Categories
мэдээ нийгэм

УИХ дахь МАН-ын бүлэг намрын чуулганаар 31 асуудал хэлэлцжээ

Намрын ээлжит чуулганы хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг 12 удаа хуралдаж, 31 асуудал хэлэлцэн, Бүлгийн даргын 28 шийдвэрийг гаргажээ.
  • Нийт бүлгийн хоёр,
  • Байнгын хороодын 24,
  • УИХ-ын даргын захирамжаар долоон ажлын хэсэгт бүлгийн гишүүд орж ажиллав.

Бүлэгт нийт 85 өргөдөл гомдол, санал хүсэлт, албан бичиг ирүүлснийг тухай бүр шийдвэрлэн хариуг өгч, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд 243 албан бичиг явууллаа хэмээн УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын маргаашийн хуралдаанаар шинэ томилгоонуудыг эцэслэнэ

Засгийн газрын маргаашийн хуралдаанаар шинэ томилгоонуудыг эцэслэнэ

Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох тухай мэдээлэл эртнээс дуулдсан. Өчигдөр (2022.01.17) болсон Засгийн газрын ээлжит бус хурлаар БОАЖ-ын сайд Н.Уртнасанг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан хэмээн чөлөөлөв.

Маргааш өглөө болох Засгийн газрын ээлжит хурлаар БОАЖ-ын дэд сайд, ШӨХТГ-ын дарга, “ЭТТ” ХК-ийн ТУЗ-ийн даргаар цаашид хэн ажиллах нь тодорхой болно. БОАЖ-ын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилсноор түүний хашиж байсан ШӨХТГ-ын дарга, хавсран ажиллаж байсан “ЭТТ”-н ТУЗ-ийн даргын албан тушаал эзэнгүй болов.

Өчигдөр Засгийн газрын ээлжит бус хурлын дараа МАН-ын УЗ-ийн хурал болж, Б.Бат-Эрдэнийг БОАЖ-ын сайдад нэр дэвшүүлсэн. Түүнийг өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ сайдад батламжийг нь гардуулав. Б.Бат-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын чуулганы танхимд тангаргаа өргөснөөр үүрэгт ажлаа эхэлнэ.

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан. Энэ дагуу шинэ сайд нарын томилгоо, ажил хүлээж авах шат дамжлага өмнөхөөс ихээхэн багасаж, илүү шуурхай болсон юм.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүрэлдэхүүнээ дангаараа томилох, чөлөөлөх эрхээ албан ёсоор хэрэгжүүлж буй юм.

Categories
мэдээ нийгэм

​Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан энэ сарын 21-нд болно

Дээд шүүх Цэцийн гишүүний нэг орон тоонд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан нэгдүгээр сарын 21-нд болно.

Уг хуралдаанаар

  • “Ардын чуулган” нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх,
  • Монгол Ардын намын дарга, намын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх,
  • Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтүүд,
  • Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, хэсгийг тайлбарлах тухай тогтоолын төсөл,
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2-т заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн санал үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэх асуудлыг тус тус хэлэлцэнэ.

Мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгд заасны дагуу Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг тайлбарлах тухай “хууль тайлбарлах хэрэгцээ, шаардлага, тайлбарын цар хүрээ, арга зүйг тодорхойлсон” Эрүүгийн хэргийн танхимын саналыг хэлэлцэж, зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Стандартын бус шатнаас унасан эмэгтэй амиа алджээ

Ховдын аймгийн цагдаа нар нэгнийхээ...

Өнгөрөгч оны нэгдүгээр сарын 20/2021.01.20/-ны өдөр нэгэн эмэгтэй ажлын байрныхаа стандарт бус шатнаас унаж, харамсалтайгаар амиа алджээ.

Тодруулбал, тухайн ажлын байр нь Бөхийн өргөө орчим байрладаг бөгөөд хоолны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Талийгаачийн ар гэр ээжийгээ стандарт бус шатсанаас унаснаас амиа алдсан хэмээн дүгнэж, гомдолтой байгаа аж. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэст үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Замын-Үүд рүү зорчих иргэд вакцины III тунд хамрагдана

Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын-Үүд сумын Онцгой комисс дараах шийдвэрийг гаргажээ.

Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд хот хоорондын зорчигч тээврийн автобусаар зорчих зорчигч сумын Онцгой комиссын шийдвэрийн дагуу вакцины гуравдугаар тунд хамрагдсан гэрчилгээ, эрүүл мэндийн тодорхойлолтоор вакцинд хамрагдаагүй эмчийн магадлагааг бичиг баримтдаа хавсаргах аж.

