Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баяраа: Ж.Пунцаг 500 саяар нэг вагоны оочер дайруулахад л “Ланд 300”-гаа авчих боломжтой гэж хардах үндэслэл байгаа

Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраатай ярилцлаа.


-Улаанбаатар төмөр зам ХХН-ийн Дотоод аудитын албаны дарга Ж.Пунцагийг вагоны оочер дайруулж авлига авсан байж болзошгүй гэж АТГ-аас саатуулсан гэсэн мэдээлэл гараад байна. Та яг энэ асуудлаар хэдхэн сарын өмнө мэдээлэл хийж байсан хүн. Улаанбаатар төмөр замд юу болоод байна вэ?

-Урд шөнө цахим сайтуудаар “Ж.Пунцагийг баривчиллаа” гэх мэдээлэл яваад байна лээ. Яг барьсан, бариагүйг мэдэхгүй. АТГ бол хэнд ч тайлагнадаггүй ажлаа явуулдаг газар. Би Ж.Пунцагт хувийн өш хонзон байхгүй. Би АТГ-т энэ талаар гомдол гаргасан. Би зөвхөн Ж.Пунцаг ч гэдэггүй, төмөр зам дээр болоод байгаа бусармаг асуудлын талаар цагдаа, АТГ гээд бүхий л газар ханддаг. Хэн нэг хүнтэй тооцоо бодох гэхээс илүү нийгэм эрүүлжээсэй, ядаж төмөр зам нь эрүүл саруул оршин тогтноосой гэдэг үүднээс асуудалд ханддаг. Энэ нийгэмд аль болох дуу хоолойгоо хүргэж байж цэвэрлэхгүй бол бохирдуу нийгэм тогтчихсон. Академич С.Нарангэрэл гуай өчигдөр нэгэн ярилцлагандаа дурдсан байна лээ.

“Ингээд ирэхээр хэн нэгэн хөдөлж байж асуудлыг ил гаргаж байж нийгмийг цэвэршүүлнэ, үр удамдаа бид нар зөв цэгцтэй, цэвэр нийгэм үлдээх үүрэг хүлээх ёстой” гэж.

Одоо бол хэт эдийн засаг гэдэг агуулга нь Засгаасаа халиад яах аргагүй хувь хүн дээр тогтоод хөнгөн аргаар, хөдөлмөр бага зарцуулж мөнгө төгрөг хураахыг эрхэм зорилго болгоод ирэхээр айхтар юмнууд нь гарч эхэлдэг. Энэ нь сүүлдээ намын дэмжлэг, улс төрийн тогтолцоотой болж хувирч байгаа нь энэ нийгмийн гамшиг. Ж.Пунцаг бол намын томилгоотой шахуу, дээр нь найз нөхдийн буянгаар төмөр замд анх орж ирж байсан хүн.

-Танайд хэзээ томилогдсон юм бэ?

-Томилогдоод зургаан жил болох гэж байна. Орж ирсэн цагаасаа л хүний эрхийг зөрчсөн, хөдөлмөрлөх эрхэнд халдсан эвгүй үйлдлүүд хийгээд явчихсан хүн л дээ. Өөрөө бол цагдаа, хууль хүчний байгууллагаар мэргэшчихсэн. Тэр утгаараа асуудалд ханддаг. Тэгээд эхлэхээр юмыг арай өөр өнцгөөр хардаг юм билээ. Ялтан, гэмт хэрэгтэнтэй хүн ажиллаад ирэхээр хүнийг тэр өнцгөөс хараад сурчихдаг. Ингээд л хүйтэн, уур амьсгалыг хөдөлмөрийн харьцаа руу оруулаад ирсэн. Энэ үеэс нь эхлээд би эсэргүүцсэн. “Чиний уулзаж байгаа хүн бүр хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг. Албан тушаалаар ажил хийдэг хүмүүс биш” гээд л асуудал эхэлж байсан.

Гэтэл дараа нь хийж байгаа үйлдлүүд нь хэт нэг талыг бариад, бохироор хэлэхэд хулгай хийж, хууль дүрэм зөрчөөд байгаа үйлдлүүдийг хамгаалах байдлаар ажилласан. Тэр том бохирын хамгаалалтыг хийхдээ эгэл ажилчдыг хэлмэгдүүлдэг.

-Жишээ, кейсээр яривал илүү бодитой болов уу?

-Ж.Пунцагийг судлаад эхлэхээр мөнгө олох ажлыг түлхүү хийгээд байгаа нь анзаарагдсан. 2018 оны 12 дугаар сард мөн л би АТГ-т түүнийг шалгуулахаар хандаж байсан. Төмөр замын вагон засварын депо Зүүн хараад байдаг. Тэнд хаягдал төмрийг гурван вагоноор нь тушааж байсан.

-Ж.Пунцаг уу?

-Тийм. Ж.Пунцаг өөрөө зохион байгуулсан. Үүнийг нь би өөрт нь ч хэлж байсан. Тэгэхэд “Би Замын даргаас зөвшөөрөл аваад хийсэн ш дээ. Гурав биш ээ, нэг вагон л худалдсан” гэж өөрөө ам алдсан. Гэтэл надад, гурван вагон зарсан зураг хөрөгтэйгөө баталгаатай мэдээлэл ирж байсан. Тэр мөнгө нь нэр бүхий хүмүүсийн халаас руу ороод л дууссан.

