Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ням гаригт болно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2022 оны хоёрдугаар сарын 20-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

2022 оны нэгдүгээр сарын 1-31ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа хоёрдугаар сарын 19-ний 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтойг Татварын ерөнхий газраас санууллаа. Энэ удаагийн тохирлын супер хонжвор 10 сая төгрөг байх юм.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны шалгалтад бүртгэж эхэллээ

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 17-ны өдөр төрийн албаны шалгалтын бүртгэл эхэлж байна. Ирэх сарын 19-ний 09.00 цаг хүртэл 30 хоногийн турш үргэлжлэх бүртгэл цахимаар явагдах аж.

Төрийн албаны энэ удаагийн ерөнхий шалгалтыг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, аймаг, нийслэлийн Салбар зөвлөл, Төв болон салбар комисс, олон нийтийн хяналт дор зохион байгуулах юм байна.

Шалгалт дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулагдах аж.

Categories
мэдээ нийгэм

2023 онд Монгол-АНУ шууд нислэг үйлдэнэ

Монгол Улсын Иргэний Нисэхийн Ерөнхий Газар /ИНЕГ/ АНУ-ын холбогдох албаныхантай хоёр дахь уулзалтаа хийж, Монгол-Америкийн хооронд шууд нислэгтэй болох талаар ярилцсан байна.

Уулзалтаар хоёр улсын хооронд агаарын харилцаа тогтоох үйл явц, агаарын харилцааны хэлэлцээр байгуулах, АНУ-ын Холбооны нисэхийн удирдлагын газрын шууд нислэгтэй холбоотой бусад улс орны стандарт, шаардлага, бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.

Мөн, МИАТ ТӨК-ийн удирдлагууд Монгол-Америкийн хооронд шууд нислэг үйлдэх хувилбаруудыг танилцуулсан байна. Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд У.Батбаярын хэлснээр, 2023 он гэхэд хоёр тал анхны шууд нислэгийг хийхээр төлөвлөжээ.

Шууд нислэгийн давуу тал нь АНУ болон Монгол руу зорчих, буцах зорчигчдын цаг, мөнгийг хэмнэнэ. Түүнчлэн Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх нь эдийн засаг, хоёр талын хамтын ажиллагаанд чухал үйл явдал болно гэдгийг онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

​Завхан аймгийн Цэцэн-Уул суманд -45.8 хэм хүрч хүйтэрчээ

Завхан аймгийн Цэцэн-Уул суманд өнгөрсөн сард цаг агаарын үнэмлэхүй бага температур -45.80 хэмд хүрчээ.

Агаарын үнэмлэхүй их температур мөн сард Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд +4.80 C хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Түүнчлэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд хамгийн их хур тунадасны нийлбэр хэмжээ 9.9 мм байв. Харин Сэлэнгэ аймгийн Сайхан суманд салхины хурд хамгийн их буюу 22м/с-д хүрчээ.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдийн зургийг ашиглан 300 гаруй хүнээс хандив цуглуулжээ

Бага насны хүүхдийн өвчтэй байдлыг далимдуулж зургийг нь ашиглан хандив хүсэж иргэдийг залилсан этгээдийг илрүүлжээ.

БГД-ийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Ганбаяр

“Сэлэнгэ аймгийн харьяат, тодорхой эрхэлсэн ажилгүй, 22 настай эмэгтэй 2020 оны 3-6 дугаар сарын хугацаанд бага насны амьсгалын аппараттай, хүнд өвчтэй хүүхдийн зургийг хууль бусаар ашиглан олон нийтийн сүлжээнд байршуулан бусдыг төөрөгдөлд оруулан, хандив нэрийдлээр 300 гаруй хүнээс өөрийн дансаар мөнгө авч, бусдыг залилсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд олон нийтийн сүлжээнд хандив тусламж гуйсан нийтлэлийг сайн нягтлах, боломжтой бол өөрийн биеэр очих хандив туламжаа үзүүлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” гэлээ.

Залилах гэмт хэргийн 87.1 хувь бусдыг урьд олж авсан итгэлээ ашиглан хуурч мэхлэн бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгө эзэмших хэргийг шилжүүлэн авч биелэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр бусдыг төөрөгдөлд оруулж, санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ оны нэгдүгээр сард 634 толгой мал өвчнөөр хорогджээ

Том малын зүй бус хорогдол энэ оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 11.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 285.5 мянгаар буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Тус сард 634 толгой мал өвчнөөр хорогдсон нь өмнөх оны мөн үеэс 375 (2.4 дахин их) толгойгоор өсээ.

Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 4.9 мянга, хонь 3.9 мянга, үхэр 1.5 мянга, адуу 799 толгой, тэмээ 11 толгойгоор тус тус хорогдсон байна. Нийт хорогдсон малын 44.2 хувийг ямаа, 35.4 хувийг хонь эзэлж байна.

Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд нэгдүгээр сард Хэнтий аймагт 2.1 (18.8 хувь) мянга, Ховд аймагт 2.0 (18.5 хувь) мянга, Баян-Өлгий аймагт 1.5 (14.0 хувь) мянга, Архангай аймагт 1.2 (10.9 хувь) мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 62.2 хувийг эзэлж байгаа аж.

Улсын хэмжээнд 2021 оны эцэст тоологдсон 30.8 сая эх малын 3.2 мянга (0.01%) нь өнгөрсөн нэгдүгээр сард хорогджээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Банкнууд нүүрсний төслүүдэд 1.5 их наядын хөрөнгө оруулалт хийжээ

Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах зорилт тавьсан томоохон банкнууд 2019 оноос хойш, нүүрсний төслүүдэд 1.5 их наяд америк долларын хөрөнгө оруулалт хийжээ. Арилжааны томоохон банкнууд нүүрсний олборлолт, худалдаа, тээвэрлэлт, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1032 пүүсийг санхүүжүүлсээр байгааг CNN онцолсон байна.

Тодруулбал, БНХАУ, АНУ, Япон, Энэтхэг, Их Британи, Канад гэсэн зургаан орны банкнууд 2019 оноос хойш нүүрсний санхүүжилтийн 86 хувийг бүрдүүлсэн байна. Судалгааг удирдсан Германы байгаль орчны группийн санхүүгийн судалгааны тэргүүн Катрин Гансвинд хэлэхдээ, Арилжааны банкнууд нүүрсний төслийн харилцагчдадаа шилжилт хөдөлгөөн хийхэд нь дэмжлэг үзүүлж байна гэж хариу тайлбар хийдэг. Гэвч бодит байдал дээр ямар ч нүүрсний компаниуд үйл ажиллагаа өөрчлөөгүй гэж мэдэгджээ.

2019 оны 1 дүгээр сараас, 2021 оны 11 дүгээр сар хүртэл 1.5 их наяд гаруй ам.долларыг нүүрсний салбарт зээл, андеррайтинг хэлбэрээр шилжүүлсэн банкнуудын дийлэнх нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах зорилт тавьсан орны банкууд байсан гэж 28 төрийн бус байгууллагын тайланд дурджээ.

Шууд зээлийн хэмжээ 373 тэрбум ам.долларт хүрсэн банкнуудаар Японы Mizuho Financial, Mitsubishi UFJ Financial BlackRock зэрэг банкнуудыг нэрлэжээ. Харин БНХАУ-ын банкнууд нүүрсний төсөлд зээл олгох, андеррайтераар оролцох зэргээр хөрөнгө оруулалтын хэмжээгээр тэргүүлжээ. БНХАУ-ын хувьд өнгөрсөн 2021 онд эрчим хүчний хямралаас гарах үүднээс олборлосон нүүрсний хэмжээ нь дээд амжилт тогтоосон. Харин энэ онд үүнээс ч их хэмжээний нүүрс олборлож магадгүй байна.

Харин Блэйк рок банкны гүйцэтгэх захирал Ларри Финк өнгөрсөн 1 дүгээр сард Бүхэл бүтэн нүүрсний салбараас салах нь дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтыг “тэглэхгүй” гэж мэдэгдэж байсан юм.

Өмнөх жилүүдийн нүүрсний санхүүжилтийн харьцуулсан тоо шууд гараагүй байгаа нь нийлүүлэлтийн сүлжээний доголдол болон дэлхийн улс орнуудын хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах амлалттай холбоотой байж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Нүүрсний салбар нь дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тал орчим хувийг эзэлдэг гэх тооцоо байна.

Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү: Шүүгч Д.Ганзоригтой холбоотой асуудлаар Цэцэд хандана

АН-аас долоо хоног бүрийн пүрэв гаригийн 11.00 цагаас зохион байгуулдаг “4:11” хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү оролцож мэдээлэл өглөө.

