Categories
гадаад мэдээ

Австралид ажиллах хүчний хомсдол үүсчээ

Австралид омикрон хувилбарын тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор олон мянган ажилтан ажлаа зогсоох эсвэл ойрын хавьтал болж тусгаарлалтад орсон байна. Эдгээр шалтгааны улмаас тус улсад ажиллах хүчний хомсдол үүсжээ.

Тэгвэл үүнийг даван туулахын тулд олон улсын оюутнууд болон хөдөлмөр эрхлэх жуулчдыг визний хураамжаас чөлөөлөхөөр болсон байна. Энэхүү шийдвэр нь ажиллах хүчний тоог нэмэгдүүлж, асуудлыг шийдвэрлэхэд тус нэмэр үзүүлэх зорилготой аж.

Тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “ирэх 12 долоо хоногийн хугацаанд бид жуулчид болон олон улсын оюутнуудыг визний хураамж болох 630 австрали доллараас чөлөөлнө” гэж хэлсэн байна.

Мөн тэрбээр, “Та бүхэн Австралид ирэхийг хүсч байгаа бол одоо сайхан боломж нээгдлээ. Манай улсын хөдөө аж ахуй, зочид буудал болон бусад салбаруудад ажиллах хүч маш дутмаг байна. Бидэнд тусалж, манай ажиллах хүчинд нэгдээрэй” гэжээ.

Одоогоор Австралийн виз авсан гадаадын 23500 жуулчин байгаа ба тэднээс гадна 150 мянган оюутан тус хөнгөлөлтөд хамрагдах боломжтой гэсэн мэдээлэл байна.

Тус улсын хоол, хүнс, ложистикийн олон компаниуд 10-50 хүртэлх хувийн ажиллах хүчний дутагдалд ороод байгаа юм. Үүний улмаас орон даяар нийлүүлэлтийн хомсдол үүсч, зарим супермаркетуудын лангуу хоосроход хүрчээ.

Албаны мэдээллээр сүүлийн үед цар тахлын дэгдэлт нэмэгдэж буйтай холбоотойгоор тус улсад ажлын байрны сул орон тоо 18.5 хувиар өсч, дээд цэгтээ буюу 400 мянгад хүрээд байгаа юм.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Казахстанд үймээний үеэр зэвсэг тарааж байсан этгээдүүдийг баривчилжээ

Казахстаны олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын оролцогчдод зэвсэг тараасан хэрэгт сэжиглэн Алматы хотод гурван залууг баривчилсан гэж Казахстаны Дотоод хэргийн яам мэдэгджээ.

Алматы хотын Цагдаагийн газрын мэдээлснээр, 19-20 насны залуус зэвсгийн дэлгүүрээс зэвсэг зөөн, Бүгд найрамдах улсын талбай дээр байсан иргэдэд тараасан гэнэ. Тэднийг саатуулсан бөгөөд бусад гэмт хэрэгт холбоотой эсэхийг нь шалгана гэж цагдаагийн газраас мэдээлжээ.

Сэжигтнүүд мэдүүлэг өгөхдөө автомат буу болон хутгаар зэвсэглэсэн үл таних хүмүүс тэднийг Бүгд найрамдах улсын талбай руу зэвсэг зөөхийг тулгасан хэмээсэн байна. Айснаасаа болоод хууль бус үйлдэл хийсэн гэж сэжигтнүүд мэдүүлжээ.

Эргэн сануулахад, нэгдүгээр сарын хоёрны өдөр шингэрүүлсэн хийн үнийн өсөлтийн улмаас Казахстанд эсэргүүцлийн жагсаал эхлэн, жагсагчдын шаардлагыг эрх баригчид биелүүлэн засгийн газраа огцруулж, хийн үнийг бууруулсан ч эсэргүүцэл намжаагүй юм. Ингээд нэгдүгээр сарын тавны өдөр эсэргүүцлийн жагсаал олныг хамарсан эмх замбараагүй байдал болон хувирч, Алматы хотод дэлгүүр банкийг тонон дээрэмдэж, нисэх буудал, цагдаагийн хэсэг, төрийн байгууллагуудыг эзлэн авч байлаа. Эсэргүүцлийг дарахаар арми илгээж, Казахстанд онц чухал объектуудыг хамгаалахаар Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулагчид ирж, үүрэг гүйцэтгэж байв. Казахстанд нөхцөл байдал тогтворжин, энхийг сахиулагчид буцсан ч Казахстаны хууль сахиулагчид алан хядах ажиллагааны эсрэг тусгай ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