Мөн ПГУ шинжилгээний хүчинтэй хугацаа дуусаагүй байх, түргэвчилсэн шинжилгээний хариу хүчинтэй байх, 12 наснаас дээш хүүхэд шинжилгээнд хамрагдсан байх бөгөөд өөрийн биеэр бичиг баримтаа үндэслэн тасалбар захиалах шаардлагатай аж. Замын-Үүдэд ирэх иргэд https://smart.dornogovi.gov.mn/ сайтад бүртгүүлнэ.

Categories
мэдээ нийгэм спорт

Нийслэлийн өсвөрийн аварга шатарчид энэ сард тодорно

Шатар сонирхогчдын УАШТ цахимаар зохиогдож байнаийн Өсвөр шатарчдын 2022 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 22-24-нд болно.

Тодруулбал, Энэхүү тэмцээний 6 хүртэл болон 7-8 насны ангиллын тэмцээн энэ сарын 19-21-нд зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгаруулах юм. Харин нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний 9-10, 11-12, 13-14 насны ангиллын тэмцээнүүд энэ сарын 22-24-нд болж шилдгүүдээ тодруулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх утасны дугаарууд

Нийслэлийн ЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.

Энэ сарын өдөрлөг маргааш 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Иймд иргэд

  • 75050801,
  • 75050802,
  • 75050803,
  • 75050804 дугаарын утсаар холбогдож хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой гэж Монголын хуульчдын холбооноос мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Цагаан идээний худалдааг нэгдсэн байдлаар зохион байгуулна

Цагаан идээний үнэ буурч байна

Аймгийн хэлтэс, албадын дарга нарын шуурхай хурал хуралдаж, хэд хэдэн асуудлыг онцлон хэлэлцэж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.

Тухайлбал, Сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан иргэд, малчдын эдийн засгийг дэмжих үүднээс хүнс, цагаан идээний худалдааг нэгдсэн байдлаар зохион байгуулах үүрэг чиглэлийг Хүнс, хөдөө аж ахуйн газар, Арвайхээр сумын ЗДТГ-т өгөв.

Мөн ирэх баасан гараг буюу 1 дүгээр сарын 21-ний өдөр Арвайхээр сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийг хамарсан хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулахаар төлөвлөлөө.

Мөн аймгийн хэлтэс албад, агентлагийн ажлыг дүгнэх хяналт, шинжилгээ үнэлгээний ажил эхэлсэн учраас байгууллагуудыг тайлангаа аймгийн ЗДТГ-т яаралтай ирүүлэхийг үүрэг болголоо.

Categories
мэдээ цаг-үе

Хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан тохиолдолд сар бүрийн 20-ны өдөр олгогдоно

“Ирээдүйн өв сангийн тухай” хуулийн дагуу 2022 оноос эхлэн Хүүхдийн мөнгөн хуримтлал үүсгэх, түүнээс мөнгөн хэлбэрээр авах хүсэлтийг хүлээн авч байгаа. Энэ сарын 14-ний байдлаар 729,699 хүүхдийн мөнгийг мөнгөн хэлбэрээр авах хүсэлтээ ирүүлснийг ХХҮЕГ-аас мэдээллээ.

Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд, эсхүл 16 насанд хүрсэн бол хүүхэд өөрөө Хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлтээ сар бүр системээр дамжуулан, эсвэл сум, хорооны нийгмийн ажилтанд өөрийн биеэр нэг удаа хандаж, бүтэн жилээр гаргах зохицуулалт хийсэн ч иргэдийн хүсэлтийг харгалзан, цахимаар гаргахдаа нэг удаагийн хүсэлтээр бүх сараа сонгох юм.

Хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргаагүй тохиолдолд Төрийн сангийн дансанд байршуулна

Хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргасан тохиолдолд дараах хувиар тооцож мөнгөн хэлбэрээр олгох ба хүүхдийн мөнгөн тэтгэмж олгогдож байсан дансаар дамжин сар бүрийн 20-ны өдөр олгогдоно.

2022.01.01-07.01-ний өдрийг хүртэл 100,000 төгрөг

2022.07.01-2022.12.31-ний өдрийг дуустал 50,000 төгрөг өгнө.

Хэрэв хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргаагүй тохиолдолд мөнгөн хуримтлал үүсгэх хүсэлт гаргасанд тооцож, Төрийн сангийн холбогдох дансанд байршуулна.

