М.Мөнх-Оргил механик инженер, хуульч мэргэжилтэй. 2013 онд ШУТИС төгссөн. Д.Тэмүүжин Шанхайн уламжлалт анагаах ухааны их сургуулийг 2018 онд төгссөн. Тэд “Дусал тус” сан байгуулж, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай хүүхдүүдэд туслах том мөрөөдөлтэй залуус. Энэ талаар тэдэнтэй ярилцлаа.
-Яагаад элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай хүмүүст туслах болов?
М.Мөнх-Оргил– Манай ээж элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон юм. Элэг шилжүүлэн суулгаад гараад ирэнгүүтээ л цоо шинэ хүн болчихсон. Надад ид шид шиг л санагдсан. Ээж хагалгаанд ороод 30 гаруй цаг болсон. Орохоосоо өмнө гарын арьс нь харлаад эхэлсэн байсан л даа. Мэс заслын дараа арьс нь урдаасаа эхэлж цайраад ирдэг юм билээ. Тэгээд л ийм асуудалтай хүүхдүүдэд тусалъя. Энэ чиглэлийн эмч бэлтгэхэд нэмэр болъё гэж шийдсэн юм. “Дусал тус” сан байгуулахаасаа өмнө хоёр хүүхдэд хандив цуглуулж өгсөн. Манай сан 50-иад гишүүнтэй. Сар бүр бид хэд боломжоороо мөнгө цуглуулдаг.
Д.Тэмүүжин-Гол нь зовлон мэддэг хүмүүсийг гишүүнээр авбал зүгээр санагддаг. Энэ чиглэлийн олон сан бий. Одоогоор танилууд, найз нөхдөө уриалаад явж байна. Манай сангийн гурван үндсэн зорилго бий. 18-аас доош насны элэг шилжүүлэн суулгах шаардлагатай хүүхдүүдэд туслая гэж зорьж байна. ЭХЭМҮТ-ийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нартай бас уулзсан.
Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд 50-80 хүнтэй баг ордог. Ерөнхий эмчээс авахуулаад туслах эмч, сувилагч, асаргаа сувилгаа хийдэг багийнхан, цэвэрлэгч хүртэл багт багтдаг. Эмч нараа гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулахаар зорьсон. Хятад, Солонгосын эмч нартай холбогдож байгаа. Ковидоос шалтгаалаад гадаадад сургалтанд хамруулах ажил хумигдаад байна. Яаралтай хэрэгтэй байгаа тоног төхөөрөмж авч өгье гэсэн юм. Дуслын системээс эхлээд маш олон урсгал зардал гарч байдаг. Хагалгаанд шаардлагатай тоног төхөөрөмжийг бид судалж байгаа. Манай удирдах зөвлөлийн гишүүд ярилцаж байгаад ийм гурван асуудал дэвшүүлсэн. Алсдаа эрхтэн шилжүүлэн суулгах том цогцолбор барих мөрөөдөлтэй байгаа.
-”Хүслэн” кино хийсэн гэлүү?
М.Мөнх-Оргил-”Хүслэн” кино маань арваннэгдүгээр сарын 19-нд нээлтээ хийсэн. Жаахан бэрхшээл тулгараад, кино театруудаас киногоо буулгасан байгаа. Юнивишнд тавихаар хүмүүс үзэх байх. Энэ киноноос олсон орлогоороо эмч нарыг Солонгост сургахаар ярилцаад байгаа юм. Эмч нарын замын зардлын асуудал байдаг. Үүнд нь туслах юм.
-Кино хийхэд бас зардал их шаардсан байх?
М.Мөнх-Оргил-Киноны зардлыг эхнэр бид хоёр хувиасаа гаргасан. Ионсей эмнэлэгээс бидэнд эмч нарын төлбөрийг 70 хувь хөнгөлж өгөх сайхан мэдээ дуулгаад байгаа. Юнивишнд кино оруулахад бас дараалалтай юм билээ. Кино маань тавигдаад ашиг орлого олоод эхэлбэл эхний ээлжинд эмч нараа сургалтанд явуулах бодолтой байгаа.
