Нийгмийн гэгээрлийн холбооны дэд тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Д.Данзантай ярилцлаа.
-Нэг сарын 1-нд таны фэйсбүүктээ оруулсан “Өнөөгийн Монгол” гээд шүлгийг харсан л даа. Шинэ оны эхний өдөр нэг л сонин байдаг даа. Хоосон ч юм шиг. Харин та тэр өдөр өнөөгийн нийгмийн тухай эргэцүүлжээ?
-Өмнө нь бичсэн шүлэг л дээ. Тэр өдөр нүүр номдоо оруулсан юм.
-Харин надад энэ мөрүүд таалагдсан.
“Улс төрийн сонгуульд талцсан хийрхэлт Монгол
Ууж идэхийн төлөө дайтсан жийрхэлт Монгол
Ноёд, баяд нь шорондоо багтахгүй ялтан Монгол
Ноомой түмэн нь шоундаа уйдахгүй яршигт Монгол” гэсэн үнэн үгтэй мөрүүд санагдсан шүү. Өнөөгийн нийгмийг шүүмжлэлт өнцгөөс хараа юу даа?
-”Өнөөдрийн Монгол” гэж сүүлийн гучаад жилийг хэлж байгаа юм. “Маргаашийн Монгол” гэж бас маргааш өдөр нь оруулсан байгаа. Тэр нь ойрын арваад жил ийм болоосой гэсэн хүсэл байхгүй юу. Дараа нь би “Өчигдрийн Монгол” гээд сүүлийн 70 жилийн тухай бичих санаатай байгаа юм.
-Яавал ”Маргаашийн Монгол”-ыг өөдрөгөөр харах вэ?
-Боловсролтой, ухаантай, зөв хүмүүс л дээшээ гарч байж Монголыг өөд нь татна. Намаар гарах юм л даа. Би улс төр ярих дургүй. Гэвч нам гээчээс төр засгийг байгуулдаг тогтолцоотой юм байна шүү дээ. Аль ч намд сайн, муу хүмүүс байдаг юм байна.
Сайн хүмүүс нь жин дарж байна уу гэдэг л байна. Лав л муу хүн очоод сайн болж байна гэвэл хэцүү. Сайн хүн очоод муудчихаж магадгүй тал байна. Эх оронч үзэл мах цусанд байдаг даа. Эх оронч үзэлтэй, боловсролтой мэдлэгтэй хүн л юм хийнэ.
-Р.Нямдорж гуай та хоёр Бөхийн холбооны ажлаа өгсний дараа нийгмээ гэгээрүүлэх чиглэлээр ажиллахаар өмнө нь тогтчихсон байсан гэдэг сонирхолтой санагдсан шүү. Зарим хүмүүс ажлаа өглөө, тэтгэвэрт гарлаа юу хийх вэ гээд өөрийгөө хайж эхэлдэг шүү дээ.
-Ер нь 2006 онд бөхийн ажлаа өгнө гэж тооцож байсан юм. Тэгээд Нийгмийн гэгээрлийн сан гэж байгуулаад, Р.Нямдорж гуай нь “Яаж жаргах вэ” гэдэг ном бичээд, би “Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл байдаг”, “Сэтгэлээс илүү хүчтэн үгүй” гээд гурав, дөрвөн ч ном бичсэн юм. “Нийгмийн гэгээрлийн төлөө” гэсэн уриатай “Жин” гэж сэтгүүл долоо, найман дугаар гаргасан. Лекц уншлаа. Нэг хүн хоёр ажил зэрэг хийж чадахгүй гэж би боддог. Би их сургуульд багшийн ажил хийж байгаад Бөхийн холбоо руу ороод, өргөдлөө өгөөд, их сургуулиасаа шууд гарсан юм. Багшилж цалин авч, Бөхийн холбооны ажил хийсэн дүр үзүүлж явж болохгүй байсан. МУИС-ийн багшийн ажлыг хаяад гарч байгаа хүнийг тэр үед тэнэг л гэж зарим нь бодож байсан байх. Тэгээд Бөхийн холбооны ажилд бид зүтгээд Монгол бөхийн өргөөг бариад, 60 шинэ зүйл хийсэн шүү.
-Таны “Насны хайр” гээд гоё дууны шүлэг байдаг даа. Түүн шиг Р.Нямдорж гуай та хоёр насны найзууд юм биш үү?
-Тэр талаараа бид хоёр Геннист бичүүлж болно. 1972 оны намар МУИС-ийн гадаа танилцсан хоёр. Физикийн ангид хамт сурсан. Гуравдугаар курсээс дотор нь групп болгож хуваахад нэг группт орсон. 1977 онд төгсөөд хоёулаа МУИС-д багшаар үлдээд, хамт ажилласан. Бөхийн холбооны ажил руу хамт яваад, 2018 оны дөрөвдүгээр сард ажлаа өгөнгүүтээ тавдугаар сардаа Нийгмийн гэгээрлийн сангаа Нийгмийн гэгээрлийн холбоо болгож, өргөжүүлээд, үйл ажиллагааны 12 жилийн хөтөлбөр гаргаад ажиллаж байна.
-Та Нийгмийн гэгээрлийн холбооны дэд тэргүүн юм билээ. Яагаад та дандаа дэд тэргүүн болдог юм бэ. Бусдад найр тавьдаг хүн үү?
-Бөхийн холбооны ажил сонгуульт ажил шүү дээ. Тэргүүнээр Р.Нямдоржийг бөхчүүд санал нэгтэй сонгосон юм. Тэгэхээр би найзтайгаа өрсөлдөх шаардлага байхгүй. Нийгмийн гэгээрлийн холбооны ажлын хувьд ч Р.Нямдорж маань надаас олон зүйлээр илүү хүн. Хуулийн салбарт суралцаж, их сургуулийг хоёр дахь удаагаа төгссөн. Сэтгэл судлалын хичээл их заасан. Ийм ийм юм мэддэг учраас нэгдүгээрт, хоёрдугаарт угаасаа юманд хандах хандлага, буурь, чадвараараа надаас хавьгүй давуу хүн байхгүй юу. Нөхөртэйгөө нэгдүгээр байрны төлөө өрсөлдөх шаардлага байгаагүй. Мань хүн л хөтөлж жолоодож явж байхгүй юу.
-Та хоёрыг эхнэрүүд чинь хардахаар л хамт байдаг юм биш үү?
-Тэдэндээ зарцуулдаг цагаасаа л илүү хамт байдаг. Өглөө явна, шөнө ирнэ. Амралтын өдрөөрөө утсаар ярина. Зуны амралтаар бид сар орчим салдаг байсан юм. Тэр дундуураа уулзахаараа бас л ажлаа ярьдаг. Тэр нь хүртэл авгай нарт маань ямар байсан юм мэдэхгүй.
-Эхнэрүүд чинь бас найзууд уу?
-Гэр бүлийн найзууд байлгүй яах вэ. 1977, 1978 онд гэрлэцгээсэн. Тэгээд л найзууд. Бид хоёрын үерхэл нөхөрлөл 50 дахь жилдээ орж байгаа юм. 50 жил салахгүй нөхөрлөсөн улсууд хэр олон байдаг юм мэдэхгүй.
-Амин найзууд хүртэл бие биенээ хулгайч, худалчаар нь дууддаг цаг болжээ. Эхнэр, нөхөр хоёр хүртэл эвдрэхээрээ нэгэндээ хэлэхгүй муу үг гэж алга. Дотно сайхан нөхөрлөхөд баримтлах зарчим гэж байх уу?
-Байлгүй яах вэ дээ. Байгаад л тэр байхгүй юу даа. Зарчим гэхээсээ бид хоёулаа хөдөө төрж өссөн. Би Ховд аймгийн Дарви суманд, мань эр Говь-Алтай аймгийн Чандмань суманд. Нэг ялгаатай нь би малчны хүүхэд, Р.Нямдорж маань сумын төвийн албан хаагчийн хүүхэд. Аав, ээжүүдийн бидэнд өгсөн хүмүүжил гэж байна аа даа. Хүнтэй нөхөрлөвөл нөхөрлөсөн шиг нөхөрлөөрэй гэдэг. Үглээд байхгүй. Гэхдээ үлгэрүүд нь яг байгаа юм. Бид физикийн мэргэжилд дурлаад нэг ангид орж. Бөх сонирхсон байна. Уран зохиол сонирхсон байна. Сонирхол, үзэл бодол адилхан байхгүй юу. Тийм учраас бидэнд зөрчилдөх юм байхгүй. Ам муруйж үзээгүй. Бие биенийхээ сэтгэлд муу юм хийчих вий гэж ямагт бодно. Хүн дотно хүндээ л гомддог. “Салшгүй сайн нөхөрт марташгүй муу үг бүү хэл” гэдэг дээ. Одоо сүүлдээ бид хоёр биенээ чи гэж чадахгүй, та гэж ярьдаг болоод байна.
Би нэг үг хэлсэн чинь Р.Нямдорж “Маш зөв байна” гэсэн. Юу гэхээр “Бид хоёр юун сайн улс төр рүү орсонгүй вэ, юун сайн бизнес рүү орсонгүй вэ” гэсэн юм л даа.
Тэгсэн бол “Махаа идэж, маяагаа зулгаах” байжээ. Мөн ч жаргалтай амьдарч байна даа, хоёулаа гэж байгаа юм. Дуртай юмаа л хийж амьдарч байна. Бөхөд дуртай, бөх үздэг, дурладаг, бичдэг байсан улсууд. Бөхчүүд биднийг ажиллаач гэсэн. Сайн ажиллалаа. Хүн чинь хийсэн ажлаараа бахархаж амьдрах учиртай. Монгол бөхөд 60 шинэ зүйл хийсэн гэдгийн томоохон таван ажлыг дурдвал Бөхийн өргөө байна. Монголын Үндэсний Бөхийн Холбоо гэдэг байгууллагыг бий болгосон. Монгол бөхийг Геннист бичүүлсэн. Монгол наадмыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн. “Монгол бөхийн нэвтэрхий толь” бичсэн.
Дашрамд дурдахад, Монголд спортын томоохон дөрвөн том цогцолбор байгаа юм. Төв цэнгэлдэх хүрээлэн, Спортын төв ордон, Буянт-Ухаагийн спортын ордон энэ гурвыг Хятадын Засгийн газар мөнгөө өгөөд, барилгачид нь барьж өгсөн юм шүү. Манайхан Хятадыг муулах дуртай. Би хүний тусыг боддог шүү. Харин Бөхийн өргөөг монгол архитектор зургийг нь зурж, монгол инженер тооцоог нь хийгээд, монголчуудынхаа мөнгийг цуглуулж, монгол барилгачид монгол тоосгоороо барьсан юм шүү. Ажлыг хийх нэг арга байдаг. “Ингэх хэрэгтэй байна, энэ маш зөв байгаа юм” гээд төр засагтаа бичиг бичээд, уулзаад явсан бол төр засаг бололцоогүй, аль эсвэл ойшоохгүй бол энэ ажлыг хийхгүй. Өнөөдөр Бөхийн өргөө байхгүй байх байсан. Бид шууд зургийг нь зуруулаад, компаниудаар яваад хандив цуглуулж эхэлсэн юм. Гудамжинд явж байгаад гоё хаягтай компани байвал ороод уулзана. 10.000 төгрөг, 100.000 төгрөг бариад гарна. “Битгий дэмий юм донгосоод бай” гэж загнуулаад гарна. Орой нь ажил дээрээ цуглаад, “Өнөөдөр тэдэн компаниар орлоо, төдөн төгрөг цугларлаа” гээд тайлан тавина. “Маргааш тэрүүгээр орно” гээд төлөвлөж аваад гарна. Машин байхгүй. Р.Нямдорж бид хоёр автобусаар явна. П.Даваасамбуу гуай маань нэг муу “69”-тэй түүгээрээ явна. Биднээс ахмад хүн байсан даа. Монголын бүх аймаг, ихэнхи сумаар явсан юм. Ингэж босгосон юм. Үүгээрээ бахархдаг юм даа.
-Монгол эр хүний намба, жудаг гэхээр монгол бөх санаанд буудаг. Гэхдээ сүүлийн үед “Бөхчүүд хүртэл эвдрэлцээд байна” гэж ярьдаг боллоо. Ярилцаад хэлэлцээд учраа олж болдоггүй юм болов уу?
-Хүнийг ёс жудаг, ноён нуруу гэдэг юм авч явдаг. Ёс жудагтай, ноён нуруутай байхад тэмцэл маргаан, зодоон нүдээн хаана ч гарахгүй. Ний нуугүй хэлэхэд, бид өв соёлыг хөгжүүлэх гэж явахдаа соён гэгээрүүлэх ажлыг бага хийсэн байна. Гэхдээ бид хийж байсан. Залуу бөхчүүдийг цуглуулаад, эрдэмтэн мэргэдээр лекц уншуулдаг байлаа. Д.Чойжамц хамба, гавж Ё.Амгалан, квантын физикч доктор О.Лхагва, допингийн мэргэжилтэн О.Амарцэнгэл нарыг урьж, Р.Нямдорж бид хоёр ч лекц уншиж байсан. 300-400 бөхөд лекц уншуулж байв. Бөхчүүдийг ирэхэд бид захидал бичиж өгдөг байсан. Ном уншаарай, хашлага руу бие биенээ битгий мөргүүлээрэй. Битгий муухай үг хэлээрэй гэх мэтээр захидаг. Хэтэрхий магтаж дөвийлгөх, магтаалд дасгах энэ бөхчүүдийг эвдэж байна. Үүнээс болоод хүн эвдэрдэг л юм байна даа. Допингийн хувьд дэлхийд тэмцээд дийлэхгүй байгаа шүү дээ. Эд маань цаашдаа аваад явчих байх аа. Бусдынхаа алдаанаас бөхчүүд маань сурах байх.
-Зарим хүмүүс ингэж ярьдаг л даа. “Үндэсний бөх ямар олимп, олон улсын спорт биш. Заавал допингийн шинжилгээ авах шаардлага байгаа юм уу” гэдэг?
-Аливаа өрсөлдөөн шударга байх учиртай. Нэгнийх нь гар хөлийг тушчихаад барилдуулж болохгүйтэй адилхан. Нэг нь бяр оруулах юм хэрэглэчихээд барилдаж болохгүй. Допинг хүний эрүүл мэнд, үр удамд муу нөлөөтэй. Манай үндэсний бөхөөр барилддаг бөхчүүд чөлөөт жүдо, самбоор дэлхийд өрсөлдөнө шүү дээ. Тэгвэл допингтой бөхчүүд гээд манай хэдийг хардаж сэрдэнэ. Нэг хэсэг нь шударга, үнэн хүчээрээ барилдаад байна. Одоо гэнэдэж ханасан байх ёстой. Олон бөхөөс допинг илэрлээ. Хаширч сурсан баймаар юм. Олон бөх хайран нэр хүнд цол хэргэмээ алдлаа.
-Цагаан сар дөхөж байна. Омикрон гээд Цагаан сарын барилдаан болох нь уу, яах нь вэ. Та өмнө нь урьд жилийн барилдааны бичлэгийг үзүүлж болно гээд санал гаргаж байсан даа. Энэ жил Бөхийн холбоо шийдвэр гаргах байлгүй дээ?
-УОК л шийдвэр гаргана шүү дээ. Бөхийн холбоо тэр шийдвэрийг дагаж биелүүлнэ. Одоогоор хагас үзэгчтэй барилдаанууд хийж байна. Төр, засаг маань юу гэж шийднэ, түүнийг нь дагах учиртай. Барилдаан болохгүй тохиолдолд сүүлийн арав, хорин жилийн шөвгийн бөхийн барилдааныг харуулбал сайхан байх юм болов уу гэж би ноднин ярьсан юм.
-Та соёл гэгээрлийн ажлаараа сургуулийн захирлуудтай уулзаад л яваа юм билээ, олон захиралтай уулзав уу?
-Өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш 100 гаруй дунд сургуулийн захиралтай уулзсан. Манай багш нар, захирлууд сайхан улсууд юм билээ. Ярилцахад сайхан ойлголцдог аргагүй, шалгарсан удирдагчид юм байна шүү, захирлууд маань. Бид яагаад захирлуудтай уулзсан тэмдэглэл бичдэг гэвэл тэргүүн туршлага нэвтрүүлнэ гэж өнгөрсөн нийгэмд ярьдаг байсан. Өгөөжөө өгдөг байсан ажил. Нэг аймагт байгаа шилдэг туршлагыг Монгол даяараа түгээн дэлгэрүүлдэг байлаа. Захирал болгонд хөөрхөн санаа, хийж байгаа ажил байна. Түүнийг нь дэлгэрүүлэх юмсан гэж бодоод, тэмдэглэл бичээд байгаа юм. Сургууль, захирлыг дарамтлах юм их байдаг юм байна. Нэг л юм болоход цагдаа дууддаг. Сошиалаар шүүмжилдэг. Манай аав, ээжүүд хоёр хүүхдийнхээ эвийг олохгүй, тоглоомоо булаацалдаад зодолдоход нь уурлаж, загнадаг. Тэгэхэд 40-50 хүүхэд суулгачихаад ажиллаж байгаа багш жаахан алдаа гаргахад тэрэн шиг булай юм байхгүй мэтээр фэйсбүүктээ бичиж гутаадаг юм байна. Тэгэхээр тэр багш “Би багшлахаа больё” гээд өргөдлөө бариад ороод ирдэг гэж байна. Тэгж хүний урмыг хугалдаг юм байна. 40-50 хүүхэдтэй ажилладаг багш нараа ойлгож хүндлээч гэж би бичсэн юм. Эцэг, эхчүүдтэйгээ сайхан хамтарч ажиллаж байгаа сургуулиуд ч байна. Сүүлийн үед би ном унших тухай л бичиж байна. Соён гэгээрүүлэх ажлыг манай холбоо гурав, дөрвөн чиглэлээр хийдэг юм. Байгууллага, хамт олны хүсэлтээр лекц унших юмуу сургалт зохион байгуулдаг. Бид хоёртой хамт гавьяат багш Ц.Гүррагчаа захирал лекц уншдаг. Ном товхимол бүтээж хэвлүүлдэг.
-Ухаарлын цуврал гэж гаргасан байна лээ. Саяхан нэг хүн “Хэрвээ та аав бол” номыг уншихад сайхан санагдсан гээд пост бичсэн байна лээ?
-Болдогсон бол тэр номыг Монголын бүх аав уншаасай гэж бодож бүтээсэн. Аав хүнд байх 26 чухал чанар байна гэж тооцсон. Айл гэр амгалан байх ааваас хамаарна. Аавын нөмөр нөөлөг, түшиг ухаан үлгэрээс хамаарна.
-Урьд цагт аавууд биеэрээ л үлгэрлэж байсан. Таны аав хоньчин хүн байж, аавын үлгэр дуурайл нөлөөлсөн байж таарна?
-Үлгэртэй, нэр хүндтэй хүн байсан даа, манай аав. Олон таван үггүй, өмнөх ажлаа сайн хийдэг. Сураар урлагийн бүтээл шахуу хазаар ногт, чөдөр хийдэг. Шатар, хорол сийлчихдэг. Монгол бичгээр Доржзовд гэж судар байдаг, “Очироор огтлогч” гэсэн үг. Лам ах нь орчуулж хэлж өгөөд, түүнийг нь монгол бичгээр бичээд, айлуудад тараах жишээтэй. Сургуульд сураагүй хүн шүү дээ, аав маань. “Олонтой яваарай” л гэж хэлдэг байсан. Тэрийг л бодож явдаг. Миний “Нарны дор үнэнтэй яваарай” гэж дууны шүлэг бий. Аав хүн өдий дайны үг хүүхдэдээ хэлдэг байхаар хэмжээнд нүүр бардам амьдраасай. Дахилт нь ийм юм л даа
Нарны дор үнэнтэй явлаа
Насныхаа энгээр үлгэртэй явлаа
Сарны дор журамтай явлаа
Санааныхаа эрхээр жудагтай явлаа гэж. Аав нь ингэж явлаа шүү, чи бас ингэж яваарай гэсэн утгатай.