Хүүхдийн мөнгөн хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлтээ тухайн сард нь гаргаж амжаагүй эсвэл хүсэлт гаргасан боловч тухайн иргэнээс үл хамаарах шалтгаанаар тухайн сардаа олгогдоогүй бол хүсэлтийг үндэслэн нөхөн олгоно. Өөрөөр хэлбэл 2022 оны нэгдүгээр сард мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргаж амжаагүй тохиолдолд хоёрдугаар сард гаргах боломжтой ба 1, 2 сарын мөнгийг хамт олгоно.

Хүүхдийн мөнгөн хуримтлал үүсгэх, түүнээс мөнгөн хэлбэрээр авах хүсэлтийг:

www.ehalamj.mn цахим хуудас

Ebarimt гар утасны аппликэйшн

Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх газар, хэлтсүүдээр дамжуулан хүлээн авч байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НОК: Цагаан сарын баярыг цахимаар тэмдэглэх хүсэлт гаргалаа

УОК-ын орлогч дарга, хошууч генерал Г.Ариунбуян, нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү нар өнөөдөр Нийслэлийн Онцгой Комисс /НОК/-ын Шуурхай штабт ажиллалаа.

НОК-ын Шуурхай штабын дарга Р.Дагва нийслэл дэх коронавиурст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ “НОК нь коронавируст халдварын хариу арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахдаа нийтэд чиглэсэн хариу арга хэмжээ, тандалт-тусламж үйлчилгээ, дархлаажуулалт гэсэн гурван чиглэлийг баримтлан ажиллаж байна. Тандалтын чиглэлээр хийсэн ажлыг товчхон танилцуулахад нийслэлийн хэмжээнд коронавируст халдвартай зэрэгцэн хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний идэвхжил нэмэгдэн, эмнэлгийн ачаалал ихсэж, хүндрэх эрсдэлтэй байна.

Түүнчлэн төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналтаар улаан бүсийн эмнэлгийн ажилчдын 21 хувь нь халдвар авснаас үүдэлтэй эмч, эмнэлгийн ажилчид дутагдалтай байна. Нийслэлийн хэмжээнд тандалтын баг 24 цагаар, Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-үүд уртасгасан цагаар ажиллаж байна. Тандалтын багт халдварын оргил үед 91 тээврийн хэрэгслийг дайчлан ажиллуулж байсан бол одоо 20 тээврийн хэрэгсэл ажиллаж байна.

ӨЭМТ-д сайн дурын 10 жолооч, тээврийн хэрэгслийг нэмэлтээр ажиллуулж байна. ЭМЯ-ны дэргэдэх эрдэмтдийн багийн зөвлөгөөг чиг болгон баримталж, иргэдэд чиглэсэн тандалт болоод эмчилгээ үйлчилгээг цаашид ч үзүүлэхээр шамдан ажиллана” гэсэн юм.

Цаашид коронавируст халдвар тэр дундаа омикрон хувилбарын тархалт буурахгүй бол хамгийн их эрсдэл хүлээх газар бол нийслэл. Тиймээс Цагаан сарын баярыг цахимаар тэмдэглэх, хурал, цуглаан, цайллага, сургалт зэрэг олон нийтийн арга хэмжээг хоёрдугаар сарыг дуустал цахимаар зохион байгуулах, Худалдаа, үйлчилгээний байгууллагууд нэмэлт тунд хамрагдсан иргэдэд үйлчлэх, дархлаажуулалтын түр цэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг УОК-ын хэмжээнд хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Коронавируст халдварын тохиолдлын тоо 2022 оны нэгдүгээр сарын 3-ны өдрөөс огцом нэмэгдсэн. Нэгдүгээр сарын 1-3 дахь долоо хоногт хоногийн дундаж тохиолдол 3180-д хүрээд байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 34.9 хувиар өссөн /жирэмсэн 39.1 хувиар өссөн, хүүхдийн тохиолдлын тархалт өмнөх долоо хоногоос 39.8 хувиар өссөн/ үзүүлэлт юм.

Гэрээр болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэгдүгээр сарын 6-ны өдрөөс мөн нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 23642 хүн гэрээр эмчлүүлж байгаа юм. Энэ удаагийн халдварын онцлог нь нийт иргэдийн дунд халдварын тохиолдол огцом нэмэгдсэнээс эрсдэлт бүлгийн хүн амд хүндрэл учрах магадлал өндөр байна” гэлээ.

Уулзалтын төгсгөлд УОК-ын орлогч дарга Г.Ариунбуян НОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаа жигдэрч, омикрон хувилбарын тандалт, хариу арга хэмжээг зөв хувилбар, оновчтой арга хэрэгслүүдээр шуурхай авч ажиллаж байгааг дурдаад нийгэмд чиглэсэн, ард иргэдэд хандсан олон чухал ажлыг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.