Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Бар жилийг хоёр өнцгөөс шинжихэд

Дижитал технологи бүхэлдээ дэлхийн хүмүүс- бидний аж амьдралыг сайн тал руу өөрчилж, амьдралын утга учрыг хөглөж, баялаг, сонирхолтой болгож ирсэн билээ. Харин 2022 оноос бидэнд сул талаа илүү амсуулж мэдрүүлнэ гэж шинжээчид бичих боллоо. Гажуудуулсан дата дээр тулгуурласан алгоризмын хор урхагтай дүгнэлтийн улмаас хэдэн зуун сая хүний амьдрал, ажил хэрэгт нөлөөлж,онлайн ертөнцөд үймэрч, хакерууд бидний мэдээллийг хулгайлах явдал ердийн зүйл болж байгаа билээ.

Энэхүү хил хязгааргүй нөмрөх аюул урд өмнө байгаагүй нөхцөл байдлыг хүн төрөлхтөнд бий болгож байна. Үүнээс өмнө ард түмэн, төр засаг улс орныхоо хилийг тогтоогоод хүн зоны аж амьдралын дэг журам бий болгон, түүнийгээ баримталж ирсэн бол одоо агуу том технологи шинээр дараагийн геополитик, эдийн засаг, нийгмийн харилцааг бий болгож, хянах болов. Тэр байтугай хүмүүсийн юу харах, юу сонсохыг өмнөөс нь шийдэж, бидний бодол санаанд нөлөөлөхүйц хүч чадал нэгэнт бий болжээ. Ийнхүү хүмүүсийн өдөр тутмын амьдралын нэг хэсгийг төдий биш, төр улсын чухал үүрэг функцийг хүртэл дижитал ертөнц захирах болж, нийгмийн эд эсийг бүхэлд нь нэгтгэж зангидаж байх амьд хүч биш мөртлөө л технологийн аж үйлдвэрлэл хүмүүс бидний ирээдүйг, улс орны ирээдүйг бүтээхээр давшиж байгаа юм.Зөвхөн фэйсбүүк (өнөөгийн Мета) гэхэд л гурван тэрбум хүнд нийгмийн харилцаа, мэдээ мэдээллийг олгож байдаг платформыг удирдаж байдаг. БНСУ бар жилд багтаан метаверс академи байгуулж 2026 он гэхэд тэргүүлэх 40.000 мэргэжилтэнтэй болох зорилт тавиад байна. Дөрвөн буман мэргэжилтэн ард иргэдээ мета ертөнцөд хөтөлж, залж жолоодох нь гэсэн үг.

Хүмүүс ажил дээр ч, гэр орондоо ч дижитал орон зайд өнгөрөөх цаг нэмэгдэж, аль ч улс орны эдийн засагт түгээлтийн программ чэйн( chain) технологи дээр суурилсан үйлдэл улам хүчээ авах болно. Үүнийг дэлхийн улс орнуудын засаг захиргаа онцгой анхаарч байна. Европын холбоо бар жилд гигант технологийн бизнес хэвшлийн зарим хэсгийг хязгаарлах шинэ хууль гаргахаар зэхэж байна. АНУ-ын холбогдох байгууллага хүний хувийн дижитал орон зайг хамгаалах шинэ дүрэм журмыг бий болгохоор ажиллаж байна.Гэхдээ л энэ бүхэн стратеги гэхээсээ илүү дүрэм журам дэглэм тогтоох тактикаас хэтрэхгүй юм. Асар том технологийн асар их эрх ашиг, нөлөөлөх хүчийг зогсоох засгийн газар одоогоор байхгүй, асар том платформыг бий болгосоор байгаа дижитал салбар руу цутгаж байгаа хөрөнгө оруулалтыг хязгаарлах тийм хүч байхгүй байсаар байна. Манай урд хөрш Хятад улс дэлхийн хамгийн том хүчирхэг хянах системийг дижитал салбарт байгуулахыг зорьж байна.

2022 онд зарим шинжээчдийн дүгнэлтээс харахад ( АНУ-ын улс төр судлаач Ian Bremmer) гигант технологийн өөрийнх нь “засаглалын” төгс бус байдал нь нийгэм, эдийн засаг, бизнес хөгжилд гарз учруулна гэж үзэж байгаа юм. Энэ онд АНУ-ын Ерөнхийлөгчийн дунд хугацааны сонгуулийн өмнө жагсаал цуглаан идэвхжиж, Америкийн ардчилалд итгэх итгэл нэг шатаар буурах болно, үүнд мэдээллийн аюулгүй байдал, ёс зүй, халдашгүй байдал төдийгүй хиймэл оюун ухааны хэрэглээ, кибер аюулгүй байдлын нөхцөл байдал улам бүр асуудал дагуулсаар байгаа нь нөлөөлөхгүй гэхийн аргагүй юм.

Ингээд үзэхээр өнөөгийн дэлхий ертөнцөд лидер алга байна. Хүн төрөлхтнийг донсолгосон пандемикийн менежмент, дэлхийн цаг уурын өөрчлөлт, мөргөлдөөнийг зохицуулах, дүрвэгсэд болон цагаачдын асуудал зэргийг шийдвэрлэх чиглэлээр НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагуудын хүчин чармайлт байгааг үгүйсгэхгүй ч асар их хүч хуримтлуулаад байгаа дижитал ертөнцийн орон зайг захирах хүч бараг байхгүй шахам байна. Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө буй болгосоор байгаа шинэ орон зайг захирах чадвар ч хүсэл зориг ч байхгүй байна гэсэн үг юм. Ерөөс асар том орон зайд тухалсан мэдээллийн технологийг нэг улс дангаар захирах боломжгүй тул олон улсын хамтын ажиллагаа, хамтын хүчин чармайлт чухал, манай улс энэ нетворкд нэгдэх, хамтрах, тийм хүчин чармайлт алсын хараа, чадамж чухал байна.

