Монгол Улс шинэ Үндсэн хууль баталсны 30 жилийн ойн хүрээнд өнөөдөр дараах үйл явдлууд болно.
Монгол Улс шинэ Үндсэн хууль баталсны 30 жилийн ойн хүрээнд өнөөдөр дараах үйл явдлууд болно.
Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталжээ.
Анхдугаар Үндсэн хууль 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 17 минутад Улсын Анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлээр БНМАУ-ын Үндсэн хуулийг баталсан байна. Үндсэн хууль 6 бүлэг, 50 зүйлтэй ба 1931 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн БНМАУ-ын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор 1924 онд батлагдсан Үндсэн хуулийн 11 ба 34 дүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, Улсын Бага Хурлын эрх хэмжээ болон сонгуулийн эрхийн хүрээнд өөрчлөлт оруулсан байна.
Хоёрдугаар Үндсэн хууль 1940 оны зургадугаар сарын 30-ны өдөр Улсын VIII Их Хурлаар баталжээ. Энэ хууль 12 бүлэг, 95 зүйлтэй байсан. БНМАУ-ын 1940 оны Үндсэн хуульд 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор /1941.02.14/ БНМАУ-ын Үндсэн хуулийн 11 дүгээр зүйлд оруулсан өөрчлөлт нь “БНМАУ нь Төв, Хэнтий, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Булган, Увс, Сэлэнгэ аймгууд ба Улаанбаатар хотоор бүрдэл болгож тогтооно” хэмээн заажээ.
Гуравдугаар Үндсэн хуулийг 1960 оны долдугаар сарын 6-ны өдөр баталсан. Энэхүү хууль 10 бүлэг, 94 зүйлтэй байжээ. БНМАУ-ын 1960 оны Үндсэн хуульд 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, Ардын Их Хурлын IX удаагийн III чуулганаар /1978.12.26/ БНМАУ-ын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд:
“БНМАУ-д гагцхүү Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал хууль тогтоох эрхтэй байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, Бүгд Найрамдах Монгол Улсын Сайд нарын Зөвлөл, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын байнгын комисс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын депутатууд, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүх, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Прокурор хууль санаачлах эрхтэй.
Монголын Үйлдвэрчний Эвлэл нь Төв Зөвлөлөөрөө, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл Төв Хороогоороо уламжлан хууль санаачлах эрх эдэлнэ.” гэж заажээ.
Дөрөвдүгээр Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар баталжээ. Энэхүү хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй байсан. Гэхдээ тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн мөрдөж байна. Эдүгээ мөрдөгдөж буй Үндсэн хуульд 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана.” гэсэн заалт нэмсэн байна. Мөн 2019 онд нэмэлт оруулсан байдаг Энэ нэмэлтээр Ерөнхий сайдад танхимынхаа гишүүдийг томилж чөлөөлөх эрх олгосон.
Ер нь АНУ-д Үндсэн хууль анх үүссэн гэж үздэг байх юм. Ийм хуультай болоход тус улсын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон. Александр Гамильтон, Жеймс Мединсон зэрэг хүмүүс түүхэн гавьяа байгуулсан гэж түүхэнд тэмдэглэгджээ. Тэр үед 13 Муж улс нэгдэн АНУ-г байгуулсан гэнэ. Филадельфий муж улсын Мужийн захиргааны Ордонд 9 муж улсыг төлөөлсөн 29 төлөөлөгч 1787 оны 5 сарын 27-нд цугларан 18 өдөр хуралдаж анхны Үндсэн хууль баталсан байх юм. Эдгээр төлөөлөгчдийн хамгийн ахмад нь 81 настай байсан. Харин төлөөлөгчдийн дундаж нас нь 43 байсан гэнэ. АНУ-ын Үндсэн хууль (1787 он)-д түүнээс хойш нийт 26 удаа нэмэлт өөрчлөлт оржээ. Эдгээрийг “жижиг” нэмэлтүүд гэж тодорхойлсон байдаг гэнэ. АНУ-ын Үндсэн хууль нь дэлхийн анхны бичмэл хууль байхаас гадна хамгийн урт настай Үндсэн хууль гэж нэрлэгджээ.
“Үндсэн хууль нь улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг бататгасан төрийн эрх мэдлийг хуваарилах зарчим дээр үндэслэгдсэн хуулиудын хууль бүхий дээд хүчин чадалтай улс төр, эрх зүйн баримт бичиг” гэж тодорхойлсон байна. Ер нь төрийн эрх мэдэл хуваарилах онолыг бүтээж Үндсэн хуулийн нэг гол зарчим, үзэл баримтлал болгосон явдал нь хүн өөрийнхөө эрх, эрх чөлөөг хамгаалах талаар хийсэн ололт гэж зарим судлаачид онцолсон байх юм.
Монгол улсын 4 дүгээр буюу Ардчилсан шинэ Үндсэн хууль 1992 оны 1 дүгээр сарын 13-нд баталсан юм. Үндсэн хуулийн 30 жилийн ой өнөөдөр тохиож байна.
– БНХАУ-ЫН ТАЛ ДУНДЫН ЗУУЧЛАГЧИД ҮНЭ ХӨӨРӨГДӨЖ БАЙГАА ГЭЖ ҮЗЖЭЭ-
Эрээний боомтоос Монголын талд өчигдрөөс чингэлэг тээвэр хийж эхлэв. Эхний өдөр 24 чингэлэг ачааг оруулж ирсэн байна. Одоогоос яг гурван сарын өмнө гацсан хилийн тээвэр хөдөлж эхлэхтэй зэрэгцэн Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас Эрээний боомтын нөцхөл байдлын талаарх Илтгэх хуудас нэртэй гурван хуудас материалыг ирүүлсэн нь анхаарал татаж эхэллээ.
Гурван сарын турш гацсан Эрээн-Замын-Үүдийн боомтод нөхцөл байдал ямар байгаа, тээврийн үнэ тэнгэрт хадах болсон шалтгаан, түүнийг яаж шийдвэрлэх, цаашид ачаа барааг хямд өртгөөр Монголд нийлүүлэх боломжийн талаар илтгэх хуудаст дурджээ. Түүнээс гадна ачаа барааны тээврийн үнэ 250 юаниас 1500-2000 юань болж нэмэгдсэн гол шалтгааныг хоёр талын дундын зуучлагчтай холбоотой гэж БНХАУ-ын тал үзжээ.
Энэ тухай Илтгэх хуудаст дурдахдаа “…Эрээн боомтоос Монголын талд нийлүүлж байгаа ачааны 60 гаруй хувийг барилгын материал эзэлдэг бөгөөд төмөр замаар тээвэрлэхэд вагон олдоггүйд зарим ААН, хувь хүнээс нэмэлт өртөг шингэсэн 65-75 мянган юанийн үнэтэй вагон худалдан авах шаардлага гардаг. Өөрөөр хэлбэл, вагон дамлан худалдах байдал их байгаагаас тээврийн зардал нэмэгдсэн, тээвэрлэлтэд хүндрэл учирч байгаа…Барилгын материалыг төмөр замын өргөн нарийн царигаар тээвэрлэх зөвшөөрөл авахад Монголын талыг дэмжлэг үзүүлэхийг хүсч, дундын зуучлагчгүй, үнийн хөөрөгдөлгүй, хэрэглэгчдэд шууд нийлүүлэх боломжтойг илэрхийлэв” гэжээ. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын тал Монгол Улсыг тээвэрлэлтийн үйл ажиллагаандаа идэвх санаачилгатай ажиллаач гэсэн үг.
Зөвхөн барилгын материалаар зогсохгүй бусад ачаа барааны хувьд ч дундын зуучлагчгүйгээр нийлүүлэх боломжтойг урд тал онцолсон байна. Энэ тухай үргэлжлүүлэн “…Эрээний карго эрхлэгчдийн төлөөлөл “Дун Тэн” ХХК-ийнхан хэлэхдээ Эрээн хотод 500 гаруй ААН байгууллага карго үйл ажиллагаа эрхэлж байна. Чингэлэг тээвэрлэлтэд зориулж нэг чингэлгийг 45-60 мянган юаниар худалдан авч, Улаанбаатар хүртэл нэг куб метр ачааг 1800-2500 юанийн үнэтэй тээвэрлэхээр төлөвлөж, бүрдүүлэлт хийж байна.
Одоогоор нутгийн гүнээс 1000 орчим чингэлгийг гаалийн баталгаат талбайд төвлөрүүлжээ. Чингэлгийн ердийн үед 8-12 мянган юаниар худалдаалдаг байсан аж. Энэ нь Монголын талаас чингэлгээ хэрхэн буцаан авах асуудал тодорхойгүй байсаар ирсэн тул карго ачааны үнэд чингэлгийн үнийг шингээсэн нь тээврийн үнийн өсөлтөд шууд нөлөөлсөн байна” гэжээ. Түүгээр зогсохгүй сүүлийн үед үүссэн тээвэрлэлтийн үнийн хөөрөгдлийн тухайд чингэлэгт тээвэр хийх сургаар ашиг хонжоо олох гэсэн хоёр талын зарим иргэд, ААН бараа бүтээгдэхүүнээ түргэн шуурхай татан авах гэсэн сэтгэлгээн дээр тоглолт хийж үнийн хөөрөгдөл үүсгэж байгааг анхааралдаа авахыг Эрээний карго эрхлэгчдийн төлөөлөл хүссэн байна.
Цар тахлын нөхцөл байдал намжуу байх үед ачаа тээвэр хэвийн үргэлжилж, дундын зуучлагч гэж ерөөс байсангүй. Гэвч Монголын талын халдвар хамгааллын дэглэм сул, хариуцлагагүй байдлаас болж Эрээн хот боомтоо хаасан. Бүтэн улирлын турш бөөгнөрсөн ачаа тээврийг нэвтрүүлэх сургаар л дундын зуучлагчид гарч ирсэн байдаг. Үүний нэг том төлөөлөл нь саяхныг хүртэл дуулиан тарьсан “Үндэсний тээврийн корпораци”. Ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй шууд хил дээр томилогдож, салбарын сайдын хамаарал бүхий гэх баримтууд дэлгэгдсэн тус корпораци ямар нэгэн тээвэрлэлт хийхгүйгээр жолооч нараас зуучлалын хөлс гэж чингэлэг тутмаас 220.000 төгрөгийн хураамж авахаар зэхсэнээ дуулгаж баахан маргаан дэгдээсэн. Энэ ханшаар бол нэг сард 11 сая төгрөг, жилд 300 гаруй сая төгрөг жолооч нараас авах тооцоо ч олон нийтийн анхаарлыг татаж байв. Жолооч нараас авч байгаа энэ хураамж ард түмний нуруун дээр ачаа болж нэмэгдэнэ.
Эрээн-Замын-Үүдийн боомт дээр дундын зуучлагчид Үндэсний тээврийн корпорациар тогтохгүй олон байдаг аж. Ачаа тээвэр хэвийн үргэлжилж байх үед нэг куб метр ачаа 250 юань байсан бол халдвартай холбоотой тээвэрлэлт багассанаар 800 юань болж нэмэгдсэн байдаг. Энд дунд дундын зуучлагчид нэмэгдсэн гэсэн үг.
Түүгээр зогсохгүй хил хаагдсан гурван сарын хугацаанд гурав дахин нэмэгдэж 2200 юань хүрээд байна. Дундын зуучлагчид БНХАУ-ын талын чингэлэг тээвэр хариуцдаг “Синотранс” компанийн чингэлгүүдийг бүгдийг нь түрээсэлчихдэг. Тэгээд л наймаа эрхлэгчдэд дамласан үнээ хэлдэг. Угтаа худалдаа эрхлэгч “Синотранс” компаниас үндсэн үнээр нь чингэлгээ захиалдаг байсан. Үүнийг Илтгэх хуудаст ч тодорхой бичжээ. Өөрөөр хэлбэл, эдүгээ 45-60 мянган юань хүрчихээд байгаа чингэлэг ердийн үед 8-12 мянган юань байсан гэж.
Тэгвэл БНХАУ-ын талаас тавьж буй дундын зуучлагчдыг зогсоох шаардлагатай юу. Энэ талаар эх сурвалжуудын байр суурийг сонирхлоо.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин: Чингэлэг тээвэр жигдэрсний дараа дундын зуучлалын асуудлыг харах ёстой
-Засгийн газар инфляцид нөлөөлөөд байгаа импортын бараа бүтээгдэхүүнийг яаж хамгийн бага өртгөөр Монгол Улс руу оруулж ирж болох тал дээр анхаарч байгаа. Дундын зуучлагч гэдэг бас л бизнес эрхэлж байгаа хүн. Тэднийг яг одоо харлуулах нь өрөөсгөл байх. Гэхдээ үндэслэлгүйгээр үнийг хэт их хөөрөгдөж, иргэдээс, бизнесийнхнээс зуучлалын хөлс авна гэдэг дээр анхаарч байгаа. Холбогдох талууд ажиллаж байна. Өнөөдрөөс /өчигдөр/ чингэлэг тээвэр эхэлж байгаа учраас жигдрэх хугацаа хэрэгтэй. Тэгж байж хэн хаана үнэ өсгөөд байгаа бодит зураг харагдана.
Хаана нь үнэ өсгөөд байгааг тодорхой болгох ёстой. Гэхдээ хүмүүсийн ам дамжиж яриад байгаа шиг бүх ачаан дээр хэт өндөр үнэ яваад байгаа юм биш. Эрээн талд бүтэн чингэлэг авчихаад хувь хүмүүсээс жижиг ачаа авахдаа үнэтэй дүн хэлсэн мэдээллүүдийг бид авсан. Нийтээрээ яриад байгаа шиг нөхцөл байдал гайгүй.
Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны үйл ажиллагаа хариуцсан ажилтан Д.Нацагдорж: Тээвэр зуучлагчид дур мэдэж үнэ нэмдэггүй
-Тээвэр зуучлагчид өөрсдөө дур мэдэж үнэ нэмээд байгаа асуудал биш. Бид өмнөх үнээрээ тээврээ хийгээд явж байгаа.
Автын тээвэр зогссон учраас төмөр замаар ачаа бараа хэвийн явж байна. Үнэ өсч байгаа шалтгаан дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотой. Энэ Монголд маш их нөлөөлж байна. Хил гааль хаалттай байгаа учраас тээвэр хийх чингэлэг, автомашины олдоц муу байгаа шүү дээ. Тиймээс үүнийг тээвэр зуучлагчтай холбож, дундын зуучлагчийг үгүй хийнэ гэдэг байж болохгүй асуудал.
Тээвэр зуучлагчид бол барааны гаалийн бүрдүүлэлт, ачаа барааны даатгал зэрэг гол зүйлийг хариуцдаг. Хэрэв байхгүй болчихвол бараа бүтээгдэхүүний импорт замбараагаа алдаж, ачаа бараа алга болох, эвдэрч гэмтэх зэргээр олон асуудал үүсэх байх.
Худалдаа эрхлэгч Г.Ганбат: Халдвар хамгааллаа сахиж, дундын зуучлагчдыг үгүй хийх ёстой
-Дундын зуучлагч манайд байх шаардлагагүй. Манай тал халдвар хамгааллын дэглэмээ барьж чадахгүй байгаагаас эхэлсэн асуудал шүү дээ. Манай лабораториуд халдварыг үнэн зөв шинжилж чаддаггүй, жолооч нар нөгөө талд гараад эерэг болчихдог. Ингээд хил гааль хаагдаж, урт хугацаагаар ачаа бараа бөөгнөрч эхэлсэн.
Ингэх тусам ачаа барааны тээврийн үнэ өсч, дунд нь зуучлагчид гарч ирсэн. Л.Халтар сайдын хамааралтай “Үндэсний тээврийн корпораци” гэгч ямар ч шалгаруулалтгүйгээр гарч ирээд БНХАУ-ын төрийн өмчит компанитай гэрээ хэлэлцээр хийж байна. Тэд чинь дундын зуучлагчид. Дээр нь Хятад талаас чингэлэг түрээсэлж, монголчуудын барааг ачих нэрээр үнэ өсгөж байгаа зуучлагчид бас бий.
Тэгэхээр ерөөсөө л хил гаалийнхаа халдвар хамгааллыг өндөр сахиж, дундын зуучлагчдыг үгүй хийж, чингэлэг тээвэр гэгчээ болиулан өмнөх жишгээрээ тээврээ хийгээд явах хэрэгтэй гэв.
Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас ирсэн Илтгэх хуудаст дээрх дундын зуучлалын асуудлыг хөндсөнөөс гадна “Хуа Гүнсян өргөн царигийн ачилтын терминал”-ыг өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-ын тал ашиглалтад оруулсан бөгөөд манайхтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Тус терминал нь өргөн царигаар жилд гурван сая тонн ачаа нэвтрүүлэх хүчин чадалтай. Автозамын тээврээс хоёр дахин хямд өртөгтэй, үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон зэрэг ачаа бараа тээвэрлэх ажлыг шуурхай хийж болох бусад саналуудыг ч дурдсан байлаа.
Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүн В.Удвалтай ярилцлаа.
-АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ХЭСЭГ ХҮМҮҮСЭЭС БОЛООД ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧИЛНӨ ГЭДЭГ БАЙЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛ-
-Ардчилсан үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Тус Үндсэн хууль өмнө нь батлагдаж байсан Үндсэн хуулиудаас юугаараа онцлог вэ?
-Хүн төрөлхтний түүхэнд ардчилсан Үндсэн хууль, ардчилсан бус Үндсэн хууль хэмээн Үндсэн хуулиудын мөн чанартай холбоотой асуудлуудыг нэлээд хөндөж тавьдаг л даа. Бидний ярьж байгаа 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулийн тухайд өмнө нь баталсан гурван удаагийн Үндсэн хуулиасаа зарчмын хувьд хэд хэдэн онцлог, ялгаатай зохицуулалтуудыг оруулж өгснөөрөө онцлог. Шинэ Үндсэн хууль батлагдахаас өмнө дагаж мөрдөж байсан Үндсэн хуулиудын тухайд нэг намын систем ноёрхсон, тухайн нийгмийн бүтэц тогтолцоо ч өөр байсан үед мөрдөгдөж байсан. Тиймээс нийгмийн тогтолцоогоо дагаад өөр өөрийн үүргийг чамлахааргүй гүйтгэсэн. Монгол Улс 1924, 1940,1960,1992 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталсан түүхтэй. Тэгэхээр 1992 оны Шинэ Үндсэн хуулийн тухайд бусад Үндсэн хуулиудаас ялгагдах гол онцлог нь Үндсэн хуульт ёсыг суулгаж өгсөн. Үндсэн хуульт ёс журмыг сайтар харж, тэр хүрээнд нь Үндсэн хуулийг баталсан гэж үздэг. Үндсэн хуульт ёсонд нэгдүгээрт, хүний эрх дээдлэгдсэн байх ёстой зарчим буюу ардчилсан зарчим багтдаг. Бид хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой заалтуудыг Шинэ Үндсэн хуульдаа сайтар тусгаж чадсан боловч түүний хэрэгжилтийг хангах механизмыг сайн олж хараагүйгээс болоод одоо зарим нэг хүндрэлтэй асуудлууд гарч ирж байгааг үгүйсгэхгүй. Үндсэн хуульт ёсны хоёр дахь ёс нь төр, иргэн хоёрын харилцаа нийгмийн хамгийн суурь харилцаа байх ёс юм. Төр иргэн хоёрын хоорондын харилцааг хуулиар зохицуулагдах ёстой гэж үздэг. Эндээс хууль дээдлэх ёс, хууль дээдлэх зарчмын тухай ойлголт үүсдэг. Үүнээс улбаатайгаар хоёр талын хоорондын харилцааг зохицуулж байгаа хууль нь ямар байх вэ гэдгийг хөндөж тавьж байгаатай холбоотойгоор хууль дээдлэх ёс, хуулийн хүрээнд байх, хуулийн дагуу байх гэх мэт зарчмыг Үндсэн хуульдаа суулгаж өгсөн. Шинэ Үндсэн хуульд Монгол Улсын иргэн бүр тус хуулийг дагаж мөрдөхөөр заасан нь нийгмийн суурьт харилцаагаа хуулиар зохицуулж, түүнийгээ дээдлэх зарчим хэрэгжиж байгаагийн илрэл. Гуравдугаарт, иргэн харилцааг зохицуулж байгаа учраас төр өөрийн эрх мэдлийг хязгаарлах ёс юм.
-Шинэ Үндсэн хуулиар нэг байгууллагад төвлөрсөн эрх мэдлийг саармагжуулж өгсөн гэдэгтэй та санал нийлэх үү?
-Санал нийлнэ. Төрийн эрх мэдлийг нэгдүгээрт, хууль тогтоох, хоёрдугаарт, тогтоосон хуулийг гүйцэтгэж биелүүлэх, гүйцэтгэж биелүүлж байх явцад хэрвээ зөрчигдөх юм бол шүүж шийдвэрлэх гэсэн гурван эрх мэдэлд хуваасан. Зөвхөн хуваарилаад орхихгүй, нэг нь нөгөөгөө хянаад, тэнцвэрт байдлыг бий болгодог энэхүү ёс, зарчмыг бол бий болгосон. Үүгээрээ өмнөх үндсэн хуулиудаасаа ялгаатай. Шинэ Үндсэн хуульд тусгагдсан бас нэг гол ёс нь юу байдаг вэ гэхээр нийгмийн харилцаанд шударга ёсны зарчим үйлчлэх ёстой хэмээн заасан. Шударга ёсны зарчмын дагуу төрийн эрх мэдлийг шударга хуваарилснаар хүний эрхийг дээдэлж, түүнийг баталгаатай хангахыг зорьсон. Тиймээс шударга ёсны баталгааг хангадаг байгууллага байх ёстой хэмээн үздэг. Төрийн гурван эрх мэдлээс шүүх эрх мэдэл шударга ёсны, хүний эрхийн үндсэн баталгаа нь болох учиртай. Үүнээс улбаатайгаар цоо шинээр ямар ухагдахуун бий болсон бэ гэхээр Үндсэн хуулийг өөрийг нь зөрчвөл яах юм бэ гэсэн ойлголт гарч ирсэн. Үндсэн хуулийг зөрчих юм бол Үндсэн хуулийн баталгааг бий болгодог байгууллага байх ёстой гэж үзсэн.
-Үндсэн хуулийн баталгааг хангадаг олон улсын туршлага юу вэ. Манайд Үндсэн хуулийг ҮХЦ хамгаалах үүрэгтэй биз дээ?
-Манай улсын тухайд таны хэлсэнчлэн Үндсэн хуулийн Цэцийг хэлж байгаа хэрэг. Үндсэн хуулийн баталгааг бий болгодог байгууллага дэлхий дахинд гурван янз байдаг. Нэгдүгээрт, шүүхийн журмаар ажилладаг, түүн дотроо ердийн шүүх, тусгайлсан шүүх хэмээн хоёр хуваагддаг. Тусгайлсан шүүхээр зөвхөн үндсэн хуулийн маргаантай асуудлыг шийддэг.Хоёрдугаарт, шүүхээс өөр байгууллага, Үндсэн хуулийн асуудлыг хянана хэмээн үздэг. Тухайлбал, Францад Үндсэн хуулийн зөвлөл гэж бий. Тус зөвлөл нь Үндсэн хуультай шинээр батлагдан гарч байгаа хуулиуд зөрчилдөж байгаа эсэхийг урьдчилан хянадаг. Ингээд Үндсэн хуультай зөрчилдөж байгаа бол асуудлыг парламент руугаа оруулдаг. Үндсэн хуулийн Цэц нь дунд суудлын байгууллага Франц улсын Үндсэн хуулийн зөвлөлтэй адил хууль батлагдахаас өмнө Үндсэн хуультай зөрчиллдөж байгаа эсэхийг хянаж үздэг. Ингээд Үндсэн хуультай зөрчилдсөн бол ийм зүйл заалтыг ингэж зөрчсөн байна гэдэг саналаа парламентад эхлээд оруулдаг. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг УИХ хүлээж авч болно, хүлээж авахгүй ч байж болно гэж үздэг. Угтаа Үндсэн хуулийн Цэц зөрчил байна гэсэн санал гаргасан л бол хүлээж авах ёстой байхгүй юу. Гэтэл бодит байдал дээр ерөөсөө хүлээж авах боломжгүй гэчихдэг. Ямар үндэслэлээр яагаад хүлээж авах боломжгүй гэдгээ тогтоолдоо бичиж байх ёстой. Судлаад үзэхээр ихэвчлэн ийм тогтоол байдаггүй.
-Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Харин одоо тус нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаар ҮХЦ-д зарим гишүүд гомдол гаргаад байна. Манайх Үндсэн хуульд ямар тохиолдолд өөрчлөлт оруулаад байна вэ?
-Шинэ Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тухайн нэмэлт, өөрчлөлтөөр 30 гаруй заалтуудад өөрчлөлт оруулсан. Тэдгээрийн нэг нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх эсэх тухай асуудал. Уг асуудал маш их маргаан дагуулдаг. Энэ асуудлаас үүдэн хоёр удаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Тухайлбал, 1999 онд шинэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, 2000 онд дахин баталсан өөрчлөлтөөр хамгийн гол өөрчлөгдсөн зүйл заалт мөн л дээрх асуудалтай холбоотой байсан. Гэтэл Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр 39 дүгээр зүйлд Засгийн газар, Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно хэмээн заасан. Өмнө нь Засгийн газрын бүх гишүүн нь УИХ-ын гишүүн байх боломжтой байсан. Гэтэл дээр дурдсан өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын дөрвөн гишүүн нь Засгийн газрын гишүүн байхаар тоо зааж өгсөн нэмэлт, өөрчлөлт оруулчихсан. Энэ заалт өнгөрсөн хоёр жил маргаантай асуудал үүсгэж байна. Өөртөө эрх мэдлийг төвлөрүүлэх гэсэн ийм санаанаас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх асуудал улбаатай байдаг нь харагддаг. Үнэндээ өөрийн хүлээсэн үүрэгт ажлаа хийж чадахгүй байгаа хэсэг бүлэг хүмүүсээс болоод Үндсэн хуулиа өөрчилнө гэдэг бол байж боломгүй зүйл. Энэ асуудал намайг хамгийн ихээр эмзэглүүлдэг. Тухайлбал, 1999 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнө зарим нэг хүмүүсийн давхар албан тушаал хаших санаанаас үүдэлтэйгээр УИХ-ын гишүүний Эрх зүйн байдлын тухай хууль, УИХ-ын тухай хууль, УИХ-ын Дэгийн тухай хуульд ийм санаархал орж ирэхэд ҮХЦ хүчингүй болгож байсан. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан заалтыг одоо дахиад хүчингүй болгох талаар ярьж байгаа бол төрийн бодлого харалган байгааг л харуулж байна. Энэ бол алсыг харж чадахгүй, өнөө маргаашийн өөрсдийн эрх ашгийг харж байгаатай холбоотой.
-Шинэ Үндсэн хуулийг батлахдаа 430 гаруй депутат, хоёр сар гаруйн хугацаанд хэлэлцэж, нэлээд чамбай хууль баталсан гэдэг. Тэгвэл сүүлийн үед эрх баригчид өөрсдөдөө таалагдахгүй байгаа Үндсэн хуулийн заалтыг “нэмэлт, өөрчлөлт” оруулах нэрээр дураараа өөрчилдөг боллоо. Үндсэн хуулиа байнга өөрчлөх нь зөв тогтолцоо яавч биш байх л даа?
-Дээр дурдсан хууль дээдлэх ёсны талаар зүгээр ч нэг яриагүй. Үндсэн хууль болоод бусад хуулиуд тогтвортой байх ёстой. Манайхан “20,30 жил болчихсон юм чинь өөрчилье” гээд байдаг. Энэ зөв тогтолцоо биш. АНУ-ын Үндсэн хууль 200 гаруй жил тогтвортой байна. Анх батлагдсан цагаас өнөөдрийг хүртэл 29 нэмэлт орсон байдаг. Өөрчлөлт ерөөсөө байдаггүй. Оруулсан нэмэлт нь дандаа хүний эрхийг дээдэлсэн, хүний эрхтэй холбоотой асуудлаар оруулж байгаа. Гэтэл эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа хүмүүсийн эрх мэдлийг нэмэгэдүүлэхтэй холбоотой асуудлаар л Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулдаг. Үндсэн хуулийн 1999, 2000, 2019 оны нэмэлт, өөрчлөлт мөн л гуравдугаар бүлэгт орсон. Энэ бол дахиад л эрх мэдэл хаана байна тэнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санаа сэдэл үргэлжилж байдгийн тод илрэл. Үндсэн хууль тогтвортой бус байх нь нийгэмд сөргөөр нөлөөлөхөөс гадна Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн хуулийн хөгжилд сөрөг нөлөөлдөг. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэгчлэн нийгэмд олон сөрөг үр дагавар авчирдаг. Тиймээс аливаа улсын үндсэн хууль аль болох тогтвортой байж гэмээнэ нийгмийн харилцааг зохицуулах чадвар сайжирдаг.
-ҮХЦ эрх мэдэлтэй, эрх мэдлээ улам л лавшруулах гэж санаархаж байгаа нөхдүүдээс Үндсэн хуулийг хамгаалах учиртай. ҮХЦ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа хүмүүс Үндсэн хуулийнхаа хоточ нохой нь байж чадаж байгаа эсэхэд олон нийт эргэлзэж байна?
– Би ҮХЦ-ийн гишүүн байсан хүн. Тийм болохоор одоогийн ҮХЦ-ийн гишүүдийн талаар шүүмжлэх, эсвэл магтах нь ёс зүйн хувьд түвэгтэй. Ер нь ҮХЦ-ийн гишүүд ямар байх ёстой талаар санал хэлэхэд Үндсэн хуулийг сахин хамгаалдаг, Үндсэн хуулийн баталгаа болдог энэ байгууллагын гишүүн хүнд тавигдах шаардлага өндөр байх ёстой. Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн билэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн хэмээн заасан. Тэгвэл энэ баталгаа гэдэг чинь юу байх юм бэ гэдгийг хуульд тодорхой болгож өгөх хэрэгтэй. Бид Цэцийн өөрийнх нь статус, эрх зүйн байдлыг маш тодорхой болгох шаардлагатай. Цэцийн гишүүн нэгэнт Үндсэн хуулийн баталгаа болж байгаа байгууллагыг бүрдүүлж л байгаа юм бол хуульчид байх ёстой гэж боддог. Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн хоёрт, Үндсэн хуулийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэжилтэй Монгол Улсын 40 нас хүрсэн иргэнийг томилно хэмээн заасан. Тэгэхээр улс төрийн өндөр боловсрол гэдэг нь өөрөө юуг хэлж байна гэдгийг тодорхойлох шаардлагатай болсон. Хэрэв УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүн Цэцийн гишүүнээр сонгогдвол өөрийнхөө баталсан хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх нь ёс зүйн хувьд хүндрэлтэй байдаг. Тийм учраас улс төрийн өндөр боловсрол гэдэг нь УИХ-ын гишүүн байсан хүнийг хэлэх үү, магадгүй улс төрийн сургууль төгссөн хүн байх уу, улс төр судлалаар төгссөн хүн байх уу гэдгийг зааглаж, хуульчилж өгөх шаардлага. Цэцийн гишүүдийг хаанаас санал болгож сонгогдсоноос үл хамаарч тавигдаж байгаа шалгуурууд, томилогдох журмыг нь тодорхой болгочихвол иргэдийн дунд хардалт тэр бүр төрүүлэхгүй. Миний хувьд ҮХЦ-ийн гишүүнээр хуульч хүн томилдог байх нь чухал гэж үздэг.
-ҮХЦ-ийн гишүүн хүн өндөр ёс зүйтэй байх ёстой.Гэтэл томилогдсон талдаа шийдвэр гаргадаг, хэн нэгний нөлөөнд автдаг гэх асуудал гардаг шүү дээ?
-ҮХЦ-ийн гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудал бол маш чухал асуудал. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн гэдэг бол хайчин дунд ажлаа хийдэг хүмүүс. ҮХЦ-ийн гишүүнийг УИХ, Ерөнхийлөгч, Дээд шүүхээс дэвшүүлдэг. Гэтэл дэвшүүлсэн субъекттэйгээ холбоотой хөндөгдөж байгаа асуудлыг тухайн талд ашигтай байдлаар шийдэхгүй бол дахин ҮХЦ-ийн гишүүнээр сонгогдох магадлал нь маш бага байдаг. ҮХЦ-ийн гишүүн хараат бусаар, айдасгүйгээр ажлаа хийх ёстой. Гэтэл хуулийн дагуу шударгаар ажилласныхаа төлөө дахиж сонгогдох боломжгүй болдгийг өөрчлөх ёстой. Үгүй бол томилогдсон талдаа ҮХЦ-ийн гишүүд барьцаалагдах тохиолдол анзаарагддаг.
-ҮХЦ-ийн гишүүд Үндсэн хуулийн хамгаалагчийнхаа үүргийг үнэнчээр биелүүлбэл дан болон давхар дээлний асуудлаар гаргасан гомдлыг Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн үзэх бүрэн боломжтой юу?
-Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй” хэмээн заасан. Үүнийг ҮХЦ-ийн гишүүд сайтар ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хоёр жилийн дараа дахин өөрчлөх асуудал ярьж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий. Тус хуульд Үндсэн хуульд өөрчлөгдөж орсон заалтыг найман жилийн дотор өөрчилж болохгүй хэмээн заасан. Хууль дээдэлдэг, хууль журамтай улс юм бол үүнийгээ л барих ёстой. Хэн нэгэн хүн, би одоо дахиад нэг албан тушаал авмаар байна гэхээр нь түүнийх нь дагуу хуулиа өөрчилдөг орон хөгжиж чадахгүй. Албан тушаалын зодоон дээр улс орон маань нурна л гэсэн үг.
-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотой оруулсан заалтыг найман жилийн хугацаанд өөрчилж болохгүй гэдгийг мэдсээр байж өөрчлөх оролдлого хийж байгаа энэ үед ҮХЦ-ийн гишүүд чухал үүрэг хүлээх нь ээ?
-ҮХЦ-ийн шийдвэр гарахаас өмнө ямар нэгэн байдлаар тэдэнд нөлөөлөх худал үнэн нь үл мэдэгдэх мэдээлэл цацагддаг л даа. Гэхдээ би ҮХЦ-ийн гишүүдийг ийм нөлөөнд автахгүй ажиллаж, шийдвэр гаргах боломжтой хүмүүс л гэж хардаг. Манай улсад мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн орчноор аваад үзвэл ҮХЦ гомдлыг хүлээж авах боломжгүй. Энэ бол Монгол Улс оршин тогтнох уу, эс орчин тогтнох уу гэдэгтэй холбоотой асуудал. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэг дараагийн сонгуульд ялах тухай ойлголт биш. Үндсэн хууль бол эцэг хууль. Энэ хууль тогтворгүй байх юм бол нийгэм өөрөө тогтворгүй болох аюулыг бий болдог. Ардчилсан Үндсэн хуульд улс төрийн ашиг сонирхлоор оруулсан заалтууд огтхон ч ороогүй. Тийм учраас Үндсэн хуулийг тогтвортой байлгах асуудал миний болоод, дараагийн үеийнхний үүрэг. Энэ асуудалд нийт иргэд, мэргэжлийн хүмүүс, улстөрчид бүгд нэг зүг рүү харж өөрсдийн эрх ашгаас улс орны эрх ашгийг дээгүүр тавих шаардлагатай. Бид Үндсэн хуулийн шинэчлэлээ 1992 онд хийсэн. Энэ шинэчлэл дээр тулгуурлаж цааш явна. Залуучууд юмыг шинэчлэх бол сайн. Тэгэхдээ энэ шинэчлэл хүн төрөлхтний жам ёсноос, хүн төрөлхтний явж ирсэн замналаас гажууд байх нь буруу. Хүн төрөлхтний явж ирсэн ёс журам, зам мөр гэдэг бол буруу, зөвийг өөртөө шингээж үеийн үед хөгжиж ирсэн.
П.БАТЗАЯА
Аргын тооллын нэгдүгээр сарын 13, Бархасбадь гариг. Билгийн тооллын 11, нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 8:38 цагт мандан, 17:23 цагт жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 33-38 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 27-32 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 21-26 градус, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр 13-18 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.
“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Банкууд орлого талынхаа
зээлийн хүүг бууруулах сонирхол
байхгүй байна” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.
Эдийн засагч, шинжээч Г.Батзориг “Гуравдагч хөршийн хөрөнгө
оруулалтыг мега төслүүддээ татаж байж л
эдийн засаг дархлаажина” гэв.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Явган зорчигчийн дүрэм” нийтлэл хэвлэгдлээ.
Эрүүл мэндийн сайдын
зөвлөх О.Батбаяр “Цагаан сараар айл
хэсэх нь өндөр настан болон
маш олон хүүхдийн амь насанд
эрсдэл учруулна” хэмээн ярьсныг III нүүрээс уншаарай.
Багшдаа зодуулсан
сурагчийн ээж П.Туяа “Хүүг минь ийм болтол нь зодсонд
үнэхээр гомдолтой байна” хэмээв.
“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт “Нүүрсэн яндангийн ченжүүд барааг нь хураасан
ГЕГ-тай шүүхдэж, бусдын эрүүл мэндийн эсрэг
ноцтой гэмт хэрэг үйлдсээр байна” хэмээн өгүүллээ.
Улсын бүртгэлийн
ерөнхий газрын Иргэний
улсын бүртгэлийн газрын
ахлах мэргэжилтэн Н.Наранцэцэг “Иргэний бүртгэлийн дугаартай байна гээд иргэний
регистрийн дугаарыг халахгүй” гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.
Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 86888990 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ
Ашигт малтмал газрын тосны газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжийн агуулахад өнөөдөр шалгалт хийлээ.
Энэ үеэр шатахууны чанарын тухай АМГТГ-ын нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Төмөр “Агуулахаас гарч байгаа шатахуун дамжуулдаг хоолой нь ёроолоосоо дээш өндөрт буюу стандартын хэмжээтэй байрладаг. Иймд ямар нэг механик хольц буюу ус хүндийн жинтэй учраас доороо тунаж үлдэх ёстой.
Тиймээс шатахуун устай холилдоно гэдэг ойлголт байхгүй. Энэ бодлоо иргэд авч хаях хэрэгтэй. Хэрвээ тийм байсан бол өнөөдрийн ийм хүйтэн үед ус дороо тунаад үлдчихнэ шүү дээ.
Мөн агуулах савнаас гарч байгаа хоолой бүр шүүлтүүртэй тул ус ч байсан, механик хольц ч байсан автомашинд орохгүй.
Иймд тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-үүд чанаргүй бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа гэдэг нь ташаа ойлголт” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулав.
Мөн АМГТГ-ын шинжээч “Лабораторийн шинжилгээгээр автобензинд 13 үзүүлэлт, дизель түлш дээр 16 үзүүлэлтийг хэмждэг.
Шинжилгээгээр өөрчлөлттэй гарч болох ч яг ийм зүйл нэмсэн гэдгийг гаргах боломжгүй. Дээрх үзүүлэлтийн аль нэг дээр нь өөрчлөлттэй гарвал шууд тухайн бүтээгдэхүүнийг шаардлага хангахгүй байна гэж дүгнэдэг.
Мөн хадгалалтын горим алдагдвал үзүүлэлтүүдэд өөрчлөлт орох боломжтой” гэдгийг тайлбарлав.
Арилжаагаар 38 хувьцаат компанийн 1,428,075,248 төгрөгийн үнийн дүн бүхий 1,565,246 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцаа ханш тогтвортой байна.
Үүнээс “Даваанбулаг” ХК (DBL +15.00%), “Монгол Базальт” ХК (MBW +6.28%) болон “Говь” ХК (GOV +6.12%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Мандал даатгал” ХК (MNDL -9.82 %), “Улсын их дэлгүүр” ХК (UID -8.28 %) болон “Тандэм инвэст” ХК (VIK -6.45%) хувьцаа хамгийн их уналттай байв.
Хөрөнгө оруулалтын хоёр сангийн нийт 25,176 ширхэг нэгж эрх 17,186,428 төгрөгөөр, нийт 496 ширхэг компанийн бонд 49,599,950 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
ТOP-20 индекс 1.66% хувиар буурч 42678.93 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,874,081,509,229 төгрөг боллоо.
Залуу уран бүтээлч Буянжаргалын Пүрэвдоржийн бие даасан анхны уран бүтээлийн “Өнгө тунамал” үзэсгэлэн энэ сарын 15-нд Монгол арт галерейд нээгдэнэ.
Үзэсгэлэнгийн онцлог нь баримал, бэхэн зураг хосолсоноор онцлог юм. Ялангуяа Монгол адууны шинж төрх гэхээс илүү адууны зан үйлийг агшин, аж байдлаар илтгэж байгаа аж. Тодруулбал, хөрвөөх, суниах, эвшээх гэх мэт.
Мөн Монголчуудаа морьтойгоо харьцах харилцаа болон морь, хүн хоёрын дурсамжийг бүтээлдээ илүү шингээжээ. Бэхэн зургийн хувьд мөн л хүн, адуу хоёрын тухайн үеийн сэтгэл хөдлөлийг дүрсэлсэн байна.
Б.Пүрэвдорж нь Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат бөгөөд тэрбээр өөрийгөө Дүрслэх урлагтай хожимдож холбогдсон гэв. Удамд нь мэргэжлийн зураач, барималч хүн байхгүй ч гэсэн ээжийнх нь талд гарын уртай хүмүүс байдаг гэв.
Хүний сэтгэл хөдлөл, хүсэл мөрөөдөл хязгаарлагддагүй учир дүрслэх урлагийн мэргэжлийг сонгосон байна.
“Өнгө тунамал” үзэсгэлэн энэ сарын 25 хүртэл үргэлжлэх аж.