УБТЗ-ын албаны даргыг хахууль авсан хэргээр саатуулжээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг шалгаж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд өчигдөр орой буюу нэгдүгээр сарын 19-нд албадан саатуулжээ.

Ж.Пунцагийг бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр мөрдөн шалгаж байгаа гэх мэдээлэл байна.

Тэрбээр өмнө нь буюу 2014 онд Гадаадын иргэн, харьяатын газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа гадаадын иргэнээс орчуулагчаар нь дамжуулан таван сая төгрөгийн хахууль авч, визийн хугацаа хэтрүүлсэн 14 хятад иргэнийг дахин хил нэвтрэх эрхтэйгээр нутаг буцаасан хэрэгт холбогдож байжээ. Уг хэрэгтээ шүүхээс нэг жил зургаан сар хорих ял шийтгүүлж байв.

Түүнийг үргэлжлүүлэн хорих, эсэхийг шүүхийн байгууллага маргааш шийдвэрлэх ажээ.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Маргаашийн бөхийн барилдаан цуцлагджээ

Маргааш буюу 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Бөхийн өргөөнд Манба дацан хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан зохион байгуулагдах товтой байсан. Гэвч тодорхой шалтгааны улмаас цуцлагдсан талаар Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.

Тус мэдэгдэлд “Маргааш буюу 2022 оны 01-р сарын 21-ний өдөр болохоор товлогдсон байсан Манба дацан хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан тодорхой шалтгааны улмаас цуцлагдсаныг мэдэгдэж байна” гэжээ.

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт зохион байгуулагдахаар товлогдсон бөхийн барилдаан мөн цуцлагдсан юм. Учир нь барилдах эрхээ 11 сараар даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар барилдахаар ирсэн ч бөхчүүд эсэргүүцсэн юм. Үүссэн нөхцөл байдлын улмаас барилдааныг зогсоох, цуцлах шийдвэр МҮБХ гаргасан.

Categories
мэдээ нийгэм

Цэцгийн сав руу бие зассан эрэгтэйд хариуцлага тооцжээ

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапид харш” хотхоны урд байрлах авто зам дагуу байрлуулсан цэцгийн саванд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 30-35 орчим насны эрэгтэй бие засаж буй зураг олон нийтийн сүлжээнд тавигдсан.

Цагдаагийн байгууллагаас дээрх зөрчил гаргасан иргэнийг олж тогтоон Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан болно.

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

“СҮҮ“ ХК баглаа боодлын хомсдолд оржээ

Үндэсний үйлдвэрлэгч “Сүү” ХК мэдэгдэл гаргасан байна. Үүндээ гадаад зах зээлээс худалдан авдаг зарим түүхий эд болон сав, баглаа боодлын дутагдалд орсон тухайгаа мэдэгджээ.

Мэдэгдэлд “…гаалийн хүндрэлтэй нөхцөлд түүхий эд, сав баглааны нөөцөө зохих хэмжээнд бүрдүүлсээр ирсэн. Бид тодорхой хугацаанд гадаад зах зээлээс худалдан авдаг түүхий эд, сав баглааны хомсдол, хязгаарлалтад ороод байна. Иймд эрхэм хэрэглэгч, харилцагч та бүхэн үйлдвэрлэгч биднийг ойлгон хүлээж авна гэж найдаж байна” гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Тэрүнофүжи, Митакэүми, Аби нар адил 10 даваатай боллоо

Японы мэргэжлийн сумо бөхийн 73 дахь Их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Токио хотноо үргэлжилж байгаа Хацү башёгийн 12 дахь өдрийн барилдаанд Комүсүби Мэйсейтэй учраа таарч барилдан түүнд катасүкаши мэхээр унаснаар 10 даваа, 2 унаатай болов.