Цахим хөгжлийн шинэ яамтай болно. УИХ-аас цахим хөгжлийн хэд, хэдэн хууль батлагдлаа. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн тухай хууль,Цахим гарын үсгийн тухай хууль,Кибер аюулгүй байдлын тухай хууль, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдсан.

Эдгээр хуулиуд нь төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэний мэдээлэл олж авах эрхийг хангах болон эргээд мэдээллээ аюулгүй хадгалах, хамгаалах, гадна, дотны халдлага, хууль бусаар ашиглагдахаас сэргийлэхэд чиглэсэн багц хуулиуд болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төр иргэнийхээ мэдээллийг олж авах, мэдээллийг бусдад дамжуулах болон хадгалах, хамгаалах, ашиглах эрхийн асуудлыг, иргэний мэдэх эрхийн асуудал, мэдээллийн аюулгүй байдлын асуудал болон дижитал эдийн засгийн үйл ажиллагааг ямар хэмжээнд ямар нөхцөл шалгуураар хүлээн зөвшөөрөх зэрэг асуудлуудыг нарийвчлан зохицуулсан дижитал шилжилтийн томоохон эрх зүйн үндэс дөнгөж бүрдэж эхэлж байгаа юм.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар ямар мэдээлэл нийтэд зайлшгүй нээлттэй байх ёстойг тодорхойлж өгснөөрөө шаардлагагүй тохиолдолд нууцад хамааруулан иргэний мэдэх эрхийг хязгаарладаг явдлыг арилгахад чухал алхам болно гэж харж байгаа бол Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хамгаалах асуудлыг илүү анхаарч, хариуцах субьект, үүргийг тодорхой хуульчилсан.

Дэлхийг нөмөрсөн технологийн асар том аж үйлдвэрлэл, түүний сүлжээнээс ардчиллаа яаж хамгаалах, хүний эрхээ яаж сэвтүүлэхгүй байх, худал мэдээлэл, мэдээллийн дарангуйлал, цаашлаад үндэсний аюулгүй байдлаа яаж хамгаалах, дижитал эдийн засгийн ертөнцтэй яаж холбогдож улс орны эдийн засгаа өөд татах вэ гэсэн сорилт бидний өмнө тулгараад байна.

Цахим хөгжлийн яам байгуулагдсанаар иргэдийн орлого, улсын эдийн засаг яаж хөгжиж дэвжих вэ. Дэлхий дахинд худалдааны үйл ажиллагаа улам бүр дижиталжиж, ялангуяа “Ковид-19” цар тахлын үед улам боловсронгуй болж байгаа тухай миний бие “Өдрийн сонин”-ы өнгөрсөн жилийн дугааруудад хөндөж бичиж байсан билээ. “Дэлхийн худалдааны чиг хандлага ба Монгол улс”, “Цар тахал ба технологийн засаглал”, “Цар тахлын сургамж ба хөгжил дэвшил”, “Гео эдийн засгийн зарим асуудалд” зэрэг өгүүлэл бий.

Нөгөө талаар “Ковид-19” цар тахал улс орнуудын эдийн засагт хүний амь насыг хамгаалах салбарт илүү хөрөнгө оруулалт хийх, илүү дэмжих, аж амьдралыг нь тэтгэх, ажлын байрыг нэмэгдүүлж эдийн засгийн өсөлтийг хангах руу чиглүүлэхийн чухлыг мэдрүүллээ. Эрүүл мэнд, аюулгүй байдал, хоол хүнс, судалгаа шинжилгээ, боловсрол гэсэн салбарт ажлын чадамжийг хэд дахин нэмэгдүүлэхийг сургалаа. Оюун санааны өөрчлөлт л хүн төрөлхтнийг аврахыг харууллаа.

Япон зэрэг улс орнууд эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах хууль батлахаар ажиллаж байна. Тэргүүлэх технологийн өрсөлдөөн, үүн дээр тулгуурласан их гүрнүүдийн сөргөлдөөн, гол нэрийн түүхий эдийн хомсдол, ажиллах хүчний нүүдэл зэргээс гадна эдийн засгийн арга хэрэгслээр дамжуулж улс оронд ирж буй аюулыг багасгах хүрээнд ийм хууль ач холбогдолтой юм.

Жил тутам Давосд болдог Дэлхийн эдийн засгийн форум омикроноос болж хойшилсон ч нэгдүгээр сарын 17-21-ний өдрүүдэд дэлхийн удирдагчид “Дэлхийн нөхцөл байдал” сэдэвт онлайн хуралдааныг зохион байгуулж, одоогийн нөхцөл байдал, үүнээс гарах гарц шийдлийн талаар санал бодлоо дэвшүүлсэн байна.

Энэхүү цахим хуралдаанд НҮБ-ын тэргүүн Гутерриш үг хэлэхдээ “Цар тахал өвчнийг зогсоох, дэлхийн санхүүгийн системийг шинэчлэх болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлийг дэмжихийг санал болгов. Хэрэв өнөөдөр хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэхгүй бол цаашид хүн төрөлхтөнд нийгмийн дургүйцэл ба хүчирхийлэл нэмэгдэх болно” гэж анхаарууллаа.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Дэлхийн эдийн засаг хямралаас гарч байгаа ч нийлүүлэлтийн сүлжээ тасалдсаны улмаас эмх замбараагүй байдал нүүрлэж, гол нэрийн барааны үнэ өсч байгаа” тухай онцоллоо. Манай бодит байдал, өнөөгийн дүр зураг ч мөн ийм л байна.

