Categories
гадаад мэдээ

Хятадын нүүрсний импорт өнгөрсөн онд 6.6 хувиар өсчээ

Дэлхийн нүүрсний хамгийн том худалдан авагч Хятадын нүүрсний импорт арванхоёрдугаар сард 30.95 сая тоннд хүрсэн нь өмнөх сарынхаасаа 11.7 хувиар буурсан дүнтэй гарлаа. Энэ талаар тус улсын Гаалийн ерөнхий газар өнөөдөр мэдээлсэн байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард тус улсын нүүрсний импорт 35.05 сая тоннд хүрч өссөн.

Өмнөх 2020 оны арванхоёрдугаар сард тус улсын нүүрсний импорт 39.08 сая тоннд хүрч нэмэгдэж байсан нь тухайн үед Хятадын Засгийн газар импортын хязгаарлалтыг сулруулж цахилгаан станцуудыг ахиухан нөөц базаах боломжоор хангасантай холбоотой байсан гэж хэлж болно. Харин 2021 оны төгсгөлд тус улс дотоодын олборлолтод түшсэнээр импорт харьцангуй буурчээ.

Гэхдээ тус улсын нүүрсний импорт оны дүнгээр өсөлттэй гарлаа. Тодруулбал 2021 онд тус улс нийтдээ 323.22 сая тонн нүүрс импортолж 2020 оныхоос 6.6%-иар өссөн үзүүлэлтийг харууллаа. Энэ дүнд эрчим хүчний нүүрс болон коксжих болон антрацит гээд бүх төрлийн нүүрс багтана. 2020 оны тухайд өмнөд хөрш нийтдээ 303.99 сая тонн нүүрс импортолж байсан.

2019, 2020 онуудтай харьцуулахад 2021 оны хувьд Хятадын Засгийн газар эрчим хүчний тогтвортой хангамжийг баталгаажуулах үүднээс нүүрсний импортод ямар нэг импортын хязгаарлалт тавиагүй ажээ.

Хятадын нүүрсний импорт энэ оны эхний сард буурах төлөвтэй байгаа ажээ. Учир нь эрчим хүчний нүүрсний дэлхийн хамгийн том экспортлогч Индонез улсын тухайд нэгдүгээр сарын турш нүүрсний экспортод хориг тавиад байгаа юм.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард тус улсын дотоодын нүүрсний олборлолт өссөнтэй холбоотойгоор импорт буурсан гэж шинжээчид тайлбарлаж байна. Нөгөөтэйгүүр нүүрсний цахилгаан станцуудын агуулах дахь нүүрсний нөөц ч хангалттай хэмжээнд очжээ. Тухайлбал тус улсын нүүрсний цахилгаан станцуудын агуулах дахь нүүрсний хэмжээ арванхоёрдугаар сарын эхээр 35 сая тонноос давсан дүнтэй гарсан байна. Энэ нь сүүлийн гурван жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшин болж байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ жилийг “Монгол, Японы хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил” болгов

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохиож буйтай холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр хүлээн авч уулзлаа.

2022 оныг манай хоёр улс “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлаж байгаад баяртай байгаагааилэрхийлэн дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх хүсэлтэй байгаа гэдгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илэрхийлжээ.

Элчин сайд Х.Кобаяши энэ онд тохиож буй дипломат харилцааны ойг жилийн турш тэмдэглэхээр бэлтгэл ажлыг хангаад байгаагаа танилцуулав. Мөн ойг тохиолдуулан хоёр талдаа дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлж, Стратегийн түншлэлийн харилцааг эрчимжүүлэхээр ажиллахаа нотлов. Тэрбээр нэн ялангуяа хоёр улсын харилцааны ирээдүйг авч явах хүүхэд, залуучуудыг хамарсан олон арга хэмжээ зохион байгуулахын төлөө байна гэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021) амжилттай хэрэгжиж, дуусгавар болж байгааг тэмдэглээд энэ онд дараачийн Дунд хугацааны хөтөлбөрийг тохиролцохын чухлыг онцлов.

Талууд худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр ярилцав. Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэсэн цагаа олсон чухал алхам гээд, энэ чиглэлд нягт хамтран ажиллахаа мөн илэрхийлэв.

Categories
мэдээ улс-төр

Д.Жавзандорж, Н.Онон нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай саналаа 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна.

