Categories
амьдралын-өнгө мэдээ

Ц.Энхтайван: Манайд агуу Л.Мөрдорж, Э.Чойдог, хурандаа Н.Цэрэнпэл, хагархай Ц.Сүхбаатар нар ирж уран бүтээлийнхээ тухай ярилцдаг байлаа

“Амьдралын өнгө” булангийн энэ удаагийн дугаарт МУСТА, хөгжмийн зохиолч Цэндийн Энхтайванг урилаа.


-Та аль нутгийн уугуул вэ, бага насны тань дурсамжаар ярилцлагаа эхэлье?

-Би 1957 онд Дорноговь аймгийн тухайн үеийн Чойр суманд аав, ээжийнхээ ууган хүү болон мэндэлсэн. Би 1,7кг жинтэй дутуу төрж, ээж минь намайг төрүүлээд л насан өөд болсон. Ээжгүй, дутуу нярайг хүн болгоно гэдэг хэцүү. Тухайн үед манай суманд хотоос 40 гаруй настай хоёр хүн амьдрахаар ирээд миний талаар сонсож ааваас маань сар гаруй гуйгаад намайг өргөж аваад хот буцсан юм. Тэгээд л хотод өсөж торнисон доо. Төрсөн аав, ээж минь хорин хэдтэй залуус Дорноговь аймгийн төмөр замын ажилчид байсан юм билээ.

-Өргөж авсан аав, ээж нь хүүхэдгүй байсан юм уу. Ямар хүмүүс байсан бэ?

-Би үнэхээр сайн аав, ээжийн хүү болсон. Тэд хүүхэдгүй хүмүүс байсан. Аав маань намайг таван настайд, ээж 21 настайд өөд болсон. Ээж цэцэрлэгийн багш, гайхалтай хүн байлаа.

-Аав, ээж нь урлагийн хүмүүс байсан уу. Яагаад хөгжимд дурлах болов?

-Өргөж авсан ээжийн дүү нь В.Сээсрэг гэж хөгжмийн зохиолч хүн байлаа. Аав өнгөрөөд ээж, В.Сээсрэг ах бид гурав хамт амьдардаг болсон. Манайх төгөлдөр хууртай, хагас сайн өдөр бүр агуу Л.Мөрдорж, Э.Чойдог, хурандаа Н.Цэрэнпэл, хагархай Ц.Сүхбаатар нар ирж уран бүтээлийнхээ тухай ярилцдаг байсан. Ц.Сүхбаатар гуай хуучир тоглоно. Манай гэрийн доод давхарт хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж амьдардаг. Манайд ирж төгөлдөр хуураа давтана. Орчноосоо л хөгжимд дуралсан. Тухайн үед Хөгжим бүжгийн дунд сургуульд сурдаг байлаа. 1970 онд улсын Филармонийн мэргэжлийн хөгжимчдийн шалгаруулалтад 300 хүүхдээс эхний долоод шалгараад дараа нь улсын мэргэжлийн шалгалтыг онц өгч байсан. Тэр шалгалтад хоёр хүн онц дүн авч байлаа. Нэг нь Б.Наранбаатар, нөгөө нь би байсан. Н.Жанцанноров Хөгжмийн зохиолчдын хорооны дарга байхдаа хөгжим зохиогчдын 45 хоногийн курс хичээллүүлсэн. Би тэр курсээс хөгжмийн зохиолын онол, суурийг эзэмшсэн.

-Та нутагтаа очиж байсан уу?

-Өөрийгөө Чойрт төрсөн л гэж мэддэг болохоос огт очиж үзээгүй байсан. 40 гаруй насандаа сэтгүүлээс ОХУ-ын эрдэмтний статистикаас төрсөн нутаг гэдэг ямар үнэ цэнэтэйг уншиж мэдсэн. Тэгээд анх удаа нутагтаа очиж 14 хоносон. Намайг очдог жил Төмөр замын эмнэлгийн 55 жилийн ой тохиож байсан. Тохиолдлоор надаар ойн дуугаа захиалж хийлгэсэн байсан юм. Даргатай нь уулзаад Чойрын Төмөр замын эмнэлэгт 14 хоног амраад ирсэн. Тэр үед Чойрын богд, Сансар уул гэж өөд өөдөсөө харсан их сайхан уулыг хараад ээжийнхээ тухай бодож “Чойр ээж уул” гэж толгойд аялгуу нь орж ирсэн.