Харин сая юу болсон бэ гэхээр хил хаагдахаас өмнө вагоны дугаарлалт дайруулдаг, тэндээс ашиг олдог асуудал төмөр замд эрчээ авсан. Энэ үнэн. Түүнийг ярьдаг хүмүүс маш цөөн. Бизнесийнхэн өөрсдөө ярьчихаар дараа нь эрх ашиг нь зөрчигдчихнө. Тийм учраас айгаад ил гаргахгүй. Тэгсэн хэрнээ үүнийг нийгмээрээ мэддэг болсон. УИХ-ын гишүүд яриад эхэлсэн. Хил хаагдсанаас хойш тэр асуудал ерөнхийдөө зогслоо.

Гэтэл нөгөө хүний амьдралыг би бүрнээ мэднэ. Зургаан жил төмөр замд ажиллахдаа завсарт нь нэг удаа АТГ-т шалгуулаад явсан. Гэхдээ тухайн үеийн төмөр замын удирдаж байсан хүмүүсийн санаатай, санамсаргүй нь мэдэхгүй алдаатай шийдвэрээс болж шүүхдэж байгаад буцаад ороод ирсэн.

Ингээд л нөгөө бохир технологи нь үргэлжилсэн. Түүний үр дүнд саяны асуудал үүссэн. АТГ-т өгсөн асуудалд хэрэг үүсгээд явж байна гэсэн. Харин зарим нэг хүмүүсийг ажлаас халж, арга хэмжээ авч байгаа байдал харагдаж байна лээ. Ямартаа ч энэ асуудал нэг талдаа гарах болов уу гэж харж байна. Гарахгүй бол би дахиад л үргэлжлүүлээд явна.

-Цар тахалтай үед төмөр замын ачаа тээвэр яаж явж ирэв?

-Цар тахал үүссэнээс хойш тээврийн бүх хэрэгсэл бараг зогссон доо. Ийм хүнд үед төмөр замын ачаа тээвэр зогсоогүй юм. Их сайн явж байсан. Сүүлдээ нуранги ачааг хятадууд хүлээж авахгүй гэсэн. Өөрөөр хэлбэл, пол вагон гээд манай нүүрс ачдаг вагон шүү дээ. Энэ вагонд нүүрс, төмрийн хүдэр гаргаж байсан. Гэтэл хятадууд нуранги ачааг пол вагоноор биш чингэлгээр явуулна гээд хилээ хаачихсан. Ер нь энэ бол дэлхий нийтийн стандарт л даа.

Ингээд чингэлэг явахтай холбоотой хүндрэлтэй асуудлууд үүсээд гацаанд орчихсон. Яах вэ, одоо бол өдөрт 10 хүрэхгүй, найм есөн галт тэрэг гараад байх шиг байна. Гэхдээ энэ бол төмөр замын бүрэн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа. ажил бол 60, 70 хувиар буурчихсан гэсэн үг. Ийм хүнд хэцүү үед төмөр замчдаа тэжээнэ гэдэг том асуудал л даа.

-Хятадын талаас цар тахлын үед ингэж шаардсан нь ямар нэг шалтгаан байна уу?

-Яах вэ, дэлхийн стандарт гэж дээр хэллээ шүү дээ. Нөгөө талд магадгүй ийм хардлага бий. Төмөр замд бүх юм тарифаар явдаг. Гэтэл нүүрсийг гэхэд 50 вагон тавиулаад л нэг хүн 500-600 сая төгрөг авлигад аваад эхэлдэг бохир тогтолцоо тогтоод эхлэхээр төмөр замчид маань авлигатай ачаа тээгээд эхэлж байгаа юм. Магадгүй том гүрнүүд Монгол тарифын алдагдалд оруулаад эхэлбэл дэмий юм байна гээд хүчээр ч юм уу хийж байгаа технологи байхыг үгүйсгэхгүй.

Нүүрсийг шууд вагоноор нь ачаад эхлэхээр энэ дотор хэдэн вагон тавиулахын тулд тэнд очоод ашгаа олчих учраас нэг оочер дайруулсан тохиолдолд 500 сая төгрөг юу ч биш санагдаж байна шүү дээ. Энэ чинь л тарифын зөв тогтолцоог алж байгаа явдал шүү дээ.

-Цар тахлаас үүдэлтэй ачаа тээвэр их гацлаа. Авто тээврээс илүү төмөр замаар хийвэл өртөг багатай гэдэг. Гэтэл төмөр зам дээр ийм авлигын асуудлууд дэгдэж байж. Энэ явдал ачаа тээвэрт нөлөөлсөн үү?

-Магадгүй ийм асуудал үүсээд эхэлсэн учраас өнөөдрийн нөхцөл байдал бий болж байгаа байх. Одоо бол засч залруулах ажил явж байна гэж ойлгож байна. Хоёрдугаарт, Хятадын ачаа тээврээр дамжуулах чадвар их нөлөөлсөн. Тяньжинь боомт дээр манайхны ачаа нэг хэсэг бөөгнөрөөд далайн тээвэр нь хүртэл гацаанд орсон. Одоо бол хилийн “0” цэг дээр цаанаасаа контейнеруудаа татаж авчраад машинаар нааш нь оруулж ирж байгаа. Тэндээсээ төмөр замаар шилжүүлж ачаагаа татаад эхэлчихлээ.

Аль ч улс орны төмөр замын ачаа тээвэр аюулгүй, хурдан шуурхай тээж байгаа боломж. Цар тахлын үед ч маш тодорхой харагдлаа. Онгоц, авто нь зогсчихсон байхад төмөр замаар л ачаагаа тээж байсан.

