Categories
гадаад мэдээ

Япон улс Украины хямралтай холбогдуулан ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг зарлалаа

Украины хямралтай холбогдуулан Япон улсын засгийн газар ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг зарлалаа.

Тус улсын ерөнхий сайд Фүмио Кишида өнөөдөр өглөө хийсэн мэдэгдэлдээ “Орос улсын гаргасан үйлдэл Украины тусгаар тогтнол болон олон улсын дэг журамд илэрхий хохирол учрууллаа. Бид уг алхмыг нь шүүмжилж, дипломат яриа хэлэлцээний ширээнд суухыг Оросын талд уриалж байна. Хүндэрч буй нөхцөл байдлыг бид анхааралтай ажиглаж байна” гэж хэлжээ.

Тус улсын авч хэрэгжүүлэх хориг арга хэмжээний хүрээнд Японы зах зээлд ОХУ-ын засгийн газар бонд гаргах боломжгүй болох ба тодорхой хувь хүмүүсийн хөрөнгийг битүүмжилж, хилийн хориг тавих юм байна.

Хориг арга хэмжээний дэлгэрэнгүйг удахгүй танилцуулах тухай Кишида мэдэгджээ.

Япон улс одоогоор газрын тос, шингэрүүлсэн хийн хангалттай нөөцтэй байгаа тул хоригийн улмаас богино хугацаандаа ямар нэг хомсдол үүсэхгүйг тэр амласан байна.

Мөн дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлтийн сөрөг нөлөөг дотоод зах зээлдээ хязгаарлах бүх арга хэмжээг авахаа мэдэгджээ.

Их Долоогийн бүлгийн бусад орнуудтай нягт холбоотой ажиллаж, нөхцөл байдал дордсон тохиолдолд нэмэлт арга хэмжээг түргэн шуурхай авах төлөвлөгөөтэй байгаагаа Кишида энэ үеэр хэлсэн юм.

Япон улсын өмнөх засгийн газрууд дэлхийн хоёрдугаар дайны дараа бий болсон газар нутгийн маргаанаа өөрт ашигтай шийдүүлэх зорилгын үүднээс ОХУ-тай харилцахдаа хатуу бодлого баримтлахаас зайлсхийдэг байв.

Тус улсын хувьд Орос улсаас эрчим хүчний хамаарал харьцангуй бага.

2021 онд Япон улсын эрчим хүчний нүүрсний 12 гаруй хувь, шингэрүүлсэн хийн 10 орчим хувийг ОХУ нийлүүлж байжээ.

Categories
мэдээ

Бага насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчийн дэмжлэгтэй хөгжүүлэх сайн туршлагыг хэрэгжүүлж байна

БШУЯ, Onesky олон улсын байгууллага хамтран 2018 оноос эхлэн эцэг эхчүүд, асран хамгаалагчдад зориулсан туршилтын сургалтын хөтөлбөрийг эхлүүлсэн. Хөтөлбөрийн үр дүн, бодит байдалтай салбарын сайд Л.Энх-Амгалан танилцлаа.

Гэр хороололд амьдарч буй бага насны хүүхдэд цогц хөгжлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор эцэг эх, асран хамгаалагчдад сургалт явуулах төвийг Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байгуулжээ. Энэ төвд 4 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүд бага насны хүүхдийн хөгжлийг хэрхэн дэмжих талаарх сургалтад хамрагдаж байна. Өнөөдрийн байдлаар 1 155 хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлж, 439 асран хамгаалагчийг сургасан байна.

Тус төвөөс бага насны хүүхдийг асрангаа хэрхэн хөгжүүлэх талаар цуврал контентыг бэлтгэж хүргэсэн. Мөн олон нийтэд нээлттэй платформыг хөгжүүлж байгаа аж.

Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих сайн туршлагыг цаашид хэрэгжүүлж, сургалтын хувилбарт аргыг бий болгох ёстой. Гурав хүртэлх насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр удахгүй батлагдана. Энэ насны хүүхдийн хөгжлийг дэмжихэд гэр бүл, эцэг эхийн дэмжлэг чухал учир асран хамгаалагчдад зориулсан хүүхдийн хөгжлийг дэмжих сургалт хэрэгтэй гэдгийг сайд хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Сурагчид гал түймрийн үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалахад суралцжээ

Сурагчид гал түймрийн үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалахад суралцжээ

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагын “Сэлэнгэ” нэгдсэн хөтөлбөртэй хамтран “Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн танхим”-ыг байгуулсан.

Тус танхим нь цэцэрлэгийн болон ЕБС-ийн сурагчдад өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвар эзэмшүүлэх “Аврагч мазаалай”, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох “Галын аюулгүй байдал”-ын сургалтын танхимуудтай.

Тэгвэл Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын лаборатори 4 дүгээр сургуулийн 7-р ангийн 56 сурагч дээрх танхимуудтай танилцаж, сургалтад хамрагджээ.

Сургалтаар гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймрийн үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг хэрхэн ашиглах талаар мэдлэг олгож, сурагчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Мөн “Тохиолдож болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх 10 алхам” номыг сурагчдад тараалаа гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Элчин сайд Д.Баярхүү Казахстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт 2022 оны хоёрдугаар 21-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд Д.Баярхүү Итгэмжлэх жуух бичгээ барих үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол, Казахстаны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэлээ.

Мөн энэхүү найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлж, хоёр талын хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулахын төлөө хүч чармайлт гарган ажиллахаа нотлов.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К-Ж.Токаев Монгол Улс нь Казахстаны Зүүн Ази дахь гол түншүүдийн нэг болохыг цохон тэмдэглэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ гэж ГХЯ-наас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Олимп, паралимпийн наадам, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад энэ жил нийт 1.8 тэрбумыг олгоно

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 17-ноос олгоно | News.MN

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Өнөөдрийн хуралдаанаар

  • 2022 оныг Хоршооны хөгжлийг дэмжих жилээр зарлаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж, тайланг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд үүрэг болголоо.
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн эд хөрөнгийг “Медипас” ХХК-д шилжүүлсэн асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг Монгол Улсын Шадар сайд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга нарт даалгав.
  • Монгол Улсын Засгийн газар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран байгуулсан Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Тус түншлэлд одоогоор 13 орон гишүүнээр нэгдэж ороод байна.
  • Олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын жин, зайд медаль хүртсэн тамирчдад 2022 онд олгох сар бүрийн мөнгөн урамшуулалд шаардагдах нэг тэрбум 848 сая төгрөгийг Биеийн тамир, спортын хорооны батлагдсан төсвөөс зохих журмын дагуу гаргахыг тус хорооны даргад даалгав.
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг 2022 оны гуравдугаар сарын 7-11-нд ОХУ, Беларусь улсад ажиллахыг зөвшөөрч, ажиллах удирдамжийг баталлаа.
  • Энэ сарын 25-нд цахимаар зохион байгуулах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын зургадугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Монгол циркчид Испанийн тэмцээнээс хүрэл цом хүртжээ

Монгол циркчид Испанийн тэмцээнээс хүрэл цом хүртжээ

Монгол циркчид Испани улсын Жирона хотод зохион байгуулагдсан олон улсын циркчдийн уралдаанд оролцож, хүрэл цом хүртжээ. Дэлхийн 24 орны 100 гаруй уран бүтээлч оролцсон тус тэмцээнийг энэ жил арав дахь жилдээ зохион байгуулжээ. Энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн “Акробат” академийн 20-24 насны залуу циркчид анх удаа акробатын төрлөөр амжилттай оролцсон байна.

Тэмцээний талаар Б.Золбаясгалан ярихдаа “Сонирхуулж хэлэхэд тэмцээнд оролцсон залуус акробат академид орж, суралцаад зургаан сараас гурван жил болж байгаа 20-24 насны залуу уран бүтээлчид. Эдгээр залуус Орос улсын циркчидтэй тэргүүн байр булаацалдах хэмжээнд өрсөлдөнө гэдэг Монгол циркчдийн чансааг илтгэж байгаа хэрэг юм. Монгол Улс циркийн барилгаа хувьчлаагүй бол төр засгаас энэ урлагийг дэмждэг байсан бол уран бүтээлчид илүү их амжилт гаргах байсан нь дамжиггүй” гэв.

Тэрбээр ах Б.Золбаяртайгаа хамтран хувийнхаа зардлаар гэр хороололд амьдардаг хүүхдүүдэд зориулан Чингэлтэй дүүрэгт цирк байгуулсан. Уг циркт хотын төвөөс зайдуу, гэр хороололд амьдардаг хүүхдүүд циркээр хичээллэх боломж олгосон циркчдийн нэг юм. Тус циркт бэлтгэл хийх байргүй болсон циркчид бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа юм.

270819747_5237671346272139_3958456311807815369_n
272750590_1660089424334317_4953001665305471098_n
273071739_244449671230871_4610883212734089789_n
273087144_4706324586161196_8950367421008128272_n
273954690_318633113656874_1495503927368118321_n
274548032_4771549172880408_4926404676839539191_n

Categories
мэдээ улс-төр

НҮБ-тай хамтран ирэх таван жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэв

НҮБ-тай хамтран ирэх таван жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэв

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишраг өнөөдөр хүлээн авч, Монгол-НҮБ-ын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Талууд уулзалтын үеэр Монгол Улсад НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичиг боловсруулах ажлын явц, НҮБ-ын системийн байгууллагуудын үйл ажиллагааны төлөвлөгөө, ажлын уялдаа болон Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй олон улсын арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин олон талт хамтын ажиллагааны хүрээнд дэвшүүлсэн зорилтуудыг хангахад НҮБ-ын хөгжлийн тусламжийн хүрээ баримт бичиг чухал дэмжлэг болж ирснийг онцлон тэмдэглэв. Олон улсын болон үндэсний хэмжээний хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Олон талт хамтын ажиллагааны салбар дундын уялдааг хангахад Гадаад харилцааны яам тэргүүлэх үүрэгтэй оролцон, дэмжлэг үзүүлж байгаад НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра талархал илэрхийлээд, ирэх таван жилд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тэргүүлэх чиглэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Талууд 2023-2027 оны “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн төслийг дөрөвдүгээр сард эцэслэн, Засгийн газарт танилцуулахаар тогтов.

Categories
мэдээ нийгэм

“Автомашин ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгох эсэхийг судалж байгаа” гэв

"Автомашин ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгох эсэхийг судалж байгаа"Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор автомашин ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгон нэмэх тухай мэдээлэл цахим орчинд цацагдаад байна.

Уг мэдээлэлд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Авто замын түгжрэлийг бууруулах шийдэл судалгаа”-г захиалан хийлгэсэн. Энэ судалгаанд оролцогсдын 73 хувь нь автомашин ачилтын төлбөр 60 мянган төгрөгийг 100 мянга болгон нэмснээр иргэд дуртай газраа автомашинаа байрлуулж, зохиомол түгжрэл үүсгэхгүй гэж хариулсан тухай дурджээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгох асуудал зөвхөн судалгааны түвшинд байгаа. Хэрэгжинэ гэсэн үг биш” гэлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголын гарааны компаниудыг хөл дээрээ зогсоход нь дэмжлэг үзүүлнэ

Монголын гарааны компаниудыг хөл дээрээ зогсоход нь дэмжлэг үзүүлнэ

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага ЖАЙКА Монголын харилцаа холбооны салбарын томоохон төлөөлөл, KDDI групп-ийн охин компани болох Мобиком Корпораци ХХК, Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран Монголын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлнэ.

Энэ сарын 24-нд MonJa2 хөтөлбөрийн нээлтийг зохион байгуулах юм. Оролцогчоор шалгарсан гурван гарааны компани үйл ажиллагаагаа танилцуулна.