Нэр дэвшигчдийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн Б.Галаарид, Ж.Соёл-Эрдэнэ нарын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсэгт заасны дагуу түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Д.Жавзандорж, Н.Онон нарыг нэр дэвшүүлж, УИХ-д өргөн мэдүүлсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцсэн бөгөөд тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хүүхдийн эрхийг хамгаалах, соёл урлагаар дамжуулан хүмүүжил олгох, үндэсний соёл уламжлалыг түгээн дэлгэрүүлэхэд хэрхэн анхаарч ажиллах талаар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, одоогийн нөхцөл байдлын талаар, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нийгмийн аль бүлэгт чиглэсэн нэвтрүүлгийн бодлогод анхаарч ажиллах талаар, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх чиг үүргээ бүрэн биелүүлж ажиллаж чадах эсэх талаар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн гол чиг үүрэг бол ард түмнийг соён гэгээрүүлэх асуудал тул иргэдийн хөдөлмөр эрхлэх сонирхлыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэх ухамсар, соёлыг төлөвшүүлэх бодлогыг баримтлах талаар, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хүүхэд, залуучуудыг соёл урлагаар дамжуулан хүмүүжүүлэх, үндэсний соёл уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, залуу үед эрүүл мэнд, хүмүүнлэгийн боловсролыг олгоход анхаарч ажиллах талаар, УИХ-ын гишүүн Н.Энхболд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах, шаардлагатай бол холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах шаардлагатай талаар, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилт болон Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсох, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах, хариуцлагажуулах талаар, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз улс төрийн нөлөөллөөс ангид ажиллах, олон нийтийн дуу хоолойг илэрхийлэх талаар саналаа илэрхийлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Д.Жавзандорж, Н.Онон нарыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Д.Жавзандорж, Н.Онон нар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдлоо.

Түүнчлэн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Б.Галаарид, Ж.Соёл-Эрдэнэ нарыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөллөө.

Categories
мэдээ нийгэм

​ГЕГ: Нэг кг махны гаалийн үнэ 6300-8100 төгрөг байна

Цар тахлын улмаас үхрийн махны экспорт сүүлийн хоёр жилд зогссон. Харин 2020 онд 40.5 тонн, 2021 онд 22.3 тонн ямаа, хонь, адууны мах экспортолсон байна. Статистик мэдээнээс харахад 2021 онд нэг кг махны гаалийн үнэ 6300-8100 төгрөг байгаа бөгөөд энэ нь худалдагч, худалдан авагч талуудын хооронд хийсэн гэрээ, хэлцлийн үнэ юм. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 7, 8.1, 16 дугаар зүйлд заасны дагуу гаалийн байгууллагаас мэдүүлсэн үнийг шалгаж тодорхойлдог.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 53 чингэлэг ачаа барааг татан авна

Чингэлэг тээврийн талаарх мэдээллийг Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс танилцууллаа.

2022 оны нэгдүгээр сарын 14-ний өдийн байдлаар Хилийн тэг цэгээс 40 автомашин дээр 27 ширхэг 40 футын чингэлэг, 26 ширхэг 20 футын чингэлэг бүхий төрөл бүрийн түүвэр ачаа, өргөн хэрэглээний ачаа бараа зэрэг нийт 53 чингэлгийг татан авч ажиллаж байна.

Ачааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДээс авах боломжтой.

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин Э.Пүрэвжаргал СТА цол тэмдгээр шагнагдлаа

“37-р точка”, “Бүтэн амьдрал”, “Аdmin Z”, “Сүүлчийн шөнө”, “Ороолон”, “Богд хаан”, “Харанхуй хад”, “Хөхөөний үүр”, “Тусгай 7-р тасаг”, “Хилгүй жим” “30 өдөр 30 секс” зэрэг олон кинонд дүр бүтээж үзэгчин олны талархалыг хүлээсэн эмэгтэй жүжигчин бол Э.Пүрэвжаргал юм. Эмэгтэй жүжигчид дундаа хамгийн нээлттэй, “Эршүүд” гэгддэг ч ихэвчлэн эмэгтэйлэг, танхил бүсгүйн дүрийг чадварлаг бүтээдэг үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй юм. Оролцсон нэвтрүүлэг, тоглосон уран бүтээл бүрдээ өөрийгөө шингээж, сорьж явдаг тэрбээр “Сүүдрээр гэтэгч” нэртэй шинэхэн уран бүтээлд тоглоод байгаа юм. Тэрээр авъяас чадвар, хөдөлмөрөө үнэлүүлж өнөөдөрСТА цол тэмдгээр энгэрээ мялаажээ.