Тэрээр “2017 онд С.Эрдэнэ гэдэг хүнийг АН-ын даргаар бүртгэсэн Дээд шүүхийн 01 тоот тогтоол бий. Энэ тогтоолыг өөрчлөх, шинээр намын даргыг томилох асуудлыг удаа дараа Дээд шүүхэд хүргүүлсэн боловч шийдэгдээгүй. Нэгэнт энэ тогтоолд өөрчлөлт ороогүй учраас хуучин байсан мэдээллийг цахим мэдээллийн санд байршуулах асуудлыг тавьсан. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл С.Эрдэнийг намын даргад бүртгүүлэх гээд чадахгүй байна гэх мэт ташаа мэдээлэл түгээж байна. Бид хуучин мэдээллийг л цахим мэдээллийн санд байршуул гэдэг хүсэлт тавьсан. Энэ асуудалтай холбоотойгоор бид Дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригийг Сахилгын хороонд мэдүүлсэн. Дээд шүүхийн Сахилгын хороо саяхан хуралдахад нэгэн төвөгтэй асуудал үүссэн. Сахилгын хорооны шийдвэр ямар ч гарч болно. Энэ нь хараат бус байх ёстой. Шийдвэр нь бидний хүссэн хэмжээнд гараагүй бол бид шийдвэрийг хүчингүй болгохоор Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах бүрэн нээлттэй юм. Энэ үүднээс бид Сахилгын хороонд ортол Дээд шүүхийн шүүгч Д.Ганзориг өөрийнхөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Захиргааны хэргийн тэргүүн шүүгчийг томилсон байдаг. Шүүх хараат бус байна гэдэг зарчим алдагдаж байна.

Бид энэ асуудлаар Цэцэд хандана. Иргэн хүний шударга шүүхээр шүүлгэх эрхэд халдсан, хараат бус шүүх засаглалд халдсан, хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байна гэдэг зарчмыг алдагдуулан албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл гэж ойлгож байна. Тиймээс бид Дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригтой холбоотой асуудлыг Үндсэн хуулийн цэцэд өгнө” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өрхийн сарын дундаж зарлага 70 мянган төгрөгөөр нэмэгджээ

Энэ оны нэгдүгээр сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Ажиллах хүчний судалгааны 2021 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 сая нь ажиллах хүч байгаа юм. Ажиллах хүчний 1.1 (91.9%) сая нь ажиллагчид байна.

ҮСХ-ны дарга Б.Батдаваа “Ажиллагчид 1.1 сая болж, өмнөх оны мөн үеэс 2.5 (0.2%) мянгаар өсөж, өмнөх улирлаас 8.8 (0.8%) мянгаар буурсан байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 58.3 хувь болж, өмнөх улирлаас 0.4 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 1.3 нэгж хувиар өссөн.

Ажиллагчдын тоо өмнөх улирлаас буурахад

  • Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын дэд бүлгийн түвшинд, аж үйлдвэр, барилгын салбарын ажиллагчид (18.9 мянгаар),
  • Хөдөө аж ахуйн салбарынх (4.6 мянгаар) тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин үйлчилгээний салбарынх (14.6 мянгаар) өссөн байна.

Мөн өрхийн сарын дундаж /үнийн нөлөөллийг арилган тооцсон/ бодит орлогын хэмжээ 2021 оны дөрөвдүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 19 (1.8%) мянган төгрөгөөр өсөж, харин өмнөх улирлаас 32 (2.8%) мянган төгрөгөөр буурсан байна.

Тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 73 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь өрхийн сарын дундаж бодит орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс өсөхөд нөлөөлсөн” гэв.

Түүнчлэн судалгааны 2021 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт зарлага, оны үнээр 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 69.7 (4.8%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 31.9 (2.1%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Ковид эсвэл ханиад гэдгийг богино хугацаанд ялгаж 100 хувь илрүүлэх технологи Монголд нэвтэрлээ

Дэлхийг хамарсан цар тахлын нөхцөл байдал үе шаттайгаар буурч байгаа хэдий ч тухайн вирусийн мутацилагдсан хувилбарууд шинээр гарч, халдварын тархалт эрчимтэй буурахгүй байна. Хэдий шинэ хувилбарууд нь хүнд шинж тэмдэг илрэхгүй байгаа ч эрт оношилгооны үр дүнд зөв эмчилгээ хийхгүй байгаагаас болж амь нас эрсдэх аюултай байна. Манай улсад өдөрт бүртгэгдэх халдварын тоо эрчимтэй буурахгүй байгаа. Өдөрт дунджаар 500 гаруй хүн ковидын халдвар авч бүртгэгдэж байгаагийн цөөнгүй хувь нь ханиад, томууны вирус байгаа юм. Иймд ковидын вирус үү ханиад томууны вирус үү гэдгийг илүү тодорхой ялгаж байж түүнд тохирсон эмчилгээг хийх нь эрүүл мэндэд тустайг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Мөн ковид туссан уу, үгүй юү гэдгээ PCR шинжилгээ өгч 24 цаг хүлээх нь зарим сөрөг үр дагаврыг үзүүлж буйг иргэд ярьж байна. Иймд ковид уу, эсвэл ханиад томуу юу гэдгийг 45 минутын дотор 100 хувь илрүүлэх орчин үеийн дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлээд байна.

