Categories
гадаад мэдээ

Украин ОХУ-ын 150 шүхэрч тээвэрлэсэн онгоцыг сөнөөжээ || DNN.mn

Украины зэвсэгт хүчин Баасан гаригийн шөнө Киевийн төлөөх ширүүн тулаанд оролцож, олон нийтийн сүлжээгээр нийслэлийн төв дэх метроны буудлын ойролцоо дэлбэрэлт болж буйг харуулсан. Мөн агаарын баазын ойролцоо, өмнө зүгт 20 милийн зайд ширүүн тулалдаан болж байгаа талаар мэдээлжээ.

Украины засгийн газар Баасан гаригийн орой Киев хотын захад шүхэрчид тээвэрлэж явсан Оросын цэргийн тээврийн хоёр онгоцыг сөнөөсөн гэж мэдэгдсэн байна. Эхний Ил-76 онгоц Киевээс өмнө зүгт 20 милийн зайд орших Васильковын ойролцоо буудуулж сүйрсэн гэж Украины арми мэдэгджээ. Дараагийн сүйрсэн ИЛ-76 онгоцыг нийслэлээс өмнө зүгт 50 милийн зайд орших Била Церква хотын ойролцоо буудсан гэж “Некста” мэдээлэв.

Онгоцонд байсан хүмүүсийн хувь заяа тодорхойгүй байна. Дунд тусгалын, 1974 онд анх ашиглалтад орсон цэргийн тээврийн онгоцууд бүрэн тоноглогдсон 150-225 цэрэг багтаах боломжтой бөгөөд шүхэрчдийг байлдааны ажиллагаанд оруулах, зэвсэглэлээр хангахад ашигладаг.

Василькив орон нутгийн цагаар өглөөний 03.00 цагт (Зүүн зүгт 20:00) ширүүн тулалдааны гол төв болов.

Categories
мэдээ спорт цаг-үе

С.Цэрэнчимэд эхний тэмцээндээ түрүүлж, Х.Болортуяа мөнгөн медаль хүртлээ || DNN.mn

Чөлөөт бөхийн чансаа олгох оны эхний чухал тэмцээн Ясар Догу, Вехби Эмре, Хамит Капланы нэрэмжит барилдаан Туркийн Истанбул хотод эхэллээ.

Эмэгтэйчүүдийн -57 кг жинд зодоглосон Х.Болортуяа Германы Бруггер Элена Хейке (12-1), Оросын Вероника Чумикова (5-5), Польшийн Лисак Анхелина (4-1) нарыг ялж финалд шалгарсан. Улмаар финалд Болгарын Николова Эвелина Георгиевад цэвэр ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

Харин эмэгтэйчүүдийн -62 кг жинд зодоглосон С.Цэрэнчимэд Болгарын Юсейн Тайбе Мустафа (7-4), Энэтхэгийн Малик Сакши (11-2), Тунисийн Амри Марва (11-0) нарыг ялж финалд шалгарсан. Улмаар финалд АНУ-ын Килти Макей Элленийг 10-0 харьцаагаар ялж алтан медаль хүртлээ.

Тус тэмцээнд манай улсын 11 эрэгтэй, 4 эмэгтэй тамирчин оролцохоор очсон.

Эрэгтэй:

  • 57 кг-ын жинд З.Занабазар, Б.Мөнх-Эрдэнэ,
  • 65 кг-д Т.Тулга, Ц.Цогбадрах, Г.Ханбүргэд,
  • 74 кг-д Б.Бямбадорж, З.Сумъяабазар,
  • 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, М.Тэмүүжин,
  • 97 кг-д Ө.Батзул,
  • 125 кг-д М.Лхагвагэрэл,

Эмэгтэй:

  • 50 кг-д Д.Отгонжаргал,
  • 53 кг-д Б.Болортуяа,
  • 57 кг-д Х.Болортуяа,
  • 62 кг-д С.Цэрэнчимэд нар байна.

Өнөөдөр эмэгтэй -50, -53 кг жингийн барилдаан болно.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Хар тэнгисийн арлыг хамгаалж буй Украины цэргүүд бууж өгөхөөс татгалзаж бүгд амь үрэгджээ || DNN.mn

Хар тэнгисийн нэгэн арлыг хамгаалж байсан Украины хилийн цэргүүд Оросын тэнгисийн хөлгийн шаардлагыг хүлээж аваагүй тул бүгд амь үрэгджээ.

16 гектар талбайтай Могойт арал (Змеиный остров) нь Крымийн хойгоос баруун зүгт 300 км зайтай оршдог. Уг арлыг Украины хилийн 13 цэрэг хамгаалж байжээ.

Пүрэв гарагт Оросын тэнгисийн хөлөг уг аралд ойртож ирээд хилийн цэргүүдэд зэвсгээ хаян бууж өгөхийг радио холбоогоор шаарджээ.

Гэвч цэргүүд Оросын хөлөгт “там руугаа тонил” гэсэн утгатай хариу өгсөн байна. Дараа нь Оросын тал аралд хүчтэй цохилт өгснөөр Украины бүх цэрэг алагджээ.

Ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр хилийн цэргүүд бууж өгөхөөс татгалзаж, бүгд амь үрэгдсэнийг дуулгаад тэднийг улсын баатар цолоор нэхэн шагнах болсноо мэдэгдсэн байна.

Украины хэвлэлүүд Оросын хөлөг онгоц болон хилийн цэргүүдийн хооронд харилцсан ярианы бичлэгийг өчигдөр өөр өөрийн сувгуудаар тараажээ.

Могойт арал нь Украин, Румын улсуудын дунд оршдог ба өмнө нь эдгээр улсуудын хооронд газар нутгийн маргаан үүсгэж байсан гэдэг.

Тус арал газрын тосны нөөцтэй стратегийн чухал байрлалд тооцогддог юм байна.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Путин, Лавров нарын эсрэг ЕХ, АНУ, Их Британи, Канад, Австрали улс хориг тавихаа мэдэгдлээ || DNN.mn

Путин, Лавров нарын эсрэг ЕХ, АНУ, Их Британи, Канад, Австрали улс хориг тавихаа мэдэгдлээ

Канад, Австрали улс Европын холбоо, АНУ болон Их Британи улстай нэгдэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, тус улсын Гадаад харилцааны сайд Сергей Лавров нарын эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо хэвлэлийн хурлын үеэр “Бид Ерөнхийлөгч Путин болон харгис дайныг өдөөгчид болох Зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын эсрэг хориг арга хэмжээ авна. Эдгээр хүмүүс Украин дахь сүйрэл, амиа алдагсдын гол хариуцлагыг хүлээх болно” гэж хэлжээ.

Мөн Канад улс Оросыг олон улсын мөнгөн гуйвуулгын SWIFT системээс хасах санаачилгыг дэмжихээ илэрхийлсэн байна.

Түүнчлэн “Эрх чөлөөтэй, тусгаар тогтносон улс руу довтлоход тусалсан” хэмээн Беларусийн эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгджээ.

Австралийн Гадаад харилцааны сайд Мариз Пейн сэтгүүлчдэд хандаж, Путин, Лавров нарын эсрэг хоригийг дэмжихээ илэрхийлсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

МИАТ: Нислэгийн цагийн хуваарь, маршрутыг өөрчлөөгүй хэвийн үргэлжилж байна || Dnn.mn

Европын чиглэлийн нислэгийн цагийн хуваарь, нислэгийн зам маршрутыг өөрчлөөгүй, нислэг хэвийн үргэлжилж байгааг МИАТ компани мэдээлжээ.

Улаанбаатар-Москва-Франкфурт-Москва-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн нислэг нь Украин улсын агаарын хил орчмын бүсээс алслагдсан зайд үйлдэгддэг байна.

МИАТ ТӨХК нь ОХУ, Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлыг анхааралтай ажиглан, Европын чиглэлийн нислэгийн аюулгүй ажиллагаанд онцгой анхаарч байгаагаа ч тэмдэглэжээ.

Түүнчлэн, Европын холбооны улсуудын Нисэхийн аюулгүй байдлын агентлаг (EASA), Олон улсын Агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA)-ноос гаргасан зөвлөмжийг нислэгийн үйл ажиллагаандаа тусгахын зэрэгцээ, Москва хот дахь Төлөөлөгчийн газраас тогтмол мэдээлэл авч байгаа аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Б.Ганхүү: Л.Жанчивдоржийн маань ээж ”Сайхан жүжиг байна аа, гэхдээ миний хүү тусгүй л юм хийлээ дээ” гэж билээ || DNN.mn

Багш, жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Ганхүүтэй ярилцлаа.


-Та “Шийдсэн охид” кинонд тоглосон байна лээ. Энэ тухайгаа яриач?

– Сүүлийн үед хүүхдийн кино хийгээд байгаа Д.Болорцэцэг найруулагч энэ киног хийсэн юм. Яаж биднийг цуглуулах санааг сэдсэн юм, дандаа Хүүхэд, залуучуудын театрт ажиллаж байсан А.Цэгмэд, би, Б.Туяа, П.Долгорсүрэн бид хэд тоглосон юм. Бие биедээ туньдаг, айлгадаг, найзалдаг, тусалдаг, халуун сэтгэлтэй найз авгай нарын үерхлийн тухай кино юм. Ийм хөгшин авгай нар нэг дор гардаггүй болохоор сонирхолтой байсан байх л даа. Энэ далимаар бид харин сайхан уулзаад, театраа яриад, уйлж дуулаад сайхан байсан шүү дээ.

-Та нар амьдрал дээр ч найзууд гэсэн үү?

-Амьдрал дээр ч Туяачка, А.Цэгмэд, П.Долгорсүрэн бид хэд найзууд байхгүй юу. Харин С.Сарангэрэл биднээс залуу, сүүлд ирсэн хүүхэд. Би ерээд оны эхээр театраасаа гараад явсан, СУИС-д багшилж байсан шүү дээ. Нэг театрт ижилхэн уран бүтээл хийж байсан. А.Цэгмэд бид хоёр эрэгтэй хүүхдийн дүрд тоглож байсан. Янз бүрийн дүрд тоглож байсан улсууд байхгүй юу даа. Хөдөө бригадаар улсын төлөвлөгөө биелүүлэх гэж их явж байлаа шүү дээ.

-А.Цэгмэд гуай та хоёрыг хүмүүс их андуурдаг гэсэн үү, хөгтэй тохиолдол их байсан уу?

-А.Цэгмэд бид хоёр хоёулаа эрэгтэй дүрд гүйж байсан болохоор ч тэр үү хөдөлгөөн, яриа хөөрөө төстэй юм байлгүй дээ. Ерөнхийдөө нүүрний хэлбэр ч ойролцоо шиг байгаа юм. Манай Цэкү гимнастикийн спортын мастер юм чинь надаас гялалзуур хүүхэн шүү дээ. Гэхдээ бид хоёрыг энд тэнд явахад андуурдаг юм. Намайг “А.Цэгмэд эгч ээ, гарын үсэг авъя, зураг авахуулъя” гэдэг. Заримдаа “Эгч нь биш” гэдэг. Хааяа ялгааг нь хэлж өгдөг. Намайг хэд гурван дуу аяладаг болохоор тэрүүгээр маань бас таньдаг. Манай А.Цэгмэдийг хөдөө гадаа явж байхад бас андуурдаг гэсэн. “Та чинь сайхан дуулдаг шүү, дээшээ суу” л гэж гэнэ. Тийм мэтийн андуурч эндүүрсэн юм олон байдаг юм аа. Хүүхэд, залуучуудын театрт бид тувт л хамт байсан даа. Бригадаар явж байхад хөгжилтэй юм их болно. Манай Цэкү гялалзуур. Заримдаа бид өдөрт олон тоглоод ядардаг. “Алив шуурах уу” гэдэг байхгүй юу. Тэгээд шуураад, 120 минутын юмыг 50 минутад гялалзуулах удаа байсан. Энд ч таньдаг айл, хамаатны хүн урьсан шүү гээд хэдүүлээ будгаа хальт арилгаад, ум хумгүй л айлдаа очно.

-Л.Жанчивдорж гуайтай хамт тоглож байв уу?

-Л.Жанчивдоржтойгоо олон уран бүтээлд хамтарч тоглож байсан. Цаадах чинь нүүрээ будчихаад, тайзан дээр гоё буржгар үстэй, ганган залуу гарна шүү дээ. Бид хоёр аав, хүү ч болж тоглож байлаа. “Гэгээ” гээд жүжигт Л.Жанчивдорж миний аав, хошуу ноён болдог. Хошуу ноён залуудаа миний ээжтэй учир ургуулж байсан юм байна л даа. Бүсгүй харин хүүхэдтэй болсноо ноёнд хэлээгүй. Сүүлдээ нөгөө хүүхний хүүхэд нь бас бус юман дээр цор цор хийгээд ноёны уурыг нь хүргээд, байхаар нь зодуулж, байгаад алчихдаг юм.

-Ээж нь энэ жүжгийг үзчихээд их дурамжхан байсан гэсэн үү?

-Тийм ээ. О.Бат-Өлзий энэ тухай бичсэн байгаа биз дээ. Манай театрын хаврын урлагийн бригад Хөвсгөлийн Галт суманд очиж тоглосон юм. Бригадын ахлагчаар туслах найруулагч Ш.Вандансэнгээ явсан. Энэ сум манай Жааяагийн төрсөн нутаг. Жааяа найруулагчаас хэдэн урилга гуйсан чинь барагтай бол урилга өгдөггүй зарчимч хүн мөртлөө “гараа гаргаж”, 20 урилга өгсөн байгаа юм. Нөгөөдхөө нутгийнхандаа тараагаад, ээж нь ч очиж, жүжиг үзсэн юм билээ. Жүжгээ тоглоод, орой ээжийнд нь ирцгээсэн. Хонь гаргачихсан, хачин сайхан дайлна шүү дээ, манай хөдөөгийнхөн. Ш.Вандансэнгээ найруулагч “За, жүжиг ямар санагдав” гэсэн чинь ээж нь “Сайхан жүжиг байна аа, гэхдээ миний хүү тусгүй л юм хийлээ дээ” гэж. Жааяа “Ха ха. Энэ чинь жүжиг шүү дээ” гэж тайлбарлаж, биднийг бөөн инээдэм болж байхад настай ээж нь миний ээжид тоглосон Ц.Цолмон бид хоёрын гарыг атгаад, хааяа дух үнэрлэж “Эвий эвий” гээд сууж билээ. Хөдөөгийнхөн тийм үнэнчээр юм үздэг.

-Л.Жанчивдорж гуай танд бас зөвлөгөө өгч байсан гэл үү?

-Хүнд гэмгүй,зөөлөн сайхан хүн байсан даа. Бид хоёр партнёрлож юм юманд тоглодог байлаа. Залуу байхад ч сайхан шүү дээ. Манайхан хоол идчихээд нүүр амаа сэргээж будна. Би байхгүй, өглөө пудр түрхчихээд тэр чигтээ явдаг. Сормуусаа харин буддаг. Залуудаа гоё нүд, сормуустай байсан шүү дээ. Тэгээд л болчихож байгаа юм. Тэгсэн чинь Ардын дуу бүжгийн чуулгад хөгжимчин байсан эгчид маань Жааяа хэлсэн гэсэн. Театрт надтай уулзах гээд ирэхэд нь “Танай дүү чинь сайн жүжигчин, дажгүй хүүхэн. Аятайхан гоё хувцас авч өмсөж бай гэж хэлээч” гэсэн юм билээ. Би хамаагүй явна л даа. Эрээн даавуугаар юухэн хээхэн хийгээд өмсчихдөг. Залуу насаараа л гоёдог байж дээ. Ялангуяа бригадаар явахад бид бөөн тоос шороон дунд явдаг юм чинь. Би өвгөнийхөө томдсон пиджак өмсөөд, бакал углачихдаг байлаа. Бид чинь аймгийн төв орж байж л усанд орно шүү дээ. Очиж очиж Жааяа тэгж хэлж байсан. Одоо ч бодохоор инээд хүрээд байдаг юм.

-Таны “Эхийн ач” гээд дуун дээр эгч тань хөгжимдсөн үү, их төстэй харагдсан?

-Тийм. Муу эгчтэйгээ дүрээ үлдээчихье гэж бодсон. Би чинь өргөж авсан, төрүүлсэн хоёр сайхан ээжтэй, хоёр сайхан аавтай. Сайхан ээж нарынхаа дурсгалд зориулаад, өөрийнхөөрөө аялачихъя гэсэн юм.

-Та “Саруул талын ерөөл” кинонд уран зохиолч Балбарын эхнэр хи хи инээж гэдгэнэж годгоносон, хүрээний аальгүй хүүхний дүрийг хэдхэн хоромд гоё харуулсан байдаг даа. Та залуудаа гоё хүүхэн байжээ?

-Хүн болгон л залуудаа гоё байдаг шүү дээ. Би бас гайгүй байсаан. Р.Доржпалам найруулагчийн кино л доо. “Д.Нацагдоржийн зохиол Хи хи жүжгийн аалигүй хүүхэн шүү чи” гэж надад хэлсэн юм. Гурван хүүхэн утга учиргүй хөхрөлдөөд байдаггүй юу. За би тэр л юм байна даа гэж бодсон.

-Залуу байхад чинь дэлгэцийн гол дүр өгсөн бол таныг бүх хүн таньдаг болох байж дээ гэж бодогдлоо?

-Баярлалаа миний дүү. Тэр үед чинь улсын төлөвлөгөө биелүүлэх учиртай. Театрынхаа гол жүжигчдийг кинонд өгдөггүй байсан юм. Дөрөв, таван киноны саналыг хүлээж авч чадаагүй. Тэр харамсалтай юм болсоон. Өдий хүртлээ 50-иад жил жүжигчин хийсэн ч хүн мэдэхгүй байгаа юм чинь. Одоо бол эмээ, ээжийн дүрд гардаг юм чинь намайг яаж мэдэх юм. Зурагтаар л гарахгүй бол тэр үнэтэй юмыг чинь хөгшчүүл үзэхгүй шүү дээ.

-Нөхөр чинь таныг аальгүй хүүхний дүрд тоглосон гээд ичээд байсан гэл үү?

-Тэгсэн шүү дээ (инээв). Манай хөгшин залуу байсан. 1984 оны кино шүү дээ. Багш нар нь танай авгай ингэж тэгж харагдлаа гээд хэлэхгүй юү. Над дээр ирээд “Чи хачин юманд тоглох юм” гэж байсан. Манай СУИС-ийн багш миний инээдийг задлаад хичээл дээрээ зааж байсан.

-“Шийдчихсэн охид” гэснээс амьдрал дээр та бүр шийдээд зүтгэсэн тохиолдол байсан уу?

-Амьдрал дээр тийм юм их тохиолдоно шүү дээ. Би охиноо алдчихаад, охиныхоо дурсгалд зориулсан кино хийхээр шийдсэн юм. Яг киногоо хийх гэхээр мөнгө байхгүй. Багш, арын албанд л ажиллаж байсан юм чинь. Яаж кино хийе дээ гэж бодож байсан. Заавал хийнэ гэж бодож зүтгэсэн. “Хувь заяаны тойрог” киногоо Г.Бандицэрэн шавьтайгаа хамтарч зохиолыг нь бичиж, найруулсан. “Амилсан хайр” гээд хоёр ч киног охиныхоо дурсгалд зориулж, спонсорлож, өөрөө гол дүрд нь тоглож, олон сайхан шавь нарынхаа хүчээр хийсэн. “Амилсан хайр”-аа өөрийн шавь Д.Цогтбаатар гэж найруулагчтай хамтарч бичсэн юм. Маш их зориг тэвчээр, ухаан зарж байж энэ киног хийсэн шүү. Кино хийнэ гэдэг амаргүй. Сүүлийн үед бас хөгширчихөөд олон сайхан дуучдын дэргэд ичихгүй бас ганц нэг дуу аялаад байна аа.

-Арай хожуу дуулах авьяасаа гаргав уу даа?

-Эвий дээ, эвий. Яах вэ. Би завгүй ажилтай байсан юм. Сургуулийн сургалтын албанд ажиллаж байхдаа бүх юмаа хариуцдаг. 1991 онд лаборантаас эхлээд, деканы нарийн бичиг болоод, сургалтын алба болоод явчихсан чинь асар их ажилтай болсон. Өглөө хамгийн эрт ирнэ, орой хамгийн орой явдаг. 2013 оноос л дан багшийн ажлаа хийсэн. Түүнээс өмнө сургалтын ажилтай хавсарч явсан. Тэгээд багшилж эхэлсэн чинь сайхан зав гардаг юм байна. Одоо би юу хийх ёстой билээ гэж бодож байгаа юм. Тэгээд л дуу дуулъя гэдэг бодол надад орж ирсэн юм. Энэ бас их зориг шүү дээ (хөхрөв). Би огт зүгээр байдаггүй. Тувт кинонд ордог. Жижиг жижиг дүрүүд бүтээнэ. Гэхдээ жижигдэхгүй шүү дээ, хөөрхөн ажилтай. Туслах дүрийн тусламжтайгаар гол дүр амилдаг юм шүү дээ. Аль ч дүр нь ялгаагүй л дээ. Цаг хугацаа орно. Бас бодно. Үгээ тогтооно. 2021 онд би арван кинонд орсон. Клип, шторк зөндөө юманд ордог. Бидэнд ажил мундахгүй шүү дээ. Одоо ч хоёр киноны урилга ирсэн байна. Гол дүр биш л дээ.

-Та 70 гаруй ээжийн дүрд тогложээ. Дүрээ хооронд нь ялгаруулах гэж хичээдэг үү?

-Би 70 гаруй киноны дүрд орсон. Тайзны бүтээл 60-70 юм даа. Радио телевизэд кинонд дуу оруулдаг, телевизэд уншлага хийдэг байлаа. Ялгаруулах гэж хичээнэ. Үрчгэр нүүр чинь өөрчлөгдөхгүй хэцүү юм. Гэхдээ ихэвчлэн ижил хэмжээний ээжийн дүр ирээд байдаг. Тухайн үед юу өгүүлэх гээд байгаа юм гэдгээ ойлгож аваад түүгээр нь л явчихдаг. Өөр яах вэ дээ. Түүнийг чинь жүжигчний хэлээр бол өгөгдсөн нөхцөл гэж ярьдаг юм. Дүрдээ ороод л явчихна.

-Жүжигчин болсны хэрэг гарлаа даа гэж бодож байсан үе чинь хэзээ вэ?

-Сайхан жүжигт тоглоод, зритель сайхан алга ташиж байх үед л сайхан. “Гэгээ” жүжгийг үзээд хүмүүс их л алга ташдаг байлаа. Манай Хүүхэд, залуучуудын театрынхан Германы гурван хотод тоглосон юм. Би гол дүрийн эрэгтэй туулайд тоглож байсан. Дараа нь Болгар улсад явж тоглосон. Бас л гол дүрд нь тоглож байлаа. Тэгэхэд бас л гоё байсан даа. “Жүжигчин гэдгийн ид хавыг үзэж байна даа, урлагийн буянаар олон сайхан оронд явж байна даа” л гэж бодогдож байв. Тэр хөөрхөн шонхойсон хүүхдүүд чинь баглаа баглаа цэцэг өгөхөөр ай бас хөөрхөн шүү.

Пижигнэтэл алга ташна. Тэр бол хамгийн том баяр. Германы нийслэл Берлинд тоглож байхад нэг хөөрхөн хүү чихмэл цагаан цэнхэр бамбарууш өгсөн нь одоо ч байдаг. Ач нараа “Жаахан тогловол тогло, битгий муухай болгочихоорой” гэдэг. Хүү маань “Ээжийн хайртай тоглоом” гэдэг. Монголд тоглож байхад тийм их цэцэг, тоглоом өгдөг байсан биш дээ. Анх удаа тэгэхэд тэвэр дүүрэн цэцэг авч билээ. Тухайн үед манайхан тиймэрхүү юмандаа маруухан байлаа шүү дээ. Гоё л юм билээ. Манайхыг бодвол хөгжилтэй орон байсан. Зочид буудалд дөхөөд очиход хаалга нь нээгдэхэд үлгэрт гардаг шиг гэж бид хөхрөлдөж байлаа шүү дээ. Нүд нээгдэж, ээж аав, найз нөхдөдөө сонин сайхнаа хуучилж байв. Урлагийн буян их шүү.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

В.Баттулга: Хүүхэд байхад аав, ээж хоёр маань тэр үеийн “бохь” шиг л ховор үзэгддэг байлаа || DNN.mn

Зууны манлай хос дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын хүү В.Баттулгатай ярилцлаа.


-Уран бүтээлийн олз омог ихтэй явна уу?

-Олз омог мөн ч ихтэй явна. Өнгөрсөн баасан гаригт том охин Б.Дуулимтайгаа “Хязгааргүй хайр” уран бүтээлээ олон нийтэд хүргэсэн, мянга мянган ээжүүд сэтгэгдлээ илэрхийлж байна. Олон түмэнд маш хурдан хүрлээ. Энэ дууг жилийн өмнө хөгжмийн зохиолч маань бид хоёрыг дуулаад өгөөрэй гээд бэлэглэж байсан юм. Яг одоогоор бол хоёр уран бүтээл дээр ажиллаж байна. Тун удахгүй 1990-ээд онд зохиогдсон МУСТА, хөгжмийн зохиолч Ц.Батдэлгэр ахын аялгуу “Говийн наран” дууг охинтойгоо шинэчилж дуулж байгаа, удахгүй бэлэн болно. Үүний дараа Монголын ард түмний сайн мэдэх “Эх үрсийн элбэрэл” дууг охин минь ганцаараа дуулна. Аав хүний хувьд энэ уран бүтээлд их анхаарч ажиллаж байна.

-Удахгүй охинтойгоо аялан тоглолтоор явна гэсэн үү?

-Б.Дуулим охинтойгоо энэ сарын 28-наас эхлэн 31 хоног Хэнтий, Дорнод аймгийн бүх сумдаар “Энх эсэн болтугай” хэмээх аялан тоглолтоо хийх гэж байна. Мөн хил нээгдсэнтэй холбогдуулан шинэ цомгоо хэвлэлтэд явуулах гэж байгаа. Дөрөвдүгээр сард аялан тоглолт дуусч, цомог ирнэ гээд ачаалалтай байх нь ээ. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Эрхэт Монгол” групп ажиллахаар төлөвлөсөн.

-Энэ таны хэд дэх тоглолт вэ?

-Миний дөрөв дэхь, охинтойгоо хамтарсан гурав дахь тоглолт.

-Аялан тоглолтын бэлтгэл бүрэн хангагдсан уу?

-Тоглолтын бэлтгэл ер нь бүрэн хангагдсан шүү. Миний хувьд орон нутагт соёл урлагаар үйлчлэхдээ бүрэн хэмжээний техник хэрэгсэл, хөтлөгч, техник хариуцагч, тайз засагч, тайзны салют, утааны аппарат гэх мэт үзэгчдээ баясгах бүх хэрэгслээ хангаж явдаг. Аймгийн төв, сум гээд ялгалгүй 100 хувь үйлчлэх ёстой. Энэ удаагийн тоглолтод 6-9 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллана. Хил нээгдэж, охиноо БНХАУ руу сургуульдаа явахаас өмнө амжуулах олон ажил байна.

-Б.Дуулим охин жүжигчин мэргэжлээр сурдаг гэсэн үү...

-Одоогийн байдлаар монгол сургуулиасаа завсардаад хэлний бэлтэлд сурсан. 700 оюутнаас нэгдүгээрт жагссан, БНХАУ-ын топ таван сургуулийн нэгт дуулаачийн мэргэжлээр суралцах эрхээ авсан. Ирэх сарын 18-наас өмнө сонголтоо хийх ёстой.

-Цомгийнхоо тухай яриач, ямар нэртэй вэ?

-Цомгийн нэр маш чухал. Аав, ээж хоёрын минь хоёр зуун дамнаж дуулагдаж ирсэн “Вансэмбэрүү” дууныхаа нэрээр анхны цомгоо нэрлэсэн. Нийт 28 дуутай.

-Та урын сандаа хэдэн дуутай вэ?

-Ганцаар дуулсан 86, охинтойгоо дуулсан дуунуудтай нийлээд 100 гаруй дуу байна. Охин маань ганцаар, бие даасан арваад дуутай болсоон.

-Таны охин хэдэн наснаасаа дуулсан юм бэ?

-Яг л над шиг гурав, дөрвөн настайгаасаа өвөө, эмээгийнхээ тоглолтод дуулж эхэлсэн. Арай том болоод аавынхаа тоглолтод дуулж, одоо хамтдаа уран бүтээл хийдэг болсон.

-Та гурван охинтой гэсэн байх аа. Бусад нь урлагт сонирхолтой юу?

-Тийм, гурван сайхан охинтой. Том нь Б.Дуулим урлагийн замыг сонгож байна. Дунд охин Б.Уудам өөр мэргэжил сонгосон, бага охин дөрвөн настай. Ер нь бүгд урлагийн авьяас, сонирхолтой.

-Танай гэр бүлийн хүн ч бас урлагийн хүн үү?

-Миний хань бүжгийн арга зүйч мэргэжилтэй, Төв аймгийн Боловсрол, соёлын газар соёлын мэргэжилтнээр 17 дахь жилдээ ажиллаж байна.

-Том охиноо урлагийн замыг сонгоход та санал болгов уу, өөрийн хүсэл сонирхлоо дагасан уу?

-Орчноосоо шалтгаалсан юм болов уу. Манай охин багаасаа л өөрөө англи дуу сурч, дуулаад эхэлсэн. Миний охин хөөрхөн дуулчихмаар, өвөө, эмээ, аавынхаа удмыг залгачихмаар юм шиг санагдаад монгол дуу дуулахыг санал болгосон юм.

-Охинтойгоо хамтарч уран бүтээл хийх санааг хэн гаргасан бэ?

-Монголд охинтойгоо дуулдаг дуучин цөөн байсан, биднийг уран бүтээл хийж эхлэхэд. Охин маань ч дажгүй дуулаад эхлэхээр хоосон орон зайг нөхөж, хамтдаа уран бүтээл хийхээр шийдсэн.

-Та өөрөө ч бас гурав, дөрвөн наснаасаа орон нутгийн тайзан дээр дуулдаг байсан гэсэн. Анхны тайзаа санадаг уу?

-Анхны тайзыг санадаггүй, их жаахан байсан. Ямар ч байсан жанжин малгай, дээл өмсөөд “Гоогоо минь, Гочоо минь” гэж дуулж байснаа л санадаг. Аав, ээжийн хоёр цагийн концертод бүтэн дуулаад л дуусгадаг байсан гэсэн (инээв). Тэр үед Монголын ард түмэн намайг өхөөрдөж дахиулдаг, тав арван төгрөг, чихэр өгдөг байлаа. Нэг өдөр би тайзны ардаас алга болчихсон чинь нэг эгчийг дагаж яваад хоол, цай хийлгээд аав, ээждээ хоол дамжилчихсан ирж байсан гэдэг. Их олны дунд өссөн дөө.

-Та бол яахын аргагүй урлагийн гэр бүлд өссөн хүн шүү дээ. Таныг хүүхэд байхад урлагийн хүний амьдрал ямар байв…

-Аав, ээж хоёр эмээгийнд орхиод тоглолтоор олон хоног явчихдаг байсан. Хамт байх хугацаандаа өглөө ажилдаа яваад шөнө унтаж байхад ирдэг. Ихэнхдээ эмээ дээр өссөн. Арай том болоод тоглолтоор хамт явдаг болсон, сурагч болоод бас л үлдсэн. Хүүхэд байхад аав, ээж хоёр маань тэр үеийн “бохь” шиг л ховор үзэгддэг байлаа. Нэг гарахаараа бригадаар 50 хоног тоглолтоор явчихна. Ер нь аав, ээжийгээ цөөн удаа харж өссөн.

-Хоёр гавьяатыг ятгагүйгээр төсөөлөхийн аргагүй. Та ятга болон өөр хөгжимд хэр хорхойтой вэ?

-Би СУИС-ийн төгөлдөр хуурын ангийг төгссөн. Гэхдээ ятга, морин хуур зэрэг хөгжмийг мэргэжлийн түвшинд биш ч тодорхой хэмжээнд тоглодог. Хөгжмийн боловсрол талдаа илүү мэдлэгтэй, сүүлд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг Ш.Дулмаа гуайн хүү Д.Ганхуяг багшийг удирдлага дор төгссөн.

-Хөл хорионы үеэр охинтойгоо онлайн тоглолт хийсэн. Энгийн үеийн тоглолтоос их ялгаатай байв уу?

-Үзэгчгүй тоглолт гэдэг их хэцүү шүү дээ. Үзэгчтэй мэт л төсөөлж дуулж, сэтгэл хөдлөлөө хөгжимтэйгөө уялдуулсан. Телевизээр үзэж байгаа мянга мянган үзэгчээ дэргэдээс үзэж байна л гэж төсөөлж ур чадвараа гаргах ёстой.

-Гэр бүлийнхээ хүнтэй биш, охинтойгоо дуулахын сайхан нь юу вэ?

-Үртэйгээ тайзан дээр дуулахаас өөр жаргал гэж хаана ч байхгүй. Хэдэн тэрбум доллар байсан ч түмэн олныхоо өмнө тайзан дээр үртэйгээ эх нутаг, ээж, аав, элгэн садан, монгол түмнээ магтан дуулна гэдэг хамгийн сайхан. Хүн бүхэнд заяагаагүй үртэйгээ хамт дуулах хувь надад заяасан. Энэ тавиландаа маш их талархаж явдаг.

-Таны хит дуунуудын нэг бол “Говийн хүүхнүүд”. Өөрөө говь нутгийн хүүхэнтэй ханилсан болохоор энэ дууг дуулсан юм уу?

-(инээв) Би Төв аймгийнхаа театрт 13 жил ажилласан. Маш их мэдлэг, туршлага, хамт олныг тэндээс олж авсан. Театраас гараад удаагүй байтал театрын уртын дуучин н.Оджаргал найз маань “Говийн хүүхнүүд” дууг дуулахыг санал болгосон. Надад таалагдаж зохиогчийг нь асуутал зохиогчийг нь мэдэхгүй, найран дээр хүмүүс дуулахаар нь бичээд авчихсан юм гэж хэлж байсан. Зохиогчийг нь хайгаад олохгүй, дуулж орхичихоод баруун аймгуудаар тоглолтоор яваад иртэл хөгжмийн зохиолч нь холбогдсон юм. Тэр хүн “Энэ бол 1992 онд зохиогдсон дуу, Дорноговь аймгийн ард түмэн, Саран хөхөө театрын хамт олон бүгд мэддэг” гэж хэлсэн. Тэр хүнээс албан ёсны зөвшөөрөл, нотыг нь аваад дуулсан юм. Надад энэ дууг олж дуулах тохиол байсан юм шиг санагддаг. Яагаад гэвэл өмнө нь Дорноговь аймгийн хүрээнд л дуулагддаг байсан дуу. Дуу эзнээ олно гэдэг шиг 2016 онд надад ирсэн. Тухайн үед сэдэв, хөгжмийн найруула нь их содон байлаа. Би анхны уран бүтээл болох “Эр хүн гэдэг чинь эмзэгхэн юм уу даа” дуугаараа олонд танигдсан гэж боддог байтал үгүй, “Говийн хүүхнүүд”-ээр танигдсан юм билээ. Хангайд очсон ч хүмүүс “Говийн хүүхнүүд”-ийг дуулуулъя л гэдэг.

-Тэгвэл “Хачин энхрий хангайн бүсгүй чамд

Халуухан зүрхээ сугалаад өгмөөр өө”… хэмээх дууныхаа талаар яриач?

-“Говийн хүүхнүүд” дуу гарч хит болж байтал хангайн хүүхнүүдээс “Чи өөрөө Төв аймгийнх байж яахаараа говийн хүүхнүүдийг магтдаг юм. Чи ямар сонин хүн бэ” гэдэг яриа их сонссон. Энэ сэдвээр дуу гараагүй байхаар нь уран бүтээлийнхээ чимэг болгож “Хангайн хүүхнүүд” дуугаа гаргасан юм. Зохиогчтойгоо ярьж байгаад албаар “Зүрхээ сугалаад өгмөөр өө” гэж гажууд үг оруулсан. Тэгэхээр хүмүүс “Яаж байгаа юм, зүрхээ сугалана аа, яагаад” гээд л дахин дахин сонсож, энэ дуу маань олон хүнд хүрсэн дээ (инээв).

-Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуай таны аавын багын найз гэдэг. Та их ойр байв уу?

-Ойр байлгүй яахав, амьд ахуйдаа хүүхдүүдтэйгээ аймагт ирж бид хамтдаа Манзушир гардаг байлаа. Аав, ээжийн минь хар багын найз, ээжтэй нэг нутгийнх. Бид хотод очихоороо тэднийхээр орж гардаг их л дотно байсан. Маргаангүй үнэхээр агуу хүн байлаа даа.

-Уран бүтээлийн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?

-Зургадугаар сарын нэгнээс өмнө Улаанбаатарт томооохон хэмжээний тоглолт хийнэ. Охин маань хичээлдээ явж, би уран бүтээлээ үргэлжлүүлнэ. Мөн залуу уран бүтээлчдээ дэмжиж ажиллах төлөвлөгөөтэй байна.

-Шинэ уран бүтээл цацагдах, тоглолтын өмнө аав, ээждээ ямар “шалгалт” өгдөг вэ?

-Боловсроод дөнгөж гарсан уран бүтээлээ хамгийн түрүүнд аав, ээждээ сонсгодог. Алдаа оноо, үгээ хатуу зөөлөн хэлэх гээд аав ээж, уран бүтээлч найзууд, энгийн иргэдээс ч зөвлөгөө авдаг. Жишээлбэл, би “Говийн хүүхнүүд” дууг гаргахын өмнө Нарантуул зах дээр тэрэг түрж явсан хоёр ахад дуугаа сонсгож, саналыг нь сонсож байсан. Би өөртөө биш, ард түмэнд зориулж уран бүтээл хийж байгаа шүү дээ.

-Танд аав ээж, гэр бүлийн хүнтэйгээ хамтарч уран бүтээл хийх бодол байдаг уу?

-2008 онд эхнэртэйгээ “Бурхнаас заяасан хань” дууг дуулсан. Тэр дуугаа ирэх оноос ханьтайгаа сэргээж дуулах бодол бий. Цаашид аав ээж, ахтайгаа хамтарч уран бүтээл гаргах төлөвлөгөө байгаа. Одоохондоо аавын минь бие жаахан чилээрхээд байгаа учир уран бүтээл рүү орж чадахгүй байна. Аавынхаа биеийг гайгүй болохоор дөрвүүлээ хамтарч уран бүтээл хийнэ ээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ганхуяг: Шинэчилсэн журмаар иргэдэд 38 өвчний оношилгоо, шинжилгээ эрт илрүүлэг хийнэ || DNN.mn

Эрүүл мэндийн яамны халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуягтай ярилцлаа.


-Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо шинжилгээг тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар боллоо. Үүнд иргэдийг хамруулснаар хүлээх үр дүн нь юу вэ?

-Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд, элэг бүтэн Монгол, харшлаас сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдрал, эрүүл чийрэг эр хүн, халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх, хавдрын эсрэг гэсэн үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо шинжилгээ хийгдэнэ.

Ингэснээрээ зүрх судас, чихрийн шижин өвчний хэв шинжийг 50 хүртэлх хувь, хорт хавдрын нас баралтыг 35-60 хүртэлх хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. Ингэж хэлж байгаа учир нь бидэнд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан туршлага бидэнд байгаа. Урьдчилан сэргийлэх үзлэгийн онцлог нь хорт хавдар болон бусад өвчнийг эрт илрүүлж өвчнийг архагших ба хүндрэхээс өмнө нь эмчлэх юм. Тухайлбал, хөхний хорт хавдрыг оношлох сүүлийн үеийн оношилгооны тоног төхөөрөмжийг ашиглан шар будааны хэмжээний жижиг үүсгэврийг маммографийн аппаратаар оношлон эрт илрүүлэх бололцоотой юм. Хавдрыг хэдий чинээ эрт илрүүлнэ эмчилгээ төдий чинээ үр дүнтэй байна гэсэн үг. Хүмүүс ямар нэг оношлогоо шинжилгээнд хамрагдахгүй явсаар хавдартай гэдгээ мэдэхгүй хүндрүүлж эмчилгээ үр дүн өгөхгүй болсноор хавдрын нас баралт өндөр байна. Эрүүл мэндийн эрсдэлтэй хүнийг эрт илрүүлэн, өвчнийг даамжруулахгүй эмчилснээр хувь хүний амьдралын чанар, хүн амын дундаж наслалт нэмэгдэх, цаашлаад эмнэлгийн ачаалал багасгах, улс орны эдийн засагт учруулж буй эмнэлгийн зардал зэргийг бууруулах өндөр ач холбогдолтой. 2022 онд өвчнийг эрт илрүүлэх үйл ажиллагаанд 60.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байгаа.

Ер нь эдийн засгийн хувьд эрт илрүүлэг, шинжилгээнд хамрагдахад дунджаар нэг хүнд 56 мянган төгрөг зарцуулна. Өвдсөн хүний эмчилгээний зардал 11.2-11.3 сая төгрөг зарцуулагддаг. Аль болох эрт илрүүлээд, эмчлэгдэж явбал энэ их зардал мөнгө гарахгүй гэсэн үг.

-Ямар хүмүүс эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, шинжилгээнд хамрагдах эрхтэй вэ?

-Тавдугаар сарын 1-нээс эрт илрүүлэг үзлэг оношлогоонд бүх насныхан хамрагдана. 19-өөс дээш насныханд нийт 23 төрлийн үзлэг оношилгоо, хүүхэд 15 төрлийн үзлэг оношилгоонд тус тус хамрагдана. Эхний удаад хоёр сая гаруй иргэд буюу 70 орчим хувийг хамруулна гэсэн зорилго тавьж байгаа. Энэ зардал ЭМД-ын сангаас гарна. Санхүүжилт эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжигдэнэ.

-Нийт хэдэн төрлийн өвчнийг оношлох вэ?

-Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/420 тушаалын батлагдсан эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээ нь 13 төрлийн үзлэг оношилгоог зөвхөн 19-өөс дээш насныханд хийж байсан бол одоо шинэчилсэн журмаар хүүхэд болон иргэдэд нийтдээ 38 өвчний оношилгоо, шинжилгээ эрт илрүүлэг хийнэ.

-Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн багцын талаар тодруулбал?

-Одоогийн байдлаар урьдчилан сэргийлэх, үзлэг оношилгоонд хамрагдах иргэдийг цэцэрлэг, сургуулийн насны 0-19 насны хүүхдүүд буюу 1.1 сая, оюутан, залуус 20-24 насны 54 мянган иргэн, хөдөлмөрийн насны залуучууд болох 25-54 насны нэг сая орчим иргэн, тэтгэврийн насны 55-аас дээш насны иргэд гэх зэргээр дунджилсан байдлаар ангилж гаргасан. Насны ангиллыг дотор нь мөн дахин илүү нарийвчлалтайгаар багцалсан .

-Эрт илрүүлгийн дараалал их байдаг уу, хүмүүс ихэвчлэн шуурхайг нь бодоод хувийн эмнэлгийг зүглэдэг шүү дээ...

-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрынхантай энэ асуудлаар ярилцсан, шинэчилсэн журамд урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлэх оношилгоо шинжилгээнд ганцхан төрийн байгууллага хийхгүй, хувийн болон төрийн байгууллага хамтран оролцохоор тусгагдсан. Харин дээрх 38 үзлэг, оношилгоо, шинжилгээг хийхэд чадамжтай эмнэлгүүд л байх хэрэгтэй байна. Төрийн болон хувийн эмнэлгээс сонгон шалгаруулна. Ер нь манай улсын эмнэлгүүдийн ихэнх нь бүгд хамрагдах чадамжтай.

Оочер дарааллын хувьд хүлээлт, чирэгдэл үүсгэхгүйн тулд бид цахим систем болох e-mongolia-г хэрэглэх юм. Цахимаар харьяа өрхийн эмнэлгээс танд урилга илгээнэ. Тэгснээр та өөрийн сонгосон, хүссэн газар үзлэгтээ хамрагдах боломжтой.

-Орон нутагт хүртээмжтэй юү. Яг бүх төрлийн эрт илрүүлгийг сумдад хийх үү. Тоног төхөөрөмжийн хүртээмж хэр байна?

-Одоогоор 11 аймагт эрүүл мэндийг дэмжих төв байгуулж байна. Цаашдаа бүх аймагт байгуулагдана. 38 төрлийн үзлэг, оношилгоог хийхэд шаардагдах тоног төхөөрөмжүүд бүгд байгаа. Мөн тухайн орон нутгийн өөрийн онцлогоос хамаарна. Тухайлбал, баруун бүсийн тэргүүлэх шалтгаантай өвчлөлийг судалгаанд үндэслэн түүнд чиглэсэн үзлэг оношилгоог зохион байгуулж явуулна. Сумын эрүүл мэндийн байгуулагын үзлэг оношилгоо хийх дээр нь зарим оношилгоог аймгийн нэгдсэн эмнэлэг дээр хийх ба явуулын оношилгооны цэг ажиллуулахаар төлөвлөж байна. Орон нутгийн өөрийнх нь онцлогийг харж үйл ажиллагаагаа зохион байгуулна.

Ц.УЯНГА

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн || DNN.mn

Аргын тооллын хоёрдугаар сарын 26, Санчир гариг. Билгийн тооллын 25, суулга одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 7:39 цагт мандан, 18:31 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн байна || DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 29-34 градус, Их нууруудын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.