Урд зах зээл дээр нүүрс үнэд ороод тэгээд л энэ асуудал оволзоод эхэлсэн. Тэр үед хүмүүс ч над руу ярьсан. Ажилчид бас ярина шүү дээ. Яахав би бас сураглаж үзсэн, танил талаасаа асуусан. Хариуд нь “Үнэндээ танай төмөр зам хэцүү ш дээ. Нэг вагон ачуулахад тэдэн төгрөг гэдэг” гээд л ярина. Нотлоод өгөөч гэхээр “Үгүй. Миний хоол, миний амьдрал ш дээ” гэдэг.

-Тэгвэл ажилчид юу гэж ярих уу?

-Энд тэдэн вагон тавиулчихлаа, эд нар хоорондоо тохиролцоонд хүрсэн байх гэх нь бий. Мөн “Тэр рүү тэр утсаар ярьсан байх магадлалтай. Түүнээс хойш ийм асуудал гарлаа. Тэр компани ингээд тавиулчихлаа, тэр компанийн тэдэн вагон оочер дайраад ороод ирлээ. Энэ бол оочерт байгаагүй компани” гээд над руу ярина.

-Нэг вагоны оочер дайруулахад 200 сая төгрөгийн авлига яригддаг гэх юм. Гэтэл бүр 500 сая төгрөг байх нь ээ?

-Зарим нэг нь сүүлдээ 500 сая хүрлээ гэж ярьж байсан. Урд нь 150, 200 байлаа гээд л яригдаж байсан. Бүр хоёр гурван жилийн өмнө ч нэг вагон үнэ тогтчихсон дуулдаж байлаа. Би ч бас энэ асуудлыг хөндөөд хэлэхээр намайг хариуд нь гүжирдлээ гээд цагдаад өгч байсан тохиолдол бий. Гэтэл өнөөдөр энэ нь ил болоод л явж байна.

-Өдөрт 10 гаруй вагон явж байсан гэлээ. Оочер дайруулах тохиолдол хэр их байх магадлалтай вэ?

-Хэдий оочероор явж байсан ч вагон бүрт тийм байх боломжтой. Танай вагонд тавьж өгч чадахгүй нь гэж хэлэхэд л хүн ажлаа явуулахын тулд ярих асуудал үүсчихээд байгаа юм. Түүнийг зохицуулахын тулд вагон бүрт ийм асуудал гарах магадлалтай. Их үү, бага уу гэдэг нь янз бүр байх.

Ухаандаа төмөр зам цахимжихын хувьд цахимжсан. Оочер дугаар нь ил болсон уу, болсон. Миний явуулах ачаа 10 хүний дараа байна гэж харж болдог. Гэтэл мөнгөтэй, чадалтай, эрх мэдэлтэй хүмүүс миний хүлээж байгаа дарааллын урдуур дайруулж оруулаад 50 вагоныг нь тавиулаад нүүрсээ ачуулчихна. Нүүрс урд хөршид үнэтэй байгаа энэ үед 500 сая юу ч биш байх магадлалтай. Ингээд нэг вагон ачуулахад л 500 сая төгрөг ороод ирнэ гэхээр Ж.Пунцаг 300 сая төгрөгийн “Ланд-300” машиныг нэг л хулгай хийхэд авчих боломж нээгдчихэж байгаа юм. Тэгээд л Ж.Пунцагийг хардсан хардлага маань тэр.

-Тийм өндөр үнээр вагон дайруулж байгаа нь урд хөршид нүүрс, төмрийн хүдрийг өндөр үнээр авдагтай холбоотой гэсэн үү?

-Ер нь зэсийн үнэ өсч байна. Төмрийн хүдэр өсч байна. Манай төмрийн хүдэр гаргадаг хүмүүс урагшаа л гаргадаг шүү дээ. Цаанаа ямар үнэ ханштай, ямар наймаа явдаг нь бизнесийн нууц байх. Төмөр замчин бидэнд тэр нь хамаагүй. Харин төмөр замчид авлигатай ачаа тээх албагүй, үүрэггүй.

-Та бол энэ асуудлыг эрт ярьж хэлж байсан хүн. Ж.Пунцагийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж та мэдэгдэж байсан?

-Дээр ярьсан асуудлаар энэ хүн үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломж харагдаад байна, шалгаач гэж АТГ-т хандсан. Энэ хүний төмөр замд байсан амьдрал, орж ирснээс хойш яаж ажилласныг би мэднэ. Авдаг цалин нь ийм машин авах хэмжээнд хүрэх үү, үгүй юү гэдгийг хүн юм чинь шинжинэ. Манайд хамгийн өндөр цалин авдаг машинч нар гэхэд л насаараа хөдөлмөрлөөд ийм машин чадахгүй л байхгүй юу. Өрхийн төсөв, цаанаа зарцуулах зардал зөндөө шүү дээ. Ж.Пунцагт бол ирээд зургаахан сар ажиллахад ингэж авахаар хүнд хардах өнцөг төрнө шүү дээ.

Өөрөө тайлбарлахдаа “Би урд нь “Ланд-200”-тай байсан” гэсэн. Тийм л дээ, түүнийгээ ч ямар зарчмаар авсныг мэдэхгүй. Түүнийгээ зарж байгаад, хүнээс мөнгө нэмж зээлээд “Ланд 300”-гаа авсан гэдэг юм. Мэдээж тийм асуудал хүнд байх ёстой байх. Гэхдээ Ж.Пунцаг шиг хүний цалингаар, цаанаа дэмжлэг болох компанигүй бол үүнийг авах хэцүү.

Би дээр хэлсэн, Ж.Пунцагтай хувийн өс хонзон байдаггүй. Ганцхан гаргаад байгаа технологийн алдаа, хүнтэй харьцаж байгаа ёс зүй, хийж байгаа үйлдлүүдээс нь бохир юмнууд харагдаад байдаг. Шантаалжилж байж хүнийг ажилд авах асуудал зөндөө. Эсвэл нэг өө сэвэн дээр нь барьж аваад өөрийнхөө хэрэгцээг хангаад явдаг. Энэ бол бохир тогтолцоо.

Аль ч байгууллагад дотоод аудит байдаг. Энэ нь голдуу санхүү дээр суурилсан. Тухайн дотоод аудит нь санхүүгийн зөрчил, мөнгө төгрөгтэй холбоотой асуудлуудыг ил гаргаж ирээд бүр болохгүйг нь хуулийн байгууллагад өгч шалгуулаад шийддэг тогтолцоотой. Гэтэл манай төмөр замын дотоод аудит нь хажуудаа хяналтын гэж нэр өгч байгаад Ж.Пунцагийг ажилтай болгосон юм шүү дээ.

-Тодруулж хэлэхгүй юү?

-Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайдаар шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл гэдэг гэдэг хүн томилогдсон. Тэр томилгооны эзэн шууд “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн ерөнхий хорооны Монголын талын ахлагч болдог юм. Б.Цогтгэрэл ингэж томилогдоод өөрөө Ж.Пунцагийг хөтлөөд орж ирээд танилцуулж байсан хүн. “Төмөр замд миний оруулж ирж байгаа хоёр хүн бий. Түүний нэг нь Ж.Пунцаг шүү” гэж танилцуулж байв.

-Сонгон шалгаруулалт явагдсан уу?

-Явагдаагүй. Уг нь байх ёстой. Миний яриад, шаардаад байгаа юм чинь л энэ. Дотоод хяналт, аудитын алба гэдгийг Ж.Пунцагт зориулж нээгээд албан тушаал өгч байгаад цагдаа, тагнуулд ажиллаж байсан хүмүүсийг татаад хяналт хийдэг албыг бий болгосон юм шүү дээ.

Шударга, үнэнийг тогтоодог хүмүүс уг нь хууль, шүүхийнхэн. Ийм тогтолцоо байсаар байтал дотор нь өөрсдөө шалгаад, бүр тогтоогдсон тул, халсугай гэж оруулж ирдэг алба болсон. Харин өөрсдийнхөө хамгаалах хүмүүсээ хамгаалж, өөрсдийнхөө хүсэл зорилгыг гүйцэлдүүлээд байгаа нь ч харагддаг. Улаанбаатар төмөр зам бол хүчний байгууллага биш, зүгээр тээврийн компани шүү дээ. Ялангуяа дэргэдээ тээврийн цагдаатай байгууллага дотор хүчний байгууллага шиг ажиллуулж байгаа нь буруу бүтэц. Яахав, олон улсын жишгийг харахад ийм том компани дотроо дотоод хяналтын нэгжтэй байхыг зөвшөөрдөг. Гэхдээ ингэж 10 гаруй хүнтэй хэлтэс ажиллуулдаг, тэр нь хүний эрхийг зөрчдөг байж болохгүй.

-Та АТГ-т өмнө өөр ч асуудлаар хандаж байсан гэсэн. Бас л их мөнгөн дүнтэй хэрэг сонсогддог?

-Төмөр замд чинь том том мөнгөн дүнтэй асуудлууд болдог юм. Тэр бүрийг би ярьдаг, яриад дийлэхгүй нь ч байна. Одоогоос хоёр, гурван жилийн өмнө Хятадад хэдэн вагоныг их өндөр өртгөөр засуулсан байдаг. Өртөг нь 15.2 тэрбум төгрөг болсон. Ажлын процессын, хяналтын маш том алдаанууд үүн дээр гарсан. Жишээ нь, хүлээлгэж өгөхдөө бүрэн гүйцэд хүлээлгэж өгөөгүй. Засвараас хүлээж авахдаа хүлээлцсэн акт үйлдээгүй, шууд авчихсан. Энэ асуудлаар талийгаач Ж.Жигжиднямаа дарга шалга гэж үүрэг даалгавар өгсөн байдаг.

Ж.Пунцаг ч өөрөө үүрэг даалгавар албандаа өгөөд тэр асуудлыг шалгуулсан. Байцаагч нар нь зөрчлийг илрүүлсэн. Гэтэл Ж.Пунцаг дараа нь таг болчихсон. Би бол түүнийг энэ том хэргийг нуун дарагдуулсан, хамтарч оролцсон гэж үздэг.

-Өмнө нь нэг бус удаа хууль шүүхэд дуудагдаж, саатуулагдаж байсан хүн юм байна. АТГ-аас ажиллуулахгүй гэсэн бичиг ирж байсан гэв үү?

-АТГ-аас нэг бус удаа наад хүн чинь албаны дарга хийж болохгүй юм байна шүү, урд нь авлигын хэрэгт холбогдож ял авч байсан. Тиймээс энэ ажлыг хийж болохгүй гэсэн шаардлагыг УБТЗ руу өгч байсан. Тэгэхээр нь албаны дарга байсан Ж.Пунцагийг орлогч дарга болгочихсон. АТГ-аас дахиад бичиг ирсэн. Наад хүн чинь ажилласан хэвээр байна, та нар ажиллуулаад байна гэхээр халсан байдаг. Тэгэхээр нь Ж.Пунцаг би албаны дарга биш, орлогч дарга байсан. Тэгэхээр би ХОМ өгдөг албан тушаалтан биш байтал халчихлаа гээд шүүхдсэн.

Ингээд нэхэмжлэлээ хангуулаад жилийн дараа төмөр замд ороод ирсэн. Тэр хугацаандаа Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байсан. Гэтэл төмөр замд орж ирээд нөхөн олговор авчихаж байгаа юм. Би хэлж байсан, тэгэхэд “Хуулинд харшлах зүйл байхгүй” гэх жишээний. Ингээд л нэг газар ажиллаад цалин аваад, нөгөө газраас нөхөн олговор яваад явж байгаа нь ерөөсөө төмөр замын албан тушаалыг хөрөнгөжих бохир газраа гээд бодчихсон хүн гэж би харддаг. Одоо шалгаж байна л гэнэ. Дахиад ч хэрэгсэхгүй болоод гараад ирэх магадлал тун өндөр.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Майцэцэг: Ажилласаар байгаад л өрөнд ороод дуусахаар нийгмийг эрх баригчид бүтээжээ

“Эксклюзив” брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэг ирэх ням гаригт Итали улсад бизнесийн уулзалтад оролцохоор төлөвлөжээ. Гэсэн ч ШШГЕГ-аас түүнд тавиад байсан хилийн хоригоо цуцлаагүйн улмаас явах боломжгүйд хүрээд байгаа юм. Түүний тухайд төрийн байгууллагуудын ажил хоорондоо уялдаа холбоогүй, уян хатан биш байгаа нь бизнес эрхлэгчдэд дарамт учруулж байгааг онцолж байна. Түүнтэй цөөн хором ярилцлаа.


-Ажил хэргийн шугамаар Итали улсыг зорихоор төлөвлөөд байсан ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас танд тавиад байсан хилийн хоригоо цуцлаагүйн улмаас асуудал үүсчээ. Болж буй нөхцөл байдлын талаар тодруулахгүй юу?

-2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хуульд өөрчлөлт орж 50 сая төгрөгөөс дээш өртэй хувь хүн, аж ахуйн нэгжид хилээр гарах хориг тавьсан юм байна. Өөрөөр хэлбэл маргаан шүүхээр орсон тохиолдолд хориг тавьдаг болж. Бизнес эрхлээд явж байгаа хүмүүс бие биенээсээ ч юм уу 50 битгий хэл тэрбум төгрөг зээлээд явдаг асуудал бий. Бизнес эрхлэгчид гадагшаа зах зээлээ тэлж байж л өр, зээлээ төлнө. Дотоодын жижиг зах зээлд өрсөлдөөд өр төлбөрөө барагдуулна гэдэг бараг боломжгүй. Энэ зөвхөн надад тохиолдож байгаа асуудал ч биш. Мянга мянган бизнес эрхлэгчид ийм асуудалтай хаана хандахаа мэдэхгүй явж байна.

-Таны тухайд хувь хүний өрөө төлөөд асуудлаа шийдсэн талаараа хэлж байсан. Тэгээд ямар асуудал үүссэн юм бэ?

-Г.Майцэцэг гэдэг хувь хүн 2021 онд өрөө төлөөд асуудлаа шийдсэн. Надаас авлагатай хүмүүс нь “Иргэн Майцэцэгээс өрөө авсан. Хэргийг нь хааж өгнө үү ” гэх хүсэлтийг цаасаар бичиж ШШГЕГ-т өгөх ёстой юм байна. Өнөөх хүмүүс байцаагч руу “Бид нар Майцэцэгээс мөнгөө авсан” гээд мессеж бичсэн байгаа юм. Гэтэл үүнийг хүчин төгөлдөр гэж үзэхгүй, өнөөдрийг хүртэл хориг тавьсан хэвээр явж ирж. Шүүхийн шийдвэрээс өр зээлээ төлсөн тохиолдолд

гомдол гаргасан хүнээс нь шаардаад бичиг авдаггүй юм уу гэж асуухад тэр “Чиний үүрэг” гэж хариулж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ямар ч үүрэг хүлээдэггүй юм байна.

Хилийн хориг тавибал тавиад л. Өглөг авлагатай хүмүүс хоорондоо асуудлаа шийдчихээд байхад энэ байгууллага яхир хадам ээж шиг хооронд нь яс хаяж хагаралдуулаад сууж байна. Би өөрөө тодорхой хэмжээнд үйлдвэрлэл хийж хувийн үйлдвэрээ босгосон хүн. Зугтаагаад алга болохгүй шүү дээ. Эрх баригчид цахимжсан засаг гээд л яриад байдаг. Гэтэл хялбархан шийдэж болох асуудал дээр л заавал цаасан баримт нэхээд сууж байна. Өнөөдөр иргэдэд үйлчилдэг төр хэрэгтэй байна шүү дээ. Энэ мэт жижигхэн асуудлаар иргэн, аж ахуйн нэгжүүдээ хааж боож байгаад нь харамсах юм. Удахгүй Италид бизнесийн чухал уулзалттай байдаг. Одоогоор хаана хандаж асуудлаа шийдэхээ үнэхээр мэдэхгүй байна. Шүүхийн шийдвэрийнхэн ч хэл амаараа ойлголцож болох асуудалд ямар хахир хатуу ханддаг юм байна. Аргаа бараад сууж байна.

-Таны компани татварын өртэй байсан юм уу?

-Монголд компаниа дампууруулбал өрнөөс салдаг муухай жишиг тогтоод удаж байгааг та мэдэж байгаа байх. Компани дампуурахад бүх өр тэглэгддэг. Улсад төлөх мөнгийг салхинд хийсгэж байна гэсэн үг шүү дээ. Үүнийг хүмүүс тэр бүр анзаардаггүй юм билээ. Гэтэл графикийн дагуу өрөө төлөөд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдээ дарамтлаад байгаа нь хэцүү юм. Миний “Эксклюзив” компани аль дээр 2015 онд л дампуурчихаар байсан шүү дээ. Өнөөдрийг хүртэл графикийн дагуу өр зээлээ төлөөд дампууруулахгүйн төлөө л ажиллаж ирсэн. Хийж бүтээхийн төлөө ажилласаар байгаад өрөнд ордог нийгмийг эрх баригчид бүтээжээ. Уг нь аж ахуйн нэгжүүд зах зээлээ тэлж байж л өрнөөс гарна.

-Хувийн бизнес эрхлэх, бизнесээ тэлэх орчин л хууль эрх зүйн хувьд хумигдмал болж байх шиг…

-2019 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед эдийн засаг хүндэрсэн үед бизнес эрхэлэгчдээ дэмжиж хилийн хоригийг нь цуцалж, хаагдсан данснуудыг нь нээнэ гээд л ярьж байсныг нь тод санаж байна. Тухайн үед аж ахуйн нэгж дээр тавигдсан өр төлбөрт хилийн хориг тавихгүй юм байна гэж л ойлгосон. Гэтэл бизнесээ өргөжүүлэхэд хууль эрх зүйн орчин нь бүр л ярвигтай болж дээ.

-Та Италид ямар уулзалттай байв. Ямар үр дүн хүлээж байв?

-Бид массын үйлдвэрлэлийг Монголд нутагшуулах зорилготой ажиллаж байгаа. Үүний тулд олон жилийн түүхтэй том компаниудаас тусламж авах хэрэгтэй байгаа юм. Миний тухайд 20 орчим жил Польшид амьдарсан. Найман жилийн хугацаанд массын үйлдвэрлэлд ажилласан. Надад тодорхой хэмжээний туршлага байна. Хажууханд ОХУ, Хятад гэсэн том зах зээл байна. Ийшээ гарахаар л төлөвлөсөн ажлын эхлэлийг Итали улсад болох уулзалтаар ярилцах гэж байлаа. Харамсалтай нь нөхцөл байдал буруугаар эргэж ийм дээрээ тулаад байна. Явж явж би өөрөө л буруутан болж байх шив дээ. Би өөрөө хөөцөлдөж бичиг баримтыг нь шүүхийн шийдвэрт авч очих байж. Төрийн нүүр царай бизнес эрхлэгчдийн нүдээр ийм л хахир хатуу, уян хатан биш харагдаж байна даа. Уулзалт хийх хүмүүстээ түр хойшлуулах хүсэлтээ сая хэллээ. Нөгөө хэд маань ч зөвшөөрсөн. Бүтэн сайн өдөр явж чадахгүй бол олон жилийн хөдөлмөр үнэгүйдэх гээд байна.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын нэгдүгээр сарын 22, Санчир гариг. Билгийн тооллын 20, харцага одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 8:31 цагт мандан, 17:36 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орно.

Салхи: Баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Нийт усны ганц хувь нь цэвэр ус шүү дээ

Гэр хорооллын айл өрхүүд ундны цэвэр усаа урьдын адил мөнгө төлж авдаг болж. Цар тахлаас шалтгаалан хэсэг хугацаанд цэвэр усыг үнэгүй өгч байсан даа. Өмнө нь нэг литр ус нэг төгрөг байсан бол сая нэгдүгээр сарын 1-нээс эхлээд литр тутамдаа хоёр төгрөг болжээ. Харин зуслангийн хавиар нэг литр усыг 4.5 төгрөгөөр борлуулах журам гарчээ. Усны үнэ ийн нэмэгдсэн тухай мэдээлэл цацагдсаны дараа хүмүүс усны үнийг ингэж нэмдэг нь буруу, хар ус гэхэд үнэтэй байна гэх маягийн сэтгэгдлүүд олон харагдлаа. Ундны ус гэдэг өнгө, үнэргүй шингэн бодис бол хүн төрөлхтний хамгийн өргөн хэрэглээний зүйл. Гэтэл хамгийн хямдхан байсаар байгаа усыг ердөө хоёрхон төгрөгөөр авахдаа чухам яагаад уурлаад байгаа учрыг эс олсон юм. Бяцхан

тоо бодож үзье л дээ. Нэг хайрцаг чүдэнз 200 төгрөг. Дотроо 50 гаруй ширхэг л байгаа байх. Гэтэл ганц хайрцаг чүдэнз авах мөнгөөр 100 литр ус авна. Таван тонны зөөвөрлөх машинаар ус авлаа гэж бодоход 5000 литр усыг 10 000 төгрөгөөр л авах нь. Гэтэл яг үнэндээ 10 000 төгрөг гэдэг бол дундаж ресторанд ороод суухад ердөө ганц лонх шар айрагны л мөнгө шүү дээ.

Дэлхий нийтээрээ ундны цэвэр усны хангамжид санаа зовниод хэдийнэ эхэлчихсэн. Зарим томоохон хотууд хүртэл цэвэр усыг иргэддээ тодорхой хязгаартайгаар өгдөг болж байна. Далайн усыг цэвэршүүлэх олон, олон оролдлогууд хийгдсээр байна. Эхнээсээ амжилттай болж байгаа технологиуд бий болсон авч хэрэглээг бүрэн дүүрэн хангах яагаа ч үгүй бололтой. Харин бид цэвэр усыг ёстой утгаар нь гамгүй хэрэглэсээр. Бараг л орсон газар болгоны ариун цэврийн өрөөний ус зүгээр л сул гоожиж байдаг. Крантыг нь нээгээд орхичихсон байх нь энүүхэнд. Мөн авто угаалгын газар бол бүр тоймгүй. Нэг машин угаахад хэдэн литр цэвэр ус зарцуулаад байгаа юм бүү мэд. Уг нь авто угаалгын газар, ариун цэврийн өрөөний суултуурын усанд саарал ус буюу дахин боловсруулсан ус хэрэглэж эхлэх цаг аль хэдийнэ болчихсон. Гэсэн ч хувь хувьсгалын аль нь ч энэ тал дээр аниргүй суусаар. Дэлхий дээр байгаа нийт усны 97 хувь нь далай тэнгисийн, хоёр хувь нь хойд урд мөсөн далайн, үлдсэн ганцхан хувь нь ундны цэвэр ус байдаг юм шүү дээ. Арай л бага байгаа биз. Тиймээс ундны цэвэр усаа боломж боломжоороо хэмнэж байвал ямар вэ…

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Мэдисон нутгийн гүүрнүүд

Уянгын… сэтгэл хөдлөм бас уярам… мөнхийн хайрын тухай үлгэр”, “Хүн бүрийн сэтгэл зүрхийг хайлуулмаар… бүр хамгийн зөрүүд циникүүдийг хүртэл уяраамаар, сэтгэл шаналгасан түүх. Гэхдээ бодит амьдралын сэдвийг хөндсөн учраас үйл явдал нь тун ойлгомжтой”, “Энэ бол хайрын тухай өгүүлдэг жирийн нэгэн зохиол биш. Хүч тэнхээ, мэргэн ухаан бас итгэлийн талаар яруу уран, утга төгөлдөр өгүүлнэ”, “Нулимс мэт төгс бүтээл”.

Энэхүү алдартай бүтээлийг энэ мэтээр дүгнэсэн хэдэн арван сэтгэгдэл бий. Одоо ч ар араасаа хөвөрсөөр байдаг. “Мэдисон нутгийн гүүрнүүд” нэртэй уг номонд хайрын сэтгэлийн их хүч, хүндэтгэл, санагалзах сэтгэлийн талаар өгүүлдэг. Роберт Жеймс Уоллерийн уг номыг орчуулагч О.Анударь орчуулж, “Монсудар”-аас эрхлэн гаргажээ. Номын зохиогч богино өгүүллэг, эссэ төрлөөр бичдэг байснаа 1992 онд “Мэдисон нутгийн гүүрнүүд” гэх энэхүү романаа бичжээ. Дэлхий даяар 60 сая орчим хувь борлогдсон амжилтаараа өнгөрсөн зууны хамгийн амжилттай номнуудын нэгэнд тооцогдох болсон байна. Мэдээж орчин цагт сайн муу зохиол бүтээлийг уншигчид асуудалгүй ялгадаг болсон. Тэгэхээр 60 сая борлогдсон гэхээр маргаангүй ер бусын зохиол мөн байх нь. Уг романаар 1995 онд нэрт жүжигчин Клинт Ийствүүд, Мэри Стрип нар гол дүрийг нь бүтээсэн ижил нэрт кино бүтээгдсэн юм. Уншигч та магадгүй киног нь үзсэн байх. Үзээгүй бол үзээрэй. Бас номыг нь заавал уншихыг зөвлөе.

1960-аад онд Айова мужийн Мэдисон дүүргийн нэгэн эдлэн газарт зохиолын үйл явдал өрнөдөг. Гэрлэж, хоёр хүүхдийн ээж болсон Франческа болон гэрэл зурагчин, ганц бие эр Кинкейд хоёрын хайр сэтгэлийн тухай энэ номонд өгүүлэх болно. “Na­tional Geographic” сэтгүүлийн захиалгаар өвөрмөц, битүү хийц бүхий гүүрнүүдийн зургийг авах ажлаар Кинкейд эл газарт хэд хоног саатна. Халуун нар төөнөсөн тэр өдөр Кинкейд нэгэн гүүр хүрэх замыг асуухаар Франческа бүсгүйн гэрийн гадаад хэсэгт саатах бөгөөд тэд анхны харцаар хоёр биедээ татагдан, бүсгүй ч зам заахаар зурагчин залуугийн машинд сууснаар үйл явдал өрнөж эхэлнэ. Энэ үетэй давхцаад Франческагийн гэр бүлийнхэн мужийнхаа хөдөө аж ахуйн үзэсгэлэн яармаг орохоор эзгүй байж таардаг. Хэдийгээр нас нь 40 нэлээн гарцгаасан тэдний хайр сэтгэлийнх нь холбоо хэдхэн өдөр үргэлжлэх авч хэзээ ч бие биенээ мартаагүй, харин ч алс холоос ч гэсэн нэгнийгээ үгүйлэн хайрласаар насыг барна. Гэлээ ч Франческа гэр бүл, үр хүүхдээсээ яваагүй, Кинкейд ч бүсгүйгээ зөвхөн хайрласан. Бас хэн хэнээсээ урваагүй. Бас тэр хоёрын учрал хэн хэнийх нь амьдралыг үүрд өөрчилсөн.