Тухайлбал, Альфа доктор мед болон Жидакс компаниудын хамтарсан Их бараат лабораторийн нээлт өчигдөр боллоо. Энэхүү лаборатори нь БНСУ-ын сүүлийн үеийн биотехнологи дээр суурилагдсан корона вирусийн PCR шинжилгээний тоног төхөөрөмж юм. Энэхүү төхөөрөмжийг Европын холбоо болон Герман, Арабын эмират зэрэг дэлхийн 20 гаруй улсад ашигладаг байна. Тус лабораторийг нээхэд Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ зэрэг байгууллагууд дэмжлэг туслалцаа үзүүлжээ.


ЛИ ЖОН ХУ: НЭГ ДУСАЛ ЦУСААР ХОРТ ХАВДАРТАЙ БАЙНА УУ, ӨӨР БУСАД ӨВЧИН БАЙНА УУ ГЭДГИЙГ ХОРОМХОН ЗУУР ИЛРҮҮЛДЭГ АППАРАТЫГ БИД ОРУУЛЖ ИРЛЭЭ


Дээрх лабораторийн нээлтийн арга хэмжээнд оролцсон албаны болон мэргэжлийн эмч нараас үйл ажиллагааных нь талаар тус тус тодрууллаа.


“Альфа доктор мед” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хүний их эмч Х.Сарангэрэл: -Манай лаборатори нь PCR-ийн оношилгоо, халдварт болон бусад өвчнүүдийн эрт илрүүлэлтийг БНСУ-ын технологиор маш богино хугацаанд найдвартай шинжилж, гаргах зорилготой. Цаашид ковид буурсан ч гэсэн хилийн боомтуудаар нэвтэрч буй автомашинуудын хөдөлгөөн дээр PCR-ийн шинжилгээ бусад халдварт өвчнийг оношлох боломжтой юм аа. Энэхүү тоног төхөөрөмжийн гол технологи бол бичил чипэнд тулгуурлаж өвчний илрүүлэлтийг шинжлэн гаргаж ирдгээрээ онцлогтой байгаа. Тухайлбал, чипээрээ сүрьеэ юү, хорт хавдар уу гэдгийг ганцхан дусал цусаар илрүүлдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл халдвар, халдварт өвчин, вирусийн гаралтай болон зүрх судасны гаралтай өвчин зэрэг 50 гаруй өвчний эрт илрүүлэлтийг тусгай чипээр оношилдог аппаратыг манай компани оруулж ирсэн. Яг одоогийн нөхцөл байдал дээр энэхүү аппарат маань 15 минутын дотор ковидын вирусийг оношилж, илрүүлж байна. Энэ бол эхний аппарат. Бидний оруулж ирсэн хоёр дахь аппарат бол БНСУ-ын дэвшилтэт технологи байгаа. Тэр нь жи системийн 16 хүний хариуг 45-60 минутад гаргадаг PCR оношилгооны аппарат юм аа. Нөгөөтэйгүүр оношилгооны аппаратууд маань цөөврөөр байгууллага болон сургууль, оюутнуудад гээд хаана ч явуулын лабораторитойгоо очоод түргэн хугацаанд оношилгоо хийж үйлчлэхэд бэлэн боллоо. Түүнчлэн энэхүү хоёр аппарат зөвхөн хүн дээр биш малын өвчин мал дээр ажиллах, оношилгоо шинжилгээ хийх бүрэн хүчин чадалтай байгаа.

“Их бараат” лабораторийн эрхлэгч С.Наранчимэг: -Солонгос улсын жи системийн аппарат байгаа. Гол онцлог давуу тал бол био чип дээр суурилсан шинэ технологи юм. Мөн амьсгалын дээд замын халдвар болон доод замын халдвар, тэр дундаа сүрьеэг оношлох боломжтой. Энэхүү аппарат маань нэг удаагийн шинжилгээгээрээ 16 хүний хариуг 45 минутын дотор гаргадаг онцлогтой.

