Categories
мэдээ нийгэм

Дараах долоон аймаг Цагаан сар тэмдэглэхийг хоригложээ

Коронавирусийн Омикрон хувилбарын тархалтаас сэргийлж Засгийн газар төрийн золголт хийхгүй, ард иргэдийг Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхыг уриалсан билээ. Түүнчлэн, Монгол Улсад Омикрон хувилбарын тархалтын оргил үе нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 10-ны хооронд буюу Цагаан сарын өдрүүдэд таарч буй. Оргил үед өдөрт илрэх халдварын тоо 18-20 мянга давна гэдгийг анхааруулсан. Тэгвэл шинэ хувилбарын давлагаанаас сэргийлж аймгууд Цагаан сар тэмдэглэхгүй гэдгээ ар араасаа мэдэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар дараах долоон аймаг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болон Цагаан сарын баярыг тэмдэглэхийг хориглоод байна.

Ховд аймаг

Ховд аймгийн Онцгой комиссоос олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн тэмцээнийг хоёрдугаар сарын 7-ны өдөр хүртэл хориглох шийдвэрийг гаргажээ. Мөн Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэлийг сумдын удирдлагуудад үүрэг болгосон байна. Иргэн, ААН, төрийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж ажиллахыг уриалжээ.

Дархан-Уул аймаг

Дархан-Уул аймгаас Цагаан сарын баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргажээ. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагууд нийтийг хамарсан золголт дотор нутгийн зөвлөл, ААНБ-уудын ахмадаа хүлээж авдаг хүндэтгэлийн үйл ажиллагаанууд хийхгүй юм байна. Мөн аймгийн Онцгой комиссын зүгээс Цагаан сарын баярыг өргөн хүрээнд биш гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэх, аль болохоор ахмад настан, айлаар хэсэхгүй байх уриалгыг дэвшүүлжээ.

Увс аймаг

Увс аймгийн Онцгой комисс хуралдаж ирэх сарын 10-ыг хүртэл олон нийтийн арга хэмжээ, жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргажээ. Мөн хүнсний зах, барилгын материалын дэлгүүрийг 10:00-18:00 цаг хүртэл, худалдааны төв, хүнсний дэлгүүрийг 08:00-22:00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргасан байна. Түүнчлэн Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нутгийн зөвлөлийн золголт зохион байгуулахгүй байхыг үүрэг болгожээ.

Завхан аймаг

Завхан аймаг нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэж, Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриаллаа. Тодруулбал, коронавируст халдварын тархалт улсын хэмжээнд төдийгүй Завхан аймагт нэмэгдэж, он гарсаар 155 тохиолдол бүртгэгдэж, одоогоор 105 хүн хэвтэн эмчлүүлж байна. Цаашид халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгаа юм. Мөн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин 20 суманд тархаж, дэгдэлт зогсохгүй байна. Иймд халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор аймгийн Онцгой комиссоос тус шийдвэрийг гаргалаа.

Дорнод аймаг

Дорнод аймгийн Онцгой комиссын хуралдаанаар Монгол Улсад коронавируст цар тахлын Омикрон хувилбар илэрсэнтэй холбоотойгоор урьдчилан сэргийлэх, хохирол амсахгүй байх зорилгоор төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын олон нийтийг хамарсан хурал, цуглаан арга хэмжээ, худалдаа, үйлчилгээний байгууллагыг ажиллах цагийн хуваарийг оройн 22:00 цаг хүртэл ажиллуулах, олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээг 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс нэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл буюу 15 хоногийн хугацаанд хязгаарлах шийдвэрийг гаргажээ.

Баянхонгор аймаг

Бяанхонгор аймаг короновирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний тархалтыг бууруулах зорилгоор нутаг дэвсгэрийн хэмжээнд олон нийтийг хамарсан спортын уралдаан тэмцээн болон мал амьтны холбогдолтой зохион байгуулалтын арга хэмжээг түр зогсоож, хүн , мал амьтын гоц халдварт өвчнөөс хамгаалах бэлтгэл, бэлэн байдлаа хангаж ажиллахыг чиглэл болголоо. Мөн тус аймгаас 02-р сарын 15-ны өдрийг хүртэл төрийн байгууллага танхимаар хурал, зөвлөгөөн, сургалт, олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх арга хэмжээг авчээ.

Орхон аймаг

Тус аймгаас коронавирус халдварын оргил үеийн идэвхжилтийг бууруулах үүднээс тэмцээн уралдааныг 02-р сарын 15 хүртэлх хугацаанд зохион байгуулахгүй байх, Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нутгийн зөвлөлийн золголт зохион байгуулахгүй байх, төрийн байгууллага аливаа олон нийтийг хамарсан хурал, сургалт зөвлөгөөнийг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахыг үүрэг болгожээ.

Categories
мэдээ нийгэм

​Н.Тавинбэх: Сайжруулсан шахмал түлшний чанарыг гадаад улс орны лабораторид шинжлүүлнэ

Өнөөдөр утааны асуудалтай холбоотойгоор албаны хүмүүс захын дүүргийн зарим хороодод ажилласан. Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэвлэлд мэдээлэл өгөхдөө сайжруулсан шахмал түлшний чанарыг гадаадын лабораторит өгч шинжлүүлнэ гэж хэлжээ.

Тэрээр “Түлшний чанарын тухай ярихдаа бодолтой хандах ёстой. Хамаагүй ярьж болохгүй. Мөн түлш борлуулах цэгүүдэд түлшний нийлүүлэлт харилцан адилгүй байгаа. Гэсэн ч 1 айл 7 хоногт 6 уут шуудай буюу 150 кг түлш олгоно гэдгийг тооцолсны улмаас гаргасан. Хүрэлцэнэ гэж үзсэн учраас ийм шийдвэрийг гаргаж байсан. Харин энэ жил утааны хэмжээ нэмэгдсэн. Хэн ч харсан тодорхой байгаа. Ямар шалтгааны улмаас утааны хэмжээ нэмэгдсэн бэ? гэдгийг тогтоохын тулд бид хамтдаа ажиллаж байна. Ихэнх иргэд сайжруулсан шахмал түлшний чанар муу байна гэж байгаа. Сайжруулсан шахмал түлшний чанар Монгол Улсын стандартыг хангаж байгаа эсэхийг өнөөдөр эрх бүхий лабораторууд бүгд туршилтын дүнгээрээ баталгаажуулсан. Үүнээс өөрөөр бидэнд сайжруулсан шахмал түлшний чанарыг тодорхойлох албан ёсны бичиг баримт алга байна. Гадаад улс орон руу лабораторид өгч шинжлүүлэх талаар бодож л сууна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас сайжруулсан шахмал түлшний чанарт хөндлөнгөөс байнгын хяналт тавьж ажилладаг. Бид өөрсдөө ч гэсэн хүсэлт тавиад нэмэлт шалгалт хийлгүүлдэг. Шалгалтаар илчлэг буураагүй, чийгний хэмжээ стандартад байна гэж гардаг. Гэхдээ бид өөрсдийгөө зөвтгөхгүй, бид нар дахин нягталж шалгана” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ: Омикрон хувилбарын хүнд үед ухаан балартах шинж тэмдэг илэрнэ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Чанарын албаны дарга Б.Батсүх, эмч Б.Энхжаргал нар омикрон хувилбарын үед илрэх шинж тэмдгийн талаар мэдээлэл өглөө.

Омикрон хувилбарын эмнэл зүйн нууц хугацаа нь илүү богино буюу 3-5 хоног. Түүнчлэн халдварлах чадвар өндөр бөгөөд тархаах чадварын эрсдэл их. Шинж тэмдэг нь бусад хувилбартай адил.

Эмнэл зүйн шинж тэмдэг:

  • Халуурах
  • Ханиалгах
  • Хоолой өвдөх зэрэг шинж түгээмэл илэрч байна.

Амьсгаа авахад хүндрэлтэй байх, ухаан балартах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл хүндэрч байна гэсэн үг. Эмчилгээний хувьд, вирусийн гаралтай хатгалгаа биш учраас аль болох антиобетик хэрэглэхгүй байхыг зөвлөж байгаа. Харин хүндрэхээс нь сэргийлж ремдесевир тариаг гурван удаа хийхийг зөвлөж байгаа.

Ковид19 халдварын эсрэг вакцин хүндрэл, нас баралт, эмнэлэгт хэвтэх зэрэг эрсдлийг бууруулж байгаа нь судалгаагаар тогтоогдсон.

Шинэ хувилбарын хувьд тусгай дугаарт холбогдох хүмүүсийн ачаалал эрс нэмэгдсэн. Тухайлбал, 100, 103 зэрэг дугаарт холбогдож байгаа ихэнх хүн халуурсан, ханиасан гэх ерөнхий, шаардлагагүй шинж тэмдэгтэй залгаж байгаа нь ачааллыг эрс нэмж байна. Тиймээс иргэд зайлшгүй шаардлагатай, тусламж хэрэгтэй, аюултай шинж тэмдэг илэрсэн үед л тусгай дугаарт холбогдох нь зүйтэй” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Канадад вакцины эхний тунг тариулаагүй хүмүүст татвар ноогдуулна

Канадын Квебек мужийн эрх баригчид дархлаажуулалтын эсрэг заалтгүй ч “COVID-19”-ийн вакцин хийлгэхээс татгалзаж байгаа хүмүүст татвар ногдуулахаар болжээ.

“Вакцин бол вирустэй тэмцэх гол хэрэгсэл юм. Тиймээс бид эмнэлгийн бус шалтгаанаар вакцин хийлгэхээс татгалзсан насанд хүрэгчдэд зориулж “эрүүл мэндийн татвар” ногдуулахаар төлөвлөж байна” гэж мужийн захирагч Франсуа Лего мэдэгджээ. Энэхүү “эрүүл мэндийн татварыг” ойрын хэдэн долоо хоногт коронавирусний вакцины эхний тунг хийлгээгүй хүмүүс төлөх аж.

Шинэ татварыг яг хэзээнээс нэвтрүүлэх, хэдий хэмжээтэй байхыг мужийн захирагч тодорхой хэлээгүй байна. Түүний үзэж буйгаар энэ татвар нь 100 ам.доллароос илүү байх ёстой. “Эдгээр хүмүүс манай эрүүл мэндийн тогтолцоонд маш их ачааллыг бий болгож байна” гэж мужийн захирагч хэлжээ.

Одоогийн байдлаар Квебек мужийн оршин суугчдын 10 орчим хувь нь вакцины эхний тунг хийлгээгүй байна. Үүний зэрэгцээ “COVID-19”-ийн өвчтөнүүдэд зориулагдсан эмнэлгийн бүх орны тэн хагасыг вакцинд хамрагдаагүй хүмүүс эзэлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Таксины жолоочийг олон удаа хутгалж амийг нь хөнөөжээ

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо Нарангийн гол орчмоос гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй иргэний цогцос олджээ. Тодруулбал, талийгаач нь 42 настай бөгөөд таксины жолооч хийдэг байсан аж. Амь хохирогчийн цээжин тус газарт хутганых байж болзошгүй гурван шарх байсан бөгөөд зүрхэн тус газартаа авсан шархаа дийлэлгүй амьсгал хураасан байна. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжилж байгаа юм.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Үндсэн хуулийн ойн барилдаанд Харцага О.Хангай түрүүллээ

Шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр болж өнгөрлөө. Барилдаанд Ховд аймгийн Буят сумын харьяат Монгол Улсын харцага О.Хангай найм даван түрүүллээ. Харин Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Монгол Улсын гарьд М.Бадарч үзүүрлэв.

Их шөвөгт Ховд аймгийн зэрэг сумын харъяат Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий,Өвөрхангай аймгийн Зүүн Баян Улаан сумын харъяат Монгол Улсын начин Б.Цэдэнсодном нар шалгарлаа.

Дашрамд дурдахад уг барилдааны долоогийн даваандэнэ цаг үеийн бөхийн барилдааныг өнгөлж байгаа гэж хэлж болохХовдын хоёр харцага уламжлал ёсоор тунан барилдав. Энэ удаадхарцага О.Хангай баруун хавиран давж, хоорондын барилдааны даваа унааг 12:6 болгон холдууллаа.

Categories
мэдээ нийгэм

“Үндэсний бичгийн хөтөлбөр”-ийг улсын хэмжээнд хэрэгжүүлнэ

Засгийн газраас “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталж ажлын хэсгийн ахлагчаар БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг томилжээ.

Тогтоолын дагуу хэлний бодлогын үндэсний зөвлөлийн хурлыг өнөөдөр зохион байгуулж “Үндэсний бичгийн хөтөлбөр”-ийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж, гурван дэд ажлын хэсэг байгуулсан байна.

Энэ талаар БШУ-ны сайд “Төрийн байгууллагууд албан бичгээ үндэсний болон крилл гэсэн хос бичгээр явуулахын тулд төрийн албан хаагчийг үндэсний бичгийн анхан, дунд, ахисан шатны сургалтыг зохион байгуулна. Эхлээд үндэсний бичгийн гарын байрлалын стандарт, юникодын стандарт, зөв бичих дүрмийн стандартаа боловсруулж байж үндэсний бичгийн хэрэглээ нэмэгдэнэ гэж үзэж байгаа.

“Үндэсний бичгийн хөтөлбөр”-т 19 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулна. Эдгээр арга хэмжээг ярих биш бодитой ажил хэрэг болгон манлайлж, эрчимжүүлж, яам, агентлагийн дарга нарт эзэнжүүлж, хариуцсан ажлын үр дүнг ирэх гуравдугаар сарын 25-нд дахин хэлэлцэхээр тогтлоо” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол төрийн түүхэнд баталсан 4 үндсэн хуулийг нэгэн зэрэг олонд дэлгэлээ

Тэртээ 30 жилийн өмнө буюу 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр чөлөөт ардчилсан нийгэм, эрх зүйт төрийн шинэ үндсэн хуулийг 6 бүлэг 70 зүйлтэйгээр баталсан түүхтэй. Үндсэн Хуулийн 30 жилийн ойн хүрээнд оюуны бүтээлийг хөгжүүлэн дэмжих, төрт ёсны уламжлал, залгамж халааг таниулан сурталчлах, шинэ үндсэн хуулийн нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор УИХ-ын Тамгын газраас цуврал ажлуудыг зохион байгуулж билээ. Энэ хүрээнд Архивын Ерөнхий Газар, Монголын Үндэсний Түүхийн Музейтэй хамтран дэлгэж буй “Үндсэн Хууль-30 жил” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.

Т.Аюурсайхан УИХ-ын дэд дарга

Энэхүү үзэсгэлэнд үе үеийн үндсэн хуулийн уг эх болон эх хуулбар, холбогдох төслүүд, хэлэлцүүлсэн санал, тэмдэглэл, БНМАУ, Монгол Улсын төрийн сүлд, далбаа, мөн түүхийн ховор нандин эд өлгийн зүйлсийг дэлгэж, олны хүртээл болгож байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Үндэсний түүхийн музейд Үндсэн Хуулийг уг эхээс хуулбарлан бүтээж, залах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулав.

Я. Содбаатар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга

Өнөөдрөөс 30 жилийн өмнө манай улсын хойчийн шинэ замын эхлэлийг тавьж, ардчилсан, шинэ Үндсэн хуулийг баталсан Үндсэн хууль тогтоогчид, Ардын Их Хурлын 430 депутат, Улсын бага хурлын гишүүд, Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссын гишүүд, тэдний ар талд техник, зохион байгуулалт, арга зүйн туслалцаа үзүүлж ажилласан олон мянган хүмүүс бол түүх бүтээгчид мөн. Тэдний төлөөлөл болсон ахмад депутатууд нээлтийн ёслолд оролцож, дурсамж туршлагаасаа хуваалцсан юм.

А.Далхжав Ардын Их Хурлын депутат

Ш.Шагдарсүрэн Ахмад дипломатч

Өнөөдрөөс эхлэн оны 1-р сарын 13-ны өдрийг хүртэл ардчилсан, шинэ Үндсэн Хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлж, энэ талаарх залуучуудын мэдлэг ойлголтыг бататгаж, нийгмийн амьдралд хэрэгжүүлэн мөрдөхөд чиглэсэн зорилтот ажлуудыг орон даяар зохион байгуулах юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​“Экспортын 1 кг үхрийн махны үнэ 3989 төгрөг байх боломжгүй” гэв

МҮХАҮТ энэ сарын 10-нд нүүр хуудсандаа “Бид дотоодод нэг килограмм махыг 13900 төгрөгөөр худалдан авч байхад махны экспортын компаниуд 1.4 ам.доллар буюу 3989 төгрөгийн үнийн дүнтэй хэмээн дарж мэдүүлж, экспортод гаргаж байна” гэсэн аж.

Харин Гаалийн ерөнхий газар экспортын нэг кг үхрийн махны үнэ 3989 төгрөг байх боломжгүй, энэ ташаа мэдээлэл гэв. Манай улс экспортын махнаас татвар хураамж авдаггүй. Иймд экспортлогч компаниуд гаалийн бүрдүүлэлтдээ махны үнээ өөрсдөө шийдэн мэдүүлдэг аж. Тэд худалдан авагч тал буюу БНХАУ, ОХУ, Арабын орнуудад 30-40 хувийн импортын татвар төлдөг. Иймд импортын бага татвар төлөх зорилгоор гаалийн мэдүүлэгтээ хямд үнэ тавьдаг байна. Энэ нь ямар нэг хууль зөрчсөн үйлдэл биш юм.

Цар тахлын улмаас үхрийн махны экспорт сүүлийн хоёр жилд зогссон ч ямаа болон лаазалсан махны экспорт үргэлжилсээр байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэг өнөөдрөөс явахгүй

\

Монгол Улсын Онцгой Комиссын шийдвэрийг үндэслэн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн №296/295/297-р зорчигчийн галт тэрэг 2022 оны 01-р сарын 13-ний өдөр буюу өнөөдрөөс эхлэн аялахгүй болно.

Харин Улаанбаатар-Сайншанд чиглэлийн №286/285-р галт тэрэг аялна хэмээн “Улаанбаатар Төмөр Зам” ХНН-ээс мэдэгдлээ.

Үүнтэй холбогдуулан Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэрэгний өвлийн цагийн хуваарийг хүргэж байна.

2022 оны 1-р сарын 13-ний өдрөөс эхлэн Улаанбаатар-Сайншанд чиглэлийн №286-р галт тэрэг өдөр бүр 20:58 цагт УБ-т хөдөлж, 07:30 цагт Сайншандад очно.

2022 оны 1-р сарын 14-ний өдрөөс эхлэн Сайншанд-Улаанбаатар чиглэлийн №285 галт тэрэг өдөр бүр 19:40 цагт Сайншандаас хөдөлж, 07:05 цагт Улаанбаатарт очно.