-Залуус том зорилго тавьсан байна. Элэг шилжүүлэн суулгах шаардлагатай хүүхэд олон байдаг уу?
Д.Тэмүүжин– Өнгөрсөн хавар сангаа байгуулаад, эмнэлэгийн төлөөлөлтэй очиж уулзахад өнөөгийн байдлаар 80-85 хүүхэд байна гэж ярьж байсан. Элэгний хатууралд ороод, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай олон хүүхэд байгаа ч хүлээлт үүсээд байгаа юм билээ. Улс дааж чадах нь байна, чадахгүй нь байна. Зарим хүн хандив, мөнгө босгоод өөрийнхөө мөнгөөр хийлгэж байгаа юм билээ.
-Д.Тэмүүжин эмчээрээ ажилладаг уу?
Д.Тэмүүжин- 2018 оноос эмчээрээ ажиллаж байгаа. Уламжлалт анагаах ухаанаар, эмийн бус аргаар хүнийг яаж эрүүлжүүлэх чиглэлээр ажилладаг. Оргилын маань ээж хагалгаанд ороод, бид эмнэлэг дээр хамт байлцахдаа “Их хүнд асуудал юм байна. Энэ чиглэлээр юм хийвэл яах вэ” гэж бодоод энэ ажлыг эхлүүлсэн юм.
-Ямар хүмүүс сан байгуулаад, хүмүүст туслах гээд яваад байгааг хүмүүс сонирхох байх л даа. Тэгэхээр өөрсдийнхөө тухай яриач. Монголын уламжлалт анагаах ухаанаас Дорнын анагаах ухаан тэр дундаа Хятадын анагаах ухаан өөр үү?
Д.Тэмүүжин-Ерөнхийдөө суурь нь ижил. Гэхдээ хувьслынхаа явцад өөр өөрийн нөхцөлд зохицсон уламжлалт анагаах ухаан болж хөгжсөн. Өвчнийг анагаах эдгээх, урьдчилан сэргийлэх өөр өөрийн онолтой. Хятадад сар бүр дэлхийн хэмжээний том хурлууд болдог. Би бол нуруу нугасны өвчин, суудлын мэдрэлийн өвчнөөр мэргэшихийг хичээдэг.
-Хүмүүс хүндэрсэн үедээ эмчид очдог уу эсвэл урьдчилан сэргийлэхэд анхаарч байна уу?
-Арван хүний гурваас дөрөв нь хүндэрсэн үедээ ирдэг. “Үнэхээр болохоо байлаа, эмчээ“ гэж ирдэг. Бусад нь “Би өвдөх гээд байна” гээд ирдэг. Манайхан бас өөрийгөө их чагнана. Яаж өвдөхгүй байх талаар мөн сэргээн засах чиглэлээр зөвлөгөө өгдөг.
– Эрхтэн шилжүүлэн суулгахдаа тулна гэдэг маш олон үе шатыг туулна шүү дээ. Элэг, бөөр чинь эвгүйдэж байна шүү гэдэг эхний дохионууд яаж ирдэг вэ?
-Эхний дохио нүд, чих, нүүр аман дээр харагддаг. Нүдний доогуур харлах, чих шуугих шинж тэмдэг илэрнэ. Нойр муутай үед элэг гэмтдэг. Судас бариад оношилох үед “Та нойр муутай юу” гэхэд үнэхээр тийм байдаг. “Элгээ хамгаалахын тулд нойроо сайн ав” гэдэг. Амьдралын зөв дадалтай байхыг зөвлөдөг. Эрсдлийг нь урьдчилж хэлэхээр тэр хүн элэгний хатууралд орохгүй, хавдар тусахгүй. Ирээдүйд эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлэгийн хаалгыг татахгүй шүү дээ. Ингэж л монгол хүний амь насыг хамгаалахыг зорьж байгаа.
-Чих шуугих бас дохио юм байна шүү. Манайхан “Чих шуугиад, утасны мод шиг дүнгэнээд байна” гээд л явдаг.
-Хэн нь муулаад, магтаад байна гээд явцгаадаг шүү дээ.
-Хүүхдүүд яагаад элэг солиулахад хүрч байна вэ?
-Удамшил нөлөөлнө. Ээж аав, эмээ өвөөгөөсөө авахуулаад амьдралын хэв маяг нь буруу байна. Эрүүл бус хооллодог. Ээж, аав нь зөв хооллодог бол таны хүүхдийн өвдөх эрсдэл буурна. Наад зах нь хүүхдээ орой эрт унтуул, өглөө юм идүүлэх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн хийлгэж байх нь өвдөхөөс урьдчилан сэргийлэх арга.
-Залуу хүн цалингаа хуримтлуулах ёстой. Зардал мундахгүй. Гэтэл орлогынхоо тодорхой хувийг хандивт зарцуулдаг гэхээр мундаг юм аа?
– Олж байгаа орлогынхоо тодорхой хувийг санд оруулдаг. Залуу хүн хариуцлагатай байх ёстой. Бусдад жаахан ч болов тус больё. Надад хариу нь ирэхгүй ч миний хүүхдүүдэд буян болох болов уу гэж боддог.
-”Хүслэн” гээд кино хийсэн гэсэн. Ер нь яагаад кино хийхээр шийдэв?
М.Мөнх-Оргил: “Revolution” студид манай найзууд байдаг. Нэг удаа “Дусал тус” сангийнхээ танилцуулгыг хийлгэхээр очсон юм. Тэр үед хойно хүмүүс яриад байсан. Нэг охин амьдралын буруу хэв маягаар яваад, элэгний хавдар туссан тухай ярьсан. Надад нэг гоё кино зохиол шиг санагдсан юм. Киноны төгсгөл хэсэг нь миний зорилготой уялдаад, донорын асуудлыг хөндье гэж шийдсэн. Киногоо өнгөрсөн оны гуравдугаар сараас эхэлж, зураг авалт маань наймдугаар сард дууссан л даа.
-Та бол киног санхүүжүүлсэн юм байна, тийм үү?
-Эхнэр бид хоёр санхүүжилт гаргасан юм. “Эхнэрийн заавраар” нэвтрүүлэг хөтөлдөг байсан хөтлөгч, зохиолч А.Миеэгомбо зохиолыг нь бичсэн. Гол дүрд нь СУИС-ийн оюутан Г.Хүслэн тоглосон юм. Гавьяат жүжигчин У.Батбаатар, жүжигчин С.Сарангэрэл, Г.Ганбат нар гол дүрд тоглосон. Найруулагчаар А.Даваажаргал, Б.Батсүх нар ажилласан юм.
-”Хүслэн” кино бодит амьдралаас сэдэвлэсэн гэсэн үг үү?
-Бодит амьдралаас сэдэвлэсэн. Б.Батсүх найзын маань танил нь олон жилийн өмнө тийм асуудалтай тулгараад, хүүхдээ алдаж байсан юм билээ. Арав гаруй жил энэ кино зохиолын тухай бодож явсан гэсэн. Тэгээд нэг өдөр санаандгүй байдлаар бид гурав уулзаад,кино хийхээр шийдсэн юм. Кино маань амжилтад хүрэхээр сандаа мөнгө хуримтлуулаад эмч нараа сургахад зарцуулахаар төлөвлөсөн юм. Кино театруудад үзэлт багатай, Юнивишнд тавьчихаар гайгүй болох болов уу гэж найдаж байна. “Хүслэн” киног үзсэн хүн бүр хавдартай тэмцэж байгаа эмч нарыг Солонгос руу сургалтанд явуулах зардлыг босгоход нэмэр болох юм.
-Киноноос өөрөөр яаж хандив цуглуулдаг вэ?
-Манай найзууд дөч, тавиулаа. Сард арав, хорин мянгыг өгөөд байхаар нэг мэдэхэд л гайгүй мөнгө цуглачихдаг юм.
Д.Тэмүүжин:Ойр тойрны мэддэг хүмүүсээсээ хандив гуйдаг. Бид бас түнш байгууллагууд сонгоод, манайд хандив өргөсөн хүмүүс гишүүн байгууллагуудад тодорхой хэмжээний бонустай үйлчлүүлэх талаар зөвшилцөж ярилцаж л байгаа.
