Э.Бат-Үүлийн шоронгоос захидал бичих эрхийг прокуророос хаасан талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодрууллаа.
Тэрбээр “Прокурорын байгууллага ял эдлүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхэд хяналт тавьж ажилладаг бөгөөд хоригдож байгаа хүний эрхийг хязгаарлах, хаах шийдвэр гаргах эрх прокурорт байдаггүй.
Э.Бат-Үүлийн тухайд, прокуророос түүний захидал бичих эрхийг хаасан, хязгаарласан асуудал байхгүй. Хоригдож байгаа хүний эрхийг хэн ч хуульд зааснаас өөрөөр хязгаарлах, хориглох боломжгүй.
Шүүхийн шийдвэрийн дагуу хоригдсон хүний эрх, үүргийг “Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай” хууль болон Хууль зүйн сайдын 2014 оны “Хорих байрны дотоод журам”-д тодорхой тусгаж зохицуулсан.
Эдгээр хууль, журамд зааснаар хоригдсон хүн Хорих байрны дотоод журамд заасны дагуу захидал, цахилгаанаар харилцах, бичгийн хэрэгсэл ашиглах эрхтэй. Гэхдээ тодорхой хэмжээний хяналт байна. Тухайлбал, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд хоригдсон этгээдэд ирсэн болон тэднээс явуулсан захидал, цахилгааныг хорих байрны захиргаа заавал хянана гэж заасан байдаг” гэв.
Харин Э.Бат-Үүл нь хэвлэн нийтлэх эрхээ эдэлж чадахгүй байгаа талаар прокурорт хандаж, уулзах хүсэлт гаргахад хариу өгөхгүй байгаа нь ямар учиртай юм бэ? гэсэн асуултад “Иргэн Э.Бат-Үүлээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа дугаар хорих ангийг хариуцан хяналт тавьж байгаа прокуроруудад энэ талаар амаар хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг прокуророос хууль,заавар журамд заасны дагуу шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын харьяалах албан тушаалтанд албан бичгээр шилжүүлсэн.
Харин прокурортой биечлэн уулзах тухай хүсэлт нь хорих ангийн захиргаагаар дамжин өчигдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт ирсэн байна. Өнөөдөр анги хариуцсан прокурор нь түүнтэй биечлэн уулзахаар болсон” хэмээн ярилаа.
СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИАС:
17 дугаар зүйл.Хоригдсон этгээдийн эрх
17.1.Хоригдсон этгээд дараах эрх эдэлнэ:
17.1.1.өөрийн эрх, үүрэг, хорих байрны дотоод журам, өргөдөл, гомдол, хүсэлт гаргах эрхийн талаар мэдээлэл, тайлбар авах;
17.1.2.өөрийн хувийн аюулгүй байдлыг хангуулах;
17.1.3.хорих байрны дарга болон хорих байрны үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий албан тушаалтантай хорих байранд ажиллах үеэр нь хувиараа уулзах;
17.1.4.өмгөөлөгчтэй уулзах, хууль зүйн туслалцаа авах;
17.1.5.энэ хуулийн 19-д заасан хүмүүстэй уулзах;
17.1.6.улсын нууцтай холбоотой болон гэмт үйлдэлд холбогдолтой урвуулан ашиглаж болзошгүйгээс бусад, өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах баримт бичиг, бичлэгийг биедээ хадгалах;
17.1.7.ном, сонин, сэтгүүл, ариун цэврийн хэрэгсэл өрөөндөө байлгах;
17.1.8.энэ хуулиар тогтоосон хэмжээний илчлэгтэй хоол, түүнчлэн унтах байр, дэвсгэр, хучлагаар хангагдах;
17.1.9.шөнийн цагт 8 цагаас багагүй хугацаагаар унтаж амрах;
17.1.10.эмнэлгийн тусламжийг Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд1 заасан журмын дагуу авах;
17.1.11.хорих байрны дотоод журамд заасны дагуу захидал, цахилгаанаар харилцах, бичгийн хэрэгсэл ашиглах;
17.1.12.хорих байрны дотоод журам зөрчихгүйгээр шашны зан үйл үйлдэх;
17.1.13.хорих байрны дотоод журамд заасан хугацаагаар салхинд гарах;
17.1.14.боловсрол, мэдлэгээ дээшлүүлэх, шаардлагатай сурах бичиг, ном ашиглах;
17.1.15.эргэлт авах;
17.1.16.иргэний эрх зүйн хэлцэлд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох;
17.1.17.өөрт холбогдох асуудлаар болон хорих байрны нөхцөл, журам, үйл ажиллагааны талаар аль ч байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол, хүсэлт гаргах.