Categories
мэдээ нийгэм

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ялагдаж, Хошорюү С.Бямбасүрэн качигоши хийлээ

Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн 12 дахь өдрийн таамаглаагүй үр дүнтэй барилдаанууд өчигдөр /2021.01.20/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо. Башёг тэргүүлэгчид өвдөг шороодож, бусад бөхчүүдэд түрүүлэх боломж гарч ирэв.

Тухайлбал, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ комүсүби Мэйсэйд, сэкивакэ Митакэүми маэгаширагийн тавдугаар эрэмбэтэй Оношод тус тус өвдөг шороодсон. Харин Аби сэкивакэ Таканошог давж, тэргүүлэгчидтэй тэнцлээ.

Тэрүнофүжи, Митакэүми, Аби нар гурвуулаа арван даваа, хоёр унаатай явж байна. Мөн есөн даваа, гурван унаатай Котоновака бий.

Тэрүнофүжиг давсан Мэйсэй “Ийм хүчтэй ёкозүнаг ялсандаа баяртай байна. Үлдсэн барилдаанууддаа давахыг хичээх болно” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 220 хүн эрүүлжүүлэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр 1817 гомдол мэдээлэл, гэм хэргийн шинжтэй дуудлага иржээ. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт нийт 220 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар автомашин жолоодсон 73 зөрчлийг илрүүлж арга хэмжээ тооцсон байна. Мөн хулгайлах 35, гэр бүлийн хүчирхийллийн 148, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах 146, оршин суугчдын амгалан, тайван байдал алдагдуулсан гэх 84 гомдол, мэдээлэл, зөрчлийн дуудлага бүртгэгджээ.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Тэтгэмж авах хүсэлт цахимаар гаргах

Эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авсан хугацааны эмнэлгийн хуудсыг цахимаар бичүүлсэн доор дурдсан даатгуулагч :

  1. Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах;
  2. Албан журмын даатгуулагч эх жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ тус тус цахимаар гаргана.

Албан журмын буюу ажил хөдөлмөр эрхлэгч иргэн нь эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны цахим эмнэлгийн хуудас бичүүлсэн бол өөрийн ажил олгогчид мэдэгдэх ба ажил олгогчоос даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн мэдээллийг шалган баталгаажуулж нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.

Тайлбар: цахим эмнэлгийн хуудсыг аймаг, нийслэлийн II, III шатлалын төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд олгож байгаа болно.

Тэтгэмж авах хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад цахимаар гаргах видео заавартай https://bit.ly/33S1iaQ холбоосоор танилцана уу.

Categories
мэдээ нийгэм

Э.Бат-Үүлийг улс төрийн хилс хэрэгт ялласан асуудлаар НҮБ-д ханджээ

Шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонсоод буй хотын дарга асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай аавынхаа асуудлаар НҮБ-д ханджээ. Түүний хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэе.

МОНГОЛ УЛС ДАХЬ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧИЙН ГАЗАРТ

2022 оны 01-р сарын 21-ны өдөр Улаанбаатар хот

Хүсэлт гаргах нь

Миний бие, Бат-Үүл овогтой Чулуудай нь 2021 оны 12 дугаар сарын 7-16-ны өдрийг дуустал 9 хоногийн хугацаанд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр өөрийн аав Э.Бат-Үүлтэй хамт шүүгдсэн иргэний хувьд, мөн түүний хүүгийн хувьд аавынхаа эрх зүйн байдал хүндэрч, бие махбод сэтгэл санааны хувьд хохирч, хорих ангид үзэл санааны хоригдол болоод, эрүүл мэнд, амь насанд нь эрсдэл гарч болзошгүй байгаад сэтгэл зовнин энэхүү хүсэлтийг гаргаж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллага нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах эрхэм зорилгоор байгуулагдаж, энэхүү зорилгынхоо хүрээнд дэлхийн олон улсад хүний эрхийг хамгаалах хүндтэй их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн тэргүүлэгч байгууллагын хувьд миний аавд тулгаад буй хэрэгт хяналт тавьж, хуулиар олгогдсон жам ёсны эрхүүдээ эдлэх боломжоор хангахад туслана хэмээн чин сэтгэлээсээ найдаж байна.

