Categories
мэдээ спорт

БЭЭЖИН-2022: Канад, Америкийн шигшээ багууд хасагдсан Олимпийн хоккейн өрсөлдөөн

Өвлийн олимпийн түүхэнд ховор тохиолдох үйл явдал эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээнд үүслээ. Шайбтай хоккейн лидерүүд болох Чех, АНУ, Канад улсын шигшээ багууд энэ удаагийн олимпод медальгүй үлдэв. Тун ховор тохиолдол. Канадын шигшээ баг гэхэд л сүүлийн 16 жил тогтмол ямар нэгэн медаль хүртэж байсан юм. “Бид хамтдаа хэтэрхий оройтож цуглараад бага хугацаанд бэлтгэл хийсний гор гарлаа. Нэгдүгээр сарын 29-нд л бүрэн бүрэлдэхүүнтэй болсон шүү дээ. Өрсөлдөх багаа ч олигтой судалж чадсангүй. Бас хоёр өдөр дараалан тоглосон нь нөлөөллөө” гэж Канадын шигшээ багийн довтлогч Дэарнэ ярьсан нь үнэний хувьтай. Ер нь энэ удаагийн олимпод НХЛ-д тоглодог шилдэг хоккейчдийг ирүүлээгүй нь дээрх багуудын чадавхид сөргөөр нөлөөлсөн. Нөгөө талдаа хоккей жигдхэн хөгжиж аль ч улсын шигшээ баг ямар ч багийн эсрэг дорвитойхон тоглож чаддаг болсныг олон тоглолт харууллаа. Хятадын шигшээ баг л гэхэд Америк, Канадын багуудтай тэнцүүхэн үзэлцэж, Дани улсын шигшээ баг оросуудыг чичрүүлсэн бол словакууд бүр Америкийн шигшээ багийг тэмцээнээс мулталж чадлаа. Чехүүд Швейцарт хожигдон дунд шигшээд ч шалгарч чадаагүй билээ. Одоо ОХУ-Швед, Финлянд-Словак гэсэн хосууд хагас шигшээд тоглож ялсан багууд нь аваргын төлөө, хожигдсон багууд нь хүрэл медалийн төлөө тоглохоор үлдээд байна.


Олимпийн медальтнууд

Биатлон. Буухиа(Эмэгтэй) 4×6км

1. Швед

2. ОХУ

3. Герман

Цана. Буухиа(Эрэгтэй)Сонгодог богино зай

1. Норвеги

2.Финлянд

3. ОХУ

Цана. Буухиа (Эмэгтэй) Сонгодог богино зай

1. Герман

2. Швед

3. ОХУ

Фристайл. Слоупстайл. Эрэгтэй

1. Александэр Холл (АНУ)

2. Николас Гэппер (АНУ)

3. Йеспер Тьедер(Швед)

Шорт трейк. Эмэгтэй. 1500 метр

1. Чхой Мин Чон (Өмнөд Солонгос)

2. Арианна Фонтана (Итали)

3. Сюзанн Схюлтинг (Нидерланд)

Уулын цана. Хурдан буулт. Эмэгтэй

1. Кристина Шайер (Австри)

2. Эстер Ледецка (Чех)

3. Рамона Зибенхофер (Австри)

Уулын цана. Слалом. Эмэгтэй

1. Мишель Гизен (Швейцарь)

2. Венди Хольденер (Швейцарь)

3. Федерика Бриньони (Итали)

Хоккей. Эмэгтэй

1. Канад 2. АНУ 3. Финлянд

Categories
мэдээ нийгэм

МАН-ын хяналтын ерөнхий хороо хуралдана

Тусгаар тогтнолын ордон - Government Office in Ulaanbaatar

МАН-ын хяналтын ерөнхий хороо өнөөдөр /2022.02.18/ 11.00 цагаас ХААЛТТАЙ хуралдахаар товлоод байгаа тухай бид өчигдөр мэдээлсэн.

Хуралдаанаар Хөгжлийн банкнаас зээл авсан, чанаргүй зээлдэгч нарт хариуцлага тооцох, намын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж болзошгүй байна.

Одоогоор эл асуудалд УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Г.Дамдинням, Ц.Анандбазар, Х.Ганхуяг, С.Амартүвшин, С.Бямбацогт нарын нэр холбогдоод байгаа билээ.

Хоёрдугаар сарын 11-нд болсон “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийн үеэр МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар “МАН авлига, албан тушаалын хэрэг болон бусад гэмт хэрэгт холбогдсон нь хууль, хяналтын байгууллагаар тогтоогдоод, шалгагдаж эхэлсэн бол намын гишүүнээс түдгэлзүүлэхээр болсон. Энэ дагуу ёс зүйн алдаа дутагдал гаргасан бол зээлээ төлсөн төлөөгүй байх нь хамаарахгүй хариуцлага тооцно” хэмээн ярьж байсан билээ.

Categories
гадаад мэдээ

Владимир Путин, Владимир Зеленский нар уулзахаар болов

ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нар утсаар ярилцав. Германы Засгийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, талууд ОХУ-тай цаашид хэлэлцээ хийх шаардлагатай гэдэгтэй санал нэгдсэн байна. “Хоёр улсын удирдагчид ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хийх дипломат хүчин чармайлтыг үргэлжлүүлэх ёстой гэсэн байна. Европын аюулгүй байдлын асуудлаар үр дүнтэй яриа хэлэлцээ эхлүүлэх, Минскийн гэрээг хэрэгжүүлэх, Герман, Францын дэмжлэгтэйгээр “Нормандын формат”-д ахиц дэвшил гаргах нь чухал” гэж Германы сайд нарын танхимын мэдэгдэлд дурджээ. “Үүний гол түлхүүр нь Москвад байна” гэж тус улсын эрх баригчид үзсэн байна. “ОХУ Украины эсрэг цэргийн хүчээр түрэмгийлэл үйлдэх эрсдэл хэвээр байгаа бөгөөд Орос улс цэргээ дорвитой татсан шинж тэмдэг одоогоор ажиглагдахгүй байна” гэж уг мэдэгдэлд дурджээ. Германы Засгийн газар Украины тусгаар тогтнолыг зөрчсөн тохиолдолд Орос улс “маш ноцтой үр дагавартай” тулгарах болно гэсэн Барууны орнуудын байр суурьтай хамт байгааг дахин сануулсан байна.