“Альфа доктор мед” ХХК-ийн хөрөнгө оруулагч, “Жидагс” компанийн гүйцэтгэх захирал Ли Жон Ху: -Манай улсын дэвшилтэт технологи тоног төхөөрөмжийг Монголд нэвтрүүлэн ажиллаж байна. Манай энэхүү лаборатори болон оруулж ирж байгаа тоног төхөөрөмжийн хамгийн гол зүйл бол богино хугацаанд хялбар аргаар өвчнийг найдвартай оношилж, шинжилдгээрээ давуу талтай. Нэг дусал цусаар хорт хавдартай байна уу, өөр бусад өвчин байна уу гэдгийг хоромхон зуур илрүүлдэг аппаратыг бид оруулж ирлээ. Энэ бол хүн бүрийн эрүүл мэндэд маш их тус нэмэр болно. Хүн өвчнөө эрт илрүүлж, зөв оношоо олж байж сая богино хугацаанд яаралтай арга хэмжээг авснаараа амь нас эрсдэлгүй болдог. Тиймээс энэ бүхэнд бидний оруулж ирсэн аппаратын гол үүрэг тодорч харагдах юм аа. Лаборатори байгуулах болсон гол шалтгаан бол Монголын ард түмнийг эрүүл энх байгаасай, хүн бүр өвчин зовлонгүй байгаасай гэсэн ганцхан чин хүсэл эрмэлзэлтэй. Цуснаас дээж авч тухайн өвчний био чипийг уншуулж шинжилгээ хийснээрээ тухайн өвчнийг 100 хувьд зөв оношлох юм. Өөрөөр хэлбэл, энэхүү аппаратын үр дүнд та огт эргэлзэх хэрэггүй шүү гэдгийг хэлье. Цаашид бид энэхүү лабораторийнхоо үйл ажиллагааг өргөжүүлэн Монгол Улсын 330 сумдад салбараа нээхээр зорин ажиллаж байна.


ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ БҮХИЙ БИО ЧИПИЙН ТУСЛАМЖТАЙГААР 50 ГАРУЙ ӨВЧИНГ ОНОШИЛЖ ИЛРҮҮЛЭХ ЦӨӨВРИЙН АППАРАТЫГ СУМЫН БОЛОН ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮДЭД АШИГЛАХАД ТОХИРОМЖТОЙ


“Амар мед” нэгдсэн эмнэлгийн дарга, Анагаах ухааны доктор профессор, Хүний гавьяат эмч Н.Гансүх: -Манайд ковидын түргэвчилсэн шинжилгээг тестээр хаа сайгүй л үзэж байна. Гэхдээ хариу нь тийм ч найдвартай үнэн зөв гардаггүй. Аливаа өвчин ханиад байна уу, ковид байна уу яг л өөртөө тохирсон эмчилгээг хийж байж сая хүн эрүүл саруул болдог. Тиймээс энэ аппаратын хувьд нэг дусал цусаар шинжилгээ хийж ямар өвчин бэ гэдгийг богино хугацаанд 100 хувь оношилж хариуг нь гаргадаг. Солонгосоос хоёр төрлийн аппарат орж ирсэн. Нэгдэх аппарат нь маш жижигхэн, зөөврөөр аваад яваад байх боломжтой. Үүнийг хаана ч очиж ямар ч өвчнийг илрүүлэхэд ашиглаж болох юм. Өөрөөр хэлбэл, өвчтөн ямар өвчин туссанаа эмнэлэг рүү очиж шинжилгээ өгч, шинжилгээнийхээ хариуг хэдэн хоног хүлээх шаардлагагүй л гэсэн үг. Та биднийг дуудлаа. Бид гэрт тань очоод богино хугацаанд шинжилгээ оношилгоог найдвартай гаргах ийм орчин үеийн дэвшилтэт технологи манай улсад орж ирж байгаа юм аа. Үүнийг манай эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрхийн болон сум орон нутгийн багийн эмнэлгүүдэд ашиглах хамгийн тохиромжтой гэж бодож байна. Зөвхөн ковид ч юмуу ханиад томууг илрүүлэх биш нэр төрлийн 50 гаруй өвчнийг илрүүлэх боломжтой. Тухайлбал, сүрьеэ, хорт болон хоргүй хавдар зэргийг эрт богино хугацаанд илрүүлэх ач холбогдолтой. Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий био чипийн тусламжтайгаар 50 гаруй өвчнийг оношилж илрүүлэх зөөврийн аппаратыг сумын болон өрхийн эмнэлгүүдэд ашиглахад хамгийн тохиромжтой юм.