Монгол Улсад Ардчилсан хувьсгал ялж хэдийнэ 30 гаруй жилийн нүүрийг үзэж буй бөгөөд энэ хугацаанд миний аав Э.Бат-Үүл нь Монголын Ардчилсан Холбоо /МоАХ/-ны Ерөнхий Зохицуулах зөвлөлийн гишүүн, Монголын Ардчилсан нам байгуулагдахад анхны даргаар, Ардын Их Хурлын шинэ танхимыг байгуулалцаж, 1992 оны Ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан. Тэрээр, Ардчилсан намын журмын нөхөдтэйгээ хамтран “малыг малчдад”, “Монгол хүн бүрт гадаад паспорт”, “орон сууцыг өрх бүрт”, “газрыг иргэн бүрт” үнэ төлбөргүй олгоход манлайлан оролцож, Улсын Их Хурлын гишүүнээр гурван удаа сонгогдож олон хууль тогтоомжийг батлалцаж байсан бөгөөд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийг санаачлан, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх онцгой эрхийг Монголын ард түмэнд авчирсан түүхэн гавьяатай хүн билээ. Монгол Улсад ардчилал, хүний эрх, эрх чөлөөг тэмцэж авчирсаных нь төлөө ардчилалд өс зангидсан Коммунист нам болох одоогийн эрх барьж буй Монгол Ардын Нам нь ардчиллыг нухчин дарахын тулд, ардчиллаар овоглодог миний аавыг олон жилийн турш удаа дараа тасралтгүй хэлмэгдүүлж гүтгэн, “үзэл санааны хоригдол” болгосоор байна.

Түүний 2012-2016 оны хооронд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байх хугацааны бүхий л үйл ажиллагааг буруутган /Анхан шатны шүүх хуралдааны үеэр прокурор “Таны Улаанбаатар хотын Засаг дарга байхдаа хийж, хэрэгжүүлсэн бодлого үйл ажиллагааны төлөө энэ хэрэгт холбогдуулан яллаж байна” гэж хэлсэн байдаг/ тэр дундаа түүний эхлүүлсэн “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн ажлыг санаатайгаар мушгин гуйвуулж, зохиомол хэрэг үүсгэж ял оноосноор, өнөөдөр миний аав 4 жилийн хорих ялаар шийтгэгдээд байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан үүргээ мөрдөгч, прокурорууд огт хэрэгжүүлээгүй. Хавтаст хэрэгт зөвхөн яллах талын нотлох баримтыг цуглуулж, хэт нэг талыг баримталсан мөрдөн байцаах ажиллагаа явуулсны улмаас цагаатгах нотлох баримтууд бүрэн орхигдож, улмаар шүүхээс хэргийн үйл явдлыг бүх талаас нь бүрэн бодитой тогтоож, үнэн мөнийг дэнсэлж чадаагүй гэж миний зүгээс үзэж байгаа болно.

Учир нь, энэхүү хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар 9 хоног хянан хэлэлцэж, талуудыг мэтгэлцэх боломжоор хангаж, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой. Гэтэл нэхэмжлэл гаргасан Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт учирсан хохирол байхгүй, шинжээчийн дүгнэлтээр хохирол тогтоогдоогүй, “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн журам нь НИТХ (МАН, АН, МАХН, МҮАН-ын Шударга ёс эвсэл)-ын хамтын зарчмаар шийдэгдсэн байхад зөвхөн түүнийг гэм буруутай мэтээр шүүхийн шийдвэр гарсан. Шүүх хуралд ажиглагчаар оролцсон хөндлөнгийн хараат бус бие даасан Иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтээр аавыг минь “гэм буруугүй” гэж дүгнэсэн байдаг. Мөн одоогийн Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар нь олон нийтэд хандан “…Э.Бат-Үүл даргыг буруугүй гэж бодож байна, манай Нийслэлээс хохирол нэхэмжлээгүй…” гэх утга бүхий үг хэлсэн нь хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр гарсан. Энэ нь уг хэрэг хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй, нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй байхад ял тулгаж, “хэрэг, хохирол” хоёрыг түүнд тохсоны нэг илрэл. Цаашлаад шүүх гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээгүй нотлогдсон тохиолдолд л хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оноох ёстой. Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, эсхүл эргэлзээ бүхий байвал хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгах ёстой. Эрүүгийн хуулийн концепц ч ийм байдаг билээ. Гэтэл Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, Эрүүгийн хууль, бусад хууль тогтоомжийг зөрчин байж, үндэслэлгүйгээр түүнийг цагдан хорьсоор байна. Шүүх хурлын явцад Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид, шат шатны прокурорууд өөрсдийн хуулийн хүрээнд олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, хуулийг ноцтойгоор зөрчин, хэд хэдэн хууль бус үйлдлүүдийг хийсэн байдаг. Үүнд:

1. Хэргийн холбогдогч нарыг эрүүдэн шүүсэн, өөрийнх нь эсрэг өөрөөр нь мэдүүлгүүдийг өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр хүчээр хорьж байгаад авсан, гэрчээр мэдүүлэг аваад уг мэдүүлгүүдийг ашиглан сэжигтэн яллагдагчаар татсан. Мэдүүлгийг төөрөгдүүлэх замаар авсан, нотлох баримтууд дутуу, цагаатгахтай холбоотой нотлох баримтуудыг хавтаст хэрэгт оруулаагүй зэрэг үйлдэл. Цаашлаад прокуророос шүүх рүү шилжүүлсэн үйлдлүүд нь илт хууль зөрчсөн, хэргийн холбогдогч нарт хэргийг танилцуулаагүй зэрэг олон үйлдлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад холбогдох хуулиудыг зөрчсөн.