Ханган нийлүүлэлтийн сүлжээг хамгаалах, Дэлхийн худалдааны байгууллагын зарчмуудыг дагаж мөрдөх, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засгийн ил тод дүрмийг бий болгохын тулд эдийн засагт шинэ хөдөлгөгч хүч хэрэгтэй гэдгийг харуулж байна. Үүнд шинээр байгуулагдаж байгаа Эдийн засгийн хөгжлийн яам онцгой анхаарч ажиллах ёстой. Манай улс социализмын үед худалдаа, аж үйлдвэрийн цэгцтэй бодлогоор эдийн засгийн хөгжлөө дэмжиж ирсэн түүхтэй.

Тэр хэрээр эдийн засгийн аюулгүй байдал баталгаатай байсан. Юуны өмнө эдийн засгийн аюулгүй байдалд тулгамдаад байгаа асуудлуудыг эрэмбэлж, авах арга хэмжээ бодлогоо тодорхой болгож ажиллах нь бар жилд хийж гүйцэтгэх чухал арга хэмжээ болно гэдгийг цар тахлын үеийн болон дараах үеийн өнөөгийн нийгмийн амьдрал харуулж байна.

Бар жилийг барцад багатай өнгөрүүлэхийн тулд юуны өмнө эдийн засгаа төвхнүүлэх, алдагдсан боломжуудаа ажлын чадамжаа дээшлүүлэх, авлигалыг арилгах гэсэн хос жигүүрээр эргүүлэн олж авахын төлөө эрчимтэй ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн мисс” тэмцээний финалын шат гуравдугаар сарын 16-нд болно

Цар тахлын улмаас түр хойшлогдсон “Дэлхийн мисс-2021” тэмцээний финалын шатыг гуравдугаар сарын 16-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн мисс А.Бөртэ-Үжин амжилттай оролцож, “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлсэн. Ингэснээр тэрбээр дэлхийн 130 орны гоо бүсгүйтэй өрсөлдөн авьяас үзүүлбэрийн ялагч болж, тэмцээний хагас шигшээд шалгараад байсан юм.

“Дэлхийн Мисс тэмцээний финал гуравдугаар сарын 16-нд Пуэрто Рикогийн Сан Хуан цэнгэлдэх хүрээлэнд болох юм байна. Цар тахлын улмаас зөвхөн шилдэг 40 орны гоо бүсгүйчүүд финалын шалгаруулалтдаа эргэн очих бөгөөд бусад орны гол бүсгүйчүүдийг цахимаар танилцуулах аж. Монголын мисс шилдэг 15 орон оролцогчийн нэгээр тодроод буй.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Б.Үжин: Кинонд тоглосноосоо хойш энэ урлагт хүчтэй татагдаж, хайртай болсон шүү

Залуу жүжигчин Б.Үжинтэй ярилцлаа. Тэрээр жүжигчин, СТА Б.Мишээлийн төрсөн дүү юм. Түүний хувьд саяхан дэлгэцнээ гарсан “Манайд нэг удаа” инээдмийн киноны гол дүрийг бүтээсэн билээ.


-Уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Буянжаргалын Үжин гэдэг. Б.Дөлгөөн, Б.Мишээл гэдэг хоёр эгчтэй айлын бага охин. Удахгүй Ерөнхий боловролын сургаалиа дүүргэх гэж байна.

-Нэлээд хөдөлгөөнтэй охин байсан байж магадгүй юм, багадаа?

-Тийм ээ. Багадаа их хөдөлгөөнтэй, дүрсгүй хүүхэд байсан. Хөвгүүдтэй найзалж нөхөрлөдөг эршүүд гэх юм уу даа. Одоо ч найзуудын маань ихэнх нь хөвгүүд. Мишээл эгчтэйгээ угаалгын өрөөнд саван, шампуниа өрж тавиад нэвтрүүлэг хийж тоглодог байж билээ.

-Үжин ямар зан чанартай вэ?

-Нээлттэй. Олон нийттэй харьцах дуртай. Шударга, хэлэх гэсэн санаагаа зөвөөр ойлгуулж хэлж чаддаг. Бас их эрх.

-Удахгүй сургуулиа дүүргэх гэж байна. Мэргэжлээ сонгосон уу?

-Сэтгэл зүйч болох хүсэлтэй. Гэхдээ кинонд тоглосноос хойш бодол маань өөрчлөгдөж жүжигчин болохоор шийдсэн. Удахгүй БНСУ-д жүжигчний мэргэжлээр сурахаар бэлдэж байна. Хэрвээ бүтэхгүй бол Б төлөвлөгөөгөөрөө сэтгэл судлалаар сурна гэж бодож байгаа.

-Олон төрлийн авьяастай юм шиг байна лээ. Тийм үү?

-Багаасаа цэнгээнт, чөлөөт бүжгээр хичээллэсэн. Сургуулийнхаа урлагийн үзлэгээр ангийнхаа бүх бүжгийг өөрөө дэглэдэг. Мөн гитар тоглож чадна. Ер нь тал бүрийн авьяастай (инээв). Спортын хувьд одооноос суралцаж байгаа. Энэ зун бокс, усан сэлэлтээр хичээллэсэн. Ер нь юм юмыг сонирхож туршиж үзэх дуртай.

-Эмэгтэй хүний хүмүүжил, ёс суртахууны талаар ямар бодолтой явдаг вэ?

-Эмэгтэй хүнийг ухаантай байгаасай л гэж хүсдэг. Өдийг хүртэл ээж, эгч нараа харж өсөхдөө эмэгтэй хүн ухаантай байж, аливаа юманд тэвчээртэй хандаж чадвал ямар том амжилт, аз жаргалд хүрч болохыг мэдэж авсан.

-Аав, ээжийнхээ тухай ярихгүй юу. Гурван охинтойгоо нэлээд дотно байдаг болов уу?

-Аав, ээж хоёр маань хувиараа бизнес эрхэлдэг. Манай гэр бүлийн хувьд нэгнээсээ нууж хаах зүйлгүй, илэн далангүй ярилцаж, ойлголцож чаддаг халуун дулаан уур амьсгалтай. Багаасаа л аав ээж хоёроосоо юу ч нуулгүй найз шиг ярилцаж ирсэн. Хоёр эгч маань ч тийм. Охин хүүхэдтэй сайн ярилцаж ойлголцож чадвал их түшиг тулгуур болдог юм шиг санагддаг.