Ийнхүү Хацү башёгийн 12 дахь өдөр 3 сумоч 10 даваатай башёг тэргүүлж эхэлснээр сүүлийн 3 өдрийн барилдаан дуустал энэ башёг тун өрсөлдөөнтэй, сонирхолтой болгож байна.

Энэ өдрийн барилдаанд Озэки Шодай, Хокүтофүжи /М-4/-тэй барилдаж түүнд ёрикири мэхээр уналаа.

Хацү башёг тэргүүлэгчдийн нэг Сэкиваке Митакэүми, Оношо /М-5/-той таарч барилдан түүнд хикиотоши мэхээр унаснаар 2 унаатай болсон бол Оношо 8 даваатай байна.

Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/, энэ өдөр Хошёорюү С.Бямбасүрэн/М-6/-тэй учраа тааран барилдаж түүнд ошидаши мэхээр ойчиж 7 даваа, 5 унаатай болов. Харин С.Бямбасүрэн 8 давж 50 хувийн амжилтаа хийлээ.

Кирибаяма Б.Лхагвасүрэн /М-1/, Эндо /М-3/-той учраа тааран барилдаж түүнд уватэнагe мэхээр ойчиж, тэд адил 5 даваа, 7 унаатай болов.

Харин 11 дэх өдрийн барилдаанд Ичиножёо А.Ичинноров /М-2/, Такарафүжи /М-7/-тэй таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяж 6 даваа, 6 унаатай болов.

Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/, Комүсүби Дайэйшотой хүчээ сорьж түүнд ошидаши мэхээр ойчиж, тэд адил 4 даваа, 8 унаатай боллоо.

Аби /М-6/, Сэкиваке Таканошотой таарч түүнийг хаяснаар 10 даваатай башёг үргэлжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

УЕП: Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 21.8 хувиар өсчээ

Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр:

Прокурорын байгууллагаас 2021 онд 32 байгууллагын 10.513 зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа.

  • Зөрчлийн хэргийн шийдвэрлэлт 0,5 хувиар өсөв.

Прокуророос давхардсан тоогоор нийт 2.023.146 зөрчлийн хэрэгт хяналт тавьж ажиллалаа. Нийт зөрчлийн хэргийн 97,5 хувийг эцэслэн шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 0,5 хувиар өссөн байна.

  • Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэгт үндэслэлгүйгээр оногдуулсан 786 шийтгэлд дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлэв.

Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэгт үндэслэлгүйгээр оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар 647, өөрчлөлт оруулахаар 139 дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлэн иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээлээ.

  • Прокурор эрх бүхий албан тушаалтны гомдол, мэдээллийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан 1022 шийдвэрийг хүчингүй болголоо.

Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан 58.581 шийдвэрийг прокурор хянаж, үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн 1022 шийдвэрийг хүчингүй болгож Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлүүллээ.

  • Прокуророос хяналт тавьсан зарим төрлийн зөрчлийн хэргийн гаралт өссөн байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 9681 удаа үйлдэгдсэн нь 4,1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 2225 гарсан нь 21,8 хувиар тус тус өссөн бол Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 2454 удаа үйлдэгдэж 1,4 дахин өссөн нь хамгийн өндөр хувьтай байна.

Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 9673 удаа үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4,8 хувиар буурчээ.