“Мэдисон нутгийн гүүрнүүд” зохиол ер бусын энгийн хэрнээ хүн гэдэг амьтанд хамгийн хүчтэйгээр мэдрэгддэг, шархлуулж, бас эдгээж чаддаг хайр сэтгэлийн тухай гайхамшигтайгаар гаргаж чадсан юм. Номын өмнөх үгэнд ингэж бичсэн байх юм. “Хайрын тухай хоёр талаас нь харуулна. Нэг талаас эр эм хоёрын бие биедээ тэмүүлэх романтик хайр, нөгөө талаас гэр бүл эцэг эх, үр хүүхдийн хоорондын хайр. Аль аль нь туйлын хүчтэй, хоорондоо зөрчилдөөнтэй”. Уг зохиолыг уншихад яг л энэ дүгнэлтэд хүрнэ. Яг таг хэзээ ч ийм зүйл тохиолдохгүй гэж бардам итгэлтэй байсан хүнд ч яг энэ зохиолд гардаг үйл явдал шиг зүйл учрахыг үгүйсгэх ямар ч аргагүй. Магадгүй “Мэдисон нутгийн гүүрнүүд” зохиолын үйл явдал дэлхий дээр хэдэн арваараа тохиолддог байхыг ч үгүйсгэх газаргүй. Амьдрал баян, элдэв хувь зохиолоор дүүрэн. Хэн ч, хэзээ хормын дараах ирээдүйгээ харж чадахгүй шүү дээ.

“Үнэт эрдэнэс мэт ном. Үд дунд гэрийнхээ гадна цэцэрлэгт амарч суух зуураа уншаад дуусгачих тийм зохиол. Гэхдээ битгий тэгээрэй. Сайн дарс шимж буй мэт хуудас бүрийнх нь амтыг мэдрээрэй. Хуучны хэв маягтай энэхүү хайрын түүх таны оюун санаа, зүрх сэтгэлийг булаачихаад буцааж өгөхгүй л болов уу”… Toledo Blade.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд 82 тэрбум төгрөгөөр газар чөлөөлнө

Авлигатай тэмцэх газарт ирсэн өргөдөл, гомдлын 60 орчим хувь нь газрын харилцаатай холбоотой байна.

Иймээс газар эзэмших, өмчлөхтэй холбоотой бүх төрлийн харилцааг цахимаар авах боломжийг бүрдүүлэх зорилт тавьсан. Үүний үр дүнд хүнд суртал, үргүй зардал буурахаас гадна газрын зөрчлийг шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа.

Гол нь хот төлөвлөлтийн бодлоготой зөрчилдсөн газар олголтын асуудал ч цэгцэрнэ гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн цомын тэмцээн АНУ-д болно

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) 2022 оны чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах эрхийг АНУ-д өгчээ.

Америкчууд чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн төрлийг хамтатган шинэ хэлбэрээр зохион байгуулна. Арванхоёрдугаар сарын 11-12-нд АНУ-ын Айова Ситид болох тэмцээнд насанд хүрэгчдийн ДАШТ-д багаараа эхний 5 байрт орсон орноос гадна зохион байгуулагч орны баг нэмэгдэж зургаан баг өрсөлдөнө.

АНУ-ын Дэлхийн цомын тэмцээнийг өмнө нь нийтдээ 30 удаа хүлээж авч байсан бөгөөд Толедод 17, Лос-Анжелест гурав, Чаттануга, Спокане, Стиллуотеред хоёр, Балтиморе, Фэрфаксе, Бойсе тус бүр нэг удаа болсон. Тэгвэл Айова нь Дэлхийн цомыг эх орондоо хүлээж авах 10 дахь хот болж байна.

Categories
гадаад мэдээ

ДЭМБ: Аялал жуулчлал хориглох нь үр дүнтэй арга биш

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон улсын аялал жуулчлалыг хориглож хил хаах нь халдварын омикрон хувилбартай тэмцэхэд үр дүнгүй болсон гэж мэдэгдлээ.

Тодруулбал, ДЭМБ өнгөрсөн пүрэв гарагт яаралтай хурал хийснийхээ дараа лхагва гарагт шинэчлэгдсэн коронавирусний зөвлөмжийг гаргажээ. Энэхүү зөвлөмжид төрийн эрх баригчид “олон улсын нислэгийг хориглосноор нэмүү өртөг шингээдэггүй бөгөөд эдийн засаг, нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байгаа учраас ийм шийдвэрүүдийг цуцлах эсвэл зөөлрүүлэхийг” санал болголоо. Олон арван мянган гадаад оюутан, гэрээт ажилчид гацсан тул академи, бизнесийн салбарын олон хүмүүс санаа зовниж байна.

Мөн ДЭМБын дээд албан тушаалтан Африк тивд коронавирусний халдварын шинэ халдварын тоо огцом буурсан гэж үзэн Африк тивээс зорчих хязгаарлалтыг хөнгөвчлөхийг улс орнуудад уриаллаа.

ДЭМБын Африкийн бүсийн захирал пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр Омикроны хувилбараас үүдэлтэй давлагаа эхэлснээс хойш тив анх удаа шинэ тохиолдлын тоо мэдэгдэхүйц буурч эхэлсэн гэж мэдэгджээ.

Африкт омикрон хувилбар тархсан нь улс орнууд тэндээс ирэх зорчигчдыг хязгаарлаж, ирсэн зочдыг удаан хугацаанд ажиглалтад байлгаж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ
Categories
мэдээ нийгэм

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн үйл ажиллагааг түр зогсоохоор болжээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд коронавирусийн халдвар ихээр илэрсэн тул нэгдүгээр сарын 24-нөөс хоёрдугаар сарын 1-нийг дуустал тус шүүхүүдийн үйл ажиллагааг зогсоохоор болсныг мэдэгдлээ.