Categories
мэдээ цаг-үе

Египетийн шигшээ баг Африкийн цомын финалд шалгарлаа

Африк тивийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах 33 дахь удаагийн тэмцээн “Africa Cup of Nations (AFCON)”-ийн шөвгийн дөрвийн сүүлийн тоглолт Египет, Камерун улсуудын хооронд боллоо.

Тоглолтын үндсэн цаг 0-0 харьцаагаар өндөрлөсөн бөгөөд нэмэлт 30 минут сунгахад мөн л гоол орсонгүй. Улмаар пенальти цохиход 3-1 харьцаагаар Мохамед Салах тэргүүтэй Египетийн шигшээ баг хожлоо.

Зохион байгуулагч Камеруны шигшээ багаас эхний цохилтыг багийн ахлагч, довтлогч Винсент Абубакар гүйцэтгэж амжилттай болгосон ч түүний араас цохисон гурван тоглогч цохилтоо алдсан.

Ингэснээр Камерун Буркина Фасотой хүрэл медалийн төлөө хоёрдугаар сарын 7-ны 00:00 цагаас тоглох бол Египет аваргын төлөө Сенегалтай 03:00 цагаас тоглоно.

Финалд Английн Ливерпүүл клубийн довтолгооны хослол болох Сенегалын Садио Мане, Египетийн Мохамед Салах нар нэгнийхээ эсрэг тоглохоор боллоо.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-н. Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр.

Тодруулбал “Стандарт бус нөхцөл байдалд ерөнхий зарчим баримтлах нь зүйтэй гэж үзэж байна.

Монголчууд Цагаан сараар гурав хоног амардаг. Үүнийгээ Хөдөлмөрийн тухай хуульд нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх, бүх нийтийн амралтын өдрийн жагсаалтад оруулсан байдаг. Цагаан сарын шинийн 1, 2, 3.

Энэ жил Шинийн 3 гэж байхгүй, харин Шинийн 4, Шинийн 4 гэж хоёр дөрвөнтэй гэж бурхан шашны холбогдох хүмүүс тайлбарлаж байгаа нь жил бүр тохиодоггүй, “стандарт бус” нөхцөл байдал.

Цагаан сараар гурав хоног амарна” гэдгийг ХНХ-ын сайд мэдэгдсэн билээ. Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаас сар шинийн баярын амралтын өдрүүдэд өөрчлөлт оруулаагүй юм.

Харин хоёрдугаар сарын 7-ноос албан байгууллагуудын ажил эхэлнэ. Сурагчдын хичээл 14-нөөс эхлэн цахим, танхим хосолсон хэлбэрээр орно.

Сар шинийн баяртай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийгддэг. Өнөөдөр Баасан гараг бүх нийтийн амралтын өдөр тул автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өвлийн олимпийн нээлтэд оролцохоор Бээжинд очлоо


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийх, “Бээжин- 2022” өвлийн XXIV Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцохоор Бээжин хотноо хүрэлцэн очлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Капитал” олон улсын нисэх буудалд Монгол Улсын талаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Бадрал болон ЭСЯ-ны дипломат ажилтнууд, БНХАУ-ын талаас тус улсын Гадаад хэргийн яамны туслах сайд Ү Жянхао нар тус тус угтан авлаа.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2 дугаар сарын 3-8-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлах юм

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өчигдөрхөн юм шиг санагдах өлчир бага насны минь цагаан сар

Би уг нь Ховд аймгийн төвд төрсөн, багшийн хүүхэд л дээ. Намайг төрөөд дөнгөж хоёр ойндоо хүрч байтал дүү маань мэндэлж би эмээ өвөө хоёрын хүү болон хөдөө Мянгадын Цагаанбуланд очсон юм билээ. Өвөө эмээ хоёр маань нутагтаа их нэр хүндтэй буурлууд байлаа. Нутгийнхан өвөөг маань дадиа, эмээг маань авиа гэцгээнэ. Манай өвөөгийнх зундаа Талын хүйтэн булаг, Зараагийн худгаар зусч өвөлдөө Дунд Аазид өвөлждөг байлаа. Дунд Ааз гэдэг нь Ховд голын адаг, Хар ус нууранд цутгадаг цутгалангийн эхэнд байх ихэр гурван тохойн дунд тохой л доо. Эхнийхийг “Дээд Ааз”, манай өвөлжөөг “Дунд Ааз”, адгийнхныг “Доод Ааз” гэнэ.

Ааз гэж чухам ямар учир утгатай болохыг хэн ч эс мэдэх билээ. Ховд голын энэ гурван тохой хөмсөглөн ургасан өтгөн бургас, хулс, зэгсэнд хучаастай, өндөр өндөр бут дэрстэй тул өвөлжихөд нөмөр дулаахан бөлгөө.

1957 онд намайг сургуульд ордгийн урд жилийн цагаан сар дөхөж айлууд цагаан сарын бэлтгэлээ базаагаад завгүй. Эмээ өвөө хоёр маань ч цагаан сардаа бэлдэж байсан болохоор намайг ойр зуур гарын үзүүрт гүйлгэнэ. Нэг өдөр эмээ маань:

-Энэ орой цагаан сарын баншны мах татна. Миний хүү Хүвээ овгор ороод Хүрлээ ахынхаасаа буузны мах татдаг мод, муур хоёрыг нь аваад ир. Шөнө хулгана гүйгээд байна гэлээ. Манай нутагт мод байхгүй болохоор буузны мах татахад зориулан төө хэрийн зузаан хөрөөдөж хадгалсан улиасны тайрдас айлуудад байх. Тэр модон дээрээ махаа тавиад заазуураар цавчиж махаа жижиглэхэд их амархан. Нэг ёсондоо махны машин л гэсэн үг. Би ч баярлан:

-За, авиа гээд гарах гэтэл эмээ:

-Чи битгий тоглоод удчихаарай. Энэ орой мах татна, ажил ихтэй шүү гэж сануулав. Би тэр дороо хөгшин хүрэн мориндоо мордож Хүвээ овгор руу таваргалаа. Учир нь Дунд Аазид өвөлжиж байгаа манай гурван гэрт надтай тоглох нэг ч хүүхэд байхгүй. Хүвээ овгорт Хүрлээ ахын Жамсрандорж гэж миний үеийн хүүхэд байгаа. Бид биенээ Жааяа, Сүүеэ гэнэ. Намайг хааяа нэг өвөө, эмээ хоёр маань тэднийх рүү явуулж тоглуулна. Хааяа нэг Жааяа манайд ирж тоглож хонодог байлаа. Хүвээ овгор манайхаас тийм ч холгүй, хоёр саахалтын дайтай газар. Гэхдээ зам нь цагаан биш. Хулс зэгстэй нуур цөөрмийн дэргэдүүр, гарч харгана бут дов сондуул дундуур гарсан морин жимээр түгдчүүлэн явна. Би очихдоо шулуухан явж хүрч Жааяатайгаа тоглож байгаад оройхон муур, буузны мод хоёроо шуудайд хийж ганзагалж аваад мордлоо доо. Буцаж явтал бүрэнхий болж, хулс зэгс сүйхийлдэн нүүгэлтэн харанхуйлж харагдаад, энэ дотроос чоно гараад ирвэл яана гэж бодохоор айдас төрж толгойтой үс босчих шиг болоод цааш явж чадсангүй буцаад харайлган Хүрлээ ахынд ирвэл, Хүрлээ ах намайг хүргэж өгөхөөр дагуулаад мордлоо. Тэднийхээс мордоод замын дунд хүрч явтал, өмнөөс бараан морьтой хүн шогшуулан ирсэн нь миний нагац ах Чойдог гангиа байлаа. Намайг ирэхгүй орой бүрий болохоор эмээ өвөө хоёр маань сандарч, миний хойноос манайтай айл өвөлждаг Гангиа нагацыг маань явуулсан юм байж. Гангиа нагац намайг хараад ихэд уурсан:

-Дэмий тэнэж амьтан хүний ажил алдуулж, хоёр хөгшнийг айлгаж сандаргаад… Муу нохойг дээ гээд суран ташуураараа далан дундуур минь пад буулгаж билээ. Би гэж нэг уйлаан майлаан болсон амьтан Гангиагаа даган гэртээ ирээд:

-Гангиа намайг ташуураар ороолгоод гэж өвөөдөө ховловол ганц ч удаа муухай харж, чанга дуугаар зандардаггүй өвөө маань:

-Их нагац чинь домносон болохоор одоо яая гэх вэ. Чих чинь нь зөөлөрсөн байлгүй гээд ер тоосонгүй. Хөх өвгөдийн ухаан гэж энэ. Өвөө маань дотроо өмөөрч өмөлзөж байсан ч гаднаа гаргасангүй аж. Хэрвээ намайг өмөөрсөн бол би гэдэг хүн буруу зөвийг ухаарахгүй буурал дээдсээ хүндлэхгүй хэн болох байсныг хэн мэдлээ. Түүнээс хойш цагаан сараар хааяа, хааяа буурал нагацыгаа санадаг даа.

Тэр жилийн шинийн нэгний битүүний орой манай хот айлын гурван гэрийнхэн хотны захын том цагаан довон дээр босгосон чулуун овооны дэргэд баахан харгана бургас овоолж бэлдлээ. Энэ нь Ендэр юм байж. Ийм Ендэр айл бүхний гадаа байна. Энэ ендэр чухам ямар учиртайг мэдэхгүй жаахан хүүхэд би өөрийнхөө хэрээр бургас түлээ зөөлцөж хөөрцөглөн гүйв. Орой нь сааль сүүгээ сааж, тугал бяруугаа хашиж, унаа морио өвсөлж ажил дууссаны дараа битүүлээд унтахын өмнө өвөө:

-Миний халтар хүү маргааш эрт босоорой. Өвөөтэйгөө шинийн нэгний өглөө тэнгэр бурханд мөргөнө шүү. Шинийн нэгний өглөө эрт босч тэнгэр бурхандаа мөргөсөн хүний хийморь сэргэж, том залуу болдог юм гэлээ. Одоо бодоход өвөө “Дээр мөргөх” ёсоо л хэлж байж. Тэр өглөө үүр дөнгөж хаяарч харуй бүрий хараахан арилаагүй байхад босч өвөөгөө даган нөгөө ендэр дээрээ ирвэл хүмүүс ирчихсэн байлаа. Чойдог гангиа:

-Галаа асаах уу дадиа? гэж байна. Өвөө ойр орчмын айлуудын “Дээр мөргөх”-өөр асаасан гал үүрийн бүдэг харанхуйд энд тэнд улалзан харагдахыг хараад:

-Асаа, асаа. Манайхан оройтчихсон байна гэж хэллээ. Чойдог гангиа хэтээ цахин асаахад их гал дүрэлзэн аслаа. Манайхан гэр гэрээс авч ирсэн идээ шүүснийхээ дээжийг галдаа өргөн гороолоход би ч өвөөгөө даган “Дээр мөргөж” билээ. Мянгадууд цагаан сар хийхдээ өглөө эрт босч их гал түлж тусгайлан зассан ендэр дээрээ шагайт, дөрвөн өндөр, хавиргаа галд өргөн цагаан идээнийхээ дээжээр тэнгэр, дэлхий, лус савдагтаа цацал өргөж арван гурван алтай минь гучин гурван хөхий минь нэрийг тань мэддэггүй билээв. Цөм цадаг, Цөм цадаг. Цөөрөм нуурын чинээгээр таалагтун. Цацлыг минь цагаан нуурын чинээгээр таалагтун хэмээн “Дээр мөргөх” гэж нэгэн өвөрмөц ёслол үйлддэг. Энэ зан заншлын онцлогийг эрдэмтэн Х.Сампилдэндэв судлан үзээд “Өнө эртний монголчуудын уул ус, тэнгэр хангайгаа тахидаг Монголын өвөрмөц заншил мянгадуудын дунд одоо ч хадгалагдан үлджээ” гэж тэмдэглэсэн билээ.

Би 1957 оны шинийн нэгний өглөө анх удаа өвөөтэйгээ тэр эртний сайхан уламжлалын дагаж ингэж “Дээр мөргөсөн” минь энэ. Мөн тэр шинийн нэгний өглөө өвөө:

-За, хоёулаа мөр гаргана аа гээд хоёр морио эмээллэн намайг дагуулан мордож урагшаа хэсэг явж байснаа нар зөв эргэн уян дээрээ буухад ургах нарны туяа уулын оройд туяаран мандаж байлаа. Манай өвөө тэр хот айлд байтугай голдоо хамгийн ахмад нь байсан болохоор хот айлынхан тавагтай идээ цагаагаа барин орж ирэн золголт эхэллээ. Цагаан сараар надаас гурав ах Чойдог гангиан Алагаа ах, Жамцхүүгийн Бямбажав нар сургуулиасаа чөлөө аваад ирчихсэн байлаа. Би хүүхэд болохоороо нөгөө хоёрыгоо үзээд дагаж гүйгээд бөөн баяр. Тэр хоёр намайг дагуулан хотныхоо айлуудад орж золгочихоод ойр орчим байгаа айлуудаар орж золгоно гэж байна. Би ч хамт явлаа. Эмээ намайг дуудан:

-Дахиад л битгий оройтоорой гэж байна. Би ч за, гэлээ. Ингээд гурван хөөрхөн нөхөр хоёр ахыг дээд доод Аазын айлуудад буухаар мордлоо доо. Цагаан сараар айл хэсэх гэдэг их том ажил аа. Манай нутгийнхан цагаан сараар санзай гэдэг шар тостой сайхан боов тавьж, ихэвчлэн банш чанаж, ууц шүүс тавина. Айлд орохоор хүүхэд хөгшин гэхгүй заавал шинэ цай бурхийлгэн, банш чанаж өгнө. Бэлэн цай амсуулахыг ихэд цэээрлэнэ. Харин гарын бэлгийн хувьд гэвэл одоогийнх шиг юм элбэг дэлбэг байсан биш болохоор хүүхдэд ихэвчэн шар тостой “бомбого” өгнө. Бас зарим нь шар тостой санзай юм уу домбон ёотон хагалж өгнө. Домбон ёотон хагалахад адилхан тэгш хагарахгүй бутран их бага хуваагдах тул томыг нь хэнд нь өгөх бол гээд нүдээ бүлтийтэл харна шүү дээ. Том нь ихэвчлэн өөрийн хамаатан юм уу, ирсэн хүүхдүүдийн томд нь очих нь бараг хууль. Хөх тарианы гурилыг шар тостой зуурч атгаж бөндийлгөн бондгор болгоод өгөхийг Бомбого гэдэг. “Бомбого”-оо зарим айл атга дүүрэн хийгээд өгдөг байхад зарим нь бас багахан атгаад өгөх нь бий. Айл айлын бомбогоны амт ч өөр. Тэр өдөр бид гурав эхлээд Дээд Аазын айлуудаар, дараа нь Доод Аазын алуудаар орж, гэдсээ цодойтол банш цохиж, өврөө түнтийтэл бомбого өвөрлөж аваад оройхон гэр рүүгээ ирж явлаа. Замдаа хэний бомбого амттай, хэнийх нь том байсан бэ энэ тэр гээд явж байтал, гэнэт хулсан дотроос бууртай тэмээ гарч ирлээ.

Нэг л их цас мөс болсон цагаан овоотой, амнаас нь цагаан хөөс цахарч уур савсан, эрүү ам нь хавшиж цээж нь дүнгэнэсэн матигар хар буур бидний өмнүүр хөндөлсөн гарч ирээд цээжээ дүнгэнүүлэн шавах нь сүртэй. Айсан гэж юу гэх вэ. Гурвуулаа буцаад л давхилаа. Аз болоход хар буур биднийг хөөсөнгүй. Ер нь оруу буур аюултай. Дошгин буур морьтой хөөж унагаан дэвсэж аминд нь ч хүрсэн тохиол бий. Тиймээс ч бууранд ам гарч болдоггүй гэсэн үгтэй. Ингээд гурвуулаа Доод Аазад хүрч ирээд бууртай тэмээнээс айгаад явж чадахгүй байж байтал орой боллоо. Би ч буурнаас айхаас илүү дахиад л оройтлоо гэж Чойдог гангиаг загнах байх гэж их айж байлаа. Гэвч гангиа маань загнаагүй юм.

Энэ цагаан сар миний өвөө эмээ хоёртойгоо хөдөө цагаалсан хамгийн сүүлчийн цагаан сар байлаа. Тийм болохоор энэ цагаан сарыг ер мартдаггүй юм.

Нямжавын СҮХДОРЖ

2022-01-25

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Бат-Эрдэнэ: Төмөр замын нэвтрэх чадвар, агаарын тээврийн либералчлалыг сайжруулах шаардлага бий

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Намрын чуулганы үр дүнгээр ярилцлагаа эхэлье?

-Шүүхийн шинэчлэлийг онцолно. УИХ-ын хяналтын тухай хуулиа сайжруулсан. Үндсэн хуулийнхаа дагуу Эдийн засгийн хөгжлийн яамаа байгуулахаар болсон. Бодлогын бичиг баримтыг хэрэгжүүлж зангидах газартай болно гэдэг том давуу тал. Урд хөршийн эдийн засгийг барьдаг ганц байгууллага нь Хөгжил шинэтгэлийн хороо нь байдаг.

-Шинэ сэргэлтийн бодлогод найдлага тавих хүн олон байна. Энэ бодлогын давуу тал, онцлог нь юу вэ?

-Ковидтой хоёр жилийн эцэст эргээд харахаар эдийн засгийн бодит салбар руугаа орохоос аргагүй болчихлоо л доо. Худалдааны, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгч улс орон болчихоод байна. Нийт экспортын 95 хувь нь өнөө л нүүрс, зэс, төмрийн хүдэр. Тавагтай чихэр маань хүртэл гадных байх жишээний. Ковидын үеэр хил хаагдангуут дотоодын үйлдвэрлэл хэр хөгжсөн, хүн амын хэрэглээг хангаж чадаж байгаа юу гэсэн асуудал тавигдаж байна. Үүнтэй уялдаад, аж ахуйн нэгжүүдээ хамраар нь газар хатгуулчихгүйхэн шиг авч явахын тулд арван их наядын бодлого гаргасан. Энэ мөнгөний хоёр их наяд орчмыг нь бага хүүтэй зээл хэлбэрээр аж ахуйн нэгжүүддээ өглөө. Дараагийн том алхам бол таны асуусан Шинэ сэргэлтийн бодлого. Эрчим хүч, хил гаалийн боомтын асуудалдаа анхааръя гэж байна. Өөрөөр хэлбэл гадагш нь гаргаж байгаа, гаднаас орж ирж буй хаалгаа томруулъя гэж байна. Тэр утгаараа боомтдоо анхааръя, аж үйлдвэрээ хөгжүүлэхэд онцгой анхаарах нь тодорхой болчихлоо. Аж үйлдвэрийн сэргэлтийн бодлогын хүрээнд хамгийн түрүүнд түүхий эдээ боловсруулах үйлдвэрүүдээ сэргээе, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлье гэсэн бодлого хэрэгжихээр болж байна. Хөдөө аж ахуй, хотжилтыг уялдуулж оруулж ирсэн нь олзуурхууштай. Хот руу чиглэсэн шилжилтийг багасгахын тулд хөдөө амьдрах боломж нөхцөлөөр хангахад анхаарах нь маш зөв. Төрийн байгууллагын шинэчлэлийг хийе гэж байна.

-Санхүүжилтийн хэлбэрүүд нь ямар байх бол?

-Хөтөлбөр хэрэгжих арван жилийн хугацаанд нэлээд мөнгө зарцуулахаар байгаа. Олон жилийн хугацаанд маш олон хөгжлийн бичиг баримт гарсан. Энэ мэт олон бичиг баримтаа цэгцэлж нэг болгох нь шинэ сэргэлтийн бодлогын гол зорилго. Бүр тодруулж хэлбэл энэ бодлогод туссан зургаан асуудалд түлхүү анхаараад явъя гэж байгаа юм. Нийтдээ 60-180 орчим их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Эхний хөтөлбөрүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэх хэлбэрээр явах байх. Үүнээс цаашхи санхүүжилтийн тухайд хүссэн хүсээгүй хувийн хэвшилдээ түшиглэнэ.

Хувийн хэвшилдээ түшиглэнэ гэхээр концессийн гэрээний асуудлууд сөхөгдөж таарна. Тодорхой хэмжээний үйлдвэрлэлүүд дээрээ бүтээж босгох бололцоог нь дэмжих, барьсных нь дараа урт хугацаанд ашиглах эрхийг нь өгөх гэх мэт хувилбаруудыг баримталъя гэж байна.

-ДНБ-ийхээ 75 хувьтай тэнцэх хэмжээний өртэй байж ийм их хэмжээний мөнгө босгох боломж байхгүй гэсэн шүүмжлэлийг зарим эдийн засагч хэлж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Нэн тэргүүнд төлөвлөлтөө гаргаад ирэх нь чухал л даа. Төлөвлөлтөө цаг хугацаатай нь гаргаж ирнэ гэдэг том давуу тал. Улстөрч болгон асуудлуудаа гаргаад ирж байна. Миний хувьд гэхэд “Шинэ хөдөө” гэж хэдэн жил ярилаа. Нийгэм болон дэд бүтэц рүү хөрөнгө оруулахаас гадна иргэдийнхээ хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой. Улстөрчдийн ярьж хөнддөг олон бодлого Засгийн газар руу орж таарна. Ахиад хэлэхэд шинэ сэргэлтийн бодлого зайлшгүй чухал зургаан асуудал дээр төвлөрнө гэдэг том ач холбогдол.

-Шинэ сэргэлтийн бодлогод тээвэр, ложистик, дэд бүтэцтэй холбоотой нэлээд заалт туссан харагдсан. Эдгээр заалтыг хэрэгжүүлэхийн тулд нарийн судалгаа, тооцоонууд хийгдэх ёстой байх. Ер нь энэ чиглэлийн сайн тооцоо судалгаа хэр байдаг вэ?

-Юуны өмнө 2011 онд баталсан нэг хөтөлбөрийн талаар дурдмаар санагдаж байна. Эхлээд агаарын бохирдлыг бууруулна гэж явж байгаад тухайн үеийн зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас санаачилж Их бүтээн байгуулалтын бодлого гэж батлагдаж байсан юм.

100 мянган айлын орон сууц, эдийн засгийн чөлөөт бүс, төмөр зам, авто замын бодлого гэх мэтийг багтаасан нэлээд хэдэн их наядын хөтөлбөр л дөө. Энэ хөтөлбөрийг 2016 он хүртэл хэрэгжүүлэхээр боловсруулсан түүхтэй. Тэр хөтөлбөрт дэд бүтцийн салбарт хийгдэх хэд, хэдэн ажлыг тусгасан. Бохир усны сантехникийн асуудлыг шийдлээ гэхэд Улаанбаатарт, аймгуудад төчнөөн метр шугам барих ёстой гээд тов тодорхой гаргачихсан тооцоо бий. Авто замын хэрэгцээ гэхэд л аймаг тус бүрд бодлогын хувьд нэн хэрэгцээтэй замуудын уртыг гаргасан. Тухайн үед 3000 гаруй км зам барих шаардлагатай гэсэн тооцоо гарсан санагдаж байна. 2012 оноос хойшхи байдлыг харахаар тэр хөтөлбөрөөс аваад төсөвтөө хөрөнгө мөнгө тусгаад явж байгаа. Учир нь тухайн үед дэд бүтцээ бүхэлд нь тодорхойлчихсон байсан юм. Шинэ сэргэлтийн бодлогын зургаан тулгуур дээр асуудлуудаа яг үүн шиг нарийн тусгачихвал илүү амар болно.

-Та түрүүн эхний хөтөлбөрүүдийг төсвөөс санхүүжүүлээд, цаашдаа хувийн хэвшилдээ тулгуурлаж явах ёстой гэж ярилаа. Энэ талаараа илүү тодруулж яриач?

-Яг ийм үйлдвэрлэл, үйлчилгээг бид хийх ёстой гэсэн чигээ гаргачихад болох юм. Эрчим хүчтэй холбоод ярихад Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хийх ёстой гээд харчих жишээний. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг зайлшгүй барих шаардлагатай гэж байгаа. Тэрэнтэй холбоотой 250 гаруй км-ын урттай дэд бүтцийн шугам сүлжээг зайлшгүй хийх ёстой тооцоо гарсан. Өөрөөр хэлбэл, хэрэгжих шаардлагатай төслүүдийн хувьд хувийн хэвшилдээ санал болгоход бэлэн хэмжээнд хүргэчихэж байна гэсэн үг. Энэ тохиолдолд хувийн хэвшлийнхэнд санхүүгийн зураглалаа гаргаад ирэх боломж бүрдэнэ. Төчнөөн хувийг нь өөрсдөө, үлдсэн хөрөнгө оруулалтыг нь банк санхүүгийн байгууллагаас гэх мэт төлөвлөгөөгөө гаргачихна. Бүх тооцоо, судалгааг нь хийгээд, тодорхой тоотой, үндэслэлүүдтэй ийм саналууд гаргаад ирвэл төслүүд хэрэгжээд явах суурь бүрдэнэ.

-Шинэ сэргэлтийн бодлогод туссан асуудлуудыг шийдэхэд олон хуульд өөрчлөлт орж таарах уу?

-Тэгнэ, олон хуульд өөрчлөлт орж таарна. Наад зах нь л концесстой холбоотой асуудлаа ахин сөхөхөөс эхлээд хуулийн өөрчлөлтийн хүрээнд хийх ажил их бий.

-Сүүлийн хоёр жилд ковидоос болж эдийн засаг нэлээд хямарчихлаа. Урд хөрш хилээ хаасан нь том цохилт болж байна. Энэ мэт том эрсдэлийг урьдчилж хараад сэргийлэх арга хэмжээ авах бодлого шийдэл бий юү, бидэнд?

-Урьдчилж харахад түвэгтэй л дээ. Европын холбоо ОХУ-ын экспорт, импортод маш том хориг тавьсныг та мэдэж байгаа. Энэ хугацаанд хойд хөршийн дотоодын үйлдвэрлэл 20 гаруй хувиар өссөн. Зарим салбарын өсөлт бүр 40, 50 хувиар яригдсан. Үйлдвэрлэлийн бүтээмж нь ингэж өссөн гэсэн үг. Москвад амьдардаг танил маань “Би өнгөрсөн хугацаанд хоёр үйлдвэртэй болсон, нэг нь махных” гэж ярьж байх жишээний. Импорт нь хаагдаад эхлэнгүүт төрөөс бодлогоор салбаруудынхаа үйлдвэрлэлийг дэмжээд эхэлсэн. Хэрэгцээгээ тооцоод, хэрэглээндээ таарсан үйлдвэрлэлийг төрөөс нь дэмжээд явчихсан юм. Манай улсын хувьд үүнтэй адилхан хэрэглээгээ тооцоод, үйлдвэрлэлээ дэмжих бодлого гаргаж байна гэсэн үг. Бодож санаснаа зоригтой хэрэгжүүлж чадвал эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ.

-Боомтуудаа хөгжүүлэх асуудлыг шинэ сэргэлтийн бодлогод тусгасан талаар та түрүүн ярилаа. Төмөр замын боомтуудын ачаа тээврийн нэвтрэлтийг бодлогын хувьд хэрхэн анхаарч яаж сайжруулах ёстой гэж харж байна вэ?

-Боомтуудын хувьд 4000 гаруй км төмөр замын асуудлуудыг шийднэ, 2600 км авто замыг барина гэх мэт асуудлуудыг нэн тэргүүнд шийдэх шаардлага бий. Бүх аймгаа Улаанбаатар хоттой засмал замаар холбох том бодлого маань хэрэгжсэн. Цаашдаа аймгаас аймгийн хооронд барих автозамын “Нутгийн зам” төсөл болон боомтын хүчин чадлаа сайжруулахад онцгой анхаарч ажиллана гэж байна. Өөрөөр хэлбэл, дэд бүтэц, ложистик, тээвэртэй холбоотой асуудал дээр нэлээд анхаарч, нэвтрүүлэх чадварыг сайжруулна. За тэгээд боомтын дотоод асуудлууд, төмөр зам, автозамтай холбоотой асуудлууд бий. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд энэ мэт төслүүдийн нарийвчилсан төлөвлөгөө гараад ирэх юм. Боомтын хүчин чадлыг сайжруулах тухай яриахаар нэн тэргүүнд уул уурхайтай холбоотой асуудлууд тавигдаж таарна. Гадны хөрөнгө оруулалт орж ирж таарах байх. Жишээ нь баруун босоо тэнхлэгийн төмөр зам гээд 1500 гаруй км замын асуудал яригдаж ”Монголын төмөр зам”-д хийх эрх нь олгогдоод явж байна. Хөөт чиглэлийн төмөр замын асуудал бий. Төмөр зам дээр 51-ээс доошгүй хувь нь Монголын хөрөнгө оруулагч байна гэсэн заалт байгаа. Энэ заалтаа бариад гадны хөрөнгө оруулалтыг татах шаардлага зайлшгүй гарч ирнэ.

-Дарханы замын санхүүжилтийн асуудал таныг салбарын сайд байхад шийдэгдсэн санагдаж байна. Энэ замын ашиглалтад орох хугацаа сунжраад байгаа гол шалтгаан нь юу юм бол?

-Сайд байхдаа Азийн хөгжлийн банктай гэрээг нь зураад ажлаа өгч байсан л даа. Түүнээс хойш технологийн, зохион байгуулалтын алдаанууд гарсан. Ковид ч нөлөөлсөн. Дарханы замын эхний урсгал өнөө жилдээ багтаж ашиглалтад орчих байх. Тус бүрдээ өөр санхүүжилттэй хоёр тусдаа зам шүү дээ. Нөгөөтэйгүүр Монголын хүрээнд хамгийн том урсгалтай, Азийн авто замын сүлжээнд багтсан нь Алтанбулаг Замын үүдийн зам. Энэ чиглэлийн замаа хоёр урсгалтай том зам болгох хөтөлбөр бас бий. Хоёр боомтынхоо хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд хийх том ажлын нэг.

-Зам, тээврийн салбарыг хөгжүүлэхийн тулд нэн тэргүүнд ямар алхам хийх ёстой бол?

-Авто, төмөр замын нэвтрэх чадварыг сайжруулах, тээврийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, агаарын тээврийн либералчлалыг сайжруулах шаардлагатай. Намайг салбарын сайд байхад иргэний агаарын тээврийн либералчлал гээд хөтөлбөрийн хүрээнд Бээжин-Сөүлийн чиглэлд нэлээд либералчлал хийгдсэн. Өрсөлдөх чадвартай аж ахуйн нэгж компаниудыг шинээр нэмэгдүүлж оруулж ирсэн. Нисэх тоог нь нэмэгдүүлсэн. Сөүлийн чиглэлд 40 орчим хувийн тасалбарын хөнгөлөлт хүртэл гарсан. Агаарын тээврийн нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлье, олон улсын байгууллагатай хийх гэрээгээ өргөжүүлье гээд яривал хийх шаардлагатай олон ажил байгаа. Монгол Улс олон улсын дамжин өнгөрөх талаас маш зөв байршилд байдаг. Энэ тал дээр анхаарч ажиллах шаардлага бий.

Төмөр замын тухай хууль өргөн баригдсан. Ажлын хэсгийг нь би ахалж байгаа. Төмөр замын хууль нэлээд либералчилсан том хууль болж батлагдах байх. Төр, хувийн хэвшлийн боломж бололцоог нэгтгэсэн том хуультай болно. “Улаанбаатар төмөр зам”-ын 1800 гаруй км төмөр замаас гадна “Болд төмөр Ерөө гол”-ын төмөр зам гэж бий. Дарханы чиглэлийн төмөр зам байгаа. Таван толгой-Зүүн баянгийн төмөр зам байна. Цаашдаа барих төмөр замууд бий. Энэ бүх төмөр замын нэвтрэх чадварыг нэгтгэсэн, либералчилсан томоохон хууль батлагдаж хэрэгжиж эхэлнэ гэсэн үг.

-“Шинэ хөдөө” төсөл Булган аймгаас хэрэгжиж эхэлсэн санагдаж байна. Хөдөөг хөгжүүлэхийн тулд яах ёстой вэ?

– Энэ асуултад хариулахын өмнө онцлоод хэлэхэд бид бодлогын арай өөр хандлага бий болгох ёстой. Хөрөнгө оруулалт гэхээр бид нийгмийн чиглэлийн эдийн засаг, дэд бүтэцтэй холбоотой хатуу зөөлөн дэд бүтцээ бодоод байдаг. Цэцэрлэг, сургууль, зам гэх мэтэд чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг хийсээр ирсэн. Миний хувьд зам тээвэр, барилга хот байгуулалтын салбарт олон жил болж, олон төсөл хөтөлбөрийн ард гарч байлаа. Анх сайдаар ажиллаж байхад 50, 100 км зам ашиглалтад авна гэдэг асар том ажил байсан л даа. 2000 он дөнгөж гарч байхад жилдээ 200 орчим км зам хүлээж авахыгаа том амжилт гэж үздэг байсан юм. Түүнээс хойш байдал өөрчлөгдсөн. Жилдээ 2000 км зам хүлээж авч явсан түүх хүртэл бий. Бүх аймгаа Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбоно гэдэг маш том амжилт. Ийм том бүтээн байгуулалт өрнөсний эцэст эргээд харахад хувь хүмүүсийн амьдрал бахь байдгаараа л байна. Авдаг цалин, тэтгэвэр, амьжиргааны түвшин нь хэвээрээ шахуу. Гэтэл бид дундаж давхаргыг бий болгоно, амьжиргааг дээшлүүлнэ, ажлын байрыг сайжруулна гэж ярьдаг ч үр дүн нь төдийлөн сайн биш байна. Түүнийгээ бид нэг аймаг, нэг суманд цэцэрлэг, сургууль, арваад км зам барьснаараа л хаагаад байгаа болохоос амьжиргааг дээшлүүлэх ажил дутмаг хэвээр байна. Ажлын байр бий болгоно гэдгийг төрийн хэдэн ажлын байрнаас цааш харж чадахгүй яваа. Хувь хүний ажиллах боломж бололцоог олгож байж л ажлын байр бий болно. Хувь хүн бизнес хийе, ажилтай орлоготой байя гэхээр ажиллуулах тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгө нь алга байна. Мөнгө банкинд бий ч хүү нь өндөр гэсэн зовлонтой. Жижиг дунд үйлдвэрийнхэнд хаягласан бага хүүтэй цөөхөн төгрөгийг нь боломж бололцоотой хэсэг нь түүгээд авчихдаг. Ийм шалтгаанаар жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр гаргая гэж бодоод явсан. Гэтэл явсаар байгаад хөдөө аж ахуй дээрээ л тулаад оччихож байгаа юм. Хөнгөн үйлдвэрлэл гэхэд л ноос ноолуурын асуудал гараад ирэх жишээний. Ноолуурын тухайд бэлтгэн нийлүүлэх шатнаас нь эхлээд анхаарах шаардлага бий болчихоод байна. Хүнсний үйлдвэр гэхээр мөн л хөдөө аж ахуйтай холбогддог. Ийм учир шалтгаанаар “Шинэ хөдөө” хөтөлбөр хэрэгжүүлээд хэдэн жил болж байна. Хөтөлбөрийн хүрээнд нийтдээ есөн тэрбум орчим төгрөг зарцуулаад байна. Сүүлийн үед энэ мэтчилэн хүн рүү хандсан хөрөнгө оруулалтад түлхүү анхаарах болсон. Хөрөнгө оруулалт гэдэг юмыг сургууль, цэцэрлэг барих төдийгөөр төсөөлдөг алдаа дарга нарт байна. Ард иргэдээ дэмжье гэсэн сэтгэлгээ тогтож өгөхгүй байх шиг санагддаг. Нөгөө талаас нь харвал иргэдийн хувьд халамж тэтгэлэг л сонирхоод байхаас яг бизнесийн чиглэлд анхаарч байгаа нь харьцангуй цөөхөн болчихож. Нэг суман дээр гэхэд сум хөгжүүлэх сангаас төслийн зээл хүсээд явдаг цөөхөн иргэн л байдаг. Сумын иргэд нэгдээд айраг, сүүний гэх мэт үйлдвэрлэлээ дэмжье гэх мэт бизнес сэтгэлгээ үгүйлэгдэж байгаа.

-Шинэ сэргэлтийн бодлогод туссан төслүүд хэрэгжээд эхэлбэл ажлын байр нэмэгдэж, иргэдийн амьжиргаа дээшлээд ирэх байх, тийм үү?

-Бүтээн байгуулалтууд эхлэхээр ажлын байрууд бий болно. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам бүрэн хүчин чадлаараа ажиллаж, нүүрс тээвэрлээд эхэллээ гэхэд төмөр зам дээр ажиллах хүчин дутагдаж эхэлнэ. Хөрөнгө оруулалт гэсэн өнцгөөс нь хараад байгаа хэр нь боловсон хүчин гэдэг өнцгөөс харж чадахгүй байна. Төслүүд хэрэгжээд эхлэхээр хүссэн хүсээгүй боловсон хүчин, ажлын байр нэмэгдэж, иргэдийн амьжиргаа дээшлээд ирнэ.

-Жижиг, дунд үйлдвэрлэгчид рүү чиглэсэн дорвитой дэмжлэг гэвэл та юуг онцлох вэ?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийгдсэн ажлуудаас 10 их наядын хөтөлбөрийг онцолж хэлмээр байна. Өмнө нь бид бага хүүтэй зээлийг жижиг дунд үйлдвэрлэлийн төсөлд жилд дунджаар зуун тэрбумаар л гаргадаг байсан. Эхний зээлүүдийг нь мэдээлэлд ойрхон нь авлаа гэх мэт хэл үг гарсан. Дараа дараагийн зээлүүдийн хувьд асуудлуудаа тодорхой хэмжээнд шийдсэн. Үүний дараа хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлээч гэсэн саналыг аж ахуйн нэгжүүдээс ирүүлдэг болсон. Гэтэл юун 100 тэрбум, хоёр их наяд орчим төгрөг банкны зээл болоод гарчихлаа. Иргэдийн гар дээр очиж байгаа маш том эргэлт. Хөдөөгүүр явж байхад энэ зээлийг авсан гэхээс илүү аваагүй гэж дуугарч суугаа нь маш олон байгааг онцлохгүй орхиж болохгүй. Банк баталгаатай харилцагчдаа л зээл өгөөд байгаа, шинээр бизнес хийх хүсэлтэй иргэдэд зээл өгөөгүй гэх мэт асуудал бий юм билээ. Төгсгөлд нь ахиад онцлоход Шинэ сэргэлтийн бодлогод нэн тэргүүнд анхаарах салбаруудаа онцолсон нь олзуурхууштай санагдаж байгаа. Эрүүл мэнд, боловсролын дараа жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжээч гэсэн саналыг түлхүү хэлсээр ирсэн л дээ. Шинэ сэргэлтийн бодлого яг ийм зарчмаар хэрэгжих гэж байна. Эрчим хүч, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, хот болон боомтын асуудлуудаа онцгой анхаарахаар болж, зургаан том салбараа бариад авна гэдэг маш том ач холбогдолтой. Олон юм руу самгардахгүйгээр ингэж төвлөрөх нь эдийн засгийн хөгжилд маш том эерэг нөлөө үзүүлнэ. Эцэст нь ахиад онцлоход хүн рүү чиглэсэн хөрөнгө оруулалтад л анхаармаар байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой

Аргын тооллын хоёрдугаар сарын 4, Сугар гариг. Билгийн тооллын 4, Шувуун хошуут одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 8:16 цагт мандан, 17:56 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Хаврын уур орох улирал 5 цаг 00 цагт эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13-15 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас хялмаална. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Алтны үнэ эргэн сэргэв

Холбооны нөөцийн банкны шийдвэрийн дараа буураад байсан алтны үнэ эргэн сэргэв

Холбооны Нөөцийн банк гуравдугаар сараас бодлогын хүүгээ өсгөх дохио өгсний дараа унаад байсан алтны үнэ эргэн сэргэж байна.

АНУ-ын Төв банкны мэдэгдлийн дараа өнгөрсөн долоо хоногт алтны спот үнэ 2.4 хувиар унаад байсан юм. Энэ нь өнгөрсөн оны наймдугаар сараас хойших нэг долоо хоногт унасан хамгийн өндөр дүн болжээ.