ЖАЙКА 2020 оны аравдугаар сараас 2021 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд MonJa1 хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн юм. MonJa1 хөтөлбөрт хамрагдсан компаниуд үйл ажиллагаагаа бодитойгоор идэвхжүүлж чаджээ. Тус хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь Монголын нийгэм, эдийн засагт үр өгөөжтэй гэж үзсэн тул “MonJa2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон юм.

Монголын Засгийн газар Дижитал үндэстний бодлогыг эрчимжүүлэх үүднээс төрийн үйлчилгээг цахимжуулах, гар утасны аппликейшн хөгжүүлж буй гарааны компаниудад дэмжлэг үзүүлэхэд анхаарч байна.

Мэдээллийн технологийн салбарт компаниуд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ цаг үед ЖАЙКА тус хөтөлбөрөөрөө дамжуулан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах шинэлэг бизнес загвар, технологи бий болгож буй стартапуудад хөл дээрээ зогсоход нь дэмжлэг үзүүлнэ. Мөн Монголоос төрөн гарах инновацыг дэлхийд таниулж, Монголын аж үйлдвэрийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорьжээ.

Цахим нээлт

Хэзээ: Энэ сарын 24-ний өдөр/ Пүрэв гараг 9:30-11:00

Хаана: White Rock Center (Facebook Live Stream-ээр дамжуулна)

Ямар хэл дээр зохион байгуулагдах: Монгол хэл (Япон хэл дээрх хэсгүүд орчуулгатай явагдана)

Нэлтийн хөтөлбөр:

Цаг

Агуулга

09:30-09:50

Нээлтийн үг

09:50-10:10

Хөтөлбөрийн танилцуулга

10:10-10:40

Шалгарсан гурван компанийн танилцуулга илтгэл

10:40-10:55

Асуулт хариулт, санал дүгнэлт

10:55-11:00

Хаалт

Хөтөлбөрийн агуулга

Хөтөлбөрийн нэр

MonJa Startup Accelerator Program Batch 2/ MonJa2

Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд хувь нэмэр оруулж буй мобайл аппликейшн

Зорилго

Тогтвтортой хөжлийн зорилтуудыг хангахад чиглэсэн шинэлэг бизнес загвар, технологийг бий болгож буй стартапуудыг гаргаж ирэх, дэмжлэг үзүүлэх

Сонгон шалгаруулалтад тэнцсэн компанитай ажил үүргийн гэрээ байгуулж, бизнес санаагаа баталгаажуулах боломжоор хангах

Хөтөлбөрийн хуваарь

Энэ сарын 24 Нээлт

2022 оны 2 сараас 5 сар Дэмжлэг үзүүлэх цогц хөтөлбөр

(Үүнд, менторинг, лекц семинар, нэтворкинг, удирдлагад чиглэсэн бизнес кочинг, бусад арга хэмжээ)

2022 оны 5 сар Хөтөлбөрийн тайлангийн арга хэмжээ

Шалгарсан компанийн ерөнхий мэдээлэл (Нээлтийн арга хэмжээн дээр танилцуулга хийх дарааллаар)

Компанийн нэр: 1

Femtech Solution

Бизнесийн чиглэл

Эх хүүхдийн эрүүл мэнд, хүүхэд хөгжлийн аппликейшн

Үйл ажиллагаа:

Японд хүүхэд өсгөх, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг онлайнаар болон аппликейшнээр дамжуулан хялбархан авах боломжтой. Харин Монголд хүүхэд өсгөх болон эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр судалгаа шинжилгээнд үндэслэсэн чанартай мэдээллийг ялангуяа монгол хэл дээр олж авахад хүндрэлтэй байдаг. Энэ нь эцэг эхчүүдийг анагаах ухааны үндэслэлгүй хуурамч мэдээлэлд итгэх эрсдэлд хүргэж болзошгүй юм.

Фемтек Солюшн ХХК нь мобайл аппликейшнээр дамжуулан мэдээлэл түгээдэг ба Монгол эцэг эхчүүдийг хүүхэд хүмүүжил, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаарх зөв мэдээллээр хангадаг. Мөн хүүхэд өсгөн хүмүүжүүлэх мэдээлэл төдийгүй гар утасны аппликейшнаар дамжуулан хүүхэд хөгжлийн цогц үйлчилгээ авах боломжтойгоос гадна нялх хүүхдийн бүтээгдэхүүний зах зээлийн платформыг ашиглах боломжтой юм.

Компанийн нэр: 2

Mend

Бизнесийн чиглэл

Амьдралын хэв маягаас үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн аппликейшн

Үйл ажиллагаа:

Өдгөө дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн тоог өдөр бүр мэдээлж байна. Гэсэн ч Азийн дундаж орлоготой орнуудын нийт нас баралтын 80 орчим хувийг зүрх судасны өвчин, хорт хавдар эзэлж байгааг мартаж болохгүй. Амьдралын хэв маягтай холбоотой дөрвөн муу зуршил (тамхи татах, архи уух, хөдөлгөөний дутагдал, эрүүл бус хооллолт) эдгээр өвчний шалтгааны 90 гаруй хувийг эзэлдэг. Гэвч одоогийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ өвчтөнд шинж тэмдэг илэрсэн үед эмчилдэг бөгөөд өвчлөлийн үндсэн шалтгаан болж байгаа амьдралын хэв маягийг сайжруулах тал дээр арга хэмжээ авч чадахгүй байна.

“Мэнд” нь өвчтөний амьдралын хэв маягтай холбоотой мэдээллийг бусад интернэт үйлчилгээтэй хамтран бие даан цуглуулж, дүн шинжилгээ хийх замаар тухайн өвчтөн бүрт тохирсон амьдралын хэв маягийг сайжруулах программ санал болгож буй аппликейшн юм.

Компанийн нэр: 3

Equity Lab

Бизнесийн чиглэл

Цахим боловсролын цогц үйлчилгээ

Үйл ажиллагаа:

Монголын гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байгаагийн 45 орчим хувийг 25 хүртэлх насны залуучууд эзэлж байна. COVID19-ийн нөлөөлөл ядуу өрхүүдийн эмзэг байдлыг улам хурцатгаж, улс орны ирээдүйг авч явах залууст боловсрол эзэмших боломжгүй нөхцөл байдлыг бий болгож байна.

Equity Lab нь чухамхүү “боловсрол” нь ядуурлыг шийдвэрлэх нэг арга хэрэгсэл гэж үздэг. “Боловсрол” нь залуучуудыг чадавхжуулах, нийгмийн оролцоог хангах хөшүүрэг болж өгдөг. Нийгэмд “боловсрол”-ыг урт хугацаанд, тогтвортой байдлаар суулгаж өгөхийн тулд зөвхөн санхүүжилтээр шийдэх, эсвэл тодорхой нэг боловсролын хөтөлбөрийг нэвтрүүлэх нь хангалтгүй юм. Энэ үүднээс Equity Lab нь цахим платформыг ашигласан боловсролын цогц шийдлийг боловсруулсан. Энэхүү үйлчилгээ нь зөвхөн боловсролын агуулгаар хангаад зогсохгүй залуучуудад дадлага хийх, тэтгэлэгт хамрагдах боломжийг санал болгохын зэрэгцээ ментор байршуулах зэрэг олон нийт, нийгэмтэй харилцах боломжоор хангаснаар хүртээмжтэй боловсролыг түгээдэг.

Categories
мэдээ нийгэм

Согтуу жолооч цахилгааны шон мөргөж, хүүхэд энджээ


Өчигдөр/2022.02.22/ зам тээврийн ноцтой ослын улмаас нэг хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд гурван зорчигчтой суудлын автомашин өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлага Онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход автомашины төмөр хийцэд 11 настай эрэгтэй хүүхэд хавчуулагдан нас барсан байсныг цогцсыг гаргаж, Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Мөн “Гранд марк-2” загварын суудлын автомашины жолооч Б /26 настай, эрэгтэй/, зорчигч Ш /28 настай, эрэгтэй/, Б /41 настай, эрэгтэй/ нарыг гаргаж, бүсийн оношилгоо эмчилгээний төвийн жижүүр эмчид хүлээлгэн өгсөн байна.