-Танай хоёр эгч хоёулаа үзэсгэлэнтэй бүсгүйчүүд шүү?

-Ууган эгчийг Б.Дөлгөөн гэдэг. Өндөр боловсролтой, маш их мэдлэгтэй, ухаантай тэвчээртэй их үзэсгэлэнтэй сайхан бүсгүй бий. 2007 онд Манжуурын мисс тэмцээнд гуравдугаар байранд шалгарч байсан. Хүмүүс надтай их адилхан гэдэг. Харин дунд эгч маань СТА, жүжигчин Б.Мишээл. Хүмүүс сайн мэдэх байх. Эгч нар маань их авьяастай, намайг ойлгож тусалж дэмждэг мундаг хүмүүс бий.

-Ээж тань охиддоо юу захидаг вэ?

-“Ер нь байнга ээжтэйгээ ярилцаарай. Би чамтай ярилцаж санаа бодлоо хуваалцана уу гэхээс чиний шийдвэрийг эсэргүүцэж хориглохгүй” гэдэг. Хамгийн сүүлд надад нэг гоё үг хэлсэн. Тэр нь их сэтгэлд хүрч их юм бодогдуулсан. “Хамгийн чухал нь чамд юу оногдсон биш, оногдсон зүйлээ хэрхэн ашиглах нь чухал” гэж хэлсэн.

-Их нухацтай үг байна шүү?

-Тийм ээ.

-“Манайд нэг удаа” инээдмийн кинонд гол дүр бүтээжээ. Ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Анхны кино байсан. Айсан, сандарсан, догдолсон олон мэдрэмжүүдийг нэг дор мэдэрсэн. Мундаг том жүжигчидтэй хамтарч ажиллаад киногоо амжилттай нээж үзэгчдийн хүртээл болгосондоо маш их баяртай байгаа.

-Киноны санал ирэхэд яаж хүлээж авсан бэ?

-Жүжигчин Жанчив ах нэг өглөө залгаад “Үжин нэг ийм кино байна. Чи дүр бүтээх үү” гэж асуусан. Би өөрөө их дуртай байсан болохоор зөвшөөрсөн. Тэгээд очоод уулзтал кино зохиолч, найруулагчаар Д.Хүрэлхүү, Ө.Мөнх-Эрдэнэ ах ажиллаж байсан. Хоёр ах маань “Чамд итгэж байна, чи чадна” гээд намайг шалгалгүй шууд л зураг авалтдаа орсон. Ямар ч туршлагагүй надад итгэж найдаж ийм гоё киноны гол дүр өгсөнд их талархдаг.

-Кино зураг авалт хэдий хугацаанд үргэлжилсэн бэ?

-Нийт 14 хоног зураг авалт үргэлжилсэн. Би кино зураг авалт их хэцүү, сунжирсан байдаг болов уу гэж бодсон чинь найруулагч маань хурдан хугацаанд шахаад авчихсан. Тэр нь их амар байсан л даа. Учир нь би хичээлийнхээ дундуур чөлөө аваад зураг авалтдаа орж байсан. Эхний хэд хоног гэр хороололд зургаа авсан. Тэр үеийн сценүүд их сонирхолтой байсан. Шинэ зүйл сурч мэдэж авсан. Дараагаар нь хотын зураг авалтаа аваад дуусгасан.

-Хүнд сцен байсан уу?

-Кино эхлээд миний орноос чирүүлж унадаг хэсэг байдаг. Тэр хэсэгт орлон тоглогч тоглуулах уу гэхээр нь “Үгүй би өөрөө тоглоно” гээд хоёроос гурван удаа орноос унасан. Тэгсэн дараа нь хавирга хавьцаа хөхрөөд хүндүүр болчихсон байсан шүү. Бас уйл гэсэн, тэгэхэд жаахан эвгүй, учраа олохгүй байсан тал бий.

-Инээдмийн кино учир зураг авалтын үеэр хөгжилтэй зүйл олон л тохиолдсон байх даа?

-Тэгэлгүй яахав. Кино маань инээдмийнх учир сцен бүр их хөгжилтэй байсан. Хамт олон маань ч эрч хүчтэй, гал цогтой хүмүүс. “Стори хийх гэсэн чинь үнэртэй ус үнэртээд байх юм. Үжин унгачихсан уу?” гэх мэтээр З.Онон эгч маань намайг хөөргөж надаар их тоглодог байсан (инээв). Ер нь маш гоё хамт олонтой 14 хоногийг өнгөрүүлсэн дээ.

-Кинонд тоглосныг тань анги хамт олон, багш нар нь хэр хүлээж авсан бэ?

-Сургуулийн маань багш нар намайг ер нь сайн дэмждэг. Урлагт дуртай, хайртайг минь ч ойлгодог. Сургууль маань татгалзаж дургүйцэж хүлээж авсан зүйл огт байгаагүй. Кино нээлтээ хийсний дараагаар ангийн багш, хамт олон маань “Ангиараа очиж үзнэ ээ. Баяр хүргэе. Мундаг байна” гэсэн. Маш том урам зориг авсан.

-Кинонд тоглосноос хойш хүмүүс таниад, олны анхааралд орсон мэт санагдах юм уу?

-Жүжигчин Мишээлийн дүү гэдгээр нь хүмүүс мэддэг байсан. Гэхдээ одоо бол тийм биш. Үжин гэдэг хувь хүн талаас нь илүү тодотгож таньдаг болсон санагдсан. Харин зарим хүмүүсийн хэлж буй үгс, гадуур явж байхад энэ тэндээс дураараа зураг авах гэх мэт зүйлүүдээс болж сэтгэл зүйн хувьд жаахан аймхай болсон. Бусдаар бол нэг их өөрчлөлт мэдрэгдээгүй. Харин кино урлагт хүчтэй татагдаж, илүү хайртай болсон шүү.

-Кинонд тоглоход жүжигчин Мишээл юу гэж зааж зөвлөв?

-Кино нээлтийн үеэр эгч маань өвчтэй байсан тул ирж амжаагүй. Дараа нь Юнивишинд ороход нь үзсэн дээ. Тэгээд “Ямар мундаг юм бэ. Анхны кино гэхэд сайн болсон байна. Баяр хүргэе” гэсэн. Дэргэд минь үргэлж зааж зөвлөж найз шиг байдаг мундаг эгч нар байдагт их баярладаг. Үргэлж тэднээсээ зөв үлгэр дуурайлал авч суралцдаг.

-Цаашдаа ямар дүр бүтээхийг хүсч байна?

-Үзсэн к-драмаасаа болоод ч тэр үү, бокс, тулаанд их сонирхолтой болсон. Тэгэхээр нэг тулаантай кинонд л дүр бүтээж үзмээр байна. Тэгээд бас хайр дурлалаас болж шаналж гуньсан тийм дүрийг бүтээж үзмээр санагдсан. Миний чадварыг сорьж илүү намайг хөгжүүлэх болов уу гэж бодож байна.

-Дахиад санал ирвэл кинонд тоглоход бэлэн байгаа байх нь ээ?

-Кино зохиолоо сайн уншаад, найруулагчийг нь харж байгаад шийднэ. Мөн өөрийнхөө цаг завыг зохицуулна. Төгсөх анги учир хичээлдээ сайн анхаарахгүй бол болохгүй.

-Киноныхоо дууг та өөрөө дуулсан. Дуунынх нь хувьд хэр их сонсогчдод хүрч байна вэ?

-Зураг дуусахаас гурав хоногийн өмнө найруулагч “Чи киноныхоо дууг өөрөө хэр дуулах уу. За…ер нь чи дуулна шүү” гэсэн. Би өөртөө итгэлгүй чадах болов уу гэж их айсан. Тэгээд маргааш нь Батух багш маань залгасан. Манай сургуулийн цахилгаан хөгжмийн багш л даа. Тэгээд дуугаа сонсож үзээд их таалагдсан учир оролдож үзэхээр шийдсэн. Дууны үгийг Батух багш бичсэн. Гэхдээ надаа тааруулаад өөрчилж болох байсан ч надад таалагдсан учир үгийг нь өөрчлөлгүй хамтдаа дуулсан.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Сэкивакe Митакэүми, сүүлийн өдөр Тэрүнофүжиг давж Хацү башёд түрүүллээ

Сэкивакэ Х.Митакэүми хоёр дахь удаагаа түрүүллээ

Японы мэргэжлийн сумо бөхийн 73 дахь Их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Токио хотноо өнөөдөр өндөрлөж байгаа Хацү башёгийн 15 дахь өдрийн барилдаанд 2-хон унаатай байгаа Сэкивакe Митакэүмитэй барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 11 даваа 4 унаатай энэ башёг өндөрлүүлэв.

Ийнхүү Сэкивакe Митакэүми 13 даваа 2 унаатай 2022 оны эхний Хацү башёд түрүүлж Японы Эзэн хааны цомын эзэн болж, түрүүллээ.

Энэхүү 15 дахь өдрийн барилдаанд Озэки Шодай, Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/-тай барилдаж түүнийг котэнаге мэхээр хаяснаар 6 даваа, 9 унаатай болсон бол Чиёошома 4 даваа, 11 унаатай башёг дуусгалаа.

Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/, Ишүра /М-12/-тай учраа таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаж 8 даваа, 6 унаатай башёг өндөрлүүлж байна.

Хошёорюү С.Бямбасүрэн/М-6/, энэ өдөр Аойяама/М-16/-тай барилдаж түүнийг шитатэнаге мэхээр хаяж 11 даваа, 4 унаатай Хацү башёг амжилттай дуусгаж байна.

Ичиножёо /М-2/, Точиношин /М-1/-той барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяж 8 даваа, 7 унаатай энэ башёгийн барилдаанаа дуусгав.

Энэ өдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-1/, Окиноүми /М-4/-г окүридаши мэхээр хаяснаар 6 даваа, 9 унаатай башёг өндөрлүүллээ.

Categories
мэдээ цаг-үе

Ханх суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн нутаг аймгийн төвөөс хойд зүгт 302 км-т, сумын төвөөс баруун зүгт 58 км-т орших Живлэгийн-Ам гэдэг газар нэгдүгээр 23-ны 15:15 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 15:22 цагт ООГХ-ээс цахим ОБЕГ-т ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Байгаль орчны улсын хяналтын байцаагч болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм спорт

“Stalwart Esport” баг 70 мянган ам.долларын шагнал хүртлээ


Цахим спортын PUBG Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “PUBG Mobile Global Championship 2021”-ийн финалын тоглолт үргэлжилж шилдгүүд тодорч байна.

Дэлхийн шилдэг 16 баг 6 сая ам.долларын төлөө өрсөлдөж буй уг тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй “Stalwart Esport” баг 3 өдрийн 18 тоглолтын дараа нийт 140 оноо авч 7 дугаар байр эзэлж 70 мянган ам.долларын шагнал хүртлээ.

Эхний өдрийн 6 тоглолтын хүснэгт:

Өнгөрсөн жилийн аварга Хятад улсын төлөөлөл Nova Esports баг энэ жил дахин түрүүлж аваргаа хамгааллаа. Энэ жил хоёр дахь удаа зохиогдож буй PUBG Mobile-ийн ДАШТ-ий анхны буюу өнгөрсөн жилийн тэмцээнд Монгол Улсын төлөөлөл Zeus Esports /Одоогоор IHC Esports/ баг 3 дугаар байрыг эзэлж байсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Ирэх тавдугаар сараас хурууны хээгээр ажилчдынхаа цагийг бүртгэхийг хуулиар хориглоно

Саяхан завсарласан УИХ-ын намрын чуулганы нэг ололт нь Үндсэн хуульд заасан иргэний мэдэх эрх, хувь хүний нууцыг хуулиар хамгаалах үндсэн эрхийг баталгаажуулж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталсан явдал байлаа. Ялангуяа, Хүний хувийн мэдээллийн тухай хууль нь иргэн бүрийн өдөр тутмын амьдралд шууд үйлчлэх юм. Уг хуулийг ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр баталсан.

Хууль хэрэгжүүлж эхлэхээс өмнө иргэдийн биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээг цуглуулсан бүх мэдээллийн санг устгах юм. Энэ үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих ажлын хэсгийг Засгийн газраас байгуулна. Уг хуульд зааснаар иргэдийн хурууны хээг зөвхөн сонгуулиар сонгогчийг таних, иргэний үнэмлэх олгох, сунгахад л ашиглах юм. Харин бусад тохиолдолд иргэдийн хурууны хээ ашиглахыг хориглоно. Хууль батлах үед Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж (одоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар ажиллаж буй) “Иргэдийн хурууны хээг маш олон төрлийн үйлчилгээнд ашигладаг болсон. Тухайлбал, супермаркетууд гишүүнчлэлийн карт олгохдоо олон хүний хурууны хээг цуглуулсан байдаг. Банк бус санхүүгийн байгууллагууд, машин худалдаалдаг байгууллагуудад иргэдийн хурууны хээний сан үүсгэсэн байгаа. Мөн зарим төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд цагийн бүртгэл хийхийн тулд ажилчдынхаа хурууны хээг цуглуулсан байдаг. Үүнийг шалгаж болиулах ажлын хэсгийг Засгийн газраас байгуулан ажиллана” гэсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг завсарлуулахдаа “Төрийн байгууллага, хуулийн этгээд нь мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа мэдээллийн эзний зөвшөөрлийг заавал авдаг, хэрхэн, юунд ашиглах зорилгоо заавал мэдэгддэг байхаас эхлээд мэдээллийг цуглуулах, ашиглах, устгах бүхий л үйл ажиллагааг тодорхой хуульчилсан. Тухайлбал, хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээг иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах, цахим төхөөрөмж ашиглан санал хураалтад оролцохоос бусад ямар ч тохиолдолд ашиглахыг хориглолоо” гэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Сэлэм эргүүлж сүржигнэхгүй ч хариуцлага тооцож байгаа нь зөв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан сайд, дарга нарыг огцруулж байна. Тухайлбал, Агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хороог даргалахдаа хурлаа удирдаагүй, дорвитой алхам хийгээгүй, хотын утаатай тэмцэж чадаагүй, тэмцэхийн оронд ард олонд бурууг нь тохох гэж оролдон “Ороолт түллээ” хэмээн иргэдийн гэрт дайран орсон гэх зэрэг үндэслэлээр БОАЖ-ын сайд Н.Уртнасанг огцруулсан. Мөн тус яамны дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг үүрэгт ажлаас нь хамт чөлөөлсөн. Нийслэлийн зарим албан хаагчдад арга хэмжээ авахыг хотын дарга Д.Сумъяабазарт үүрэгдсэний дагуу “Сайжруулсан түлш хямд үнэтэй байгаа учир иргэд гал их түлж утаа гаргаж байна” хэмээн мэдэгдсэн Хотын орлогч бөгөөд нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан төслийн удирдагч Д.Ихбаяр, “Агаарын бохирдол их байгаа нь иргэдийн буруу, зуухаа түлштэйгээ эвцэлдүүлж чадахгүй байна” гэж мэдэгдэж байсан нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарыг суудлаас нь буулгасан. Ингээд зогсохгүй шүлхий өвчний дэгдэлтийг хязгаарлах, малыг вакцинжуулах ажлыг хангалтгүй хийсэн гэж үзэн Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албыг хашиж байсан Б.Ганзориг, цар тахлын үед эмийн татан авалтад хариуцлагагүй ажилласан гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан нарыг огцруулсан. Мөн яамдуудын Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нарыг ажлын туршлага, мэргэжил боловсролыг нь харгалзан хооронд нь холио солио хийх ажлыг гүйцэтгэж байна.

Энэ бүхнийг Оюун-Эрдэнэ нийгэмд сүр дуулиан болголгүй, өмнөх Ерөнхий сайд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шиг сэлэм эргүүлж сүржигнэлгүй дор бүр нь чөлөөлөөд, дор бүр нь томилоод төрийн ажилд завсар зааг, ямар нэгэн хийдэл гаргалгүй ном журмын дагуу явчихаж байна. Энэ нь зөв зүйтэй, хариуцлагатай зарчимч харагдаж байна. Өмнөх Ерөнхий сайдын дүр зургийг бид сайн мэднэ. У.Хүрэлсүх танхимынхаа сайд нартай, төрийн албан хаагчидтай, яам тамгын дарга нар, аймгуудын дарга нар, хууль шүүхийнхэнтэй яаж уулзаж, яаж сүржигнэж сэлэмддэг байлаа. Ёстой баруун солгойгүй сэлэмдээд нийгэмд бөөн шуугиан болдог байсан. “Ерөнхий сайд маань сэлмээ хуйнаасаа сугалчихаж” гээд л шуурдаг байлаа. Гэвч У.Хүрэлсүхийн тэрхүү сүржин байдал, сэлэм эргүүлэлт бодит амьдрал дээр ямар ч үр дүнд хүрээгүй. Зүгээр л олны өмнө, ялангуяа телевизийн камерын өмнө хий хоосон цамнаж, нээх мундаг бүх цэргийн жанжны дүрд тоглосон жүжиг байсан.

Хэрхэн яаж жүжиглэж, хий хоосон шүлсээ үсчүүлж, худлаа сэлэм эргүүлдэг байсны ганц нэг жишээг эргэн саная. Өөрийнхөө танхимын хэд, хэдэн сайдын хар толгойг авна, сэлмээрээ “тас цавчина” гэж олны өмнө мэдэгдсэн. Төв цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцаж явах үедээ Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханы толгойг авна гэдгээ хэлсэн. “Х.Баделхан сайд та, төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг хар толгойгоороо хариуцна шүү. Гэртээ орох бүрт гэрээс чинь өмхий ханхлаад байдаг бол яах вэ” гээд л попорсон. Гэтэл өнөөдөр Х.Баделханы толгой мөрөн дээрээ байна, гол нь төв цэвэрлэх байгууламж баригдаагүй нийслэл хот баастайгаа хутгалдах нь холгүй байна. Юун өмхий үнэртэх, үнэрийг ч тоохоо больсон.

Х.Баделханаас гадна Ч.Улааныг Хүнс, хөдөө аж ахуйн сайд байхад нь толгойг нь “цавчина” гэдгээ бас мэдэгдсэн. Махны үнэ өсгөх, улаан буудайн асуудал дээр хар толгойтой нь ярина гэсэн. Гэтэл махаа гадагш нь экспортод гаргах нь байтугай дотооддоо махны үнэ тэнгэрт хадаж Улаанбаатарынхан хоолны махаа авч чадахгүйд хүрч бухимдал нь дээд цэгтээ хүрсэн. Улаанбуудайн хувьд бол бүр ярих юм биш. Хавар тариалалт эхлэх болтол улаанбуудайн үр байхгүй гэдэг асуудал дэгдэж Оросоос үр оруулж ирэх болж тариаланчид Хөдөө аж ахуйн яамны гадаа жагсаал цуглаан хийж, Ч.Улаан сайдыг огцрохыг шаардсан. Энэ үед өнөө У.Хүрэлсүхийн сэлэм хүн бүхэнд бодогдсон ч тэрээр бараг ганц ч үг ганхийлгүй өнгөрч, үнэн нүүр царайгаа ард түмэнд харуулсан. Мөн түүнийг соёл урлагийнхныг өмнөө авчираад бусдыг загнаж зандардаг шигээ загнасныг олон түмэн санаж байгаа. “Энд битгий буг болоод бай. Ажлаа хийж чадахгүй бол монгол төрөөс зайлцгаа” гэж хөмхийгөө зууж төрийн өндөрлөгөөс хэлсэн. Одоогийн Их хурлын гишүүн Ё.Баатарбилэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд байхад “Ё.Баатарбилэг сайд аа, Г.Ганбаяр дэд сайдаа, ажлаа хийвэл хий. Хийхгүй бол улсад бүү гай бол. Монголын хөгжлийн түүхэнд битгий гай бол” гээд “сэлэмдсэн”. Гэтэл Ё.Баатарбилэг нь өдгөө Их хурлын төрийн түшээ байж л байна, Г.Ганбаяр нь дэд сайд хэвээрээ л байна. Ингэж У.Хүрэлсүхийн сэлэм бодит байдал дээр ямар ч үр дүнд хүрээгүй. Ам ажил хоёр нь алд зөрүүтэй явж ирсний нотолгоо гэдгийг дээрх жишээнүүд бэлхнээ харуулж байна.

Харин У.Хүрэлсүхийн сэлэмдэж чадсан ганц юм нь өөрийнхөө Засгийн газрыг унагасан явдал. Үндсэндээ өөрийгөө сэлэмдсэн. Энэ бол үнэн чанартаа олны хэл амнаас зайлж, цар тахал өвчин зовлонгоос айн хулчийж буулт хийсэн үйлдэл юм. Мөн худлаа огцорсон дүр эсгэж, хариуцлага хүлээж байна, нялх биетэй эхийг өвлийн хүйтэнд таавчигтай авч гарч байгааг хараад зүрх минь шимширч, нулимс асгарлаа гэсэн нь тэр чигээрээ жүжиг байсан. Ямархан тавилттай жүжиг байсан гэдгийг өнөөдөр захын хүн гадарлах болсон. Таавчигтай эхээр далим хийж Засгаа огцруулаад дараа нь Ерөнхийлөгч болох гэсэн зорилтот жүжиг байсан. Засгийн газар огцрох боллоо гэж мэдэгдэл хийхдээ тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга руу айхтар дайрсан. “Миний итгэж хүндэтгэж, гар нийлж, ганзага нийлж явсан Ерөнхийлөгч маань ар нуруу руу хутга шаалаа. Дахиад 7 сарын 1 давтагдах ёсгүй” гэж мэдэгдээд Х.Баттулгаас шууд нүүр буруулж, түүнийг дайснаа гэж үзээд, суудлыг нь эзэгнэн Ерөнхийлөгч болохын төлөө улайрсан.

Өмнөх Ерөнхий сайд одоогийн сайд хоёрыг харьцуулахад ийм дүр төрх харагдаж байна. Зөвхөн сайд нь огцроод яамных нь аппарат тэр чигтээ үлддэг жишиг Л.Оюун-Эрдэнэ сайдын огцруулалтаас эхлэн байхгүй болж байна. Тодруулбал, сайдыг нь огцруулаад дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, харьяа байгууллагын газрын дарга нар нь суудалдаа шигдээд хэвээрээ үлддэг монгол төрд тогтсон буруу жишиг арилж байна. Яаж ч бодсон багаа удирдаж байсан сайд нь ганцаараа буруу ажиллаад, удирдлагад нь байсан хүмүүс нь бүгд зөв ажиллана гэж хаана ч байхгүй. Зөвхөн сайд нь солигдоод тухайн яам, тамгын газрын ажил сайжирчихна гэдэг бол түүн шиг худлаа юм байхгүй. Аппаратаар нь, бүрэлдэхүүнээр нь сольж байж шинэчлэлт болно. Энэ үүднээсээ яамны сайдыг дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргатай нь хамтад нь хариуцлага тооцож байгаа нь зөв жишиг боллоо. Ер нь цаашдаа ажил хийхгүй бол тухайн сайд, дарга нар албан тушаалтнуудыг түргэн түргэн солиод хийдэг хүн, салбараа мэддэг, ажлаа мэддэг, төр түмний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, жинхэнэ ажлын төлөө төрсөн хүнийг нь олж хариуцлага үүрүүлэх хэрэгтэй.

Монгол Улсад өнөөдөр ажил хийдэг, хариуцлага үүрдэг, зарчимтай, хэлсэн ярьсандаа үнэнч ийм л хүн хэрэгтэй байна. “Ажил хийдэг хүнгүй, нэхдэг, бэлэн юм шаарддаг хүн олон болж. Гол нь төр нь хүнээ ийм болгосноо олж харахгүй, ухаарахгүй байгаад учир байгаа юм. Хүн чинь чичүүлж байж л юм хийдэг амьтан. Одоо бол ташуур ч алга, жолоо ч алга. Би лав энэ олон ажил голсон бэлэнчлэгчдийг хараад “өө эд чинь монгол хүмүүс байна” гэж бодох боллоо” хэмээн АИХ-ын орлогч дарга асан шинжлэх ухааны доктор Л.Дашням гуайн саяхан манай сонинд хэлсэн нь яах аргагүй үнэн үг байлаа.

Сайн удирдагч гэдэг бүхний түрүүнд өөрөө гүйгээд, ухаандаа хүрз бариад нүүрс ачаад зогсож байдаг хүнийг хэлэхгүй. Харин сайн удирдагч бол хийж чаддаг хүнийг яг таарсан ажилд нь томилж, тэднийг удирдан чиглүүлж, ажлыг нь хийлгэдэг чаддаг хүнийг хэлнэ. Хийж чадахгүй байгаа хийх сэтгэлгүй дээрээс нь нийтийн өмчөөс хулгайлдаг хүнийг үтэр түргэн тэр ажилаас нь салгаж халж явуулдаг хүн байх ёстой. Монголчууд бид хаана хаанаа хариуцлагатай байх цаг ирсэн. Бидэнд өнөөдөр хариуцлага гэдэг ойлголт ус агаар шиг хэрэгтэй байна. Тиймээс залуу Ерөнхий сайд хий хоосон сүржигнэлгүй, нийгэмд өөрөө тодорч харагдах гэлгүй төрийн ажлыг ном журмын дагуу явуулж, ажлаа хийж чадахгүй байгаа нөхдөд хариуцлага тооцож байгаа нь зөв алхам. Цаашид ч тэрний хүн, энэний хүн, намын юм, найз юм гэж тал тохой засалгүй, зангарагтай зарчимтай байж, үүрэгт ажлаа муу хийж байгаа хэнийг ч хамаагүй суудлаас нь буулгаж, чаддаг мэддэг хүнийг нь дор нь томилох хэрэгтэй. Тэгж байж улс орон хөгжинө. Гэхдээ энэ бүгд намд нь халгаатай байж мэднэ, харин Монголд хожоотой байх болно.

Categories
мэдээ цаг-үе

​Онцгойгийнхон 48 иргэний амийг аварчээ

Галын эрсдэл | dynamic-tower.mn

Нийслэлийн хэмжээнд 2022 оны нэгдүгээр сарын 17-24-ний өдрүүдэд объектын гал түймрийн 30, аврах ажиллагааны 2буюу нийт 32 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Алба хаагчид гал түймрийн утаажилтын бүсээс 44 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос дөрвөн иргэнийг аварч, 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа.

Он гарсаар өнөөдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд 227 объектын гал түймэр,15 аврах ажиллагааны буюу нийт 242 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

Categories
гадаад мэдээ цаг-үе

АНЭУ-д дрон хөөргөхийг хуулиар хориглолоо

Арабын Нэгдсэн Эмират Улс аялал зугаалгын зориулалтаар дрон хөөргөхийг хуулиараа хориглосон талаар “Вашингтон Пост” /The Washington Post/ агентлаг мэдээллээ.

Эл хоригийг саяхан АНЭУ-ын барилга байгууламжууд руу Йемений хуситууд халдлага үйлдсэний дараа гаргажээ. Халдлагыг чухамхүү дрон ашиглан үйлдсэн юм.

Тус улсад дрон ашиглахдаа зохих байгууллагаас нислэгийн зөвшөөрөл авах ёстой хууль дүрэм үйлчилдэг. Хэрэв зөвшөөрөлгүйгээ дрон нисгэвэл хуулийн өмнө хариуцлага хүлээлгэдэг.

Өмнө нь, Йемений Хуситуудын зэвсэгт бүлэглэл тус улсад халдлага үйлдсэн ба тэд нэгдүгээр сарын 20-ны өдөр мэдэгдэхдээ, Саудын Араб тэргүүтэй үндэстэн дамнасан эвслийн удирдагчдын Йемен улсад явуулж буй цэргийн үйл ажиллагааг эсэргүүцэж, хариу арга хэмжээ болгож халдлага үйлдсэн гэсэн тайлбар хийсэн. Хуситууд тэсрэх бөмбөгтэй дрон ашиглан АНЭУ-ын олон объект руу халдсан юм.

АНЭУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр, Үндэстэн дамнасан эвслийн арми мөн өдөр Йемен улсын Сана хотын олон улсын нисэх онгоцны буудлаас Саудын Араб руу илгээсэн Хуситуудын зэвсэгт хүчний тэсрэх бодистой дроныг саатуулсан гэсэн.

(Эх сурвалж: Voa News)