Categories
мэдээ нийгэм

Казахстан дахь энхийг сахиулагчид нутаг буцав

Казахстаны жагсаалыг тарааж, тайван байдлыг тогтоох журмаар очсон Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ)-ын энхийг сахиулагчид эх орнууд руугаа буцав. Энхийг сахиулагчид Алматы хотын нисэх буудлаас нэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Оросын агаарын хүчний онгоцоор буцжээ.

Тажикстан улсын цэргийн алба хаагчид ОХУ-ын нэг “Ил-76” онгоцонд сууж, Казахстаны цэргийн боловсролын сургуульд суралцаж буй курсантуудаа авч явав. Арменийн цэргийн анги нэгтгэлүүд автомашин, бие бүрэлдэхүүнээ Оросын Агаарын сансрын хүчний гурван тээврийн онгоцонд ачиж, Алматы нисэх онгоцны буудлаас хөөрлөө

Киргизийн энхийг сахиулагчид өөрсдийн харуул хамгаалалттай “Алматы ДЦС-2”-ын нутаг дэвсгэрээс автомашины цуваагаар хөдөлсөн. Тэд Киргизийн хил хүртэл 250 орчим километр зам туулна. Оросын энхийг сахиулагчид хэсэгчлэн агаарын хүчний онгоцоор буцаж байна.

Categories
мэдээ улс-төр

ТАЗ-ийн гишүүнээр Ц.Амартөгс томилогдлоо

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Тэгвэл тус зөвлөлийн гишүүнд Ц.Амартөгсийг томилжээ. Түүнийг нэр дэвшүүлэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар дэмжсэн байна.

Боловсрол:

1994-1998 онд Хөдөлмөрийн дээд сургуулийг хөдөлмөрийн эдийн засагч, менежер мэргэжлээр төгсөж,

2001-2003 онд МУИС-ийн Эдийн засгийг сургуульд бизнесийн удирдлагын магистр,

2005-2006 онд Австралийн Флиндерсийн Их сургуульд төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан,

2021 оноос МУИС-ийн докторантаар суралцаж байгаа аж.

Ажилласан байдал:

1998-2000 онд Хөдөлмөр зохицуулалтын газарт мэргэжилтэн,

2000-2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэргэжилтэн, газрын орлогч дарга,

2012-2015 онд мөн яаманд хэлтсийн дарга,

2015-2020 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газрын дарга,

2020 оноос Төрийн албаны зөвлөлийн Захиргаа, удирдлагын газрын дарга, Ажлын албаны даргаар ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын энэ сарын тохиролын супер шагнал 10 сая төгрөг

НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 23-нд болно. Иргэд та бүхэн 2021 оны арванхоёрдугаар сарын 1-31 дотор худалдан авалт хийж системд бүртгүүлсэн төлбөрийн баримтаараа сугалаанд оролцох боломжтой юм. Сугалааны супер азтан 10 сая төгрөг хожно.

Categories
гадаад мэдээ нийгэм

БНАСАУ дахин пуужин харважээ

БНАСАУ зүүн зүгт ямар ангиллынх нь тодорхойгүй пуужин харвалаа гэж БНСУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдээлэв.

Японы эргийн хамгаалалтын алба мөн Умард Солонгос баллистик байж магадгүй пуужин Япон тэнгис рүү харвалаа гэж мэдээлсэн байна. Пуужингийн хэлтэрхийтэй дайралдвал ойртохгүй байхыг тус алба Япон тэнгист байгаа хөлөг онгоцуудад анхааруулжээ.

БНАСАУ он гарснаас хойш гурав дахь удаагаа пуужин харваж байгаа юм. Тус улс өмнө нь нэгдүгээр сарын 5, 11-нд пуужин харваж, маргааш нь дуунаас хурдан пуужин туршсан гэж мэдээлсэн.

АНУ-ын эрх баригчид өнгөрсөн оны есдүгээр сараас хойш баллистик пуужин харвасны хариуд Умард Солонгост шинээр хориг арга хэмжээ авахыг өмнө нь НҮБ-д санал болгосон байна.