Москва Барууны түншүүдтэйгээ аюулгүй байдлын баталгааны талаар дипломат арга замаар хэлэлцэн тогтохоор төлөвлөж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдээд байгаа билээ. Германы Канцлер Олаф Шольц ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй Москва хотноо Канцлерын хувиар анхны айлчлалаа хийж Орос-Украины хил дээр үүсээд буй хямралын талаар голчлон хэлэлцсэн. О.Шольц Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Киев хотноо уулзсаныхаа дараа Москвад айлчилсан юм. Уулзалтын дараа болсон хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Германы Канцлер, “Европт хурцадмал байдал дайн болон даамжрахыг харахгүй байх нь Засаг тэргүүлж буй бидний гүйцэтгэх гол үүрэг юм” гэдгийг цохон тэмдэглэсэн. Мөн Орос, Германы Европын түншүүдийн хоорондын дээд түвшний яриа хэлэлцээ нь тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой болохыг нэмж хэлжээ. В.Путины хувьд хэвлэлийн бага хурлын үеэр “Бид цаашид хамтран ажиллаж, хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байна” хэмээн мэдэгдээд, Герман улс нь Оросын хамгийн чухал түншүүдийн нэг болохыг дурдсан байна. Түүнээс “DW” агентлагийн сэтгүүлч Микаэла Кюфнер дайн гарах магадлалтай эсэх талаар тодруулахад “Бид Европт дайныг хүсэхгүй байна” гэж хариулжээ. Мөн “Европт дайн гарна гэж энэ цаг үеийн хүмүүст төсөөлөгдөх ч үгүй байгаа” хэмээн О.Шольцын урьд нь хэлсэн үгийг эш татсан байна. “Чухам тийм учраас бид бүх талын аюулгүй байдлын асуудлыг адил тэгш хэлэлцэх үйл явцыг эхлүүлэх саналыг тавьсан” гэдгийг тэрбээр онцолсон юм.

Энэ нь эцсийн эцэст дэлхийн том улсуудын тэргүүн нартай хамт Владимир Путин, Владимир Зеленский нар уулзахаар болсон гэсэн үг.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ спорт

Норвегийн тод бөгөөд цэц магнай

Мартэ Олсбюү-Рөүсэланн хэмээх 31 настай норвеги бүсгүй бий. Камила Валиевагийн шуугиан дунд түүний амжилт жаахан замхраад болдоггүй ээ. Уг нь өдийд түүний тухай л шуугьж байх ёстой юм л даа. Нас нэлээн хэвийсэн хойноо олимпийн аварга болсон, болох болохдоо гурван өөр төрлөөр аваргалсан, хурдан гулгадаг, цэцэн бууддаг, аль ч талаас нь харваас яалт ч үгүй скандинав царайтай уг бүсгүйг өнөөдөр онцолъё.

Мартэ анхнаасаа л, бага балчир наснаасаа л цана углаж, буу мөрлөөд бусдыг гайхуулсан амжилт үзүүлээд эхэлсэн гэвэл асар худал. Ер нь амжилт гаргаад буй цанын төрлийн тамирчдаас арай өөр замналтай бүсгүй билээ. Тусгай хөтөлбөртэй спортын сургуульд сурч байсан түүнийг төгсөх жилд багш нь үнэлэхдээ дундаас жаахан дээгүүр оноо өгсөн байдаг юм. “Тэр үед надад бусдыг гайхуулахаар сайн чанар их ховор байсан тул багш гурав, дөрвийн хооронд эргэлзэж байгаад туранхай дөрөв тавьсан юм билээ. Ангийн хүүхдүүд тав, зургаа гэсэн үнэлгээ авч байхад шүү дээ. Зохион байгуулалт байхгүй, хичээлдээ сонирхолгүй, идэвхгүй гээд муугийн жишээ байж дээ” гэж 15 настай байх үеийнхээ тухай Мартэ дүгнэсэн байдаг. Норвегийн цанын төрлийн шигшээ багийнхны талаас илүү хувь нь ийм насан дээрээ аль хэдийнэ од болчихсон ирээдүйгээ тодорхойлоод явж байсан гээд бодвол Олсбюү их хоцорсон байгаа биз. Тэгвэл оройхон гараад ширүүхэн дайрсан түүнд юу нөлөөлөө вэ.

Аав нь. Чухам аав нь түүнийг биатлонд үлдэхэд нөлөөлсөн. “Тусгай сургуульд ороод эхний хагас жил биатлоныг үнэхээр үзэн ядаж байлаа. Гандбол тоглох харин гоё санагдаад л. Аав маань чи жаахан тэсчих л дээ гээд байсан тул хичээж байгаад нэг мэдсэн чинь энэ спортод дурлаад эхэлсэн байна лээ” гэж тэр хожим ярьсан. Бас тамхи татна.

Хагас жил хэртэй аавдаа загнуулж, бэлтгэлд нухуулж байж гэмээнэ тэр хорт зуршлаасаа хагацлаа. Тэгж байтал түүний амьдралд Рогэр Груббин хэмээх хашир туршлагатай дасгалжуулагч орж ирээд бүсгүйг чангалж эхэлж дээ. “Эхэндээ Рогэрээс хачин их айдаг байлаа. Цагаа зөв баримталж, хэлсэндээ хүрч бай, зохион байгуулалт чинь хэрэг алга гээд л загнаад л чангалаад л. Хөмсөг зангидсан ширүүн багш. Одоо тэр чинь зүгээр л бялуу мэт зөөлхөн хүн шүү дээ. Хүүхэд байхад хичнээн ширүүн байсныг хэн ч мэдэхгүй. Түүнтэй хамтарч ажиллаж эхэлсэн эхний хагас жил их зүйлд сургасан” гэж багшийгаа магтдаг. Харин багш нь “Тэр угийн л өрсөлдөх дуртай охин байсан. Өөрөө түүнийгээ ойлгодоггүй, жаахан шартай, хожигдох ялагдах үед нь сайн хурцалж байх хэрэгтэй хүүхэд байсан юм” гэсэн байдаг. Түүнчлэн хүүхэд байхдаа хэт их ачаалал авч дарамтад ороогүй нь түүнийг нас бие гүйцсэн хойноо амжилт гаргах үндэс болсон гэж ч ярьдаг. “Би өөрийнхөө давуу талыг бусдаас тогтмол хоцорч явсан хүүхэд насны үе гэж боддог. Би хэзээ ч шилдэг нь байгаагүй. Тийм учраас хэний хэмжээнд хүрэх ёстой вэ гэдгээ мэдэж түүн рүүгээ тэмүүлэх зорилготой байсан нь намайг энд хүргэсэн гэж боддог” гэж олимпийн аварга маань өгүүлжээ. Тэр 15 наснаасаа эхлэн биатлон сонирхож гуч дөхөж явахдаа анхны амжилтаа “үнэрлэж” эхэлсэн. Харин гучин насны босго давсан хойноо жинхэнэ од болж эхэлж байгаа юм. 2020 оны ДАШТ-ээс шууд долоон медаль авсны тав нь алт. Биатлоны бүх төрлөөр нэг удаагийн ДАШТ-д бүгдэд нь медаль хүртсэн цорын ганц тамирчин гэж өргөмжлөгдөөд л. Бээжингийн олимпод түүнийг алт авах нь ойлгомжтой, харин хэдийг вэ гэж ярьж байлаа. Гэтэл тэр холимог буухиа, 15 км-ийн гарцаарчилсан, 10 км-ийн дагах уралдаануудад түрүүлээд олимпийн гурван алтан медальтай болчихоод байна. 15км-ийн гарцаарчилсан уралдааны хүрэл медалийг бас нэмж болно. Сердалийн цанын дунд сургуульд сурч байхдаа танилцсан Рөүсэланн гэдэг залуутайгаа гурван жил үерхэж байгаад 18 хүрээд гэрлэж өөрийн овгоо Мартэ Олсбюү-Рөүсэланн хэмээн хамтатган бичих болсон норвеги бүсгүйн тухай товч өгүүлэхэд ийм байна.

Б.ХУЛАН

Categories
мэдээ нийгэм

Зарим сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулахыг 71.8 хувь нь дэмжжээ

ТӨСӨВ-2022: Нийслэлийн 9 дүүрэгт ирэх онд ашиглалтад орох сургууль,  цэцэрлэгүүдийн төсөв

Хотын төв, түгжрэл ихтэй орчинд буюу Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх талаарх санал асуулгыг www.ulaanbaatar.mn сайтад өрнүүлж буй. Мөн энэ зохицуулалттай уялдуулан нийслэл дэх аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийг уян хатан болгоход санал авч байна.

Одоогийн байдлаар санал асуулгад 6214 иргэн оролцож, тэдний 4463 буюу 71.8 хувь нь дээрх зохицуулалт, өөрчлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Харин 1751 иргэн дэмжихгүй гэсэн нь санал асуулгад оролцогчдын 28.2 хувь юм.

Санал асуулга өнөөдөр /2022 оны хоёрдугаар сарын 18-ны/ 14:00 цаг хүртэл үргэлжилнэ. Иргэдийн олонхын дэмжлэг авсан тохиолдолд ирэх даваа гарагаас дээрх 59 сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийг уян хатан болгох зохицуулалт хийх юм.

Нийслэлийн иргэд та бүхэн санал асуулгад идэвхтэй оролцож, хотын түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулаарай. Хотын хөгжилд, замын түгжрэлийг бууруулахад иргэн нэг бүрийн оролцоо чухал юм.

Та дараах холбоосоор болон QR кодыг уншуулан саналаа өгнө үү.

Нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах тухай санал, асуулга

  1. 59 сургуулийг байршил, зорчих хөдөлгөөний урсгалаар бүсчлэн ойр байршилтай сургуулиудын хичээл эхлэх, тарах цагийг зөрүүлэх
  • Сургууль 1 – 07:45 цагт хичээл эхлэх
  • Сургууль 2 -08:15 цагт хичээл эхлэх
  • Сургууль 3 -09:00 цагт хичээл эхлэх
  1. Дээрх зохицуулалттай уялдуулан нийслэл дэх аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийн уян хатан болгох
  • Ажил эхлэх цаг -07:00-10:00
  • Ажил тарах цаг -16:00-19:00

07:00 цагт ажилдаа ирсэн бол 16:00 цагт тарж, 10:00 цаг ажилдаа ирсэн бол 19:00 цагт тарж болно. Байгууллага тус бүр цагийн бүртгэлээ уян хатан болгож, зохицуулалт хийх боломжтой.

НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛ ЭХЛЭХ ЦАГИЙН ХУВААРЬ

ДҮҮРЭГ БҮС СУРГУУЛЬ I ЭЭЛЖ II ЭЭЛЖ
ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ
1 БЗД БҮС – I 21-р сургууль 8:15 13:45
2 БЗД 84-р сургууль 7:45 13:15
3 БЗД БҮС – II 33-р сургууль 7:45 13:15
4 БЗД 48-р сургууль 8:15 13:45
5 СБД БҮС – I 1-р сургууль 7:45 13:15
6 СБД ӨЗБЛАСургууль 8:15 13:45
7 СБД БҮС – II 31-р сургууль 7:45 13:15
8 СБД 6-р сургууль 8:15 13:45
9 СБД БҮС – III 45-р сургууль 7:45 13:15
10 СБД 11-р сургууль 9:00
11 СБД БҮС – IV Байгаль эх лицей сургууль 8:15 13:45
12 СБД 2-р сургууль 7:45 13:15
13 СБД Монгол Улсын Консерватори 7:45 13:15
14 СБД БҮС – V МУБИС – ЕБС 7:45 13:15
15 ЧД БҮС – I 5-р сургууль 7:45 13:15
16 ЧД 50-р сургууль 8:15 13:45
17 ЧД БҮС – II 23-р сургууль 7:45 13:15
18 ЧД 24-р сургууль 8:15 13:45
19 ХУД БҮС – I 18-р сургууль 7:45 13:15
20 ХУД 15-р сургууль 8:15 13:45
21 ХУД БҮС – II 52-р сургууль 7:45 13:15
22 ХУД 75-р сургууль 8:15 13:45
23 ХУД БҮС-III 130-р сургууль 7:45 13:15
НИЙТ 14 9 14 9

ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

ДҮҮРЭГ БҮС СУРГУУЛЬ I ЭЭЛЖ II ЭЭЛЖ
1 БЗД БҮС – I И-Эс-Эм 7:45 13:15
2 БЗД Кириллица 9:00
3 БЗД БҮС – II Оюунлаг 7:45 13:15
4 БЗД Уудам монгол 9:00
5 БЗД БҮС – III Шинэ монгол 7:45 13:15
6 БЗД Төгсдэлгэрэх 8:15 13:45
7 БЗД БҮС – IV Шилдэг 9:00
8 БЗД Их засаг лицей 9:00
9 БЗД БҮС – V Эрхэм баян эрдэм 9:00
10 БЗД Гёте 7:45 13:15
11 БЗД БҮС – VI Оюуны-Оньс 9:00
12 СБД БҮС – I Логарифм 7:45 13:15
13 СБД Үй цай 8:15 13:45
14 СБД БҮС – II Сант 7:45 13:15
15 СБД Улаанбаатар элит 8:15 13:45
16 СБД БҮС – III Шинэ үе 8:15 13:45
17 СБД БҮС – IV Эрдэмтөгс 9:00
18 СБД Сэлбэ 9:00
19 СБД БҮС – V Дойче шуле 9:00
20 СБД Кинг кидс 8:15 13:45
21 СБД БҮС – V Эрдмийн уурхай 9:00
22 СБД Хаан эрдэм 9:00
23 ЧД БҮС – I Тусгал 9:00
24 ЧД Олонлог 9:00
25 ЧД БҮС – II Оюут 8:15 13:45
26 ЧД Олонлог эгзэ 7:45 13:15
27 ХУД БҮС – I Орчлон сургууль 9:00
28 ХУД Хобби сургууль 9:00
29 ХУД БҮС – II Оргил сургууль 9:00
30 ХУД Монгол билиг оюун сургууль 9:00
31 ХУД БҮС- III Орхон Хасү сургууль 9:00
32 ХУД БҮС – IV Шинэ Монгол Харумафүжи сургууль 7:45 13:15
33 ХУД Бритиш сургууль 9:00
34 ХУД БҮС -V Сакура сургууль 9:00
35 ХУД Солонго Эс Эф сургууль 9:00
36 ХУД БҮС – VI Жет тэмүүлэл сургууль 9:00
НИЙТ 8 6 22 8 6

Жич: Хавсралтад заагдсанаас бусад ерөнхий боловсролын сургуулийн хичээл 08:00 цагт эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

МИАТ ирэх сараас зуны хуваарьт нислэгүүдээ эхлүүлнэ

Авиа компанийн 7 хоног зарласантай холбогдуулан та бүгдэд МИАТ ХК-ийг  танилцуулж байна
Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ компани ирэх гуравдугаар сарын сүүлчээр нислэгийн зуны хуваарьт шилжихээр болсон талаараа мэдээллээ.

Уг хуваарийн хүрээнд долоо хоног бүр

  • Франкфурт хотын чиглэлд 2-3
  • Сөүл хотын чиглэлд 4-7
  • Токио хотын чиглэлд 2-3
  • Москва хотын чиглэлд 2 давтамжтайгаар нислэг үйлдэхээр болсон байна.

Нислэгийн зуны хуваарь:

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Төр-Од: Намуудын нийгэмд гүйцэтгэх үүрэг хариуцлага, үйл ажиллагааны зарчмыг дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлнэ


Улс төрийн намын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Уг төслийг боловсруулах Ажлын хэсгийн гишүүн, Үндсэн хууль судлаач Л. Төр-Одтой ярилцлаа.


-Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэх асуудал нэлээд олон жил яригдсан. Ирэх хаврын чуулганд өргөн баригдахаар боловсруулагдаж байна. Шинэчилсэн найруулгын төсөлд одоо мөрдөгдөж байгаа хуулиас ямар дэвшилттэй заалтууд тусгагдсан байна вэ?

-Манай улсын Үндсэн хуулийн Хүний эрх, эрх чөлөө гэсэн Хоёрдугаар бүлгийн Арванзургадугаар зүйлийн 10-т Монгол Улсын иргэн “Нийгмийн болон ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй Нам нь нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүнийх нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно” хэмээсэн байгаа. Ингэж иргэдийн эвлэлдэн нэгдэх, улс төрийн намыг байгуулан нийгмийн ашиг сонирхол, үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, амьдралд хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлийг анх заасан.

Харин 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр гурван заалтыг шинээр тусгасан. Нэгдүгээрт, Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулах болон улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллахаар. Хоёрдугаарт, улс төрийн намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байх. гуравдугаарт, намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллгааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно гэж цоо шинээр тусгасан.

Шинэ хуулийн төслөөр иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангах зорилгоор улс төрийн нам байгуулах, өөрчлөн байгуулах, үйл ажиллагааг нь дуусгавар болгох, улсын бүртгэлд бүртгэх, намын зохион байгуулалт, хяналт, санхүүжилт үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, үүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна. Улс төрийн намыг илүү өргөн хүрээнд тодорхойлно. Намын нийгэмд гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны зарчмыг дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн хуульд шинээр болон өөрчлөн тусгана. Тухайлбал, төрөөс намын үйл ажиллагааг зохицуулахдаа баримтлах зарчмыг тогтоож өгсөн бөгөөд ингэхдээ ардчилсан нийгмийн үндсэн хэм хэмжээ, хүний эрхийг хангах нийтлэг шаардлагыг үндэслэн, нийтлэг зарчмуудыг зааж өгнө.

-Шинэ хуулиар улс төрийн намууд яг ямар чиг үүрэг хэрэгжүүлэх вэ. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юү?

