлэл агуулдаг юм байна. Тус “еВорог” чатбот нь “Tele­gram” аппликейшн дээр ажилладаг аж. Дайралт эхэлснээс хойш 200 мянга гаруй украин иргэн “еВорог” программыг ашиглан Орос цэргүүдийн байршил, тэдний техник хэрэгсэл, халдлагын талаар мэдээлэл өгчээ. Украинчуудын цахим хэлбэрээр олгосон мэдээллийн ачаар хамгаалагчид 16 мянга гаруй түрэмгийлэгчийг устгаж, дөрвөн мянга гаруй Орос тээврийн хэрэгслийг сөнөөсөн байна. Цахим орчноор худал мэдээлэл түгээх болсон тул Украины Дижитал хөгжлийн яам тус программыг бүтээсэн аж.

BBC.CNN. REUTERS. NHK. TASS. Xinhua. Yonhap-гоос бэлтгэсэн Г.АМАРСАНАА