Иргэд НӨАТ-ын IV улирлын урамшууллын буцаан олголтоороо албан татвараа шимтгэлгүй, зөрүүгүй, хурдан шуурхай төлөх боломжтой бөгөөд
.Month: January 2022
ХӨСҮТ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Сүүлийн өдрүүдэд тохиолдлын тоо дөрөв дахин нэмэгдээд байна. Дотоодын халдвар ихэссэнтэй холбоотойгоор бид эрсдэл бүхий хүн амд чиглэсэн тандалтын хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлсэн. Нийт тохиолдлуудын 80-аас илүү хувь нь гэр бүл, ажлын газраасаа халдвар авч буй. Мөн томоохон худалдааны төв, олон нийтийн газраар үйлчлүүлж буй иргэдийн 60 гаруй хувь нь ойрын хавьтал болсон байна. Он гарснаас хойш нийт тохиолдлуудад омикрон хувилбарын эзлэх хэмжээ 60-70 хувь болж нэмэгдсэн. Энэ сарын 17-ны шинжилгээнээс харахад омикрон хувилбарын тархалт 90 хувьд хүрлээ. Халдварын оргил үе ирэх сарын эхээр буюу сар шинийн баяраар ихсэх төлөвтэй. Мөн энэ үед хүүхдүүдийн хичээл, сургууль эхлэх учир бид тандалтын судалгаагаа холбогдох байгууллагуудад өгсөн удахгүй УОК шийдвэрээ гаргах байх” гэлээ.
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Оргил багийн Арал хороололд /аймгийн төвөөс урд зүгт 180 км, сумын төвд/ иргэн Г-ын байшин нэгдүгээр сарын 19-ний өдрийн 00:10 цагийн үед шатсан тухай мэдээлэл нэгдүгээр сарын 19-ний өдрийн 00:50 цагт хүлээн авчээ.
Тус сумын иргэд иргэн Г-гийн 8х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 3 цаг ажиллаж унтраажээ. Тус гал түймэрт 42 настай иргэн Г өртөж нас барсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Коронавирусийн Омикрон хувилбарыг дельтай хувилбартай харьцуулахад хүүхдүүдэд илүү аюултай гэнэ. Энэ талаар Оросын вирус судлаач Евгений Тимаков анхааруулсныг “Дождь” суваг дамжуулжээ.
“Омикрон хувилбар хүүхдүүдэд илүү аюултай, тэр дундаа 12-оос дээш насныхан болон гурав хүртэлх насны хүүхдүүдэд аюултай байна. Коронавирусийн өмнөх хувилбарууд хүүхдүүдэд тийм ч хүчтэй нөлөөлж байгаагүй, харин одоо омикрон халдвар хүүхдүүдэд их халдварлаж байна” хэмээн вирус судлаач өгүүлсэн байна.
Түүнчлэн 70-аас дээш насныхны хувьд омикрон хувилбарын халдварын улмаас өвчин хүндрэх, нас барах эрсдэл өмнөх хувилбаруудтай адил байгаа гэдгийг онцолсон байна. Вирус судлаачийн өгүүлснээр вакцин тариулаагүй хүмүүст омикрон илүү аюултай гэнэ.
УИХ-ын 2021 оны намрын чуулганы сүүлийн хуралдаанаар 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолыг баталлаа. Ирэх хаврын чуулганаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэх юм байна.
1/Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
2/Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон зарим татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл;
3/Газрын багц хуулийн төсөл;
4/Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
5/Дампуурлын тухай хуулийн төсөл буюу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
6/Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
7/Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
8/Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай анхдагч хуулийн төсөл;
9/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
10/Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
11/Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
12/Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
13/Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай анхдагч хуулийн төсөл;
14/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
15/Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;
16/Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
17/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл;
18/Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
19/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
20/Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
21/Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
22/Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
23/Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
24/Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл;
25/Төрийн өмчийн тухай хуулийн төсөл;
26/Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төсөл;
27/Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл;
28/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл;
29/Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл;
30/Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
31/Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
32/Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төсөл;
33/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
34/Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл;
35/Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
36/Төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтын тусгай журмын тухай хуулийн төсөл;
37/Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл;
38/Тээврийн нэгдсэн хуулийн анхдагч хуулийн төсөл;
39/“Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
40/Улс төрийн намын тухай хуулийн төсөл
41/Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
42/Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл;
43/Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөл;
44/Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
45/Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
46/Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
47/Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл;
48/Хөгжлийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл;
49/Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
50/Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
51/Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
52/Шүүх байгуулах тухай хуулийн төсөл;
53/Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
54/Шүүхийн бус журмаар өр барагдуулах тухай анхдагч хуулийн төсөл;
55/Эдийн засгийн сэргэлтийг дэмжих хөгжлийн төслийг санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл.
Баян-Өлгий аймагт Дулааны станцын зуух бууджээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан 4 дүгээр багт аймгийн Дулааны станцын зуух буудсан гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 19:06 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 19:08 цагт очиход “ЭРЧИМ БАЯН-ӨЛГИЙ” ХХК-ийн дулааны станцын 4 зуухны нийлбэр халуун ус гарах хэсгийн гол шугам /П530/ буудаж, хагарсан байсныг шалгаж зөвлөгөө өгч ажилласан.
Баян-Өлгий аймгийн “А” бүсийн нийт хэрэглэгчийн 98 хувийг дулаанаар хангадаг. Аймгийн дулаан 01.18-ны өдрийн 19:06 цагт зогссон, гагнуур болон засвар үйлчилгээг хийж гэмтлийг бүрэн засварлаж дуусган мөн өдрийн 22:29 цагт дулаан түгээж эхэлжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас эхэлсэн улс төрийн хариуцлага хүлээлгэх халаа, сэлгээ үргэлжилж байна. Засгийн газрын хуралдаанаар төрийн захиргааны зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг Түр орлон гүйцэтгэгч Б.Ганзориг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ.
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг Түр орлон гүйцэтгэгч Б.Ганзоригийг шүлхий өвчний дэгдэлтийг хязгаарлах, малын вакцинжуулах ажлыг хангалтгүй хийсэн гэж үзсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 16 аймагт шүлхий өвчин дэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоосон байгаа.
Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханыг цар тахлын үед эмийн татан авалтын зохицуулалтад хариуцлагагүй ажилласан гэсэн үндэслэлээр албан тушаалаас нь огцруулсан байна. БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан ачаа тээврийг хилээр нэвтрүүлж, эхний ээлжинд эм, эмнэлгийн хэрэгслийг оруулж ирж байгаа ч эмийн сангуудад дуслын шингэн зэрэг зарим эм, хэрэгсэл хомсдсон мэдээлэл байгаа юм.
Халдварын тархалт нэмэгдэж, эмнэлгийн ачаалал ихэссэн учир цагаан сарын баярыг цахимаар тэмдэглэх, олон нийтийн арга хэмжээг хоёрдугаар сарыг дуустал хязгаарлахыг НОК УОК-оос хүсээд буй.
Харин Цагаан сарын үеэр хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлах эсэхийг аймгууд өөрсдөө мэднэ гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр мэдээлэв.
Тодруулбал, тухайн нутаг дэвсгэртээ ямар хорио цээрийн дэглэм тогтоохоо аймгийн онцгой комисс шийдвэрлэх юм.
БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адилбаев өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж Казахстан дахь нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Хийн түлшний үнийг хоёр дахин нэмэгдүүлсэн шийдвэрийг иргэд эсэргүүцэж энэ сарын 2-ноос эхлэн Жанаөзен хотод жагсаал цуглаан өрнүүлж эхэлсэн. Ерөнхийлөгч болон ерөнхий сайдын зүгээс энэ асуудлыг анхааралдаа авч Улсын комисс байгуулсан. Улсын комиссын шийдвэрээр нэгдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд иргэдийн тавьсан шаардлагыг бүгдийг нь хүлээн авч, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн. Нэгдүгээр сарын 5-6-ний өдрүүдэд жагсаал хурцдаж Алматан болон Казахстаны томоохон хотуудад үймээн самуун дэгдэж жагсаал хүндэрсэн. Анх хууль хүчний байгууллагууд ямар нэгэн зэвсэг ашиглаагүй, жагсаалыг эсэргүүцээгүй. Казахстанд болсон үйл явдал нь урт хугацаанд бэлтгэгдсэн ямар нэгэн гэмт бүлэглэлүүд тайван жагсаалыг ашиглаж стратегийн объектуудыг сүйтгэх, дэлгүүрүүдийг тонох зэрэг үймээн самуун дэгдээсэн. Жагсагчдын анх тавьсан Засгийн газрыг огцруулах шаардлагыг биелүүлчихээд байхад зэвсэгт этгээдүүд үүнийг хүлээж авалгүй байдлыг улам хурцдуулсан. Бослого үймээний улмаас 4578 хүн хохирсны дотор 4353 нь гэмтэж бэртсэн.
Үүний 78 хувь нь буюу 3393 нь хууль сахиулах байгууллагын ажилчид байсан. Энэ сарын 1-17-ны хооронд нийт 225 хүн амиа алдсаны 19 нь цагдаа, цэргийн алба хаагч байсан гэдгийг Казахстан улсын Прокурорын байгууллага мэдээлсэн. Одоогийн байдлаар Казахстан улсад шинэ Засгийн газар байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Шинэ Засгийн газар эдийн засгийн хэвийн байдлыг хангах, үнийн өсөлтөд хориг тавих арга хэмжээг хэрэгжүүлж байна. Казахстан улсад хөрөнгө оруулагчид болон дипломат төлөөлөгчийн газруудыг хамгаалах, олон улсад хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлсэн. Одоогоор харилцаа холбоо, агаарын тээвэр, төмөр зам зэргийн ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Одоо хууль сахиулах байгууллага болон Улсын комисс хамтран гэмт хэрэгтнүүдийг тодорхойлох ажлыг хэрэгжүүлж байна” гэв. Мөн тэрбээр “хүнд хэцүү цаг үед Монголын төр, засгаас холбогдож сайн сайхан цаг ирнэ гэж урам өгч, сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн монголчууддаа баярлалаа. Монгол-Казахстан бол найрсаг харилцаатай ойр дотно хөрш орнууд. Ижилхэн нүүдэлчин соёлтой ард түмэн. Монголын нийт ард түмэнд ЭСЯ-ны ажилтнууд болон өөрийн зүгээс талархал илэрхийлье” гэв.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр /2022.01.19/ МХЕГ-ын дарга Т.Гантулгын оронд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Б.Баасандоржийг томилохоор болсон байна. Харин Б.Баасандоржийн албан тушаалд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байгаа П.Сайнзоригийг томилох бол Т.Гантулгыг ШӨХТГ-ын даргаар сэлгэн томилох гэнэ.