-Монгол Улс нэг нам бүхий улс төрийн тогтолцоог халж, олон намыг анх хүлээн зөвшөөрснөөс хойш даруй 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд хэдийгээр олон улс төрийн нам байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч өнөөгийн нөхцөл байдалд намуудын төлөвшилтийг дэмжсэн, институцичлэлийг хангасан хууль зүйн орчны дорвитой шинэтгэл хийгдээгүй юм. Нөгөөтэйгүүр, УИХ-д суудалтай цөөн хэдээс бусад улс төрийн намууд үзэл баримтлал, үйл ажиллагаагаараа олон нийтийг татах, манлайлах шинж чанар нь алдагдаж төлөөллийн ардчиллын гол институци байгуулалт болохын хувьд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрч байна. Улс төрийн намын төлөвшил сул, үйл ажиллагаа, санхүүжилт нь ил тод бус байгаа нь Үндсэн хуулиар бий болгосон төрийн байгуулал, түүний тогтолцоо, институцийн чадавх, ардчиллын бэхжилтэд сөргөөр нөлөөлөх болов. Монгол Улсын төрийн байгуулал институцүүдийг бүрдүүлэхэд чухал үүрэг бүхий улс төрийн намуудын чиг үүрэг, дотоод зохион байгуулалтыг ардчилсан зарчимд нийцүүлж, нийт үйл ажиллагаа, хөрөнгө, санхүүжилийн эх үүсвэр, зарцуулалтыг ил тод, нийтэд нээлтэй болгох хэрэгцээ шаардлага нийгэмд үүсээд байна. Шинэ хуулийн төсөлд улс төрийн намын чиг үүргийг анх удаа нарийвчлан зааж өгч Үндсэн хуульт байгуулал, парламентын ардчилсан тогтолцооны зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг хэмээн тодорхойлсон. Тухайлбал, нам нь ард түмний хүсэл зориг, олон нийтийн үзэл бодлыг илэрхийлэх, засаг төр болон ард иргэд хооронд тогтвортой, идэвхтэй, байнгын холбоо харилцаа үүсгэн тогтоох үүрэгтэй. Мөн улс төрийн алба хаах хариуцлагатай иргэдийг бэлтгэ, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцох зэрэг үндсэн чиг үүргүүдийг хэрэгжүүлэхээр төсөлд тусгав.

-Нам иргэдийн санаа бодлыг төлөвшүүлэх үүргээ яаж биелүүлэх ёстой вэ. Одоо манай улс төрийн намуудад энэ үүрэг их дутагдаж байх шиг?

-Өнөөгийн байдлаар улс төрийн намуудын бодлого боловсруулахад ард иргэдийн санаа бодлыг төлөвшүүлэх механизмыг бий болгоход чиглэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Намаас гаргаж буй бодлого шийдвэр нь судалгаанд тулгуурлахаас илүүтэйгүүр лидерийн мэдрэмж, олон нийтийн санаа бодол, нийгмийн цахим сүлжээ, бизнесийн бүлэглэлүүдийн захиалгад тулгуурлах хандлагатай, бодлогын намыг хөгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна. Иймээс улс төрийн намуудыг орчин үеийн олон ургальч ардчиллын хөгжилт дэвшлийг харгалзан илүү өргөн цар хүрээнд хуулийн төслөөр тодорхойлж, ард иргэдийн хүсэл зориг болон тууштай дэмжлэгт суурилж, тэдгээрийн үзэл бодлыг намаас төлөвшүүлж хөгжүүлэх эргэх холбоог шинээр хуульчилна. Намын нийгэмд гүйцэтгэх үүрэг хариуцлага, нийт үйл ажиллагааны зарчмыг дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн хуульд шинээр болон өөрчлөн тусгана. Улс төрийн намыг “хөтөлбөрийн” буюу “бодлогын нам” болгох, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах Үндсэн хуулийн нэмэлтийн үзэл санаа, эрх зүйн зохицуулалтыг хуульд шинээр тусгана. Нам нь өөрийн улс төрийн үзэл баримтлал, үнэт зүйлдээ нийцсэн дүрэм, мөрийн хөтөлбөр, бодлого боловсруулж, хэрэгжүүлдэг болно.

-Намууд иргэдэд улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд ямар үүрэг оролцоотой байдаг вэ. Шинэ хуульд энэ талаар яаж заасан юм бол?

-Шинэ хуулийн төсөлд орчин үеийн улс төрийн намуудын хөгжлийн ерөнхий чиг хандлагыг тусгахаас гадна ард иргэдийн улс төрийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон төрийн үйл хэрэгт ард иргэдийн идэвхтэй оролцоог хангах чухал чиг үүргийг нарийвчлан тодорхойлж өгсөн. Энэ зорилгыг ажил хэрэг болгох үүднээс иргэдийн улс төрийн боловсрол, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хангах хамтын ажиллагааны хүрээнд олон улсын болон гадаад улсын байгууллага, дэвшилтэт улс төрийн гадаад намуудын улс төрийн боловсролын сантай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг хөхиүлэн дэмжинэ. Хамгийн гол нь нийт иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх засаг төрийн бодлого боловсруулахад зориулж улсын нэгдсэн төсвөөс шууд тодорхой хэмжээний санхүүжилт олгохоор хуулийн төсөлд зааж өглөө.

-Улс төрийн намууд сонгуульд нэр дэвшүүлэн шударгаар өрсөлдөх үүрэгтэй. Гэтэл өнөөдөр сонголтгүй сонгууль болж байна гэсэн шүүмжлэл бий. Хуулийн төсөлд энэ талаар нарийн заалт байна уу?

-Хуулийн төсөлд намын үндсэн чиг үүргийг заахдаа улс төрийн бүх шатны сонгуульд гишүүд болон дэмжигчдээсээ нэр дэвшүүлж шударгаар өрсөлдөх зарчмыг чухалчилсан билээ. Улс төрийн намууд үзэл баримтлал, үнэт зүйлд суурилсан намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, зохицуулах харилцааг хуульд заагаагүйгээс үүдэн намууд өөрийн үнэт зүйл, үзэл баримтлалаас хазайх, цаг зуурын шинжтэй олон нийтийг татах гэсэн популист амлалт бүхий сонгуулийн хөтөлбөр дэвшүүлдэг. Үүнээс үүдэн улс төрийн үнэт зүйлс нийгмийн харилцаанд баттай суурьших хөрсийг бүрдүүлэх боломжгүй нөхцөлийг үүсгэж байна. Иймд олон ургальч улс төрийн үзэл баримтлалтай, нийгэм эдийн засгийн хөгжил дэвшилд хүрэх арга замыг өөр өөрийн онцлог байр сууриас хандаж, улмаар сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ард иргэдийн өргөн оролцоотой боловсруулж, түүнийгээ олон нийтэд тайлбарлан танилцуулж, аливаа сонгуульд чин шударгаар өрсөлдөх нь намын жинхэнэ үүрэг юм. Харин засаг төр нь Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийг сайн дурын үндсэн дээр өөрсдийн үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж нам байгуулах, намд элсэх болон түүнээс гарах, тухайн намын дүрэм хийгээд мөрийн хөтөлбөр, бодлогод нийцүүлэн улс төрийн бүхий л үйл ажиллагаанд чөлөөтэй оролцох зэрэг үндсэн эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүрэгтэй юм.

