Month: January 2022
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны нэгдүгээр сарын 17- 21-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 211 гомдол, хүсэлтийг шийдвэрлэжээ.
Мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 472 даалгавар бичгээр өгсөн байна.
Мөн гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 20 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад таван шаардлага тус тус бичиж хүргүүлжээ.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын чиглэл өгөв. Үүнд:
- Хөрөнгө оруулалтын болон эрх шилжүүлсэн ажлуудыг үнэлгээний хороог байгуулж, тендер зарлах ажлуудыг хуулийн хугацаанд ил тод, нээлттэйгээр зохион байгуулж, 3 дугаар сарын 1-нээс бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх бэлтгэл хангах,
- Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, санхүүжилтээр хийх төсөл, арга хэмжээний барилга байгууламж, ажлын нөлөөлөлд өртсөн иргэн, хуулийн этгээдийн нөхөх олговрын зориулалттай хөрөнгийн үнэлэх ажлыг шуурхайлах,
- Нутгийн захиргааны байгууллагууд дотооддоо халдвараас урьдчилан сэргийлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг тогтмол хийж, халдвар илэрсэн үед авах хариу арга хэмжээний түр заавар зөвлөмжийг хэрэгжүүлэх,
- Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг оны эхнээс жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх, урьд оны дутуу төлөлтийг барагдуулах,
- Сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдийг түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавих,
- Инженерийн хангамжийн байгууллагууд шугам сүлжээний аюулгүй байдалд анхаарч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах,
- Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд өөрсдийнхөө ажилтан, албан хаагчдад байгууллагын үйлчилгээний соёл, ёс зүйг дээшлүүлэхэд анхаарах, мөн хөрөнгө орлогын мэдүүлгээ хоёрдугаар сарын 10-ны дотор өгч дуусгах зэргийг онцлон үүрэг болгов.
2022 онд хоёр удаа нарны хагас хиртэлт болох юм байна. Тодруулбал, 2022 оны тавдугаар сарын 1-ний 04.46 цагт нарны хамгийн их хагас хиртэлт болох юм байна. Гэвч энэ хиртэлт дэлхийн өмнөд хэсэгт явагдах тул манай улсад үзэгдэхгүй аж. Дараагийн нар хагас хиртэлт 2022 оны аравдугаар сарын 25-нд Улаанбаатарын цагаар 18.58 цагт болно. Улаанбаатарт нар 17.47 цагт жаргах тул Улаанбаатар хотод үзэгдэхгүй бөгөөд Завхан, Говь-Алтай аймгуудын баруун хэсэг болон Баян-Өлгий, Ховд, Увс аймгуудад энэхүү нарны хагас хиртэлт үзэгдэх аж.
Сонгож авсан суурин газар, хиртэлтийн үзэгдэх хэмжээ
Увс аймгийн Улаангом 0.16
Ховд аймгийн Ховд 0.24
Баян-Өлгий аймгийн Өлгий 0.34
Баян-Өлгий аймгийн Цагаангол Цэнгэл сум 0.40
Мөн энэ онд хоёр удаа сарны хиртэлт болох юм. Эхнийх нь 2022 оны тавдугаар сарын 16-нд 10.28 цагт эхэлж, 13.54 минутад дуусна. Харин хамгийн их бүтэн сар хиртэлт 12.11 цагт болох аж. Энэ өдөр сар 20.50 цагт мандах тул хиртэлт үзэгдэхгүй аж. Дараах нь 2022 оны арваннэгдүгээр сарын 8-ны сарны бүтэн хиртэлт юм. Сар энэ өдөр Улаанбаатарын 17.16 цагт мандах тул сарны сүүмгэр болон хагас хиртэлтийн эхлэл үзэгдэхгүй. Сар тэнгэрийн хаяанаас хагас хиртсэн байдлаар мандах бөгөөд хамгийн их бүтэн хиртэлт 18.59 цагт болж, 20.49 цагт хагас хиртэлт, 21.56 цагт сүүмгэр хиртэлт дуусна. Энэхүү хиртэлтийн хугацааг тодорхойлохдоо Улаанбаатар Одон орон судлах оргилын байршлаар тооцсон байна.
Энэ жилийн хаврын тэнцэл гуравдугаар сарын 20-нд болох бол намрын тэнцэл есдүгээр сарын 23-нд тохиох юм байна.
Хаврын тэнцэл: 2022.03.20 23.34 цаг
Зуны нар буцах өдөр: 2022.06.21 17.14 цаг
Намрын тэнцэл: 2022.09:23 09.05 цаг
Өвлийн нар буцах өдөр: 2022.12.22 05.49 цаг
(Улаанбаатар Одон орон судлах оргилын байршлаар хугацааг тооцжээ)
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын мэдээллийг иргэд шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн системээс харах боломжтой болжээ.
Энэ нь гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл гаргагч иргэн болон мөрдөх байгууллага, прокурор, шүүхийн шатанд шалгагдан, шүүгдэж байгаа иргэдэд тухайн хэргийн хүрээнд өөрт хамааралтай бодит мэдээллийг цаг тухайд хүргэх, хууль, эрх зүйн тусламж өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг таниулах зорилго бүхий иргэний портал систем аж.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын мэдээллийг иргэнд шуурхай хүргэх нь хуулийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм байна.
Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын цахим мэдээллийн нэгдсэн санд өдөр тутамд бүртгэгдэж буй мэдээлэлд үндэслэн иргэний портал систем мэдээллийг харуулах бөгөөд иргэн өөрийн регистрийн дугаарт бүртгэлтэй гар утасны дугаараар нэвтрэх нууц үгийг авч системд нэвтрэх боломжтой аж.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “Өнгөрч буй 14 хоногийн хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 45 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос зургаан иргэнийг аварч, 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан. 2022 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 227, аврах ажиллагааны 15, нийт 242 удаагийн дуудлагын дагуу ажилласан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна” гэв.
Түүнчлэн нийслэлийн хэмжээнд анхаарал татсан бас нэг асуудал нь ус мөсний халиа дош үүсэж, голын эрэг дагуу аж төрж буй айл өрхүүдэд хүндрэл учирч эхэлжээ. Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн нийт 19 хорооны нутаг дэвсгэрт халиа дош үүсэж, нийслэлийн Геодези усны барилга байгууламжийн газар болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Тохижилт үйлчилгээний хэлтсийнхэн халиа дошоог арилгах ажлыг зохион байгуулжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд 31 ажилтан албан хаагч, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 120 метр далан байгуулан, 220 метр суваг татаж урсцыг чөлөөлж иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Улсын хэмжээнд малын өвчлөл буурахгүй байгааг Онцгой байдлын газрын дарга энэ үеэр анхаарууллаа. Одоогоор нийт 17 аймгийн 106 суманд шүлхий, нэг аймгийн нэг суманд боом, нэг аймгийн гурван суманд арьс товруутах өвчин бүртгэгдээд байгаа аж. Харин нийслэлийн хэмжээнд малын өвчин бүртгэгдээгүй байна.
Коронавирусийн халдварын хамгийн олон тохиолдлыг нэгдүгээр сарын 19, 20-ны өдөр бүртгэсэн талаар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр мэдээллээ.
Энэ удаагийн давлагаанд хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах тохиолдол олон байна. Нийслэлийн хэмжээнд вирусний эсрэг үйлчилгээтэй эмийн хүрэлцээ хангалттай байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 30054 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэлдээ онцоллоо. Өрхийн эмч нар багцын эмчилгээг 3 болон 5 хоногоор өгч байгаа гэлээ. Багцын хувьд хүрэлцээтэй байгаа аж.
2022 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд зорилтот хүн амын 51.8 хувь гуравдугаар тунд, 4.4 хувь нь дөрөвдүгээр тунд хамрагджээ. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эмч, эмнэлгийн ажилтнуудад туслах үүднээс 400 гаруй мэргэшигч эмч болон улаан загалмайн 146 сайн дурын ажилтан ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Дагва “Нийт шинжилгээ хийлгэж буй иргэдийн 80-90 хувьд нь коронавирусээр халдварласан нь батлагдаж байгаа нь халдварын тохиолдол их байгааг харуулж байна. Түүнчлэн шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан гурван хүн тутмын нэг нь хүүхэд байгаа нь анхаарал татаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд дархлаажуулалтын 153 байнгын цэг, түр ажиллах гурван цэгээр дархлаажуулалт хийж байна. Дархлаажуулалтад нийт 800 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа. Цагаан сар дөхсөн энэ цаг үед хариу арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах, хүндрэл учруулахгүйгээр ажлаа зохион байгуулахад ихээхэн анхаарч байна” гэлээ.
Нийслэлийн хэмжээнд 12 түр амбулаторийг байгуулж ковид туссан иргэдэд үйлчлэхээр зохион байгуулсны сацуу хувийн хэвшлийн хүүхдийн долоон эмнэлгийг мөн ковидын эмнэлэг болгон ажиллуулж буй юм. Тандалт хариу арга хэмжээнд автомашин бүхий иргэдийг татан оролцуулахад Хотын даргын зүгээс санхүүжилт гарган тусалж буй талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга тодотгов.
Архангай аймгийн Ихтамир сумаас баруун урд зүгт 73 километр зайд энэ сарын 22-ны өдрийн 15:46 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Газар хөдлөлтийн талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс:
- Газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар) : 2022-01-22 15:46:37
- Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 47.19 100.42
- Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 3.8″ гэж мэдээллээ.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, улсын арслан Э.Оюунболдоос удаа дараа допинг илэрсэн тул барилдах эрхийг нь найман жилээр хасах шийдвэрийг МҮБХ-ноос гаргасан.
Тэгвэл Хэнтий аймгийн үндэсний бөхийн холбооноос Э.Оюунболдод өршөөл үзүүлж, Ардын хувьсгалын 100 жилд барилдах боломж олгох хүсэлт гаргажээ. Уг хүсэлтэд “Допингийн асуудалд ороод байгаа таван аймаг (Архангай, Баянхонгор, Ховд, Хэнтий, Увс)-ийн долоон бөхөд энэ жил болох Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн их баяр наадамд барилдуулах нэг удаагийн өршөөл үзүүлэх, заал танхимын барилдаанд оролцуулах эрхийн талаар нааштай шийдвэр гаргах хэрэгтэй байна” гэжээ.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 1 дүгээр сарын 17-ноос 21-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 211 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 472 даалгавар бичгээр өглөө.
Мөн гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 20 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 5 шаардлага тус тус бичиж хүргүүллээ.
Түүнчлэн мөрдөн байцаалтын 2283 хэрэгт хяналт тавьж, 260 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв. Тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 147, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Өмчлөх эрхийн эсрэг 79, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 25, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна гэж Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээллээ.