Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Ковидын 2279 тохиолдол бүртгэгдэж, 3 хүн нас барав

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 2279 тохиолдол бүртгэгджээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 1752 нь Улаанбаатар хотод, 516 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 11 тохиолдол батлагдсан байна.

Архаг хууч өвчтэй, ковид хавсарсан оноштой 3 хүн нас баржээ.

Гэрийн хяналтад 17927 хүн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 5390 иргэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Тавдугаар сарын 1-нээс төрийн өмчит компаниудын бүх мэдээлэл шилэн болно” гэв

Тавдугаар сарын 1-нээс төрийн өмчит компаниудын алдагдал, орлого, өр төлбөрийн бүх мэдээлэл шилэн болох талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хуулийн бодлогын газрын дарга П.Сайнзориг мэдээлэл өглөө.

Мөн тэрбээр Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өөрчлөлт оруулах хуулиудын тухайд “Багцлаад хэлэхэд эдийн засгийг өндийлгөх нэг салбар нь уул уурхай. Тус салбарын хууль эрх зүйн орчныг тодорхой болгохоор ажиллаж байна. Лиценз олголт, орон нутгийн оролцоо зэргийг ойлгомжтой болгосноор хөрөнгө оруулалтыг татах боломж бүрдэнэ. Концессын бус шинжтэй төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг илүү оруулж ирэхээр ажиллаж байна.

Мөн Тендерийн хууль бий. Уг хуулиар кластераар бизнес хийж буй дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжье гэсэн томоохон зорилтууд орж ирж байгаа. Татварын асуудал бас бий. Зарим татварыг богино хугацаанд хойшлуулах арга хэмжээг Засгийн газраас авах гэж байгаа. Хувийн хэвшлээ дэмжих бодлогоор хууль эрх зүйн орчноо шинэчлэх юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн цахимжилтын дөрвөн хууль батлагдсан. Тавдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Төрийн өмчит компаниудын зарцуулалт бүгд ил болж байгаа. Ямар нэгэн байдлаар нуух зүйл байхгүй. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн албаны нууцын хязгаарлалтыг багасгаж байгаа. Ажлын хэсгийг гаргасан” гэв.

Categories
мэдээ нийгэм

​Гал түймэртэй тэмцэх байгууллагын 100 жилийн ой өнөөдөр тохиож байна

1922 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн Ардын Засгийн газрын 35 дугаар тогтоолоор Галын аюулаас хамгаалах байгууллагыг байгуулж байсан түүхтэй. Тэгвэл өнөөдөр Онцгой байдлын байгууллагын үндэс суурь болсон Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баяр тохиож байна.

Түүнчлэн 1999 онд Галын аюулгүй байдлын хуулийн төслийг боловсруулан УИХ-аар батлуулснаар Гал түймэртэй тэмцэх байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдэж, ой хээрийн болон объектын түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах, шалтгаан нөхцөлийг тогтоох, гал түймрийн хэрэг бүртгэх ажлыг хариуцан Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гал түймэртэй тэмцэх газар болгон зохион байгуулжээ.

Харин Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн анхдугаар хуралдаанаар тус газрыг Онцгой байдлын ерөнхий газрын бүтцэд нэгтгэсэн юм.

Сүүлийн жилүүдэд Засгийн газрын тогтоолоор Гал түймэр унтраах аврах анги,эрэн хайх аврах салбар, бүлгийг шинээр байгуулж, Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүний тоог 40 орчим хувиар нэмэгдүүлсэн байна.

Мөн Монгол Улс, Австри, Беларусь, Солонгос, Хятад, Польш, Франц, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд Онцгой байдлын байгууллагын гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийн чадавх 50 хувиар нэмэгдсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Ч.Хүрэлбаатар Хаан банкны хувьцааг шалгах ажлын хэсэгт орсон нь ашиг сонирхлын зөрчилтэй юү

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар Хаан банкны хувьцаа, хөрөнгө оруулалтын асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа. УИХ-аас байгуулагдсан шалгах ажлын хэсгийг ахлахаар болсон. Түүний ийнхүү анхаарал хандуулах болсон шалтгаан нь хувийн ашиг сонирхолтой нь холбоотой. Түүнийг Хаан банкны хувьцаа, арилжааг шалгах ажлын хэсэгт оруулсан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна. Хэрхэн ашиг сонирхлын зөрчил үүсэж байгааг баримтаар нотолж болно.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар болон Хаан банкны 40 хувийг эзэмшиж байгаа Ц.Баатарсайхан нар бизнесийн нэг ашиг сонирхолтой. Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гантулга болон Ц.Баатарсайхан нар “Би Жи Пит” нэртэй компанийг 2010 оны нэгдүгээр сарын 27 -нд үүсгэн байгуулжээ.

Гадаад худалдаа, машин механизмын тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс болон уул уурхайн тоног төхөөрөмж худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энэ компани бол Ч.Хүрэлбаатар болон Ц.Баатарсайхан нарыг 12 жилийн хугацаанд нэг ашиг сонирхолтой байгаа гэдгийг харуулна.

Энэ мэдээлэл гарч эхэлсний дараа Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гантулга олон нийтийн сүлжээнд “Би Жи Пит” компаниар нэг ч төгрөгийг ашиг олоогүй гэж мэдэгдсэн. Мөн баримт болгож өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 4-нд Татварын ерөнхий газраас гаргасан албан бичгийг хавсаргажээ. Тус албан бичигт “Би Жи Пит” хэмээх компанийг улсын бүртгэлээс хасах жагсаалтад орсон гэжээ. Тухайн үед Ч.Гантулга болон Ц.Баатарсайхан нарын бизнесийн ашиг сонирхолтой гэдгийг энэ компани нотлоод байсан учир бүртгэлээс хасах арга хэмжээ авчээ. Бүртгэлээс хасах үйл явц нь бүрэн дуусаагүй байсан гэсэн үг. Хамааралтай гэдэг нотолгоогоо хуулийн дагуу, яаруу сандруу устгаж байна гэж ойлгож болно. Гэхдээ X тайлан гаргадаг “Би Жи Пит” компани улсад татвар төлдөггүй ч Ч.Гантулга болон Ц.Баатарсайхан нарт ашгаа өгсөн. Тодруулбал Дундговь аймгийн Баянжаргал сумын нутагт Авдарын говь гэдэг газар 11174.7 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авч байжээ.

“Би Жи Пит” компани байгуулагдаад гурван сарын дараа хайгуулын тусгай зөвшөөрөл авчээ. Улсад татвар төлөөгүй ч Монгол улсын 33 говийн нэгийг ухах, хайгуул хийх зөвшөөрөл авсан гэсэн үг. Өмнө нь Хотгор шанагийн уурхайг Солонгосчуудад худалдаад олон сая долларын ашиг олж амташсан Ч.Гантулга “Би жи пит” компаниар дамжуулан Ц.Баатарсайхантай хамтарсан байна. Үүнийг бизнесийн ашиг сонирхол гэж нэрлэж болно.

Улсын бүртгэлд байгаа албан ёсны бүртгэлээс гадна үг үйлдлээр нь Ч.Хүрэлбаатар болон Ц.Баатарсайхан нар нэг ашиг сонирхолтой гэдгийг нотолж болно. Тодруулбал, Ч.Хүрэлбаатар 2019 оны нэгдүгээр сарын 25-нд Сангийн сайдаар ажиллаж байхдаа Хаан банкны 60 хувийг эзэмшдэг Савада Хидео руу хууль бус албан бичиг илгээсэн байдаг. Хууль бус гэж тодорхойлох болсон шалтгаан нь 11/386 тоот албан бичиг хоёр өөрөөр бичигдсэн. Нэг нь иргэнийг шагналд тодорхойлох тухай Монголоор бичсэн бол нөгөө нь Хаан банкны 60 хувийг эзэмшигч Савадаа Хидео руу англиар илгээсэн бичиг. Одоо Сангийн яамны архивт зөвхөн Монгол хэлээр бичсэн нь хадгалагддаг. Харин хууль зөрчсөн англи хэл дээрх бичгийг албан тушаалын гэмт хэргээ нуухын тулд устгасан гэсэн үг.

Ноён Савада Хидео руу илгээсэн хууль бус бичигт анхаарал татах хоёр хэсэг байгаа. Нэгдүгээрт, Хаан банкны хувьцаа эзэмшигч “Таван богд” групп компаниас гаргасан Хаан банкны хувьцааг танай болон “Таван богд” группийн хүлээн зөвшөөрөх бүтцийн дагуу худалдан авах саналыг Монгол улсын засгийн газар бүхэлд нь дэмжиж байгаа гэдгийг илэрхийлмээр байна. Хоёрдугаарт, “Дээрх зүйлүүдийг өөрийн анхааралдаа авч бүх талуудыг оролцуулсан Монгол Улсын засгийн газрын хүлээн зөвшөөрсөн харилцан ашигтай нөхцөл байдлыг бий болгоно уу хэмээн танаас хүсэж байна. Үүнтэй холбогдуулан бид “Таван богд” группийг танай компанитай үр дүнтэй хэлэлцээр хийж үргэлжлүүлэхийг хүссэн болно. Уг хүсэлтийн талаар тодруулга авах бол над руу биечлэн хандаж болно” гэжээ. Энэ хоёр хэсэг Ч.Хүрэлбаатарын албан бичгийн гол зорилго. Нэг дэх хэсэгт “Таван богд”-ыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хоёр дахь хэсэг нь “Шаардлагыг биелүүл. Биелүүлэхгүй бол ямар нэг байдлаар саад болно. Хэрэв ойлгохгүй, тодруулах зүйл байвал биеэр уулз” гээд дарамталсан гэсэн үг.

Ч.Хүрэлбаатарын энэ сүрдүүлгийг Савада Хидео үл тоосон. Үл тоосныхоо хариуг өнөөдөр ч хүртэж байгаа. Тодруулбал, 2019 оноос хойш Хаан банкны 60 хувийн хувьцаагаа зарах гээд чадаагүй. Тодруулбал, “Савада холдингс” компанийн ТУЗ-өөс өөрийн хувьцаагаа Upsilon Fund, meta capital хэмээх хоёр компанид худалдах шийдвэр гаргасан. Монгол банкнаас 2020 оны хоёрдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20-ны хооронд худалдан авалтыг зохион байгуулахаар товлосон байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилж нийт 35 удаа хойшилсны эцэст 2021 оны зургадугаар сарын 29- нд худалдан авалт цуцлагдаад ор сураггүй болсон. Магадгүй хувьцаагаа “Таван богд” группт зарах Ч.Хүрэлбаатарын шаардлагыг зөвшөөрсөн бол асуудал аль эрт шийдэгдэх байсан биз.

Төрийн сайдын албан бичгийг хууль бусаар үйлдэж, өөрт хамаарахгүй чиг үүргийн дагуу хөрөнгө оруулагчийг дарамтлахаас өөрөөр Ч.Хүрэлбаатар, Ц.Баатарсайхан нар ашиг сонирхол нэгтэй гэдгийг нотлох шаардлагагүй. Эрүүл ухаанаар, нухацтай бодоод үзэхэд бүх зүйл ойлгомжтой байна. Харин Ч.Хүрэлбаатар Ц.Баатарсайханаар дамжуулсан өөрийн бизнесээ хамгаалж байна уу. Эсвэл Ц.Баатарсайхан УИХ-ын гишүүнийг “бие хамгаалагч” болгон ашигладаг уу. Аль нь ч байсан арилжааны банкны хувьцаа эзэмшилд онцгой анхаарал хандуулж байгаа Ч.Хүрэлбаатар өөрийн ашиг сонирхлыг нэн түрүүнд тавьсан гэдэг нь тодорхой байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Увс аймагт зарим арга хэмжээг хориглох шийдвэр гарлаа

Увс аймгийн Онцгой комисс хуралдаж ирэх сарын 10-ыг хүртэл олон нийтийн арга хэмжээ, жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргажээ. Тухайлбал, хүнсний зах, барилгын материалын дэлгүүрийг 10:00-18:00 цаг хүртэл, худалдааны төв, хүнсний дэлгүүрийг 08:00-22:00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргасан байна. Мөн сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нутгийн зөвлөлийн золголт зохион байгуулахгүй байхыг үүрэг болгожээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЕТГ-ын дарга Я.Содбаатар Үндсэн хуулийн эх хувийг заллаа

Шинэ Үндсэн хуулиа баталсны 30 жилийн ойд зориулсан УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр /2022.01.13/ эхэллээ.

Хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар Үндсэн хууийн эхийг чуулганы танхимд хүндэтгэл заллаа. Одоо УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон медаль гардуулна

Монгол Улс шинэ Үндсэн хууль баталсны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталсан. Шинэ Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-нд БНМАУ-ын АИХ-аар баталж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн юм. Энэ өдөр УИХ-ын хүндэтгэлийн чуулган чуулж, бөхийн барилдаан болно.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 12:30 цагаас төрийн дээд цол, одон, медаль гардуулах юм.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Казахстанд онц байдлыг цуцлав

Нэгдүгээр сарын нэгний өдрөөс нэмэгдсэн шингэрүүлсэн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал эмх замбараагүй байдалд шилжсэний улмаас Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев улс даяар онц байдал тогтоож байсан юм. Харин нөхцөл байдал тогтворжсон тул онц байдлын дэглэмийг цуцлахаар болжээ.

Тодруулбал, өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-ны пүрэв гаригаас эхлэн Хойд Казахстан, Баруун Казахстан, Павлодар мужуудад онц байдлын дэглэмийг дуусгавар болгох тухай тушаалд Касым-Жомарт Токаев гарын үсэг зурсан байна. Түүнчлэн Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулах ажиллагаа дууссаныг зарлажээ. Энхийг сахиулагчид өнөөдрөөс эхлэн Казахстанаас гарах бөгөөд энэ ажил 10 хоног үргэлжлэх юм.

Регнум агентлагийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 12-ны өдөр энхийг сахиулагчид Казахстан дахь объектуудын хамгаалалтыг хууль сахиулах байгууллагынханд хүлээлгэн өгөх ажлаа эхлүүлжээ. Казахстанд эмх замбараагүй байдал үүссэний дараа Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын цэргүүд Казахстанд үүрэг гүйцэтгэхдээ жагсаал цуглааныг тараахад оролцоогүй, харин төрийн болон стратегийн гол объектуудыг хамгаалж байв.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн хүнсний үнэ жилийн дотор 28 хувиар нэмэгджээ

Дэлхийн хүнсний үнийн өсөлт 2021 оны эцсийн дүнгээр 28,1 хувиар нэмэгдсэн байна. Энэ тухай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын илтгэлд дурджээ.

Тухайлбал, үр тарианы үнэ 2012 оноос 27,2 хувиар өссөний дотор эрдэнэ шиш 44.1%, улаан буудайг үнэ 31.3% нэмэгджээ. Өнгөрсөн онд үнэ нь буурсан цорын ганц бүтээглэхүүн нь цагаан будаа болж 4 хувиар хямдарчээ.

Хүнсний бүтээгдэхүүнээс ургамлын тос болон элсэн чихрийн үнэ бүхнээс илүүтэйгээр өссөн байна. Жилийн дотор ургамлын тосны үнэ 65.8 хувиар өссөн нь 2016 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Элсэн чихрийн үнэ 37.5%, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 16.9%, махны үнэ 12.7 хувиар тус тус өсжээ. Баруун Европын орнуудад үйлдвэрлэл нь нэмэгдснээс бяслагны үнэ бага зэрэг буурчээ.

Шинжээчид үнийн өсөлтийг омикрон хувилбарын тархалт, түгээлтийн доголдол, шатахууны үнийн өсөлтттэй холбон тайлбарлаж байна. Үүн дээр нь ургацын гарц муудсан үед хэт их нөөц үүсгэсэн нь нөлөөлжээ.

Үргэлжилж байгаа цар тахал, цаг агаарын тодорхойгүй нөхцөлд зах зээл энэ онд тогтворжихгүй гэж НҮБ-ын ХХААБ сануулж байна.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Өнөөдөр 256 бөх барилдана

Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой өнөөдөр тохиож байгаа юм. Ойн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан 11:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.

Барилдаанд зодоглохоор Улсын гарьд М.Бадарч, Улсын заан Б.Соронзонболд, Улсын харцага Б.Цэдэнсодном, Улсын начин Н.Мустафа нарын улс, аймаг, сумын цолтой 256 бөх бүртгүүлжээ.

Бөхийн барилдаан үзэх иргэдийг вакцины гурав дахь тунд хамрагдсан байх шаардлагатайг анхааруулж байна.