  • Сонгуулийн тухай хууль зөрчих зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хуулийн дагуу шийдвэрлэхэд анхаарч ажиллав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн явцад Сонгуулийн тухай хууль зөрчих зөрчлийн талаарх 80 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажиллаа. Үүнээс 72 гомдол, мэдээллийг зөрчлийн шинжгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, 2 гомдол, мэдээллийг эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гэж үзэн харьяаллын дагуу шилжүүлж шалгууллаа. Харин 6 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж 2 хэргийг хэрэгсэхгүй болгосон бол 4 хэргийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Их хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн үеэр бүртгэгдсэн Сонгуулийн тухай хууль зөрчих зөрчлийн талаарх нийт 27 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажиллаа. Үүнээс 13 нь Хэнтий аймагт, 14 нь Сонгинохайрхан дүүрэгт тус тус бүртгэгдэж, эрх бүхий албан тушаалтнаас 25 гомдол, мэдээллийг зөрчлийн шинжгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзан, 2 хэргийг шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн байна.

  • Прокурор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний халдашгүй байх эрхийг хангах зорилгоор эрх бүхий албан тушаалтны тодорхой ажиллагаа явуулах тухай 4725 саналыг хянаж, зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэлээ.

Прокурор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний халдашгүй байх эрхийг хангах зорилгоорэрх бүхий албан тушаалтны тодорхой ажиллагаа явуулах тухай 4725 саналыг хянаж, 4723 зөвшөөрөл олгов. Нийт зөвшөөрлийн 1,4 хувь нь орон байранд үзлэг хийх, 18,8 хувь нь мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах, 79,1 хувь нь хүний биед шинжилгээ хийлгэх, 0,5 хувь нь хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ажиллагаа явуулахад олгосон байна.

  • Прокурор зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор 395 удаа шалгалт хийж, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцууллаа.

Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийт 395 шалгалт хийхэд 3214 зөрчил илэрч, холбогдох байгууллагуудад 112 прокурорын шаардлага бичиж хүргүүллээ. Шаардлагын мөрөөр зөрчил гаргасан 298 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Унадаг дугуйн замын стандартыг шинэчилжээ

Монгол Улсын унадаг дугуйн замын стандартыг 2016 онд баталсан (MNS:2016) байдаг. Нийслэл хот өргөжихийн хэрээр энэхүү стандартыг шинэчлэх шаардлага тулгарсан тул унадаг дугуйн замын шинэчилсэн стандартыг боловсруулан батлуулах гэж байна. Улаанбаатар хотод одоогоор 80 гаруй км дугуйн зам буй. 2022-2024 онд 98 км явган ба дугуйн замыг барихаар төлөвлөжээ. 2021 онд Унадаг дугуйн замын шинэчилсэн стандартыг боловсруулахад Зам тээврийн хөгжлийн яам, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, “Кадсүрвэй” ХХК, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ, Монголын дугуйн холбоо зэрэг мэргэжлийн байгууллагууд оролцож, олон удаа хэлэлцэж стандартыг шинэчилсэн байна. Стандартыг батлуулахаар өнгөрсөн сарын 20-нд Стандарт хэмжил зүйн газрын техникийн хороонд хүргүүлжээ. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, хорт хий утааг багасгах, иргэдийн хөдөлгөөний хомсдолыг бууруулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх олон асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлэх хэрэгсэл нь унадаг дугуйн зам, түүний хэрэглээ билээ.

Categories
мэдээ нийгэм

ГОВЬ-АЛТАЙ: Зарим үйлчилгээний газрын цагийн хуваарьт хязгаар тогтоолоо

Аймгийн онцгой комиссын хоёрдугаар хуралдаан нэгдүгээр сарын 19-нд болж, зарим үйлчилгээний газрын цагийн хуваарьт хязгаар тогтоолоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулбал,

-Нэгдүгээр сарын 19-26-ны өдрийг дуустал хугацаанд спорт заал, фитнес, усан бассейн, сүм хийдийн үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэйгээр 10.00-20.00 цагийн хооронд,

-Нийтийн хоол үйлдвэрлэлийн газар, рестарон, зоогийн газруудын үйл ажиллагааг 10.00-22.00 цагийн хооронд,

-Баар караоке, пабын үйл ажиллагааг 10.00-20.00 цагийн хооронд явуулахыг зөвшөөрч, 22.00 цагаас хойш архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглолоо.