Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэл рүү 15 машинаар 551 шуудай нүүрс оруулахыг завджээ

“Таван толгой түлш” компани өдөр тутамд 3,500 орчим тонн сайжруулсан түлшийг 615 цэгт түгээн борлуулж байгааг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал танилцууллаа.

“Тус компани хэрэглэгчдээс ирсэн 5,100 тонн түлшний захиалгыг бүрэн нийлүүлсэн. Одоогийн байдлаар манай компанийн 16 шугам хэвийн ажиллаж, нийлүүлэлт хийж, 19,500 тонн түлшний нөөцтэй байна” гэлээ.

Түүнчлэн өнгөрсөн хоёр долоо хоногт 15 машинаар 551 шуудай нүүрс оруулж ирэхийг завдсан үйлдэл гарсан байна. Түүхий нүүрсийг нийслэл хотод оруулж ирэхээр завдаж буй тохиолдол гарсаар байгааг шалгаж, тодруулах үүргийг Хотын даргын зүгээс холбогдох албаныханд өгчээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын ХМОНХХ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Цагаандэл уул-Өлзий боомтыг эсэргүүцэж байна” гэв

Үндсэн хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөж байгаа талаар Өмнөговь аймгийн малчид мэдээлэл хийлээ.

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын иргэн н.Насанжаргал “Бид Цагаандэл уул-Өлзий боомтыг эсэргүүцэж байна. 10 гаруй жилийн өмнөөс үүнийг эсэргүүцэж, олон иргэдийн гарын үсэг цуглуулж, хурал зөвлөгөөн хийж ирсэн. Гэтэл төр биднийг хүсэлтийг үл тоон боомтыг нээх эцсийн шийдвэрт хүрч байх шиг байна.

Цаашид шат шатанд нь, олон улсын байгууллагад хүртэл хандаж эсэргүүцлээ илэрхийлнэ. Сүүлийн үед орон нутгийн удирдлагуудыг ажил албан тушаалтай нь ярина хэмээн шахаж, боомтын асуудалд хүчээр гарын үсэг зуруулах гэсэн бичиг ирж байна. Нутаг орныг минь биднээс хүчээр булааж авах гэж байна. Бид улс төржих шалтгаан нэг ч байхгүй.

Газар, түүний баялаг нь төрийн хамгаалалтад, ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн заалт огт хэрэгжихгүй байна. Иргэдийн дуу хоолойг сонсохгүйгээр явцуу эрх ашгийн үүднээс хандаж, боомтыг нээх гэж байна.

Тус боомт баригдсанаар таван уурхай ашиглалтад орох бөгөөд манай нутаг бүтнээрээ уурхайн мэдэлд орно. Ашиглалтын 41, хайгуулын 22 лиценз уг нөлөөллийн бүсэд байгаа. Ингэснээр Хүрмэн сумын айл өрх, 130 мянга гаруй мал хаана амьдрах нь тодорхойгүй болно.

Усны нөөцийг ашигласнаар газар доорх нөөц үгүй болж, 33 төрлийн хөхтөн амьтан, 88 төрлийн эмийн ургамал устаж үгүй болох эрсдэлтэй” гэлээ

Экологич Д.Туяа

“2014 онд шинэчлэлийн засгийн газрын үед гарсан тогтоолын уршгаар Өмнөговь аймгийн Ханхонгор, Хүрмэн, Номгон гэсэн гурван сумын иргэдийн эрүүл, аюулгүй орчин амьдрах эрх зөрчигдөж байна.

Ховор ан амьтан, ургамал сүйдэх аюул нүүрлэж буй учир Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандана. ажлын хэсэг гаргахыг хүсэж, орон нутгийн нөхцөл байдлыг судлан дээрх тогтоолыг хүчингүй болгох талаар зөвлөгөө өгүүлэхээр хандана.

Ерөнхий сайдад боомт нээх тогтоолыг хүчингүй болгох талаар хүсэлт гаргана. Мөн бид уг асуудлаар НҮБ-д хандана. Хүний эрхийг зөрчсөн шийдвэрийг шат шатны төрийн байгууллагууд гаргаж байгаа учраас олон улсын байгууллагад хандаж, нөхцөл байдлыг газар дээр нь судалж, зөвлөмж хүргүүлэхийг хүснэ” гэв. .

Categories
мэдээ нийгэм

Хийн хоолойн ТЭЗҮ батлах үйл ажиллагааг сурвалжлахаар ОХУ-ын хэвлэлийн агентлаг иржээ

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулж, ОХУ-аас БНХАУ-ыг холбон байгуулах хийн хоолойн төслийн ТЭЗҮ өнгөрсөн сард бэлэн болоод буй. Тэгвэл төслийн гүйцэтгэгч “Газпром” компани Монголын талтай ТЭЗҮ батлан гарын үсэг зурах үйл ажиллагаа маргааш /2022.01.25/ товлогдсон байна.

Тодруулбал, “Шангри-Ла” төвд “Газпром” компанийн төлөөлөл, Монголын Засгийн газартай ТЭЗҮ-ийг эцэслэн батлах протоколд гарын үсэг зурах бөгөөд үүнийг сурвалжлахаар ОХУ-ын томоохон хэвлэлийн агентлаг хүрэлцэн ирээд байгаа аж.

Үүний өмнө, ТЭЗҮ эцэслэгдсэн тул дараагийн шатны үйл ажиллагааг эхлүүлэх агуулгаар Шадар сайд С.Амарсайхан “Газпром” НХН-ийн УЗ-ийн орлогч дарга В.А.Маркеловтой утсаар ярьсан. Харин энэ удаа тус НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй төслийн дараагийн үе шат, хайгуул, судалгааны ажлын талаар хэлэлцэхээр байна.

Categories
мэдээ нийгэм

Ачаатай чингэлгийн мэдээллийг цахимаар харах боломжтой болжээ

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 23-ны өдөр импортын ачаатай 51 чингэлэг 738.4 тонн ачааг хилээр нэвтрүүлжээ. Бүс нутгийн ложистикийн төвийн Гаалийн хяналтын бүсийн хяналтад хүлээн авсан байна. Үүнээс таван чингэлэг ачааг Гүний гаалийн хяналтад илгээжээ.

Гаалийн байгууллага 08:00-24:00 цаг хүртэл ажиллаж, гаалийн бүрдүүлэлтийг 09:00-24:00 цагт хийж байгаа аж.

Иргэд, үйлчлүүлэгчдийн хүсэлтээр авто замаар нэгдүгээр сарын 23-ны өдөр улсын хилээр нэвтэрсэн чингэлгүүдийн дугаарыг оруулав.

Замын-Үүд дэх гаалийн газар
Замын-Үүд дэх гаалийн газа

Ачаатай чингэлгийн мэдээллийг “УБТЗ-ХНН”-ын вэб сайт болон мөн “Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо”-ны цахим хуудаснаас авах боломжтой хэмээн Замын-Үүд дэх гаалийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин 7 нас хүрлээ

Монгол Улсын гурван сая дахь иргэн долоон нас хүрлээ.

Тодруулбал, 2015 оны нэгдүгээр сарын 24-ний 08 цаг 27 минутад Монгол Улс гурван сая хүн амтай болсон. Гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын ууган охин Х.Монголжин бүртгэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос зарлаж байсан билээ.

Монгол Улсын 3 сая дахь иргэний нас чацуутан 180 иргэн байдаг бөгөөд 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2020 онд 5 нас хүрэх 79 907 хүүхэд байна. Үүнээс эрэгтэй 40917, эмэгтэй 38990 хүүхэд байдаг аж.

Ташрамд дурдахад, сонирхуулахад, Монгол Улсын нэг сая дахь иргэн 1961 оны аравдугаар сард, хоёр сая дахь иргэн 1988 оны долоодугаар сард төрсөн. 1988 онд мэндэлсэн 2 сая дахь иргэнийг Аззаяа хэмээн нэрийдсэн бол 3 сая дахь иргэний ээжийг мөн л Аззаяа гэдэг аж.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр нийслэлд 6000 иргэнийг дархлаажуулна

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 154, түр 3 цэгт 157 багийн 736 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн шөнө орсон цасыг арилгахаар 270 хүн зам талбайд ажиллаж байна

Энэ сарын 23-ны өдөр буюу өчигдрөөс хойш орсон цаснаас үүдэлтэй халтиргаа гулгааг арилгах, шаардлагатай бодисыг цацаж, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ байнгын бэлэн байдалд ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн шөнийн байдлаар Хот тохижилтын газрын 35 ажилтан, албан хаагч зам талбайн цэвэрлэгээний шөнийн ээлжид гарч, 14 шүүртэй цэвэрлэгч машин, бодис цацагч есөн машин, тэвштэй дөрвөн машинаар зам талбайн цасыг цэвэрлэн, бодис цацаж ажиллажээ. Ингэхдээ шөнийн 02:00 цагаас хойш нийт 136 тонн бодисыг 01:30 цагийн давтамжтайгаар зам талбайд цацсан байна.

Тэгвэл энэ сарын 24-ний 06:00 цагаас хойш буюу өглөөний ээлжид 22 бригадын 270 орчим зам талбайн үйлчлэгч ажилдаа гарчээ. Мөн 16 бичил техник, таван шүүртэй машин, найман хог тээврийн машинаар зам талбайн цэвэрлэгээг хийж байгаа юм. Шөнийн ээлжийн ажилчдын цацсан давс, бодисын хайлалт сайн явагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар халтиргаа, гулгаатай холбоотой дуудлага мэдээлэл ирээгүй байна. Түүнчлэн зам талбайн үйлчлэгч нар халтиргаа, гулгаа үүсэх эрсдэлтэй гүүр, туннель, нүхэн гарц, өгсүүр болон уулын замыг анхааралдаа авч, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

61ee07420176dd67a5f27772 Халтиргаанаас сэргийлж өнгөрсөн шөнө 130 гаруй тонн давс, бодис цацлаа

Өнөөдрийн байдлаар нийт 1395.5 тонн давс, бодисын нөөц байгаа бөгөөд олон жилийн дунджаар энэ өвөл болон хавар хангалттай хүрэлцэхүйц нөөцийн үлдэгдэлтэй байгаа гэдгийг Хот тохижилтын газраас мэдээлэв. Мөн нөөцийг нэмэгдүүлэхээр татан авалтыг үргэлжлүүлж байгаа гэдгийг онцолсон юм.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь Цаг уур, орчны шинжилгээний газартай байнгын хамтын ажиллагаатай байдаг бөгөөд цаг уурын албан мэдээлэл дээр үндэслэн, ажлаа урьдчилан төлөвлөж, нийслэлийн иргэдийг халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.

Түүнчлэн Нийслэлийн Онцгой байдлын газраас халтиргаа гулгаанаас сэргийлэх зөвлөмжийг иргэд, олон нийтэд хүргүүлж байна. Тухайлбал, жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Харин албан байгууллагуудын хувьд ойр орчмынхоо 50 метр талбайн цас мөсийг цэвэрлэх, гэр хорооллын айл өрхүүд муу ус, угаадас, үнсээ ил задгай хаяхгүй байхыг анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

Африкаас Нидерланд хүртэл онгоцны дугуйн хэсэгт зорчсон иргэн амьд гарчээ

Ням гаригт Африк тивээс Нидерландын нийслэл Амстердам хотын нисэх буудалд газардсан ачааны нисэх онгоцны урд дугуйн хэсгээс амьд хүн гарчээ.

“Хүнд нөхцөл байдалд хулгайгаар зорчиж ирсэн эрэгтэйг эмнэлэгт хэвтүүлсэн. Бид нэн тэргүүнд энэ хүний эрүүл мэндэд санаа зовж байна. Ийм өндөрт нисээд хүйтнийг тэсэж гарна гэдэг бол маш ховор тохиолдол” гэж Нидерландын хил хамгаалалтын албаны төлөөлөгч Жоанна Хелмондс ярьсан байна.

Тэрбээр хулгайгаар зорчигчийн нас, үндэсний харьяалал зэрэг мэдээллийг өгөхөөс татгалзжээ.

Cargolux компанийн ачаа тээврийн Boeing 747 нисэх онгоц Өмнөд Африкийн Йоханнесбург хотоос Нидерландын нийслэлд ирэх замдаа Кенийн нийслэл Найробид түр зогссон юм байна.

Ядуу буурай орны иргэд нисэх онгоцны эвхэгддэг урд дугуйн хайрцагт нуугдаж өрнөдийн орнууд руу дүрвэх оролдлого үе үе гардаг ч ихэнх тохиолдолд хулгайн зорчигч нь хөлдөж амиа алддаг.

Эх сурвалж: Reuters

Categories
гадаад мэдээ

“Ганц дайчин” ганцаардаж байна

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нарын уулзалт Швейцарийн Женев хот орчмын нуурын эрэгт орших АНУ-ын Ерөнхийлөгч агсан Вудро Вильсоны нэрээр нэрлэгдсэн тансаг зэрэглэлийн “President Wil­son” зочид буудалд болж 1.5 цаг үргэлжлээд өндөрлөв. Үүний дараа талууд уламжлал болоод байгаа тус тусдаа хэвлэлийн хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Ирэх долоо хоногт АНУ манай улсын Аюулгүй байдлын баталгааг бичгээр гаргаж өгөхөөр болсон” гэж мэдэгдсэн бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Энэ уулзалт нь хэлэлцээр биш санал солилцох уулзалт байсан” гээд “Ирэх долоо хоногт Оросын талд бичгээр өгөх баримтанд бидний болон манай холбоотнуудын санааг юу, юу зовоож байгаа талаар тодорхой тусгана” гэж мэдэгдэв. Мөн тэрээр “НАТО-гийн дүрэм ёсоор бид Украиныг шууд биечлэн хамгаалах боломжгүй. Иймээс бид энэ улсын гадны халдлагаас хамгаалах чадварыг нэмэгдүүлэхийн тулд 2014 оноос зэвсгийн тусламж үзүүлж ирсэн. Үүнийгээ ч үргэлжлүүлнэ” гэжээ. Олон улсын шинжээчид АНУ улс болон НАТО-гийн гишүүд бүгд ардчилсан улсууд учир ОХУ-ын бусдын эрхэнд халдаж буй ямар ч саналыг хүлээж авахгүй. Харин тэд Европт шинэ дайн гаргахгүй байх талаар дипломат аргаар эцсээ хүртэл “тэмцэх” нь ойлгомжтой. Энэ уулзалтууд явж явж хоёр улсын Ерөнхийлөгч дахин уулзахаас өөр аргагүй байдалд хүргэнэ. Харин тэр үед АНУ-ын Конгресс “Крым болон өөрсдийгөө Донецк, Луганскийн Ардын Бүгд Найрамдах улс гэж нэрлээд буй газар нутгийг Украинд бүрэн нэгтгэсний дараа л ОХУ-тай яриа, хэлцэл хийнэ гэсэн хууль баталчихсан байх болно” хэмээн бичиж байна. Өнөөдөр Украиныг тойрсон асуудлыг Казахстанаас салгах аргагүй болсон. Яг үнэндээ шууд болон дам утгаар ОХУ-ын хувьд Украинаас Казахстан илүү чухал ач холбогдолтой байгаа билээ. Өнөөдөр ОХУ-ын Газпром европ руу нийлүүлж буй хийн 15 хувийг Казахстанаас авч байна. Тэгээд ч Казахстанд нөлөөллөө алдвал ОХУ бүх стан улсуудыг алдана гэсэн үг. Стан улсуудыг алдана гэдэг ОХУ хувьд Ази тивийн гол гарцаа хаалгана гэсэн үг. Үүнийг ойлгохын тулд зарим нэгэн зүйлийг тодруулах зайлшгүй шаардлагатай.

Казахстаны голлох ард иргэд болох казахууд монголчууд бидэнтэй адил эртний Хүн гүрний үр сад. ЗХУ 1925 онд Киргиз АССР-ийг Казак АССР болгон өөрчилсөн. 1936 онд Оросын холбооны ССР-ээс салж бие даан Казахын ССР болж авчээ. Казахстанд 1930 оны эцсээр Баруун Украин, Белорусаас польшуудыг хүчээр нүүлгэн шилжүүлэв. Дараа жил нь Приморья болон Сахалинаас солонгосчуудыг бас л хүчээр авчирч суурьшуулав. 1932-1933 онд хамтралжуулалтаас болж 1,7 сая хүн нь өлсгөнгөөр үрэгдэж 1 сая казахууд Монгол, Хятад, Иран, Афганистанд дүрвэн гарав. Ингэж явсаар “Өөрчлөн байгуулалт”-тай золгосон ч байдал нэг их өөрчлөгдсөнгүй. Л.И.Бережневийн баг, Н.Назарбаевын “Загалмайлсан эцэг” гэгддэг Д.Кунаевын оронд Михаил Горбачёв Казах ССР-ийн Коммунист намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар орос Геннадий Колбиныг томилсноос үүдэн 1986 оны арванхоёрдугаар сарын 16-17-нд Алмата хотын төв талбайд оюутнууд голлосон эсэргүүцлийн цагсаал болж цэргийн хүчээр цус урсан дарагдав. Энэ талбайд 20 жилийн дараа босогчдын дурсгалд зориулан “Эрх чөлөөний оч” хэмээх гэрэлт хөшөө босгосон бөгөөд уг явдалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад хүчний байгууллагынхан энгийн хувцас өмсөн жагсагсдын дунд орж эвдэлж сүйтгэн, эмх замбараагүй байдал үүсгэн цэрэг оруулах шалтаг бий болгосон болох нь тогтоогдов. Танил дүр зураг байгаа биз. Ингэж Н.Назарбаевын зам нь шулуудаж саяхныг хүртэл энэ улсыг засагласан түүхтэй. Үүнийг сайн ойлгохын тулд “Жууз” гэдгийг мэдэх зайлшгүй шаардлагатай.

Өнөөдрийн казахын овгуудын үндэс болсон XVIII зуунаас эхтэй, “Зуут” гэсэн монгол үгнээс үүссэн “Жууз” гэсэн маш чухал ойлголт бий. “Жууз”-д хамаарах казах хүн болгон долон үеэ мэдэж байдаг. “Жууз” өнөөдөр ч үйлчилж байгаа маш хатуу дүрэмтэй. Ууган хүү эмээ, өвөө дээрээ очиж хүмүүжин тэднийг асрах албатай. Бага хүү голомтоо сахин аав, ээжтэйгээ амьдрах ёстой. Харин дунд хүү цэрэгт буюу одоо үед төрийн албан хаагч болж улсдаа зүтгэх үүрэгтэй. Харин “Жууз”-гүй хэн ч байсан төрд алба хаших тухай санаад ч хэрэггүй. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Н.Назарбаевын 12 үеийг бүх казахууд мэддэг. Эдгээр овгуудаас исламын шашныг анх казахуудад оруулж ирсэн 20 үеэ мэддэг Хаджи гэх жууз бий. Мөн 24 үеэ мэддэг казахаар Төре гэх Чингис хааны Боржигон удмын томоохон жууз ч бас бий. Өнөөдөр “Назарбаевын клан” гэгдээд байгаа улсынхаа бүх баялгийн ихэнхийг хүртдэг байсан 200 гэр бүл бол үнэндээ Нурсултан Назарбаевын жууз юм. Н.Назарбаев ирээдүйн аюулаас сэргийлж, маш чухал албан тушаалд хэргээр жуузгүй хүмүүсийг тавьдаг байсан.

Тухайлбал, “Эх орноосоо урвасан” хэргээр баривчлагдаад буй 2007-2012 болон 2014-2015 онуудад Ерөнхий сайдын албыг хашиж байсан Нийгмийн Аюулаас Хамгаалах Хорооны дарга асан дэслэгч генерал Карим Масымов байна. Карим Масымов нь өөрийн гэсэн жуузгүй уйгур хүн билээ. Мөн Назарбаевын гаргаж ирсэн одоогийн Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев байна. Токаев нь ЗХУ-ын Бээжин дахь Элчин сайдын яаманд олон жил ажилласан Хятадын тухай мэдлэг болон хятад хэлээр нэвтэрхий нэгэн. Мөн Москвад 20-иод жил ГХЯ, НҮБ-д чамгүй хугацаанд өндөр алба хашсан ёстой л баруун, зүүнгүй танилтай, нэр хүндтэй хүн. Гэхдээ орос эхнэртэй. Орос ээжээс гарсан түүний хөвгүүд жуузад хамаарах эрхгүй учир Казахстанд улс төрийн ямар ч ирээдүйгүй гэсэн үг. Иймээс Токаевын хүүхдүүд ОХУ-ын иргэншилтэй.

Казахууд энэхүү жуузаараа дамжуулан өөрсдийгөө Зүч, Бат хааны шадар албатуудын үр сад хэмээн өвгөдийнхөө дор байсан оросуудыг дээрээ гаргахгүй, хатуу тэмцэх ёстой гэж үздэг. Үнэхээр ч казакууд тэмцэгч ард түмэн. Жишээ нь, ЗХУ-ын үеэс л тэд тэмцэж байсан. Сүүлийн үеэс 2011 онд Женаозен хотод боссон ажилчдыг буудсан гэх мэт явдлыг орхиод энэ сарын 2-нд эхэлсэн Казахстаны явдлаас хагас жилийн өмнөхийг авч үзэхэд зургадугаар сард л гэхэд 13-нд Женаозен хотод нефтийн компанийн хамгаалагчдын эсэргүүцлийн жагсаал, 19-нд Батыс хотын геофизикийн албан хаагчдын эсэргүүцлийн жагсаал, 27-нд Азенасын цахилгаан түгээх байгууллагын ажилчид, 29-нд Карженбарсын ажилчид, наймдугаар сарын 2-нд нь Эмир-Ойлын ажилчид, 24-нд Вест-Ойлын ажилчид, 12 сарын 1-нд Карженбарсын ажилтанууд, 11-нд Женаозен хотод ажилчид дахин жагсаал хийн сарын 140-150 тенгегийн цалингаа 100 хувь нэмэгдүүлэхээр тэмцэж байжээ.

Дэлхий нийтээс орь ганц хүн Казахстанд болсон саяын явдалд чин сэтгэлээсээ баярласан нь Белорусийн “хууль бус” Ерөнхийлөгч Александр Лукашенко. Тэрээр “Белорусьт болсон явдал удахгүй бусад улсад болно гэж би хэлээ биз дээ. Одоо Казахстаны явдал Узбекистанд давтагдана” гэж хэлсэн. Үнэндээ Лукашенко “Надад одоо л туслахгүй бол Белорусьт болсон явдал удахгүй оросод давтагдана” гэж хэлж байсан билээ. Харин Казахстаны явдал Узбекистанд давтагдана гэдэг шиг худал зүйл үгүй. Тэгж ярьвал Ерөнхийлөгч Касым Токаевын иргэддээ амлаад байгаа реформыг жинхэнэ утгаар нь хийгээд байгаа улс бол Узбекистан. Узбекистан бол бусад “стан”-ууддаа зөв зам заагч “гэрэлт цамхаг” мөн. Учир нь хэдэн жилийн өмнө болсон чөлөөт, ардчилсан сонгуулиар Шавкат Мирзиев Узбекистан улсын Ерөнхийлөгч болж өөрийн мөрийн хөтөлбөрийн дагуу гадны хөрөнгө оруулалтыг татан өндөр цалинтай маш олон ажлын байр бий болгож, ард иргэдийнх нь амьдрал мэдэгдэхүйц сайжирч, улсынх нь эдийн засгийн үзүүлэлт өдөр өдрөөр өссөөр байгаа юм. Харин “стан” улсуудын хамгийн хаалттай улс болох Туркмении Ерөнхийлөгч Гурбангуль Бердымухамедов Казахстанд болсон явдлын дараа депутатуудаа яаралтай цуглуулан хаалттай их хурал зарлан хуралдуулсан. Албан болон албан бус мэдээгээр Туркмении ард иргэдийн байдал сайжрах нь тодорхой болоод байна.

Казахстанд өнөөдөр дэлхийн аварга компаниуд баялаг бүтээж байна. Нефтийн 75 хувийг алдарт Шеврон Тексика, 20 хувийг хятадууд, 5 хувийг оросын Лукойл эзэмшдэг. Энд Бритишгаз, Шелл гэх мэт томчууд ч ажилладаг. Хэргийн учир нь эдгээр тив дамжсан, мега компануудаас Назарбаевын жуузынхан авчихдаг байсан роялти гэх асар их мөнгө иргэдэд очдог болох уу гэсэн асуудал. Тэгвэл Казахстанд АНУ 45 тэрбум ам.доллар, Хятад 30 тэрбум орчим ам.доллар, харин Нидерланд 90 тэрбум ам.доллар оруулсан байна. Энэ бүгдээс харахад Казахстанчууд ирэх сонгуулийн дараа хаашаа явах нь тодорхой байна.

Швейцарийн Женев хотод ОХУ, АНУ-ын албаныхан уулзаж байх үеэр Европын төдийгүй дэлхийн тэргүүлэх гүрний нэг Их Британи улс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон БНХАУ-ын дарга Си Зиньпин нарт албан ёсны анхааруулга өгөв. Их Британий Гадаад хэргийн сайд Лиз Трасс “XXI зуун Ардчилал ба Хятад, Орос гүрнүүдийн хоорондын өрсөлдөөнөөр тодорхойлогдоно. Барууны улсууд Энэтхэг-Номхон далайн ардчилсан улсуудтай холбоогоо гүнзгийрүүлэх ёстой. Түрэмгийлэгчид хүйтэн дайнаас хойш ингэж зоригтой хөдлөж байгаагүй. Тэд дарангуйллаа дэлхий даяар тараахыг эрмэлзэж байна. Тиймээс ч Беларусь, Хойд Солонгос, Мьянмар зэрэг улсууд Москва болон Бээжинг ойрын холбоотноо болгосон” гэжээ. Мөн Англи улс Оросыг хэд, хэдэн үндэслэлээр хэмжээгүй эрхт дарангуйлагч улс гэж дүгнэв. Үүнд 2014 онд Крымийг өөртөө хүчээр нэгтгэсэн, АНУ болон Европын сонгуульд хөндлөнгөөс оролцсон, дотооддоо төдийгүй хилийн чанадад алан хядагчдаа илгээсэн зэрэг үндэслэлүүд багтжээ. Мөн Сергей Лавров, Энтони Блинкен нарын уулзалтын маргааш нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хандан “Украинд хөндлөнгийн ямар нэгэн цэргийн үйл ажиллагаа болох ёсгүй” гэдгийг онцлон мэдэгдсэн билээ.

ЗХУ задрахад энэ улсын нөлөөнд байсан Зүүн Европын улсын ард иргэд эрх чөлөөтэй болсон бол өнөөдөр Зөвлөлт улсын бүрэлдэхүүнд байсан Украин, Казахстаны ард түмэн өөрсдийн эрхийг хамгаалан тэмцэж байна. ЗХУ задрахад эдгээр улсууд төдийгүй оросын ард түмэн өөрсдөд нь олон мянган жил байгаагүй эрх чөлөөг олж авсан билээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “ЗХУ байхгүй болсон нь ХХ зууны нэгэн гамшигт явдал болсон” гэж хэлээд ард, иргэдийнхээ олж авсан эрх чөлөөг аажим аргаар устгасан юм. Женевт Сергей Лавров, Энтони Блинкен нарын уулзалт болж байх яг тэр үеэр ОХУ-ын Нижний Новгород хотод Чечений Бүгд найрамдах улсын Дээд шүүхийн шүүгч асан Саид Янгулбаевын гэрээс эхнэр Зарем Мусаевыг Чечений хүчний байгууллагынхан хүчээр авч явсан тухай бичлэг нийгмийн сүлжээгээр дэлхий даяар цацагдав. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн Ажлын албаны орлогч дарга, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны Нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Би ийм явдал болсон гэдэгт итгэхгүй байна” гэж хариулсан нь бөөн шуугиан тарив. Үнэхээр ч Холбооны улсын бүрэлдэхүүн дэх нэг улсын цагдаа нар нөгөө улсад очиж хүний орон гэрээс эхнэрийг нь хүчээр авч явна гэдэг зүгээр л аймшиг. ОХУ-д хүний эрх өнөөдөр ийм л байдалтай байна. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд ОХУ бус бусдын эрхийг үзэн ядсаар байгаад өөрөө устаж үгүй болсон СССР-ийн “амилсан сүнс”, КГБ-ын дэд хурандаа В.Путин л гав ганцаар ганцаардаж байгаа юм байна. ”Ганц дайчин” ганцаарддаг болжээ.


Швейцарийн Альпийн уулан дахь Давос гэх жижиг тосгонд дэлхийн томчууд цуглардаг Эдийн засгийн чуулган цар тахлаас болж дахин хойшлогдов. Өнгөрсөн зун Давосын чуулган Сингапурт болох байсан ч цар тахлаас шалтгаалан уулзалт болж чадаагүй юм. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Швейцарын Давос хотноо энэ оны тавдугаар сарын 22-26-ны өдрүүдэд болох гэнэ. “Хамтран ажиллаж, итгэлцлийг сэргээе” уриан дор зохион байгуулах энэхүү уулзалт нь цар тахал дэгдсэнээс хойших анхны биечилсэн хэлбэрээр зохион байгуулах уулзалт болно” гэж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын цахим хуудсанд мэдээлжээ. “Улс төр, бизнесийн салбарын манлайлагчид сүүлийн хоёр жилийн турш цахимаар хуран чуулсны эцэст биечлэн уулзахаар боллоо. Өнөө цагт тулгамдаж буй олон тооны сорилтыг зохицуулахын төлөө хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд итгэлцлийг бий болгох нь туйлын чухал байна” гэж чуулга уулзалтыг үүсгэн байгуулагч Клаус Шваб мэдэгджээ. 2022 оны Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг энэ долоо хоногт зохион байгуулахаар товлоод байсан боловч коронавирусийн “омикрон” хувилбарын тархалтаас үүдэн тодорхойгүй байдал үүссэнтэй холбоотойгоор хойшлуулсан юм.

BBC.CNN. REUTERS.TASS. RIA Novosti-гоос бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 21-26 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна. 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 градус хүйтэн байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. 13-15 градус хүйтэн байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 градус хүйтэн байна.