2. Прокурорын шатанд энэ хэргийг илт мушгин гуйвуулж, нэг бус удаа хэвлэлийн хурал зарлан хэргийн талаар нийгмийн сэтгэл зүйд зориудаар нөлөөлөн, гүтгэн харлуулж яллах гэсэн санаа зорилготой. Энэ хугацаанд Б.Баасанцогт гэгч өмгөөлөгчийн нууц материал хэвлэлээр цацагдснаар энэхүү хэрэг илт зохион байгуулалттайгаар, улс төрийн захиалгаар явагдаж байгаа нь илчлэгдэж, хэвлэлээр гарсан билээ. Энэ зохиомол хэргийн материал дотор “Бат-Үүл нарын хэрэг” гэж захиалгаар зохион байгуулж байгаа тухай бичлэг, схем байдаг. Эдгээр нь хууль хүчний байгууллагууд авлигалд идэгдэж ашиг сонирхолын нэгдмэл бодлогоор бусдыг хэлмэгдүүлж болдогийг харуулж байна.

3. Бид анхнаас нь хурлыг олон нийтийн өмнө нээлттэй хийхийг шаардаж байсан. Учир нь, шударга шүүхээр шүүлгэх эрх нь нээлттэй шүүхээр орж байж л хангагддаг. Гэвч шүүх энэхүү хурлыг нээлттэй хэмээн зарлаад, хаалттай хуралдуулсан. Энэ нь олон нийтийг төөрөгдүүлсэн. Шүүхийн шийдвэр бичгээр гараагүй байхад шүүх хуралд огт оролцоогүй Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэвлэлийн бага хурал хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулсан тайлбар хийж байгаа нь аавыг минь хэлмэгдүүлэхийн зэрэгцээ цаашид болох хурлуудад нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэхээс аргагүй байдалд хүргэж байна.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар Шүүхийн шийдвэр 15 хоногт бичгээр гарч гардуулагддаг боловч шүүх хурал дуусаад 35 хонож буй 2022 оны 1-р сарын 21-ны өдөр буюу өнөөдрийг хүртэл гараагүй байна. Тогтоол одоог хүртэл гараагүй, өмгөөлөгч нарын хүсэлтэд хариу өгөөгүй байгаа нь түүнийг удаан хугацаанд хорьж залхаан цээрлүүлж буй ноцтой хууль зөрчсөн явдал мөн.

5. Миний аавын хоригдож буй 409 дүгээр анги нь дамжин өнгөрөх, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй, ялтан биш хүмүүс хоригддог анги болно. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжуудаар хүний хэвлэн нийтлэх эрхийг хааж боож болохгүй, тэр тусмаа хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа энэ нөхцөлд хүн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өөрийгөө өмгөөлж хамгаалах, олон нийтэд үгээ хэлэх онцгой эрхтэй байх ёстой. Гэвч хорих байгууллагаас аавын маань эрхийг зөрчиж, хоригдсоноос хойшхи түүний бичсэн нийтлэлүүд, үзэл бодлоо илэрхийлсэн бичгүүдийг гадагш гаргахгүй хорьж цагдан, хүний эдлэх жам ёсны эрх буюу итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөг нь шахан боогдуулж “үзэл санааны хоригдол” болгоод байна.

6. Миний аав Э.Бат-Үүл нь 2020 оны намар мориноос унаж, нуруугаа хугалж гэмтээсэн. Өнгөрсөн хугацаанд байнгын эмнэлгийн хяналтанд эмчлүүлж байсан. Энэ тухайгаа шүүхэд мэдэгдэж, нотлох баримтууд эмнэлгийн магадлагааг өгсөн. Гэвч түүнийг үл хэрэгсэж хорьсон. Үүнээс үүдэн түүний эрүүл мэндийн байдал муудаж, биед нь сөрөг үр дагавар гарч болзошгүй төдийгүй амь насанд нь аюул учрахгүй гэх баталгаагүй байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн Хуулийн “Хүн амьд явах эрхтэй” гэсэн заалтууд ноцтой зөрчигдөж байна.

Аав минь Ардчилсан хувьсгалыг эхлүүлж, эрх чөлөөт, тусгаар тогтносон, хүний эрхийг дээдлэгч Монгол Улсыг хөгжүүлж, ардчиллыг бэхжүүлэхийн төлөө сүүлийн 30 гаруй жилийн улс төрийн амаргүй тэмцлийнхээ хугацаанд асар олон хүнд хэцүү бартааг даван туулсаар ирсэн. Түүний тэмцэл нэг намын дарангуйлал, хэсэг бүлэг этгээд, дарангуйлагч болохоор санаархсан хэнийг ч байсан цаг ямагт эсэргүүцэж, үнэнийг илчилж байсан билээ. Тэрээр Улсын Их Хурлын индэр дээрээс ч, үзэл санааныхаа төлөө жагсаж байх үедээ ч, Нийслэлийн иргэдтэй уулзах уулзалтан дээрээс ч эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчиллаа хамгаалж байхыг ямагт уриалсаар ирсэн. Түүнийг эсэргүүцэж, хорсож, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэсэн олон тооны бүлэг этгээдүүд удаа дараа улс төрийн бусармаг хэргүүдийг зохиож, захиалж хэлмэгдүүлсээр ирсэн нь одоо ч хэвээр байна.