-Тэгээд л ээжийн тухай уран бүтээл хийх санаа төрсөн үү?

-Түүнийгээ бодоод Ш.Дулмаа гуай дээр очтол “Миний хүү аяа тогло” гэж хэлсэн. Би ч цаг гаруй төгөлдөр хууран дээр тоглолоо. Ш.Дулмаа гуай “Долоо хоногийн дараа үгээ аваарай” гэж би долоо хоногийн дараа очтол “Ээждээ дуулах дуу” дууны үг бэлэн болсон байлаа. Тэгээд л би Филармонид үг, аяа тааруулаад тоглож байтал “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин Б.Нандинцэцэг ирээд “Чи юу тоглоод байгаа юм бэ” гэсэн. Өсгөсөн ээж В.Цэнддээ зориулж Ш.Дулмаа гуайгаар үг бичүүлсэн юм гэтэл “Ямар гоё ая вэ, би дуулъя” гээд миний зохион байгуулсан Монголын анхны цохиур хөгжмийн концертэд дуулсан. Тийм ээ, ээж минь намайг төрүүлээд л Чойр уул болсон гэсэн санаа төрсөн. Саяхан өөрийн төрсөн ээждээ зориулж “Чойр ээж уул” хэмээх уран бүтээлийнхээ аяыг Ардын уран зохиолч Ш.Дулмаа гуайнд очиж өдөржин тоглосон. Тэрээр “Тансаг аялгуу байна, тансаг шүлэг байх ёстой” гэж дуу алдаж байлаа.

-Та цохиурын концертоос өөр тоглолт хийж байв уу?

-1980 онд “Хаврын уянга” Монголын анхны хоёр хуучрын зохиол, түүнээс хоёр жилийн дараа Монголын анхны Цохиурын концерт, “Цохиур-Эстрад-1984” Хөгжмийн концертоо хийсэн. Намайг цохиурын хөгжмийн концерт хийнэ гэхэд хүмүүс шоолж байсан. Харин тоглосны дараа хөгжимчид ангайж байлаа. Энэхүү уран бүтээлүүдээ одоог хүртэл Улсын филармони болон бусад тоглолтуудад тоглосоор байдаг. Одоо бодоход хийж байсан бүхнээ хараад өөртөө баярладаг.

-Төрсөн аавтайгаа уулзаж байсан уу?

-Сүүлд уулзсаан. Тэр хүнийг харвал би, намайг харвал тэр хүн л байсан. Миний аав Орос, Монголын хүндэт төмөр замчин, физик Н.Чүлтэм гэж эрдэмтэй хүн байлаа.

-Гэр бүлийнхээ тухай яриач?

-Би нэг охинтой, гэр бүлийн хүн маань эдийн засагч мэргэжилтэй. Охин, эхнэр хоёр 2005 онд Швейцарь улс руу явсан. Яваад 20-иод жил болж байна. Охин минь аавтайгаа ирж уулзана л гэж ярьдаг. Би бол охиныхоо ирээдүйг бодоод л явуулсан.

-Таны үеийн хүмүүс хойд хөрш рүү явж боловсрол эзэмшсэн байдаг. Та ч бас тэдний нэг үү?