Кино хийсний дараа эмч нартайгаа уулзахад “Киног нь үзсэн. Тодорхой хэмжээгээр нийгэмд нөлөөлөх ажил хийж байгаа нь сайн байна” гэж ярьж байсан.
-”Дусал тус” сан ямар хүмүүст туслаад байна вэ?
Д.Тэмүүжин:-Нэг хүү, бас нэг найман настай хавдартай охинд тусалсан. Сүүлд Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтсийн байцаагч эмэгтэйд тус болсон юм. Тэр эмэгтэй бурхан болсон л доо. Гэхдээ нэгдүгээр эмнэлэгт сэхээнд байхад нь ар гэрийнхэнтэй нь уулзаад, сангаасаа тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлээд, нөхөрт нь гардуулаад явахдаа бахархаж л байлаа. Манай санд итгээд, олон хүн хандив өргөөд, бид түүнийг нь тусламж шаардлагатай хүмүүст хүргэх гоё л юм билээ.
М.Мөнх-Оргил: Тэр эмэгтэйд туслах гол шалтгаан зургаагаас доош насны гурван хүүхэдтэй байсан. Элэгний хавдрын эцсийн шатандаа орчихсон, жирэмсэн байхдаа элэгний хавдартай гэдгээ мэдээд, дээр нь ковид туссан байсан. Хамгийн бага нь дөрөв, тавхан сартай нярай хүүхэд. Тэгээд бид хүүхдүүдэд нь тус болъё гэж бодсон юм. Яах аргагүй олон өвчин хавсарсан учраас өөд болсон л доо.
Одоо Монголд 150 мянган хүн элэгний В,С вирустэй гэсэн тоо байна лээ. Энэ хүмүүс маань 10-15 жилийн дараа элэгний хатууралд хүрэх эрсдэлтэй. Хавдар тусах эрсдэл их. Энэ тохиолдолд элэг шилжүүлэн суулгах хэрэгцээ гарна. Гэтэл Монгол Улсын маань элэг шилжүүлэн суулгах баг өнөөгийн хурдаараа явбал хэр олон хүнд тусалж чадах билээ. Олон хүнийг “Одоо яая гэх вэ дээ” гээд хаялтай биш. Сан байгуулсан гол шалтгаан маань хавдрын эрсдэлтэй 150 000 хүмүүсийн ядаж 70-80 мянгыг нь аваад үлдчихье гэсэн юм.
Д.Тэмүүжин: Сард хамгийн ихдээ хоёр л хүн хагалгаанд ордог юм билээ. Жилд 24 хүн л орно. Өөрөө мөнгө зардлаа олсон ч дараалал гэж бий. Дараалалаас илүү нэг асуудал нь донор. Донор олддоггүй. Эсвэл ээж, аав нь, эгч дүү нь, үр хүүхэд нь л донор болдог. Биднийг эмч нартай уулзаж, судалгаа хийж байхад “Донорын асуудал хүнд байна” гэж ярьж байсан. “Эрүүл монгол”, “Элэг бүтэн монгол” хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Олон сангууд бий. Бүгдээрээ хамтраад монгол хүний амийг аваръя. Нэг хүнийг аврахад ард нь байгаа дор хаяж арван хүнийг аварч чадна шүү дээ.
–Ингэхэд танай ээж хагалгаанд ороход донорын асуудлыг яаж шийдсэн бэ?
– М.Мөнх-Оргил:-Манай эгч донор болсон. Хагалгааны маргааш нь босоод, хоёр сарын дараа элэг нь хэмжээндээ очсон байсан. Хүний элэг хурдан төлждөг юм билээ. Элэгнийх нь 75 хувийг нь авч суулгасан шүү дээ.
-Хандив тусламж үзүүлэх хүнээ яаж сонгодог вэ?
М.Мөнх-Оргил: Манай сангийн Удирдах зөвлөлд долоон хүн байдаг. Хандив тусламж гуйсан хүмүүсийн мэдээлэл маст хүрчихээрээ мөнгө нь дороо босчихдог. Нэг хандивын дор ахиад 10-15 хүн тусламж гуйдаг. Тэндээс харж байгаад арай олонд хүрээгүйг нь сонгодог юм.