Түүний хувьд цаашид болох шүүх хурлаар шударга шүүгдэж, өөрийн хуульд заасан эрхийг эдэлнэ гэдэгт маш эргэлзээтэй байна. Шүүх засаглал өөрөө хуулиа уландаа гишгэж, илт санаатайгаар улс төрийн захиалгатай шүүн таслах ажиллагаа явуулж, хуулийг зөрчсөөр байгаа нь Монгол Улсын түүхэнд бас нэгэн хар толбо болж үлдэх төдийгүй хүнийг хэлмэгдүүлсэн захиалгат үйлдлүүд нь цаашид засрахгүй гэдэг нь тодорхой байна. 2019 оны 5-р сарын 14-нд НҮБ ын Хүний Эрхийн Хорооны гаргасан Олон улсын шинжээчийн дүгнэлтээр Монгол Улсын шүүх, прокурорын байгууллага нь улс төрийн хараат, авлигалын хамааралтай болохыг тогтоосон байдаг нь мөн энэхүү аавын минь холбогдсон шүүхийн шийдвэрээр нотлогдох үндэслэлтэй хэмээн үзэж байна.

Түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, цагаатган түүний нэр төрийг сэргээх ёстой. Бид энэ байр сууринаасаа хэзээ ч ухрахгүй бөгөөд анхан шатны шүүх хуралдааны үйл ажиллагааг бүхэлд нь хууль зүйн үндэслэлгүй, зохион байгуулалттайгаар улс төрийн захиалгаар аавыг минь хэлмэгдүүлсэн гэдэгт огт эргэлзэхгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх хурлын үйл ажиллагаанд анхаарал хандуулан, олон улсын эрх зүйн хэм хэмжээнд заасан чиг үүргийн дагуу хууль бусаар хорих ялаар шийтгүүлсэн, хилсээр хоригдсон миний аавд энэхүү хэргийн үнэнийг тогтооход хууль зүйн туслалцаа үзүүлж, хөндлөнгийн хяналт тавин, олон улсын анхааралд шүүхийн ажиллагааг хандуулж ажиглагчаар оролцож өгнө үү хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна. Түүнийг хорьж байгаа цаг мөч бүр хууль зөрчин хэлмэгдүүлж байгаа гэдгийг Та бүхэн ойлгоно хэмээн найдаж байна.

Хүсэлт гаргасан,

Монгол Улсын иргэн Бат-Үүлийн Чулуудай

Categories
мэдээ нийгэм

Цэргийн бүртгэл өнөөдөр дуусна

Улс орон даяар цэргийн бүртгэл өнөөдөр дуусна. Энэ жилийн цэргийн бүртгэл нь энэ сарын 5-нд эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар 97 280 иргэн цэргийн бүртгэлээ цахимаар хийжээ.

Цэргийн бүртгэлд 18-55 насны иргэд хамрагдах ёстой бөгөөд бүртгэлээ цахимаар буюу “e-Mongolia” системээр хийлгэх боломжтой байгаа билээ.

Интернэтийн хүртээмжгүй орчинд амьдарч буй эсвэл цахимаар цэргийн бүртгэлээ хийх боломжгүй иргэд харьяа дүүрэг, хороо, аймаг сумынхаа цэргийн штабт хандаж, бүртгэлээ хийлгэх шаардлагатайгаас гадна Төв шуудангийн 1 давхарт байрладаг “e-Mongolia” төвд биеэр ирж, операторуудын тусламжтайгаар цэргийн бүртгэлээ хийлгэх боломжтой. Мөн 18 нас хүрч буй иргэн хороондоо очиж, бүртгүүлэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авах ёстой юм.

“e-Mongolia” системээр бүтгүүлэхэд баримт бичиг шаардахгүй ба Монгол Улсын иргэн эрэгтэйчүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны цэргийн үүрэгтнүүд жилд нэг удаа цэргийн бүртгэлд хамрагдах үүрэгтэй байдаг. Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалт үйлчилдэг.

Цэргийн бүртгэл цахимаар хийлгэх видео зааварыг энд дарж үзнэ үү.

Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:

Дээд офицер /Генерал/-65 насны

Ахлах офицер -60 насны

Дунд офицер, ахлагч -55 нас

Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ 50 нас.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эрээнээс-Улаанбаатар хүртэлх ачаа тээврийн дундаж ханш 5 сая төгрөг байна

Эрээн-Замын-Үүд боомт нээгдэж, 10 хоногийн хугацаанд 418 тээврийн хэрэгсэл, 549 чингэлгээр 9157 тонн ачааг нэвтрүүлсэн байна. Өчигдөр гэхэд улсын хилээр 994 мянган тонн ачааг 57 чингэлгээр нэвтрүүлжээ.