-Жендерийн тэгш эрхийн оролцоог шинэ хуулиар хэрхэн хангахаар байгаа бол?

-Улс төрийн намын үзэл баримтлал, нийт бодлого үйл ажиллагааг ардчилсан зарчимд нийцүүлэн, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, түүнд суурилсан үйл ажиллагааг явуулах, жендерийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд, ахмад настан, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхээр шинэ хуулийн төсөлд тусгасан. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэх үүднээс улс төрийн намд улсын төсвөөс жил бүр үзүүлэх дэмжлэг, нийт санхүүжилтийн 20-иос доошгүй хувийг эмэгтэйчүүд болон дээр дурдсан иргэдийг төлөөлөх тухайн намын дотоод бүтцийн нэгж дэх нийгмийн сонирхлын бүлгүүдийн улс төрийн оролцооны эрхийг хангахад зарцуулахаар тусгайлан төсөлд зааж өгсөн. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан нэр дэвшигчдийн хүйсийн квотоос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэй улс төрчдийн тоо, сонгуульд ялж сонгогдсон эмэгтэй гишүүний тоо зэргийг харгалзан төрөөс нэмэлт төсвийн санхүүжилтийг хөшүүрэг хэлбэрээр намд шууд олгохоор зааж өгсөн нь нэн шинэлэг бөгөөд дэвшилтэт хуулийн зохицуулалт болж байгаа юм.

-Нам нь төр, иргэдийн хоорондын харилцааг идэвхтэй болгоход яаж ажиллах ёстой вэ. Шинэлчилсэн найруулгад энэ талаар нэлээд зохицуулалтууд орсон гэж байсан?

-Намын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, гишүүдийн эрх, үүрэг, намын дотоод ардчиллын асуудал нарийвчлан зохицуулагдаагүйгээс сахилга, хариуцлага, хяналт суларч, дур зорго, хувийн болон бүлэглэлүүдийн эрх ашиг илүү идэвхжиж, жирийн гишүүдийнх нь болон ард иргэдийн намд итгэх итгэлийг алдагдуулж байгаа нь өнөөдрийн улс төрийн бодит зураглал. Энэ учир шалтгааны улмаас улс төрийн нам нь засаг төр болон ард иргэд хоорондын идэвхтэй, байнгын тогтмол харилцаанд гүүр болон ажиллаж чадахгүй байна. Иймээс төрөөс аливаа намд үзүүлэх шууд болон шууд бус дэмжлэгийг энэхүү алдаа дутагдлыг арилгахад тодорхой хэсгийг нь зарцуулах бөгөөд намын дэргэд бодлого хөтөлбөр боловсруулж гаргахад гишүүд, дэмжигчдээс гадна нийт ард иргэдийн оролцоог хангаж ажиллах, зөвлөх, сургаж бэлтгэх улс төрийн мэдлэг боловсрол олгож дэмжих тодорхой үүрэг бүхий сан буюу хүрээлэн байгуулахаар тусгайлан шинэ хуулийн төсөлд нарийвчлан зааж өгсөн.

-Нам байгуулах хүний тоог сонирхмоор байна?

-Монгол Улсын Үндсэн хуульд оуурлсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн гуравдугаар зүйлд заасны дагуу 2028 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх ёстой “намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн заалтыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн. Гэхдээ дараагийн дөрвөн жилийн хугацаанд одоогийн улс төрийн намын тухай 2005 онд баталсан зохицуулалт буюу 801 гишүүнтэй байхаар хэвээр үлдээсэн. Энэхүү заалт нь нэн ялангуяа Улсын дээд шүүхэд бүртгэлтэй нийт 35 намд хамаарах нааштай зүйл юм.

-Олон намын тогтолцоотой парламентын засаглалтай хэрнээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд МАН, АН гэсэн улс төрийн хоёр том хүчин ээлжлэн төр барьж ирлээ. Ер нь жижиг намууд яагаад томорч өгөхгүй байна вэ. Томрох онолгүй байдаг юм уу?

-Шинэ хуулийн төсөлд намын тухай хамгийн орчин үеийн ойлголтыг төсөлд анх удаа хуульчилж өгсөн бөгөөд нам нь иргэдийн улс төрийн хүсэл зоригийг тогтмол, чөлөөтэй илэрхийлдэг улсын хэмжээний бодлого дэвшүүлэн сонгуульд оролцох арга хэлбэрээр ард түмнийг төлөөлөх, хамтын удирдлагын шийдвэр гаргаж, хариуцлага хүлээдэг, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн бүлэг иргэдийн нэгдэл мөн гэж тодорхойлсон. Харамсалтай нь өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй УДШ-д бүртгэлтэй бүх намууд энэхүү тодорхойлолтод багтаж, энэ шаардлагыг хангаж буй эсэх нь том асуултын тэмдэг, ан цав юм. Сүүлийн цар тахалтай жилүүдэд ихэнх намуудын үүрэг хариуцлага улам суларч, ард иргэдийн итгэл үнэмшил алдарч буурсаар байна. Тиймээс, улс төрийн намыг бүртгэх, түүний гишүүнд элсэх, улмаар нийт үйл ажиллагааг цахим орчинд явуулах орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ нийт улс төрийн намуудын хувьд парламентын засаглалыг бэхжүүлэх зорилготой, олон нийтийн оролцоог хангаж, тэдгээр намын бодлого, мөрийн хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, сургалт, судалгаа хийх үүрэг бүхий “судалгааны хүрээлэн” улс төрийн намуудын дэргэд ажиллуулах, эдгээрийн үйл ажиллагааг төр тодорхой хэмжээнд дэмжин санхүүжилт олгодог байхаар хуулийн төсөлд дээр дурдсанчлан тусгасан юм.

-Улс төрийн намуудын санхүүжилтийн асуудал нэлээд маргаан дагуулдаг. Хуулийн шинэчлэлээр бүх санхүүжилт, зарцуулалт, тайланг ил тод болгоно гэж байсан. Энэ тал дээр та судлаачийн хувьд байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Өнөөгийн Монгол Улсад ардчиллын гол институт болох улс төрийн намд итгэх иргэдийн итгэл буурч элдвийн амлалт, олны сэтгэл хөдлөлд тулгуурладаг популистуудад татагдах хандлага газар авч байгаа нь ардчиллын бэхжилтэд сөргөөр нөлөөлөх аюул дагуулж байна. Тиймээс намуудад төрийн шууд ба шууд бус дэмжлэг зайлшгүй чухал байгаа юм. Дэлхийн практикаас үзэхэд улс төрийн намуудад ил тод, нээлттэй байдлаар санхүүжилт хийснээр улс төрийн намуудын институтжилтийн түвшинг нэмэгдүүлдэг байна. Үүний үр дүнд иргэний оролцоо, улс төрийн үйл явцад олон түмнээс итгэл хүлээлгэх түвшин өсдөг.

Намуудад олгож буй төрийн санхүүжилтийг нэмэгдүүлснээр улс төрийн намыг хувийн хандив, санхүүжилтээс хэт их хамааралтай байхыг саармагжуулан тэнцвэржүүлж ардчилсан улс төрийн үйл явц дахь хувийн мөнгө санхүүгийн нөлөөг хязгаарлах ач холбогдолтой. Үүний үр дүнд улс төрийн намын санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэж, улс төр дэх чинээлэг хэсгийн давуу нөлөөллийг багасгадаг байна. Улмаар энэ нь авлигыг бууруулахад чухал нөлөөтэй. Намын санхүүжилтийн талаарх одоогийн эрх зүйн зохицуулалт нь намыг аливаа нэг санхүүгийн эх үүсвэрээс хэт хараат болгох, санхүүжүүлэгчийн ашиг сонирхолд үйлчлэх эрсдэлийг бий болгож байна. Улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, хөрөнгийн зарцуулалтад өөрийнх нь хяналтын нэгж буюу дотоод хяналтаас өөр хяналт тавих хөндлөнгийн бүтэц байхгүй, дотоодын хяналтын нэгж нь үр дүнтэй байж чадахгүй байгаагаас санхүүгийн тайландаа аудит хийлгэж, олон нийтэд мэдээлэх үүргээ хэрэгжүүлдэггүй.

-Ер нь энэ хуулиар намын гишүүд ямар үүрэг хүлээх вэ. Намын гишүүдэд улс төрийн соёл гэж байна уу. Аль дуртай намдаа орж, гарах нь элбэг болж. Уг нь үзэл бодол, итгэл үнэмшлээрээ тухайн намын гишүүний батлахаа анх авдаггүй бил үү. Энэ асуудлыг шинэ хуулиар зохицуулсан болов уу?

-Хуулийн төсөлд намын гишүүн, дэмжигч гишүүн, сонгуульт гишүүн гэсэн ойлголтыг ялгамжтай тусгаснаар намын үйл ажиллагаанд идэвхтэй, эсвэл дэмжиж оролцох эвлэлдэн нэгдэх хэлбэрийн сонголтоо хийх боломжийг илүү ойлгомжтой байхаар тусгасан нь шинэ улс төрийн соёлыг гишүүдэд төлөвшүүлэх чухал ач холбогдолтой. Сонгуульт гишүүн, гишүүн, дэмжигч гэсэн байдлаар ялгамжтай тогтоосноор татвар, оролцоо, саналын эрх зэрэг ойлголтуудыг нарийвчлалтай зохицуулсан. Хуулийн төсөл батлагдсанаар улс төрийн намуудын эрх зүйн орчин улам бүр сайжирч, тэдгээрийг үүсгэн байгуулах дэмжигчид цар хүрээг нэмэгдүүлж, гишүүнчлэл цахимжиж үйл ажиллагаа, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах, санхүүжилтийн шилэн стандартыг хэрэгжүүлэх, Монголын улс төрийн намуудын цаашдын төлөвшил, хөгжилт дэвшлийг хангах боломж нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Түүнчлэн иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн баталгаа хангагдаж, улс төрийн намууд аливаа нэг санхүүжүүлэгчээс хараат бус болж, бодлогын намууд болсноор иргэд улс төрийн сонголтоо хийхдээ тэдний тодорхой үзэл санаа, мөрийн хөтөлбөрийг нь харгалзан үздэг болж, ард иргэдийн улс төрийн боловсрол, соёл, эрх зүйн ухамсар дээшилнэ. Ийнхүү, ардчилсан засаглалыг улам бүр бэхжүүлж, ард түмний төлөөллийг хангах, ил тод, нээлттэй тайлагнадаг, үр өгөөжтэй байх зарчим хэвшиж, улмаар улс төрийн намын шударга өрсөлдөөнт сонгууль явуулах үндэс бэхжиж, төрийн бодлого, шийдвэр гаргах явцад ард иргэдийн шууд оролцоог нэмэгдүүлэх нь гарцаагүй асуудал бөгөөд хэрэгжүүлж байж цаг хугаацаа шинэ хуульд үр дүн тавина.

Categories
мэдээ цаг-үе

Оросын тал Украин руу довтлох шалтгааныг зохиомлоор бий болгох ажиллагаанд бэлдэж байгааг АНУ анхааруулав

ОХУ-аас ирэх долоо хоногт Украин руу дайрах уу? | News.MN

Өнгөрсөн Мягмар гарагт ОХУ-ын батлан хамгаалах яам Украины хилээс цэргийн хүчээ татаж эхэлсэн талаар мэдээлж байв.

Гэвч өрнөдийн орнууд болон NATO үүнийг нь сүүлд үгүйсгэсэн юм. Тагнуулын мэдээллээс гадна хиймэл дагуулаас авсан зургаас Украины хил дээрх Оросын цэргийн ажиллагаа “буураагүй, харин эрчимжиж байгаа нь харагдаж байна” гэж тэд мэдэгдээд байна.

Тэгвэл өчигдөр Украин руу довтлох шалтгааныг зохиомлоор бий болгох ажиллагаанд Оросын тал бэлдэж байгааг АНУ-ын эрх баригчид анхаарууллаа.

“Тэд эзлэн түрэмгийллээ зөвтгөх хуурамч шалтгааныг үүсгэхээр бэлдэж байна. Үүнд итгэх үндэслэл бидэнд бий” гэж Цагаан ордны гадаа хийсэн мэдэгдлийнхээ үеэр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хэлжээ.

Сүүлд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ийм ажиллагааны хэд хэдэн хувилбар бэлтгэгдэж байгааг НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд мэдээлсэн юм.

Үүнд Оросын нутаг дэвсгэрт террорист ажиллагаа (бөмбөг дэлбэлэх) зохион байгуулах, иргэдийг бөөнөөр устгасныг гэрчлэх булш илрүүлэх, энгийн иргэдийн эсрэг дроны халдлага зохион байгуулах, химийн зэвсгийн зохиомол болон бодитой халдлага зохион байгуулах зэрэг хувилбаруудыг дурджээ.

Ийм хуурамч ажиллагааг зохион байгуулсны дараа ОХУ-ын засгийн газар “Украин дахь орос гаралтай иргэдийг хамгаалах асуудлаар шуурхай хуралдаж, агаарын болон кибер довтолгоог эхлүүлэх шийдвэр гаргана” гэж Блинкен тайлбарласан байна.

Ингэхдээ тэр ямар нэг баримт үзүүлээгүй ч “Би өнөөдөр энд дайн эхлүүлэх гэж биш, дайнаас сэргийлэхийн тулд зогсож байна” гэж мэдэгджээ.

Хуурамч ажиллагааны талаар сэжиглэх үндэслэл байгааг сүүлд NATO-гийн тэргүүн Йенс Столтенбэрг, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон, гадаад хэргийн сайд Элизабет Трасс нар бас хэлсэн байна.

ОХУ-ын батлан хамгаалах яам цэргээ татаж эхэлсэн талаар мэдэгдсэний дараа Украины сөргөлдөөн буурах найдлага төрж эхэлсэн юм.

Гэвч Пүрэв гарагт Украины арми болон Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчид харилцан нэг нэгэн рүүгээ гал нээсэн нь байдлыг дахин хурцатгалаа.

Украины албаныхны мэдээлснээр өчигдөр салан тусгаарлагчдын их бууны сум Станиця Луганська хотын хүүхдийн асрамжийн газрын хананд туссаны улмаас гурван насанд хүрэгч шархаджээ.

Харин салан тусгаарлагчид мэдээлэхдээ өчигдөр Украины арми өөрийнх нь хяналтад байдаг хэд хэдэн газарт алсын цохилт өгснийг баталсан байна.

Өрнөдийн болон Украины удирдагчдын дээрх мэдэгдлүүдийг Москвагийн эрх баригчид няцаасаар байгаа. Өчигдөр ОХУ-ын засгийн газар Москвад суух АНУ-ын элчин сайдын орлогчийг нутаг дэвсгэрээсээ хөөх шийдвэр гаргасан нь харилцааг хурцатгах бас нэг үйлдэл болжээ.

Categories
мэдээ цаг-үе

“Тахько”, “Түмэн шувуут”, “Материал импекс” ногдол ашиг тараана

Mongolian Stock Exchange | LinkedIn

“Тахько” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 108 төгрөг буюу нийт 128.518.164 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараах болжээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг энэ оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоосон байна. Ногдол ашгийг тавдугаар сарын 1-ны өдрийн дотор Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв дэхь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулах юм.

Мөн “Түмэн шувуут” ХК-ийн Төлөөлөн удирдах шийдвэрээр 2021 оны цэвэр ашгийн 30 хувийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон тараана.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг энэ оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох бүртгэлийн өдрөөр гаргах юм. Долдугаар сарын 1-ний өдрийн дотор “ҮЦТХТ” ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

“МАТЕРИАЛ ИМПЕКС” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

“Материал импекс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн энэ сарын 15-ны өдрийн №05 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ нэгж хувьцаанд 230 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийджээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг энэ оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтооно. Энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулна.

“ДАРХАН НЭХИЙ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

“Дархан нэхий” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн энэ сарын 11-ний өдрийн №02/01 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ 300 сая төгрөгийг ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг энэ оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтооно. Энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулна.

“БОДЬ ДААТГАЛ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААНА

“Бодь даатгал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн энэ сарын 15-ны өдрийн №143/22/02 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 5 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг энэ оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрөөр тогтооно. Ирэх зургааугаар сарын 30-ны дотор “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулна.

“УЛААНБААТАР БҮК” ХК НОГДОЛ АШИГ ТАРААНА

“Улаанбаатар БҮК” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн энэ сарын 15-ны өдрийн №2022/03 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас 1,315,475,000 төгрөг буюу нэгж хувьцаанд 10.0 /арван/ төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэжээ.

“ТАНДЭМ ИНВЕСТ ББСБ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААНА

“Улаанбаатар БҮК” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн энэ сарын 15-ны өдрийн №2022/03 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас 1,315,475,000 төгрөг буюу нэгж хувьцаанд 10.0 /арван/ төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэжээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтооно. Ирэх зургадугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулна.

Categories
мэдээ цаг-үе

Цэцэрлэгийн бага бүлгийн бүртгэл өнөөдөр 09:00 цагт эхэлнэ

Энэ хичээлийн жилд 42 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна

Нийслэлийн төрийн өмчит цэцэрлэгийн бага бүлгийн бүртгэл өнөөдөр 09:00 цагт эхэлнэ.

Бүртгэл хоёрдугаар сарын 24-ний 17:59 цаг хүртэл хугацаанд WWW.PARENT.EDU.MN цахим систем болон гар утасны ESIS аппликэйшнээр зохион байгуулагдах бөгөөд 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдүүд хамрагдах юм.

Мөн зарим цэцэрлэгт нэмэлт бүртгэл хийгдэх аж. Тодруулбал, тухайн хамран сургах тойргийн цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч

  • “Дунд” бүлэгт: 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн,
  • “Ахлах” бүлэгт: 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн,
  • “Бэлтгэл” бүлэгт: 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдийг нэмэлтээр бүртгэнэ.

Хэрэв эцэг эх, асран хамгаалагч нь цахимаар бүртгүүлэх боломжгүй бол өөрийн биеэр харьяа дүүргийн Боловсролын хэлтэс болон хамран сургах тойргийн цэцэрлэг дээрээ очиж дэмжлэг авах боломжтой.

Цахим элсэлтийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулж, элсэлтийн мэдээг эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр илгээнэ.

Цэцэрлэгийн элсэлттэй холбоотой мэдээллийг elselt@edu.mn имэйл хаяг болон 75778080 дугаарын утсаар 08:30-17:30 цагт холбогдож авч болно.