Харин шинэ долоо хоногийн эхний арилжааны өдөр алтны үнэ 0.3 хувиар өсөж, унц нь 1797 ам.долларт тогтворжлоо. Түүнлчэн үнэт металлууд дундаас паллад болон мөнгөний үнэ өссөн дүр зурагтай байна.

Хэдий тийм боловч үнийн энэ сэргэлт удаан үргэлжлэхгүй гэж “Oanda” байгууллагын шинжээчид үзэж байна. Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөх цаг ойртож буй энэ үед алтны үнэ буурах төлөвтэй гэж үзэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын засаг захиргаа 3000 цэргээ Европ руу илгээхээр боллоо

АНУ-ын засаг захиргаа 3,000 цэргээ Дорнод Европын орнууд руу илгээх шийдвэрийг өчигдөр зарлажээ.

Вашингтоны илгээх цэрэг Польш, Румын улсуудад байрлаж буй NATO-гийн гишүүн орнуудын цэргүүдэд нэмэлт хүч болох юм байна.

Одоогоор Украины хилийн орчимд ОХУ-ын 100,000 орчим цэрэг байрлаж байгаа. Москвагийн эрх баригчид Украин улс руу халдан довтлох төлөвлөгөөгүйгээ дахин дахин илэрхийлж байгаа ч NATO өөрт нь аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөхгүй бол хариу арга хэмжээ авна хэмээн сүрдүүлж байна.

Германы Вилсек дэх баазаас 1,000 явган цэрэг Румын улс руу илгээгдэх бол АНУ-ын Умард Каролина дахь Форт Брагг баазаас 82 дугаар десантын дивизийн 1,700 цэрэг Польш руу илгээгдэхээр болсныг Пентагон мэдээлжээ. Форт Брагг дахь бусад анги нэгтгэлүүдээс 300 цэргийг Герман руу бас илгээхээр болсон байна.

Цэрэг илгээж буй зорилго нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд “NATO-гийн асуудал бол АНУ-ын асуудал болохыг харуулах юм” гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгджээ.

Польшийн батлан хамгаалахын сайд Мариуш Блашчак уг шийдвэрийг NATO-гийн гишүүн орнууд нэгдмэл байр суурьтай байгаагийн илрэл гэж тайлбарласан байна. NATO-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг АНУ-ын засаг захиргааны шийдвэрийг талархан хүлээж авч буйгаа илэрхийлжээ.

Сүүлийн өдрүүдэд Орос, Британийн талууд хоорондоо хэрүүлийн үг шидэлцсээр байна.

Мягмар гарагт Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон “Украины толгойд буу тулгаад буй ОХУ”-ыг ширүүн шүүмжилсэн юм.

Цар тахлын хөл хорионы үеэр найр наадам зохион байгуулсан асуудлаар парламентдаа байцаагдахаар болсон Жонсон энэ үед ОХУ-ын ерөнхийлөгчтэй утсаар ярих хугацаагаа хойшлуулаад байжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “ОХУ болон ерөнхийлөгч Путин хэнтэй ч ярилцахад нээлттэй. Тэр ч байтугай толгой нь эргэж самуурсан нэгэнд ч тайлбар өгөхөд бэлэн байна” гэж Жонсоноор даажигнасан байна.

Их Британийн гадаад хэргийн сайд Элизабет Трасс саяхан “Хар тэнгисийн дагуу оршдог Балтийн холбоотнууддаа” туслахад бэлэн байгааг мэдэгдсэн нь бас оросуудын элэг доог болжээ. ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова өөрийн блог хуудсандаа “Хатагтай Трасс, таны газар зүйн мэдлэг, түүхийн мэдлэгтэй чинь харьцуулшгүй муу юм. Хэрвээ өнөөдөр хэн нэгнийг ямар нэг юмнаас хамгаалах хэрэгцээ байгаа бол тэр нь Британийн улс төрчдийн тэнэглэлээс дэлхийг хамгаалах асуудал байж магадгүй” гэж бичсэн байна. Трасс өмнө нь Украиныг “Монголчуудаас эхлээд Татарууд хүртэл эзлэн түрэмгийлж байсан” хэмээн ярьж байжээ.

Хэрүүл маргаан бас АНУ-ОХУ-ын хооронд өрнөсөн байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жэн Псаки саяхан Москвагийн эрх баригчдыг тахианы байрны дээвэр дээр суусан үнэгтэй зүйрлэж байв.

Хариуд нь Дмитрий Песков “Оросыг баавгайтай зүйрлэдэг уламжлалт ойлголт бий. Гэвч баавгайг тахианы байрны дээвэр даахгүй. Дэндүү том, хүнд юм” гэж даажигнажээ.

Categories
гадаад мэдээ

Япон улсад ажилгүйдлийн түвшин буурч 2.7 хувьд хүрэв

Япон улсад ажилгүйдлийн түвшин буурч, 2.7 хувьд хүрэв

Япон улсын ажилгүйдлийн түвшин 2021 оны 12 дугаар сард буурч, 2.7 хувьд хүрсэн байна. Энэ нь шинжээчдийн хүлээлтээс сайн үзүүлэлт боллоо.

COVID-19-ийн “Omicron” хувилбарын халдварын тархалт эрчимжихээс өмнө Япон улсын хөдөлмөрийн зах эргэн сэргэсэн дүр зурагтай байгааг статистик мэдээллээс харж болохоор байна.

Тайлант хугацаанд шинэ ажилчдын тоо 490 мянгаар нэмэгдсэн байна. Энэ нь 1986 оноос хойших дээд үзүүлэлт болжээ.

Хэдий тийм боловч COVID-19-ийн “Omicron” хувилбарын халдварын тархалт өндөр байгаа нь Япон улсын эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж шинжээчид дүгнэж байна.