Эрээний гаалийн хяналтын талбайгаас тэг цэг хүртэлх тарифийг БНХАУ-ын тал 440 юаниар / монгол мөнгөөр 1.8 сая төгрөг/ тогтоосон. Тэг цэг дээр худалдан авагч тал нэг ачаатай чингэлгийг шилжүүлэн ачих төлбөрт 65000 төгрөг төлж байгаа. Эрээнээс-Замын-Үүд хүртэлх зайд 2 сая орчим төгрөг төлж байна.

Замын-Үүдээс-Улаанбаатарын чиглэлд тээврийн жолооч нар худалдан авагчтай үнэ хөлсөө тохироод явж байгаа. Өчигдрийн мэдээллээр 2.5-3.5 сая төгрөгөөр тээвэрлэж байна. Ингэхээр Эрээнээс-Улаанбаатар хүртэлх авто тээврийн дундаж ханш 5 сая төгрөг байгааг албаныхан мэдээлж байна.

Ачаа барааг Хятадын талын гаалийн бүрдүүлэлтэд орсон дарааллаар татаж авч байгаа аж. Одоогоор гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй 51 чингэлэг Замын-Үүдийн гаалийн хяналтын бүсэд хүлээгдэж байна.

Харин төмөр замаар өнөөдрийн байдлаар 47 чингэлгийг татан аваад байна. Эрээн өртөөнөөс төмөр замын өргөн царигаар ачаа татан авах чиглэлээр Хөх хотын төмөр замтай ярилцаж, боломжийг судалж байна. Мөн нарийн царигаар БНХАУ болон бусад орон руу экспортын бүтээгдэхүүн гаргахаар Хөх хот, Бээжингийн төмөр замтай ярилцаж байна. Одоогоор шийдвэр гараагүйг УБТЗ-аас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

ХӨСҮТ: Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд биш гэр гэртээ тэмдэглэхийг уриалж байна

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “ Омикрон хувилбар 149 улсад бүртгэгдээд байна. Сүүлийн долоо хоногуудад тохиолдлын тоо манай улсад нэмэгдэж байна. 2000-3000 болж нэмэгдсэн. Нийт илэрч байгаа тохиолдлын тоог илэрхийлдэг хэд хэдэн шалгуур үзүүлэлт бий. Эдгээр шалгуур үзүүлэлтээс хамгийн мэдрэг нь PCR шинжилгээнд илрэх эерэг үзүүлэлт юм. Оны өмнө шинжилгээнд эерэг эзлэх хувь 4-5 хувь байсан бол өнөөдрийн байдлаар 5 дахин нэмэгдэж 25 хувь болжээ.

Нийслэлд тохиолдлын тоо эрс нэмэгдэж байна. Түүнчлэн Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймагт тохиолдлын тоо нэмэгдэж байгаа. ХӨСҮТ үндэсний хэмжээний датаг боловсруулж, тандалт судалгаа хийдэг. Судалгаагаар таваас дээш өвчлөл бүхий кластер 32 бүртгэгджээ. Ажлын байр болон гэр бүлийн хүрээнд халдвар авах тохиолдлууд өндөр байна. Мөн сүүлийн тав хоног зорчсон тэмдэглэлийг харвал дэлгүүр, эмнэлэг, нийтийн тээвэр, томоохон худалдааны төвүүдээр үйлчлүүлж байх үедээ 63 хувь нь халдвар авсан байна.

Омикрон хувилбарын үед хүүхдийн өвчлөл нэмэгдэж 21.7 хувь болжээ. Нийт өвчлөлийг насны бүлгээр нь харьцуулж харвал,

  • 0-4 насны хүүхэд 26.6 хувь
  • 5-11 насны хүүхэд 46.3 хувь байна. 0-11 насны хүүхдүүд коронавирусийн вакцинжуулалтад хамрагдаагүй бүлэг юм.

Түүнчлэн томуу томуу төст өвчний дэгдэлтийн улирал эхэлсэн байна.

Энэ бүхнээс харвал, дархлаажуулалтын ажлаа сайжруулах, нэмэлт тунд идэвхтэй хамрагдах шаардлагатай байна. Мөн цагаан сараа гэр бүлийн хүрээнд бус гэр гэртээ тэмдэглэх шаардлагатай” гэж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Ковидын 3282 тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас барав

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 3289 тохиолдол бүртгэгджээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 2150 нь Улаанбаатар хотод, 1132 нь орон нутагт батлагдсан байна.

Мөн коронавируст халдварын улмаас 1 хүн нас баржээ. Нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.

Гэрийн хяналтад 52044 хүн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Б.Батзориг: Би бууж өгөөгүй учраас хүүхдүүдээ дөрвөн жил ээжтэй нь хамт байлгаж чадсан гэж боддог


“Амьдралын өнгө” булангийн энэ удаагийн дугаарт гурван хүүхдийн аав, бизнес эрхлэгч Болдын Батзоригийг урилаа.


-Цар тахалтай өдрүүдэд таны ажил хэрхэн өрнөж байна?

-Ажил сайн явагдаж байгаа. Бараа материалын хомсдол, хил гаалийн асуудлуудаас шалтгаалан тавилгын үйлдвэр маань зогссон. Хэдийгээр тавилга үйлдвэрлэхгүй байгаа ч гар утасны эко тавиур, модон тавгуудыг хийж байна. Ажлын хувьд хамгийн чухал нь үйлдвэрлэлээ зогсоохгүй, ажилчдаа хоосон хонуулахгүй байх шүү дээ.

-Танай компани хэзээнээс үйл ажиллагаагаа эхэлсэн бэ?

-Би дуудлагын мужаанаар ажиллаж байгаад 2015 оноос ажлын байр түрээслэж тавилга захиалгаар хийдэг болсон. Харин одоо 15 ажилчинтай, бүх ажилчдаа өөрөө сургасан. Захиалгат тавилга, ялангуяа хүүхдийн өрөөний модон тавилга үйлдвэрлэдэг байсан. Материалын үнэ өссөн учир тавилга үйлдвэрлэлээ түр зогсоосон. Үнэтэй материалаар тавилга хийж хэрэглэгчиддээ үнэтэй зарах хэцүү. Тиймээс Цагаан сараар хүнд бэлэглэх боломжтой гар утасны эко тавиур хийж эхэлсэн юм.

Тавиур олноор нь худалдаж авдаг хэрэглэгчиддээ бэлэглэхээр хэд хоногийн өмнөөс модон таваг хийж эхэлсэн. Түүнийг хүмүүс маш их сонирхож, авах хүсэлтүүд ирсэн учир олон төрлийн хэлбэр, хэмжээтэй таваг хийж худалдаж байгаа. Тухайн нөхцөл байдалдаа тааруулж юу хийж болохоор байна, түүнийгээ хийгээд л явж байна.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Өглөө болгон 08:00 цагт босч хүүхдүүддээ өглөөний цайг нь уулгаад, гэрээ цэгцэлчихээд гардаг. Албаны ажил байвал зохицуулаад үйлдвэр рүүгээ явна. Үйлдвэртээ очиж ажиллаад, орой хүргэлтээ хийж шөнө 1-2 цагт гэртээ харьдаг.

-Гэр бүлийнхээ тухай…

-Би Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, миний хань ч бас Дорнодых. Бид таван насны зөрүүтэй, би төгсөөд хотод ирж ажиллаж байлаа. Дараа нь миний хань сургуулиа төгсөж хотод ажиллаад 2011 онд танилцсан. Жилийн дараагаас үерхэж 2013 онд ууган хүү минь мэндэлж бид аав, ээж болсон. 2015 онд охиноо өлгийдөн авч, харин 2017 оны долдугаар сарын 20-нд ханийхаа төрсөн өдрөөр отгон хүүгээ өлгийдөж магнай хагартал баярлаж байлаа. Бид хамтдаа бүх зүйлийг бүтээж өөрсдийн гэсэн газартай, байшинтай, гурван сайхан үртэй болсны дараа эхнэрийн маань бие чилээрхэж эхэлсэн. Удалгүй ямар ч эмчилгээгүй, булчин сулрах гэдэг өвчний онош тогтоогдсон. Хань минь дөрвөн жил энэ өвчинтэй тэмцэж цар тахлын үед буюу 2021 онд өөд болсон. Эмч нар миний ханийг “Ийм өвчтэй хүн ийм удаан амьдарна гэдэг гайхамшиг” гэж хэлдэг байсан. Бид энэ хугацаанд хэн нь ч бууж өгөөгүй. Би бууж өгөөгүй учраас хүүхдүүдээ ээжтэй нь дөрвөн жил хамт байлгаж чадсан гэж боддог. Миний эхнэр үнэхээр үзэсгэлэнтэй, надад маш их хайртай эмэгтэй байсан.

-Аав болсноо мэдэхэд танд мэдрэмж төрсөн бэ?

-Эхнэрээсээ “Бие давхар болсон” гэдэг мэдээг сонссоны маргааш нь цалингийн зээл авч гэр худалдаж авч байлаа. Айлын хашаанд сарын 25 мянган төгрөгийн түрээс төлж гэрээ бариад маргааш нь бүх тавилгаа өөрөө хийсэн. Дараагийн өдөр нь зурагт худалдаж аваад л хүүгээ төрөхийг хүлээсэн дээ (инээв). Маш их догдолж, баярлаж байсан. Том хүүгээ мэндлэх үед ажлаар хөдөө явж таарсан. Хүүгээ төрлөө гэж сонсоод л шууд хот руу давхиж ханьдаа цай, шөл хүргэж өгсөн. Маргааш нь хүний машин гуйгаад хань, хүү хоёроо эмнэлгээс гаргаж байлаа. Аав болоод их хүчтэй болчихсон ч юм шиг, бүх зүйлийг чадах ч юм шиг тийм хүчирхэг, зоримог мэдрэмж төрж байсан.

-Дөнгөж гэр бүл зохиож байх үеийн дурсамжаасаа хуваалцаач?

-Анх гэр бүл зохиож байхад өвлийн улиралд миний ажил багасдаг, бараг л зогсчихно, орлого багатай байлаа. Эхнэр маань тухайн үед зөөгч хийдэг байсан. Цалингаа буунгуут намайг дагуулаад л кино үзэж, хоолонд орно, их болздог байсан. Сүүлд ярианаас нь сонсохнээ заримдаа ажлын газрын эгчээсээ мөнгө зээлээд намайг кинонд даадаг байсан юм билээ.

-Өөрсдийн гэсэн газар, байшинтай болсон талаар…

-Бид хоёр айлын хашаанд амьдарч байхдаа их өөриймсөг гоё цэвэрлээд л, аз жаргалтай сайхан амьдардаг байсан юм. Гэтэл удалгүй газрын эзэн “Газраа зарна, нүүгээрэй” гэсэн. Тэгээд айлын хашаанд амьдарвал нэг л өдөр гудамжинд гарах юм байна, яаж ийгээд өөрийн газартай л болъё гэж шийдээд газар хайсан, 2014 онд. Хайсаар байгаад Хайлаастад уулын орой дээр, жалганы цаана машинтай хүн очиж болохооргүй газар хатгалаа. Угаасаа бидэнд газар худалдаж авах мөнгө ч байгаагүй. Хатгасан газартаа бууриа засч гэрээ барьсан. Уулын оройд болохоор өвөлдөө хүйтэн шуурга их шуурдаг, өөрсдөө алхах зам ч гаргасан. Уулын бэлээс би хоёр гартаа хорин литрийн савтай ус, манай эхнэр нэг гартаа жижиг шуудай нүүрс, нөгөө гартаа хүнсний зүйлсээ бариад жавар сөрөөд л алхдаг байлаа. Шинэ газартаа төвхнөөд 2015 онд “амьжиргаа цагаан” машинтай боллоо. Охин минь ч гуравдугаар сарын 7-нд мэндэлсэн. Хүү, охин хоёртой манайх гэдэг айл ам бүл дөрвүүлээ болов. Би “амьжиргаа цагаан”-аараа өглөө бүр 06:00 цагт вагоны ачаа буухад очиж мод цуглуулна. Төрөл бүрийн мод цуглуулсаар байгаад 2016 онд байшингаа барьж эхэлсэн. 2017 оны хавар байшиндаа орсон. Зун нь долдугаар сарын 20-нд отгон хүү минь мэндэлж бид бөөн баяр. Ирэх намар нь ах дүү нараа урьж том хүүгийнхээ сэвлэгийг үргээн, байшиндаа найр хийсэн. Ингэж л бид өөрсдийн гэсэн газартай, байшинтай, гурван сайхан үртэй болсон. Бид хоёр айлын хашаанд байхдаа модон дээр харандаагаар хашаандаа ийм байшин барина, сагсны шийд энд нь босгоно гээд л зурж, дэрэн дороо хийгээд унтдаг байсан. Гэрээ нүүлгэхдээ цуглуулсан их модон дунд зурагтай модоо алга болгочихсон. Байшингаа барьж дуусчихаад үлдэгдэл модоо хурааж байтал доороос нь олсон. Тэр зурагтай мод бороонд нороод хөхөрч бүдгэрсэн байсан. Тэгсэн ч бид, хоёр жилийн өмнө зурсан хашаа, байшингаа бариад тохижуулчихсан байсан юм. Хүний бодол гэдэг маш хүчтэй юм билээ. Өөрийн гараар амьдралаа босгоод хэнээс ч хамааралгүй амьдарна гэдэг гоё. Хэн хэний маань аав, ээж бид хоёрт дэм болох боломжгүй. Өөрсдөө л бүгдийг босгосон.

-Таныг ажилдаа явсан хойгуур хүүхдүүд нь гэртээ байдаг уу?

-Тийм ээ, ихэнхдээ гэртээ гурвуулаа үлддэг. Одоогоор давтлаганд явуулж байгаа учир хүнээр харуулж байгаа. Өөрсдөө хоолоо хийнэ, талхаа барина, хувцсаа угаана, ээжийгээ асардаг байсан мундаг хүүхдүүд шүү дээ.

-Ажлынхаа хажуугаар хүүхдүүддээ яаж цаг зарцуулдаг вэ?

-Хүүхдүүддээ чанартай цаг зарцуулахыг их хичээдэг. Одоогоор маш бага цаг олдож байна, ковид ч их байна. Хааяа дөрвүүлээ гадуур гарч тоглоомын талбай, кофе шоп, ресторан, худалдааны төв ороод л явж өгнө. Охин минь эмч, бага хүү цагдаа, том хүү аав шигээ бизнесмэн болно гэж ярьдаг. Би бодит нөхцөл байдалдаа хараахан дасаагүй. Хүүхдүүдийнхээ боловсрол, эрүүл мэнд, хувцас сонгохоос эхлээд анхаарах, суралцах зүйл их байна.

-Таны амьдралын хамгийн сайхан мөч хэзээ байсан бэ?

-Аав болж байсан үе, ханийгаа баярлуулах, гэр бүлээрээ Хөвсгөл рүү аялах, ханьтайгаа хамтдаа амьдралын төлөө хичээх үеүд… Мэдээж хамгийн сайхан нь. Уучлаарай, би одоохондоо энэ асуултад хариулж чадахгүй юм байна. (нүдэнд нь нулимс цийлэгнэв)

-Ханийхаа өвчний оношийг сонсох үед танд юу бодогдсон бэ…

-Ерөөсөө л бүгдийг даван туулна, эдгээнэ, хань минь эрүүл болно гэдэгт бүрэн итгэж байсан. Маш их итгэлтэй байсан болохоор ч тэр үү, одоо би ямар нэг зүйлийг дутуу хийсэн юм шиг санагддаг. Ханьтайгаа 2017, 2018 онд сэхээний тасагт хоёр удаа салах ёс хийж байсан. Гараас нь атгаад “Миний хань тэсээд гараарай” гэж чихэнд нь шивнэхэд тэсээд л гараад ирдэг байлаа. Эмч “Ямар ч найдваргүй” гэж хэлснээс зөв хандлагатай байвал нийгэм илүү эерэг болох боломжтой. Болохгүй, бүтэхгүйг нь тоочвол дуусахгүй. Юу хийж бүтээмээр, сурмаар, болгомоор байна түүнийхээ төлөө явбал бүх зүйл өөрөөр харагдана. Гомдоллож, архи ууж, мөрийтэй тоглоод мөнгө хожчих юм сан, койноор мөнгө олчихно гээд гэдсээ илээд хэвтвэл хэн ч алдана.

Чадаж байгаа боловсролтой залуус олон байна л даа. Гэхдээ тэд бол номыг нь сурчихсан хүмүүс. Өмнөх ажлаа хийж чадахгүй залхуучууд мэдэхгүй зүйл рүүгээ орвол өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулна. Нийгмийн бүтэц хүн бүрийн амьдралд хандах хандлагаас л шалтгаална гэж боддог. Миний хувьд буруутгах зүйл байхгүй, хичээгээд л амьдрах хэрэгтэй. Ямар ч зүйлийг хийе гэсэн хүн аргаа олдог.

-Хүн бүрийн амьдралын өнгө өөр. Та өөрийнхөө амьдралыг ямар өнгөөр зүйрлэх вэ?

-Би амьдралаа алтан шаргал нарны өнгөөр зүйрлэдэг. Би өөрөө сайхан зүйл бодож, хичээж чадвал бүх зүйл сайхан байх болно.

-Шинэ он гараад удаагүй байна, энэ оны хамгийн чухал зорилго юу вэ?

-Ажлын байрны зээлээ дуусгах, боломж бүрдүүлж олон сайхан залуусыг ажлын байраар хангах л зорилготой байна даа.

А.ГАНТУЯА

Categories
мэдээ нийгэм

“Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгуудад халдварын тоо нэмэгдэж байна” гэв

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Сүүлийн долоо хоногт манай улс дахь тохиолдлын тоо өссөн. Шинжилгээнд эерэг эзлэх хувь оны өмнөхтэй харьцуулахад 5 дахин өсөж 25 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна. Тохиолдлын тоо нийслэл хотоос гадна Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгуудад нэмэгдэж байгаа.

ХӨСҮТ үндэсний хэмжээний датаг цуглуулан тандалт судалгаа хийж байгаа бөгөөд ажлын байр гэр бүлээс халдвар авах тохиолдлууд өндөр байна. Үйлчилгээний газрууд, эмнэлэг, нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа халдвар авсан хүмүүс 60 гаруй хувьд хүрлээ.

Омикроны халдварын тархалттай зэрэгцээд томуу, томуу төст өвчний таван төрлийн вирус орчилд орсон байгаа. Тиймээс иргэд маань вакцины дархлаа сэргээх тунд идэвхтэй хамрагдах, Цагаан сарыг зөвхөн гэртээ тэмдэглэх шаардлагатай байна.

Хувилбарын тандалтын мэдээллээс харвал, энэ долоо хоногийн Даваа гарагийн байдлаар нийт тохиолдлын 91 хувийг Омикрон хувилбар эзэлж байгаа” хэмээн ярилаа.