Month: January 2022
Засгийн газрын хуралдаан: Улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдээс дотоодын гурилын үйлдвэр болон Хөдөө аж ахуйг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 80 мянган төгрөг байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Хөвсгөл аймагт шүлхийн 21 голомт бүртгэгдлээ
Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймагт 16 сумын 49 багт шүлхийн 21 голомт бүртгэгдээд байна. Голомтуудад 57529 толгой мал өвчилж, 33366 толгой малын шинж тэмдэг арилж,5474 өрхийн 253455 толгой малыг дархлаажуулсан байна. Тус аймгийн хэмжээнд нийт 16 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж, суурин 48 хяналтын пост, хөдөлгөөнт 30 эргүүл ажиллаж байна. Эргүүл хяналтад Мал эмнэлгийн газар, Цагдаагийн газар, ОБГ, ЗДТГ, ХХААГ болон холбогдох байгууллагуудын 163 орчим төрийн албан хаагч45 авто тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Монгол Улсад ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар үндэсний бөхийн барилдаан зохион байгууллаа.
Барилдаанд 32 бөх уран мэхээ уралдуулан хүчийг үзэхэд Говьсүмбэр аймгийн харьяат, “Мана баганат констракшн” ХХК-ийн бөх, аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн түрүүлж, Дорноговь аймгийн Мандах сумын харьяат, “Аврагч” спорт хорооны бөх, аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал үзүүрлэв.
Их шөвөгт Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, “Болор Аграмба” ХХК-ийн бөх, аймгийн хурц арслан М.Адьяахүү, Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат, аймгийн харцага Б.Одсүрэн нар шалгарчээ.
Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд нийслэлийн төдийгүй улсын хэмжээнд жишиг хүүхдийн сэргээн засах “Бяцхан тэмүүлэл” төв өнөөдөр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Тус төв нь 250 хүүхэд хэвтэн эмчлүүлэх ортой, амбулаторын тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна хүүхдийн сэтгэл засал, хэл засал, протез эмчилгээг үйл ажиллагаандаа шинээр нэвтрүүлэн нийслэлийн хэмжээнд тусламж үйлчилгээг үзүүлэх аж.
Хүүхдийн онцлогт тохируулан гэмтлийн болон хүнд өвчлөлийн дараах нөхцөл байдал, амьдралын хэв маягийг сайжруулах чиглэлээр ийнхүү 30-аад төрлийн эмчилгээнд 0-16 хүртэлх насны хүүхдүүд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой юм.
Тухайлбал сүүлийн жилүүдэд тулгамдаад буй асуудал болох хүүхдийн хэл ярианы хөгжилд хэл заслын кабинет нээж өдрөөр 30 хүүхдийг хэл заслаар эмчлэх боломжтой сэргээн засах эмчилгээг хийх аж.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Замын-Үүд суманд онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан байна.
Коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, бараа, бүтээгдэхүүний үнийг өсөлтийг хязгаарлах, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн Замын-Үүд авто боомтоор нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт оруулж, тус боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбай, боомтын цогцолбор болон гаалийн хяналтын бүсийн нутаг дэвсгэрт хэсэгчилсэн байдлаар энэ сарын 10-ны өдрөөс 2022 оны дөрөвдүгээр сарын 10-н хүртэлх хугацаанд онцгой дэглэм тогтоолоо.
Үүнтэй холбогдуулан Замын-Үүд авто замын боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайгаас боомтын цогцолбор, гаалийн хяналтын бүс хүртэл ачаа тээвэрлэх 50-иас доошгүй чингэлэг хэрэгслийг түрээслэх, автомашины техникийн бэлэн байдлыг хангах, чингэлэг шилжүүлэх ачих талбайд нэвтрэх ажилтнууд болон төрийн тусгай албан хаагч жолооч нарыг тусгаарлах, тэдний амьдрах орчинд халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлж, улс хоорондын ачаа тээвэрлэлтийг тусгай горимоор зохион байгуулна гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.
Ковид-19 цар тахлын халдвар сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байгаа учир Монголын хөл бөмбөгийн холбооны бүх тэмцээн 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн хаалттай явагдахаар боллоо.
Энэ нь нийт тамирчид, багш дасгалжуулагч болон хөгжөөн дэмжигч, үзэгчдийг эрсдлээс хамгаалах үүднээс авч буй арга хэмжээ юм.
МХБХ-ны бүх тэмцээн, уралдааны мэдээ мэдээллийг холбооноос цаг алдалгүй хүргэж ажиллах аж. Хөл бөмбөгийн баг тамирчид, дасгалжуулагчид, дэмжигч та бүхэн хувийн ариун цэвэр болон халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулахыг МХБХ-ноос уриаллаа.
Узбекистаны Ташкент хотноо энэ сарын 20-30-нд болох 22 хүртэлх насны боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэгвэл тус тэмцээнд оролцох Монголын тамирчдыг сонгон шалгаруулж, бүрэлдэхүүнийг зарлалаа. Энэхүү тэмцээнд Монгол Улсаас 15 залуу тамирчин /эрэгтэй 8, эмэгтэй 7/ өрсөлдөнө. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 48 кг-ын жинд О.Өнөболд, 51 кг-д Х.Азбаяр, 54 кг-д Д.Ганболд, 57 кг-д Г.Лундаа, 60 кг-д Б.Буяндалай, 63,5 кг-д Б.Төгөлдөр, 67 кг-д А.Жандос, 71 кг-д Б.Гантулга нар шалгарсан байна. Харин эмэгтэй боксчдоос 48 кг-д Б.Жанаргуль, 50 кг-д А.Хулан, 52 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д М.Энхжаргал, 57 кг-д М.Намуун, 60 кг-д Г.Бадмаараг, 63 кг-д М.Цэцэгдарь нар оролцохоор болжээ.
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Гавьяат тамирчин, улсын заан, ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны дарга асан, хурандаа Ц.Баярсайхан, “Мах импэкс” компанийн гүйцэтгэх захирал Г.Бүдрагчаа нарт холбогдох, бусдаас хуурамч бичиг баримт ашиглан их хэмжээний мөнгө залилсан гэх хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх он солигдохын өмнөхөн хэлэлцлээ.
Ц.Баярсайханыг иргэн Ц.Алтанцэцэгийн 500 сая төгрөгийг залилснаас гадна 2013 оны арванхоёрдугаар сард “Уул уурхайн хайгуулын лиценз гаргаж өгнө” гэж иргэн М.Цогтбаатараас 15 сая, “ДЦС-3, ДЦС-4 компанийн ажилчдын 196 айлын орон сууцын барилгын санхүүжилт авч өгнө” гэж хуурч мэхлэн “Вком” ХХК-ийн захирал М.Жаргалсайханаас 50 сая, “ШШГЕГ-тай мах нийлүүлэх гэрээтэй, ашиг өгнө” гэж хуурч ЭМЯ-ны Санхүүгийн хэлтсийн дарга асан Т.Баярсайханаас 2015 оны наймдугаар сард 209 сая, “Мах импекс” ХХК-тай мах нийлүүлэх гэрээтэй, хамтарч ажиллаж, ашгаа хуваая хэмээн иргэн М.Болорцэцэгээс 2015 онд 200 сая төгрөг залилан авсан хэмээн буруутгасан.
Уг нь улсын заан Ц.Баярсайханыг нэр бүхий хохирогчдод “Мах импэкс” компанийн албан баланканд бичсэн, Г.Бүдрагчаа нарын гарын үсэг бүхий хуурамч гэрээгээр халхавчлан залилан мэхэлсэн гэм буруутайд 2020 оны долдугаар сард тооцож байв. Харин Г.Бүдрагчааг нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон буруутай гэж анхан шатны шүүх дүгнэсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн. Тиймээс Ц.Баярсайханд бусдыг залилсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т зааснаар 15 000, мөн хуулийн 21.1-1 дэх хэсэгт заасан “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, түүнийгээ хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн” гэх үйлдэлд нь 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж байсан юм.
Харин “Мах импэкс” компанийн гүйцэтгэх захирал Г.Бүдрагчаад нотлох баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт нь Эрүүгийн хуулийн 21.1-1 дэх хэсэгт заасны дагуу 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оноосон билээ.
Энэ хэргийг дээд шатны шүүхээс буцааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны есдүгээр сард дахин хэлэлцсэн юм. Улмаар Ц.Баярсайханд гурван жил 200 хоног хорих ял оноож, Г.Бүдрагчааг 2.7 сая төгрөгөөр торгосон бөгөөд нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх арванхоёрдугаар сарын 30-нд хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж, Ц.Баярсайхан болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.