-Би хүмүүсээс зөрөн байж шалгалт өгч тэнцээд 25 насандаа Эрхүү рүү хэлний бэлтгэлд явсан. ОХУ-ын Соёлын дээд сургуульд сурах зорилготой. Анх сургуульд явахад Ц.Намсрайжав багш их дургүй байсан. “Сургуульд яваад сурах юм байхгүй ээ, цалинг чинь 750 болгоё. Жилийн дараа гавьяат болгоё” гэж хэлж байсан. Тэр үед юун 750 төгрөгийн цалин, гавьяат болох ОХУ руу сургуульд явна гэдэг л мөрөөдөл байлаа. Очоод хичээлдээ ч хангалттай шамдаж байсан. Хөгжмийн зохиолч Н.Чулуун бид хоёр нэг анги байлаа. Эхний улирлын амралтаар Монголдоо ирээд буцаж очоод удаагүй байхад бие өвдсөн. Эрхүү, Ленинградын агаар монголчуудын уушгинд нөлөөлдөг юм билээ. Заримдаа уушги цоорсон ч тохиолдол байдаг. Дараа нь Н.Чулуун бид хоёр зах дээр явж байгаад 30 өндөг авсан юм. Нэг талд нь маш хямд, үнэтэй хоёр төрлийн өндөг байсан. Бид хоёр ярилцаж байгаад хямдыг нь авч ирээд өрөөндөө тавьчихсан. Өндөгнөөсөө өдөрт хоёрыг иднэ. Арав хоногийн дараа хамаг биеийн арьс хуураад эмчид үзүүлтэл өндөгний хордлого. Гэтэл нөгөө авсан өндөг маань чанасан өндөг байсан. Бид хоёр мэдээгүй. Сар гаруй эмнэлэгт хэвтээд, гам алдаад алингаа алдсан. Тэр үед яг юу болсныг мэдэхгүй. Уг нь намайг хасах шаардлагагүй байсан. Гэвч “Чамайг хасах болсон” гээд л хот руугаа буцаж ирсэн. Эрхүүгээс ирээд Радио, телевизийн уран сайхны удирдагч Б.Бадар-Ууганы урилгаар дууны найруулагчаар ажиллаж эхэлсэн. Радио телевизийн нэвтрүүлгийн хөгжим зохиох үүрэг өгч нэвтрүүлгийнхээ хөгжмийг би өөрөө зохиодог байсан юм.

-Таны амьдралын хамгийн дурсамжтай мөч хэзээ байсан бэ?

-“Алтан намар” тоглолтод миний “Сэтгэлийн дуу” романс дуулагдаад, дараа нь Л.Мөрдорж гуайнд хоёр найзтайгаа очоод гарах гэтэл “Дилав хутагт Жамсранжав гэдэг хүний хүчээр манай улс НҮБ-д элссэн юм. Миний хүү энэ зургийг хадгалж яваарай. Чиний “Сэтгэлийн дуу” романс үнэхээр сайхан болсон байна” гээд торгон хэвлэл зураг өгч байсан. Тэр зургийг яагаад Л.Мөрдорж гуай руу явуулах болсон юм бэ гэтэл Богд хааны өргөмөл хүү байсан. ОХУ-аас Богдын ойр дотны бүх хүмүүсийн хороосон. Л.Мөрдорж гуайг ч хөнөө гэсэн тушаал байсан ч 14 насандаа гавьяат цол аваад төрийн сүлдийг зохиож амь аврагдсан хүн. Тэр агуу хүний гараас тэр том хүний зургийг авч байсан нь ямар ч төрийн шагналаас илүү үнэ цэнэтэй санагддаг.

-Зохиож байсан хөгжмийн аялгуунаасаа нэрлээч?

-Хөгжим бүжгийн дунд сургуулийн урын санд байдаг “Хаврын уянга”, хоёр хуучрын гоцлол, “Ээждээ”, “Багшдаа”, хуучрын гоцлолууд гэх мэт. Дуунаас 1993 онд Өргөн сэлэнгэ улсын уралдаанд 120 хөгжмийн зохиолч оролцсоноос хоёрдугаар байранд шалгарсан “Сэлэнгийн уянга”, “Хүмүүн заяаны өлгий”, “Ертөнцийн өнгө”, “Чойр ээж уул” гээд олон сайхан уран бүтээл бий. Хүүхдийн дууны улсын уралдаанд “Өвөөгийн ярьдаг үлгэр” дуугаар гуравдугаар байранд орж байлаа.

-Цар тахлын үед таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарч байна?

-Яг үнэнийг хэлэхэд ямар л олиг байхав дээ. Энэ үед хүн бүхэн сахилга баттайгаар тэмцэх хэрэгтэй. Энэ бол цаг зуурын л асуудал гэж бодоод вакцинаа хийлгээд чадахаараа л хичээж байна. Өөр арга байхгүй ээ.

-Та ковид туссан уу?

-Тусаагүй, гурван тунтай. Цар тахлын дэглэмийг баримтлаад л явж байна.

-Одоогийн засаг төрийн байдлыг юу гэж хардаг вэ?

-Бас ч юм хийж байна аа. Эв нэгдэл л алга. Хөгшин, залуугүй нам гэж их талцдаг. Аль Манжийн үед л ийм үзэл байсан, одоог хүртэл хэвээрээ. Уг нь энэ хамгийн буруу санагддаг. Бас улсын мөнгийг идсэн хүмүүсийг шоронд хорьж байхын оронд буцааж төлүүлэх хэрэгтэй. Шоронд орлоо гээд яах юм, хэдэн жил болоод л гараад ирнэ. Тэр хувьдаа завшсан мөнгийг нь л эргүүлж авбал нийгэмд тустай. Одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын юу хийхийг харах л үлдлээ дээ.

-Одоо амьдарч буй нийгэмдээ сэтгэл хангалуун байна уу?

-Ирээдүйд илүү сайхан болох байх. Уг нь нэг хүн таван машинаар яахав дээ. Шуналаа багасгаж, эв нэгдэлээ л нэмэгдүүлэх хэрэгтэй гэж боддог.

-Нийгэмд болж буй үйл явдлуудыг голчлон хаанаас хүлээж авдаг вэ?

-“Өдрийн сонин” захиалж уншдаг. Орой цагийн хүрд, мэдээллийн хөтөлбөрүүдээс мэдээлэл хангалттай авчихдаг. Сошиал ашигладаггүй. Өдрийн сонинд “Ном уншъя”, “Уран бүтээлч”, “Хүмүүс” гээд хүнд хэрэгтэй, сонирхолтой мэдээллүүдтэй булан олон байдаг.

-Удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Сар шинээ яаж угтдаг вэ?

-Яг үнэндээ өргөсөн хүмүүс ч байхгүй, өргүүлсэн ч хүн байхгүй эхээс ганцаар хүн шүү дээ. Тийм болохоор баяруудыг өргөн тэмдэглэдэггүй ээ.

А.ГАНТУЯА

Categories
мэдээ нийгэм

“Бат зэв” ачилтын компанийн жолооч осол гаргажээ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ сарын 20-ны 15:05 цагт ачилтын компанийн жолооч осол гаргасан тухай дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ачиж зөөвөрлөх үйл ажиллагаа эрхэлдэг “Бат зэв” ХХК-ийн Киа бонго маркийн автомашины жолооч нь G Mobile төвийн байрыг мөргөж, зам тээврийн осол гаргасан байв. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Цус бүлэгнэлтийн эсрэг эмийг удаан хугацаанд хэрэглэж болохгүй” гэв

ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Д.Чинбаяр Ковид19 халдварын үед бичил судасны хананууд гэмтэж, бичил эргэлт хямарч, эд эрхтнүүдийн цусан хангамж муудаж байгааг онцоллоо.

Тэрээр “Коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсний дараа цус өтгөрч, судас бөглөрч байгаа. Гэхдээ ямар ч өвчний үед хүн өөрөө мэдэж, өөрийгөө эмчилж болохгүй. Танд ямар нэгэн зовуурь, шаналгаа, эмнэл зүйн шинж тэмдэг байгаа бол мэргэжлийн эмчид хандаж, шалтгааныг нь оношлуулаад эмчилгээ хийлгэнэ. Цус өтгөрч байна гээд цус шингэлэх үйлчилгээтэй эмүүдийг хамаа замбараагүй хэрэглэж болохгүй. Цус бүлэгнэлтийн эсрэг эмийг удаан хугацаагаар хэрэглэснээр эсрэг үр дүн, хүндрэлүүд гарч болно.

Ер нь цусаа шингэн байлгая гэвэл амьдралын эрүүл хэв маягийг баримтална. Шингэн хангалттай уух тодруулбал, насанд хүрсэн хүн дор хаяж 2.5 литр шингэн юм уугаарай. Мөн эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж цусаа эргэлтэд оруулах хэрэгтэй. Мөн дасгал хөдөлгөөн хийгээрэй. Үүнээс гадна зайлшгүй шаардлагатай бол эмчийн зөвлөснөөр цус бүлэгнэлтийн эсрэг эмийг хэрэглэнэ” гэв.

Categories
мэдээ нийгэм

С.Зориг агсанд хүндэтгэл үзүүллээ


Үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хууль тогтоогчиддоо хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсаар буй.

Өнөөдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хууль тогтоогчдын төлөөлөл болгож С.Зориг агсанд хүндэтгэл үзүүлж, Зориг сангийн тэргүүн Санжаасүрэнгийн Баярыг хүлээн авч уулзан, Зориг сантай хамтран зохион байгуулах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Үндсэн хуулийг батлахад хүчтэй цөөнхийн дуу хоолой болж, парламентын ардчиллыг бэхжүүлэх, хөгжүүлэх, хүний эрхийг дээдэлсэн ардчилсан үндсэн хууль батлахад хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бол Санжаасүрэнгийн Зориг юм. Энэ хүний гэгээн дурсгалыг хүндэтгэж, Үндсэн хууль тогтоогч Санжаасүрэнгийн Зоригийн оруулсан хувь нэмрийг онцлон дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

No description available.

Үндсэн хуулийг хэлэлцэх үеийн проткол 59 том ном бий. Тэр үед Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгох уу? Парламентаас сонгох уу? гэдэг яриа өрнөж байсан бөгөөд Парламентын ардчиллыг бэхжүүлэх тухай, хүний эрхийг хангах тухай хамгийн жинтэй үгүүдийг хэлж байсан хүн бол Санжаасүрэнгийн Зориг байдаг.

Үндсэн хууль гацаанд орсон байх үед бүх намуудыг уриалж,“Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэдэг алдарт үгээ хэлжүндсэн хууль батлах зөвшилцлийн баримт бичиг дээр гарын үсэг зурж, үндсэн хууль батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан” гэв.

Түүнчлэн ирэх дөрөвдүгээр сарын 20-нд болох С. Зориг агсаны 60 насны ойг тохиолдуулан УИХ-ын тамгын газар болон Зориг сан хамтран өсвөрийн парламентчдын дунд Санжаасүрэнгийн Зориг ба Үндсэн хууль сэдэвт нийтлэлийн уралдаан, насанд хүрэгчдийн дунд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөж байгааг УИХ-ын дарга мэдэгдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Гол, мөрөн, нуурын мөсний зузаан 15-75 см нимгэн байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын эхний арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Тухайлбал, Хөвсгөл нуурын мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх суманд 30-35 см байгаа нь олон жилийн дунджаас 10-25 см бага байна.

Сэлэнгэ мөрний мөсний зузаан олон жилийн дундаас 10 см ахиу, Эг, Дэлгэрмөрөн, Шишгэд, Бүгсий зэрэг голуудын мөсний зузаан олон жилийн дунджийн орчим байна.

Мөн ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан 2021 оны мөн үеийнхээс 15-75 см нимгэн, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

Коронавируст халдварын дэгдэлтийн улмаас Улсын дээд шүүхийн үйл ажиллагаанд 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд хязгаарлалт тогтоосон.

Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр товлон зарласан Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан хуралдах боломжгүй болсон тул хойшлогдлоо. Ташрамд дурдахад, тус хуралдаанаар “Ардын чуулган” нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх, МАН-ын дарга, намын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх, Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтүүд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, хэсгийг тайлбарлах тухай тогтоолын төсөл зэрэг бусад асуудлыг хэлэлцэх байсан.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны тохирол ням гаригт явагдана

НӨАТ-ын урамшууллын 2022 оны нэгдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 23-ны ням гарагт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2021 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа энэ сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Categories
мэдээ цаг-үе

МУИС-ийн IV байрны баруун талын авто замыг өнөөдөр 22:00 цаг хүртэл хаана

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг Н.Содномын гудамжинд авто замын зорчих хэсгийн дор байрлах 53, 54 дүгээр байрны гадна халаалтын шугамд гэмтэл гарчээ.

Тиймээс Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны өгсөн зөвшөөрлийн дагуу гарсан гэмтлийг МУИС-ийн дөрөвдүгээр байрны баруун талын 140 метр авто замыг хааж, 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 09:00-22:00 цагийн хооронд засварлах ажлыг хийхээр болсон байна.

Иймд жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Эзэнгүй нохой, муурыг устгах ажил эхэлжээ

Баянзүрх дүүргийн хэмжээнд 2021 онд 20 мянга гаруй эзэнгүй муур, нохой устгалд оруулсан байдаг. Харин энэ жил эзэнгүй ноход, муурын тоо 35-36 мянгад хүрсэн бөгөөд иргэдээс эзэнгүй нохойд хазуулж, уруулсан гэх гомдол мэргэжлийн байгууллагад ирэх нь нэмэгджээ.

Тиймээс энэ сарын 21,22-ны өдрүүдэд гурван байгууллагын есөн машин техник 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр нохой, муур устгалын ажлыг эхлүүллээ. Дээрх хугацаанд гэрийн тэжээвэр муур, нохойгоо иргэд уяж гадагш гаргахгүй байх талаар мэдээлэл хүргүүлсэн.

Мэргэжлийн байгууллагын хэлж буйгаар эзэнгүй нохой, муур нь нэг талаараа халдварт өвчин тараах, хүн урснаар өвчин үүсгэх зэрэг хор хөнөөлтэй. Тэдний өсөж буй шалтгаан нь гэр хорооллын айлууд нохой, муурынхаа үржлийг хянадаггүй, замбараагүй үржүүлж байгаатай холбоотой гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Мал хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ

Архангай аймгийн Цагдаагийн газрын Төвшрүүлэх суман дахь алба хаагчид мал хулгайлсан бүлэг этгээдийг баривчилжээ. Тус хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь энэ төрлийн хэргээр шалгагдаж, ял эдэлж байсан 4 этгээд үйлдсэн байна.

Өнгөрсөн 12-р сарын 2-3-нд шилжих шөнө Төвшрүүлэх сумын малчин Дэлгэрсайханых 9 тооны үхрээ хотноосоо алджээ. Тэрээр Хотонт сумын цагдаагийн хэсэгт цаг алдалгүй мэдээллээ өгснөөр ажлын хэсэг гарч мөрдлөгөө эхлүүлсэн байна. Үүний үр дүнд Эрдэнэбулган, Ихтамир, Төвшрүүлэх сумын харъяат Б, Д, С, А нар тус хэргийг бүлэглэн үйлдсэнийг тогтоожээ.

Иргэн Дэлгэрсайханы хувьд олон хүүхэдтэй. Малаа байнгын хариулга маллаагаатай байлгадаг ч жил бүр хотноосоо малаа алдаж байгаадаа гомдолтой байгаагаа хэлж байжээ. Тэрээр өнгөрсөн жилүүдэд хонь ямаа нийлсэн 70 гаруй бог, 1 азарга гээд жил дараалаад малаа алдаж байжээ.

Мал хулгайлах гэмт хэргийг ихэвчлэн өмнө нь энэ төрлийн хэрэгт холбогдон шалгагдаж байсан, ял эдэлж байсан этгээдүүд үйлдэж байна гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.